Багш, зохиолч Ц.Бадамжунай
*
1983 оны шаргал туяатай хонгор намар Завхан
аймгийн Улиастай хотын 8 жилийн дунд сургуулийн хашаанд айлчлахуй хүзүүндээ
улаан бүч намируулж дүрэмт хувцас өмссөн хүүхэд багачууд эгнэн жагссан нь
сэтгэлийг хөвсөлзүүлэн хөдөлгөнө.Хичээлийн шинэ жилийн баяр хүргэж сургуулийн
захирал Х.Нацагдорж үг хэлсний дараа мөнгөн хонхны шингэн дуу жингэнэж багш нар анги ангиа аваад саруул танхимдаа
орж хичээлийн шинэ жилийн эхний хичээлээ зааж эхлэв.6 В ангид орвол эрэгтэй
эмэгтэйгээрээ цэнхэр ширээн дээр суусан хүүхдүүд сэтгэлд нэг л дулаахан .Харин
энэ ангийн хойд талын ширээнд суусан өндөрдүү нуруутай ,бор царайтай төлөвхөн
хүүхэд бол өнөөгийн нэрт яруу найрагч Ц.Бавуудорж байсан юм.Монгол хэл уран
зохиолын хичээлийг энэ ангид заах завшаан надад тохиолдсонд баяртай байдаг
юм.Хичээлийн явцад өндөр нуруутай тэр хүү хичээлдээ мах руу зүтгэлтэй ,дэвтэр
номоо цэвэр цэмцгэр эдэлдэг, сурлага сайтай байсан нь анхаарал татсан.Ялангуяа
бичсэн шүлгүүдээ уншиж зөвлөгөө авахыг мэрийдэг байсан нь сэтгэл сэргээдэг байлаа.Шүлгүүдийн нэр нь уул
ус,гол мөрөн, ботго гэх мэт ганц үгээр илэрхийлэгдэж тухайн юмс үзэгдлийнхээ
мөн чанарыг зөв гаргадаг байсан нь “авъяас байна даа” гэж баярлуулдаг
байлаа.Өөрөөр хэлбэл бичсэн шүлгүүдээс нь цэнхэр дөл маналзаад байх шиг
бодогддог байсан.Завхан аймгийн Шилүүстэй суманд 4-р ангийн сурагч байхаасаа
сургуулийнхаа уран зохиолын багш Бөөрөнхийд
шүлгээ үзүүлж зөвлөгөө авдаг байсныг нь хожим мэдсэн билээ.Авъяаслаг энэ
сурагчийн авъяасыг хэрхэн хөгжүүлэх билээ гэж бодсоор сургуулийн пионер
сурагчид,анги бүлгүүдийн дунд “Ур дүй сэтгэмж
урлагийн бага наадам” зохиолоо.Энэ наадам шүлэг,өгүүллэг, мэдээ
найруулал,зүйр цэцэн үг,хэл зүгшрүүлэх үг,оньсого таавар,дуу,уран уншлага
,бүжиг хөгжмөөр авъяас билгийг нь сорьсон юм.Шүлгээр Ц.Бавуудоржийн шүлэг
тэргүүлсэн юм.Энэ наадмын эхний байр эзэлсэн хүүхдүүдээр сургуульдаа Уран
зохиолын дугуйлан байгуулж хичээллүүлж эхлэв.Хичээлээ шүлэг, дууны үг,
өгүүллэг, найруулал ,мэдээ тууж гэж юу вэ ,хэрхэн яаж бичих вэ гэдэг сэдвээр
явуулдаг байлаа.Их төлөв дадлагаар бичих авъяасыг нь хөгжүүлэхийг хичээсэн юм.
*
Хурга ишиг эхээсээ төрөөд
унаж тусаж дэнжигнэдгийг тэнцрэх гэж ярьдаг шиг цаг явах тусам шүлгүүдийнх
нь нэр нь хүртэл өөрчлөгдөн доторх санаа
нь арай гүн болж хүүрнэл маягаар шүлгээ бичдэг боллоо.Шүлгийн сэдэвт нь байгаль
эх орноо дуулсан бас дотоод ертөнцийг нээж илрүүлэх гэсэн оролдлого харагддаг
болсон.Ц.Бавуудоржийн авъяас билгийг улам хөгжүүлэх зорилгоор аймгийн залуу
зохиолчдын нэгдлийн гишүүнээр элс гэж зөвлөлөө.”Багш аа би яаж тэр том улстай
мөр зэрэгцэх вэ” гэж хойш суусан ч аймгийн утга зохиолын нэгдэлд хөтөлж
очлоо.30 гаруй гишүүнтэй тэр үеийн аймгийн Утга зохиолын нэгдлийн хамгийн залуу
гишүүн нь 6-р ангийн сурагч Ц.Бавуудорж болсон юм.
*
Ц.Бавуудоржийг 7-р ангид
байхад нь “Пионерийн үнэн” сонины сурвалжлагч Пүрэвсүрэн сургуулиар ирж манай
дугуйлангийн сурагчидтай уулзаж шүлэг зохиолтой нь танилцаж Бавуудоржийн
шүлгийг нь тоож Цогзолмаагийн өгүүллэгийг магтсан юм.Тэгэхээр нь Бавуудоржийн
шүлгийг “Пионерийн үнэн” сонинд хэвлүүлж өгнө үү гэж хүсэв.Дуртайяа зөвшөөрч 2
долоо хоногийн дараа сонины 4-р нүүрт шүлгүүд нь хэвлэгдэв.Энэ нь манай
сургуулийн хамт олон,уран зохиолын дугуйлангийн хүүхдүүд ,аймгийн утга зохиолын
нэгдлийн гишүүдийн магнайг тэнийлгэж баярлуулав.Энэ л үеэс авъяас билгийнх нь даль жигүүр тэлж байж дээ гэж одоо
бодогдддог.Үүгээр ч үл барам 10-р ангид орсон жилээ Утга зохиол урлаг сонины “Таны шинэ танил” буланд шүлгүүд нь
хэвлэгдэж аймгийн Утга зохиолын нэгдлийнхний төдийгүй яруу найргийн
хүрээнийхний магнайг тэнийлгэсэн юм.Тэр үед Монголын утга зохиолын индэр болсон Утга зохиол урлаг сонины “Таны
шинэ танил” буланд шүлгээ хэвлүүлнэ гэдэг хэр барагтай олддоггүй хувь байсан
юм.Ийнхүү авъяас билигт шавь Ц.Бавуудоржийн минь юмс үзэгдлийн дотоод мөн чанарыг уянгын бодол
эргэцүүлэл маягаар дүрслэн үзүүлдэг гол онцлог нь их эрт задарсан.Хэн нэгэн
тохойноос нь өргөхийг хүлээлгүй байгаль ,уул уснаас заяасан авъяас билгээ өөрөө
хөгжүүлж гялалзаж явсаар оюун санааны үнэт зүйлсийг бүтээгч болж чадсанд нь
буурал багш нь бахархаад баршгүй.Нарийн нандин, уянгын мэдрэмжийг нь тодруулан
гаргаж ирсэн сурагч насны нь он жилүүдийн гэрч болсондоо бүр ч их бахархаж
сууна.Миний шавь ховорхон заяах яруу найргийн
авъяастан мөн.Зам түүнийг алсад хөтөлнө.