Монгол түмний
язгуур шүтээн Очирваань ,арван хангал хэмээн алдаршсан догшин сахиусдын нэг
болой. Нэрийг нь тайлбаас Мутартаан очирт гэсэн утгын гэрлийг цацруулна.Үгийн
эрдэнэсээр дүрслэхүй биеийн өнгө хөх,гурван мэлмийтэй,хөмсөгнөөс нь оч цацарсан
,хоолойноос нь хүчирхэг дуун гарсан, биеэс нь гурван орныг номхотгох буман
нарны гэрэл бадарсан, баруун мутартаа таван хорыг дарах таван билгэ, билгийг
төгссөн, таван салаа очир барьсан, зүүн мутартаа цалам барьсан,улаан дэвсгэртэй
бадамлянхуа дээр залран байх ажаам.Энэхүү шидэт бурхныг хэдийд, хэн залж ирэв
хэмээвэл “Очирваанийн хувилгаан Очирбат түшээт хан “ цол хүртсэн Автай сан хан
Түвд оронд морилж гуравдугаар далай
ламаас залж ирсэн хэмээх нэгэн өгүүлбэр судар шастирын хуудаснаас гэрэлтэн
үзэгдмү.Нэвтрүүлгийн маань шүншигт мөрүүд эндээс эхэлж байна.
НЭГЭН ЗҮЙЛ.Энэтхэгийн арш унасан гэх уулын гөрөөс бүхий ойн
цэцэрлэгт бурхан багшийг номоо номлохоор хүний ертөнцөд егүүтэн буухад дээд тэнгэрээс
Эсрүн хурмаст эн түрүүнд гарын зэвсэг алтан хүрдээ барин бөхийн чагнаж, доор
газраас бодь гөрөөс хамгийн түрүүн хөлөө бохирч номын дууг гайхан сонссон
гэдэг.Эсрүн хурмаст хийгээд бодь гөрөөс лугаа Буддын сонгодог сэтгэлгээний
эрдэнэсийн нэгэн цоож хаалгыг өөртөө агуулж их Очирваанийн биелсэн нутаг болон
оногдож Очирваанийн орон болсон Дорно
дахинаа алдартай, монгол орны баруун эх биед залрагч хангай хайрханы ноён оргил
мөнх цаст Отгонтэнгэр тэргүүтэн хүрээ баян хангай тэнгэрийн эрхээр ийн хувилсан
буурал түүх сударлагдан байна.Өнө эртний тэмдэглэгээ хөөн үзвэл монголчуудын
эртний өвөг дээдсийн тахилгын газар хэмээн алтдан сийлсэн ажгуу.Отгонтэнгэр
хэмээх нэр нь хүртэл эдүгээд иртэл үе үеийн бичгийн мэргэдийн оюун бодлын
түлхүүрийг үл амраажээ.