Saturday, September 24, 2016

ГЭГЭЭН САРНЫ ТУУЛЬС

Дуурлиг хөх дэлхийн алтан аньсагыг сөхөж
Дугариг цагаан саран цээжний мандалд туяарлаа
Цаглашгүй цэмцийгч ариун тунгалаг хурмастын салхинаа
Цангинан урамдагч мөнгөлөг хус мод мөн өө би
Залуу насны минь ариун зандан мөчрийн доогуур
Зам алсын гэрэлт шувууд зэллэн зэллэн өнгөрнөм

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя

Намрын гэгээн огторгуйд ангир нэгтээ гунганана
Намайг хүн болгосон буурал уулс бодлогоширно
Одож буй цагийн хаялга цээж алгадаж
Орь насны сэтгэлийн мөчирт мөнгөн цан бурзайна
Хайрлан дурсахын улирал намар цаг юм шүү
Хараацайн мөнгөлөг хөмсөг чиний минь зүүдэнд гэрэлтээсэй

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя

Сэрүүн намрын эрхээр алтан хунх булгарна
Сэтгэл нь гэвч хэвээрээ шаргал туяа солонгорно
Агтын галбир торголсон хээрийн цагаан сарнаар
Алтан шашир салхинаа өвгөн хүн шиг л санааширнам би
Цөөрмийн ногоон жүнз алтан мэлхийгээ залгиад
Цөөхөөн цагаан зэгс уянгат хөгжмөө зогслоо

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя

Цагаан салхит уулс буурал мананд умбана
Цаг цагийн аяс цээжин дундуур харгина
Шунхан зэгсний найгалдахад ангир шувууд зовж
Шуургалан үсчих навчис улаан түймэр шиг бослоо
Аргамаг үүлсийг хөвсрөгдөх намрын гэгээн аялгуунд
Амраг минь чинийхээ дэргэдээс би цагаан цүү шиг шидэгднэм

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя

Намрын тунгалаг мөрөн саран доогуур урсана
Нандин залуу цагийн нимгэн бодол сарнина
Анирхан хөх хурмаст цагаан үүлсийн тэртээх
Ариухан учралт зөргийг минь буурал хяруу бүрхжээ
Зүсрэн ирэх бороо цээжин дундуур салхилаад
Зүрхний мөнгөн шүүдэр аяар нэгхэн бөмбөрнө

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя

Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ
Саяхан залуухан явсан ижийн минь тарнийн гэгээ үзэгдэнэ
Цалгилан үелзэх намрын үүлс өмнийг зорьж
Цагийн салхины үнэнч ариун аялгуу сонсогдоно
Мөрөн голын ус тунгалагшин цалгихын чинээ
Мөн чиг хөгжимлөг сэтгэлээр ертөнцийг хайрлах юмсан

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя

Ганцаар цайвар саран нуурын хөвөөнөө явгална
Ганьхан уяхан түүнийг одоо хэн хайрлана вэ
Нэгээхэн дурсгалт шагшуурга цагаан туульс исгэрээд
Нимгэн үүлс гэрэлтэж ертөнцийн авир зөөлрөв
Өдрийн цагаан гэгээ үргэсэн шувуу мэт үзэгдэвч
Өнгөрсөн сар жилүүдийн хойноос нулимс унагамгүй санагдана

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хуъя

Эртний буурал наран хяруут талаар бөмбөрнө
Эрдэнийн мөнгөн хайлаас эрвэн сэрвэн ганхана
Цаст уул минь нисчих шиг цагаахан шөнүүд эзэнгүйрээд
Цармын гэрэлт цэцэгсийг мөндрийн зурвас дайрлаа
Нандин дурсамж хөглөсөн зүсрээ цагаан бороо
Нарийхан цэнхэр зөргөөр марал буга шиг л ирдэгсэн

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя

Аяншсан борлог үүлс сарны гэрэлд цайрна
Алсаас орон гэрээ санаж хуучин дугтуйг задалнам
Хяруут өвсөн дундуур буурал зам татуулан
Хэн нэгэн бүсгүй хүүгээ хөтлөөд алхжээ
Үргэлж мөнх амьдрал, гэгээн хайрын төлөө
Өдөр өдрийн нарны алтан амсрыг зуунам би

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя

Жингийн цагаан шамрага холын ууланд шуугина
Жил сарын урсгал буурал долгис хаялна
Хөвөөнд нь бодлогоширч өссөн ертөнцийн бөөр шаргалтаад
Хүмүүний дурсгалт амьдрал аниргүй цагаан будантай
Намрын гэгээн сарнаар сэтгэлийн цулбуур алдуулан
Нарийн шаргал үүлсийн мөнгөлөг дэл хийснэ

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя

Хаш чулуун дээр туссан сарны гэрэл цэцэглэнэ
Хайрлал ариуслын төлөө л амьд яваагаа мэдэрнэ
Анирхан хөх тэнгэр, газар усны тарнич
Ариухан намар цаг бол бурхны сэтгэл мөн өө
Цэнхэрлэн бөмбийх орчлонгийн алтлаг өвсний зовлонгоор
Цэлэлзэн догшрох цээжний минь алтан амсрыг зуугаач

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя

Сайхан цагаан үүл сарны наагуур нүүнэ
Сая жилийн тэртээх өвгөн хурмаст аяншина
Дээдэс минь хайрлаж, дурлаж дуулалдан давхиж явсан
Дэлхий нутаг минь хүрэнтэж гэрэлтээд шаргалтан бөмбийнө
Орчлонг өрөвдөм манхайх цагаан шөнийн туяанд
Огторгуйн шивнээг минийхтэй эндүүрэгч гэнэнт минь ээ


Сэтгэлийн алтан навчсаар намайгаа одоо хучаач…

Thursday, September 8, 2016

ХАЙРЫН РОМАНС

Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа

Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд цайрдаг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа

Үүрийн шаргал туяанд чамайг дурсдаг байлаа

Үнэр ялдам цэцэгс анхил залуухан байлаа
Ус дамнасан бүсгүй цэнхэр дуу байлаа
Уулын морин харгуй буданд шургадаг байлаа
Од зүсэлсэн чи минь орь залуухан байлаа
Огторгуйн цагаан заадас зүрхэн дээр тусдаг байлаа

Навчис улаарах цагаар чамайг дурсдаг байлаа

Намрын цагаан хус түшиж зогсдог байлаа
Цагны мөнгөн зүү чам руу заадаг байлаа
Цайвар сарны хөмсөг мөстөж хонодог байлаа
Хээрийн цагаан бороо сэтгэл норгодог байлаа
Хэвтсэн газрын өвс хуурай үзэгддэг байлаа

Цаст уулын намраар чамайг дурсдаг байлаа

Цармын цагаахан үдэш цэцгээр шуурдаг байлаа
Мартагдсан захидлын үгс дугтуйндаа гэрэлтдэг байлаа
Манан дундах саран марал шиг үзэгддэг байлаа
Нарны цэнхэр униар цээж дүүрдэг байлаа
Нандин залуу өдрүүд аяншиж буцдаг байлаа

Хангайн будант намраар чамайг дурсдаг байлаа

Харганын алтан үйсэнд саран шингэдэг байлаа
Орчих цагийн аяс сэвэгнэн үлээдэг байлаа
Одны гялгар туяа бодолд харавдаг байлаа
Үүрийн шаргал гэгээнд дуу зохиодог байлаа
Үеийн хонгор бүсгүйн мөрийг түшдэг байлаа

Аянч үүлс цавцайхад чамайг дурсдаг байлаа

Аясын хонгор салхинд сэтгэл ганхдаг байлаа
Дүрлэгэр алаг нүд зүрхэнд чимэг байлаа
Дүүрэн цагаан саран орчлонд хосгүй байлаа
Хөх өвс сэрчигнэх намарт дуртай байлаа
Хөнгөн шаргал үүлс чиний нутгийнх байлаа

Аниргүй гэгээн харцны чинь навчсыг би хөндөхгүй

Алтан бөмбөрцөг зүрхний чинь сартай зөргийг сэрээхгүй
Дотно урин сэтгэлийн чинь зандан балгаст зугаацахгүй
Долоон бурхан биеийн чинь мөнгөлөг гэрлийг нөмрөхгүй
Цэнхэр аадарт шөнөөр чамдаа би очихгүй
Цэлмэг үдшийн сарнаар чи минь наддаа ирэхгүй

Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа

Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд цайрдаг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа