Д.НЯМДОРЖ / МУИС/
Монголын орчин үеийн яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн
мөртэй хуруу дарам хүний нэг нь Ц.Бавуудорж. Түүний шүлгийг хүмүүс тэр болгон
ойлгодоггүй ч байж болох юм. Угаас жинхэнэ яруу найргийн мөн чанар тийм л
байдаг. Яруу найраг гэлтгүй уран зохиолд үндэстний сэтгэлгээ хийгээд хувь уран
бүтээлчийн ертөнцийг үзэх үзэл, өөрийн гэсэн бичлэгийн арга, найруулга чухал
бололтой. Энд бид хувь уран бүтээлч, яруу найрагчийн тухай ярилцаж байгаа учраас
араншинг нь мартаж болохгүй. Алдарт яруу найрагчдын шүлгийг уншиж суухад
араншин нь илүү мэдрэгдээд байдаг шүү дээ. Үүний нэгэн адил Ц.Бавуудоржийн
шүлгүүдээс түүний нэг их амгалан тайван “бодь” араншин нэвт үнэртээд байдаг юм.
Түүндээ таарч зохицсон гэдэг нь жигтэйхэн,
“...Хорвоо яавал чиг яаг
Хонин арцан дундаа холбироод өгөх минь
Хөхрөгч яавал чиг яаг
Хөх
арцан дундаа хөлбөрөөд өгөх минь” ийм нэг омголон, бас
амгалан хоёрыг хослуулдаг гэж байгаа. Дээр нь мэдээж
Будда. Юу гэхээр анх Монгол оронд дэлгэрсэн цагаасаа эхлэн нүүдэлчдийн ахуй
амьдрал, урлаг соёл гээд аль л уусч шингэж болох бүхий л зүйлд нөлөөлөн
хувьсгаж улмаар он цагийн уртад уламжлалт шашин, уугуул сэтгэлгээ болтлоо гүн
гүнзгий суурьшсан Буддын гүн ухаан, эш үзэл түүний амар амгаланг эрэлхийлэх
сэтгэлийн эрэлд дагуулжээ. Түүгээр ч зогсохгүй,
“...Амирлан
бясалгалаа, өмнө минь
Нэг их өндөр Будда
Алтан босгыг нь зориглон алхлаа
Харин тэнд би өөрөө” хэмээн тэр Буддагаар дамжуулан “өөрөө
өөрийгөө нээж” байна. Энэ бол уран бүтээлчийн их ухаарал,
сэтгэлгээний дэвшил юм. Түүнээс гадна
Ц.Бавуудоржийн яруу найргийн нэг онцлог бол дорнын хэв намба, өнгө аяс бүхий
дотоод зохирол, уянгалаг эгшиглэнт хэл найруулга. Ийм ч учраас түүний шүлгүүд
дорхноо дуу болон түгдэг биз ээ. Мөн түүний шүлгүүдэд хачин жигтэй зүйлс ч их
бий. Ер нь яруу найргийг яруу найраг, урлагийг урлаг болгож байдаг нэг зүйл бол
энэ хачин жигтэй зүйлс бололтой юм. Хамгийн наад зах нь л,
“Сарны туулайн хүйтэн чихнээс
Санаандгүй би атгаж үзсэн юм...” гэж байгаа юм. Үүнийгюу
гэж ойлгох вэ? Тийм гээд яг таг хэлчихэд хэцүү, тэгсэн хэрнээ нэг “юм”
хэлээд байгаа биз. Энэ мэт мөрүүдийг түүний шүлгүүдээс зөндөө олж болно. Бас
нэг хэлэхгүй өнгөрч боломгүй зүйл бол түүний шүлгүүд дэх далд бэлгэдэл. Энэ
тухайд С.Дулам, Д.Галбаатар, Ч.Билигсайхан гээд номын багш нар маань хангалттай
ярьсан тул зөвхөн нэг л зүйлийг сануулах гэсэн юм. Найрагчийн “Дорно зүгт өвс
болно” номын болоод сүүлийн үеийнх нь шүлгүүд
англи, испани гээд олон хэл дээр хөрвүүлэгдэж байх шиг байна. Энэ ч зүй
ёсны хэрэг. Цаашид улам олон хэл дээр хэвлэгдэх биз ээ. Гэхдээ Монгол ахуй
ертөнцийг нэвтэрхий мэдэх хүмүүст л бүрэн ойлгогдох “Монголын их амар амгалан”,
“Монголын их суу билиг” гэх мэт үндэсний өвөрмөц сэтгэлгээг илэрхийлсэн
гайхалтай шүлгүүд нь орчуулагдах болов уу. Болдогсон бол С.Дулам багшийн
“Монгол бэлгэдэл зүй”-н хэдэн ботийг тэдэнд эхэлж уншуулчихаад Ц.Бавуудоржийн
“Монголын...” гэх шүлгүүдийг нь хүргэвэл арай л өөрөөр сэрж сэнхэрнэ дээ. Гадна
гэлтгүй дотроо бид энэ их соёл, амар амгалан, намуун уянгаа бүрэн ойлгож
мэдрэхээ огоорчихоод байна шүү дээ. Ёстой л эл найрагчийн,
“Хотын дунд
Халиун буга сүүтэн сүүтэн алхана.
Холын цаст уулаа тэнгэртэй нь
Жаазанд буулгуулаад авч яваа би
Хоолойд нулимс торж
Хойноос нь удтал дагавай”хэмээх
“Хавар” шүлгийн мөрүүд шиг
болчихоод байна. Ирж буй цагийн өнгө юм биз дээ. Гэхдээ
эх орноо амар амгалангийн сүүлчийн “хаан ширээ” гэдгийг ухаарч таньсан яруу
найрагч, түүний эл ухаарлын дуун болох амар амгалангийн яруу найргийг ойлгодог
өргөн олон уншигч байхад Монголын заяа газардахгүй бизээ. Эл олон уншигчийнх нь
нэгэн болох миний бие,
“Тал
нутгийн дээгүүр ариг ялдам цас
Танил нэгний
чандар мэт аяар нэг бударсаар байна...” гэх түүний
нэгэн шүлгийн мөрүүдийг анх олж уншчихаад “Жинхэнэ яруу
найрагч юм даа” гэж дотроо уулга алдан баярлаж байсан цагаас хойш даруй хориод
он улирчээ. Тэр үед Ц.Бавуудорж Монголын яруу найргийн ертөнцөд дөнгөж хөл
тавьж байсан бол өнөөдөр энэ ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болж байр сууриа
баттай эзэлжээ. Ингээд түүний шүлгүүдээс хамгийн сүүлд уншсан нэгэн гэрэлт
мөрөөр энэхүү өчүүхэн лээ өндөрлөе дөө.
“Галбирыг
минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
Бүлээн бороо дусална...”