Төрийн соёрхолт
яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийг “Онцлох зочин”-р урьж ярилцлаа.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцаж буй танд баярлалаа. Уран
бүтээлийн олз омог арвин байна уу?
- 1990-ээд оноос шүлэг бичихийн зэрэгцээ богино өгүүллэг, өгүүлсэн шүлэг
гээд янз янзын л юм байнга оролдож хойш нь хийгээд байсных бас ч овоо нь
аргагүй “үүц”-тэй болчихож.Сүүлийн үед нэлээдгүй тогтож суусан юмнууд бас
байна. Тэгээд үргэлжилсэн үгийн хоёр ном бэлдэж сууна.Үргэлжилсэн үгийн ертөнц
бас сонин ертөнц шиг байна.Нэг цухасхан ороод гарахад зүгээр юм шиг
санагдаад...
-Саяхан МЗЭ-ийн 88 жилийн ой болж өнгөрлөө. Монголын радиог хэзээнээс Бага
Зохиолчдын хороо гэж нэрлэдэг. Радиогийн зохиолч уран бүтээлчид маань сая
баяраа өвөрмөцөөр тэмдэглэсэн байна лээ. Ер нь энэ өдрийг таны хувьд хэрхэн
тэмдэглэдэг вэ?
-Бага зохиолчдын хороо гэдэг үгэнд дургүй.Харин Монголын зохиолчдын дэд
хороо гэж бид чинь бас энүүхнээрээ бас хөгжинө шүү дээ.Хэдэн өрөөгөө дамжин
шүлэг зохиолоо уншицгаана.Уран зохиолын тухай халуун дулаан яриа хөөрөө
өрнүүлээд авна.Үе үеийн МҮОНРТ-ийн захирал ч биднийгээ хүлээж аваад баяр
хүргэдэг энэ тэр юм байсан.Харин сүүлийн дарга нар биднийгээ олж харах завгүй
халагдаж солигдоод халамж үзсэнгүй /инээв/Ер нь ч одоо бол Монголын зохиолчдын
дэд хороо хэвээрээ шүү дээ.Манай редакцийн өрөө гол цөм нь болж ирсэн байдаг.Өнөөдөр
ч тэр нь хадгалагдаж байна.Нэрт зохиолч Б.Цэдэндамба, П.Баярсайхан, хүүхдийн
зохиолч Г.Жанчив, яруу найрагч Ц.Чимиддорж, Д.Нямаа гээд эрхэм зохиолч, яруу
найрагч ах нартайгаа олон жил хамт ажиллалаа.Нэг өрөөнд шүү дээ.За тэгээд яруу
найрагч Б.Хүрэлбаатар, Л.Мягмарсүрэн, Ж.Саруулбуян, М.Баттөмөр, зохиолч С.Пүрэв,
Д.Намсрай, Д.Норов гээд л ах нартайгаа ойрхон ажиллалаа. Уран бүтээлийн халуун
дулаан ертөнц энд өнөөдөр ч гэсэн бүтэн байгаа шүү.
-Таны өрөөнд Их Нацагдоржийн цээж баримал байна. Нэлээд эртнийх бололтой.
Ялангуяа суурь нь хуучны эд байна шүү?
-МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын өрөөнд байдаг баримал шүү дээ.Албан ёсоор зөвшөөрөл
авч эндээ залж цэцэг өргөж хүндэтгэлээ.Д.Нацагдорж маань хааяа ингээд гол гол
газруудаараа заларч байвал зүгээр ч юм шиг.
-Утга зохиолын ертөнц ойрын үед хөл хөгжөөн ихтэй, бүтээл туурвилын хур
арвин байгаа. Оны өмнөхөн л гэхэд хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог гуай
маань төрийн соёрхол хүртлээ. Ж.Дашдондог гуай таны анхны шүлгүүдийг “Пионерийн
үнэн” сонинд нийтэлж байсан гэдэг дээ?
-Ж.Дашдондог ахын бүтээлд Төрийн соёрхол хүртээсэнд туйлын их баяртай
байна.Хойч үедээ хөрөнгө оруулалт хийнэ гэдэг хамгийн том хөрөнгө оруулалт. Энэ
ялдамд эрхэм ахын уран бүтээлд амжилт хүсье.9-р ангид орсон жилээ хоёр шүлэг
захидлын хамт “Пионерийн үнэн” сонинд илгээсэн юм л даа.Гэтэл захидал
ирсэн.Дахиад хэдэн шүлэг ирүүл гэж.Тэгээд арван хэдэн шүлэг илгээсэн чинь тун
удалгүй бүтэн нүүрэнд шүлгийг минь редакцийн зурвасын хамт хэвлүүлсэн байсан.Их
том урам өгсөн дөө хөдөөгийн сурагч надад.Хэдэн жилийн өмнө Тайваньд болсон
яруу найрагчдын чуулганд оролцохоор хамт явахдаа Инчоний нисэх буудал дээр
хонох зуур Ж.Дашдондог ах тэр шүлэг захидлыг минь хүлээн авч цензуртэй тэр цаг
үед сониндоо бүтэн нүүрээр шүлгийг минь нийтлүүлж өгснийг өөрөөс нь сонсож авч
байгаа юм.Нэг жаахан авъяасын оч мэдрэгдсэн юм байлгүй.Их урам хайрласан.
-Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн хамгийн залуу гишүүн нь байсан гэдэг
байх аа. Хотоос олон зохиолчид онгоцоор очиж, тэдний дундаас Данзангийн
Нямсүрэн гуайтай л уулзана гэж догдолж байсан тухай дурсамжийг тань уншиж
байлаа. Та тэр сайхан зохиолчдын Завханд очсон тухай бас шүлэг бичсэн байдаг
даа?
-Д.Нямсүрэн найрагчийн “Хаврын урсгал” номыг дөнгөж олж уншаад байсан үе. Яруу
найраг гэдэг ийм л нандин сэрэхүйгээр бүтээгддэг эд байх ёстой гэж гүнээ
хүндэтгэсэн.Тэр сайхан найрагчийг ирэх сургаар Завханы утга зохиолын нэгдлийнхэн
бүгд л догдолсон юм.Долоо хоногийн турш хамт аялсан.Хүсэлтийг минь болгоож анхны
“Бүгээн анир” номыг минь редакторлож өмнөх үг бичиж өгнө гэсэн ч чөлөө завгүй
“хуурдсаар” байгаад амжилгүй буцсан.Ах
нь очиж байгаад өмнөх үг илгээнэ гэчихээд л онгоцонд суусан.Тэгээд л чимээ
тасарчихгүй юу.Манай Н.Лутбаяр найрагчийн л ивээлээр энэ сайхан зохиолчдыг
Отгонтэнгэрийн тахилгад урих шалтгаан олдсон нь тэр.
-Эрээнцавын хэмээн алдаршсан нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн гуайтай
та ойр дотно байсан хүний нэг нь. Энэ их найрагчийн тухай юу хэлэх вэ?
-Төрмөл авъяастан гэж Д.Нямсүрэн ахыг л хэлэх байх.Их өөр шүү дээ.Их өөр.Сэрж
мэдрэхийн урлаг гэж юу болохыг энэ зуун жилд л лав өөр хүн үзүүлж чадахгүй байх.Сэтгэлийн
увьдас гэж нэг юм байдаг.Ер нь яруу найргийн туурвилыг сэтгэлийн увьдасаар л
бүтээгддэг эд гэж итгэдэг.Түүнээс биш боловсролоор бичдэг л гэнэ.Мэргэжлийн
яруу найрагч л гэнэ.Би огт ойлгодоггүй.Яруу найргийн төгс төгөлдөр бүтээл
туурвия гэвэл онцгой авъяас билигтэй төрөхөөс өөр арга чарга байхгүй ганц
салбар шүү дээ.
-Энэ жилийн “Болор цом” наадмыг
Данзангийн Нямсүрэн гуайн нэрэмжит болгон Дорнод аймагт зохион байгууллаа. Та
анх хэдэн онд “Болор цом”-д ирж оролцож байсан бэ. Завханаас Цогдоржийн
Бавуудорж, Дорноговиос Арлааны Эрдэнэ-Очир ирж үү гэж нэг үе үзэгчид “нэхдэг”
болчихсон байсан даа?
-Д.Нямсүрэн найрагчийн бүтээл туурвилыг хүндэтгэсэн хүндэтгэл гэж харж
байна. 1990-д оны бид яахав дээ цагийн
аяс дагаад тэр тайзан дээр хүндтэй ах нарын завсраар бас ганц нэг шүлгээ уншиж
л явсан.Дурсамж болоод л үлдэж.
-1990-ээд он бол Монголд ардчилал өрнөсөн долгионт цаг үе байлаа. Тэр цаг
үед ардчилал, шинэчлэл, сэтгэлгээний өөрчлөлтийг зохиолч, яруу найрагчид
түүчээлсэн гэж боддог.
-Манай үеийнхэн бол нийгмийн шилжилт өөрчлөлтийн давалгаанд түрлэг нэмсэн
үеийнхэн. Шинэ уур амьсгалыг тодорхой хэмжээгээр хөглөж өгсөн шүү дээ.Нөгөө
талдаа нэгэн цаг үед ийм олон авъяастан зэрэг төрнө гэдэг чинь ер бусын
үзэгдэл.Цаг хугацааны давтамж таарсан байх. Уран зохиолд ер нь бол авъяастай
төрөх нь л чухал болохоос бусад нь тийм чухал биш.Тэд л юм бүтээдэг.Монгол уран
зохиолын ертөнцөд уламжлалаа шинэчлээд явсан, “шинэ юм” хөөгөөд буцаад уламжлал
дээрээ ирсэн ийм хоёр эвийн загас шиг тойрог харагддаг.Энэ хорин таван жилийн
үр дүн ийм дүр зургаар төсөөлөгдөж байна.
-Та Монголын радио хэмээх энэ том айлын босгоор алхаад 20 жил болжээ.
Монголын хөх тэнгэрээр, цэнхэр долгионоор дуу хуур, ярилцлага, нэвтрүүлгээ
цацна гэдэг сайхан даа. Ер нь яагаад радиогийн хүн болчихсон юм бэ.
-“Өнөөдөр” сонин, Монголын радио хоёрт нэг өдөр анкет бөглөөд радиод
орчихсон юм.Тэнд олон зохиолчид байгаа нь сэтгэл татсан.Нэг мэдсэн 20 жил
ажиллачихаж. Радиогийн алтан микрофон гэдэг чинь уран бүтээлч улсад хүлэг сайн
морь шиг л эд. Хангай, говь, тал нутгаар хэрэн явж хээрийн гал түлж сууж байж л
монгол нутгаа мөн чанараар нь ойлгож мэдэрнэ шүү дээ.Монгол амьдралын гэрэл,
сүүдэр хүн зоных нь аж амьдралын гуниг тайтгарлыг бас ингэж дотор нь явж байж л
таньж мэдэж авч байгаа юм. Алдарт Базарын Цэдэндамбаа ахтай хамт томилолтоор
ажиллаж л явлаа.Зохиолч Пүрэвжавын Баярсайхан ахтай томилолтоор явж л байлаа. “Өв
соёлоо гээчихвэл үндэстний үндэс тасарна” энэ тэр гээд шторкууд манайхаар
байнга явдаг даа.Сэтгэлээс минь гарсан иймэрхүү санаа, онооны чуулбар манай
долгионоор байнга л явж байдаг.Санаачилсан өв соёлын нэвтрүүлгүүд, монгол хүний
мөс чанар, дотоод ертөнцийг нээсэн радио жүжиг, монгол орныхоо байгалийг таньж
мэдэхэд нь нэмэр болно гэж бий болгосон “Монголоороо аялахуй”, “Эгшиглэнт”
байгаль” нэвтрүүлгүүд ч юмуу, нийгэмд чиглэсэн зорилтот цуврал нэвтрүүлгүүд за тэгээд уран сайхны хөрөг,
нийтлэл, эсээ, туурь гээд радиод оруулсан, оруулж байгаа хувь нэмрээ багцалвал
бас юм юм бий.Зөв хандлагатай уран бүтээлчид, сэтгүүлчид болгочих юмсан гэж
мэрийдэг олон залуу эргэн тойронд минь ажиллаж байна.
-Дуу хуур гэснээс та олон сайхан дуутай хүн. Завхан нутгийн сайхан хөгжмийн
зохиолчид УГЗ Д.Цэвээнравдан, Д.Жамъян, дуучин УГЖ С.Батсүх зэрэг дууны уран
бүтээлчидтэй ойр дотно нөхөрлөж, уран бүтээлээ хамтран туурвиж явсан биз. Анхны
дуу тань ямар дуу байв?
-“Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэг” гээд л 1990-д оноос дуурсав аа даа.Дуучин
С.Батсүх ид гарч ирж байсан цаг.Ингэж л эхэлсэн юм.Бид хааяа уулзалдахаараа
монголчуудыг уяраан найгуулах гэж ямар бичсэн биш.Энэ хорвоо дээрх нэг ч гэсэн
бүтэлгүй амьтныг хүн болгочих юмсан гэж л болсон болоогүй юм хэдийг эрээчиж
хандивлав гэж дамшиглана./инээв/ ”Орчлонг хайрлаарай”, “Гүрэн монгол чинь
хүлээнэ” энэ тэр гээд ар, өвөр монголчууд дуулж л байдаг.
”Уцаарлаж хашгирсан мянган сул үгнээс
Уярч учирласан ганц үг илүү...” гэж нэг үг байдаг даа.Тиймэрхүү л аястай
юм.
-2017 он гараад удаагүй байгаа, цаг тооллын нэгэн эхлэл дээр та бид уулзаж
байна. Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд цангинатал дэргэд үүрсэх гунигтай
гэж та нэгэнтээ бичиж байсан даа.Чухам тэр гунигаас л шүлэг, уран бүтээл төрдөг
юм болов уу гэж боддог?
-Тийм байж магадгүй л юм.Уран зохиолын ертөнцөд хорин таван жил зочилсны дүнд
нэг л зүйлийг ойлгож авлаа.Уран зохиол, яруу найргийн жим бол өөрийгөө таньж
мэдэхийн хамгийн эхний хаалганы түлхүүр юм байна гэж ойлгосон.Одоо цааш бүр
нарийн нандин ертөнц рүү орохоор гутлаа арчин зогсож байна гэж өөрийгөө харж
байна.Монголчууд их уянгалаг сэтгэлтэй ард түмэн.Тийм болохоор сэтгэлийн чавхдасыг
нь тонхийлгэх их амархан шүү дээ.Гэхдээ энэ бол бас тийм чиг чухал зүйл биш
гэдгийг ойлгосон.Одоо л эхлэх гэж байгаа юм бишүү гэж өөртөө хааяа хэлдэг.
-“Дорно”, “Хүрэл чоно” шүлэг, “Хүннү
туульс”, “Хулангоо хатан”, “Агай” найраглал гээд таны бүтээлүүд дорнын
өнгө аяс, Монголын түүх, үндэс язгуур руугаа яргасан, Монгол үнэрээ гүн дотроо
тээсэн шинжтэй болоод байх шиг санагддаг. Энэ бол яах аргагүй уран бүтээлч
хүний эрэлхийлэл, эрмэлзэл, дотоод дуун биз?
Тийм.1990-2000 он хүртэлх арван жилд мэдрэмж сэрэхүйгээ чагнаж бичсэн юм
шиг байна.2000-2010 он хүртэлх арван жилд өөрийгөө жаахан өөрчлөх гэж оролдож
бас англи, испани бусад хэл рүү ганц нэг ном орчуулуулах гэж хичээсэн юм болов
уу даа.2010-аас хойш цар хүрээтэйхэн юм хийхсэн гэж эрмэлзсэн юм шиг ийм дүр
зургийг өөрөөсөө олж харж байна.Өөрт заяагаад өгсөн жаахан авъяас билгийг амин
зуулга эсвэл нэгээхэн насны зугаа төдий үрээд дуусгачихъя гэж хэн бодох вэ дээ.Монгол
үндэстний оюун санааны санд борооны дуслын төдий ч бол хувь нэмэр оруулах
юмсан. Энэ зууны монголчуудын ой санамжинд дутаж байгаа галыг нь хэт цахиад
ноцоогоод өгөх юмсан гэх мэтээр санаа сэдлээ бэлчээж бас бодсоноо, олсноо
урлаад буулгачих гэж хичээсэн иймэрхүү он цагийн хураангуй ард минь үлдэж.
-Орчин үеийн урлаг бүхий л урсгал, чиглэлтэйгээ Монголд орж ирж, хөгжиж
байна. Тэр бүхэнтэй зэрэгцээд Монгол уламжлал, зан заншил, сэтгэлгээ, хэл,
соёлоо хэрхэн хадгалж үлдэж, хөгжүүлэх ёстой вэ. Танд энэ талаар ямар бодол
төрдөг вэ?
-Хүн төрөлхтнөөс санах сэхээрэх юм их.Гэхдээ олон зуун жил бүтээж шигшиж
тээж өнөөдөрт хүргэж ирсэн хэл, соёл, зан заншил, сэтгэлгээний давтагдашгүй
талуудаа энэ их халгиа цалгиа ихтэй эрин цагт хадгалж хамгаалахгүй бол хамаад
авч одмоор хуй салхи их байна.Өчүүхэн жижиг хорхой шавж ч гэсэн амьд үлдэхийн
төлөө л тэмцдэг бөмбөрцөгт бид амьдарч байгаа шүү дээ.Монгол гэдэг үндэстэн
мянган жил, чадвал дахиад мянган жил оршихын үндсийг энэ цаг үеийн та бид л тасдаж
мэдэхээр байна.Ингээд бодохоор өөрсдөөсөө айж эмээмээр байгаа биз.Үүх түүхээ
сануулсан сэрээсэн аятай эрмэлзлүүдийг талархан дэмждэг.Энэ бол яах аргагүй нэг
дархлаа мөн.Эх хэлээ хайрлая гэж бас хичээцгээж байна.Энэ бас нэг том дархлаа
мөн.Бид одоо монгол хүнээ хайрламаар байна.Монгол хүнийг эхийн хэвлийд байхаас
нь эхлээд хайрламаар байна.Эхийн хэвлийд бүрэлдэхээс нь эхлээд монгол хүнийг
бүтээж боловсруулах цаг нь яг одоо.Ингэж чадвал бусад бүх зүйл зөв тийшээ
эргэнэ.
- Монгол уран зохиолоо, монгол яруу найргаа дэлхийд таниулахад та бас гар
бие оролцож яваа уран бүтээлч. Хилийн чанадад болдог яруу найрагчдын чуулгануудад
оролцож явдаг хүний хувьд...
- Монголын соёл яруу найргийн академийн санаачлага, дэвшүүлсэн хөтөлбөр
монгол яруу найргийг хүн төрөлхтний оюуны сантай холбож өгөхөд том үүрэг гүйцэтгэж байгааг бид мэднэ.Г.Мэнд-Ооёо
ахын хичээл зүтгэл их.Их том зам нээж өгсөн шүү дээ.Гадагшаа алхаж нүд тайлж
явахад том боломж бидний өмнө нээгдсэн нь мэдрэгддэг.Ийм далайцтай замууд монгол
оюун санааны ертөнцөд их л хэрэгтэй байна даа.
-Та нэлээд хэдэн хэл дээр шүлэг найргаа орчуулуулж, шүлгийн номуудаа
гаргасан. Дэлхийн яруу найргийн антологи, сэтгүүлүүдэд бүтээлүүд чинь олонтаа
хэвлэгдсэн.Монгол яруу найргийг дэлхийд гаргахад хэлний бэрхшээл их байдаг. Энэ
бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ.
- Авъяаслаг залуус олон байна.Орчуулах сонирхол ч өндөр байна.Магадгүй
1990-д оныхон яруу найрагт давалгаа үүсгэн гарч ирсэн шиг энэ цаг үед
орчуулагчдын тийм давалгаа үүсгэх хэрэгтэй байна.Орчуулагч бэлтгэх ажлыг төрийн
бодлогоор дэмжээд өгвөл мөн сайхан аа.Нэг жаахан аялал жуулчлал, соёлын
солилцоо төдийгөөр дэлхийтэй холбогдох энэ тэр бол улс үндэстний хувьд жижигхээн
хэрэг явдал.Оюун санааны бөх бат гүүр тавихын төлөө боломжуудаа ашиглах
хэрэгтэй. Хойч үедээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт энэ л байх болов уу.
-Энэ жил Дэлхийн яруу найрагчдын их
хурал Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. 11 жилийн өмнө Дэлхийн яруу
найрагчдын их хурал Монголд анх болж байлаа. Тэр их хуралд та оролцож байсан
хүний хувьд энэ хурлын ач холбогдол хийгээд нэр хүндийн талаар сайн мэднэ дээ?
-Зөвхөн яруу найрагчдын хувьд төдийгүй соёл, аялал жуулчлалын салбарынханд
ч сайхан боломж олгосон үйл явдал.Мексик, Хятад зэрэг орнууд тус чуулганыг
зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн гэж сонссон. Улс орны нэр хүндийг ч
гэсэн өргөөд өгч байгаа хэрэг шүү дээ.Манай найрагчдын хувьд бол том боломж. Өөр
юу хэлэхэв.