"Орчлон ертөнцийн тогтоц бол суварганы мөн чанартай бөгөөд орчлон нирваан хоёр үнэмлэхүйд нэгэн мөн чанартай.
-Суварга бээр хүн, ертөнц хоёрын жам зохилдсон чанарыг
давхар агуулан хүн, ертөнц хоёр эцсийн эцэст бас нирваантай ном зохиолдсон
чанартай гэдгийг харуулж эгэл жамыг ном зохилдуулан урвуулж сансрын
тогтолцооноос гэтэлж болох увьдас болохоо ч баталдаг.
-Суварга , хүмүүн сансрын хүлээнээс гэтэлж үнэхээр бэлгэ
билгийг онож гэгээрч чадах тэр агуу чанарыг агуулж байгаагаараа тааллын шүтээн
, бурхны номын бие буюу хамгийг болгоогчийн чанарыг илэрхийлэх зохилдлогоотой
шүтээн учраас гурван шүтээний том төлөөлөл болон оршин тогтнож, түүнийхээ амьд
баталгаа болох агуу их адислалт бүх шинж чанарыг илтгэн оршдог. Иймээс суварга
бол хамаг бурхдын хурах орд, гадаад ертөнцийн болоод очирын биеийн жамыг ном
зохилдуулсан загвар бүлгээ.
-Суварга бол агуу их нууц увьдаслагааны цогц, гүн нууцлалын
түлхүүр.
-Суварга хэмээхийн томъёолол нь тахилын орон буюу агуу их
шүтээний утга мөнд номлосон...
-Тэнгэр газар нь түмэн бодисын уг буюу. Ер тэнгэр газар
ялгаран нээгдээд уул цогцлон, мөрөн урсахуй нь цөм хоёр хий тэр завсарт
гайхамшигтайяа улираад нэгэн ёсоор хавсран зөрчилгүй хослон явахын хүч буюу..."
Суварга хэмээх үгийн тухайд, суварга хэмээхүйн дотоодоос
гэрэлтэх мөн чанарын тухайд бага ч атугай нээн үзэглэвээс ийм буюу.Эдгээр
эрдэнийн өгүүлбэрүүдийг ишлэсний утга нь Суварга хайрханыг Суварга хэмээн
нэрийдсэний утгыг эрхэм мэргэн сүсэгтэн та бүхэн өөр өөрийнхөөрөө таалан
үсэглэхүйд дэм болог гэж хичээсэн бичвэр болно.
Суварга хайрхан уул
Архангай аймгийн Булган, Цэнхэр, Ихтамир, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Хашаат,
Түвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Хархорин, Баянхонгор аймгийн
Эрдэнэцогт зэрэг сумын нутагт ногоолин өлзий мэт оршдог гурван аймгийн нутагт
суудалтай ч арван хошууны заяа буяныг даасан их хайрхан.
Хайрхан уул Архангай
аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд далайн төвшнөөс дээш 3117 метр өндөр
өргөгдсөн, хангайн уулархаг мужийн ай савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой
үзэсгэлэнт сүрлэг хангай. Суварга хайрхан галт уулын гаралтай.Түүний хормой бие
модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доош энгэр талдаа галт уулын
тогоо болох хүнхэрт тогтсон уулын тунгалаг нууртай.Хайрханы урд энгэрээс Орхон,
араас нь Урд тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн гол эх авдаг Хангайн нурууны
усны гол хагалбар бүлгээ.Суварга хайрхан уулаас салбарласан өвөр талдаа боржин
хад, байц цохио, нүцгэн орой, хүнх хуниас бүхий Солбидог, Жимгэр, Хошгот,
Тонгорогийн эх, Бор, Цагаан өргөө зэрэг олон сүрлэг нуруу салбарлан оршино.
Эдгээр уулсаас Тонгорогийн гол, Хошготын гол, Жимгэрийн гол, Хөвөөлгийн гол, Өлзий
тээлийн гол зэрэг түргэн урсгалтай, үхэр чулуутай бэсрэгхэн голууд их ганга,
ангал, хавцал дундуур боргио үүсгэн урсч, Орхон голын ай савыг бүрдүүлдэг агаад
Улаан цутгалан хэмээх хүрхрээг үүсгэдэг. Хайрханаас эх авч урсах гол ус нь
Өвөрхангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ аймгийн олон сумын нутгийг дамнан урсч
амьдралын эх булаг нь болж байдаг нандин учигтай. Суварга хайрханы
баруунтайгаас нь Манхан, Ямбилэг, Чирэнгэт, Нөрөөт, Бугат, Согоот, Баян-Өндөр,
Үйзэн бүрхээр, Хашаат, Шарт, Намшир, Буурал, Цагаан дунд гол, Чил, Байшинт,
Хонгор хана, Шар булуу, Шар тээг гээд олон сайхан сүрлэг уул , урт нуруу залган
салбарладаг. Эдгээр уулсаас Ширдэгийн гол, Шартын гол, Нарийн хамрын гол,
Ямбилэгийн гол, Гялааны гол, Цагаан сүм, Могойн гол зэрэг голууд эх аван урсч,
Цэцэрлэг, Цэнхэрийн голуудыг бүрдүүлэн Архангай, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур
сумын зон олныг ундаалдаг голын эх болж Тамирын голтой нийлж Орхон голд
цутгадаг. Суварга хайрханаас салбарласан нуруудад хад, хуш, хус, улиас, бургас, тоорой,
хайлаас, далан хальс, яргай, чаргай болон үхрийн нүд зэрэг төрөл бүрийн ургамал
ургана. Буга, согоо, бодон гахай, бор гөрөөс, янгир, хүдэр, чандага, туулай,
шилүүс, дорго, мануул, хярс, үнэг, чоно, тарвага, зурам зэрэг ан амьтан
хүрээлэн амьдардаг. Хур, сойр, ятуу, ахууна, ёл, тас, бүргэд, сар, бэгбаатар,
хойлог, ууль, шар шувуу, харцага, тоншуул, шатар, шаазгай, бор шувуу, хөхөө,
өвөөлж хөх, шар цөцгий хун, галуу, өрөвтас, зуун хурга зэрэг шувууд ч оршин
чуулдаг хосгүй баян орон.
-Суварга хайрханаас зүүн тийш салбарлан орших Жаран төгрөг
уулын оройд Чингис хааны түмэн цэргийн овоо байдаг бөгөөд энэхүү овоог Чингис
хааны их цэрэг баруун зүгт дайлаар явахдаа Суварга хайрхан уулыг биширч
босгосон гэх нэгэн домгийг хайрханы өвс цэцэг шивнэн шивнэн ганхах бүлгээ. Бас
нэгэн домог самбай хадаг шиг өмнөөс намирна .Суварга хайрхан болоод эргэн
тойрных нь уулсыг эр савдагтай гэлцдэг байна.Түвшрүүлэх сумын нутагт орших
Тэлээгийн хайрхан буюу Төмөр хайрханыг эм савдагтай гэлцэнэ.Энэ хоёр савдаг
нэгэн үе эв түнжин муутай байжээ.Суварга хайрханы Баян Далхаа гэдэг савдаг
Тэлээгийн хайрханы Хорон Хажид хэмээх савдагтай нэгэн цагт эвсэг байя хэмээн
тангараг тавьснаар эр эм мэт ижил дасал болж ерөөл цогцолжээ.Энэ цагаас энэ
орон дэлхийд шүтэж амьдардаг амьтай бүхэн амирлан жаргаж, хэрүүл уруул, өвчин
түйтгэр үл тогтон ээлийн сайхан орон энхжин тогтжээ.Үүгээр ч үл барам тэдний үр
сад болох Тамчийн хайрхан буюу Эрдэнэ хайрхан хэмээх бас нэгэн сүрлэг хайрхан
бий болсон хэмээн Суварга хайрханы овоо буурал салхиараа өгүүлнэ.
Басхүү балар эрт цагт Сэлэнгэ мөрнийг хойш урсгахгүй гэж
Хангайн нуруу тогтсон гэх нэгэн домог өвс өвсний шүүдэр дамжина.Гэвч Сэлэнгэ
мөрөн хойш урсаад гүйцэгдэхгүй байсан тул Суварга хайрхан буруу харж Хангайн
нурууны төгсгөл болж тогтсон хэмээн салхис хөгжмүй.
Суварга хайрхан уулыг эрт үеэс хошуу нутгийн иргэд тахиж
шүтэж ирсэн иш баримт, дэлгэр сайхан уламжлал бий. Хайрханы урд, баруун, баруун
урд зүгээс буюу Цэцэрлэг нутагт Давцан, Цэнхэр багийн нутагт Тахидаг уул,Орхон
багийн нутагт Тахидаг овоо зэрэг гурван өндөрлөгөөс тахидаг байжээ.Суварга
хайрхан ууланд гарсан эр хүн гурван жилдээ хийморь цог нь бадарч, явах суух
алив үйлс нь дэгждэг гэлцэнэ. Басхүү Суварга хайрхан нэрийг цээрлэн Их цагаан
уул хэмээн нэрийдэж байсан иш баримтыг Суварга хайрханы сангийн судраас үзэж
болно.Энэхүү сангийн судар Их цагаан уулын сан оршвой хэмээн эхэлдэг
бүлгээ.Энэхүү сударт Суварга хайрхан уулыг цасан цагаан додигтой, ус мөрөн, ой
модон шамтавтай, хадан гярга элдэв чимгээр чимэглэсэн байдлаар дүрсэлсэн нь
бусад сангийн судраас ялгаатайг судлаачид тэмдэглэн үлдээсэн нь сонирхол
татдаг.Додиг нь “цээжний өмсгөл, цээживч”, шамтав нь “лам нарын номын хувцас,
банзал буюу хормогч”, “гярга” нь бүс гэсэн утгатай төвд хэлнээс монгол бичгийн
хэлнээ идээшсэн үгс ажээ.Ийн эрдэмтэн судлаач О.Сүхбаатарын хөрвүүлгэээр энэхүү
нандин зохионгуйг дотор сэтгэлдээ зул хүжийг асаан дэлгэн баримуй. Үүнийг
сонсогч та Суварга хайрханыг сэтгэлийн
төвдөө асарлуулан зохируулаад заяа буянаа даатган залбирч болгоох ажааму.
Нэвт- “Суварга хайрхан уулын сан оршивой”
"Эрхэн чанарын өвөрчлөнгийн асар ариун их амгалант мэргэний
агаарт
Эрхтийн нумын гэр барьсан ордон өргөөнөө
Элдэв лянхуваар чимсэн очирт суурин дээр
Ээлийн их тэнгэр их Далха батад залрагтун
Уулын эрхт тахилын шүтээн, үзэсгэлэнтийн дунд
Ус мөрөн, ой модон шамтав, цасан цагаан додигтой
Ургах нар, сар, хадан гярга элдэв чимгээр болгосон
Урмас бадраах Далха тэнгэрийн нэгэн төрөл ид хүчит
Баруун мутартаа илд, зүүнээ цалам далайсан
Басхүү эгээрлийн их далайг хурцатган чимсэн
Амирлангуй дэлгэр эрхт догшин үйлсийг бүтээх
Асар олон нөхдийн чуулган, туст олон уулаар хүрээлүүлсэн
Атгаггүй та бүхнийг баясгахаар зохилдох зайг өргөх нь
Ариун гурван цагаан хийгээд гурван амтат үр
Архи, дарс, тахил балин сэлтэс хийгээд
Асар салхин хүчит хөлөг, тэмээ, ямаа, хонь, нохой
Бадрах сангийн тахилын үүлээр
Баясгаж, тэнгэр огторгуйг дүүргэн тахиж
Ба бүрний хийд орныг
Бас шүтэн үйлдэгч хамгууд
Авран хамгаалах зохилдохуй нөхцлийг бүтээж
Аливаа харшлахуй шалтгааныг арилга
Хамаг ном, эрдэнэ, таалал, тонилохуйн аймгийн чуулган
Харилцан тэнсэлдэн дэлгэрэхүйн эрхин үйлсийг зохио
Арвин зүг зовхис, дээд доодод оршсон бурхад
Аврал итгэл дээд итгэлт чухаг гурван тэргүүтэн
Буян нүглийг ялагч тангарагтан номын хаан
Буй биднийг авран бусдын уул уснаа эс оршуулснаар
Мөргөл авралын хүчээр бид бүхэн хаа одовч
Мөхөөх дайсан, хуйхуй, хулгай дээрэм эс үйлдээд
Амьтан бүхэн сансрын зовлонгоос гэтэлж
Аюул бүхнээс авралдан санасан хэрэг бүтэх болтугай"
Суварга хайрхан ууландаа хуврагийн сэтгэлээр мөргөн үйлдэх
зохионгуй хэн бүхний зүрх сэтгэлд мөнх хутгийг олох болтугай хэмээсэн ерөөл
үгээр энэ бичвэрээ өндөрлөе.Аяа, сүсгээр учирч сэтгэлээр барилдъюу ахан
дүүс минь.
Ц.Бавуудорж
Ц.Бавуудорж