ТАНЫ ШИНЭ ТАНИЛ
Эх орны минь яруу найраг
далай.Энэ далай яндашгүй.Завхан нутгийн хүү Улиастай хотын 10 жилийн 2-р дунд
сургуулийн 10-р ангийн сурагч Ц.Бавуудоржийн анхны шүлгүүдийг уншаад ингэж
бодлоо.Уянга, ухаарлын содон өнгө аяс, өөрийн дүр төрхтэй түүний шүлгүүд манай
яруу найргийн оломгүй хөх далайн нэгэн цутгал болж уулын тунгалаг булаг мэт
цагийн цагт эрч хүчтэй ундран байг гэж ерөөе.
Д.ЦООДОЛ
ТОЛГОД
Орчлонгийн гэрэл сүүдэр тээсэн
Он жилүүдийн нүүдэл үдэлж
Дээд хөх тэнгэрийн үүл хотолсон
Дэгдээхэй насыг минь тэвэрч хоцорсон
Намхан бор толгод минь
Төрөөд уйлахын минь дуунаар
Бор туулайд чинь
Гэрийн хаяагаар гүйлдсэн юм гэлүү
Төвшин эцгийн минь баярын нүдэнд
Надаас өөрцгүй харагдсан юм гэлүү
Бодолд минь уянга шаглаж
Сэтгэлд минь ухаарал хайрласан
Намхан бор толгод минь
Эгэл зүрхний дуулал шүлгээрээ
Эрх нэг бүжин чинь байх сан
Уянгын найрагч Явуугийн нүдээр
Унасан газрынхаа толгодыг нэг харахсан
Аргалын утаанд аргамжаатай толгод минь
Ангирхан наддаа нэг баярлах сан
Толгод минь өөрийн эгшиг уянгатай
Толгоддоо мөлхөж өссөн би ч уянгатай
Тоонотоо баярлуулж
Ээж минь намайг төрүүлсэн
Толгодоо баярлуулж
Би найраг төрүүлнэ ээ
ТОГОРУУН ЦУВАА
Алд хадаг шиг далавчин дээрээ
Алтан нарыг аяга шиг тавиад
Миний нутгийн цэнхэр тогорууд
Мэндийн аялгуу ганганасаар ирнэ
Сар уйлтал үрийн бүүвэй аялсан
Сайхан монгол эхээс мэндлээгүйсэн бол
Нуураа санасан тогоруудыг хараад
Нулимс гартал юундаа би уярах вэ
Тоонон дээгүүр ганганан ирэхдээ
Тогоотой сүүнд сүүдрээ унагаагүй
Тогоруун цуваа
Өндөгнөөс дассан нутгийн уулс
Өндөлзөн тосохдоо энгэрээ ярсан
Тогоруун цуваа
Холхи, далай тэнгисийн орноос
Хормойхон нуурыг юунд зорино вэ
Тогоруун цуваа
Атгахан зүрхэнд минь
Ойртон ойртон ганганасан
Анхны хайрын уянга
Тогоруун цуваа
Мөнхийн цуваа
ТЭНГИСИЙН ӨГЛӨӨ
Цар ихт тэнгисийн мандлыг хэмжин нисэх
Цахлайн жигүүрийн цэнхэр исгэрээг шуранхайлан наадаж
Салхин аялгуу тэнгисийн симфони тоглохуй
Олон цэнхэр морьд цойлон цоройлон цовхчих шиг
Онгон тэнгисийн мандал үүлэнд асан давалгаална
Тэгтэл өглөөний нар ороо цэнхэр давалгаан дунд санд мэнд
Тэртээ холд шидэгдэж үүл зайдлан санд мэнд
Цахлай тэнгисийн дунд жигүүр цуцан санд мэнд
Царгүй хөх тэнгист нар унаж энд тэндгүй санд мэнд
ТАРИА
Ай тариа
Амуу тариа
Алган дээр минь бол урмын бороо
Атгахан зүрхэнд минь бол уянгын түрүү
Цэлмэг хөх тэнгэрийн амт
Цэнхэр талын минь инээд
Унагасан хөлсний дуслын тоо
Уран гараар шагласан хээ
Намар ,зун, хаврын
Эгэл өдрүүдийг
Нартай хэлхэж ургасан
Монгол тариа
Намайг газартай зүйж урласан
Шүлгийн санаа
Ай тариа
Амуу тариа
Миний шүлгийн мөрөнд мөнхрөн ургаарай
Мичид шүргэм талыг бүрхээрэй
-Саяхан МЗЭ-ийн хороонд
залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүд болж төв орон нутгийн 80 гаруй залуу
зохиолчдын бүтээлийг хэлэлцэв.Манай залуу зохиолчид авъяас билиг, мэдлэг оюунаа
дайчлан анхаарал татахуйц олон шүлэг, өгүүллэг бичсэнийг энд талархах ялдамд
тэдний бүтээл сэдвийн хувьд нэлээд явцуурсныг тэмдэглэн хэлье.Өөдрөг бадрангуй, иргэнлэг, ажил хөдөлмөрийг алдаршуулан магтсан
бүтээл ховор байна.Уран бүтээлийн сэдэв бол цаг үетэйгээ хамт
урагшилж, хөгжиж, нийгмийн өмнө хүлээсэн уран бүтээлчийн үүргийг баяжуулж байдаг
учиртай өргөн цар хүрээтэй асуудал юм.Аливаа зохиолын сэдвийг нээх, шинэ санааг
гаргахад зохиолчийн урлах эрдэм, ур чадвар чухлыг энд өгүүлэх юун.Манай сонин
энэ дугаараа “Нээлттэй хаалганы өдрүүд”-д оролцож, зөвлөгөө авсан зарим залуу
зохиолчдын бүтээлээс нийтлэв.