Friday, December 6, 2013

ХҮМҮҮН ӨВС БОЛОХ ҮЕСТ /"Өдрийн сонин" 2008/



Саймон Викхам Смит  Лондон   /2008.08/

                                                 
Ц.Бавуудоржийн нууц увидаслаг, шидэт яруу найраг ба
Монголын уран зохиолын уламжлал

   Монголын орчин цагийн уран зохиолд Цогдоржийн Бавуудоржийн шүлэг, яруу найргийг хоёр талт байр сууринаас харж болно. Түүний яруу найргийг  харахад тоо томшгүй хэлбэрийн ертөнцөөс ангижран тасарсан санагдана. Зарим талаар түүний шүлгүүд дэлхийн уншигчдад 21-р зууны Монголын соёл хийгээд нүүдэлчний ахуйг таних, өрнийн соёлын их түрэлтэн дундах Монголчуудын оюун санааны ертөнцийг нээх, нийгмийн нэг эд эс болох хүний хувь чинад ертөнц яруу найргийн хэлэнд хэрхэн туссаныг ойлгоход тус болох мэт санагдана. Ц.Бавуудорж 1969 онд төрсөн. Монголчууд  дэлхийн эдийн засаг, соёлын их урсгал дунд нэгдэх их шилжилтийн үе буюу  80-аад оны сүүл, 90-ээд оны эхэн үеэс тэрбээр яруу найрагчийн хувьд олонд танигдаж эхэлсэн юм. Яг энэ л мөчид цаг төрийн  хатуу цензур дарамтаар уран бүтээлчдийг шахсан 70-аад оны будангуйрлаас гарч, хүмүүний анхдагч мөн чанар болох хайр сэтгэл, газар дэлхий, тэрхүү газар дэлхий дээр амьдрагч хүн зоны амьдралын тухай дуулах болсон өмнөх үеийн найрагчид болох О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, Л.Мягмарсүрэн нарын яруу найргийн нөлөөлөл гэнэтхэн ихээр нэмэгдэж эхэлсэн юм. Гэхдээ улс төрийн дарамт шахалт хүчээ авч байсан дайны дараах жилүүдэд ч Б.Явуухулан, М.Цэдэндорж нарын яруу найрагчид газар дэлхий хийгээд түүн дээр амьдрагч хүмүүний байгаль эхтэйгээ холбогдох нандин шүтэлцээ, уугуул мөн чанарыг нээн бичсээр байсан юм. Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” хэмээх нэгэн сайхан шүлэгт байгальтайгаа шүтэлцсэн энэхүү харилцааг уламжлалт шашны сэтгэлгээг түшиглэн уран зохиолын аргаар Монголчуудад эргэн сануулсан юм. Магадгүй тэрээр энэ шүлгээрээ ард түмнийгээ эх дэлхийтэйгээ холбогдох хүйн холбоогоо мартаж болохгүй шүү хэмээн уриалсан ч байж болох.
                                  "Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
                                  Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
                                  Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
                                  Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
                                  Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би"
Хэдийгээр 11 бадаг шүлгийн ганцхан бадаг төдий боловч энэ мөрүүд нь Б.Явуухуланг бүрнээ илэрхийлж чадах бөгөөд хожим О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн нарын найрагчдын яруу найрагт хандах хандлагад ихээр нөлөөлж, дэлхийн дэмжээнд өөрийгөө хэн болохыг тунхаглаж байсныг нь гэрчилж өгсөн бус уу…Эдгээр гурван найрагч нь мөнхүү Ц.Бавуудоржийн яруу найргийг ойлгох ойлголтонд ихээр нөлөөлсөн билээ. Яруу найрагч Д.Нямсүрэн, Ц.Бавуудорж хоёрын 90-ээд оны эхээр цаст Отгонтэнгэрийн энгэрт бие биенээ тэвэрч авахуулсан их л сүр жавхлант дүр төрх бүхий нэгэн зураг байдаг. Энэ зураг хоёр яруу найрагчийн хүмүүний дотоод оршихуйгаараа хэрхэн холбогдож нөхөрлөж байсныг гэрчлэх ба нөгөө талаар яруу найргийн хийгээд буддын шашны оюун санааны уламжлалаар найрагчид ихэд гүнзгий холбогдож байсныг гэрчилнэ. Буддын шашны оюун санааны энэхүү уламжлал нь дээрх найрагчдын яруу шүлгээр дамжин дараагийн хорин жилд ч Монголын уран зохиолын голлох дүр байсаар байх бизээ.
Б.Явуухулангийн яруу найргийн үээл санаанд газар дэлхий болоод хүмүүний оршихуйн хоорондын харилцан шүтэлцээ нэвт шингэсэн байдаг бол Ц.Бавуудоржийн яруу найрагт магадгүй энэ нь хамгийн гол сэдэв болжээ. Гэхдээ энэ нь ямар нэгэн давхцал огт биш бөгөөд өөр цаг үед төрсөн боловч уран бүтээлчид яруу найргийн зам мөрийн хувьд өөрт илүүтэй мэдрэгдсэн чиг замналаараа нөхөрлөж, тэрхүү уламжлалыг Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо хэмээх бусад яруу найрагчтай хамтран залгуулж яваа гэсэн үг.
Ц.Бавуудоржийн оюун санааны ер бусын нэгэн дүр нь хүмүүн хөх өвсөнд хувилан одохын тухай дүрслэл юм. Бид үүнийг түүний олон шүлгээс харж, мэдэрч болно. О.Дашбалбар, Д.Нямсүрэн нарыг “Өвсний дууч яруу найрагчид” хэмээн нэгэн нэрээр нэрлэж болох мэт. 1990-ээд оны эхээр О.Дашбалбар газрыг хувьд шилжүүлэх хуулийн шинэчлэлтийг өрнүүлж асан улс төрчид болоод бизнес эрхлэгчдийн эсрэг тууштай тэмцэгч байснаараа ихээхэн алдаршсан бөгөөд түүний бүтээлүүдээс газар нутгаа, өвс ургамалаа гэсэн үзэл санаа нэвт шингэснийг харж болно. Дээрх яруу найрагчийн энэ үзэл санааны тусгал Бавуудоржид шууд нөлөөлсөн гэж хэлэх нь учир дутагдалтай ч түүний ер бусын, зөн билгийн гэмээр, сюрреал сэтгэлгээний олон талт илрэлд дээрхийн нөлөө өчүүхэн ч атугай тусгалаа олсоныг харж болно.О.Дашбалбар хожим хэвлэгдсэн “Гол ус намуухан урсана” номондоо /1986. Хожим Simon Wickham-Smith-ийн Англи хэлрүү хөрвүүлснээр Дашбалбар сан 2006 онд хэвлэсэн/ өвсний тухай цуврал шүлгийг бичсэн байдаг. Тэрээр өвсийг өвөг дээдсээ хэмээн хүндэтгэн үзэхийн сацуу бас элгэн хайртыгаа, эрхэм андаа хэмээн дээдлэн үзэж авай:
                   "Oh, grasses, my parents and my brothers and children at a single time…
                   Oh, grasses, my dear body my pure desire and my loving companions…
                   Sighing gently, I stroke the grasses
                   My grasses, I take in your scent as an infant's soft curly hair
                   My grasses, I stroke you as old men stroke their white beards.
                   My grasses, I kiss you as I kiss my passionate lover's hair, black as spades.
                   Oh, grasses, my coursing blood, my pigtails…
                   Oh, my ancestors in times rubbed and wasted away,
                   Oh, they blow in the wind, dissolve into grasses.
                   Oh, my ancestors become the grasses, swaying, swaying in the cold rain of
                                                                                                      autumn"
О.Дашбалбар өвсний тухай үргэлжид шүлэглэж байсан авч энэ нь түүний газар дэлхий, унаган байгальтайгаа харьцах харилцааны нэг илрэл, жишиг төдий байсан юм. Харин өвөг дээдсийн ариун бие, алтан амь энэ л хөх өвсөнд шингэн ургаж буй хэмээн ойлгох нь өвсөнд нэн хүндэтгэлтэй хандах оюун санааны чигийг төрүүлж, энэ л сэтгэлгээгээр яруу найрагч Ц.Бавуудорж өөрийн бүтээл, найргаа туурвиж сууна. О.Дашбалбар өвсний тухай бичихдээ түүгээр дамжуулан өөрийгөө илэрхийлж байсан бол Ц.Бавуудорж түүний эл сэтгэлгээнээс нэг алхам урагшилж, өвсний өөрийнх нь амьдралаар яруусал утгыг илэрхийлж буй нь миний сонирхолыг илүүтэй татаж байна. Үүнийг найрагчийн  “Хүсэл” хэмээх шүлэгнээс жишээлэн харж болох юм:

"Хул шаргал өвснөө
Хувирч одсон бүсгүйчүүд бий
Сар гарахад тэдэнд
Сайхан дуртгал сэргэдэг
Анхил улаан уруул
Хэдийн шүүдэр болоод
Алтан нарны үнсэлтэнд
Тэсч чадалгүй сарнидаг
Хүн байхдаа ч тийм л байсан
Хүүхэн хонгорууд
Хүсэл тааллаа сольсонгүй нь
Хүндтэй санагдана
Би ч гэсэн хэзээ нэгтээ
Бийр,цаасаа тэнгэрт өргөхдөө
Хүүхэн өвсийг ганхуулж хөндөх
Хөх салхи болохыг хүснэ ээ..."

Энэ бол Ц.Бавуудоржийн унаган байгаль, газар дэлхийд хандах хандлагаа өвсөөр дамжуулан гаргасны илэрхийлэл юм. Хул шаргал өвсөнөө хувирч одсон боловч тэр л бүсгүйчүүд хүний гарвал чанар, хүсэл сэтгэлээ хадгалсаар байна.
Улам гүнзгий ухваас эл шүлэг байгалийн нууцлаг амьдралыг нээн харуулсан бус, ерөөс яруу найргийн ер бусын шидэт чанарыг нээн харуулсан мэтээ…Ц.Бавуудоржийн янаг амрагийн шүлгүүд нь түүнийг яруу найргийн ер бусын чанар болоод нэгэн үеийн бүтээн туурвигчидтай нь холбон өгч буй гол  шижим нь гэж би вээр бодном. Түүний янаг амрагийн тухай шүлгүүдэд Монголын яруу найргийн уламжлалаас бидний орхиж гээсэн итгэл бишрэлийн оч харван гялалздаг. О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо зэрэг түүний яруу найргийн чиг хандлагад нөлөөлсөн найрагчдын тэнцүүхэн бүтээж туурвисан Монгол соёл, шашны уламжлалт сэтгэлгээ Ц.Бавуудоржийн яруу найргийн бүтээлүүдээс ч мэдрэгддэг билээ. Буддын шашны соёл, сэтгэлгээ нь Монголын уран зохиолын нэгдмэл нэгэн хэсэг болсоор ирсэн бөгөөд бид яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлүүдийг энэ талын мэдлэг ойлголтгүйгээр унших боломжгүй юм. Гэхдээ Ц.Бавуудорж аливааг ертөнцийг үзэх өөрийн хандлагаар дүрслээд зогсохгүй, тухайн зүйлийг үзэх ертөнцийн хандлагыг ч нээж чаддаг нь түүний уран бүтээлийг улам ер бусын болгож, хувь хүний өндөр илэрхийллийг нь гэрчилж өгдөг юм.
Дэлхий ертөнц Буддагийн төвт үзлээр өөрийгөө хараад зогсохгүй Бавуудоржийн яруу найргийн төвт үзлээр өөрийгөө тольдон бясалгах цаг дор яруу найрагчийн дүрсэлснээр нэгэн хувилгаан бясалгал номоосоо уйдан догширч, нэг их том цагаан заан дэлхий дээгүүр явж өнгөрөөд, хүмүүний оршихуй өөрөө өвс навчид хувилах- зүүд зөнгийн ертөнцөд амьдраад, цагийн дунгуйралд орчлон ертөнц хэрхэн  хувирч, гандаж, бодьгалийн хувирал оюун санааны үйлээр ямархан ертөнцийг бүтээж буйг мэдэрч болно. Үүнээс үзэхэд Ц.Бавуудорж Монголын уран зохиолын уламжлал дээр хувь хүний  бодгаль ертөнцийн өнгийг сюрриал сэтгэлгээний хамтаар нэмэн дэлгэрүүлсэн ба, түүний уг чинадаас гарах зөн билэг хийгээд яруусал дуу нь Монголын орчин цагийн уран зохиолын хэлбэржилтэнд нэн чухал, басхүү томоохон нэгэн нөлөөллийг үзүүлж байна.


Англи хэлнээс 
Орчуулсан Батсуурийн Баясгалан

Wednesday, December 4, 2013

“ЭХ ОРНЫ ШҮЛГИЙН ЭГШИГЛЭН”


Доктор Д.Сумъяа  /
Шинэ зуун уран сайхны шүүмжийн цуврал 2004 он/ 


“Элэг зүрхнээс уяатай энхрий монгол орноо” /Ж.Бадраа/ дуулж шүлэглээгүй яруу найрагч бараг үгүй.Иймээс ч яруу найрагчид минь “Бичихэд хэдий богино ч мориор давхиад гүйцэмгүй уудам дэлгэр орон” /С.Дашдооров/-доо “Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” /Ц.Цэдэнжав/.Ингэж “Цагаан цасан малгайтай ногоон модон хүрэмтэй /Ц.Дамдинсүрэн/ “Дэлгэр монгол орноо бахдаж заавал дуулдаг”./Д.Сэнгээ /Үе үеийн найрагчид маань өөр өөрийнхөө дуу хоолой сэтгэл зүрхээрээ эх орны дууллаа ийн бүтээсээр иржээ.Монгол эх орон минь оршин буй цагт сайхан найрагчид төрсөөр л байна.Иймд эх орны дуулал нь мөнхийн дуулал юмаа.Монголын бүх яруу найрагчдын эх орны шүлгийг нэг бүрчлэн авч үзэж задалж шүүж үзвэл олон олон уран сайхны эрэл дүрслэл,уран саналга нээгдэнэ.Гэвч энэ бүхнийг товчлоод монголын орчин үеийн яруу найргийн түүхэнд давтагдашгүй өөрийн өвөрмөц мөн чанараараа зохих байраа эзэлсэн гэж үзэж болох цөөн хэдэн шүлгийн давтагдашгүй чанар,уран сайхны эрэл хийсэн шинэлэг талыг нь задлан авч үзье.Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Д.Нацагдоржийн “Миний нутаг” /1933 он/шүлэг өөрийнх нь төдийгүй монголын яруу найргийн түүхийн оргил бүтээлийн нэг гэж нэрлэгдэх болсны учрыг Д.Намдаг “Нацагдорж бол магтаалч биш.Магтаал бол ихэнхдээ үнэнгүй,өнгө будгаар баахан чимэглэсэн бялдуучлалын чанартай юм байдаг.Гэтэл ихэнх хүмүүс Нацагдоржийн бичсэн “Миний нутаг”шүлгийг магтаал гэж боддог явдал бий.Уг шүлэгт уудам эх орны минь алдарт уулс,гол мөрөн,хангай,говь түүний  түүх шастир ,ан амьтад хийгээд уул уурхайн баялаг бахдан дуулагдана.Үүгээрээ уншсан бүхэнд монгол орныг тэр чигээр нь таниулна.Иймд энэ шүлэг магтаал биш” /Д.Намдаг.1988 /гэж үнэлсэн.Ер нь “Миний нутаг” шүлэгт Алтайгаас Хянган хүртэлх ,Соёнын уулсаас өмнийн элсэн манхан хүртэлх монгол нутгийн баруунаас зүүн,хойноос өмнө хил хязгаар хүртэлх нутаг дэвсгэр дээрх монгол орны нэрт уул усны дундах орон зайд монгол түмний аж төрж ирсэн үүх түүхийг өнгөрсөн, одоо,ирээдүй гурван цагийг нь нэгтгэн зангидаж “Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон” гэж өгүүлсэн.Иймд зөвхөн нутаг усны магтаал биш монголын үеийн үед оршиж ирсэн ,хойшид оршин хөгжин дэвжих түүхийн шастир болсон юм.Тэгвэл Б.Явуухулан “Би хаана төрөө вэ” /1959 / шүлэгтээ , Д.Нацагдоржийн хоёр хэмжээсийн дундахь газрын зураг дээр түүхэн үүднээс өгүүлсэн эх орны өгүүлэмжийг ахиулан орон зайн гурван хэмжээсийн дунд бөмбөрцөг дээр өнөөгийн хөгжил хөдөлгөөн дунд нь уянгын “би” баатрын /С.Байгальсайхан 2004 / бясалгалын өгүүлэмжээр гүн ухааны болгон гүнзгийрүүлсэн юм.Иймээс ч хөрст алтан дэлхийгээс хөх манхан тэнгэрийг хүртэлх орон зайн дундахь бүхнийг эх орон минь гэж үзээд “Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би “ гэж бичсэн билээ.Манай утга зохиол судлаачид  Д.Нацагдоржийн “Миний нутаг” ,Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгүүдийг сайтар шинжлэн давтагдашгүй өвөрмөц цогц бүтээл болсныг нь нэгэнт нээж үнэлсэн билээ.Үүний дараа яруу найрагч Д.Цоодол “Нутгийн зургаан өнгө”/1967/ шүлгээ бичсэн.Энэ шүлэг нь өмнөх хоёр яруу найрагчийн эх орныг орон зайн хэмжээс ,түүхэн зүйн талаас бус харин ялгаран үзэгдэх өнгөний талаас харж өгүүлсэн нь шинэлэг эрэл байв.Иймээс байгалийн өөрийнх нь үндсэн зургаан өнгө нь миний нутгийн өнгө юмаа гэж дуулсан.Энэ нь эх орноо өөрөөр яаж дуулж болохыг эрэлхийлсэн яруу найрагчийн билэг хараа юм.Энэ санааг яруу найрагч П.Бадарч гүнзгийрүүлэн баяжуулж эх орны тансаг сайхан ,өвөрмөц онцлогийг есөн эрдэнэ, есөн эрдэнийн өнгөний бэлгэдлээр илэрхийлж  “Миний эх орон есөн эрдэнийн билээ”, *Есөн эрдэнийн орон “/1971 / гэж уг уран сайхны санааг төгс гүйцээсэн билээ.П.Бадарчийн энэ шүлгээ бичсэн цаг үе нь монгол ёс заншил ,уламжлалт бүхэн хуучин хоцрогдсон гэдэг ойлголтоор бүдгэрч гээгдэхэд хүрч байсан үе.Иймээс ч монголчуудын дунд монгол ёс заншил, уламжлалт ,бэлгэдэл зүйгээ эрэлхийлэн нэхэж эрж байсан үе учраас монголчууд есөн эрдэнээ эртнээс эрхэмлэн ,хүндэтгэн бэлгэдэж ирсний хувьд энэ дуу нь тухайн үедээ зоригтой,шинэ сэргэг болсон төдийгүй  есөн эрдэнийн билэгдлээс  “Миний эх орон есөн эрдэнийн билээ” гэсэн нь давтагдашгүй төгс санаа болж монголын эх орны шүлгийн түүхэнд өөрийн байрь сууриа эзлэн үлдсэн юм.Үүний дараа Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал”/1980/ шүлгийг зүй ёсоор нэрлэх учиртай.Учир нь Б.Лхагвасүрэн бол монгол яруу найргийн уламжлалыг даган хурц тод чимэг, тодотгол ихтэй,уран гоё,цэцэн цэлмэг найруулгаар романтик/ тэмүүлэлт/ аястай шүлэглэхдээ хэвшмэл ерөнхий бичлэгээс аль болохоор зайлсхийн өвөрмөц сонин адилтгал , зураглал бүхий уран тод зураглалтай бичдэг”/Х.Сампилдэндэв/ гэж судлаачид үнэлсэн байна.Тиймээс “Боржигоны бор тал” шүлгийн гол ололт нь эх орны шүлгүүд  орон зай цаг хугацааны ерөнхий хэмжээсэнд бичигддэг байсныг  ерөнхийгөөс салгаж тусгайд тодорхой буулгаж бичсэн учраас эх дэлхийгээс эх орноо,эх орноосоо төрсөн нутгаа тодруулж дүрслэхдээ  төрсөн нутаг ,эзэн хүн хоёрын холбоог өвөрмөцөөр зураглан,төрсөн нутгаа хайрлах сэтгэлийн мөн чанарыг утга төгөлдөр нээж чадсан юм.Ер нь энэ шүлэг ерөнхийгөөс тусгайд шилжин гүн ухаан,гоо сайхны сэтгэлгээ,уран дүр дүрслэлийн цогц нээлт хийж болохын үлгэрийг үзүүлснээр монголын орчин үеийн яруу найрагт уул,ус ,өсөж төрсөн нутгаа хайрлан дуулсан олон сайхан дуу шүлэг гарах үүдэл эх болсон юм.Энэ мэтээр манай яруу найрагчид өөр өөрсдийн уран саналга,сэтгэлгээ,билгийн хараагаараа монгол эх орноо дуулсаар байна.Яруу найрагч Д.Пүрэвдорж монгол улсынхаа “Тусгаар тогтнол” /1962-89/-оо “Хан Алтайн тэргүүн оргил дээр,хатан Онон эжийн одод орчих мандал дээр,ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр ,ган төмөр дөрөөний сүү өргөх толион дээр “ гэх зэргээр эх орныхоо эрхэм нандин бүхэнд шингээн тусгаар тогтнолын дууллыг тунхаглан бичнэ би” гэж бахархаж, Д.Урианхай “Эх орны тухай бодол” /1976/ -доо  эх орон минь надаар юу хийлгэсэн ч баярлана. Намайг говийн худгийн моторчин,зурагтын цамхагийн монтажчин  болгосон ч байрлана.Танд “захирагдах”,”дарлагдах” бидэнд дээд эрх чөлөө юм эх орон минь “гэж, Х.Чилаажав/Эх орон/ “Цаст хайрхан ,хөвч хангай элсэн манхан цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй “ эх орноо дуулж “Дэлгэсэн тэрлэг шиг..” гэж Ш.Гүрбазар дүрсэлжээ.Сүүлийн үед манай яруу найрагчид  давтагдашгүй өөрийн “эх орон”-ыг бүтээх талаар нэлээд эрэл хийж байна.Тухайлбал эх орноо сэрж мэдэрсэн уран мэдрэмжийн талаас Д.Нямсүрэн, хөг аялгууны үүднээс Ц.Эрдэнэбат ,оршихуйн зан төрхийн байдал талаас Ц.Бавуудорж нар бичиж өөр өөрийн эх орны шүлгээ туурвижээ.
Яруу найрагч Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан” /2002/ шүлэгтээ монгол нутгийн ахуй байдал ,монгол хүмүүний аж төрөхүйг зан төрхийн байдал талаас нь “амар амгалангийн орон” болохыг нь олж харж бичсэн нь шинэлэг юм.Энэ ч бас яруу найрагчийн зөн мэдрэмжийн билэг юм.Тухайлбал “Эрдэнийн сормуусаа үүрийн гэгээнд дүрэн үүрэглэх хүлэг морин монголын их амар амгалан, Амар болоочийн ачсан цагаан тэмээ монголын их амар амгалан”гэх мэтээр монгол ахуйн маш өвөрмөц байдлыг нарийн мэдрэмжээр олж шүлэглэжээ.
Манай орчин үеийн яруу найраг эх орны шүлгээр баян.Учир нь яруу найрагчид маань сэтгэл зүрхнийхээ дуудлагаар эх орноо хайрлаж дуулдаг юм.Энэ өгүүлэлд монголын яруу найргийн түүхэнд байраа эзэлсэн цөөн шүлгийг авч үзэв.Учир нь “Ер хүний хамгийн нандин эрдэнэ болсон эх орны тухай шүлгээр нь яруу найрагчийг таньж болно гэж би санадаг юм”/Б.Явуухулан 1990/ гэж нэрт яруу найрагч хэлсэн байдаг.Эх орны шүлгийн агуулга мэдээж эх орон л байна, гэвч эх орноо яг юу гэж хэлсэн уран санаа,саналга, түүнээ бүтээсэн туурвил зүйн аргыг Д.Нацагдорж,Б.Явуухулан,Б.Лхагвасүрэн нараас судлан суралцаж гүн ухааны категорууд  орон зай ,цаг хугацааны хэмжээс ,эсрэг тэсрэгийн нэгдэл, ерөнхий ба тусгайн хууль,харагдах үзэгдэх,сонсдох бүхий л мэдрэмж ,зөн билэг ,далд мэдрэхүй ,билгийн хараагаа хэрхэн хөгжүүлж цаашид өөрийнхөө цаг үеийн уран зохиолын туурвил зүйн арга барил,гүн ухааны үзэлт ,онол сургуулиар баяжуулан ,утга, уянга, ур чадвар гурваа тэгш тэнцүү хөгжүүлж чадваас  тэр хүн он цагийн давтамжийг даван цагаа эзлэн үлдэх ,хэн нэгэн давтаж чадахааргүй ,эх орны болон ерөөсөө цагийг эзэлсэн бүтээл туурвиж болохын жишээг үзүүлэх гэсэн юм.

Monday, December 2, 2013

我会成为东风之草


我会成为东风之草
在黄色的波浪之中
长久地成长茁壮。
直到高尚东风
鞠躬屈膝在我面前,我将会成长茁壮。
在我的棕色膝部下摆上,
我将感受其痛苦之首。
且透过我的黄色手指,
我将触摸其珍贵之发。
当它的眼泪重重落下,我会凝
并成为丝柔般地青苔,将覆盖东风。
东风落下之时
我会用我的挥舞抓住它。
进入我温暖的身躯,
我会吸收它内心的苦痛。
东风最后的休息时刻,
我将与它分享当时所有的光芒。
们将变成一群蝗虫
一起飞往沉寂的深处。
我会长久地成长茁壮
我的颜色看起来是黄色,
不会改变。
我将成为东风之


Friday, November 1, 2013

ДОРНО ЗҮГТ ӨВС БОЛОХУЙ…/"Өдрийн сонин" 2006/



Доктор А.МӨНХ-ОРГИЛ 


Өнөө цагт шүлэг яруу найргийн нэр хүнд нэлээд унах янзтай. Гэхдээ өмнө нь тийм өндөр байсан уу гэвэл хоёр талтай л зүйл. Нэг талаас ерээд оноос өмнө зохиолч яруу найрагчид чамгүй нэр хүндтэй, тэдний бүтээлийн үнэлэмж ч боломжийн нийгмийн нэлээд идэвхтэй хэсэгт хамрагдаж байсан нөгөө талаас тухайн үеийн тогтолцоо систем нь өөрийн суртал нэвтрүүлэгч, номлогч, тархаагчаа бүх талаар дэмжиж “харж хандаж” байх онцгой үүрэгтэй нь уялдаж байсныг 1920-иод оноос эхэлсэн утга зохиолын субьектив орчин буюу зохиолч яруу найрагчдын бүтээлийг нь хэвлэж, хүнийг нь “анхааралдаа” авч, нэгтгэн зохион байгуулж ирсэн түүх хэлээд өгнө.
Ерөөсөө урлаг утга зохиолыг өөрөөр тайлбарлан ойлгож, гүн ухааных нь үндсийг мэдээж нэг өнцгөөс диалектик материализмын үүднээс хандаж байсан учир өөр аргагүй ч байсан гэлтэй. Өөрөөр хэлбэл урлаг уран сайхны сэтгэлгээ, урлагийн мөн чанар ямар нэг байдлаар орхигдож хоёр гуравдугаар зэргийн асуудал болж байсан гэсэн үг. Энэ ч яахав түүх түүхээрээ л үлддэг байж гэтэл 1990 оноос хойш субьектив орчин өөрчлөгдөж “түүхэн боломж” гарсан боловч зарчмын хувьд байдал огт өөрчлөгдсөнгүйгээр барахгүй бүр дордох ч янзтай.
Шүлэг зохиол нь арилжаа, нэр хүндийн хэрэгсэлтэй хутгалдаж нийгмийн сэтгэлзүйд иймэрхүү хандлага ажиглагдах болсныг л түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөнтэй холбон ярьж байгаа хэрэг. Үүний нэгэн илрэл болж Х.Эрдэмбилэг гэгчийн “Яруу найргийн элемэнтүүд” гэсэн нэгэн нийтлэл гарч байсныг санаж байна. Тэнд өгүүлэхдээ “залуу гэсэн тодотголыг хуссан цагт чи өөрийгөө яруу найрагч гэж үзэж болно. Хэзээ энэ тодотголоосоо салах нь тухайн хүний нас, шүлгийн чанараас бараг шалтгаалахгүй. Харин хэр зэрэг танилтай, олон хүнд архи авч өгснөөс хамаарна… өнгөрсөн алтан үеийг дурсан олон сэдэвгүй, хэвшсэн сэтгэлгээгээрээ үг эвлүүлэн хөндий шүлэг бичин үхэж чадахгүй байгаа нөхөд. Согтохоороо мангасын үед бичсэн ганц хоёр нийтэд тархсан гайгүй бүтээлээ дурсан өөрийгөө магтан би, би хэмээн дөвчигнөгчид… Жинхэнэ хөдөөнийхөн бол нутагтаа том яруу найрагчид хотод ирээд зурагтаар гарчихдаг, томчуудтай нийлж хааяа савчихдаг, номынхоо өмнөх үгийг медальтай яруу найрагчаар бичүүлчихдэг сэргэлэн гарууд… шүүгчид гэдэг архи нэхсэн цол гуншинтай хашир бурхинууд бий. Жинхэнэ хор найруулагчид” гэх мэтээр бичсэнийг бүрэн дүүрэн хүлээж авах боломжгүй ч ямар ч байсан нийгмийн сэтгэлзүйн хандлагыг зохих хэмжээнд илтгэж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Нөгөө талаас энд зөвхөн зохиол бүтээлийн далд дотоодод нэвтрэхээсээ илүүтэй наад талын субьектив үйл ажиллагаа, зохиогчийн ухамсарт “лаборатори” талаас нь илүүтэй авч үзсэнийг ч хэлэх хэрэгтэй. Хамгийн товчхондоо зохиолыг ярих, зохиолчийг ярих хоёр нэг талаар өөр юм л даа.
Ухаандаа Ц.Бавуудоржийг аваад үзье. Монголын яруу найрагт Цогдоржийн Бавуудорж гэдэг нэр сонсогдоод даруй хориор тоологдох намартайгаа золгож байна. Манай урлаг утга зохиолын хүрээгээр тогтохгүй бүгд л түүнийг мэднэ танина гэх болжээ. Тэд ихэвчлэн хэвлүүлсэн бүтээл, зурагт сонингоос харсан, авсан шагнал амжилтаар нь л баримжаалан “мэдэж” байгаа гэдэгт бараг итгэлтэй байна.
Харин түүний шүлгийг барьж, уншиж, ухаарч, мэдэрч, нээж, баясаж, гуньсан нь хэд л бол. Цаашилбал шүлэг зохиолоос нь түүний дотоод ертөнцөд нэвтэрч юунд зовж, юунд баярлаж, хэдийд хэрхэн сэтгэл төвдөхийг нь анзаарч “мэдсэн нь“ бүр ч хэд бол доо. Гагцхүү иймийн тул зохиолчийг гаднаас нь “мэдэх” нэг хэрэг, зохиол бүтээлийг нь үзэж, хүлээж авч, сэрж, ухаарч, догдолж, тунгааж, эргэцүүлж өөртөө толгой дохин “мэдэх” бас нэг хэрэг юмсанж.
           
            Сарны туулайн хүйтэн чихнээс
            Санаандгүй би атгаж үзсэн юм
            Яруу найраг түүнд хүргэж өгснөөс хойш
            Ялдам гэдэг үгийг олон хэрэглэхээ больсон юм

Сүүлд бичсэн нэгэн шүлэгтээ ингэж өгүүлжээ тэрээр. Эдгээр мөрөөс нэлээд олон зүйлийг харж болохоор байна. Уянгын баатраас амьдралыг, ертөнцийг таньсан эгээрлийг харж болно. Үүнийгээ саран дээрх туулайгаар дүрсэлсэн нь сэтгэлгээний хэв, гоо сайхны ухамсрын үүднээс дорно дахины ертөнцийн тухайт үзлийг илтгэж харин тэр нь хүйтэн чихтэй байгаа нь зохиолчийн зөвхөн зохиолчийн бодгалийн дотоод сэтгэлгээний танилт, өвөрмөц баяжуулалт, уран сайхны нээлттэй холбогдох ертөнцийн сэрэл бүхий уран сэтгэмж мөн.
Сарны туулайн чихнээс атгах гэдэг үгэнд уламжлалт сэтгэлгээг хөгжүүлэхдээ төлөөлөл ёгтлол үүсгэсэн нь дорнын уран сайхны сэтгэлгээнд ч, өрнийн урлагийн түүхэнд ч тохиолдож, яригдаж, маргаан мэтгэлцээн, онол бодролыг хандуулж байсан дүрслэл түүний цаадах сэтгэлгээний гүн аяс, ухамсарт амьдралын танин мэдэхүй нь ухамсаргүй бодомжид шингэн илэрч байгаа нь энэ юм.
Гэхдээ уянгын баатрын хувьд түүнд хүрэх арга зам нь өөр юу ч биш яруу найраг байжээ. Яруу найраг уянгын баатарт саран дээр туулай байдаг, тэр нь хүйтэн чихтэй, бүр түүнийг нь атгахад тусалж байгаа нь бусад хүмүүсийн хэлдэгчлэн амьдрал, ертөнц байгаа нь өөр хаана ч хэзээ ч давтагдахааргүй яруу найргийн сэтгэлгээ, яруу найрагчийн мэдрэмж гэлтэй.
Харин үүний үр дүнд ялдам гэдэг үгийг олон хэрэглэхээ больсон гэдэг нь ертөнцийг өөртөө ухаарсан ухаарлын баталгаа болон сонсогдож байна. Энэ үгийг хэрэглэхээ болих нь түүний цаана хадгалагдах утга агуулга бүхэнд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх, хуурамч хоосон нь их байдаг талаар хүүрнэж буй хэрэг. Санаандгүй ч гэмээр байдлаар үүнтэй холбогдуулан хэлэхэд энэхүү сүүлд гарч байгаа ном болох “Дорно зүгт өвс болно” ном бүхэлдээ их богино, элдэв чамирхалгүй, энгийн шүлгүүдээс бүтсэнийг анзаарахгүй байхын аргагүй.
Түүний өмнөх шүлгүүдэд юмыг буй байгаагаас нь хахь ондоогоор төсөөлөх, ёгтлон гүжирдэх, огт байж боломгүй зүйлсийг бий болгох этгээд сонин дүрслэл, сэтгэлгээ бага биш ажиглагддаг байсан. Энэ бол түүний уран бүтээлийн, шүлэг найргийн нэгэн өнгө донж, хэв намба, анхнаасаа л тогтсон мэдрэмж мөн бөгөөд энэ шинжээрээ цаг үедээ ялгарч, өөрийгөө байгааг илэрхийлж чадсаныг хүлээн зөвшөөрөхөөс эрхгүй.  
Дашрамд дурдахад сүүлийн үеийн залуу шүлэг сонирхогчид өнгөц хээнцэрлэж, гоё үг хөөцөлдөж байгаа туйлшралын нэгэн гол “буруутныг” Бавуудоржтой ямар нэг хэмжээгээр холбоотой гэж боддогоо нуух юун. Түүний энэхүү “Сарны шүлгүүд” номоос илт ажиглагдах болсон хэмжээний богиносолт, үгийн энгийншил, бидэнд бас л олон зүйлийг хэлэх нь шиг байна. Зарим биш ихэнх зохиол бичигчээс салах нэг л дургуй байдаг үг үсгийн төдий мадаг, илэрхий логик зөрчил, утгын авцалдаагүй байдал, наад захын мунгинал төдийлөн анзаарагдаад байхааргүйгээр яруу найрагчийн хувьд өсч томорсныг хэлэхээс өөр арга алга.
Энэ бол хэн хүний санаагаар болдог ч эд биш мань хүн ч өөрөө тодорхой хугацаа зарцуулсан гэж хэлэхэд болох юм. Түүний “Сарны шүлгүүд” номд “Харсаар байтал” хэмээх нэг шүлэг бий. Тэнд

            Харсаар байтал чиний дэргэдээс
            Хачин тунгалаг хүн
            Босоод явчихлаа
            Хаа хүрэхийг нь би мэдэхгүй ч
            Харин хэзээ ч эргэж ирэхгүйг нь
            Халуун зөнгөөрөө мэдэрч байна

гэж эхэлдэг бөгөөд үүнийг номын өмнөтгөл үгэнд “хүний амь-сүнс, цог хийморийн үнэтэй бүхэн үгүй болсноор бие нь үлдэх агшинг хүртэл өгүүлсэн нь найрагчийн үхлийн мөн чанарыг мэдрэх хийсвэр талын илэрхийлэл” хэмээн агуулгын талаас нь тайлбарласан байдаг. Үүнийг арай өөрөөр авч үзэж болох мэт санагдаж байна. Жишээлэхэд
           
            Танилхан чамайг минь гэрэлтэй болгодог
Тарни нь тэр байсныг
Сая л цочин анзаарлаа

            гэсэн мөрүүдээс ерөөс хүний сэтгэлийн мөн чанар, буртаггүй гэгээн чанарыг юу эвддэг тухай өгүүлснийг харж болно. Тэрхүү ариун сэвгүй чанарыг хажууд нь тунгалаг хүн байдаг, биед нь гэрлэн бурхан оршдог, нүдэнд нь болор загас байдаг, алганд нь алтлаг хээ байдаг зэргээр төлөөлөн дүрслээд харин үүнийг хорвоогийн салхи арчдагаар бичсэн нь хорвоо ертөнц, амьдрал гэгч хүнийг тэр алтлаг, гэрлэн, тунгалаг, болор чанараас нь өөрийн эрхгүй салган оддог тухай гашуун үнэнийг харуулсан байна. Яг энэ санаа
           
                        Үхэл ирэхэд би тув тунгалаг болно
                        Үлдэж энэ орчлон манан дундаа умбана
                        Үр минь, хүү минь харин тод тунгалаг төрнө
                        Үйлийн эрхээр тэр минь хатан болроо алдана
                        Хоёр тунгалагийн хоорондохыг хорвоо гэдэг юм даа
                        Хоёр тунгалагаас бусдад нь
                        Хонгор минь битгий итгээрэй

            гэсэн өөр нэгэн шүлэгт гүнзгийрэн төгөлдөржсөнийг бас харж болно. Уянгын баатар өөрөө мананд умбасан орчлонг орхиж үхэхэд л тунгалаг болно, харин түүнтэй зөрж төрөх хүү тод тунгалаг төрж байна. Үйлийн эрхээр буюу орчлонгийн жамаар хүү нь амьдралд, цаг хугацааны хуулинд захирагдах нь түүнийг хатан болроо алдахад хүргэж байна. Энэ бол хүүгээс үл хамаарах ер хэнээс ч үл хамаарах хорвоогийн жам зарлиг юм. 
Энэхүү энгийн үнэнийг цааш гүнзгийрүүлэн ерөөс үхэх төрөхийн хоорондохыг хорвоо гэдэг мөн ертөнцийн үнэн гэвэл үхэх төрөх л юм гэсэн дотоод сэтгэлийн их ухаарал, амьдралын мөн чанарыг таньсан гэгээрлийг олж үзэж болно. Энэ хорвоогийн хуулинд ер юм бүхэн үнэнч ариун хайр хүртэл сөхөрч байгааг ч өгүүлжээ.

                        Энэ ертөнцийн өнгө зүүдний дарангуйлал
                        Ихэмсэглэл, хүйтрэл дундуур шурган мөлхөж
                        Чамд очоод
                        Гагцхүү хүнд л байж болох
                        Тийм нандин эрхэмсэг хайраар
                         Чамайг хайрламаар байна

Энд уянгын баатар амьдралын нэгэн утга учир болсон тэр их гэгээн ариун, магадгүй тунгалаг хайрыг амтлах хүслэнгээ илэрхийлжээ. Ингэж тэмүүлж байгаагийнхаа шалтгааныг дотоод сэтгэлийн мөн чанартайгаа холбохдоо

Хэн нэгийг хайрлаж амжилгүй бүтээд гэмтчихвий гэж
Хэнхдэгэн цаана байгаа нэгэн зүйлийг өрөвднөм
Хэн нэгэнд нисч хүрэлгүй хальчихвий гэж
Хээр талын алтан хараацай шиг нэгэн жигүүртнийг
Халагланам

гэж хайр сэтгэл гэдэг хүмүүн болж төрсний нэгэн утга учир, түүнийг амсаж эдэлж сэтгэлээрээ мэдрэх нь гагцхүү хүнд байх эрхэм нандин зүйл гэдгийг тунхагласан байна. Харамсалтай нь

                        Энэхэн цагийн будант инээмсэглэл
                        Чамд ойртуулсангүй
                        Энэ хүйтэн гилбэлгээнт ихэмсэглэл
                        Чамд ойртуулсангүй
                        Чамайг би хайрламаар  л байлаа

нөгөө манан будант хорвоо, тунгалаг биш ертөнц, энэ цагийн хүйтэн амьдрал ийм сэтгэлийн зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Тиймээс уянгын баатар гөлгөнд хүртэл хандаж энэ цагийн, энэ амьдралын тухай бодлоо хуваалцсан байх юм.

                        Ягааран мандаж байгаа энэ талын нарны наагуур
                        Ялдамхаан цагаан үүлс алгуурхан нүүж явна аа даа
                        Энэ л бид хоёрын
                        Баяр юм шүү, гуниг юм шүү…
                        Сүнсийг минь нэг л тэнгэрийн шилтгээнд
                        Зэрэгцүүлэн залах болно
                        Бидэн хоёр ижилхэн
                        Хадан гэр минь адилхан шүү

Нэг талаар тунгалаг биш энэ амьдралын бүхий л зүйл буй байгаагаараа сайхан бас муухай өөрөөр хэлбэл энд хүн болж төрсөн нь өөрөө хэдийгээр манантай ч бас сайхан юм байнаа гэсэн санааг илтгэж харин зөвхөн гөлөг төдийгүй ер хэн ч байлаа гэсэн эцсийн эцэст  адилхан л мөнх бусыг үзүүлнэ тиймээс энэ цагт гөлөг ч бай эцсийн очих цэг бүгд ижил юм шүү гэсэн гүн ухааны гаргалгааг хийж байна.
            Үүнийг лав буддын гүн ухаанд хоосон чанарын үзлээр тайлбарладгийг санаж байна. Буддын гүн ухаан гэснээс түүний “Сарны шүлгүүд” төдийгүй ерөөс нийт уран бүтээлд нь дорныг эрхэмлэсэн, дорныг магтсан, дорныг биширсэн, дорныг гүн хүндэтгэсэн аяс ил далд түгээмэл ажиглагддаг. Гэхдээ зарим нэгний ярьдагчлан түүнийг шууд л дорнын хэмээн мэдэмхийрэн цоллодгоос арай өөр жишээлэхэд “Хүмүүс түүнийг дорнын хэмээн тодорхойлох дуртай. Үнэндээ тийм эсэхийг, бас түүний шүлэг зохиолыг тийн лугаа ойлгон мэдэрдэг хүмүүс олон гэдэгт би нэг л итгэж чаддаггүй юм. Тиймэрхүү хэв маяг шүлэгт нь байдаг ч хэн хүн тийм ч амар хүлээн авна гэдэгт эргэлздэг юм.” хэмээн судлаач Д.Галбаатарын бичсэнтэй санал нэг байна.
            Харин түүний шүлэгт илрэх дүрслэлийн өвөрмөц сэтгэлгээний уламжлалыг харж, хорвоогийн мөн чанарыг тунгаан эргэцүүлсэн арга билгийн зөөлөн аясыг ойшоож, ахуй, уламжлал, сэтгэлгээ хэв заншил, гэгээрэл харилцан сүлжилдсэн байгааг анзаарах нэг хэрэг юм.

                        Хүнээс хүн зугтан гарч
                        Шүхрэн гэрэл бөхөх болгонд
                        Алтан заадас бүхнээрээ шархиран өвддөг би
                        Дорнын насыг харин өмгөөлж архирсан
                        Арслан хөх тэнгэр юм би
                        Ам дөрвөлжнийг энгэрээсээ тасдан байж
                        Аяа хүн сүрэг чиний
                        Алтан хүйг чинь би боож авсан
                        Алтан савыг чинь ч бас сүүлчийн удаа нээчихээд
                        Асгартал уйлж суухын гашуун зарлигтай би

Мөнөөхөн тунгалаг биш манан будант хорвоогийн мөн чанарыг өгүүлэхдээ тэрхүү манан будан хаанаас гарч буйн учрыг нэхэн шалгааж энэ нь юунд ч биш хүнд өөрт нь л байгааг өгүүлж, дотоод сэтгэл зүрхээрээ хүмүүний мөн чанарыг ухаарсан ухаарал нь асгартал уйлж суугаа уянгын баатар буюу дорнын хүн болж байна. Яг шууд хэлээгүй ч дорно бүхэлдээ тунгалаг биш юм аа гэхэд манан будан багатай өөрөөр хэлбэл төрөлх гэгээн чанарын хэлтэрхий оршин байгаа юм шүү гэсэн санаа нуугдан байгааг харж болно. Энэ санаа “Дорно” шүлэгт нэлээд тодорхой гардаг л даа.

                        Дэлт хүлгийн толгой овоон дээр цайрахад уйлдаг
                        Дэлхийн санчиганд цагаан сор унахад уйлдаг

гэх мэтээр дорныг тунхаглахын зэрэгцээ

                        Өрнө миний түгшүүр
                        Өрхний завсрын шаргал гэгээ
                        Уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасалсан юм…
                        Мөнх бусын салхин
                        Миний айдас бус
Мөнхүүөрнөөс үлээх хүйтэн амьсгал
Миний агуу айдас

зэргээр дорныг яагаад шүтэх болсон, дорныг яагаад эрхэмлэх болсон, дорныг яагаад ийнхүү бичиглэх болсон шалтгаанаа гаргажээ. Түүнийг ингэж халаглах, цаг заваа алдахад хүргэсэн зүйл бол өрнөөс үлээх хүйтэн амьсгал хэмээн уянгын баатар хэлж байна. Гэхдээ түүнийг харааж зүхсэндээ, үзэн ядсандаа бус дорнын сонгодог соёл, түүхэн бахархал, нүүдэлчний ахуй, дотоод ертөнцийг нь бүрдүүлэгч тэрхүү нандин эрхэмсэг зүйлээ алдахыг үл хүссэн магадгүй түүнээ илэрхийлсэн их сэтгэл мөн юм.
            Энэ бүхэн нэгэн цагт Д.Урианхайн бичиж байсныг эрхгүй санагдуулж байна. “Барууны уран зохиол нь бүхэлдээ хүнээс хүнийшсэн, нийгэм дэх нийтийн буюу олонхийн амьдралаас “харьссан” ганцаардал, гутрал, үзэн ядалт, амиа хорлолт, анархи эрх чөлөө давамгайлсан, техникийн соёл иргэншлээс төрж буй үр хөврөл болохоор тэнд уран бүтээл өөр философитой, зорилго чиглэлтэй, өөр ахуй нөхцөлийн бүтээгдэхүүн байхаас аргагүй. Харин хүмүүс хүн чанараа алдаж чухамдаа мөнгөөвөртөлсөн “адгуусад” болж хувирах үйл явцын шуурганд туугдаж буй монголын нийгмийн ахуйд, алив уран бүтээлийн иргэнлэг чанар нийгмийн “түүхэн захиалга” болон товойсоор буй нь нүдэнд ил харагдана.”
            Үүнийг янз бүрээр хүлээж авч болох ч гол санаа нь хүний мөн чанар гэгч нийгмийн давалгаанд өөрчлөгдөж, мөн чанарын хувьд өөрөөр тайлбарлагдах болж байна гэсэн тэнхлэгтэй Бавуудоржийн дорно аяс үндсэндээ давхцаж байгаад л оршино. Энэ бол нийгмийн хийрхэл, муйхар үндэсэрхэг үзэл, бусдыг дорд үзэх хэнээрхэл биш юм шүү. Энэ бол ертөнц, хүмүүний мөн чанарыг тунгаасан эргэцүүлэл, гүн бясалгал, бодомж сэтгэлгээ, гүн ухааны дүрслэл юм. Үүнийг дээрх шүлэгт байх

                        Өрнө миний эрхэм нөхөр
                        Үргэлж намайг сэрэмжит сэцэн болгосон юм
                        Өрнө миний эрхэм анд
                        Өвст тал цаст уулсаа харамлахад сургасан юм намайг

гэсэн мөрүүдээс тодорхой анзаарч болно. Тухайлахад тэрхүүөрнө гэгч байгаа нь дорныг илүү утга учиртай амьд болгож, өрнө байгаа нь дорныг ойлгож хайрлахад сургаж, өрнө байгаа нь өөрөө дорно байх шалтгаан үр юм гэсэн ертөнцийн тогтолцооны арга билгийн мөн чанар, хос ёсны зарчмыг эгэл амьдралаас, хайр сэтгэлээс, гөлөгнөөс ер юм бүгдээс ухаарсан их ухаарал, гэгээрэл харагдаж байгаа нь Бавуудоржийг Бавуудорж болгож байгаа юм байна гэсэн бодолд өөрийн эрхгүй хүргэж байна. ”Дорно зүгт өвс болно” номонд энэ санаа харагдах хэдий ч зөвхөн дорно биш ерөөс хүмүүний мөн чанарыг эрсэн, хайсан, нэхсэн, шалгаасан, гүн ухааны хариулт нь дотроо байх асуулт олныг харж болно.

                        Хүмүүний тааллаас зугатнам
                        Хүмүүний таалалд нийцсэнээс
                        Хөх өвс болсон минь дээр…

Хүн гэгч ямар нэгэн зүйлд захирагдах биш зөвхөн өөрийнхөөрөө байж чадвал тэр амьдрал мөн болох тухай энэ сургаал

                        Тодорхой бус одод
                        Гуравдахь мэлмийг минь сэрээж…
                        Тодорхой бус орчлонд
                        Тов тодорхой амьдарнам

гэсэн өөр хуудсандах мөрүүдээр баталгаажих жишээтэй. Хэт их ухаарал, хэтийдсэн гэгээрэл хүнийг юуг ч сэтгэхэд хүргэдэг гэсэн гаргалгаа

                        Тэнгэрийн орноод хөхрөн алсрах
                        Тэр зам дээр гараа өргөнөм
                        Мөнх бусад догдлон зогсоход минь
                        Мөнгөн сар араас татнам

гэсэн мөрүүдээр илэрснийг хараад тэгтлээ зогтуссангүй. Учир нь өөр нэгэн хуудаснаас
           
                        Хонгортон сэрчигнэх навчис дээр
                        Шүлэглэл үлдээн буцахаар зэхнэм
                        Даажинт замбуг мөнхөд орхих минь гээд өндийтөл
                        Дахиад чи заавал хүн болж төрнө дөө гэх
Далдын нэгэн дуун
Тархин дундуур ороолгов шүү…

гэсэн мөрүүдийг олж хараад уянгын баатрын ухаарал хэрхэн хөдөлгөөнтэй өрнөж байгааг мэдэж болох юм. Ийнхүү ухааран бясалгах орон зай, цаг хугацаагаа “Өдрийн тэмдэглэл” шүлэгт энгийнээр зураглаж, өдөөгдөх тэрхүү шалтгааныг “Намар” шүлэгт

                        Өвсний үзүүрт
                        Өндөр огторгуй байгаа нь мэдрэгдэнэ
                        Өндөр огторгуйн бясалгалд
                        Гуниг байвал болох нь тэр…

хэмээн дорнын нүүдэлч сэтгэлгээний намрын улирлын нэгэн төлөөлөл болсон хөнгөн уйтгарыг өвөрмөцөөр далд дүрслэл үүсгэн илэрхийлсэн нь зохиомжийн өвөрмөц шийдэл болжээ.
            “Дорно зүгт өвс болно” номын “Гэрэлт цох”, “Аяа…”, “Алган дээрх нүдийг оллоо”, “Хүмүүний явдал” зэрэг шүлэг нийт номын утгыг хураангуйлан төлөөлснөөрөө ч уран сайхны боловсруулалтаараа ч илүүтэй анхаарал татсаныг хэлэх нь зүй.

                        Манант намрын
Хөх салхинаас өөр цувгүй
Машид дэнслэнгүй
Хүмүүний гэмээс өөр багшгүй…
Өдөр өдрийн
Шар нарнаас өөр бурхангүй
Өвөр дээрх
Шүлгийн дэвтрээс өөр бясалгалгүй…

Жишээлбэл энд уянгын баатар өөрийн амьдралыг бүхэлд нь дүрслэхдээ байгалийг манант намрын хөх салхиар гаргаж, нийгмийн орчин харилцааг машид дэлгэрэнгүй хүмүүний гэмээр төлөөлүүлж, өөрийн дотоод сэтгэлийн хувьд байгалийг нүүдэлч ахуйг шүтэх мөн чанараа илэрхийлж, улмаар бясалгах, ухаарах таних, гэгээрэх арга зам нь яруу найраг болохыг хэлсэн мэт. Эндээс чамин тансаг хэллэг барагтайд олж харахгүй бөгөөд харин уянгын баатрын сэтгэлийн өчилийг хөдөлгөөн дунд нь, харилцан хамаарал дунд нь, цаг хугацааны эрэмбэ дунд нь, орон зайн алслалт дунд нь агуулгын гүнзгийрлээр гаргасныг бүхэл шүлгийнх нь хувьд хэлж болно.
            Нэг талаас ганц энэ ч биш дээрх шүлэг бүтээлүүд зарим нэгэнд хэт энгийн хэн ч биччихмээр санагдаж ч болох. Урлагийн мөн чанарыг хэт хөнгөн хялбараар сэтгэдэг нэгэнд тэгж санагдахад гайхах зүйл угаасаа биш юм.
            Ерээд оны босгон дээр гарч ирсэн залуус нэг талаас азтай, нөгөө талаас адармаатай үед уран зохиолтой холбогдож үзэг цаас нийлсэн хүмүүс. Азтай гэдгийг энэ цаг үе өөрөө монголын уран сайхны сэтгэлгээний түүхэнд яалт ч үгүй нэгэн шинэ үеийн үүдийг нээсэн, түүхэн тохиолдлынхоо хувьд онцгой боломж гэсэн утгаар хэлж болно. Адармаатай гэдгийг утга зохиолын мөн чанарыг авч үзэх баримжаа нэлээд хөдөлгөөнд орж, аливаа цаг үеийн өөрчлөлтийг даган гарч ирдэг зайлшгүй эерэг сөрөг хандлага ажиглагдаж, хар таамгаар зохиол бичин, зарим нэгнийг учраа олохоо болин будилахад хүргэсэнтэй холбогдуулан хэлж болно.
Гэхдээ л энэ үед хэсэг залуус гарч ирэн утга зохиолын нэгэн үеийг төлөөлж, уран сайхны сонирхолтой төвөгтэй асуудлыг араасаа дагуулан, онож алдсан алин боловч өвөрмөц туршилт оролдлогыг өрнүүлэн, түүхийн нэгэн хуудсыг бичилцэж байгаа нь маргаангүй үнэн юм.
Чухам л энд онцгойрон ялгарч, өөрийн гэсэн яруу найргийн өнгө төрхийг нэгэнтээ бий болгож чадсан, яруу найргийг дотоод сэтгэлээ илэрхийлэх, ертөнц юмсыг сэрэн таних хэрэгслээ болгож чадсан нэгэн хүн бол яригдан бүхүй Цогдоржийн Бавуудорж мөн юм гэдгийг одоо бүр ч итгэлтэй хэлэх байна. Гэхдээ энэ зам тодорхой төлөвшлийн түүхийг агуулсан, тодорхой орон цагийн хөгжлийн үр дүн гэдэг нь төсөөлөгдөж буй биз.
Өөрөөр хэлбэл их биш ч бага биш хугацааны туршид бичсэн шүлэг зохиолуудын энгийн жижиг дүрслэлээс эхлээд хөндсөн агуулгынх нь хувьд буюу бүхэл тогтолцоо системээр нь харьцуулан үзэхэд иймэрхүү дүр зураг тодрох учиртай.
Үүнээс улбаалан хэлэхэд түүний зохиолыг өмнөх шүлэгтэй нь бүх л бүтцээр нь харьцуулан үзэх, дорнын нүүдэлч сэтгэлгээ буддын гүн ухаантай холбон тайлбарлах, хүний сэтгэлийн зөрчил амьдралын хуулийн тухай гэгээрэл бясалгалыг нь уран сайхны сэтгэлгээний түүхийн үргэлжлэл дунд нь харах зэрэгт тухай бүр сонирхолтой байна гэдгийг лавтайяа хэлж чадах хийгээд энд зөвхөн зах зухаас нь хөндөхийг оролдсон хэрэг.
“Сарны шүлгүүд” номоос илүүтэй эрчимжиж “Дорно зүгт өвс болно” номд хандлага болох шинж ажиглагдаж байгаа агуулгын гүнзгийрэл, өмнөх шүлгүүдээс нэлээд өөр хэлбэрийн шийдэл, бясалгалт шинжийг талархан хүлээн авч байна. Нэг талаар хувь уран бүтээлчийнхээ хувьд ч бүтээлч эрэл хайгуул, онцлог шилжилт, уран сайхны баяжилт анзаарагдаж, нөгөө талаар энэ цаг үеийн яруу найргийн сэтгэлгээнд ч тодорхой төлөөлөл болон харагдаж, бүхий л байдлаараа ялгарч байгааг тэмдэглэх нь зүйд нийцнэ.
Хүнийг, амьдралыг, ертөнцийг өөрийнхөөрөө бясалгаж, таньж, ухаарч гүн ухааны мөнхийн асуудлыг хөндөн дэлгэж эргээд бодгалийн дотоод ай саваар тайлан гэгээрч ингэхдээ нүүдэлч энгийн ахуйгаас эхлээд сэтгэлгээний өргөн багтаамж бүхий урлахуйн өвөрмөц хэлбэрийг бүтээж уран сайхны сэтгэлгээний нэгэн төлөвшлийг харуулж байгаа нь түүний царааг илтгэнэ. Товчхондоо түүнээс илүү ихийг хүлээж, харж байгааг сануулахын хэрэг юун билээ.