Доктор Д.Сумъяа /Шинэ зуун уран сайхны шүүмжийн цуврал 2004 он/
“Элэг зүрхнээс уяатай энхрий монгол орноо” /Ж.Бадраа/
дуулж шүлэглээгүй яруу найрагч бараг үгүй.Иймээс ч яруу найрагчид минь “Бичихэд
хэдий богино ч мориор давхиад гүйцэмгүй уудам дэлгэр орон” /С.Дашдооров/-доо
“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхье гэж эх орондоо
хэлдэг” /Ц.Цэдэнжав/.Ингэж “Цагаан цасан малгайтай ногоон модон хүрэмтэй
/Ц.Дамдинсүрэн/ “Дэлгэр монгол орноо бахдаж заавал дуулдаг”./Д.Сэнгээ /Үе үеийн
найрагчид маань өөр өөрийнхөө дуу хоолой сэтгэл зүрхээрээ эх орны дууллаа ийн
бүтээсээр иржээ.Монгол эх орон минь оршин буй цагт сайхан найрагчид төрсөөр л байна.Иймд
эх орны дуулал нь мөнхийн дуулал юмаа.Монголын бүх яруу найрагчдын эх орны
шүлгийг нэг бүрчлэн авч үзэж задалж шүүж үзвэл олон олон уран сайхны эрэл
дүрслэл,уран саналга нээгдэнэ.Гэвч энэ бүхнийг товчлоод монголын орчин үеийн
яруу найргийн түүхэнд давтагдашгүй өөрийн өвөрмөц мөн чанараараа зохих байраа
эзэлсэн гэж үзэж болох цөөн хэдэн шүлгийн давтагдашгүй чанар,уран сайхны эрэл
хийсэн шинэлэг талыг нь задлан авч үзье.Монголын орчин үеийн уран зохиолыг
үндэслэгчийн нэг Д.Нацагдоржийн “Миний нутаг” /1933 он/шүлэг өөрийнх нь
төдийгүй монголын яруу найргийн түүхийн оргил бүтээлийн нэг гэж нэрлэгдэх
болсны учрыг Д.Намдаг “Нацагдорж бол магтаалч биш.Магтаал бол ихэнхдээ
үнэнгүй,өнгө будгаар баахан чимэглэсэн бялдуучлалын чанартай юм байдаг.Гэтэл
ихэнх хүмүүс Нацагдоржийн бичсэн “Миний нутаг”шүлгийг магтаал гэж боддог явдал
бий.Уг шүлэгт уудам эх орны минь алдарт уулс,гол мөрөн,хангай,говь түүний түүх шастир ,ан амьтад хийгээд уул уурхайн
баялаг бахдан дуулагдана.Үүгээрээ уншсан бүхэнд монгол орныг тэр чигээр нь
таниулна.Иймд энэ шүлэг магтаал биш” /Д.Намдаг.1988 /гэж үнэлсэн.Ер нь “Миний
нутаг” шүлэгт Алтайгаас Хянган хүртэлх ,Соёнын уулсаас өмнийн элсэн манхан
хүртэлх монгол нутгийн баруунаас зүүн,хойноос өмнө хил хязгаар хүртэлх нутаг
дэвсгэр дээрх монгол орны нэрт уул усны дундах орон зайд монгол түмний аж төрж
ирсэн үүх түүхийг өнгөрсөн, одоо,ирээдүй гурван цагийг нь нэгтгэн зангидаж “Энэ
бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон” гэж өгүүлсэн.Иймд зөвхөн нутаг
усны магтаал биш монголын үеийн үед оршиж ирсэн ,хойшид оршин хөгжин дэвжих
түүхийн шастир болсон юм.Тэгвэл Б.Явуухулан “Би хаана төрөө вэ” /1959 /
шүлэгтээ , Д.Нацагдоржийн хоёр хэмжээсийн дундахь газрын зураг дээр түүхэн
үүднээс өгүүлсэн эх орны өгүүлэмжийг ахиулан орон зайн гурван хэмжээсийн дунд
бөмбөрцөг дээр өнөөгийн хөгжил хөдөлгөөн дунд нь уянгын “би” баатрын
/С.Байгальсайхан 2004 / бясалгалын өгүүлэмжээр гүн ухааны болгон гүнзгийрүүлсэн
юм.Иймээс ч хөрст алтан дэлхийгээс хөх манхан тэнгэрийг хүртэлх орон зайн
дундахь бүхнийг эх орон минь гэж үзээд “Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай
болсон
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би “ гэж бичсэн
билээ.Манай утга зохиол судлаачид
Д.Нацагдоржийн “Миний нутаг” ,Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”
шүлгүүдийг сайтар шинжлэн давтагдашгүй өвөрмөц цогц бүтээл болсныг нь нэгэнт
нээж үнэлсэн билээ.Үүний дараа яруу найрагч Д.Цоодол “Нутгийн зургаан
өнгө”/1967/ шүлгээ бичсэн.Энэ шүлэг нь өмнөх хоёр яруу найрагчийн эх орныг орон
зайн хэмжээс ,түүхэн зүйн талаас бус харин ялгаран үзэгдэх өнгөний талаас харж
өгүүлсэн нь шинэлэг эрэл байв.Иймээс байгалийн өөрийнх нь үндсэн зургаан өнгө
нь миний нутгийн өнгө юмаа гэж дуулсан.Энэ нь эх орноо өөрөөр яаж дуулж болохыг
эрэлхийлсэн яруу найрагчийн билэг хараа юм.Энэ санааг яруу найрагч П.Бадарч
гүнзгийрүүлэн баяжуулж эх орны тансаг сайхан ,өвөрмөц онцлогийг есөн эрдэнэ,
есөн эрдэнийн өнгөний бэлгэдлээр илэрхийлж
“Миний эх орон есөн эрдэнийн билээ”, *Есөн эрдэнийн орон “/1971 / гэж уг
уран сайхны санааг төгс гүйцээсэн билээ.П.Бадарчийн энэ шүлгээ бичсэн цаг үе нь
монгол ёс заншил ,уламжлалт бүхэн хуучин хоцрогдсон гэдэг ойлголтоор бүдгэрч
гээгдэхэд хүрч байсан үе.Иймээс ч монголчуудын дунд монгол ёс заншил, уламжлалт
,бэлгэдэл зүйгээ эрэлхийлэн нэхэж эрж байсан үе учраас монголчууд есөн эрдэнээ
эртнээс эрхэмлэн ,хүндэтгэн бэлгэдэж ирсний хувьд энэ дуу нь тухайн үедээ
зоригтой,шинэ сэргэг болсон төдийгүй
есөн эрдэнийн билэгдлээс “Миний
эх орон есөн эрдэнийн билээ” гэсэн нь давтагдашгүй төгс санаа болж монголын эх
орны шүлгийн түүхэнд өөрийн байрь сууриа эзлэн үлдсэн юм.Үүний дараа
Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал”/1980/ шүлгийг зүй ёсоор нэрлэх
учиртай.Учир нь Б.Лхагвасүрэн бол монгол яруу найргийн уламжлалыг даган хурц
тод чимэг, тодотгол ихтэй,уран гоё,цэцэн цэлмэг найруулгаар романтик/
тэмүүлэлт/ аястай шүлэглэхдээ хэвшмэл ерөнхий бичлэгээс аль болохоор зайлсхийн
өвөрмөц сонин адилтгал , зураглал бүхий уран тод зураглалтай
бичдэг”/Х.Сампилдэндэв/ гэж судлаачид үнэлсэн байна.Тиймээс “Боржигоны бор тал”
шүлгийн гол ололт нь эх орны шүлгүүд
орон зай цаг хугацааны ерөнхий хэмжээсэнд бичигддэг байсныг ерөнхийгөөс салгаж тусгайд тодорхой буулгаж
бичсэн учраас эх дэлхийгээс эх орноо,эх орноосоо төрсөн нутгаа тодруулж
дүрслэхдээ төрсөн нутаг ,эзэн хүн хоёрын
холбоог өвөрмөцөөр зураглан,төрсөн нутгаа хайрлах сэтгэлийн мөн чанарыг утга
төгөлдөр нээж чадсан юм.Ер нь энэ шүлэг ерөнхийгөөс тусгайд шилжин гүн
ухаан,гоо сайхны сэтгэлгээ,уран дүр дүрслэлийн цогц нээлт хийж болохын үлгэрийг
үзүүлснээр монголын орчин үеийн яруу найрагт уул,ус ,өсөж төрсөн нутгаа хайрлан
дуулсан олон сайхан дуу шүлэг гарах үүдэл эх болсон юм.Энэ мэтээр манай яруу
найрагчид өөр өөрсдийн уран саналга,сэтгэлгээ,билгийн хараагаараа монгол эх
орноо дуулсаар байна.Яруу найрагч Д.Пүрэвдорж монгол улсынхаа “Тусгаар тогтнол”
/1962-89/-оо “Хан Алтайн тэргүүн оргил дээр,хатан Онон эжийн одод орчих мандал
дээр,ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр ,ган төмөр дөрөөний сүү өргөх
толион дээр “ гэх зэргээр эх орныхоо эрхэм нандин бүхэнд шингээн тусгаар
тогтнолын дууллыг тунхаглан бичнэ би” гэж бахархаж, Д.Урианхай “Эх орны тухай
бодол” /1976/ -доо эх орон минь надаар
юу хийлгэсэн ч баярлана. Намайг говийн худгийн моторчин,зурагтын цамхагийн
монтажчин болгосон ч байрлана.Танд
“захирагдах”,”дарлагдах” бидэнд дээд эрх чөлөө юм эх орон минь “гэж, Х.Чилаажав/Эх
орон/ “Цаст хайрхан ,хөвч хангай элсэн манхан цагийн уртад хувираагүй эгэл
төрхтэй “ эх орноо дуулж “Дэлгэсэн тэрлэг шиг..” гэж Ш.Гүрбазар
дүрсэлжээ.Сүүлийн үед манай яруу найрагчид
давтагдашгүй өөрийн “эх орон”-ыг бүтээх талаар нэлээд эрэл хийж байна.Тухайлбал
эх орноо сэрж мэдэрсэн уран мэдрэмжийн талаас Д.Нямсүрэн, хөг аялгууны үүднээс
Ц.Эрдэнэбат ,оршихуйн зан төрхийн байдал талаас Ц.Бавуудорж нар бичиж өөр
өөрийн эх орны шүлгээ туурвижээ.
Яруу найрагч Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан”
/2002/ шүлэгтээ монгол нутгийн ахуй байдал ,монгол хүмүүний аж төрөхүйг зан
төрхийн байдал талаас нь “амар амгалангийн орон” болохыг нь олж харж бичсэн нь
шинэлэг юм.Энэ ч бас яруу найрагчийн зөн мэдрэмжийн билэг юм.Тухайлбал
“Эрдэнийн сормуусаа үүрийн гэгээнд дүрэн үүрэглэх хүлэг морин монголын их амар
амгалан, Амар болоочийн ачсан цагаан тэмээ монголын их амар амгалан”гэх мэтээр
монгол ахуйн маш өвөрмөц байдлыг нарийн мэдрэмжээр олж шүлэглэжээ.
Манай орчин үеийн яруу найраг эх орны шүлгээр баян.Учир
нь яруу найрагчид маань сэтгэл зүрхнийхээ дуудлагаар эх орноо хайрлаж дуулдаг
юм.Энэ өгүүлэлд монголын яруу найргийн түүхэнд байраа эзэлсэн цөөн шүлгийг авч
үзэв.Учир нь “Ер хүний хамгийн нандин эрдэнэ болсон эх орны тухай шүлгээр нь
яруу найрагчийг таньж болно гэж би санадаг юм”/Б.Явуухулан 1990/ гэж нэрт яруу
найрагч хэлсэн байдаг.Эх орны шүлгийн агуулга мэдээж эх орон л байна, гэвч эх
орноо яг юу гэж хэлсэн уран санаа,саналга, түүнээ бүтээсэн туурвил зүйн аргыг
Д.Нацагдорж,Б.Явуухулан,Б.Лхагвасүрэн нараас судлан суралцаж гүн ухааны
категорууд орон зай ,цаг хугацааны
хэмжээс ,эсрэг тэсрэгийн нэгдэл, ерөнхий ба тусгайн хууль,харагдах
үзэгдэх,сонсдох бүхий л мэдрэмж ,зөн билэг ,далд мэдрэхүй ,билгийн хараагаа хэрхэн
хөгжүүлж цаашид өөрийнхөө цаг үеийн уран зохиолын туурвил зүйн арга барил,гүн
ухааны үзэлт ,онол сургуулиар баяжуулан ,утга, уянга, ур чадвар гурваа тэгш
тэнцүү хөгжүүлж чадваас тэр хүн он
цагийн давтамжийг даван цагаа эзлэн үлдэх ,хэн нэгэн давтаж чадахааргүй ,эх
орны болон ерөөсөө цагийг эзэлсэн бүтээл туурвиж болохын жишээг үзүүлэх гэсэн
юм.