Саймон Викхам Смит Лондон /2008.08/
Ц.Бавуудоржийн нууц увидаслаг, шидэт яруу найраг ба
Монголын уран зохиолын уламжлал
Монголын
орчин цагийн уран зохиолд Цогдоржийн Бавуудоржийн шүлэг, яруу найргийг хоёр
талт байр сууринаас харж болно. Түүний яруу найргийг харахад тоо томшгүй хэлбэрийн ертөнцөөс
ангижран тасарсан санагдана. Зарим талаар түүний шүлгүүд дэлхийн уншигчдад 21-р
зууны Монголын соёл хийгээд нүүдэлчний ахуйг таних, өрнийн соёлын их түрэлтэн
дундах Монголчуудын оюун санааны ертөнцийг нээх, нийгмийн нэг эд эс болох хүний
хувь чинад ертөнц яруу найргийн хэлэнд хэрхэн туссаныг ойлгоход тус болох мэт
санагдана. Ц.Бавуудорж 1969 онд төрсөн. Монголчууд дэлхийн эдийн засаг, соёлын их урсгал дунд
нэгдэх их шилжилтийн үе буюу 80-аад оны
сүүл, 90-ээд оны эхэн үеэс тэрбээр яруу найрагчийн хувьд олонд танигдаж эхэлсэн
юм. Яг энэ л мөчид цаг төрийн хатуу
цензур дарамтаар уран бүтээлчдийг шахсан 70-аад оны будангуйрлаас гарч,
хүмүүний анхдагч мөн чанар болох хайр сэтгэл, газар дэлхий, тэрхүү газар дэлхий
дээр амьдрагч хүн зоны амьдралын тухай дуулах болсон өмнөх үеийн найрагчид
болох О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, Л.Мягмарсүрэн нарын яруу найргийн
нөлөөлөл гэнэтхэн ихээр нэмэгдэж эхэлсэн юм. Гэхдээ улс төрийн дарамт шахалт
хүчээ авч байсан дайны дараах жилүүдэд ч Б.Явуухулан, М.Цэдэндорж нарын яруу
найрагчид газар дэлхий хийгээд түүн дээр амьдрагч хүмүүний байгаль эхтэйгээ
холбогдох нандин шүтэлцээ, уугуул мөн чанарыг нээн бичсээр байсан юм.
Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” хэмээх нэгэн сайхан шүлэгт байгальтайгаа
шүтэлцсэн энэхүү харилцааг уламжлалт шашны сэтгэлгээг түшиглэн уран зохиолын
аргаар Монголчуудад эргэн сануулсан юм. Магадгүй тэрээр энэ шүлгээрээ ард
түмнийгээ эх дэлхийтэйгээ холбогдох хүйн холбоогоо мартаж болохгүй шүү хэмээн
уриалсан ч байж болох.
"Yнэр ялдам
агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би"
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би"
Хэдийгээр 11 бадаг шүлгийн
ганцхан бадаг төдий боловч энэ мөрүүд нь Б.Явуухуланг бүрнээ илэрхийлж чадах
бөгөөд хожим О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн нарын найрагчдын яруу найрагт
хандах хандлагад ихээр нөлөөлж, дэлхийн дэмжээнд өөрийгөө хэн болохыг тунхаглаж
байсныг нь гэрчилж өгсөн бус уу…Эдгээр гурван найрагч нь мөнхүү Ц.Бавуудоржийн
яруу найргийг ойлгох ойлголтонд ихээр нөлөөлсөн билээ. Яруу найрагч Д.Нямсүрэн,
Ц.Бавуудорж хоёрын 90-ээд оны эхээр цаст Отгонтэнгэрийн энгэрт бие биенээ
тэвэрч авахуулсан их л сүр жавхлант дүр төрх бүхий нэгэн зураг байдаг. Энэ
зураг хоёр яруу найрагчийн хүмүүний дотоод оршихуйгаараа хэрхэн холбогдож
нөхөрлөж байсныг гэрчлэх ба нөгөө талаар яруу найргийн хийгээд буддын шашны
оюун санааны уламжлалаар найрагчид ихэд гүнзгий холбогдож байсныг гэрчилнэ.
Буддын шашны оюун санааны энэхүү уламжлал нь дээрх найрагчдын яруу шүлгээр
дамжин дараагийн хорин жилд ч Монголын уран зохиолын голлох дүр байсаар байх
бизээ.
Б.Явуухулангийн яруу найргийн
үээл санаанд газар дэлхий болоод хүмүүний оршихуйн хоорондын харилцан шүтэлцээ
нэвт шингэсэн байдаг бол Ц.Бавуудоржийн яруу найрагт магадгүй энэ нь хамгийн
гол сэдэв болжээ. Гэхдээ энэ нь ямар нэгэн давхцал огт биш бөгөөд өөр цаг үед
төрсөн боловч уран бүтээлчид яруу найргийн зам мөрийн хувьд өөрт илүүтэй
мэдрэгдсэн чиг замналаараа нөхөрлөж, тэрхүү уламжлалыг Д.Нямсүрэн, О.Дашбалбар,
Г.Мэнд-Ооёо хэмээх бусад яруу найрагчтай хамтран залгуулж яваа гэсэн үг.
Ц.Бавуудоржийн оюун санааны
ер бусын нэгэн дүр нь хүмүүн хөх өвсөнд хувилан одохын тухай дүрслэл юм. Бид
үүнийг түүний олон шүлгээс харж, мэдэрч болно. О.Дашбалбар, Д.Нямсүрэн нарыг
“Өвсний дууч яруу найрагчид” хэмээн нэгэн нэрээр нэрлэж болох мэт. 1990-ээд оны
эхээр О.Дашбалбар газрыг хувьд шилжүүлэх хуулийн шинэчлэлтийг өрнүүлж асан улс
төрчид болоод бизнес эрхлэгчдийн эсрэг тууштай тэмцэгч байснаараа ихээхэн
алдаршсан бөгөөд түүний бүтээлүүдээс газар нутгаа, өвс ургамалаа гэсэн үзэл
санаа нэвт шингэснийг харж болно. Дээрх яруу найрагчийн энэ үзэл санааны тусгал
Бавуудоржид шууд нөлөөлсөн гэж хэлэх нь учир дутагдалтай ч түүний ер бусын, зөн
билгийн гэмээр, сюрреал сэтгэлгээний олон талт илрэлд дээрхийн нөлөө өчүүхэн ч
атугай тусгалаа олсоныг харж болно.О.Дашбалбар хожим хэвлэгдсэн “Гол ус
намуухан урсана” номондоо /1986. Хожим Simon Wickham-Smith-ийн Англи хэлрүү хөрвүүлснээр Дашбалбар сан 2006 онд
хэвлэсэн/ өвсний
тухай цуврал шүлгийг бичсэн байдаг. Тэрээр өвсийг өвөг дээдсээ хэмээн хүндэтгэн
үзэхийн сацуу бас элгэн хайртыгаа, эрхэм андаа хэмээн дээдлэн үзэж авай:
"Oh, grasses, my parents and
my brothers and children at a single time…
Oh, grasses, my dear body my
pure desire and my loving companions…
Sighing gently, I stroke the
grasses
My grasses, I take in your
scent as an infant's soft curly hair
My grasses, I stroke you as
old men stroke their white beards.
My grasses, I kiss you as I
kiss my passionate lover's hair, black as spades.
Oh, grasses, my coursing
blood, my pigtails…
Oh, my ancestors in times
rubbed and wasted away,
Oh, they blow in the wind,
dissolve into grasses.
Oh, my ancestors become the
grasses, swaying, swaying in the cold rain of
autumn"
О.Дашбалбар
өвсний тухай үргэлжид шүлэглэж байсан авч энэ нь түүний газар дэлхий, унаган
байгальтайгаа харьцах харилцааны нэг илрэл, жишиг төдий байсан юм. Харин өвөг
дээдсийн ариун бие, алтан амь энэ л хөх өвсөнд шингэн ургаж буй хэмээн ойлгох
нь өвсөнд нэн хүндэтгэлтэй хандах оюун санааны чигийг төрүүлж, энэ л
сэтгэлгээгээр яруу найрагч Ц.Бавуудорж өөрийн бүтээл, найргаа туурвиж сууна.
О.Дашбалбар өвсний тухай бичихдээ түүгээр дамжуулан өөрийгөө илэрхийлж байсан
бол Ц.Бавуудорж түүний эл сэтгэлгээнээс нэг алхам урагшилж, өвсний өөрийнх нь
амьдралаар яруусал утгыг илэрхийлж буй нь миний сонирхолыг илүүтэй татаж байна.
Үүнийг найрагчийн “Хүсэл” хэмээх
шүлэгнээс жишээлэн харж болох юм:
"Хул шаргал өвснөө
Хувирч одсон бүсгүйчүүд бий
Сар гарахад тэдэнд
Сайхан дуртгал сэргэдэг
Анхил улаан уруул
Хэдийн шүүдэр болоод
Алтан нарны үнсэлтэнд
Тэсч чадалгүй сарнидаг
Хүн байхдаа ч тийм л байсан
Хүүхэн хонгорууд
Хүсэл тааллаа сольсонгүй нь
Хүндтэй санагдана
Би ч гэсэн хэзээ нэгтээ
Бийр,цаасаа тэнгэрт өргөхдөө
Хүүхэн өвсийг ганхуулж хөндөх
Хөх
салхи болохыг хүснэ ээ..."
Энэ бол Ц.Бавуудоржийн унаган
байгаль, газар дэлхийд хандах хандлагаа өвсөөр дамжуулан гаргасны илэрхийлэл юм. Хул
шаргал өвсөнөө хувирч одсон боловч тэр л бүсгүйчүүд хүний гарвал чанар, хүсэл
сэтгэлээ хадгалсаар байна.
Улам гүнзгий ухваас эл шүлэг
байгалийн нууцлаг амьдралыг нээн харуулсан бус, ерөөс яруу найргийн ер бусын
шидэт чанарыг нээн харуулсан мэтээ…Ц.Бавуудоржийн янаг амрагийн шүлгүүд нь
түүнийг яруу найргийн ер бусын чанар болоод нэгэн үеийн бүтээн туурвигчидтай нь
холбон өгч буй гол шижим нь гэж би вээр
бодном. Түүний янаг амрагийн тухай шүлгүүдэд Монголын яруу найргийн уламжлалаас
бидний орхиж гээсэн итгэл бишрэлийн оч харван гялалздаг. О.Дашбалбар,
Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо зэрэг түүний яруу найргийн чиг хандлагад нөлөөлсөн
найрагчдын тэнцүүхэн бүтээж туурвисан Монгол соёл, шашны уламжлалт сэтгэлгээ
Ц.Бавуудоржийн яруу найргийн бүтээлүүдээс ч мэдрэгддэг билээ. Буддын шашны
соёл, сэтгэлгээ нь Монголын уран зохиолын нэгдмэл нэгэн хэсэг болсоор ирсэн
бөгөөд бид яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлүүдийг энэ талын мэдлэг
ойлголтгүйгээр унших боломжгүй юм. Гэхдээ Ц.Бавуудорж аливааг ертөнцийг үзэх
өөрийн хандлагаар дүрслээд зогсохгүй, тухайн зүйлийг үзэх ертөнцийн хандлагыг ч
нээж чаддаг нь түүний уран бүтээлийг улам ер бусын болгож, хувь хүний өндөр
илэрхийллийг нь гэрчилж өгдөг юм.
Дэлхий ертөнц Буддагийн төвт
үзлээр өөрийгөө хараад зогсохгүй Бавуудоржийн яруу найргийн төвт үзлээр
өөрийгөө тольдон бясалгах цаг дор яруу найрагчийн дүрсэлснээр нэгэн хувилгаан
бясалгал номоосоо уйдан догширч, нэг их том цагаан заан дэлхий дээгүүр явж
өнгөрөөд, хүмүүний оршихуй өөрөө өвс навчид хувилах- зүүд зөнгийн ертөнцөд
амьдраад, цагийн дунгуйралд орчлон ертөнц хэрхэн хувирч, гандаж, бодьгалийн хувирал оюун
санааны үйлээр ямархан ертөнцийг бүтээж буйг мэдэрч болно. Үүнээс үзэхэд Ц.Бавуудорж
Монголын уран зохиолын уламжлал дээр хувь хүний
бодгаль ертөнцийн өнгийг сюрриал сэтгэлгээний хамтаар нэмэн дэлгэрүүлсэн
ба, түүний уг чинадаас гарах зөн билэг хийгээд яруусал дуу нь Монголын орчин
цагийн уран зохиолын хэлбэржилтэнд нэн чухал, басхүү томоохон нэгэн нөлөөллийг
үзүүлж байна.
Англи хэлнээс
Орчуулсан
Батсуурийн Баясгалан