Лханаагийн Мөнхтөр / доктор Ph /
/
“Монголын их амар амгалан” Улаанбаатар-
2008
номын
жишээн дээр/
Яруу найргийн гал тогоо гэдэг нь үгийн
урныг зүйж нааж суудаг урлан юм. Яруу
найрагч Цогдоржийн Бавуудоржийн шүлэг
найргийн гал тогоонд хааяадаа нэг зочлоход бас ч сонин хачиртай, үнэр амт тансаг бүтээлүүд даргилан буцалж байдаг юм. Олон уран
бүтээлчид судлаачид энэ гал тогооны тансагт зочилж өөр өөрийн ухаарлаар
амталсан. Тэр тухайгаа өөрт нь болоод өргөн олонд илгээсэн санагдана.
Түүний
гал тогооноос миний олж ажигласан нэг
содон “үнэр амт” боловоос үгийн
УРАН ДАВТАЛТ юм. Шүлэг бүхнийг нь
ажиглаж үзээгүй ч тодорхой сэдэв
хүрээнд хязгаарлан ажигласан цөөн хэдэн
санаагаа дэлгэрүүлэн тайлбарлая.
Монгол
хэлэнд үг давтах нь ихэнхдээ тухайн юмс
үзэгдлийг онцлох, хүч нэмэгдүүлэх, тодруулах, чухалчлах утгыг
илэрхийлдэг. Үг давтах нь зөвхөн нэр үгийн ч явдал биш. Тооны нэр,
төлөөний үг, үйл үг, тэмдэг нэр
хүртэл давтдаг. Энэ бол хэлний боломж.
Хэлний энэ боломжийг яруу найргийн түвшинд оновчтой хэрэглэх нь хэлэх гэсэн
санаагаа лавшруулан гүнзгийрүүлэх, хүмүүний сэтгэлд мартагдахын аргагүй тод ухаарал үлдээхэд чиглэгдмүй. Яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлгийн урланд үг давтах
үзэгдэл нэлээдгүй байна. Түүхий төмрийг
давтан давтан сайн эдлэл хийдэгтэй
адил найрагч маань үг, үгүүлбэрийг
давтан давтан бүтээлээн туурвиж байна. Давтахын тоолонгоор тухайн бүтээл нь хүч орон хүмүүний сэтгэлийн гүн тийш яргаж байна уу
гэлтэй
Үг
давтсан хэдэн жишээ татаж үүнийгээ
баталсу.
“...Зүсрэн зүсрээд байгаа цагаан борооны аясаар...
Зүрхний
цэнхэр нөмрөг дэрвэс дэрвэс салхилна
Асгаран асгараад байгаа цагаан бороон
аясаар
Аюулхай
цээжний хөгжим цалгин цалгин урсана...”
/ Цастын аяз
114-р тал/
“Чи миний аглагийн аглагт суух юм” /Зохиролт сарнаа 14-р тал/,
“Баянхуурын
аялгуунд балга балгахан гунигтай
Бас л хойтон өдийд баахан
жаахан шүлэгтэй...” /Дурсгалт цэнхэр
аялгуу 60-р тал /
“Цалгиа
хөхөмдөг сэтгэл сэтгэлийн дундуур
Цамба Сэрхийн ариун цасан бударнам
Зүсэр зүсэр сарны аньсага норгоод
Зүдэрсэн шаргал аялгуу зүүн хацрыг чинь л
үнснэм...” /Товшуурт
зүрхний мандмал сарнаа 99-р тал/,
“Тангад
цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
Тарни тарнийн чанадад сэтгэлийн зөрөг
сүвэлнэм
Удган цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
Утга утгын чанадад сэтгэлийн зөрөг
сүвлэнэм...” / Титэм аяз 119-р тал/
Ийм олон жишээг түүний яруу найргаас олж болох юм. Уншигч та дээрх жишээнүүдээс үг
давтсан хэсгийн нэгийг нь хасаад уншаад
үзээрэй. Энэ үед л түүний чухал болохыг
аандаа ажиглана. Жишээлбэл: “...зүсрээд байгаа цагаан борооны аясаар... Зүрхний цэнхэр
нөмрөг дэрвэс салхилна... , “Чи миний аглагт
суух юм” гэж бичих боломж байгаа ч цаад
санаа нь илэрхий бүдгэрч яруу эгшиглэн,
утгын эрчим нь илэрхий
буурч, зарим нэг нь бүр утгын хувьд
гажиж байгаа мэт санагдаж байгаа юм л
даа. Тухайлвал: “Зүрхний цэнхэр нөмрөг дэрвэс салхилна...” гэхээр утгын
хувьд оновчгүй болж байх юм. Гагцхүү
“Зүрхний цэнхэр нөмрөг дэрвэс
дэрвэс салхилна...” гэхээр л утга ч төгс, хэлэх гэж буй яруу санаа ч улмаа тодрон үйл хөдлөл
нь ялгарч байх юм. Энэ бол үгийг
оновчтой давтахын тод жишээ яах аргагүй л мөн л дөө.
Яруу
найрагчийн үг давтахын өөр нэг
онцлог бол бүтэн үгүүлбэр давтах явдал. Ийм жишээ олон
байна. Энэ бол уламжлалт монгол араншинд ихээхэн ойр, сэтгэлгээний
хувьд эртний бичлэгийн
төрөлд “шадарласан” тийм онцлог гэж хэлж
болно.
Тухайлбал: “Үргэлж залуу“ /41-р тал/ гэсэн 16 мөрт
богино шүлгэндээ “Үргэлж би залуу явах юм шиг”
гэдэг үгүүлбэрийг 8 удаа давтсан бол, “Монголын их амар
амгалан” /133-135-р тал/ шүлэгтээ:
“Монголын их амар амгалан” гэдэг
мөрийг /үгүүлбэрийг / 28 удаа
давтсан байдаг. Ингэж давтснаараа яруу найрагч
“Амар амгалан”-гийн тухай хүмүүний сэтгэлд улмаа гүн сэтгэгдэл төрүүлж,
төв зөөлөн аясыг мэдрүүлж, бодолхийлэх орон зайг бий болгож чадсан юм. Ер нь “Монголын их амар амгалан” гэдэг шүлэг
нь 150 гаруй үгээс бүтсэн шүлэг л
дээ. Нэг талаас давталтын хэв маягийг онцгой
ашиглахын сацуу бүхэл бүтэн шүлгийнх нь хувьд аваад үзвэл нэг үгийг
нэг л удаа хэрэглэсэн нь их сонин.
Энэ шүлгэнд “Монголын их амар
амгалан” гэдэг үгүүлбэрийг л давтсан,
бусад бүх үгийг үнэндээ нэг нэг л удаа
хэрэглэсэн байгаа нь үгийн сангийн хувьд үнэхээр баялаг шүлэг юм.
Өөр
нэг давталт бол шүлгийн мөр бүхний
төгсгөлийн үгийг давтсан байдал юм.
Тухайлвал: “Цогтсүмбэр уул” /65-р
тал/ 16 мөр шүлгийн мөр бүхний төгсгөлд “Цогтсүмбэр”
гэж давтсан, “Монголын их дорнод тал”
/145-р тал/ шүлгэндээ мөрийн төгсгөлд “ганганана”
гэдэг үгийг 19 удаа давтсан байх жишээтэй.
Энэ
түүврийг уншин ажиглаж байхуйд өөр
нэг давталтын хэв маяг байна. Тэр нь
Шүлгийн мөр алгасан төгсгөлийн
үгийг давтах маягаар урласан шүлгүүд ч байна.
Яруу найрагч “Шаргал аяз”
/125-130-р тал/ нэлээд урт шүлгэндээ:
“Намрын цагаан манангаар хайрын дурсамж бүтээнэм
“Намрын цагаан манангаар хайрын дурсамж бүтээнэм
Намуун хонгор салхиар гэзэг үсийг сүлжнэм
Дорнын цагаан манангаар хайрын дурсамж бүтээнэм
Долоон бурхан одоор гэзэг үсийг сүлжнэм...”
Энэ давталт нь бүх бадгуудад байх юм. Бас ч энэ шүлгэнд хэд хэдэн үгээс бүтсэн бүлэг утгыг давтсан нь
дээр үгүүлсэн үгүүлбэр давтахын тод жишээ л дээ. Жишээ нь:
“цагаан манангаар хайрын дурсамж
бүтээнэм”, “гэзэг үсийг сүлжнэм” гэхчлэн... Энэ шүлгийг цааш ажиглавал: Бадаг бүхнийг нь төгсгөлийн үг болон бүлэг үгсийн бөгжин буюу салаавчилсан давталтаар урласан байна. Тийм болохоор яруу найрагч маань үг
давтахын торгон мэдрэмж, яруу хэрэглүүрийг уран бүтээлдээ нэг том урлахуйн арга болгосон нь харагдаж байна.
Энэ
хэдэн ажиглалтаас үүдэн бодохуйяа яруу
найрагчийн өөрийнх нь дүр төрх, шүлгийнх нь хэв маяг, үгүүлэх гэсэн санаагаа тодруулах, хүч нэмэгдүүлэх өвөрмөц шийдэл
нь үг
буюу үгүүлбэр, бүлэг үгс давтах
арга гэж хэлж болохоор байгаа юм. Бурханы
номыг олон удаа давтан уншваас хүч орж
үг амилдаг хэмээн үздэг лугаа үгийг
давтахын ид шид энд нуугдан оршвой хэмээн бодож сууна даа....Яруу найрагчийн гал
тогоонд урлахуйн арга ухааныг нь ажиглаж суугаад “УРАН ДАВТАЛТ буюу ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ЦААНА...” хэмээх нэгэн
бодлын түлхүүр бүтээснээ
таны таалалд
барилаа.Цааш хэрхэхийг...
2010 оны 2 дугаар сар 28 Бар жил.
хаврын тэргүүн сарын шинийн 15