Monday, November 28, 2016

СОРМУУС ТЭМТРЭХ САРНЫ ГЭРЭЛД


Сормуус тэмтрэх сарны гэрэлд цас будрах нь тогтуун
Сонордохуй  улаахан навч ганцаар мөчиртөө сэрчигнэх нь уянгалаг
Сод авиа гаргаж өлмий дор цас нурах нь битүүлэг
Солгой аяз гишгэсэн мөрнөөс хуйлран босох нь л жирийн бус
Тохой шүргэж зөрсөн хэн нэгний тамхины утаа эхүүн
Товшиж өнгөрсөн бүсгүй эргэж ч харахгүй нь энгүүн
Товчлоогүй энгэрийн захруу цас урсах нь л бүлээн
Торомгор нүдний сормуус ч тогтуун болохоос аргагүй
Мөстсөн тачир сахал хөдөлгөж дуу аялмаар
Мөрөөр нь тэвэрч мөнхүү хэн нэг бүсгүйг дурсмаар...
Дөлж зөрсөн гоо охид дурлалдаа гэрэлтсэн шөнүүдийн
Дөлгөөн сарнаар цацарсан аригхан цасаа би
Сормуус тэмтрэх сарны гэрэлд цас будрах нь тогтуун
Сонордохуй  улаахан навч ганцаар мөчиртөө сэрчигнэх нь уянгалаг

Sunday, November 6, 2016

ХЭЭР ТАЛЫН ДУУЛЬ

                                    
Сорхогтань ээж холоо явахаар зэхжээ
Согоонсум ягаарч цэцэглэсэн
Хөдөө цэнхэр олбогоо орхих болжээ
Хархорум нүүрээ даран мэгшиж
Хар үүл огторгуйг нь бүрхэн түрэмгийлжээ
Сүүний үнэртэй хацрыг нь санан санан байж
Сүмбэр сүмбэр хөвгүүдээ
Сүүлчийн удаа хүлээж тэссэн юм байх
Хөөрхий тэр ээж...
Харлаг торлог уулсаа
Халиаж нэгэн тэссэн юм байх
Ханын нүдээр харагдах
Хээр хээр морьдийнхоо
Халуун зүсийг бүртгэж нэгэн тэссэн юм байх
Өгөдэйн өмнөөс
Өндөр үхэлд тохоогдсон
Өгөөмөр их Тулуйдаа
Өгсөн өгсөн ойртож тэссэн юм байх
Хөвгүүд бүхэн нь хаалга сэвхийн өргөхийг
Хүлээж тэссэн агшин
Уртаас урт амьдрал нь байсан юм байх
Жаха Хамбугийн жаахан охиныг
Жаргал таалжээ
Зовлон таалжээ
Ёроолгүй жаргал
Оройгүй хаанчлал дундаас
Хубилай хүүгээ л сугалж харсангүй
Ирсэнгүй гэнэ
Баруун мөөм нь чинэрэн чинэрсээр суларч
Бадаг нулимс түлхэн гарах хүртэл
Хүүгээ зөвтгөжээ
Тэр ээж...
Бараан тэнгэр өвдөн өвдөхдөө
Балтасхийжээ
Заан сүйх хөлөглөсөн
Хаан хүн
Халхын их хээр намраар
Тоглоомоо булаалгасан хүүхэд шиг
Тонгойгоод уйлж явжээ
Юан гүрний  мэдэлтэй
Хаан хүн
Юуны тул юм бүү мэд
Халтар өвстэй талд нүүрээ наагаад
Хачин ихээр ихэр татан уйлж суужээ ...


ЛОВОНЧИМБЫН ДУУЛЬ

                                                  
Мэсээ ханцуйлж бус
Хадганд боож өвөртлөөд
Мэлмэрэн гайхагч гэр бүхний уяан дээрээс
Түмэн морьтон морджээ
Нэг л зүгийг чиглэн
Нэг л яаран давхилджээ
Говийн зөөлөн шар нар
Нүд дальдчин дагажээ
Хавийн хөх толгод
Бут сөөгөндөө хяржээ
Таанын цагаан толгой
Ташуурдуулсан мэт хийсчээ
Лууны дүрсэт үүлс
Тархидуулсан мэт сарнижээ
Догшин хутагтын зарлигт газар
Түмэн морьтон багширч
Дорнын говийн нэгээхэнд
Түмэн мэс овоорчээ
Төмөр уйлж дархцуул гүйлдэж
Түвэгт их хөөрөг асчээ
Түмэн мэс уйлсаар...хайлсаар.. урссаар
Чамин завилаа тэгш мөр
Уруул хамар
Уужуу магнай цутгасаар...
Мэсээр хонь төхөөрөөс
Хүн төхөөрөхийг
Мянган онд цээрлүүлэв би
Догшин хутагт ийн зарлиглаад морджээ
Догшин хар архиндаа шал согтуу байжээ
Мэсний их бурхан амь орж байжээ
Дорнын нэгэн хошууг
Мэлмий  цавчихгүй сахъя гэжээ
Говь хошуунд
Голио тааваар бэлчиж
Гоёхон цагаан үүлс
Тухлагхан нүүсээр ...
Мэлмэрэн гайхсан гэрүүд
Талын дундаа тайвшраад
Мэнд амар чиг суувал...гэж
Морьтнууд дуулалдан давхижээ
Аяахан хөөрхий
Мэсийг нь цуглуулаад
Бурхан бүтээж болдог л гэнэ
Мэнд амрын орчлонг
Мэдэхээс айдас хүрнэ





Thursday, November 3, 2016


“АГАЙ”

найраглал

“Цагаан үүлний нулимс минь
Зовлонгийн далайн мандалд
Шингэж л чадахгүй явна уу
Цаглашгүй энэрэлт тэнгэрс
Чамайг минь өрөвдөө ч билүү дээ”

/Өврийн дэвтрээс/

Намрын тэргэл сар
Навчин дунд явгална
Тэнгэрийн царай улаарч
Тэнгис хөх үүлс
Хөмсөг сормуус шүргэн давлана
Сүрт Юнаны хавцал
Шүүрс алдан гунигт автаад
Сэрүүн уулсын жавар
Сэтгэлийн нүдийг хайргүй алгадна
Жигүүргүй амьтан л нисэхийн жаргалыг
Үгүйлэн гансармаар
Жил сарын уртыг
Ганцаардлын завиар гатлахын бэрхэд
Дуун алдан сөхөрмөөр…
Ай Агай
Эцгийн цээжийг түших аргагүй
Салхи жавар тэндээс хайрна
Эрдэнийн хэлхээ хэдийн тасарч
Энэлгэнт орчлон дув дуугүй
Эрийн алган дээр бөмбөрөх хувьгүй
Эзэнгүй морь л зүрхний дэргэд…
Хацрын энгэсэг өнгөө алдаад
Хайрын бурхад гагц дуугүй
Үлээх салхинд үүлс сарнина
Үйлийн үрийг хэн ч сарниахгүй
Дэлхийн дажнаас зүрхний дажин гаслантай ч
Дэян хай танхим амгалан зүүрмэг…

* * *

Лиан ван үзэсгэлэнт харшдаа
Дуун алдам цэвэрхэн охиноо
Нүдгүй хайрын мөнгөн торноос
Нүүр буруулан гарч ирэхийг нь хүлээнэ
Сэлэмний ир шиг хурцхан тавиланг
Сэтгэлд нь бэлэг болгосондоо цурхиравч
Хатуу тавиланг сөр гэж аргадна
Хаш хундагатай дарсаар аргадна
Мөр зам дээрх алтан бургас
Дуан гүнг
Мөдхөн мартана, түүнийг цавч гэж
Мөнгөн долгист үсийг нь илбэнэ
Шүр сувд ч шарлаж хуучирдаг
Эр морь хоёр ч эндэж хувирдаг
Алаг орчлонгийн ааш засардаггүй
Аавын үгийг хэн ч давтдаггүй
Эрдэнэсийн сан дэргэд чинь байна
Эрхэмсэг амьдрал гарт чинь байна
Шоргоолжин сум зүрхийг нь хавж
Шороонд булагдсан түүнийг тэвч
Сэтгэлийн самбайгаа сэгсэр
Сэргэлэн шувуу шиг нис
Харгис ширүүн ч
Хацарт чинь хүрэх
Эцгийн чинь сахал зөөлөн…
Хамбан хөшиг тунарсан
Хаш зандан орноосоо өндий
Халуун янаг эрээ
Хөнөөлгөсөн төдийд
Хана, тооно эцэгтээ
Тэрслэхийн учиг юув
Лиан ван халаглана
Ургийн алтан баганыг минь
Ухаж ганхуулах өстөн
Дуан гүнг
Дусал шүүдрийн усанд хувилгав
Хүн байснаас илүү
Тунгалаг байхын шалтгийг өгснөөс биш
Амьд явснаасаа илүү
Аргамгийн салхитай ханьсахын
Амгалан хувийг өгснөөс биш
Амиар наадъя гэсэнгүй
Далайн гүнээс
Эрж олсон
Сувдхан чамайг минь
Тэнгэрийн эрхэсээс гуйж авсан
Мичидхэн чамайг минь
Судрын шаднаас шүүрдэж олсон
Утгахан чамайг минь
Сумбын цэцэгнээс ургуулсан
Агай чамайг минь
Дэян хай танхимын
Дэнлүүг хулгайлах шиг
Өвгөн миний цээжнээс
Өр зүрхийг нь авчих шиг
Эвшээлгэж татсан нумнаас
Алтан сумыг нь булаах шиг
Эрхийний минь тангарагт цуснаас
Мөнгөн эсийг нь суйлах шиг
Агай чамайг минь
Аваад явчихыг би тэвчихгүй
Асар майхан шиг
Аав нь хоосон дэрвэх аргагүй
Ар өврөөс
Хүйтэн жавраар хайрч байвч
Агай чамайгаа дэргэдээ гэрэлтүүлнэ
Алтан зэв зүрхэнд шургаж
Аньсага зовхи хөдлөхөө больсон ч
Агай чамайгаа
Ариун гал дээрээ байлгана
Лиан вангийн цээжинд ийн
Юнаны хавцал харлана
Дорнын саран дайвна
Долгилох үүлс хөрвөнө…

* * *

Тэнэг цэцний хооронд
Ямархан зай байх вэ
Тэнгэр газрын хооронд
Чухам тийм зай буй ч
Гаслант сүнсний бүжиг
Зулын хоргонд бадамлан
Газар тэнгэр хоёр
Гагц энд л сөгджээ
Дурлалын бишрэлт зүрхний
Дуун алдалт энд
Гантиг болон царцжээ
Хайрлан санахын сайханд
Хайлж явсан Дуан гүн
Харавсан одны гэрлээр
Хорвоог цуулжээ
Амраг шувууд нуур усандаа
Уйлалдан хоргодох шиг
Аз эзийн хорвоог
Орхиж чадахгүй эргэлдэнэ
Алтан учралт Агайгаа
Мэлмэн цайвар сүнсний нүдээр
Аргадан ширтэнэ
Гомдол уйтгараа тэнгэрээс нуусан
Гоёхон гивлүүртэй амьдрал дунд
Өнчин завь шиг орхисондоо гунина
Эрт орой хэзээ цагт
Ирнэ гэж
Тод өнгөтэй од зүсэлнэ
Торомгор харцыг нь зүйрлэж санана
Сэтгэлийнхээ саран дээр бүүвэйлж аргадна
Сэвсгэр үүлсээр хучиж зүүдэлнэ
Хүн богино… хясал урт аа
Хөөрхий хорвоо...
Лиан вангийн хорлолт зэв
Дуан гүний биеийг л оносноос
Дурлал хайрыг нь оноогүй
Өр өвтгөм гунигт Агайнхаа
Өндөр сэтгэлийг сэтэлсэн гэнэхэн…
Зөвийн бурууг нумлан харваж
Зүрхний нь мөчрийг хугалсан ганьхан…
Хэзээ эртийн шар нарны дорх
Хилэнт гурвалжин
Аяа…

* * *

Урт хар үсэндээ
Ганга агийн үнэртэй
Уран гол биендээ
Нар сарны гэрэлтэй
Идрийн жавхаа цухалзсан
Яшил зандан цээжиндээ
Эрдэнийн шад чуулсан
Өвгөн судар тэврээстэй
Элбэрэл журам хорголсон
Эрх хонгор харцандаа
Ээдэж эвдрэхийн аргагүй
Сүүн цагаан гэрэлтэй
Номын номоос
Хүний ном… гэх
Ноёлог түвшин бодолтой
Морин дэл дээр асахын хүслэн
Монголжин Агай
Ай…Агай

* * *

Хүчирхэг Хубилайн
Хөх зууны шүлэгч
Хөвчин дэлхийд энэлсэн
Хүрэл хүүхэн
Он цагийн манан буданг
Орь залуухан хэвээр туулж
Дэргэд минь дэнлүү барьсан
Гунигт үзэсгэлэн
Дэян хай танхимын
Дэвүүрт хараацай
Ай…Агай
Хайр гэгч тэнгэрийн сум
Хавж зүрхийг нь оноход
Шархдаж унасан уулын гөрөөс
Шаналж эдгэсэн сарны зүрх
Бай овгийн Дуан гүнтэй
Бадар цэцгийн хүрээлэнд
Харц харцаа уншилцаж
Хараацайн нислэгээр
Цээж цээжээ хавсан
Цэцэн учрал..
Атар гуалиг биеийг нь
Арван тавны сар
Асгарсан гэрлээрээ тэвэрснээс
Амраглаж хэн ч шүргээгүй
Онгод цалгилсан
Олом нь үгүй, хазаар нь үгүй сэтгэлийг нь
Олзолж “Шүлэглэлт судар”-аас өөр
Юу ч татаагүй
Орчлонгийн сахлаар
Оролдож зүггүйтсэн
Манан бууж
Марал ирэхийг
Өвс ногоо ганхахыг
Өндөр тэнгэр үймэхийг
Хорвоог зүүдэлж байна гэж боддог
Хонгорхон…
Далай түмний даль жигүүр
Цуцахыг харж
Далдуур зүрхээ өвтгөсөн
Монголжин…
Найралт яруу хэлнийхээ хүлэг моринд
Бусдын эмээл тохуулахгүйн ухаан
Нар сартай эн дүйцэх
Нас босгыг нь өмгөөлөхүйн жавхаа
Ай…Агай
Тор боловч
Шүр сувдан чимэгтэй ч
Түүн дотор жаргал үгүйг таних,
Төр боловч
Алтан мөнгөн тамгатай ч
Түүн дотор”мөнх” үгүйг мэдэх,
Эсгэлэн халуун зүрх
Эрдэнийн чимэгтэй нь
Огторгуйд халин дүүлэхийн
Шалтгаант..
Эрмэг хүүхэн зориг
Төрөлх чанартай нь
Орчлонг бяслаг шиг зүсэхийн
Шалтгаант…
Ай…Агай
Зүүн зовхи цочиход
Гүрэн улс цочихын дайтай бодно
Баруун зовхи цочиход
Баатар их түмэн баясав гэж санана
Зүрхнээсээ инээд нисгэж явснаас
Хар нулимс ивэлгэж үзээгүйдээ гайхна
Од саранд л тохиодог
Учрах хагацахын дохиололд
Оногдсондоо мохно

* * *

Сэрүүн саран мэлтийн асгарах
Сэлүүн шөнөөр сэтгэл нь сэмэрнэ
Сиймгэр пансан хучлага
Мяндас болж бутарна
Учрал сайхан Дуан гүнээ
Уруулын дэргэд байна гэж цочно, сэрнэ
Урдаг нохой шиг эцэгтэйгээ
Унтах нойрондоо ч химлэлдэнэ
Бүрд тойром шиг шаналан дунд
Бүсгүй бие урагдана
Хайрын бүтэн алим
Хагацлын шүдний оромтой
Хагас аньсан харц
Хавирган сарны сорвитой
Эцэг болоод хорвоотой
Тэрсэж туйлсан сэтгэл
Энгэрийн сүүн тарнийн
Эрдэнийн цүүгээр цүүлээстэй
Нарийн сүмэн түлхүүр нь
Найман түмэн ханзны дотроос
Найгаж үзэгдэх
Цийлсэн нулимстай
Цэнхэр бор морин
Монгол үгс...
Хагацал болоод “алтан тор” той
Сөрж ассан гунил хилэн
Хацар дагасан халуун нулимсны
Тунгалаг цүүгээр цүүлээстэй
Андгай хатуу хан түлхүүр нь
Арван түмэн ханзны дотроос
Арилжиж үзэгдэх
Угалзан тоостой
Урт хээр морин
Монгол үгс...
Намрын шөнөөс уртгүй
Насны жавхлан дэлхийг гэрэлтүүлэм
Орчлонгийн наснаас богиногүй
Оюу монгол хэлний сувдыг
Далай үл далдлам...
Дэян хай танхим амгалан зүүрмэг...
Дэвүүрт охид бүжинэ
Лиан ван, охиныхоо
Хагацлын хар цэцгэн дээр
Хамаг цэнгэлийн хурыг буулгана
Анхилхан Агай
Амраг Дуан гүний
Алтан сүнсний моринд
Аль хэдийн сундлаад
Алдарт Хубилайн хурааж цуглуулсан
Ай түмэн ханз үсгийн дотор
Азаргаар хурааж нууцалсан
Эрдэнийн монгол үсгээр
Эгшиглэн энэлж
Сүрт Юнаны үүлэн тэнгис дээр
Сүүлчийн хүжээ шатаавай
Мин, Чин гүрнийг гаталж
Мэнэнгийн тал, цаст Алтайн оргилд хүрч
Аргалын утаа, гүүн зэлний
Гуруйн дуунд аргадуулж нээгдэх
Алтан цүүт, хаш хайрцагт
Аясхан гунигаа шүлэглэвэй
Алдарт Хубилайн зууны
Амгалан тэнгэрт
Наран саран манхайна
Хайрын өнчин сувд од
Хаш хундагатай хоронд
Сүүн гэрлээ дүржээ
Хөх тэнгэрийн
Хормойн нугалаасанд
Хүүхэн бурхан эзэнгүй

* * *

Зүс танил ханз үсгийн гүрэнтэй
Зүрхний хээ нийлээгүй
Цээжний манант монгол бүсгүйгээ
Цэцэн эх хэл ижий шиг тэвэрчээ, бүүвэйлжээ
Түрэмгий жарнуудын ган дөрөөнд
Агайн дусаасан гунил хилэн
Төрөлх Монгол минь… гэх
Эрэмгий дуун алдалтын
Ээдэмгүй цагаахан аялгуутай
Аяа…Агай

Агай…