Sunday, November 6, 2016

ХЭЭР ТАЛЫН ДУУЛЬ

                                    
Сорхогтань ээж холоо явахаар зэхжээ
Согоонсум ягаарч цэцэглэсэн
Хөдөө цэнхэр олбогоо орхих болжээ
Хархорум нүүрээ даран мэгшиж
Хар үүл огторгуйг нь бүрхэн түрэмгийлжээ
Сүүний үнэртэй хацрыг нь санан санан байж
Сүмбэр сүмбэр хөвгүүдээ
Сүүлчийн удаа хүлээж тэссэн юм байх
Хөөрхий тэр ээж...
Харлаг торлог уулсаа
Халиаж нэгэн тэссэн юм байх
Ханын нүдээр харагдах
Хээр хээр морьдийнхоо
Халуун зүсийг бүртгэж нэгэн тэссэн юм байх
Өгөдэйн өмнөөс
Өндөр үхэлд тохоогдсон
Өгөөмөр их Тулуйдаа
Өгсөн өгсөн ойртож тэссэн юм байх
Хөвгүүд бүхэн нь хаалга сэвхийн өргөхийг
Хүлээж тэссэн агшин
Уртаас урт амьдрал нь байсан юм байх
Жаха Хамбугийн жаахан охиныг
Жаргал таалжээ
Зовлон таалжээ
Ёроолгүй жаргал
Оройгүй хаанчлал дундаас
Хубилай хүүгээ л сугалж харсангүй
Ирсэнгүй гэнэ
Баруун мөөм нь чинэрэн чинэрсээр суларч
Бадаг нулимс түлхэн гарах хүртэл
Хүүгээ зөвтгөжээ
Тэр ээж...
Бараан тэнгэр өвдөн өвдөхдөө
Балтасхийжээ
Заан сүйх хөлөглөсөн
Хаан хүн
Халхын их хээр намраар
Тоглоомоо булаалгасан хүүхэд шиг
Тонгойгоод уйлж явжээ
Юан гүрний  мэдэлтэй
Хаан хүн
Юуны тул юм бүү мэд
Халтар өвстэй талд нүүрээ наагаад
Хачин ихээр ихэр татан уйлж суужээ ...


ЛОВОНЧИМБЫН ДУУЛЬ

                                                  
Мэсээ ханцуйлж бус
Хадганд боож өвөртлөөд
Мэлмэрэн гайхагч гэр бүхний уяан дээрээс
Түмэн морьтон морджээ
Нэг л зүгийг чиглэн
Нэг л яаран давхилджээ
Говийн зөөлөн шар нар
Нүд дальдчин дагажээ
Хавийн хөх толгод
Бут сөөгөндөө хяржээ
Таанын цагаан толгой
Ташуурдуулсан мэт хийсчээ
Лууны дүрсэт үүлс
Тархидуулсан мэт сарнижээ
Догшин хутагтын зарлигт газар
Түмэн морьтон багширч
Дорнын говийн нэгээхэнд
Түмэн мэс овоорчээ
Төмөр уйлж дархцуул гүйлдэж
Түвэгт их хөөрөг асчээ
Түмэн мэс уйлсаар...хайлсаар.. урссаар
Чамин завилаа тэгш мөр
Уруул хамар
Уужуу магнай цутгасаар...
Мэсээр хонь төхөөрөөс
Хүн төхөөрөхийг
Мянган онд цээрлүүлэв би
Догшин хутагт ийн зарлиглаад морджээ
Догшин хар архиндаа шал согтуу байжээ
Мэсний их бурхан амь орж байжээ
Дорнын нэгэн хошууг
Мэлмий  цавчихгүй сахъя гэжээ
Говь хошуунд
Голио тааваар бэлчиж
Гоёхон цагаан үүлс
Тухлагхан нүүсээр ...
Мэлмэрэн гайхсан гэрүүд
Талын дундаа тайвшраад
Мэнд амар чиг суувал...гэж
Морьтнууд дуулалдан давхижээ
Аяахан хөөрхий
Мэсийг нь цуглуулаад
Бурхан бүтээж болдог л гэнэ
Мэнд амрын орчлонг
Мэдэхээс айдас хүрнэ