Friday, March 30, 2012

“ШИНЭ ЗУУН МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ”

Доктор П.Хишигбаяр


Дүрслэх арга барилын тогтолцоо нь төрөл зүйл хийгээд сэдвийн хувьд зохиолчийн урлан бүтээх чадамжийг хамарсан ойлголт юм.Тухайлбал яруу найрагч Ц.Бавуудоржийн нэгэн шүлэгт,

“Сүрчиг үнэртсэн гэзэгний урсгал зөөлөн сүлжээнд
Сүүдэр хулжсан шөнийн сарны гэгээ үгүйлэгдэнэ
Туяхан хурууны өндөг гэрэлтэж санчигаа засах чинь
Тунгалаг үүрийн гэгээнд ямар дотно үзэгднэм бэ” бүсгүйн гоо сайхныг дүрслэхдээ шөнийн гүн харанхуйг сонгож намуун аяз ,сүрчгийн үнэр,гэзэг ,сүлжээс,харанхуй ,цагаан хуруу,үүрийн гэгээг дотно сэтгэлийн хөгөөр хөглөж, үг хэллэгүүдийг оновчтой сонгож нягт тансаг урласан нь яруу найрагт шинэ дүрслэл болжээ.Онгод,авъяасаар бичсэн бүтээлээ зохиолчийн хөдөлмөрөөр засан сайжруулдаг нь түүний хэвлүүлж уншигчиддаа өргөн барьсан “Бүгээн анир” /1991 он/ “Гүмүда” /1993 он/ “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” /1999 он/түүвэр бүтээлүүдээс харагддаг.
Яруу найрагч Ц.Бавуудорж эх орон, хайр,анд нөхөр гээд уламжлалт сэдвүүдээр дүрслэхдээ шүлэг туурвих дорно дахины онолыг баримтлан ,өөрийн өвөрмөц хандлага, урлахуйн давтагдашгүй шинжийг нээн гаргажээ.Яруу найрагч Г.Мэнд Ооёо “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” түүвэр нь “...Дорнын тансаг хийцтэй дотоод гүн утгатай ,уянгалаг сайхан шүлгүүд бүтээж найрагчийн цээнд хүрсэн “-ийг илтгэн харуулсныг сайшааж тэмдэглэсэн байдаг.Ц.Бавуудоржийн шүлгүүдэд цагаан,цэнхэр  өнгө давамгайлдаг нь найрагчийн цогцлоодог гэгээлэг ахуйн тусгал юм.Орчлонгийн хар өнгө түүний дотроос шөнийг “урт цагаан шөнө” ,”цагаахан шөнө”, “саруулхан шөнө”,”гүн тунгалаг шөнийн ахуй”,”цэлмэгэр үдэш”,”цэлмэг үдэш”,”гэрэлт үдэш”,”цагаахан манант үдэш”гэсэн бол бороог “янагийн цэнхэр бороо”,”цагаан бороо”,”цэнхэр бороо”,”намирсан шаргал бороо”,”намираа бороо” зэргээр мөн өдрийг  утга эрчимжүүлсэн тэмдэг нэрээр “цав цагаан өдөр”,”цэв цэнхэр өдөр”гэж дүрсэлсэн нь бий.Монгол хүний сэтгэлд бадамлах эх нутгийн тухай сэтгэлгээ найрагчийн уран бүтээлд нутаг устай нь хүйгээр холбогдож

“Ертөнцөд гуниглал минь дэндээд ирэхээр
Ерийн сайхан уул Отгонтэнгэртээ очдог “гэх мэт олон шүлгээр илэрдгээс гадна язгуур монгол ахуйг дүрсэлж урладаг онцлогийг нь товойлгон харуулдаг.Тухайлбал

“Дорнын гэрэлт сарнаар жигүүрээ залах зүг минь билээ чи
Дуран өвөртлөөд хатируулчихмаар цэнхэр нутагт билээ чи”,

” Төгөлдөр саруулхан ижий минь намайгаа хүлээгээд
Төө цагаахан шөнөдөө сөөм гуниглах аа”,

”Дэлийг нь зассан шарга морь минь гол дотор
Дэнлүү адил туяатаад намуухан үүрсэх ээ” гэх мэт найрагчийн бүтээлийг уншихад нутаг, ижий, хүлэг гээд монгол ахуйн энгийн дүр зураг нүднээ буух ажээ.Мөн Ц.Бавуудоржийн шүлгүүдээс дорно дахины уламжлалт яруу найргийн сэтгэлгээг илэрхийлсэн,

“Гэгээн сарнаар хөвүүнээ санаад
Цагаан бүрүйд чулуун жүнзийг асаанам”,

” Нарийн архи ,муутуу үдэш л
Найрагч андын чинь амраг юм шүү” зэрэг олон тансаг зураглалыг уншиж болно.Уянгалаг зөөлөн аяс бүхий

“Галбирыг минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
Бүлээн бороо дусална”,

”Бийрийн чинь үзүүр шингэрвэл хаа газраас ч дуулгана гэж итгэдэг ээ
Билиг бодож тэр цагт мөнгөн санчигнаасаа хаврын шувуугаар өгүүлнэ зэ “ уран бүтээлчдэд л заяадаг торгон мэдрэмжээ ийн аргамжиж

“Зандаар урласан гөрөөс амилж босоод гүйвэл
Замбага цэцгийн үнэртэй шүлэгчийн сэтгэл тэр шүү”,

”Цэн найраг бүтэх нь агар зандангаар гөрөөс зорох адил” ,

”Галынхаа дэргэд тонгойсон хан Алтайн бүсгүй
Галидаасын бийрийн мөнгөн бэх нь юмсан “гэх мэт нарийн зурж шүлэг туурвисан нь өнөөгийн монгол яруу найргийн санд залуу яруу найрагчдын оруулах их бүтээлийн эхлэл олз омогтой байгааг илтгэж байна...


“ШИНЭ ЗУУН МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ”  шүүмж судлалын ном / 2002 он/