Monday, March 3, 2014

МОНГОЛ НАЙРГИЙН ӨРГӨӨ ЭЗЭНГҮЙДЭХГҮЙ НЬ ЭЭ /"Өдрийн сонин" 1998/



Доктор, профессор  Ч.Билигсайхан

/шүүмж судлал/

   Ц.Бавуудоржийн шүлгүүдийг уншиж эхэлсээр арав  гаруй жил өнгөрөөжээ.Энэ завсар “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ”/1999 он/,”Дорно аялгуу” /2ОО1 он/ хоёр түүврийг нь нэлээдгүй ултай суурьтай уншиж алдаа оноог нь цэнэсэн цоохор тэмдэглэл бичин хэвлүүлэлгүй хадгалсаар өдий хүрчээ.Харин “Амар амгалангийн яруу найраг” /2ОО2/ хэмээх шилмэл шүлгийн цоморлигийг нь уншсаны эцэст энэ өгүүллийг бичиж байна.Аливаа уран бүтээлч нэрд гарсан хэн нэгнийг юмуу,ямар нэг олныг эзэмдсэн аяс найруулгын дэг сургуулийг дагаж уран бүтээлийн эхний алхмаа хийдэг нь бараг ёс болсон зүйл.Энэ үедээ ихэнх нь зээлдмэл маягийн сэтгэлгээгээр туурвих явдал ч түгээмэл байдаг.
   Ц.Бавуудорж энэ зурагнаас тойроогүй.Анхны “Бүгээн анир” /1991/ -аас аваад дорнын аяс намба,монголжуу дүрслэлийг шүлэгтээ эрэлхийлж эхэлсэн юм.Эхний хэдэн түүвэрт нь орсон шүлгүүдээс Галидасын “Үүлэн зардас” /Б.Ренчиний орчуулга/ болон Р.Таагүрийн “Өргөлийн дуулал”-ын /Ж.Бадраагийн орчуулга/монгол орчуулгын үг хэллэг,найруулгын өнгө аяс хүчтэй мэдрэгдэж байлаа.Энэ хоёр ном хоёулаа сэрүүнийг хүсэмжилж сарыг шүтэн, шатам халуун нарнаас цэрвэх мөнхийн хүсэл сонирхол ноёрхсон халуун дулаан Энэтхэг орны яруу найрагчдын бүтээл.халуун оронд нарны улирал гэдэг нэг ёсондоо аймшигт үе байдаг.Шатам халуун наран жаргаж бүрий болох үес сая сэрүү орж амьсгал авч амьдрал сэргэдэг.Саран гэрэлтэх тоотой шөнүүд л бүх хүнд жаргал баясал ,хайр дурлал бүхнийг дэвжээн хөгжүүлдгээс халуун газрын хүмүүс сарыг шүтдэг.Тэгвэл монгол газар сэрүүн хүйтэн зонхилдог цаг агаартай учраас халуун дулааныг хүсэмжлэн нарыг шүтдэг.Энэ сэтгэлгээ эртний ардын яруу найргаас аваад Монголын сонгодог яруу найрагчдын бүтээлээс тод харагддаг.Харин айх,эмээх,ичингүйрэх бүхнийг нууцлах сэтгэлгээ нүүдэлчдэд түгээмэл байдгаас үүдэн хайр дурлалын сэдэвт яруу найрагт сартай шөнийг дуулсан сайхан мөр бадгууд  зохиогдсон.Гэхдээ тийм олон биш.

Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ  .../Б.Явуухулан “Мөнгөн хазаарын чимээ”/ Ц.Бавуудорж В.Гулрансийг шүтдэг бололтой .Түүний аяс шүлгүүдээс нь сонсогддог.”Дорно аялгуу” хэмээх түүврийнх нь оршилд Б.Лхагвасүрэн “Энэ хүмүүн яруу найраг маань ухаан зарж байгаа нь энэ гээд бага ойлгогдох,учраа олохгүй үг цуглуулж мунгинасан нэгэн хэсэг,цовхчиж дэвхэцсэн нэг хэсэг,өлбөгөр хэмнэлтэй магтахуйн нэг хэсэг ,эгээрлийн гэж будлиад бүгээрлийн болсон нэгэн хэсэг урсгал гэхээсээ татаалууд болсон үед  дорнолог аяз,дотоод найраг авчирсан нэгэн болой...”гэж үгийн нүдийг олсон яруу найраг бүтээдэг жинхэнэ авъяастны хувиар голыг нь олж дүгнэсэн байдаг.Ц.Бавуудоржийн зээлдмэл сэтгэлгээ шүлгийн үе дуусахыг хүлээн түүний уран бүтээлийн тухай эргэцүүлэн дүгнэхээ азнан байсаар “Амар амгалангийн яруу найраг “номтой золголоо.Шилмэл шүлгийн энэ түүврээ нягт нямбай бодон оновчтой сонгож чамбай бэлтгэж гаргажээ.Ном “Монголын их амар амгалан”,”Дорнын их амар амгалан” хэмээх хоёр хэсэгтэй бөгөөд 7О гаруй шүлэг найраглалаар бүтсэн байна.Түүврийг урд хэвлэгдсэн номынхоо шүлгүүдээс түүвэрлэн бэлтгэж шинүүдтэйгээ эвсүүлэн байж оновчтой сонголтоор бүтээжээ.Энэ номыг бүхэлд нь уншсаны эцэст Ц.Бавуудоржийн гэх өвөрмөц сэтгэлгээ бүхий яахын аргагүй Монгол яруу найргийн хөг аяс,өнгө,үнэр,амт мэдрэгдэж байна.Хэнд ч хэзээ ч зээлдэшгүй юм гэдэг уран зохиолын амьдралд тухайн уран бүтээлчийн өвөрмөц сэтгэлгээ ,мэдрэмж ,ухаарал байдаг нь жам ёс.Юуны өмнө олзуурхан тэмдэглэх зүйл нь Ц.Бавуудоржийн хувьд энэ л байна.
“Намуун гоо бүхэнд залуу бие минь мэхийгээд
Намрын халуун салхинд дээлийн хормой сэмэрч байна
Ертөнцийн тунгалаг охид энгийн сайхан санагдаад
Ерийн амьдарч явахад өдөр бүхэн цэнхэр байна...”
“Дүвчин хутагтын хөх сэржим
Дөрвөн зүгтээ бороошиж үзэгдэнэ
Догшин ноёны говь нутаг
Дорно дахинд дуниарч харагдана...”
“Сэтгэлийн хээ нийлүүлж зүүдэн орчлонг гоёно
Сэрүүн урсгалт мөрөн наранд мөргөж дуулна
Амьсгалын хээ нийлүүлж зүүдэн орчлонг гоёно
Ариун урсгалт мөрөн наранд мөргөж дуулна...”
Түүврийн дотроос хамгийн оновчтойг нь гэж энэ хэдэн мөрийг сонгосонгүй ээ аль тааралдсан бадгаас нь иш татлаа.21-р зууны энэ ухаарахад төвөгтэй хачин сонин цаг үед яруу найрагч юуны тухай яаж бүтээхээ хамгаас илүү бодох тунгаах учиртай болов уу.Нэг бодлын хүн төрөлхтний сэтгэлгээ асар хол явчихсан мэт.Гэвч хаашаа юу руу тэмүүлээд байгаа нь эргэлзмээр ч удаа байх шиг санагддаг.Бид монголчууд ахуйн хувьд дэлхийн хөгжлөөс хоцорсон байж болох ч сэтгэлгээ бодол ухаарлын хувьд нэг их тасарч үлдчихээгүй л болов уу гэж заримдаа санагддаг юм.Бидний нүүдэлчин маягийн аж төрөх ёс гаднаас нь харахад их хуучин юм шиг хэрнээ дандаа шинэ хувьсан өөрчлөгдөх цаг улирал,нутаг бууц,учрал, содон сонин руу тэмүүлсэн байдаг.Өвөлжөөнөөсөө хаваржаа руугаа ,хаваржаанаасаа зуслан руугаа, зуслангаасаа намаржаа руугаа хүн мал,нохой нь хүртэл хачин их тэмүүлэн баярлан нүүж ирж буй он цагийг дандаа шинээр ухааран хүлээж угтдаг учраас монголчуудын сэтгэлгээ өнгөнөөс нь харахад хуучин юм шиг ч ахуйн заншлаасаа дандаа шинийг олж мэдэрч байдаг онцлогтой.Ц.Бавуудоржийн шүлгүүдэд үүнийг нолох оновчтой мөр бадаг элбэг тааралдана.Номынхоо оршилд тэрбээр “...Монголын цэнхэрлэг аглаг ,хүн зоных нь ахуй гэгээлэг нүүдэлч амьдрал оюун сэтгэлгийнх нь ай сав,амар амгалангийн аяз шившлэгийг өөртөө хураан нууцалж байдаг шиг санагддаг.Ахуй болоод оюун сэтгэлийн амар амгалан бол орчлонгийн үнэт зүйл.Цаг мөрний урсгал энэхэн хүмүүний орчлонд эрин зууны их хашгиралт ,ар араасаа давлан айсуй төмөрлөг түрлэг авчирч байна.Ингэж “амар амгалан” орчлонгийн хаяа хатавч руу шахагдан нулимстай нүдээр ширтэхийг нь анзаарахад хүмүүн өргөөний минь хаалгыг хөх айдас тогшин сандаргаж байна...” хэмээн бичжээ.Дэлхий ертөнцөд юу болж байгаа,түүний тухай ,яаж ямар зорилгоор шүлгээ бичихээ ухаарчээ гэж оршил болоод түүвэрт буй шүлгүүдийг нь уншаад Ц.Бавуудоржид баярлаж байна.Дорнын аяст,монгол сэтгэлгээтэй шүлэг бичнэ гэдэг өнөөдөр нэг бодлын их хэцүү болж байна.Дорнын маяг,монгол ахуй заншил ,өнөөгийн Монголын амьдрал тэр дундаа хот суурины хүмүүсийн амьдралд бараг алга болчихож.Цаашид гаднаас харахад энэ бүхэн ор мөргүй ч болж мэднэ гэж бодогдмоор...Гэвч монгол газар монгол эхийн алтан хэвлийгээс мэндлэх үрсийн дотоод бодол сэтгэл,билэг ухаан,зөн совин нь устахгүй гэдэгт итгэлтэй байна.З,Фрейдийн сэтгэл задлагийн үүднээс үзвэл удам дамжин хадгалагдаж ирсэн ухарсамгүй үүтгэл гэдэг хүн төрөлхтнийг дотор талаас нь шийдвэрлэх гэмээр хүч нөлөөгөөр удирдсаар байдаг гэдэг.Монголчууд иррационал хүчин зүйл сэтгэлгээг илүү их шүтдэг үндэстэн юм шиг санагддаг.Энэ үүднээс ухааран бодвол монгол сэтгэлгээ хэзээ ч алга болохгүй бизээ.Бүдгэрч байгаа гадна өнгөн талын шинж тэмдгүүдийг биш монгол дотоод сэтгэлгээ,зөн совин,ёр бэлгэ,залгамжлан шүтэж биширч ирсэн итгэл үнэмшил,түүх домог,ёс заншил,дом шившлэг ,өнгө шүтээн ,хорио цээр,ерөөл бичиг,хараал зүхэл мэт нууц далдын сэтгэл оюуны нь ертөнцөд л нэвтэрч чадаж гэмээнэ сая монгол сэтгэлгээт шүлэг найраг,дуу хөгжим,зураг урлагийг бүтээж чадна гэж би итгэж боддог.
   Хүн төрөлхтөний өнөөгийн сэтгэлгээний энэ их өндөрлөгт тэд оюун ухаанаараа дандаа тэмүүлэн хүрч байхыг эрмэлзэх нь зайлшгүй хэрэгтэй.Тэр өндрөөс өөрийн туулсан зам,зуун зууныг дамжин нүүлгэж авчирсан дотоод ертөнцөө шинжлэн харах учиртай байх. Ер нь өндөр газраас зүг зүгийн юм сайн харагдаж хоорондын уялдаа холбоо,залгаа нь илүү ойлгогддог шүү дээ.Шинэ түүвэрт бидний өвөг дээдсийн түүхт хүмүүс  "Агай", "Дадишуари", "Уянга гоо", "Хүннү Яньжи", "Амина", "Мөнгөлөн" нарын тухай богино атлаа өндөр ур чадвартай болсон найрагчийнхаа сэтгэлгээний онцлог, шүлэглэх өөрийнх нь үндсэн гэж хэлж болмоор арга найруулга, хэллэг дүрслэлийг бусад шүлгүүдээсээ илүү тод илэрхийлсэн найраглалууд оржээ.Эдгээр найраглалд өмнө нь төдий хэрэглээгүй содон адилтгал, зүйрлэл элбэгийн зэрэгцээ аливаа юм үзэгдлийн ил бүхнээс нууц цацрах өнгө,үнэр,амт,дуу авиаг олж хардаг болж байгаа яруу найрагчийн шидэт мэдрэмж харагдаж байгаа нь чухал ололт.Ер нь яруу найрагт ил байгаа бүхний далд утга учрыг нээж олж харж сонсдог, далдлагдсан бүхний үүсэл сэдэл ил байгаа ,ухаарч сэтгэж байж таних үл мэдэг учгийг тайлан нээх билгийн хараатай байдаг гэдэг үнэн байх.Бидний амьдарч байгаа энэ ертөнцийн бодитой болоод бодигүй юм бүхний үнэн утга учир их далдлагдсан байдалтай байдаг шиг санагддаг.Түүний үнэн агаад далд байгаа учир утга,шинж чанарыг нь шидэт мэдрэмжээр нээн илрүүлэх явдал урлагийн үндсэн үүрэг байдаг гэж болно.
“Монголын их суу билиг”
“Монголын их хувь тавилан”
“Монголын их хутагт гэгээд”
“Монголын их амар амгалан” гэсэн шүлгүүд миний дээрх дүгнэлтийг батлах бизээ гэж итгээд ишлэл болгож энд мөр бадаг  жагсаасангүй. “Хөсөг нүүдлийн шаргал тоостой хувь тавилан”-д “хичнээн хүү төрж мөнгөлөг хэвлийт ээжид хичнээн хутагт бүрэлдсэнийг ...” ,”Монголын их хувь тавилан “ хэмээн ухааран биширч
“Наранд залбирч тэнгэрт мөргөдөг
Цэцэн монгол билээ би
Найман бишрэлт биеийг минь
Эзэн дээдсийн суу билиг
Өлзий ороож урсдаг
Их монгол
Хөх монгол билээ би...” хэмээн яруу найрагч их Монголын их бүхний тухай дуулсан нь уг түүврийн онцлог болж.Уг номын “Цэнхэр аяз” бүлэгт орсон Гулранс,Инжинаш нарын сул шүлгүүдийн маягаар бичсэн найман мөртүүд болон “Цаст уулын цоморлиг” бүлгийн “Шар хун мэт үдшээр уйдан”,”Алтан мөнгөн шанзыг цохином”,”Сод цээжнээ шүлэг суваргалаад”,”сэтгэлийн галбир”,”Гэгээн сарны туульс”,”Дорнын эгшиглэн” цоморлигийн “Титэм аяз” ,”Цастын аяз”,”Хүннү аяз” ,”Шаргал аяз” хэмээх шүлгүүд Ц.Бавуудоржийн яруу найраг өнгөц дууриамал аяс,зээлдмэл сэтгэлгээнээс тасран цаашдын бүтээл туурвилын өвөрмөц арга найруулга руугаа зоримог агаад чанарын хувьсал шинэчлэлийн жам хуулиар шилжиж байгаагийн нотолгоо болжээ.Энэ мэтээр “Амар амгалангийн яруу найраг”-аар аялахуй дор сэтгэл зүрх уяруулан оюун бодол ундруулам олон сайхан шүлэгтэй учирч болно.Ц.Бавуудорж бүтээлээс бүтээлд ,түүврээс түүвэрт ур ухаан нарийсан гүнзгийрч Монголын уран зохиолын шинэхэн үеийн маргашгүй өвөрмөц төлөөлөгч болон төлөвшиж байна .Нэгэн түүвэрт нь оновчтой үгсээр бүтээл туурвилын их замд мялаалгын сайхан үг бичсэн яруу найрагч Г.Мэнд Ооёогийн хэлснээр Ц.Бавуудоржийн шүлгүүд “...гуниглангуй боловч гэгээн тайтгаралтай, цэнгэл жаргалын амтаар дүүрэн..дорнын бүсгүйн алчуур дээрх шаглаа мэт тансаг хуартай бөгөөд залуу халуугийн задгай халуун хүүрнэл тогтсон гүн бодлогошрол аль аль найрссан..”өвөрмөц урлал болжээ. Ц.Бавуудорж найрагчийн хэдэн түүвэр болон шилмэл номыг уншсаны эцэст Монгол уран зохиолын их цагаан өргөө авьяас билигт зохиолч яруу найрагчдаар хэзээ ч дундрахгүй юм байна гэдэгт дахин итгэлээ.Түүний монгол элит маягийн шүлгүүдийн ур төгөлдөржиж утга гүнзгийрч байгаа нь шинэчлэл холгүй байгаагийн гэрч.”Намуун уянгаар хүний сэтгэлд нэвтэрч нэгийг шивнэн учирлах цэнхэр аяз бол амар амгалангийн суу билэг нь юм.Миний эх орны яруу найраг түүний ай сав нь юм.Надад заяасан авъяас бол түүний чавхдас нь юм..”хэмээн яруу найрагч түүврийн оршилдоо уран бүтээлийн чиг зүгээ,чин хүсэл,хүслийг биелүүлэгч хүч авъяас билгээ дээдлэн үнэлж амар амгалангийн сүүлчийн  “хаан ширээ” болсон эх орноо өргөн дээдэлжээ.Эх орны яруу найргийн өргөө эзэнгүйдэхгүй нь ээ.