Доктор, профессор
С.Дулам
Ойрын үед шүлэгт задлал хийсэнгүй, одоо нэг үзье гэж санаад, өөрийг нь сайн мэдэхгүй ч,
сэтгэлд гэгээлэг байдгаар нь Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” түүврийг
авч, мөн ижил нэртэй шүлгийг сонгон, хэд хэдэн зүсэлт хийж ажиглав.
Чингэтэл хэдэн зурвас болгож болмоор
шиг. Анхдагч хамгийн томоохон зурвас
нь “байгалийн зурвас”, түүнд багтах нь дараахь болой.
Шөнийн талд (гуних)
Шинэ өвсний
Солонго (гишгэх)
Молор саран
Өвс ногоо ганхах
Өндөр цагаан үүлс
Униарт (дүрж)
Гол мөрөн урсах
Алтай Хангай
Арван тавны тэнгэр
Гучин гурван говь
Ганга агийн
Арвин тал
Наран дотор
Анирхан тал
Нялх ногоо цухуйх
Тэнгэрийн их
Газар шороо
Үүн
дотроо “Алтай Хангай”, “Гучин гурван говь ”
нь тухайлсан Монгол орны байгаль агаад мөн ч Монголынх байж болох “Арван тавны
тэнгэр”, “Анирхан тал” , “Ганга агийн арвин тал” гэсэн нийлц багтаж буй.
Бусад нь энэ цэнхэр гарагийн хаанах ч
байж болох сон билээ. Гэхдээ аль нь ч байсан энд “амар амгалангийн үр соёолж”,
гол мөрөн урсаж, нялх ногоо соёолох юм. Харин бусад зурвастайгаа найрах утгыг
нь хойно авч үзнэ. Дараагийн хоёрдогч
томоохон зурвас нь “хүмүүний зурвас” байх юм.
Улаан дээлтэй өвгөн
Гэр дүүрэн хүүхэд
Эр хүн
Гучин гуравтай харцуул
Бүсгүйчүүл
Мөлхөх хүү
Амар болоочийг (ачсан)
Болор биеийг (минь нууцлах)
Ижийгээр минь
Эцгээр минь
Дэрлээд нойрсох
Дэргэдээ дуудаж
Толгой түшүүлэх
Миний хатан өвөр
Миний хаан үр
Хүмүүний
зурвас доторхи Монголын гэх ялгац тэмдэг нь олон үе зууны монгол соёл
иргэншлийн амьд нэвтэрхий толь болсон “Улаан дээлтэй өвгөн”, халуун өрх гэр,
гал голомтдоо уйлалдан дуулалдан өсч, хүн хүнээрээ байхын утгыг ухаардаг “Гэр дүүрэн хүүхэд”, хүний амьдралын гунхаж
гайхуулж явах нас гэсэн тооны бэлгэдлийн утгатай “Гучин гуравтай харцуул”, нэгэн
амьдралын төгсгөлд чулуутай тэнцүүлэн тэнжээлдэг “Амар болооч(ийг ачсан)” зэрэг
болно. Бусад нь бүх хүн төрөлхтөнтэй хамаатай зүйл байна. Эндээс ч гэсэн амар
амгалангийн навч навчилж байна. Бусад зурвастай хоршин найрах утгыг түр
завсарлая. Дараагийн томоохон зурвас нь “аж ахуйн соёлын зурвас” болно.
Мордож буй
Морины хөлөөс
Чөдөр уйдаж
Модон тэрэгний
Хөх дугуй
Адуу унтах
Ганган морьтой
Хөх хөх аргалын дөл
Хөсөг нүүдэл
Тооноор туссан
Тогоо дүүрэн сүү
Цагаан тэмээ
Буурин дээр
Энэ
зурвасын хувьд Монголыг ялган таних дохио
тэмдэг нь өмнөх зурвасуудаас олон болж буйг дурдвал хээр талын эрх чөлөөний
бяцхан дуулал “Чөдөр уйдаж”, нүүдэл соёлын ур урлалын нэгэн чухал ололт “Модон
тэрэгний”, “Хөх дугуй”, түүнтэй холбоотой нүүдэл суудлын эхлэл төгсгөл “Хөсөг нүүдэл”, “Буури(н дээр)”, ахуйн
төдийгүй гүн ухаарал бясалгалын оногдохуун болдог “Хөх хөх аргалын дөл”,
монгол цаг цаглабарын эх сурвалж
“Тооноор туссан (нар)”, идээний оролгын бэлгэдэл “Тогоо дүүрэн сүү” зэрэг байж
болно. Эндээс бас амар амгалангийн цэцэг туурцаглаж байна. Бусад зурвастай хоршин
найрах утгыг түр завсарлая. Дараагийн томоохон зурвас нь “утга соёлын зурвас”
болно.
Гэсэр Жангар
Шарласан хуудас
Ятгатай дуулах
Гоолингоо
Бүүвэй
Бурханы мэлмий
Богд шиг
Миний залбирсан
Бүүвэй аялуулж
Үнэг эсгүүлсэн
Сонирхолтой
нь энэ зурвас бараг бүтнээрээ Монголын гэх таних тэмдэг болж болно. Монгол уран
зохиолын туульсын ноён оргил Гэсэр Жангар, өвөг түүхийн ой дурсамж судрын
шарласан хуудас, ятгын аргадан аялгуулах чавхдас, амрагийн шаналант үглэл-
Гоолингоо, бүүвэйн домог, бурханы нигүүлсэгч мэлмий аль аль нь манай ил болон
далд ухамсрын чанад аглаг мөн. Мэдээж хэрэг зарим нь Дорно дахин болон бусад
соёл иргэншилтэй хуваалцах зүйл мөн л дөө. Эндээс аливаа улс үндэстнийг
тодорхойлогч нь эд өлгийн болон утга соёл
мөн гэдэг маргашгүй үнэн эн түрүүнд цухалзаж байна.
Одоо бусад зурвастай хоршин найрах утгыг авч үзье. “Мордож буй улаан дээлтэй өвгөн” Монгол нутаг
болон хүн ардын хэвшмэл нэгэн зураглал. Гэлээ гэхдээ өнөө хэн бугай хэнийхээр
буухаар мордож буй юм бол, хэдэн адуугаа харахаар, хэдэн тэмэээгээ гилэхээр
мордож буй юм болов уу гэсэн эхний төрөгдөл? Аль нь ч байсан ялгаагүй энэ бол
нүүдэл соёл иргэншлийн аугаа их ухааны охь дээжийг агуулагч хүнлэг энэрэнгүйн
амьд боди хутагтан, амьдралын ямархан нугачаа бэрхшээлд ч гартаж үзээгүй монгол
“хар ухааны” ёгтолмол бэлгэдэл болой. “Морины хөлөөс чөдөр уйдаж шөнийн талд
гуних” гэсэн зөвхөн монгол найрагчид хэлж болмоор амьдчилал, хүншүүллийн
жишээнээс гадна эрх чөлөөний өлгий болсон хязгааргүй уудам орон зайн дундах
“занги зангийн зангилгаа, зангийн найман зангилгаа”, түүнийг тайлах хүслэнгийн
хяслан болой. “Модон тэрэгний хөх дугуй шинэ өвсний солонго гишгэх” нүүдэл
соёлын гоёчилсон дүр дүрслэлд нэт хуучин хөх дугуй, нэн шинэ солонгот өвс
хоёрын харьцаан дундаас аль нь ч алиндаа хөнөөл үл учруулан байгаа нь жиг хачин
зохирол билээ. Энэ бол угтаа манай соёл иргэншлийн мөн чанар юм даа. “Эрдэнийн
сормуусаа униарт дүрж адуу унтах” нөгөө их Монголын амар амгалангийн бэлгэдэл.
Адуу зогсоолдоо зогсоогоор зүүрмэглэх зураглал. Хүн төрөлхтний хэзээ ч ахин эргэж
олохгүй “алдагдсан иргэншлийн” (civilization perdu) өнөөхөндөө олж мэдэрч болох
алтан агшин билээ. “Эрдэнэт” хүлгийнхээ их цолыг энд болохоор сормуусанд
гүтгэж, униарт дүрж, амар амгалангийн хөрөг бүтээв. “Хөдөө талын үзэсгэлэн” -
ганган морьтой бүсгүйчүүл, гучин гуравтай харчуул, “тооноор туссан наран дотор
мөлхөх хүү”, өнөө улаан дээлт өвгөний хамтаар энэ бол бид өөрсдөө, бидний
монголчуудын гурван үе- өнгөрсөн, одоо, ирээдүй маань. Гагцхүү хэр өнө удаан
үргэлжлэх бол, эсвэл цахилгааны гилбэлгээн мэт жирсхийн өнгөрөх үү?! Энэ мөлхөө
нялх бурхан, амар болоочийг ачсан цагаан тэмээ хоёрын дунд хүмүүний нэгэн
бодгалийн амьдрал урсаж, үтэр зуурын амгалангаас мөнхийн амгаланг зүглэн байна.
“Богд шиг залбирсан наран саран, болор биеийг нууцлах газар шороо” хоёрын
дунд одоохондоо бөмбөрцөг бөмбөрсөөр...
орчлон орчсоор л байна. Гэвч хөрстийг хөрвүүлэх газар хөдлөл, хөхийг урвуулах
хар шуурга (цунами) хаа нэгтээ цамнасаар
л байна. Эх дэлхий маань тэнхлэгээсээ нэг гарч, нэг орсоор л байна. Хэзээ нэг
оньс мултарч, хязгаар хярхаггүйн гүнд
эрчгийдэн харвах юм бол?! Энэ их амар
амгалан хэр удаан тэсэх юм бол?! Сонсоход, гүйлгүү бодоход авцалдаагүй гаж
сэтгэлгээ юм шиг боловч Эзэн Чингис маань чухам л энэ “Монголын их амар амгаланг”
хайж, өнө удаан тогтоох гэж, аравтаас ... түмтээ жагсаан, “наран ургахаас
шингэхүй хүртэлх даян иргэнийг” (“Монголын нууц товчоо”) тохинуулж
даяаршуулаад, дэлхий дэхинд “Pax Mongolica” буюу “Монголын энх амгаланг”
тогтоосон сон. Монгол хүн бүх гамшгийг эсрэг бэлгэдлээр нь хариулдаг философитой.
Өнөө цагийн эцэж туйлдаад, бачууран хилэгнэсэн эх газрыг “Монголын их амар
амгалан”-гаар бэлгэдэн аргадаж байгаа нь энэ. Ертөнцийн орших, эс оршихуйн зуур
ээжийн бүүвэйн аялгуу, эцгийн хайчилсан эсгий үнэгний доор үрс минь үнэгчилж л
байг.