Wednesday, October 21, 2015

"ЦАГААН ЗААНАА ТУГАЛУУЛААД БАЙГААРАЙ"

Баастын Золбаяр /"Өдрийн сонин" 2013 №73/

   Яруу найрагч Цогдоржийн Бавуудорж бидэнд дөрөө, жолоо нийлж дорно хязгаар дуусгах өмнөд Энэтхэгийн далайн хөвөөнд алхалж умард зүгт Европын орнуудаар, баруун зүгтээ Мексикийн Акупулко хүрчээ. Энэ зам харгуйг хамтдаа туулж, бүтээл хийгээд сэтгэлийн эрэл мөшгөн явснаа эргэж бодоход сайхан сэтгэгдэл төрдөг. Хэн хэн нь ч сэтгэл хоёргүй ингэж хэлдэг. Алс замд явах сайхан. Алс замд явах явахдаа сэтгэл нийлж, үйлс жигдэлж, бодол хамтатгаж явахын сайхан тоймгүй. Бид ийнхүү явцгаасан нь тийнхүү ам үл зөрөн найрсацгаадагт оршдог болов уу. Найрагч Ц. Бавуудорж бол нэн амгалан, гүн бодлогоширомтгой хүн. Замын алсад, нислэгийн удаанд ямар нэг үл мэдэг эмзэглэл сэтгэлд нь торсоор яваа мэт бодлогоширон дүнсийж явна. Харц мөргөлдөж, ямар нэг учгийн харгалдаан үүсгэхгүй аваас харсан зүгтээ, чиг бодсон төрхөөрөө удаанаас удаан сууна. Шүлгийн нэг мөр, нэг үг эрж, түүнийгээ оноон байрлуулж, бийрлэх сэтгэл нь л бясалгахуйн төвлөрөлд цогцлоохоороо тийн болгодог биз. Ер нь түүнээс тэвчээр заах чадвар, үл мятрах чанарыг олж үзэх шиг болдог. Сайн уран бүтээлч байхад тэсвэр тэвчээр, үл мятрах жигүүр нэн чухал. Бавуудоржийн амгалан бодь үлэмж тогтвортой үл чилэх аяг зангийн нь далдад нисэх дүүлэх, эрчлэн шуугих зөн билгийн нь хараацай шунгаж байдаг. Тэр онцгой зөн бэлгэч. Алив үйлийн ариун тунгалагийг эрхэмлэнэ. Сэтгэлийнхээ зайнд жавар үл оруулна. Зөв үг, зөв үнэр, зөв сэтгэл, зөв хандлага үргэлж хүсэмжилнэ. Хэрэв энэ хүсэмжлэлээс нь өчүүхэн зөрвөл хар аяндаа зугатамтгай. Үг хэлгүй л гарч одох юм уу, эс бөгөөс дув дуугүй болсоор хүрээлэгсдээс нэг л мэдэхэд сугарч үлдэнэ. Сэтгэл хөдлөл нэн бага. Ихээхэн догдолсон үедээ л “Сэтгэл хааяа шонхор мэт байх сайхан..” гэж тайвуухан үгүүлж сууна. Чингэж хэлэх нь өөрийнхөө хамгийн хүсэмжит орчноо бүрдүүлснээ илэрхийлж байх шиг ойлгогддог. Альпийн улаан уулсын бэлд нэгэнтээ бид явдал замд хонов. Энэ уулын манангийн ихийг ээ. Ер бусын гэрэлт цагаан манан бүрхмэл. Өглөө эрт босч гэгээвчээр харахад манант Алтайн уулсынхаа дунд хоносон мэт. Хажуу орон дээр нойрссон Бавуу алга. Хувцаслаад гарч ирвэл мань аварга зүүнтээх шугуйгаас сэгсхийтэл гарч ирэх нь хандгай бугыг санагдуулам. Түүний хүрэл царай мананд угаагдан үлэмж жавхлантай болоод, бодлоор тунарах амгалан хар нүд нь дүгрэгтэн очтоод нэг л их жаргалтай. Үүд хоймроос хэтэрвэл үзэгдэхгүй болох тэр их мананаас ус утгах мэт хоёр гараараа утган авч нүүрээ арчингаа улмаа арагш ахиулан магнай болоод их үсээ илбэх нь бах ханаж байгаа бололтой. Эзгүй шахам энэ том буудалд хоносон бид өрөөндөө эргэн орвол тэрээр хөргөгчөөс нэгэн үзэсгэлэнт гүцтэй дарс гаргаад, сайхан хундагалаатах гэж хэлэхдээ эрхиэ имэрч сууна. Түүний яруу сайхны нь орчин тийм нэг үзэсгэлэнт цагаан мананд хучуулаастай байдаг байх. Бавуу бол зөвхөн сайхан шүлгийн, өөрийн нь хэлдгээр нэг тийм баригдашгүй, тэмтрэгдэшгүйг эрэхэд шуналлаг хүн юм. Түүний шунал хүсэл бол эрдэнийн сормуусаа униарт дүрж унтах адууны нойрсоон, мордож буй улаан дээлтэй өвгөн Монголын их амар амгалан зэрэг болой. Сайхан үзэг, мөнгөлөг цагаан сар Бавуу найрагчийн эд баялаг. Тэр үүнээс өөрт яавч шунан дурлах хүн биш. Бенгалийн булангийн зүүн өмнөтэйд байж ядам халуун агаарт уухилан аахилан бидэн хоёр нэгэнтээ явсан билээ. Тэгж явахад, нэг өглөө эртээ гэгч Бавуудорж найрагч далайн эрэгт алхалж явах эртний хүн шиг үзэгдэнэ. Төрөлхийн өндөр чилгэр биендээ өмссөн хувцас нь далайн чийглэгээс үүдэн наалдаад баримлыг санагдуулам. Тэгээд эрэг хөвөөнд шидэгдсэн дунгийн гоёмсог яснуудыг авч үлээж нэг, зүлгэж нэг, наранд өргөж нэг харах нь сониуч болоод нандин яруу хандлагатай. Мөн тийм үйлсийг мундрааж зогсоход үл мэдэг сэрчигнэх салхинаа их үсэн нь сэвэлзэсхийхүй салхины чигийг заах мэт. Бавуудорж найрагч машид өвөрмөц дуу хоолойтой. Түүний шүлгээ уншихад хийгээд цөөн үг хэлээд хүд хүд инээж байх нь газрын гүнээс булаг оргилох битүү далд чимээн нүргэлэл шиг сонсогддог. Шүлэг найрагт нь шунан дурлагч, хүндлэн дээдлэгч хүмүүст бол дорно зүгийн далайн түрхрэл, намрын өвсний давалгаалан исгэрэх чимээг мэдрүүлдэг байх гэмээр. Тэр цөөн үгтэй хүн. Мөнхүү цөөн үг нь сайн сайхан зүйлс, уран бадраамтгай орчныг бүрдүүлдэг. Түүний тэмүүлэл намуун амгалан боловч хүчирхэг бүтээмжтэй. Ниссэндээ, зорьсондоо үл үзэгдэн, үл туядан хүрч чаддаг. Цогдоржийн Бавуудорж найрагч Мексикт зорчин явснаа яримтгай. Мөн чиг сайхан явжээ хөөрхий гэнэ. Мехико хот үдэш зургаан цагт эзэнгүй болдог юм билээ л дээ. Гэмт хэрэг зөрчил их, тайвангүйгээс тэр. Гэтэл бид хоёр очсон шөнөө эзэнгүйг нь гайхаж баахан алхсан юм даг. Бүр дэлгүүр хоршоо орохсон, онгорхой юм алгаа янз нь гэлцэж явсныг нь яана. Эргээд санахад, ахуй хотынхон нь айгаад гарахгүй явахад, аль тэртээ Монголоос ирсэн бид хоёр юугаа ч мэдэхгүй алхах нь аргагүй боловч, тэнэг хэрэг байжээ. Тэнд дээрэм тонуул, автобусанд мөнгө өгөхгүй гүрийхээс амар хэрэг шиг билээ. Энэ тухай хоёул дурсан ярихад хүд хүд инээж л байна. Би түүнийг явуулж, та ч тэднээс ялгаагүй аварга индиан-мексик харагдана л даа гэхээр тийм ч биз гээд инээж суудаг. Өмнө зүгийн гайхамшгийн нэгэнд зүй тооцогдох Хамрын хийдэд бид бас нэгэнтээ дөрөө нийллээ.Х. Чилаажав найрагч, Бавуу найрагч биднүүс эхнэрүүдийн хамт явсан юм. Тэгэхэд Бавуу уран дүүгээрээ нэгэн цалин мөнгөн үзэг хийлгээд авч явжээ. Шамбал болоод Хутагтын сүншигээр аравнайлахаар авч гарчээ. Мөнхүү Шамбалын ахуйд бид энэ тэрхнийг хөөрөлдөн баахан сууцгаав. Тийн мундраацгааж байхуй дор Бавуу найрагч мөнөөх мөнгөн үзгийн толгойд шигтгэсэн алмаазаас нэгийг гээчихдэг юм байна. Үүндээ бэлгэшээж байна гэж лут. Ноён хутагттай архиа хуваагаагүй ч, алмаазаа хуваав гэж хүндэтгэн бэлгэшээв. Энэ тухай сайхан шүлэг бичсээн. Сүүлд хэвлүүлсэн номуудын нэгд бий л байх. Саяхан Бавууг маань Төр үнсч, Монголын уран зохиолын төрийн шагналтан нэгээр нэмэгдэв. Ер нь, авах нь тод болоотохлоо янз нь гээд хэлбэл “Үнэн үү нөхөөр” гэж байна. Үнэн байхаа, нуттай юм сонслоо гэвэл “ Би хөдөө явж байна. Ингэж дуулчихаад цас үмхэлжээ сууна” гэж хэлж байгаа юм. Ерийн юм шиг боловч, цас үмхэлжээ сууна гэдэг бол ийм эгшиглэнт мэдээлэл солилцоон дотор онцгой гоё яруу сайханлаг хандлага юм даа. Тэр хүний сэтгэл догдлол тийм өвөрмөцөөр илэрхийлэгдэж байна. Сайхан юм. Би хувьдаа, монгол төр эрхшээн түүнийг соёрхож үнссэнийг дорнын соёлоо дээдэлсэн, ариун яруу сайхныг үнэлсэн, алтан уламжлалаа дээжилсэн, зөв зүйн үлгэрлэлийг дуурсуулсан хэмээн олж шагнав хэмээн сэтгэнэ. Цогдоржийн Бавуудоржийн яруу найраг бол намрын айраг, талын анир алдрам, цантсан арц, цалин мөнгөн будда, домгийн хөх буга, дотоод гүн сэтгэлийн уураг билээ. Бавуудоржийн яруу найраг бол эрхсийн гэгээн гялбаан, ид шидэт дорнын хөх сар, аялгуу ялдам шанз ятга, айлын жаахан охин, Ер бусын гэрэлт совин, яруу сайхны цэнхэр магнаг юм. Бавуудоржийн яруу найраг бол дээдсийн ухаан, дэнжийн халтар аргал, үл мэдэг найгалзах туяхан ерхөг, өрөөлийг дээдлэх язгуур ухаан, харзны тунгалаг хөх ус, хайрын алтан жараахай болой. Түүний шүлгүүдээс хамгийн хайртай нь энэ. 

"Нэг их том цагаан заан 
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө 
Хүчирхэг тэнгис далайн 
Дөлгөөн чанарыг дагуулаад явчихлаа 
Хөрст дайдын 
Намуун байдлыг суйлаад явчихлаа
Дорнын нууцхан инээмсэглэлийг арчаад буцчихлаа
Дотоод анир гүмийг нь
Эвдээд буцчихлаа
Навчин дээрээс шүүдрийг нь 
Сэгсрээд явчихлаа 
Нарны бурхдыг үймүүлээд буцчихлаа 
Цусанд гэрэлтдэг 
Алтан тэнгэрсийг хураагаад явчихлаа 
Цасанд дарагдсан 
Буурал уулсыг сэрээгээд явчихлаа 
Догшидын мэлмийг аниулаад явчихлаа 
Дорно өрнийг догшруулаад буцчихлаа 
Нэг их том цагаан заан 
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө 
Нэг их том цагаан заан ..."

Энэхүү “ Нэг их том цагаан заан” бол түүний яруу сайхны, зөн билгийн, бүтээлийнх нь түрхрээнт эрчим хүчний илэрхийлэл юм. Тэр өөрөө ч Монголын уран зохиолын нэгэн их том цагаан заан нэгэнт мөн билээ. Тиймээс ч төрийн шагналтны завилгаанд заллаа. Цагаан заанаа тугалуулаад байгаарай. Гэрэл тань мөнх сацраг.