Friday, October 23, 2015

МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН


Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өвс ногоо ганхах
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр Жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гэр дүүрэн хүүхэд
Монголын их амар амгалан,
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Алтай, хангай
Монголын их амар амгалан
Арван тавны тэнгэр
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн арвин тал
Монголын их амар амгалан
Ганган морьтой бүсгүйчүүд
Монголын их амар амгалан,
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Мөлхөх хүү
Монголын их амар амгалан
Тогоотой сүү
Монголын их амар амгалан
Амар болоочийг тээсэн
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалаан...
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан