Wednesday, July 17, 2019

"ЗҮРХЭН ЧИНАДААС" номоос

ТЭНГИСИЙН БҮЖИГ


Тэнгис нуурын мандалд тэнгэрийн одод тэр чигээрээ буучихсан мэт нэн үзэсгэлэнтэй. Од эрхэс нуурын хүйтэн тунгалаг ус руу чулуу мэт шидэгдэж буугаад эргээд нуурын мандал дээр шомбосхийн гарч ирж байна уу гэлтэй энд ч, тэнд ч гэрэл цэлс цэлсхийнэ. Яг үнэндээ нуурын мандалд туссан од эрхэс, шөнийн аялагч усан онгоцнуудын бүдэг цайвар, их тод шар гэрлүүдийн найрсал ийм дүр төрх урланам билээ. Усан онгоцны намуухан нүргэлэх дуун, ус зүсэгдэх чимээ сэтгэлийн хөгийг улам ч дэгжээнэ. Усан онгоцны задгай тавцан дээр хөнгөн хөгжмийн аялгуу исгэрэн цуурайтна. Тэр цуурайг долгис давалгаад булаацалдан шүүрч аваад бусад онгоцнуудад хүргэхээр салхилан одох мэт тэр хэмнэлт хөгжим нэг алсарч нэг ойртож сонсогдоно. Аялагчдын сэтгэл  хөдлөл тэдний бүжгийн хөдөлгөөнөөс илт. Гартаа болор хундагатай усан үзмийн дарс барьсан тэд сэтгэлээ гэгээн тунгалаг саран авхайд хундагалан баригчид гэмээр харагдана. Энэ орчлонгийн хар цагаан, жаргал зовлон, гэрэл сүүдрийг тэд энэхэн агшинд нэгэнт  гэтэлж чаджээ. Эргэн тойрноо ийн анзаарч догдлогсодыг харан догдолж, баярлагсадыг харан баярлаж, ариусагчдыг харан ариусч суухдаа ер нь хүмүүний энэхэн орчлонд ирэгсэд болор тунгалаг шилтгээн мэт сэтгэлээ улам тунгалагшихыг нь мэдрэх л гэж ирдэг бус уу хэмээн өөрөө өөртэйгээ ярилаа. Гэвч сэтгэл минь хүлэг онгоцны тавцанд үл захирагдах ажээ. Саяхан дөрөө мултлаад хөдөлсөн хэдий ч сэтгэл зүрх минь нуурын нөгөө эрэгт орших эрхэм Хүбагийн эдлэнд санамсаргүй үлдээж орхисон дэн мэт гэрэлтсээр байх аж. Тэр эдлэн алсрах тусам түүн рүү улам ойртож яваа юм шиг соньхон мэдрэмж төрнө. Хүбагийн эдлэнгийн цэлгэр тагт, улаан, цагаан дарс өрсөн ширээ. Яв ягаан царай, цав цагаан сахал...нүднээ хуучны кино дүрс мэт байн байн үзэгдэнэ. Идэр залуухан насандаа цагийн эрхээр эх нутгаасаа Австри руу дүрвэж тэндээсээ бүр Африк хүрч гэрэл сүүдрийн алганы завсарт бөмбөрч явахдаа дөрвөн далай, таван тивийг барагласан тэрбээр бидний сонирхлыг эрхгүй татсан сан. Үг яриаг нь сонсоод л суугаад баймаар...Ертөнц хоёр хаалганы дунд оршиж байна. Нэг нь гэрэл гэгээний хаалга. Нөгөөх нь түнэр харанхуйн хаалга. Бид ийм хоёр хаалганы завсар аж төрж байна. Харамсалтай нь ертөнцийн харанхуйн хаалга үргэлж нээлттэй. Харин гэрэл гэгээнийх нь хаалга үл мэдэгхэн нээлттэй байна. Зурвасхаан үзэгдэх төдий гэрэлтэй байна. Гэрэл гэгээний хаалгыг илүү нээмээр байна. Харанхуйн хаалгыг хаагдтал нээмээр байна. Үүнийг нээх оньс нь ертөнцийн хүмүүсийн сэтгэлийн ариун гэгээрэлд л бий. Хүбагийн энэ үгс дахин дахин бодогдоно. Цээжин дотор хэт цахичих шиг үе үе оч цацраана. Гэвч энгүүхэн нэгэн аялагч миний сэтгэл бас ч энэ үгсэд уулгамчлан хоргодоогүй билээ. Нуурын эргийн аятай тухтай эдлэнд ч биш. Тэдний задгай салхивчны дээрээс зүсрэн болин зүсрэн болин асгах бороонд ч биш, эрхэм Хүбагийн зооринд хадгалагдаж буй олон жил дарсан торх торх дарсанд ч биш. Харин тэдний залуухан авхайн царай төрх, аяг аашинд унан тусан татагдсан юм. Холын зочид биднийг сайтар дайлахыг даалгасан бололтой мөнөөх бүсгүй гэрийн үйлчлэгчдээсээ өрсөн өрсөн бидний ширээн дээр ирж дөчин жил, тавин жил дарсан усан үзмийн дарсыг байн байн инээмсэглэн сөгнөсөн сөн. Түүний гэгээ татсан гараас болор жүнз тосох бүртээ согтон согтон хөлчүүрхэх мэт мэдрэмж төрсөн сөн. Учрал тавилангийн тоглоом, шоглоом явж явж буурал европод авчирч зүрх сэтгэлээр минь наадлаа гэж үү. Эсвэл аж төрөхүйн уйтан бор хоногуудын тоосон дунд мартагнаж орхисон гэрэл гэгээг минь олж өгөх гэж тэнгэр бурхан энэ өдрийг сонгов уу. Үүлгүй тэнгэрийн аянга гэдэг нь цахилах нь энэ үү хэмээн цэнгэлтэй аялагчдын нэгээхэн завсарт давалгаадыг ширтэн явахдаа бодов. Нүдээ анихад мөнөөх бүсгүйн инээмсэглэсэн төрх, танил дотно хуруунууд нь үзэгдэж юу юугүй хацар уруулыг минь илбээд авах мэт болоход цочин нүдээ нээнэм. Уусан дарс толгойд гарч бодлын хөлчүү дээр нь нэмэгдэхээр гайгүй сайн согтдог байх нь гэж энэхэн зуурт бас сэхээрч амжлаа. Аравдугаар анги төгссөн жил. Аав, ээж хоёрынхоо ажилладаг амралт сувиллын газарт зунжин гал тогооны мод бэлтгэж бас үхэр тэргээр ус зөөж зуссан сан. Тав гурван төгрөгний цалин авч аав ээждээ нэмэр болох гэсэн эрмэлзэл минь тэр. Тэр зун өөрийгөө эрийн цээнд хүрчихлээ гэж итгэсэн хэрэг. Тэгээд л оройны бүжиг болгоныг алдалгүй оролцохыг хичээж өвөө, эмээгээ сувилуулж яваа үе тэнгийн ганц нэг охидтой бүжиглэж амжсан сан. Бүжиг хийх ч гэж юу байх вэ. Ах эгч нарын алхаа гишгээг дуурайн хэрдээ л хичээж хүн амьтны хөл дээр гишгэн гишгэн эргэлдсэнээ л бүжиг гэж байгаа хэрэг. Гэхдээ миний хувьд жиших юмгүй сайхан бүжиг болж байсан. Бүжигт уригдаж хэдэн орой хамт эргэсэн цэнхэр торгон дан дээлтэй, нимгэн улаан алчуур мөрөн дээрээ тохсон тэр нэг булбарай цагаан охины хувьд ч бас сайхан бүжиг байсан гэдэгт эргэлздэггүй.  Нэрийг нь хэн гэдэг, аль нутгаас ирсэн, хэд хоноод буцах гээд юу ч асуугаагүй хэрнээ өмнө нь очиж зогсоод бүжигт урьж алгаа дэлгэх болгондоо л бүхнийг ойлголцчих шиг санагддаг сан. Дотно сайхан инээмсэглэл, мөрөн дээр тавьсан дулаахан алга хоёроос нь үгээр илэрхийлэхийн аргагүй нандин шивнээг сонсчих шиг болж догдолдог сон. Гэвч эмчилгээний шавар олборлох сувилагч нарт дэм болох гэж хоёр хоног яваад иртэл нөгөө охин минь эмээтэйгээ хамт яваад өгсөн байж билээ. Тэр нэг үдшийн бүжигт очоод догдлон хүлээсэн боловч бүжиг таран тартал ирээгүй. Гайхаж цөхөхдөө ойролцоо насны амрагч охиноос зориглон байж сураглавал өчигдөр сувиллын хоног нь гүйцээд явчихсан гэдэг үгийг сонссон сон. Энэ үгийг сонсонгуут клубээс гараад амралтын байруудын дундуур зурайх банз модон замаар хол хол харайн гүйснээ санадаг юм. Хаана хүрэх гэж байгаа ч юм. Гэнэт амрагчдын цайны газрын үүдэнд тулаад зогссон сон. Бороонд дэвтсэн хажуугийн модон сандал дээр үүр цайтал суухдаа анх удаа ганцаардал гэж юу байдгийг амссан сан. Бас цээжин дотор зүрх гэж нэг юм байдгийг ч мэдэрч билээ. Зун, намрын сарууд богинодоо богино, уртдаа бас ямар их урт болохыг ч анзаарсан сан. Тэр зунаас хойш гурван ч зун сувиллын газар ирж буцан нөгөө охиныг харуулдсан боловч дахиж түүнийг олж хараагүй. Түүнийг дүрслэн бодож сэтгэлдээ хамт бүжиг эргэсэн үдшүүдээ тоолвол багашаархан нууранд чуулсан хунгийн тоог гаргасны дайтай тоо гарах бизээ. Өдөр сарууд ар араасаа далавчлан өнгөрч энэ богинохон учралаа мартаж санаж явтал нэг л мэдэхэд тохитой, тухтай айлын эзэн болчихсон байсан даа. Гэтэл энэ Тэнгис нуурын хөвөөнд, Хүба хэмээх эрхэм мажар эрийн эдлэнд, эрж хайж явсан хос цэцгийнхээ нэгтэй гэнэт таарах шиг мөнөөх охинтой эгэлгүй адилхан царай зүстэй бүсгүйтэй таарах гэж. Юу болох нь энэ вэ. Тоглоом даажин ч юм шиг. Олоон жилийн өмнөх тэр гэгээхэн охин надаас яваагүй байсан юм байна шүү дээ. Явж одох нь байтугай бүр зүрх сэтгэлийн минь хамгийн нууц шилтгээнд намайг харуулдаж суусан юм бишүү. Амьсгалж буй, амьдарч буй цаг агшин бүхэнд минь хамт байсан байх нь. Гэтэл би аж төрөхүйн бүүдгэрхэн манан дундуур дэн хайж яваа хүн шиг тэмтчиж явсан байх ч гэж. Цээж минь тэнийхийн дээдээр тэнийжээ. Сэтгэл минь уужрахын дээдээр уужирчээ. Амьдрал ийм төгс сайхан юм гэж үү хэмээн Тэнгис нуурын мандлыг цалгитал хашгирмаар санагдав. Хөлөг онгоцны тавцан дээр арай ядан багтах цэнгээнт аялагчдын нэгнийх нь хундагатай дарсыг шүүрэн авлаа. “Хүба танд баярлалаа” гэж хундагыг дээр өргөн хашгирлаа. Хөнгөн хөгжмийн аялгуунд чөлөөт бүжиг хийн дэвхэрч цовхорч байсан аялагчид юу гэж ч ойлгосон юм бүү мэд. Бүгд намайг түрж Хүба, Хүба танд, танд, танд баярлалаа...гэж өнгө өнгийн хоолойгоор хашгирцгаалаа. Сэтгэл минь урд өмнө нь ийм их гэрэлтэй басхүү ийм их жаргалтай байсан агшныг бодоод ер олсонгүй. Гарт минь хэн нэгэн дахиад усан үзмийн дарс бариуллаа. Тэр дарс энэ орчлон дээрх хамгийн амтат дарс байв. Нуурын зогсоол дээрх тод цагаан гэрлүүд ойртон иржээ. Тэр гэрлүүд яагаад ч юм дотно сайхан харагдлаа. Хүн бүхний зүрх сэтгэлийн гүнд оршин байдаг нууц шилтгээнүүд ийм гэрэлтэй байдаг ч юм билүү хэмээн бодов. Тэр сацуу усан онгоцны тавцангийн ирмэг дээр үсрэн гарлаа. “Хүмүүсээ” гэж догшин хэмнэлт аялгууг давж сонсогдтол чанга хашгирав. Тэгсэн хэдий ч хөөрсөн олны нэг хэсэг нь л над руу харлаа. “Дотоод шилтгээнүүдэд тань хэн хэн хүлээн суудгийг та нар мэдэх үү” хэмээн учир утгагүй мэт үгсийг цангинуулан хашгирлаа. Бүгд гайхсан харцаар харав. Тэд намайг ихэд хөлчүүрхэж хэмээн боджээ. Харин ч надруу их олон гар сарвайж хурдан буулгая, буулгая. Ус руу унах нь хэмээн сандралдах нь тэр.
Миний асуултанд хариулах нь байтугай, асуултыг минь ойлгосон хүн нэг ч үгүй. Хөнгөн хөгжмийн хэмнэл улам түргэсэхэд усан онгоц хүртэл цовхчин цовхчин бүжиглэж байх шиг санагдав.

"ШУВУУГ СУЛЛА" номоос

ЦЭЦЭРЛЭГЧ


Долдугаар сарын аясхан салхи цэцгийн үнэр түгээн сэвшинэ. Ийм орой өргөн саруулхан цэцэрлэгийн хашаан дотор нааш цааш зөрөлдөн алхах дорно зүгийн бүсгүйчүүд хэний ч харааг булаана. Хэний ч гэдэг нь яг үнэндээ бол хэдэн цэцэрлэгч өвгөн л дөө. Гэхдээ тэд бүсгүйчүүдийг эгцлэн харах хувьгүй улс. Дээр нь тэд идэр залуу цагаас тайган байх хатуу хуулиар шийтгэгдсэн хүмүүс. Уг нь энэ цэцэрлэгт хүрээлэн дотор цөөнгүй дээдэс зугаацаж цэнгэж байгаа ч зарим үед энэ олон хээнцэр  бүсгүйчүүд салхилахын мөн болж цэцэрлэг дотор хоёр нэгээрээ сэлгүүцэн явах нь бий. Торгомсог өмсгөлүүд нь өөр өөр хэлбэр загвартай байх агаад өнгө үзэмжийн хувьд цэцэгсийн мандалуудтай өнгө найрсаад диваажин гэж байдагсан бол тэр нь энд л цогцлон байна уу гэж бодмоор... Гартаа барьсан хээнцэр хэлбэр донжтой дэвүүрүүд нь цэцэгсийн мандал дамжин нисэлдэх гоёмсог эрвээхэйдийн өвөг дээдэс нь байх гэж төсөөлмөөр бүсгүй бүхний энгэрт дэрвэс дэрвэс, анивас анивас эрхлэлдэнэ. Хамгийн гол нь цэцэгс дамжин нисэх эрвээхэйд цэцэгнээс цэцэг рүү дэрвэлзэн нисч энэ зууртаа агаарт сүлжилдэн зөрөлдөн наадна. Харин бүсгүй болгоны энгэр дээр эрвэс дэрвэсхийх алгын чинээ дэвүүрүүд зөвхөн нэг нэг цэцгэн дээр дурлан шимтэн эргэлдэх эрвээхэйд мэт. Ганхас гунхас намирах бүсгүйчүүд цэцэгсийн мандал хоорондын нарийхан угалзан жимээр зөрөлдөн алхах бөгөөд зарим нь түр зогсосхийн бие биедээ найрсгаар зам тавьж өгч мэхэсхийх нь бүсгүйчүүдийг улам ч эрхэмсэг харагдуулна. Тэд явж байгаа эс бөгөөс усны мандал дээр урсаж байгаа алин болохыг нь эс ялгам нааш цааш сүлжилдэнэ. Нэгэн бүсгүй гэнэт дуу алдлаа. Ингэхтэй зэрэгцэн ойр дэргэд явсан бүсгүйчүүд гайхалзан зогтусав. Бүсгүйчүүдийн гар дахь дэвүүрүүд дэрвэлзэхээ түр зогсон бүсгүй бүхнийхээ энгэрт амсхийв. Тэдний торомгор нүднүүд бүгд нэг зүгт сортосхийв. Яг л талд бэлчиж явсан гөрөөсний сүрэг бар юмуу ирвэс хараад гэнэт цочих мэт. Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт байх цэнгэг устай байгалийн бяцхан нуурын хөвөөгөөр зугаалж явсан тэр бүсгүй нуурын мандалд тусах өөрийнхөө төрхөөс төсөөлөмгүй гоо үзэсгэлэнг гэнэт олж хараад цочин дуу алдав уу гэлтэй. Мөнөөх бүсгүй ийш тийш харж мишилзээд дуун алдалтынх нь авиа эгшиг оройны агаарч замхарч амжаагүй байхад  алтан хуа, алтан хуа хэмээн энхрийхэн хоолойгоор дахин дахин хашгирав. Нуурын мандал дээр туссан өдрийн сар бяцхан түрлэгүүдэд илбүүлэн чухам л олон эрсийн хараа булаасандаа ичингүйрэн цомцойх үзэсгэлэнт бүсгүй мэт үзэгдэнэ. Энэ сацуу мөнөөх сарны дүрсийн эргэн тойронд тоолж барамгүй олон дэлбээ гэгээ татуулан цэцэглэв. Долдугаар сарын аясхан өдрүүдийн нэгэнд гэнэт цэцэглэдэг алтан хуа цэцэг дэлбээлж буй нь энэ. Ердөө долоохон өдрийн настай ч энэ цэцгийг ихэс дээдэс, эмс хатад бүтэн жил хүлээдэг. Алтан хуаг нуурын түрлэгийн аясаар ганхалзахыг нь үзвэл бадамлянхуатай эндүүрэм ажээ. Саяхан нээгдсэн дэлбээнүүд нь сэрчигнэн өмөлзөх нь өрөвдмөөр энхрий. Ойртож очоод сайтар ажиглавал тоорцог болоод бүхий л дэлбээ нь улбар шар өнгөтэй болох нь анзаарагдана. Нэг ишинд хэд хэдэн цэцэг үзэгдэнэ. Алтан хуаг дэлбээ нээнгүүт тусгай цэцэрлэгчид ёс дом гүйцэтгэн хайчилж авна. Тэр энхрий зөөлөн бас анхилуун дэлбээнүүдийг цуглуулж ордонд байрлах хаш чулуун сан руу арвин ихээр нь хийнэ. Ийн хэсэг байлгасны эцэст мөнөөх усан сангийн ус хосгүй анхилуун үнэртэй болно. Бас тэр ус их зөөлөн улам тунгалаг болно. Ингээд л сая хатад, дээдэс эцэг эхээс заяагаад өгсөн биеэрээ тэр хаш чулуун сан руу орж булхацгаана. Бүтэн жил хүлээсэн цэнгэлтэй агшин нь энэ. Алтан хуа цэцэг тэдний хувьд энэхэн хүмүүний ертөнцөд байж болох дээд цэнгэлийг бэлэглэдэг ганц увьдастан нь. Тэр дундаа бүсгүй хүнээс л гарч болох сэтгэлийн бүжиг, налархай аалийг нь нээж орхидог ганц түлхүүр нь. Энэ шидийг хэзээ хэн анх нээсэн юм. Ямарч байсан тэр хүн хүмүүн гэгчийн нууц далд инээмсэглэл рүү лавхан орохын хүсэлтэн байснаас ийм уран жимийг олсон бизээ. Хатад эмс нуурын өгүүлшгүй үзэсгэлэнт мандлыг тойрон зогслоо. Тэд нуурыг хөвөөлөн ургасан алтан хуа гэж андуурам үзэсгэлэнтэй. Энэ цэцэрлэгт хүрээлэнд өдөр шөнийг эс ялган бөртөлздөг арван хоёр цэцэрлэгч өвгөн бий. Хэнийг нь ч эс ялгам ойролцоо нуруу туруутай, бас бөгтөр нь хүртэл адилхан энэ өвгөдийн сахал самбай нь хүртэл яг ижилхэн. Эндүү харсан нэгэн бол арван хоёр ихэр өвгөн гэж уулга алдан өхөөрдмөөр. Тэд энэ эмс хатдаас илүүтэй алтан хуа дэлгэрэх цагийг хүлээдэг гэдгийг энэ эрхмүүд эс мэднэ. Тэр байтугай энэ хэдэн цэцэрлэгч өвгөн энэхэн орчлон дээр долоохон өдрийн нар, сарны гэрэлд баясаад хагдардагт нь энэ энхрийхэн цэцэгсийг өрөвдөн эмтрэн уярахдаа энэ цэцэгсэд мөнхийн хутаг хайрлаач гэж тэр долоон өдрийн туршид тэнгэр бурханд залбирдгийг нь бол бүр ч мэдэхгүй. Тэр цэцэгсийн нүдийг энэ өвгөд л олж хардаг. Дэндүү энхрий, дэндүү цайлган, дэндүү уяхан тэр нүднүүд өвгөдөд ямар уярам хөөрөөн дэлгэдгийг нуур усны нь түрлэгүүд ч мэдэхгүй. Алтан хуа цэцэглэж дэлгэрсэн эхний өдрөө л аз жаргалаа хайчлуулдаг. Энэ өдөр өвгөдийн аз жаргал ч бас хамт хайчлагддаг юм. Тийм болохоор тэд хүн гэгч амьтан тэнгэрээс хайрласан насаа бүрэн эдлээд буцахаа болиг. Үгүй ядахад цэцэг яагаад өөрийн насыг бүрэн эдэлж болдоггүй хорвоо вэ хэмээн хэлэлцээд энэ зунаас эхлэн нэг нэгээрээ богинохон настай алтан хуад долоон өдрийн насаа бүрэн эдлэхэд нь туслая гэж тохирчээ. Гэнэт нуурын мандал дахь сарыг тойрч дэлбээлсэн сарны дүү нар гэмээр алтан хуа цэцэгс рүү хэн нэгэн хүн ус үсчүүлэн орж явчих нь тэр. Сайн ажиглавал цэцэрлэгч өвгөдийн нэг ажээ. Алтан хуаны сургаар нуур хөвөөлөн зогссон эмс хатад гайхах алмайрах зэрэгцэхдээ үг ч үгүй, дуу ч үгүй анир гүм болов. Гагц нуурын зөөлөн түрлэгийн дуу, мөнөөх өвгөний хөлийн аясаар пал палхийх усны чимээнээс өөр авиагүй болов. Өвгөн уухичин урагшилсаар... Ус өвдгөөр нь бүр цээжээр нь татав. Өвгөн алтан хуа цэцэгсийг гэмтээхгүйг хичээн сүлжих аядан явсаар нуурын мандал дахь саранд хүрч очлоо. Өвгөний зөвхөн толгой нь л уснаас ил үзэгдэх ажээ. Зэрвэс харсан хүнд мандал дээрх өдрийн цайвар саран толгойтой болсон юм шиг үзэгдэнэ. Хэдхэн хором саатсаны эцэст түүний тэргүүн ус руу аядуухан доошилсоор алга болов. Сэхээ орсон эмс хатад уруул амыг нь сая л нээгээд өгсөн мэт энд тэндгүй шогшрох, хашгирах дуун өрнөж сандралдав. Тэд сайхь өвгөнийг живж амиа алдсанд бус бүтэн жил хүлээн байж учралдсан алтан хуа цэцэгс нь нэг муу өвгөнөөс болж буртаглагдаж тэр шидэт цэцэгсэд гар хүрэх аргагүй болсонд мэгдэн үймсэн хэрэг. Алсханаас энэ үйл явдлыг хичээнгүйлэн ажиглаж зогссон арван нэгэн цэцэрлэгч өвгөн харин цэцэрлэгийн хашааны булан булан руу жирийлгэн одоцгоох нь тэр.

Tuesday, July 16, 2019


НАДАД


Хоосон чанарын үг шиг үг надад бий
Хоосон чанарын өвдөлт шиг өвдөлт надад бас бий
Хоосон чанарын хөмсөг шиг хөмсөг надад бий
Хоосон чанарын хүсэл шиг хүсэл надад бас бий
Хоосон чанарын харц шиг харц надад бий
Хоосон чанарын хайр шиг хайр надад бас бий
Хоосон чанарын уруул шиг уруул надад бий
Хоосон чанарын уянга шиг уянга надад бас бий
Хоосон чанарын алга шиг алга надад бий
Хоосон чанарын ааш шиг ааш надад бас бий
Хоосон чанарын бодол шиг бодол надад бий
Хоосон чанарын бороо шиг бороо надад бас бий
Хоосон чанарын навч шиг навч надад бий
Хоосон чанарын намар шиг намар надад бас бий
Хоосон чанарын хүлэг шиг хүлэг надад бий
Хоосон чанарын хөгжим шиг хөгжим надад бас бий
Хоосон чанарын үнэн шиг үнэн надад бий
Хоосон чанарын үзэсгэлэн шиг үзэсгэлэн надад бас бий
Хоосон чанарын завилаа шиг завилаа надад бий
Хоосон чанарын залбирал шиг залбирал надад бас бий
Хоосон чанарын...


НЭГЭН ЦАГИЙН ХОРВОО


Намар болоход ээжгүй хүн
Энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг
Ямархан марал од тэнгэрт ч гэлээ зүг чиггүй харавдаг                                                     
Солирын цохилтонд далай өнгөн дээрээ амгалан байдаг ч
Гүндээ бол ёолж байдаг
Сонгодог зургийн догшид жаазан дотроо омголон дүртэй ч
Мөн чанартаа бол уйлж суудаг
Ай лаа миний  нэгэн цагийн хорвоо...
Ургасан наран жаргадаг аугаа нэгэн ёсон бий ч
Униарлаг уулс мөстдөг аяар нэгэн хувирал буй ч
Зохирсон тэнгэр эвдэрдэг адайр нэгэн совин бий ч
Зовсон сүү мөшөөдөг аясхан нэгэн хуйлралт буй ч
Үүл хөвсөөр байхад энэ тунгалаг цагаан үүлс
Дураар хөвсөөр байхад
Үхэл гэдэг ч  худлаа даа
Үет шаргал өвс үзүүр алдан бөхөлзөж
Хүмүүнийг долгилуулсаар байхад
Үйл зовлон гэдэг ч хоосон доо
Дэлбээ алтан хэвлийт хурмаст янагхан эгшинд
Усан нүдтэнг
Дээд мандлын дайвалзаанд уруу нь алдан унагадаг ч
Болгоомж үгүй бүтсэн хялгана  төдий хүмүүн бие
Болор мөсөн уул мэт цацран асарлах нь байдаг даа
Сэрэмж  үгүй ташуулахдаа ганцхан зураасын төдийгөөр
Хүмүүний алганы хээнд тэнгэр том алддаг ч
Орчлонд арга мухардсан тавилангийн цагаан сарны дор
Оногдсон заяаны оньс гэнэт торхийх нь байдаг аа
Ай лаа миний нэгэн цагийн хорвоо
Бадмын дэлбээ ганцхан сарны гэрэлд тэтгүүлэн улаардаг ч
Бараан цөөрөмд нь түмэн нарны хүслэн унтаж  л байхын
                                                                                               агшинд
Дэлхий дайдын хөхөмдөг шастирийг эзэгнэгчийн
Дэлт хүлгүүдийн үүрсээнд  мянган оны уцаар тайвширч байхын
                                                                                             чөлөөнд
Би орчлонг бясалгадаг юмаа
Ай лаа Миний      
Нэгэн цагийн хорвоо
Нэт аянгалагхан зүрхний минь
Эгч нь юм шиг л ааштай даа...



НЭГ ИХ ТОМ ЦАГААН ЗААН


Нэг их том цагаан заан
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө
Хүчирхэг тэнгис далайн
Дөлгөөн чанарыг  дагуулаад явчихлаа
Хөрст дайдын
Намуун байдлыг суйлаад явчихлаа
Дорнын нууцхан инээмсэглэлийг арчаад буцчихлаа
Дотоор анир гүмийг нь эвдээд буцчихлаа
Навчин дээрээс шүүдрийг нь
Сэгсрээд явчихлаа
Нарны бурхдыг үймүүлээд  буцчихлаа
Цусанд гэрэлтдэг
Алтан тэнгэрсийг  хураагаад явчихлаа
Цасанд дарагдсан
Буурал уулсыг сэрээгээд явчихлаа
Догшидын мэлмийг аниулаад явчихлаа
Дорно өрнийг догшруулаад  буцчихлаа
Нэг их том цагаан заан
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө
Нэг их том цагаан заан...