Wednesday, July 17, 2019

"ЗҮРХЭН ЧИНАДААС" номоос

ТЭНГИСИЙН БҮЖИГ


Тэнгис нуурын мандалд тэнгэрийн одод тэр чигээрээ буучихсан мэт нэн үзэсгэлэнтэй. Од эрхэс нуурын хүйтэн тунгалаг ус руу чулуу мэт шидэгдэж буугаад эргээд нуурын мандал дээр шомбосхийн гарч ирж байна уу гэлтэй энд ч, тэнд ч гэрэл цэлс цэлсхийнэ. Яг үнэндээ нуурын мандалд туссан од эрхэс, шөнийн аялагч усан онгоцнуудын бүдэг цайвар, их тод шар гэрлүүдийн найрсал ийм дүр төрх урланам билээ. Усан онгоцны намуухан нүргэлэх дуун, ус зүсэгдэх чимээ сэтгэлийн хөгийг улам ч дэгжээнэ. Усан онгоцны задгай тавцан дээр хөнгөн хөгжмийн аялгуу исгэрэн цуурайтна. Тэр цуурайг долгис давалгаад булаацалдан шүүрч аваад бусад онгоцнуудад хүргэхээр салхилан одох мэт тэр хэмнэлт хөгжим нэг алсарч нэг ойртож сонсогдоно. Аялагчдын сэтгэл  хөдлөл тэдний бүжгийн хөдөлгөөнөөс илт. Гартаа болор хундагатай усан үзмийн дарс барьсан тэд сэтгэлээ гэгээн тунгалаг саран авхайд хундагалан баригчид гэмээр харагдана. Энэ орчлонгийн хар цагаан, жаргал зовлон, гэрэл сүүдрийг тэд энэхэн агшинд нэгэнт  гэтэлж чаджээ. Эргэн тойрноо ийн анзаарч догдлогсодыг харан догдолж, баярлагсадыг харан баярлаж, ариусагчдыг харан ариусч суухдаа ер нь хүмүүний энэхэн орчлонд ирэгсэд болор тунгалаг шилтгээн мэт сэтгэлээ улам тунгалагшихыг нь мэдрэх л гэж ирдэг бус уу хэмээн өөрөө өөртэйгээ ярилаа. Гэвч сэтгэл минь хүлэг онгоцны тавцанд үл захирагдах ажээ. Саяхан дөрөө мултлаад хөдөлсөн хэдий ч сэтгэл зүрх минь нуурын нөгөө эрэгт орших эрхэм Хүбагийн эдлэнд санамсаргүй үлдээж орхисон дэн мэт гэрэлтсээр байх аж. Тэр эдлэн алсрах тусам түүн рүү улам ойртож яваа юм шиг соньхон мэдрэмж төрнө. Хүбагийн эдлэнгийн цэлгэр тагт, улаан, цагаан дарс өрсөн ширээ. Яв ягаан царай, цав цагаан сахал...нүднээ хуучны кино дүрс мэт байн байн үзэгдэнэ. Идэр залуухан насандаа цагийн эрхээр эх нутгаасаа Австри руу дүрвэж тэндээсээ бүр Африк хүрч гэрэл сүүдрийн алганы завсарт бөмбөрч явахдаа дөрвөн далай, таван тивийг барагласан тэрбээр бидний сонирхлыг эрхгүй татсан сан. Үг яриаг нь сонсоод л суугаад баймаар...Ертөнц хоёр хаалганы дунд оршиж байна. Нэг нь гэрэл гэгээний хаалга. Нөгөөх нь түнэр харанхуйн хаалга. Бид ийм хоёр хаалганы завсар аж төрж байна. Харамсалтай нь ертөнцийн харанхуйн хаалга үргэлж нээлттэй. Харин гэрэл гэгээнийх нь хаалга үл мэдэгхэн нээлттэй байна. Зурвасхаан үзэгдэх төдий гэрэлтэй байна. Гэрэл гэгээний хаалгыг илүү нээмээр байна. Харанхуйн хаалгыг хаагдтал нээмээр байна. Үүнийг нээх оньс нь ертөнцийн хүмүүсийн сэтгэлийн ариун гэгээрэлд л бий. Хүбагийн энэ үгс дахин дахин бодогдоно. Цээжин дотор хэт цахичих шиг үе үе оч цацраана. Гэвч энгүүхэн нэгэн аялагч миний сэтгэл бас ч энэ үгсэд уулгамчлан хоргодоогүй билээ. Нуурын эргийн аятай тухтай эдлэнд ч биш. Тэдний задгай салхивчны дээрээс зүсрэн болин зүсрэн болин асгах бороонд ч биш, эрхэм Хүбагийн зооринд хадгалагдаж буй олон жил дарсан торх торх дарсанд ч биш. Харин тэдний залуухан авхайн царай төрх, аяг аашинд унан тусан татагдсан юм. Холын зочид биднийг сайтар дайлахыг даалгасан бололтой мөнөөх бүсгүй гэрийн үйлчлэгчдээсээ өрсөн өрсөн бидний ширээн дээр ирж дөчин жил, тавин жил дарсан усан үзмийн дарсыг байн байн инээмсэглэн сөгнөсөн сөн. Түүний гэгээ татсан гараас болор жүнз тосох бүртээ согтон согтон хөлчүүрхэх мэт мэдрэмж төрсөн сөн. Учрал тавилангийн тоглоом, шоглоом явж явж буурал европод авчирч зүрх сэтгэлээр минь наадлаа гэж үү. Эсвэл аж төрөхүйн уйтан бор хоногуудын тоосон дунд мартагнаж орхисон гэрэл гэгээг минь олж өгөх гэж тэнгэр бурхан энэ өдрийг сонгов уу. Үүлгүй тэнгэрийн аянга гэдэг нь цахилах нь энэ үү хэмээн цэнгэлтэй аялагчдын нэгээхэн завсарт давалгаадыг ширтэн явахдаа бодов. Нүдээ анихад мөнөөх бүсгүйн инээмсэглэсэн төрх, танил дотно хуруунууд нь үзэгдэж юу юугүй хацар уруулыг минь илбээд авах мэт болоход цочин нүдээ нээнэм. Уусан дарс толгойд гарч бодлын хөлчүү дээр нь нэмэгдэхээр гайгүй сайн согтдог байх нь гэж энэхэн зуурт бас сэхээрч амжлаа. Аравдугаар анги төгссөн жил. Аав, ээж хоёрынхоо ажилладаг амралт сувиллын газарт зунжин гал тогооны мод бэлтгэж бас үхэр тэргээр ус зөөж зуссан сан. Тав гурван төгрөгний цалин авч аав ээждээ нэмэр болох гэсэн эрмэлзэл минь тэр. Тэр зун өөрийгөө эрийн цээнд хүрчихлээ гэж итгэсэн хэрэг. Тэгээд л оройны бүжиг болгоныг алдалгүй оролцохыг хичээж өвөө, эмээгээ сувилуулж яваа үе тэнгийн ганц нэг охидтой бүжиглэж амжсан сан. Бүжиг хийх ч гэж юу байх вэ. Ах эгч нарын алхаа гишгээг дуурайн хэрдээ л хичээж хүн амьтны хөл дээр гишгэн гишгэн эргэлдсэнээ л бүжиг гэж байгаа хэрэг. Гэхдээ миний хувьд жиших юмгүй сайхан бүжиг болж байсан. Бүжигт уригдаж хэдэн орой хамт эргэсэн цэнхэр торгон дан дээлтэй, нимгэн улаан алчуур мөрөн дээрээ тохсон тэр нэг булбарай цагаан охины хувьд ч бас сайхан бүжиг байсан гэдэгт эргэлздэггүй.  Нэрийг нь хэн гэдэг, аль нутгаас ирсэн, хэд хоноод буцах гээд юу ч асуугаагүй хэрнээ өмнө нь очиж зогсоод бүжигт урьж алгаа дэлгэх болгондоо л бүхнийг ойлголцчих шиг санагддаг сан. Дотно сайхан инээмсэглэл, мөрөн дээр тавьсан дулаахан алга хоёроос нь үгээр илэрхийлэхийн аргагүй нандин шивнээг сонсчих шиг болж догдолдог сон. Гэвч эмчилгээний шавар олборлох сувилагч нарт дэм болох гэж хоёр хоног яваад иртэл нөгөө охин минь эмээтэйгээ хамт яваад өгсөн байж билээ. Тэр нэг үдшийн бүжигт очоод догдлон хүлээсэн боловч бүжиг таран тартал ирээгүй. Гайхаж цөхөхдөө ойролцоо насны амрагч охиноос зориглон байж сураглавал өчигдөр сувиллын хоног нь гүйцээд явчихсан гэдэг үгийг сонссон сон. Энэ үгийг сонсонгуут клубээс гараад амралтын байруудын дундуур зурайх банз модон замаар хол хол харайн гүйснээ санадаг юм. Хаана хүрэх гэж байгаа ч юм. Гэнэт амрагчдын цайны газрын үүдэнд тулаад зогссон сон. Бороонд дэвтсэн хажуугийн модон сандал дээр үүр цайтал суухдаа анх удаа ганцаардал гэж юу байдгийг амссан сан. Бас цээжин дотор зүрх гэж нэг юм байдгийг ч мэдэрч билээ. Зун, намрын сарууд богинодоо богино, уртдаа бас ямар их урт болохыг ч анзаарсан сан. Тэр зунаас хойш гурван ч зун сувиллын газар ирж буцан нөгөө охиныг харуулдсан боловч дахиж түүнийг олж хараагүй. Түүнийг дүрслэн бодож сэтгэлдээ хамт бүжиг эргэсэн үдшүүдээ тоолвол багашаархан нууранд чуулсан хунгийн тоог гаргасны дайтай тоо гарах бизээ. Өдөр сарууд ар араасаа далавчлан өнгөрч энэ богинохон учралаа мартаж санаж явтал нэг л мэдэхэд тохитой, тухтай айлын эзэн болчихсон байсан даа. Гэтэл энэ Тэнгис нуурын хөвөөнд, Хүба хэмээх эрхэм мажар эрийн эдлэнд, эрж хайж явсан хос цэцгийнхээ нэгтэй гэнэт таарах шиг мөнөөх охинтой эгэлгүй адилхан царай зүстэй бүсгүйтэй таарах гэж. Юу болох нь энэ вэ. Тоглоом даажин ч юм шиг. Олоон жилийн өмнөх тэр гэгээхэн охин надаас яваагүй байсан юм байна шүү дээ. Явж одох нь байтугай бүр зүрх сэтгэлийн минь хамгийн нууц шилтгээнд намайг харуулдаж суусан юм бишүү. Амьсгалж буй, амьдарч буй цаг агшин бүхэнд минь хамт байсан байх нь. Гэтэл би аж төрөхүйн бүүдгэрхэн манан дундуур дэн хайж яваа хүн шиг тэмтчиж явсан байх ч гэж. Цээж минь тэнийхийн дээдээр тэнийжээ. Сэтгэл минь уужрахын дээдээр уужирчээ. Амьдрал ийм төгс сайхан юм гэж үү хэмээн Тэнгис нуурын мандлыг цалгитал хашгирмаар санагдав. Хөлөг онгоцны тавцан дээр арай ядан багтах цэнгээнт аялагчдын нэгнийх нь хундагатай дарсыг шүүрэн авлаа. “Хүба танд баярлалаа” гэж хундагыг дээр өргөн хашгирлаа. Хөнгөн хөгжмийн аялгуунд чөлөөт бүжиг хийн дэвхэрч цовхорч байсан аялагчид юу гэж ч ойлгосон юм бүү мэд. Бүгд намайг түрж Хүба, Хүба танд, танд, танд баярлалаа...гэж өнгө өнгийн хоолойгоор хашгирцгаалаа. Сэтгэл минь урд өмнө нь ийм их гэрэлтэй басхүү ийм их жаргалтай байсан агшныг бодоод ер олсонгүй. Гарт минь хэн нэгэн дахиад усан үзмийн дарс бариуллаа. Тэр дарс энэ орчлон дээрх хамгийн амтат дарс байв. Нуурын зогсоол дээрх тод цагаан гэрлүүд ойртон иржээ. Тэр гэрлүүд яагаад ч юм дотно сайхан харагдлаа. Хүн бүхний зүрх сэтгэлийн гүнд оршин байдаг нууц шилтгээнүүд ийм гэрэлтэй байдаг ч юм билүү хэмээн бодов. Тэр сацуу усан онгоцны тавцангийн ирмэг дээр үсрэн гарлаа. “Хүмүүсээ” гэж догшин хэмнэлт аялгууг давж сонсогдтол чанга хашгирав. Тэгсэн хэдий ч хөөрсөн олны нэг хэсэг нь л над руу харлаа. “Дотоод шилтгээнүүдэд тань хэн хэн хүлээн суудгийг та нар мэдэх үү” хэмээн учир утгагүй мэт үгсийг цангинуулан хашгирлаа. Бүгд гайхсан харцаар харав. Тэд намайг ихэд хөлчүүрхэж хэмээн боджээ. Харин ч надруу их олон гар сарвайж хурдан буулгая, буулгая. Ус руу унах нь хэмээн сандралдах нь тэр.
Миний асуултанд хариулах нь байтугай, асуултыг минь ойлгосон хүн нэг ч үгүй. Хөнгөн хөгжмийн хэмнэл улам түргэсэхэд усан онгоц хүртэл цовхчин цовхчин бүжиглэж байх шиг санагдав.