Долдугаар сарын аясхан салхи цэцгийн үнэр түгээн
сэвшинэ. Ийм орой өргөн саруулхан цэцэрлэгийн хашаан дотор нааш цааш зөрөлдөн
алхах дорно зүгийн бүсгүйчүүд хэний ч харааг булаана. Хэний ч гэдэг нь яг
үнэндээ бол хэдэн цэцэрлэгч өвгөн л дөө. Гэхдээ тэд бүсгүйчүүдийг эгцлэн харах
хувьгүй улс. Дээр нь тэд идэр залуу цагаас тайган байх хатуу хуулиар
шийтгэгдсэн хүмүүс. Уг нь энэ цэцэрлэгт хүрээлэн дотор цөөнгүй дээдэс зугаацаж цэнгэж
байгаа ч зарим үед энэ олон хээнцэр
бүсгүйчүүд салхилахын мөн болж цэцэрлэг дотор хоёр нэгээрээ сэлгүүцэн
явах нь бий. Торгомсог өмсгөлүүд нь өөр өөр хэлбэр загвартай байх агаад өнгө
үзэмжийн хувьд цэцэгсийн мандалуудтай өнгө найрсаад диваажин гэж байдагсан бол
тэр нь энд л цогцлон байна уу гэж бодмоор... Гартаа барьсан хээнцэр хэлбэр
донжтой дэвүүрүүд нь цэцэгсийн мандал дамжин нисэлдэх гоёмсог эрвээхэйдийн өвөг
дээдэс нь байх гэж төсөөлмөөр бүсгүй бүхний энгэрт дэрвэс дэрвэс, анивас анивас
эрхлэлдэнэ. Хамгийн гол нь цэцэгс дамжин нисэх эрвээхэйд цэцэгнээс цэцэг рүү
дэрвэлзэн нисч энэ зууртаа агаарт сүлжилдэн зөрөлдөн наадна. Харин бүсгүй
болгоны энгэр дээр эрвэс дэрвэсхийх алгын чинээ дэвүүрүүд зөвхөн нэг нэг цэцгэн
дээр дурлан шимтэн эргэлдэх эрвээхэйд мэт. Ганхас гунхас намирах бүсгүйчүүд
цэцэгсийн мандал хоорондын нарийхан угалзан жимээр зөрөлдөн алхах бөгөөд зарим
нь түр зогсосхийн бие биедээ найрсгаар зам тавьж өгч мэхэсхийх нь бүсгүйчүүдийг
улам ч эрхэмсэг харагдуулна. Тэд явж байгаа эс бөгөөс усны мандал дээр урсаж
байгаа алин болохыг нь эс ялгам нааш цааш сүлжилдэнэ. Нэгэн бүсгүй гэнэт дуу
алдлаа. Ингэхтэй зэрэгцэн ойр дэргэд явсан бүсгүйчүүд гайхалзан зогтусав.
Бүсгүйчүүдийн гар дахь дэвүүрүүд дэрвэлзэхээ түр зогсон бүсгүй бүхнийхээ энгэрт
амсхийв. Тэдний торомгор нүднүүд бүгд нэг зүгт сортосхийв. Яг л талд бэлчиж
явсан гөрөөсний сүрэг бар юмуу ирвэс хараад гэнэт цочих мэт. Цэцэрлэгт
хүрээлэнгийн төв хэсэгт байх цэнгэг устай байгалийн бяцхан нуурын хөвөөгөөр
зугаалж явсан тэр бүсгүй нуурын мандалд тусах өөрийнхөө төрхөөс төсөөлөмгүй гоо
үзэсгэлэнг гэнэт олж хараад цочин дуу алдав уу гэлтэй. Мөнөөх бүсгүй ийш тийш
харж мишилзээд дуун алдалтынх нь авиа эгшиг оройны агаарч замхарч амжаагүй
байхад алтан хуа, алтан хуа хэмээн
энхрийхэн хоолойгоор дахин дахин хашгирав. Нуурын мандал дээр туссан өдрийн сар
бяцхан түрлэгүүдэд илбүүлэн чухам л олон эрсийн хараа булаасандаа ичингүйрэн
цомцойх үзэсгэлэнт бүсгүй мэт үзэгдэнэ. Энэ сацуу мөнөөх сарны дүрсийн эргэн
тойронд тоолж барамгүй олон дэлбээ гэгээ татуулан цэцэглэв. Долдугаар сарын
аясхан өдрүүдийн нэгэнд гэнэт цэцэглэдэг алтан хуа цэцэг дэлбээлж буй нь энэ.
Ердөө долоохон өдрийн настай ч энэ цэцгийг ихэс дээдэс, эмс хатад бүтэн жил
хүлээдэг. Алтан хуаг нуурын түрлэгийн аясаар ганхалзахыг нь үзвэл
бадамлянхуатай эндүүрэм ажээ. Саяхан нээгдсэн дэлбээнүүд нь сэрчигнэн өмөлзөх
нь өрөвдмөөр энхрий. Ойртож очоод сайтар ажиглавал тоорцог болоод бүхий л
дэлбээ нь улбар шар өнгөтэй болох нь анзаарагдана. Нэг ишинд хэд хэдэн цэцэг
үзэгдэнэ. Алтан хуаг дэлбээ нээнгүүт тусгай цэцэрлэгчид ёс дом гүйцэтгэн
хайчилж авна. Тэр энхрий зөөлөн бас анхилуун дэлбээнүүдийг цуглуулж ордонд
байрлах хаш чулуун сан руу арвин ихээр нь хийнэ. Ийн хэсэг байлгасны эцэст
мөнөөх усан сангийн ус хосгүй анхилуун үнэртэй болно. Бас тэр ус их зөөлөн улам
тунгалаг болно. Ингээд л сая хатад, дээдэс эцэг эхээс заяагаад өгсөн биеэрээ
тэр хаш чулуун сан руу орж булхацгаана. Бүтэн жил хүлээсэн цэнгэлтэй агшин нь
энэ. Алтан хуа цэцэг тэдний хувьд энэхэн хүмүүний ертөнцөд байж болох дээд
цэнгэлийг бэлэглэдэг ганц увьдастан нь. Тэр дундаа бүсгүй хүнээс л гарч болох
сэтгэлийн бүжиг, налархай аалийг нь нээж орхидог ганц түлхүүр нь. Энэ шидийг
хэзээ хэн анх нээсэн юм. Ямарч байсан тэр хүн хүмүүн гэгчийн нууц далд
инээмсэглэл рүү лавхан орохын хүсэлтэн байснаас ийм уран жимийг олсон бизээ.
Хатад эмс нуурын өгүүлшгүй үзэсгэлэнт мандлыг тойрон зогслоо. Тэд нуурыг
хөвөөлөн ургасан алтан хуа гэж андуурам үзэсгэлэнтэй. Энэ цэцэрлэгт хүрээлэнд
өдөр шөнийг эс ялган бөртөлздөг арван хоёр цэцэрлэгч өвгөн бий. Хэнийг нь ч эс
ялгам ойролцоо нуруу туруутай, бас бөгтөр нь хүртэл адилхан энэ өвгөдийн сахал
самбай нь хүртэл яг ижилхэн. Эндүү харсан нэгэн бол арван хоёр ихэр өвгөн гэж
уулга алдан өхөөрдмөөр. Тэд энэ эмс хатдаас илүүтэй алтан хуа дэлгэрэх цагийг
хүлээдэг гэдгийг энэ эрхмүүд эс мэднэ. Тэр байтугай энэ хэдэн цэцэрлэгч өвгөн
энэхэн орчлон дээр долоохон өдрийн нар, сарны гэрэлд баясаад хагдардагт нь энэ
энхрийхэн цэцэгсийг өрөвдөн эмтрэн уярахдаа энэ цэцэгсэд мөнхийн хутаг хайрлаач
гэж тэр долоон өдрийн туршид тэнгэр бурханд залбирдгийг нь бол бүр ч мэдэхгүй.
Тэр цэцэгсийн нүдийг энэ өвгөд л олж хардаг. Дэндүү энхрий, дэндүү цайлган,
дэндүү уяхан тэр нүднүүд өвгөдөд ямар уярам хөөрөөн дэлгэдгийг нуур усны нь
түрлэгүүд ч мэдэхгүй. Алтан хуа цэцэглэж дэлгэрсэн эхний өдрөө л аз жаргалаа
хайчлуулдаг. Энэ өдөр өвгөдийн аз жаргал ч бас хамт хайчлагддаг юм. Тийм
болохоор тэд хүн гэгч амьтан тэнгэрээс хайрласан насаа бүрэн эдлээд буцахаа
болиг. Үгүй ядахад цэцэг яагаад өөрийн насыг бүрэн эдэлж болдоггүй хорвоо вэ
хэмээн хэлэлцээд энэ зунаас эхлэн нэг нэгээрээ богинохон настай алтан хуад
долоон өдрийн насаа бүрэн эдлэхэд нь туслая гэж тохирчээ. Гэнэт нуурын мандал
дахь сарыг тойрч дэлбээлсэн сарны дүү нар гэмээр алтан хуа цэцэгс рүү хэн нэгэн
хүн ус үсчүүлэн орж явчих нь тэр. Сайн ажиглавал цэцэрлэгч өвгөдийн нэг ажээ.
Алтан хуаны сургаар нуур хөвөөлөн зогссон эмс хатад гайхах алмайрах зэрэгцэхдээ
үг ч үгүй, дуу ч үгүй анир гүм болов. Гагц нуурын зөөлөн түрлэгийн дуу, мөнөөх
өвгөний хөлийн аясаар пал палхийх усны чимээнээс өөр авиагүй болов. Өвгөн
уухичин урагшилсаар... Ус өвдгөөр нь бүр цээжээр нь татав. Өвгөн алтан хуа
цэцэгсийг гэмтээхгүйг хичээн сүлжих аядан явсаар нуурын мандал дахь саранд хүрч
очлоо. Өвгөний зөвхөн толгой нь л уснаас ил үзэгдэх ажээ. Зэрвэс харсан хүнд
мандал дээрх өдрийн цайвар саран толгойтой болсон юм шиг үзэгдэнэ. Хэдхэн хором
саатсаны эцэст түүний тэргүүн ус руу аядуухан доошилсоор алга болов. Сэхээ
орсон эмс хатад уруул амыг нь сая л нээгээд өгсөн мэт энд тэндгүй шогшрох,
хашгирах дуун өрнөж сандралдав. Тэд сайхь өвгөнийг живж амиа алдсанд бус бүтэн
жил хүлээн байж учралдсан алтан хуа цэцэгс нь нэг муу өвгөнөөс болж
буртаглагдаж тэр шидэт цэцэгсэд гар хүрэх аргагүй болсонд мэгдэн үймсэн хэрэг.
Алсханаас энэ үйл явдлыг хичээнгүйлэн ажиглаж зогссон арван нэгэн цэцэрлэгч
өвгөн харин цэцэрлэгийн хашааны булан булан руу жирийлгэн одоцгоох нь тэр.