НЭГЭН ЦАГИЙН ХОРВОО
Намар болоход ээжгүй хүн
Энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг
Ямархан марал од тэнгэрт ч гэлээ зүг чиггүй харавдаг
Солирын цохилтонд далай өнгөн дээрээ амгалан байдаг ч
Гүндээ бол ёолж байдаг
Сонгодог зургийн догшид жаазан дотроо омголон дүртэй ч
Мөн чанартаа бол уйлж суудаг
Ай лаа миний нэгэн
цагийн хорвоо...
Ургасан наран жаргадаг аугаа нэгэн ёсон бий ч
Униарлаг уулс мөстдөг аяар нэгэн хувирал буй ч
Зохирсон тэнгэр эвдэрдэг адайр нэгэн совин бий ч
Зовсон сүү мөшөөдөг аясхан нэгэн хуйлралт буй ч
Үүл хөвсөөр байхад энэ тунгалаг цагаан үүлс
Дураар хөвсөөр байхад
Үхэл гэдэг ч
худлаа даа
Үет шаргал өвс үзүүр алдан бөхөлзөж
Хүмүүнийг долгилуулсаар байхад
Үйл зовлон гэдэг ч хоосон доо
Дэлбээ алтан хэвлийт хурмаст янагхан эгшинд
Усан нүдтэнг
Дээд мандлын дайвалзаанд уруу нь алдан унагадаг ч
Болгоомж үгүй бүтсэн хялгана төдий хүмүүн бие
Болор мөсөн уул мэт цацран асарлах нь байдаг даа
Сэрэмж үгүй
ташуулахдаа ганцхан зураасын төдийгөөр
Хүмүүний алганы хээнд тэнгэр том алддаг ч
Орчлонд арга мухардсан тавилангийн цагаан сарны дор
Оногдсон заяаны оньс гэнэт торхийх нь байдаг аа
Ай лаа миний нэгэн цагийн хорвоо
Бадмын дэлбээ ганцхан сарны гэрэлд тэтгүүлэн улаардаг ч
Бараан цөөрөмд нь түмэн нарны хүслэн унтаж л байхын
агшинд
Дэлхий дайдын хөхөмдөг шастирийг эзэгнэгчийн
Дэлт хүлгүүдийн үүрсээнд
мянган оны уцаар тайвширч байхын
чөлөөнд
Би орчлонг бясалгадаг юмаа
Ай лаа Миний
Нэгэн цагийн хорвоо
Нэт аянгалагхан зүрхний минь
Эгч нь юм шиг л ааштай даа...