Friday, March 30, 2012

“ШИНЭ ЗУУН МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ”

Доктор П.Хишигбаяр


Дүрслэх арга барилын тогтолцоо нь төрөл зүйл хийгээд сэдвийн хувьд зохиолчийн урлан бүтээх чадамжийг хамарсан ойлголт юм.Тухайлбал яруу найрагч Ц.Бавуудоржийн нэгэн шүлэгт,

“Сүрчиг үнэртсэн гэзэгний урсгал зөөлөн сүлжээнд
Сүүдэр хулжсан шөнийн сарны гэгээ үгүйлэгдэнэ
Туяхан хурууны өндөг гэрэлтэж санчигаа засах чинь
Тунгалаг үүрийн гэгээнд ямар дотно үзэгднэм бэ” бүсгүйн гоо сайхныг дүрслэхдээ шөнийн гүн харанхуйг сонгож намуун аяз ,сүрчгийн үнэр,гэзэг ,сүлжээс,харанхуй ,цагаан хуруу,үүрийн гэгээг дотно сэтгэлийн хөгөөр хөглөж, үг хэллэгүүдийг оновчтой сонгож нягт тансаг урласан нь яруу найрагт шинэ дүрслэл болжээ.Онгод,авъяасаар бичсэн бүтээлээ зохиолчийн хөдөлмөрөөр засан сайжруулдаг нь түүний хэвлүүлж уншигчиддаа өргөн барьсан “Бүгээн анир” /1991 он/ “Гүмүда” /1993 он/ “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” /1999 он/түүвэр бүтээлүүдээс харагддаг.
Яруу найрагч Ц.Бавуудорж эх орон, хайр,анд нөхөр гээд уламжлалт сэдвүүдээр дүрслэхдээ шүлэг туурвих дорно дахины онолыг баримтлан ,өөрийн өвөрмөц хандлага, урлахуйн давтагдашгүй шинжийг нээн гаргажээ.Яруу найрагч Г.Мэнд Ооёо “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” түүвэр нь “...Дорнын тансаг хийцтэй дотоод гүн утгатай ,уянгалаг сайхан шүлгүүд бүтээж найрагчийн цээнд хүрсэн “-ийг илтгэн харуулсныг сайшааж тэмдэглэсэн байдаг.Ц.Бавуудоржийн шүлгүүдэд цагаан,цэнхэр  өнгө давамгайлдаг нь найрагчийн цогцлоодог гэгээлэг ахуйн тусгал юм.Орчлонгийн хар өнгө түүний дотроос шөнийг “урт цагаан шөнө” ,”цагаахан шөнө”, “саруулхан шөнө”,”гүн тунгалаг шөнийн ахуй”,”цэлмэгэр үдэш”,”цэлмэг үдэш”,”гэрэлт үдэш”,”цагаахан манант үдэш”гэсэн бол бороог “янагийн цэнхэр бороо”,”цагаан бороо”,”цэнхэр бороо”,”намирсан шаргал бороо”,”намираа бороо” зэргээр мөн өдрийг  утга эрчимжүүлсэн тэмдэг нэрээр “цав цагаан өдөр”,”цэв цэнхэр өдөр”гэж дүрсэлсэн нь бий.Монгол хүний сэтгэлд бадамлах эх нутгийн тухай сэтгэлгээ найрагчийн уран бүтээлд нутаг устай нь хүйгээр холбогдож

“Ертөнцөд гуниглал минь дэндээд ирэхээр
Ерийн сайхан уул Отгонтэнгэртээ очдог “гэх мэт олон шүлгээр илэрдгээс гадна язгуур монгол ахуйг дүрсэлж урладаг онцлогийг нь товойлгон харуулдаг.Тухайлбал

“Дорнын гэрэлт сарнаар жигүүрээ залах зүг минь билээ чи
Дуран өвөртлөөд хатируулчихмаар цэнхэр нутагт билээ чи”,

” Төгөлдөр саруулхан ижий минь намайгаа хүлээгээд
Төө цагаахан шөнөдөө сөөм гуниглах аа”,

”Дэлийг нь зассан шарга морь минь гол дотор
Дэнлүү адил туяатаад намуухан үүрсэх ээ” гэх мэт найрагчийн бүтээлийг уншихад нутаг, ижий, хүлэг гээд монгол ахуйн энгийн дүр зураг нүднээ буух ажээ.Мөн Ц.Бавуудоржийн шүлгүүдээс дорно дахины уламжлалт яруу найргийн сэтгэлгээг илэрхийлсэн,

“Гэгээн сарнаар хөвүүнээ санаад
Цагаан бүрүйд чулуун жүнзийг асаанам”,

” Нарийн архи ,муутуу үдэш л
Найрагч андын чинь амраг юм шүү” зэрэг олон тансаг зураглалыг уншиж болно.Уянгалаг зөөлөн аяс бүхий

“Галбирыг минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
Бүлээн бороо дусална”,

”Бийрийн чинь үзүүр шингэрвэл хаа газраас ч дуулгана гэж итгэдэг ээ
Билиг бодож тэр цагт мөнгөн санчигнаасаа хаврын шувуугаар өгүүлнэ зэ “ уран бүтээлчдэд л заяадаг торгон мэдрэмжээ ийн аргамжиж

“Зандаар урласан гөрөөс амилж босоод гүйвэл
Замбага цэцгийн үнэртэй шүлэгчийн сэтгэл тэр шүү”,

”Цэн найраг бүтэх нь агар зандангаар гөрөөс зорох адил” ,

”Галынхаа дэргэд тонгойсон хан Алтайн бүсгүй
Галидаасын бийрийн мөнгөн бэх нь юмсан “гэх мэт нарийн зурж шүлэг туурвисан нь өнөөгийн монгол яруу найргийн санд залуу яруу найрагчдын оруулах их бүтээлийн эхлэл олз омогтой байгааг илтгэж байна...


“ШИНЭ ЗУУН МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ”  шүүмж судлалын ном / 2002 он/  

Thursday, March 29, 2012

ЗӨРӨН ӨНГӨРӨХ

Доктор П.Хишигбаяр


  Яруу найргийн бүтээлийг уншиж байхад шүлэг эх орон –энх тайван ,хайр-хагацал,тэнгэр-газар,өнгө зүүд-сэрэхүй,улирал ижий-аав,өглөө-үдэш,уул-тал,нар-сар,би,эр хүн,бүсгүй ,эхлэл-төгсгөл,ганцаардал-хос хоёр,цэцэг,ирэхүй-одохуй,аялгуу ,бороо-цас,харц,өвс зам харгуй гээд олон сэдвээр бүтээлээ туурвижээ.Эдгээр олон сэдвээс бүсгүйг тэр дундаа зөрөн өнгөрөх бүсгүйг яруу найрагчид хэрхэн дүрсэлсэн бол гэдэг асуудал анхаарлыг минь татсан юм.Яруу найраг энгийн гоо сайхныг магтан дуулахад зориулагдсан юм шиг санагддаг.Энэхүү гоо сайхан нь дахин давтагдашгүй ,түүнийг дүрслэн туурвих нь ч бас эгнэшгүй.Ийм үл давтагдах агшин бол зөрөн өнгөрөх бүсгүйн харц,гуниг,үнэр,үзэмж,сайхан нь билээ.Гэвч зөрөн өнгөрөх тансаг гоо ертөнц учрах-эс учрах ,мэдрэх-эс мэдрэх ,хайрлах-эс хайрлахын баяр гуниг зөрчлийг авчирна.Ц.Бавуудоржийн шүлгийн жишээн дээр...

1.”Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглуу
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу...” учрал гэхээр учирсан мэт...учралын сэжүүр гэхээр дөнгөж уулзаад танилцсан мэт...Зөрж одсон болохоор гуниглуу...өвс норсон мэт...Зөөлөн бороонд норсон мэт уяруу.Гунигаа дагаад уярах.

2.”...Дөлж зөрсөн гоо охид дурлалдаа гэрэлтсэн шөнүүдийн
Дөлгөөн сарнаар цацарсан аригхан цас аа би” өөр нэгэнд хайраа зориулах гоо охид сэтгэл хоёр зөрчилдөвч яруу найрагч дөлгөөн сарны дор гэгээн сэтгэл,найраг дуугаараа цас болон сацрах ажээ.

3.Хувь тавилангаа дагадаг хорвоод,
“Товшиж өнгөрсөн бүсгүй эргэж ч харахгүй нь энгүүн
Товчлоогүй энгэрийн зах руу цас урсах нь л бүлээн”.Хувь тавилангаа дагаад бүсгүйн одохыг ердийн энгийн зүйл гэж хүлээж авсан байна.Бүсгүйн цоглог жигд алхаа ,задгай энгэр даган орох цасны амьсгалыг халуун дулаан мэдрэмжээр хүлээн авч илэрхийлжээ.

4.”...Тунгалаг гоо бүсгүй өмнүүр гунхаж одно
Туяарсан хөх урсгал салхи татуулан сэвсхийнэ “ Гоо бүсгүйн үзэсгэлэнг тунгалаг гэдэг үг нэмэн гунхаж хэмээн тодотгоно.Гоо сайхны урсгал...сэвсхийнэ гэж хөнгөн сайхан мэдрэмж үүсээд замхрахыг өгүүлжээ.Зөрөн өнгөрөх бүсгүй, зөрж одсон агшин нь найрагчийн сэрэхүй юм.Хувь тавилангаа дагаад үл учравч энэ хэдхэн хормыг мэдрэн шүлэглэсэн нь түүний суу билгэ ажээ.Харин энэхүү гоо сайхны сэтгэлгээ,арга барилаар илэрсэн дүрслэлээр илрэх зөрчлийг тунгаавал:

1.Юмс үзэгдлийн дотоод мөн чанар нь зөрчил юм
2.Зөрчил зөвхөн эсрэг хоёр шинжийн эсрэгцэл биш түүний зохилдохуй юм.
3.Зөрчил ба энгийн байх үзэгдэл,иймээс оршихуйн үндэс мөн.
4.Юмс үзэгдлүүд харилцан зөрчилдөж нэгдэж байдаг.Иймээс ертөнцийн бүх юмс хөгжил хөдөлгөөнд оршдог гэсэн бодол дүгнэлтэд хүрч байна.Яруу найраг бол та бидний ертөнц, хийсвэрлэл юм.Өвөг дээдсийн санчигт долгилсон буурал мөрөн Буянт минь урссаар...Таны эргээр  зугаалан дөлгөөхөн урсгалыг чинь чагнаархан бодол болж ,бие биеэ даван долгилох долгисыг чинь ширтэн суухдаа урсгал сөрөн жирэлзэх бяцхан жараахай их усан дотор тэмцэн амьдарч буйг харлаа.

 “ШИНЭ ЗУУН МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ” шүүмж судлалын ном / 2002 он/  

Tuesday, March 6, 2012

Ц.БАВУУДОРЖИЙН СЭТГЭЛИЙН АЯЗ БА УРЛАХУЙН ГҮНЗГИЙРЭЛ



Д.Цэвээндорж /доктор, профессор/   “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин / 2008 он /


      Уран зохиол, ялангуяа яруу найрагт цаг хугацааны асуудал ертөнцийн орон зайг илэрхийлсэн өвөрмөц байдлаар тусгагддаг бөгөөд гүн ухааны ойлголтоос  тэс өмнөө буюу найрагчийн хэдэн зууны тэртээх оюун сэтгэлгээний хийсвэрлэл хоромхон агшны дүрслэлт буулгаврыг заадгаараа сэтгэхүйн шалмаг үйлдэл ,төсөөлөлт бодомжийн үүднээс бие даасан шинжтэй.Тийм ч учраас утга зохиолын онолд орон зай,цаг хугацааг эртнээс онцолж ирсэн бөгөөд зохиолч уран бүтээлчид бодит цаг хугацаа төдийгүй сэтгэлгээний алслалаа түүхэн дурсамж ,гэгээн сэрэхүйн чанадаар дүрслэн тэмдэглэж иржээ.Уянгын зохиол яруу найрагт дүрслэгдэхүүнээсээ улбаалж оюун санааны төсөөлөлт “туршилт” гэж хэлж болохуйц  өвөрмөц байдлаар цаг хугацааны хоромхон агшны болон мөнхийн шинж чанарыг тусгадаг бөгөөд бөгөөд академич Д.С.Лихачев “Уран зохиол нь урлагийн бусад төрлийг бодвол ямар ч талаар цаг хугацааны урлаг гэж хэлж болно.Цаг хугацаа бол уран зохиолын объёкт ,субъект  дүрслэлийн хэрэглүүр болдог гэж тэмдэглэсэн нь бий.Өөрөөр хэлэхэд уран бүтээлч хүн ертөнцийн оршин тогтнох ахуйн тодорхой хэмжүүр болсон гурван цагийн хэлхээнд цаг хугацааг анирдсан  хүслийн биелэл, мөрөөдөлт санаашралаа уянгын баатрын сэтгэхүйн бодомжоор тусгадаг болох нь ажиглагдддаг.Харин би энд Ц.Бавуудорж найрагчийн нэгэн шүлгээр жишээлэн яруу найргийн цаг хугацааны хэмжүүрийг авч үзэхийн өмнө туурвилзүйн мөн чанарыг нь тодотгон баримжаалах нь зүйтэй санагдана.Түүний Дорно гэх хамаатуулал нь ахуй юмс ,байгалийн үзэгдлийг санаагаар холбож  ,ураар тэгшлэх зөн мэдрэмж ,дүрслэлийн холболтонд байна.Оюун санааны аялал нь шүлэг яруу найраг болон гэрэлтэн хоцордог сэтгэхүйн алслалаар  юмс үзэгдлийг хөвөрдөн учигласан ,эх орон нутаг усаа гэсэн элгэн халуун сэтгэлээр түүхэн хатдын тухай нэхэж өгүүлсэн хийгээд сарны орон зайн дүрслэлт буулгавар тэргүүтэн нь шинэ яруу найргийн  ,тэр тусмаа дорнын ,Монголын яруу найргийн шинэ өнгө төрх ,ур хандал,чадал чансааг илтгэдэг.Жүнзтэй дарсны уйтгарлалыг тандан мэдэрсэн дүрслэлийн чанадын сэтгэмж,ланз үүл гэх мэтийн давтамжит дүрслэл бүхий хэмнэл айзмын жигдрэл ,үгийн сонголт чөлөөтэй нь дорно гэх намба аястай ,утгын өргөн цар хүрээтэй дүрслэгддэг онцлогтой юм. Өөрөөр хэлэхэд утгыг голчилж ,ураар тэгшилдэг билгүүн их сэрэл ,эгээрэл түүний найраг шүлгэнд гэрэлтдэг.Ийнхүү монгол ахуй ,түүхэн хатдын тухай найраглал бүхий утгын гүнд шүтэгдсэн дүрслэл яруу шүлгүүдээс “Монголын их амар амгалан” бүтсэн бол Энэтхэг ,Бангкокт бичсэн дорно сэтгэлгээ,ахуйн дүрслэл бүхий гүнзгий бодол хүвэрдсэн шүлгүүдээс дорно гэсэн тодотгол нэршил бүхий яруу найргийн “Цагаан уул”,Цаст Отгонтэнгэрийн  мөнхийн “өвс” ургуулжээ.Гэгээн сэрэл,торгон мэдрэмжээрээ анирдсан зөн сэрэхүйн дуулал гэгэлзэж хэмнэл айзам бүхий төсөөтэй үгээр сүүл толгойг ижилсүүлэн авиа дууриалгасан нь түүний яруу найргийн далд уянга,дотоод тэмтчилд онцгой байртай юм.Хөг яруу,хөгжимлөг хайрцаглал,уянгын тэнцүүлэлт нь сонгодог монгол бичгийн яруу найргийн үр хөврөлийг баттай хадгалсанд оршино.Ийнхүү хэмнэл зохис,хээнцэр уран шүлэглэл ,задгай хүүрнэл ,айзмын таслалт зэрэг нь утгын гүнд шүтэгдсэнээрээ уянгыг бадрааж ,ухаарлыг эрчимжүүлжээ.Иймийн учир үгийн мэдрэмж ,утгын зохицлоор яруусч ,уянгын давталт ,ухааны бясалгал ,урын гүнзгийрэл нь нэвт сацарнам бус уу.Харин шүлгийн зохиогдсон он цагийг тодорхойлоогүй нь сонгодог шүлэг хэдэнтээ давтагдсан ч язгуур санаа ,дотоод мөн чанараа  гээдэггүйн адил зохиогчийн санаж сэрсэн оюун санааны танилт  ,ур ухааны тэсрэлт ,санаа сэдлийн “олзлол”-ыг нээн тодруулдгаараа чухал үүрэгтэй болохыг анхаармаар.Авъяасыг боловсролоор тордсон түүний бүтээлүүд сүүл давталтын хэмнэл төгс жигдлэлтэй болсон ч шадын эцэст хүүрнэлтэй холбосон нь шүлгийн тогтолцооны зохирол ,уянга яруугийн алслалд зохимжтой хайрцаглал болдог нь онолын суурь бүтээмжийн хувьд гойд тохирч байна.Нэгэн санаанаас хоёр утга сацрааж ,нэг утгаас нэжгээд бясалгал “төрүүлсэнд” түүний найргийн шим,онгодын хур давалгаална.Тэрээр “Хөх өвсний налах чимээ сонсогдоно Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана “ хэмээсэнд эл өвсний чимээ нь яруу найрагч Д.Нямсүрэнгийн өвсний анираас тодорхой эзэн биетэй унаж буй,чиглэгдэж буй буюу бусдаас хамааралтай үйлчлэлийг хөдөлгөөний үйлээр харуулахын зэрэгцээ мөнхүү өвс өө “хөх” болохыг онцолсон нь гүн ухааны аяз ,цаг хугацааны “үнэр”-ийг мэдрүүлдэг.Удаахь шаданд гэхэд уйссан, санааширсан  сэтгэлийн угт булталзах урт түүхийн будангуйг “хөндүүр зүрх” гэсэн ончтой тодотгол  бүхий нэршилд тохоож байрлуулан ,мөнхүү сэтгэлийн аглагийн цаг хугацааг анирдсан шөнө дүлийг сарны гэгээтэй холбож тэрхүү байгаль эрхэс сэтгэлийг нь тэмтчин “шагалзаж” буйг дүрслэн буулгаж чаджээ.Эл хоёр мөрнөөс яруу утгын гүнд нь очиж олж харсан найрагчийн гэгээн алслал ,торгон мэдрэхүй нэвт гийдэг юм.Сэтгэлийн утсыг доргиож оюун санааны  нэг тийм зөн сэрэхүйн гүнд тулгаж яруу аязыг санаашруулах түүний нандин тансаг мэдрэмжийг лавшруулбал

“Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн дор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын  зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчигны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гуниг орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнэ ээ би” гэсэн бусдаас бүтээлчээр суралцаж ,өөриймсүүлж буулгасан түүхэн тэсрэлт, орон зайн алслалт мэдрэмжийн буулгавраар  дурсахуйг нэрлэж болно.Энд зөвхөн нэгэн нийлэг санаа ,дүрслэлт эгээрлийг нэрлэвэл зохиолч Д.Батбаярын “Айсуй баярын зөн” /өгүүллэгийн түүвэр 1990 он/ зохиолоос хожуу бүтээгдсэн тэрхүү зохиолын санаа гялсхийх боловч өмнө бидний ярилцсан Д.Нямсүрэн найрагчийн өвсний чимээнээс ургуулан өнө хойчийн гэрэлт агшинг мэдэрсэн лүгээ адил тэрхүү ирж буй баяр бахдалыг “яваа” гэж тодотгон “совин” гэсэн холбоо гинжлэлд хамааруулснаараа зохиолын тэнэмэл санаа ,дотоод мөн чанараа тэмтэчсэн найрагчийн “Сэтгэлийн аяз” болсныг олж харж болно.Энэ мэтчилэн түүний найраг шүлгийн нэг үг бүхэн ончтой сонголт бүхий орон байраа эзэлсэн шүлгэн шившлэгийн хэлхээ болж буй тул үг бүрт утга дурайж ,утгын цаадах санааны шидлэгийг урин дууддаг онцлогтой ажээ.Тиймээс нэгэн найрагчийн онож хэлснээр “үг бүртээ ачаа үүрсэн” гэдэг үнэлэлтэнд Бавуудоржийн яруу найргийн далд айзам,яруу олонлогийн цөм гээд бүгд багтана.Оюун санааны гүнзгийрэл ,насны ухаарлыг “хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно” гэж хэлсэн нь хүн насжих тусам орчлон ертөнцтэйгээ дотносож ,ээнэгшиж байдаг мөн л цаг хугацааны  мөн чанарыг хөндөж сэтгэлийн нүдэнд учрал энэрэл гэрэлтэж буй уран хийсвэрлэлээр дүрсэлсэн юм.Бас “харьж яваа орчлонгийн хором намайг урсгана” гэсэнд  орчлонгийн харих цаг бус түүнээс цахилан алсалж буй цаг хугацааны гэгээн сэрлийг сануулж түүний хэмжүүр болсон мөч “хором урсгаж “ буйгаар төлөөлүүлэн тэрхүү өвгөн аршийн харсан ирээдүй үе залгамж хойч нь цэцэглэн дэлбээлж буйг удаахь мөрөндөө онож хэлсэн гэж болохоор.Яруу сайхны эерэг эрчим хүчийг “гал”адил цуглуулсан найрагчийн оюун санааны ертөнцийг нээж  нар туссан газар орон бүхэн буюу ертөнцийн хүмүүн бүхлээр  найрагчийн хувь төрлөөс “нар”-ны илч гэгээ нэхэж  бороон дунд сормуусаа чийгтүүлэхийг хүсэмжилж буй “би “ баатрын санаашралыг яруу тулгалтаар буюу үзэгдэл юмс доторхи ижил мөн чанарыг харшуулж нээдэг нь уламжлалт “нэгийг нөгөөгөөр” зүйрлэн адилтгаж зүсэглэн чимэглэдэг ур маягт шинэчлэл  болсон гэж үнэлж болно.Түүний дараахь шаданд ч мөн адил нэгэн цаг хугацааны хэмжүүрт оногдох сарны гэгээнд өвсний шүүдэр цайрч харагдахуйд  “салхины мэдрэмж” алганы хээнд сарниж буйгаар хувь заяа, хүмүүний шидийн чанарыг эгээрч өнөөх хөндүүр зүрхтэй найрагчийн гэгэлзэл, бодлогоширлын аглаг туйлдаа хүрч, санчигных нь мөнгөн сорд залуу насаа тольдохыг санаархаж буй цаг хугацааны асуудлыг дахин дэвшүүлэн “хээнцэр гоо” нэг тийм эрхэмсэг  араншингаа хэн ч бүтээхгүй гуниг болгон орчлонд бэлэглэх найрагчийн омог бардамнал, тэгсэн атлаа хөнгөн уйтгарлал нуугдаж  оршсон эл шүлэг бол бүхэлдээ бүтэшгүй мөхөшгүй хайрыг хөнгөн тоочсон бус урнаар төлөөлүүлж цаг хугацаагаар өртөөлүүлж хэлж чадсан нь Бавуудоржийн яруу найргийн туурвил зүйн ололт хөгжлийн үзүүлэлт болох юм.Эл арван найман мөр бүхий нэгэн шүлгээр түүний “яруу” аглагт сэрсэн бодрол бясалгалын чамин хээнцэрлэл, чанарын тэнцүүлэлт, цаг хугацааны мэдрэмжээс тольдон хуваалцахыг хүслээ.”Сэтгэлийн аяз” хэмээх эл шүлэг бол түүний эрихлэж ботилсон хоёр шилмэл дэвтрийн ердөө эхний шүлэг бөгөөд цаана нь хэдэн зуугаар тоологдох шүлэг найраг таны гэгээн мэлмий, оюуны тааллыг хүлээзнэн үлдлээ.”Монголын их амар амгалан”,”Дорно зүгт өвс болно” оо.     

Ц.БАВУУДОРЖИЙН ЯРУУ НАЙРАГ ДАХЬ МОНГОЛ АХУЙН ДҮРСЛЭЛ ХИЙГЭЭД ДОРНЫН ШИНЖ

П.Отгонбаяр  / залуу судлаач/

   Энэхүү өгүүллээрээ Ц.Бавуудоржийн яруу найргийн гол онцлог болох дорнын яруу найргийн эрт эдүгээгийн хэлбэр донжийг ихэд эрхэмлэн бичдэг монгол шүлгийнх нь онцлогийг тодруулахыг зорилоо.Түүний шүлэг бүтээлийг дорнын өнгө аяс, хэлбэр донжтой болгож байгаагийн нууц нь үгийн сонголтонд байх шиг санагддаг.Тэрээр сэрүүн дагшин уул, галб арваасан мод, наашлуур мод, бишгүүр өвс, нүцгэн өвс, ланз үүл, бад хээ, гүнгэрваа, хувилгаан ,дүвчин, эвэр хундага, хасбу тамга, дүнчүүр он, болор жүнз, ганлингийн эгшиг, бэхсийн урсгал, эгшиглэнт бэлхүүс, пийпаа, жимбүүр, гүмүда гэх мэт дорно дахины амьдрал ахуй ёс заншил ,сэтгэлгээтэй холбоотой, дорнын ном зохиолд түгээмэл тааралддаг үгсийг ашиглан бичдэг бөгөөд эдгээр үгс нь түүний шүлгийн зөөлөн эерүү, гэгээн гунигтай, яруу тансаг дорнолог болоход нөлөөлдөг мэт.Ц.Бавуудоржийн яруу найргийн үгийн санг авч үзвэл дийлэнх хувь нь хүнд эмзэг зөөлөн ,уяруун сэтгэгдэл төрүүлэхүйц эгшиглэнтэй үгсийг сонгосон нь ажиглагддаг.Нэн ялангуяа сар, үүл, үдэш, цэцэг, моддын дүрслэл элбэг байдаг нь дорно дахины яруу найргийн уламжлалт дүр дүрслэл арга барилаас суралцаж байсны гэрч гэж үзүүштэй.Тухайлбал молор саран, тэргэл саран, үнэгчлэн байгаа саран, нулимстай цагаан саран,  уйтай саран, шаргалхан саран, бөртэ саран, бүлээн саран, цэлмэгэр саран, идэрхэн саран, тангад саран гэх мэт дүрслэлүүд илэрдэг.

”Мөрний мандалд талимаарсан цэлмэгэр сарны аниргүйд
Мөнх хийгээд мөнх бусын мөнгөнхөн санчиг болном за
Бөртэ сарны явдал түмэн янзаар тайлагдахад
Бүсгүй биеийн гуниглан ямархан сарнаар цийлэлзэнэ вэ...”

“Цаст уулын цэцэг өдрийн дэн шиг гэрэлтээд
Цагаан тэргүүнд нь шаргал бүрий тоорогтоно
Сайхан монгол бүсгүйд эхийн жаргал эдлүүлсэн
Сарны тансаг шөнүүд цав цагаахан үзэгдэнэ...” гэхчлэн дорнын яруу найраг дахь сарны дүрслэлийг баяжуулж монгол ахуй, монгол сэтгэлгээтэй шүтэлцүүлжээ.Дээрх шүлэг нь нүүдэлчин ард түмний аж төрөх ёс, эрхэлж буй ажил хөдөлмөрийн өвөрмөц онцлогийг тусгаснаараа дорно дахины сарыг хүсэмжлэх сэтгэлгээтэй шүлгийн дүрслэлийг баяжуулсан байна.Мөн түүнчлэн
“Дөлж зөрсөн гоо охид дурлалдаа гэрэлтсэн шөнүүдийн
Дөлгөөн сарнаар цацарсан аригхан цас аа би
Сормуус тэмтрэх сарны гэрэлд цас будрах нь тогтуун
Сонордохуй улаахан навч ганцаар мөчиртөө сэрчигнэх нь уянгалаг ...” гэхчлэн шүлэглэсэн байдаг.Ц.Бавуудоржийн яруу найрагт “зохист аялгууны толь”-ийн адилтгал зүйрлэлийн жишээ тодорхой байрыг эзлэх бөгөөд Энэтхэг,Түвдийн гүн сэтгэлгээний уянгад эртнээс уламжлал болсон уран сайхны сэтгэх хэв маягийн нэг нийтлэг арга “гүтгэх “ чимгийн зарчим ажиглагдаж байна.Жишээ нь:

“Галбирыг минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
Бүлээн бороо дусална”,

“Нандин дурсамж хөглөсөн зүсрээ цагаан бороо
Нарийхан цэнхэр зөргөөр марал буга шиг л ирдэг сэн..”гэх мэт жишээг дурдаж болох юм.

”Бүрэнхийд гарыг минь энхрийлсэн удвал уруулын анир сонсодвой
Бүр эртийн марал саран дотор чихээ хөдөлгөнө ..”энд дурдагдаж байгаа удвал цэцэг шиг уруул нь зохист аялгууны онолоор “няцагч адилтгал” хэмээн тайлбарлагдана.

”Домгийн цэцэн марал ятгын галбиртай болоод
Дорнын тансаг цэцэгс хатан Хулангийн харцтай..” гэсэн мөрүүд ч бас үзэсгэлэнт адилтгалын жишээ бөгөөд энэ нь жавхлангаас бага юм үлэмж их жавхлантай юмтай адил болохыг өгүүлж сайшаах зүйлийнхээ эрхэмсгийг гаргах арга бөгөөд энэ шүлэгт марлыг ятгатай адилтгаад марал нь ятгын галбиртай болсон гэсэн нь марлын ихэмсэг жавхланг тодотгожээ.Найрагч тэрбээр

“Хөхөлбөр чулуун өвгөд хээрийн салхинд онгож
Хөдөөгийн бүлээн саран шарга адуу шиг ..." хэмээн сар бол адуу шиг хэмээн адилтгасан нь “адил тэгшийн адилтгал” бөгөөд  сар бол адуу гэсэн өгүүлбэрийн харьцаа болж хоёр зүйлийг адилтгажээ.Уг шүлэгт эртний хөшөө дурсгал дурдагдаж буй бөгөөд түүнд хандах найрагчийн нандин зөөлөн мэдрэмж харагдаж байна.

“Хойморь унасан саран дотор нүцгэн хөл гишгэх нь толь хагарахын адил..” гэх мэт адилтгалын жишээгээр ч баталж болно.

”Дорнын тал нутагт өвсөн жимбүүр солонгороод
Домгийн сайхан Шармаань үүрийн аньсгыг сөхнө
Тэр л зүгийн тэнгэрт алтан ланз үүл
Тэлмэн харцны шувуудтай хангайн зүг  нүүнэ...”гэсэн домгийн сэдэвт шүлэгтээ өвсний найгах, ганхах, халиурах, шуугих айзам хэмнэлийг  “жимбүүр” хөгжмийн эгшигтэй таацуулан өгүүлсэн бөгөөд тэнгэртээ хээ хуар үүсгэх шинжээр “ланз үүл” гэж үүлсийг дүрсэлсэн нь өвөрмөц содон болжээ.

“Гансанд алтан цох эргэх дорно нутагт
Гартаам найраг сийлсэн халх хөвүүн ямар бол
Ягаахан пансыг хадаг болтол
Ялдам сарны дор уярч суунам...” гэсэн бадагт гансанд улалзах цогийг “алтан цох” ,найргийг “гартаам” хэмээн ягаахан пансыг хадаг болтол ялгуун саран дор уярч суунам гэсэн нь яруу найрагчийн хөдөлмөр нарийн чимхлүүр хийгээд пансыг хадаг болтол буюу энгийн зүйлийг  уян зөөлөн болгож хүнд эмзэг уяруу мэдрэгдэхээр бичсэн нь мөнхүү найрагчийн мэдрэмжийн бараа царааг илтгэх мэт.Түүний яруу найрагт”Цагаан цагаан туулай огторгуйд гүйлдээд ...” гэх мэт дүрслэлүүд ононтаа таарах бөгөөд хуучны илт өгүүлэх ёсны уламжлалыг дуурайж  бус өөрийн үзэл танилтаар хийсэн шинэ ёгт нэршээлийг өргөн хэрэглэж байгаа нь хэлний уран дүрслэлийн үүрэг,үгийн сан,хэрэглээний хүрээг ихээхэн баяжуулж байна.Жишээ нь

“Усанд буусан дүүрэн цагаан саран дээр
Утгын хөх амуу тариалах гэж зүдэрсээр
Уяхан ижийнхээ үнэн хар гэзгэнд
Тэнгэрийн цас унагаж
Нэгэн цагийг орхив би...”  Утгын хөх амуу нь бичиг зохиол,яруу шүлэг гэсэн шинэ нэршээл болж байхад “тэнгэрийн цас” хэмээх нь буурал суух, өтлөхүйн ёгт илэрхийлэл болсон байна.

“Лаа гэрэлтэх нь гүмүда  дэлгэрэх шиг
Лаврин байдаг аа цаст ууланд ...” хэмээн зориудын дараалал хэрэглэж монгол шүлгийн дүрслэлийг  баяжуулж  дээдсийн суудлын “лаврин”хэмээх хүндэтгэлийн үгийг ашигласан нь шүлгийг  илүү эрхэмсэг болгож буйг харж болно.
Ийнхүү ”Баруун мөрөн дээр минь
Амар амгалангийн суу билэг
Зүүн мөрөн дээр минь
Ариун дурлалын буурал хөгжимч завилсан
Амирлангуйн нууцат дорно билээ би .. “ хэмээн эхэлдэг “Дорно”  шүлгээрээ ч дорно тэр дундаа монголын их амар амгалангийн төгс төгөлдөр зохицол хийгээд мөн чанарыг гайхалтай дүрслэн тодотгожээ.Ц.Бавуудорж шүлгээ хайрцаглаж, дөрөв, зургаан мөрөөр хос холбож адилтгал, зүйрлэл, уран давталтын аргыг өргөн хэрэглэж бичдэг онцлогтой яруу найрагч юм.Ингэхдээ толгой, сүүл, дунд холбоцыг  чадмаг тохируулж шүлгээ уран  яруу  болгож чаддаг ажээ.

“Догшин хутагт Равжаа нууцхан цэнгэлд халамцаж
Дорнын буурал говьдоо шүлэг шиг амьдарсан байх юм
Домогт Хэрлэнгийн хөвөөнд амрагийн саран мэлмэрч
Долоон бурхан од нулимстай инээсэн байх юм”   / Нууц амраг / хэмээн монгол яруу найрагчийн амьдарч байсан тэр цаг үеийг нэхэн дурсахдаа догшин хутагт, дорнын буурал говь, домогт Хэрлэн, долоон бурхан од гэсэн үгсийг сонгон ур утгыг нь жигдрүүлэн үзүүлэхдээ “до” гэсэн үеэр толгой холбосон нь шүлгийн санааг гаргахад чухал нөлөөтэй болжээ.Ийнхүү монгол шүлгийн толгой холбоц нь зөвхөн гадна өнгөн талын  хэлбэр төдий зүйл бус мөр бүрийн айзам хэмжээг тодорхойлох үүрэг бүхий өвөрмөц үзэгдэл болохыг анзаармаар...

“Нэгэн зандан биеийн хоёр яс ч салдаг
Нэгэн зарлигт төрийн хоёр багана нь ч ганхдаг
Нэгэн тоонот гэрийн хоёр амраг нь ч хагацдаг
Нэгэн толгой торгоны хоёр хээ нь ч холддог... гэсэн бадаг нь толгой холбоц, дунд холбоц, сүүл холбоцын гайхалтай жишээ бөгөөд “нэгэн” гэсэн бүхэл бүтэн үеэр толгой холбосон байна.Мөн дээрх бадагт “даг, дог” хэмээх өнгөрсөн цагийн нөхцлөөр сүүл холбосон нь уг шүлгийн айзам хэмнэлд чухал үүрэгтэй болжээ.

”Малгайг минь засдаг мутартай л хүн дээ би
Магнайдаа хүргэдэг судартай л хүн дээ би “/Ээжтэй орчлон/ хэмээн “би” хэмээх үгээр сүүл холбосон ба шадын төгсгөлийг холбож хэмжээ тэнцүүлэх мэтээр монгол шүлгийн уламжлалыг шүлэг бүтээлдээ өргөн ашигласан нь түгээмэл байна.Мөн

“Тангад цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
Тарни тарнийн чанадад сэтгэлийн зөрөг сүвлэнэм
Удган цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
Утга утгын чанадад сэтгэлийн зөрөг сүвлэнэм  “/Титэм аяз/ хэмээн утга уянгын дөрвөн мөртөө шүлгийн зэрэгцээ холбоцоор бичсэн  нь монгол яруу найрагт түгээмэл хэлбэрийг олсон ба энэ нь ижил авиа буюу үе,үгээр толгой холбох ёстой нэг утгатай юм.

“..Танхил гэгээн нялх Равжаа
Цасаар урласан зүүд байсан юм
Тал нутгийн залуу хөвгүүн
Цагаан чулуун сарнай байсан юм...

“Бударганат говийн хөлгөн сударч
Усанд туссан сар байсан юм
Буурал дорнын монгол хутагт
Улаан гэрэлт луу байсан юм... гэсэн  шүлгийн шад алгасуулан холбох холбоц буюу салаавчлах холбоцын жишээ бөгөөд “ТЦТЦ”,”БУБУ” гэсэн бүдүүвчээр харж болох юм.Өөрөөр хэлбэл найрагч маань нэгдүгээр шадыг гуравдугаартай, хоёрдугаар шадыг дөрөвдүгээртэй гэх мэт алгасуулан шилжүүлж холбосон байна.Ц.Бавуудоржийн шүлгийн чухал онцлогийн нэг бол уншихад уран яруу, айзам сонсголонтой байдагт оршдог бөгөөд энэ нь шүлгийн нугалбарыг  гайхамшигтай гаргадагт оршино.Бид дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлгийг унших дуртай байдаг. Жишээ нь

“Тэнхээт хүлгийн дөрөөг –эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины -шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг –дээрээ гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг-онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг-эзэгнэнхэн төрлөө би /Би хаана төрөө вэ/ хэмээн шад бүрийг хоёр нугалан айзам хэмнэлийг тохируулсан бол Ц.Бавуудорж

” ...Айраг дахин шуугидаг –цаст бумбын нутаг сан
Арвай зандан биендээ –бурхны санааг санана
Уураг дахин бүрэлддэг-цаст бумбын орон сон
Ургаа зандан биендээ-бурхны санааг санана ... /Цастын аяз/ хэмээн шадуудыг хоёр нугалан айзам хэмнэлийг тааруулж сонсоход хөгжимлөг, уншихад яруу хэмнэлтэй болгожээ.
"
.. Сэтэртэй хөх туулай-сарны өрхийг татаж
Сэм гүмхэн өдрүүдийн-мөнгөн санчгийг гэрэлтүүлнэ
Бусдын зүрхийг гийгүүлсэн –ганцхан агшнаа сүлэх
Буудайн чинээ гуниг-алган дээр минь бөмбөрнө ...” гэх мэт яруу сайхан хэмнэлтэй шүлгүүд түүний бүтээлд олонтаа таарна.Шүлгийн гол нэгж болох бадаг гэдэг үгийг монгол хэлний үг зүйг судалсан зарим эрдэмтэд самгард хэлний “падака” гэсэн үгнээс гаралтай гэж үзсэнийг энэ ялдамд санахад илүүдэхгүй.Ц.Бавуудоржийн шүлгийн бадаглалыг ажиглавал ихэвчлэн дөрөв,зургаан шадаар бадагласан байх бөгөөд дөрөвт,зургаат шүлгийн хэлбэрийг харж болох юм.Дөрвөн шадаас бүрдэж зэрэгцэх,жиших,салаавчлах холбоцын аль нэгээр холбож нэг цогц утга санаа илэрхийлсэн  дөрөвт шүлэг түүний яруу найрагт түгээмэл бий.Тухайлбал

“..Хүлэг морин хавартаа хуурдаж гүйдэг монголсон
Хөх ногооны униарт ээж минь хүлээдэг нутаг сан
Хар сүлдийг дүрэлзүүлсэн дээдсийн алтан уулссан
Хаан буурал түүхийн утаа зуусан баринтагсан ...”/Монголын их хувь тавилан/хэмээсэн нь бий.

“...Үзэсгэлэнт хурмастын эрхээр монгол бүсгүй намайг
Өндөр хөх тэнгэрт сүүгээр зурсан юмаа
Бадам цэцгийн цоморлиг дээр шинийн сар шиг завилуулж
Баранзад биеийг минь ургуулсан л хүн дээ...”/Ээждээ/хэмээн эх хүний үрээ хичнээн их хайрлан өсгөдөг тэр их ачлал элбэрлийг энэ бадагт тод шигтгэснийг ч анзаарах хэрэгтэй.Ер нь дөрөвт шүлэг нь монголын яруу найрагт эртний уламжлалтай бөгөөд орчин үеийн яруу найрагт ч хөгжсөөр байна.Үүний утга учир нь монголын ахуй амьдралтай нягт уялдаатай жилийн дөрвөн улирал, дөрвөн зүг,найман зовхис зэрэг ухагдахуунтай холбоотой ажээ.

“...Хаврын салхи шанхыг задгайлахад
Харзнаас дутуугүй сэтгэл цалгидаг даа
Хөхөлбөр орчлонгийн хэсэгхэн уулс дунд
Хөмсгөн дороо нулимстай зогсдог доо.. /Дөрвөн улирал/гэх мэтчилэн хавар, зун, намар, өвлийн өнгө аясыг тун ч эмзэг нарийн мэдэрсэн мэдрэмжээ ч дөрөв дөрвөөр бадагласан байна.

”..Жингийн цагаан шамрага холын ууланд шуугина
Жил сарын урсгал буурал долгис хаялна
Хөвөөнд нь бодлогоширч өссөн ертөнцийн бөөр шаргалтаад
Хүмүүний дурсгалт амьдрал аниргүй цагаан будантай
Намрын гэгээн сарнаар сэтгэлийн цулбуур алдуулан
Нарийн шаргал үүлсийн мөнгөлөг дэл хийснэ...”/Гэгээн сарны туульс/

“Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд цайрдаг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа....” /Хайрын романс/хэмээн хайр сэтгэлийн уянгыг бичихдээ ч санаагаа зургаан шаданд багтаан өвөрмөцөөр шүлэглэсэн нь нилээд онцлогтой юм.“Хайрын романс”,”Гэгээн сарны туульс” хэмээх энэ хоёр шүлгийн бадаглал төстэй бөгөөд шадын доторх үгийн тоо, өргөлт, шүлгийн нугалбар, яруу сонсголон, үг сонголт зэрэг нь найрсаж шүлгийг уянгалаг жинхэнэ  хайрын уянга болгож чадсанд нууц нь оршиж буй юм.Ц.Бавуудоржийн яруу найраг дахь дүрслэх ба яруу хэрэглүүрийн гайхамшигт жишээнүүдээс иш татан үзвэл түүний шүлэг бүтээлийн нэг онцлог тодрон гарах юм.Тэрээр яруу найргийн бүтээлдээ зүйрлэлийг өргөн хэрэглэсэн байх бөгөөд нэг шүлэг нь тэр аяараа зүйрлэлээр бүтсэн нь сонирхол татаж байна.

“...Хан хөх уул дэргэд юм шиг
Намуун суудаг
Хун шувуу алган дээр буух шиг
Дарс балгадаг
Сул мөөмөөр ижии даллах шиг
Сар байдаг
Хул гөрөөс гүйж явах шиг
Шүлэг бүтдэг
Шинэ сарны ариун цэцэг шиг
Бүсгүй ирдэг
Шөнө дүл хүүхэд уйлах шиг
Зүрх сэрдэг
Хус модод мананд гэрэлтэх шиг
Охидод дурладаг
Хаш чулуун дээр эрвээхэй дэвэх шиг 
Нүдэнд нь л болдог...хэмээн шүлгийнхээ шадуудыг өвөрмөц дүрслэлээр холбосныг бас ажиглаж болно.Энэ шүлгээс найрагчийн сэтгэлгээний өвөрмөц онцлог, амьдралд хандах хандлага магадгүй түүний дотоод ертөнц рүү нэвтрэх гүүр тавигдах мэт болдог.Яруу найрагч Ц.Бавуудоржийн уран туурвилын тухайд өөрийн хэрээр ажигласнаа тэмдэглэхэд ийм байна.