Thursday, March 29, 2012

ЗӨРӨН ӨНГӨРӨХ

Доктор П.Хишигбаяр


  Яруу найргийн бүтээлийг уншиж байхад шүлэг эх орон –энх тайван ,хайр-хагацал,тэнгэр-газар,өнгө зүүд-сэрэхүй,улирал ижий-аав,өглөө-үдэш,уул-тал,нар-сар,би,эр хүн,бүсгүй ,эхлэл-төгсгөл,ганцаардал-хос хоёр,цэцэг,ирэхүй-одохуй,аялгуу ,бороо-цас,харц,өвс зам харгуй гээд олон сэдвээр бүтээлээ туурвижээ.Эдгээр олон сэдвээс бүсгүйг тэр дундаа зөрөн өнгөрөх бүсгүйг яруу найрагчид хэрхэн дүрсэлсэн бол гэдэг асуудал анхаарлыг минь татсан юм.Яруу найраг энгийн гоо сайхныг магтан дуулахад зориулагдсан юм шиг санагддаг.Энэхүү гоо сайхан нь дахин давтагдашгүй ,түүнийг дүрслэн туурвих нь ч бас эгнэшгүй.Ийм үл давтагдах агшин бол зөрөн өнгөрөх бүсгүйн харц,гуниг,үнэр,үзэмж,сайхан нь билээ.Гэвч зөрөн өнгөрөх тансаг гоо ертөнц учрах-эс учрах ,мэдрэх-эс мэдрэх ,хайрлах-эс хайрлахын баяр гуниг зөрчлийг авчирна.Ц.Бавуудоржийн шүлгийн жишээн дээр...

1.”Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглуу
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу...” учрал гэхээр учирсан мэт...учралын сэжүүр гэхээр дөнгөж уулзаад танилцсан мэт...Зөрж одсон болохоор гуниглуу...өвс норсон мэт...Зөөлөн бороонд норсон мэт уяруу.Гунигаа дагаад уярах.

2.”...Дөлж зөрсөн гоо охид дурлалдаа гэрэлтсэн шөнүүдийн
Дөлгөөн сарнаар цацарсан аригхан цас аа би” өөр нэгэнд хайраа зориулах гоо охид сэтгэл хоёр зөрчилдөвч яруу найрагч дөлгөөн сарны дор гэгээн сэтгэл,найраг дуугаараа цас болон сацрах ажээ.

3.Хувь тавилангаа дагадаг хорвоод,
“Товшиж өнгөрсөн бүсгүй эргэж ч харахгүй нь энгүүн
Товчлоогүй энгэрийн зах руу цас урсах нь л бүлээн”.Хувь тавилангаа дагаад бүсгүйн одохыг ердийн энгийн зүйл гэж хүлээж авсан байна.Бүсгүйн цоглог жигд алхаа ,задгай энгэр даган орох цасны амьсгалыг халуун дулаан мэдрэмжээр хүлээн авч илэрхийлжээ.

4.”...Тунгалаг гоо бүсгүй өмнүүр гунхаж одно
Туяарсан хөх урсгал салхи татуулан сэвсхийнэ “ Гоо бүсгүйн үзэсгэлэнг тунгалаг гэдэг үг нэмэн гунхаж хэмээн тодотгоно.Гоо сайхны урсгал...сэвсхийнэ гэж хөнгөн сайхан мэдрэмж үүсээд замхрахыг өгүүлжээ.Зөрөн өнгөрөх бүсгүй, зөрж одсон агшин нь найрагчийн сэрэхүй юм.Хувь тавилангаа дагаад үл учравч энэ хэдхэн хормыг мэдрэн шүлэглэсэн нь түүний суу билгэ ажээ.Харин энэхүү гоо сайхны сэтгэлгээ,арга барилаар илэрсэн дүрслэлээр илрэх зөрчлийг тунгаавал:

1.Юмс үзэгдлийн дотоод мөн чанар нь зөрчил юм
2.Зөрчил зөвхөн эсрэг хоёр шинжийн эсрэгцэл биш түүний зохилдохуй юм.
3.Зөрчил ба энгийн байх үзэгдэл,иймээс оршихуйн үндэс мөн.
4.Юмс үзэгдлүүд харилцан зөрчилдөж нэгдэж байдаг.Иймээс ертөнцийн бүх юмс хөгжил хөдөлгөөнд оршдог гэсэн бодол дүгнэлтэд хүрч байна.Яруу найраг бол та бидний ертөнц, хийсвэрлэл юм.Өвөг дээдсийн санчигт долгилсон буурал мөрөн Буянт минь урссаар...Таны эргээр  зугаалан дөлгөөхөн урсгалыг чинь чагнаархан бодол болж ,бие биеэ даван долгилох долгисыг чинь ширтэн суухдаа урсгал сөрөн жирэлзэх бяцхан жараахай их усан дотор тэмцэн амьдарч буйг харлаа.

 “ШИНЭ ЗУУН МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ” шүүмж судлалын ном / 2002 он/