Sunday, February 2, 2014

ДАРЬГАНГЫН ТЭМДЭГЛЭЛ /"Өдрийн сонин" 1999/




“Шилийн Богд руу явна гэхээс
Тэр шөнө нойр хүрэхгүй …”
Д.Нямсүрэн

    Гандангийн  дэнжид өглөөний нарны шаргал туяа алгуур дэлхэн байхад бид тав шашны эд зүйл зардаг худалдааны газрын үүдэнд тал талаасаа цуглалаа.
Бид тав гэдэг маань Монголын Зохиолчдын Хорооны гүйцэтгэх захирал, яруу найрагч Х. Чилаажав, нэрт морин хуурч, нийслэлийн соёлын газрын дарга  Ц.Пүрэвхүү, Цог сэтгүүлийн ерөнхий ивээн тэтгэгч Хөгжил трейд компанийн захирал н.Алтангэрэл, яруу найрагч А.Эрдэнэ-Очир бид тав билээ. Хийморь сүлдний бэлгэдэг болсон Шилийн Богдод хүргэх аяны замаа эндээс эхэлсэн нь бэлгэ ерөөл бодолцсон хэрэг.Нэгэнт хийморийн даллагатай уул зорихын хэрэг юу сан билээ хэмээн хийморийн дарцаг, арц утлага базааж авах гэсэн зорилт ийш нь далласан юм аа.Өөр өөрсдийн  дарцаг юугаа  авч унаа тэргэндээ суухыг завдах  зуурт нүдэнд дулаахан инээмсэглэлтэй залуухан лам дэргэдүүр өнгөрөхөд нь түр азнааж  хийморийн дарцгаа аль зүгт хэрхэн хийсгэх тухай  хэлж өгнө үү хэмээж  явах суух нутаг газраа хэлж  бяцхан яриа өрнүүллээ. Тэрбээр уриалгахнаар унаанд минь сууж судар номоо дэлгэн аян замын ерөөл, хийморийн сан айлтган явдал мөрийг минь тэгшитгэлээ. Бидэнтэй ийн таарч уулзсандаа бэлгэшээж  өндөр настай аавдаа болоод өөртөө хийморийн дарцаг хийсгээд өгөхийг хүсч биднийг хөдлөн хөдөлтөл  номоо уншиж  баруун гараа цээжиндээ наминчилсаар хоцорсон билээ. Морин цаг энэ агшинд ид л үүрсэнхэн байлаа. Нүүрэнтэйн хөндий, Хэрлэн мөрөн, Мөнххааны тал нутгийг эвхсэн бидний зам явсаар Шагдарсүрэн найрагчийн нохой шуугиулж явсан мөнгөн талын дундах хот Баруун-Уртад хүрч ирэхэд юу юугүй ханхийн янцгаах нь холгүй  таван хуур мэт бид тавыг  Баруун уртын шаргал саран мөшөлзөнхөн  угтаж авсан билээ. 

Цонхоор туссан талын нарны туяа бид тавын зүүднээс Шилийн Богд, Торой банди  тэргүүтнээ алгуурхан  хөтөлж одохуй дор хаалга сэвхийн тал нутгийн адууны үнэртэй салхи ханхлуулсаар хоёр хүн орж ирсэн нь Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, яруу найрагч М.Амартайван, яруу найрагч, зураач Ай.Төмөр-Очир нар мэнд ус  солилцохын зуурт уулзалт, үйл ажиллагааныхаа тухай шуудхан танилцуулж амжиж байна. Сүхбаатар аймгийн Зохиолчдын нэгдлийн 40 жилийн ойг ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж биднийг урьсан нь энэ бөгөөд хөдөө орон нутагт уулзалт хийж утга зохиолоо сурталчлах, уншигчдынхаа  шавиаг хангах зорилт тавьжээ. Ингээд бид жил бүр явуулдаг "Дорнын хүлэг" гэдэг сайхан нэртэй  яруу найргийн наадмын үйл ажиллагаанд оролцохоор алхацгаалаа. Тус аймгийн олон сумаас яруу найргийн авьяастнууд цуглажээ.Дорнод аймгаас хүртэл хүн ирсэн байна. Наадам эхлэхийн өмнөтэй  хүндэтгэлийн хэдэн  агшныг зохиолчдын тэргүүн  маань хүслээ. Уран зохиолын  сан хөмрөгт энэ нутгаас төрж гарсан авьяас билэгтнүүдийн оруулсан хувь нэмрийг бахархлаа. Орон нутагтаа  суун онгодтойгоор бүтээн туурвиж яваа яруу найрагч Ай.Төмөр-Очирт МЗЭ-ийн шагнал, мөн яруу найрагч н.Оюундэлгэрт МЗЭ-ийн хүндэт жуух гардуулж баяр хүргэснээр Дорнын хүлэг яруу найргийн наадмын салхи хагарах нь тэр ээ.
Тал нутаг, талынхны гүн сэтгэлгээ, амар амгалангийн дотоод хөг аяз шингэсэн олон сайхан шүлэг уралдсаны эцэст Дарьгангын уугуул охин, Дорнод аймагт суугаа сэтгүүлч, яруу найрагч Б.Төгсжаргал утга уянга жигдэрсэн шүлгүүдээрээ манлайлж энэ удаагийн Дорнын хүлэг-ийн эзэн боллоо.Энэ үдэш чухамдаа тал нутгийн дотоод хөг найрсал тэнгэр шүргэн байлаа.
Бид тав ч хүндтэй наадмын тайзнаа зам зуурт зохион тохинуулсан болсон явдал хошигнол сэлтээр оршил болгож "Цахиур Төмөрийн дуулал", "Монголын их амар амгалан", "Хар нүдэн шүлгүүд", морин хуурын ганган арилжаа тэргүүтнээр найргийн наадмын түрлэгийг өргөлөө.Ингээд аялал хөдөөгийн зөөлөн шаргал тоостой замаар биднийг Шилийн Богдын зүг хөтөллөө.
Талын дүүрэн шаргал сар энгэр рүү шурган алдана.Үе үе хуйларсан сүрэг зээр өвөр рүү давхиж орно.Нүдээ аньсхийхэд Шилийн Богд, Алтан овоо, Зотол хайрханууд золгох гээд бөхийн ойртоно. Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн долгис хацрыг зөөлөн зөөлөн  илбэх шиг болно. Ганга, Дуут, Холбоо нуурууд ганганан гунганан өмнөөс жигүүр дэвэх шиг болно.Төдөлгүй баринтгаа тайлсан талын жижигхэн голоор гарлаа.Бидний хөтөч, яруу найрагч М.Амартайван өвгөдийн нутаг минь энэ шүү дээ гэж уяралтайхнаар тэнгэрт цайвалзах оддыг зааж байна.Газарт  чимээлэх зөөлөн тунгалаг урсгалыг зааж байна. Хөл нүцгэн гүйж өссөн Хонгорын гол минь энэ гэлээ.
Тийн гол уснаас магнайдаа адислаж түр алжаал тайлах зуур дэрсэн дундуур туулай гүйх шиг мотоциклийн  гэрэл үзэгдсээр дэргэд ирсэн нь Хонгорын голын залуус ажээ. Амартайван найрагч уран бүтээлчид явааг танилцуулж нутаг ус, хаваржаа ярилцах зуур нутгийн дуу хуураар эгшиг өргөхийг хүслээ.Залуус ч төдөлгүй бүлэг цагаан дэрсний гэрэл дотор энгэрээ товчилж зогсоод Хонгорын голын ус нь урсадгаараа урсаад байна хэмээн ягуухан эхлээд Хатагин хошууны ахан дүүс минь жаргал зовлон нэгтэй дээ гэж сар алгуурхан дүүрч байгаа мэт аялгуу дүүргэн дууллаа.
Амартайван найрагчийн шүлгээр бүтээсэн энэ дуу нутаг усныханд нь ардын дуу мэт таржээ.Аялгууг нь УГЖ А.Энхтайван зохиосон бөгөөд өнгөрсөн жилийн Морин хуур наадмын тэргүүн бүтээл ажээ. Хонгорын голын сарны дор ийн  бүгдээр патиар татуулаад цааш хөдөлж хаваржаандаа суугаа Амартайваны ахан дүүсийнд шөнө хугасалж буулаа. Хаа нэг толгодын нугачаа, үрчлээ төдийхөнд цас гялалзаж үзэгдэх агаад  адуу мал тайван бэлчээрлэж аясын салхины үзүүр хэдийн уясчээ. Өвөлжөө бууцны үнэр гэдэг хөдөөгийн хүүхэд бидэнд өсөхөөс нүүрээс наасан энгэр шиг дэндүү дотнохон... Ай даа.Монголын их тал нутагт алжаал тайлсан бид анд найрагчийн адууны зүг хөдөллөө.
Зүс сэргэлэн адуун сүрэг энгэр дүүрэн налайж угтлаа.Сарваа дааганууд дөрвөн хөлөө тааваар жийж хэвтэцгээнэ. Энэ хэд шиг  хэдэн өдрийн турш талын дунд  амар амгалан хэвтэх юмсан гэж хорхой хөдөлнө. Адуун дунд хэсэг тааваар алхацгааж хийморио сэргээхүй яриа хөөрөө хүртэл хийморьлог, өнгөлөг болоод явчихлаа.
Адууны эрд Амартайван анд нэгийг шивнэхэд төдөлгүй хонгор зүсмийн даагыг уургалан барьж ирлээ.Алд цэнхэр хадаг аль хэдийнэ дэлгэгджээ.Нэгэн ёслолын үйл ажиллагаа гүйцэтгэе гэж бүгдийн анхаарлыг татлаа.Тэрбээр гойд хурдан удамтай, энэхүү даагыг МЗХ-ндоо бэлэглэе гэлээ.Монголын зохиолчдын билиг авьяас адуу мэт тэнгэрлэг байхыг ерөөлөө. Ноён Х.Чилаажав хурдны удамт дааганы цулбуурыг гардан авч  бид бүгдээр хурд хурайлж даллалаа. Тэр сацуу адуучин хүү гүү унагалчихлаа гэж бүгдийн сонирхлыг өөр тийш хандуулав.Хажууханд  саарал зүсмийн унага дөрвөн хөллөн унаж байх нь тэр. Ийм ерөөлт цаг агшин бидний магнайг тэнийлгэсэн юм. Тэр эр саарал унаганд  бидний  уран бүтээлчид "Яруу саарал" гэдэг нэр өгч харин бэлгийн хурдан хонгортоо "Хорооны хонгор" гэж цол хайрлан адуучдын бахыг хангалаа. Даруй нэгэн  машин адууны захад давхин ирсэн нь манлай уяач Д.Даваахүү. Дарьганга нутгаар адуу сонирхож яваа нь тэр гэнэ. Ийн хурд, уяач, яруу найраг давхацсан тэнгэрлэг агшин бүрэлдлээ.Адууны хийморь оршоосон энэ газраас шууд л Зотол хайрханы зүг чиглэлээ.Хатагины шар тал гэж шар торго дэлгэчихсэн мэт талд хаа нэг ланз хээ шиг адуун сүрэг үзэгдэнэ.Дөрөө мулталлаа.Соёолон чонын нуруу үзэгдэмгүй өндөр шаргал өвс үл мэдэг бөхөлзөх нь тал нилдээ найгах мэт.Хатагин  хошууны ахан дүүс жаргал зовлон нэгтэй дээ гэх мөнөөх урьд өдрийн аялсан дууны аялгуу хөгжим энд ч үргэлжилж байна уу даа гэлтэй.
Сэтгэл нь ихэд хөдөлсөн Алтангэрэл ах маань би ер нь шүлэг бичих онгодоо эндээс авлаа гэсээр босч ирж байна.
"Хатагины шар тал
 Хайлсан алтан гулдмай..." гэж ирээд л шүлэглэлээ.Түүний араас нэг сайхан мөр сэтгэлд зурсхийсэн нь
"Харин Амартайван анд минь
Хээлсэн мөнгөн гулдмай..." гэсэн мөрүүд байлаа.
Ингээд бид Хатагины шар талаас Зотол хайрхан луу чиглэлээ.
"Тал талдаа толгод ургуулсан
 Тань шигээ нөмөртэй уул болно оо..." гэсэн энэ нутгийн яруу
найрагч Н.Лутбаярын шүлгийн мөрүүд өвсөн толгой дамжин шүүдэр мэт гялалзана.
Талын дунд хэвтэх анир авсан гөрөөс мэт Зотол хайрхан угтан золгох нь тэр. Яруу найрагч Амартайван тэргүүлж Зотол хайрханы өөд цувран таван залуу  ат тэнгэр өөд өгсөж явах шиг уван цуван  зүглэлээ.
            Мөлжсөн тойг шиг цэвэрхэн талын энэ уул 1520 метр өндөртэй аж.Хатагины Егүзэр хутагт Галсандаш, Дамдинбишрэлт, Халзан ширээт гээд хутагт хувилгаадын тахилын уул энэ бүлгээ.Тэртээд үзэгдэх Наранбулаг хэмээх булгийг мянган лам зээглэн сууж судар номоо болгооход энэ хөндий тэр чигээрээ их найрал уншлагаар давалгаалдаг байжээ.Үе үеийн их шүтээний  овоон дээр ийн мөр гаргацгааж хадаг самбайгаа өргөлөө бид.
Алтангэрэл ах хоёр алган дээрээ цав цагаахан цас дүүргэчихсэн эгээ л бурхны хувь тарааж байгаа мэт хүн хүнд амсуулж явна.Тиймээ, Их Егүзэрийн тарни ном шингэсэн Зотолын амт яг мөн дөө.Харин Пүрэвхүү хуурч талын тэнгэр ширтэж овооны баруунтайд тэрийн хэвтэх агаад тэрхүү хөхөмдөг цээлд өөрийгөө нисч яваа гэж бодож буй аятай нүдээ хагас аньжээ.Ийн тал нутгийн хутагтуудын шүншиг оршсон Зотол хайрханаа эргэл мөргөл үйлдээд оройн нарны мяндсан туяаг нөмөрсөөр бид Эрдэнэцагааны отряд руу шаргал тоос татууллаа.
Сүхбаатар аймгийн хамгийн том сум гэнэ.Шөнө оройтож очсон болохоор цэргүүдэд шүлэг зохиолоо уншиж амжсангүй.Сарантуяа нэртэй захирагч инээмсэглэн угтлаа.Манай Эрдэнэ-Очир бүсгүй захирагчтай отряд юм хэмээн ихэд олзуурхангуй явсан боловч бүтэлгүйтлээ.Сараа захирагч эх орны зүүн хилээ чандлан хамгаалж буй өнгөтэй, хийморьтой бүрэлдэхүүнтэй гялалзсан офицер аж.Ийм эрс эх орныхоо торгон хил дээр байгаад бахархах сэтгэл төрнө.Шөнө дөл өнгөртөл шүлэг, онигоо хэлцэж жаахан бужигнаад түр амсхийлээ.Маргааш мандахын нарнаар Шилийн Богд дээр байх учиртай Ангийн жижүүр цэрэг сэрээж байгаа мэт 03 цагт бидний хучлагыг хууллаа.Түгшүүрийн дохио авсан цэрэг эрс мэт бид зургаа гялалзтал хувцаслаад Шилийн Богдын зүг жолоо заллаа.Өглөөний нарны туяа алгуур дэлхэн Шилийн Богдын оройг бидэнтэй булаацалдах мэт хоёр талаас нь мацсаар яг овоон дээр удаан уулзаагүй хувилгаад дух нийлүүлэн золгох мэт учирлаа.Шилийн Богдын оройн салхи бие сэтгэлд оршсон сүүдэртэй бүхнийг салам хөөн гаргаж ариутган байна уу гэлтэй.Бид хэдийг самбай болтол салхилсаар л. Тэнгэр ч гэж тэнгэр.Улмаа тодрон цэнхэрлэж зулай руу хийморийн тарнийг шивнэн шивнэх мэт ээ.Дөрвөн зүгийн тал үелээ нугачаа бүхнээрээ хөхрөн үзэгдэж сүлд хийморийн судар ном хэдийнэ дэлгэгдээд уншлага нь дүнгэнэх лугаа.Бид овоонд хадаг уяж, гэрээс авч гарсан арвай будаагаа өргөөд адуу шиг суниах нь суниацгааж, чоно шиг сунаж унах нь сунаж унацгааж, лам шиг завилах нь завилцгааж өөр өөрийн мэдрэмжээр Шилийн Богдын савдагтай учралдвай.Эх орны торгон хил энэ шүү гэж бодогдоход Шилийн Богд хайрхан минь Хилийн богд басхүү Галын богд гэх бадгууд хоолойд торно.Хилээ манаж яваа хэдэн бор цэргийн бараа, эх хэлээ манаж яваа бидний хэдэн уран бүтээлчид Шилийн Богдын шижир наран дор ийн тохиовой.Чилаагийн дуулах дуртай "Авгын цагаан уул" хилийн цаана байдгийг энд л мэдлээ.Чилаа би уулаа аваад ирье гээд ухасхийж байна.Говийн нэгэн эр Мао-гийн толгойг хага цохино гэж хил рүү давхиад араас нь нутгийн харцуул өртөөлөн хөөж барьж авсан тухай хошигнол өөрийн эрхгүй энд төрж Чилааг баахан явууллаа.
            Авгын болоод Цантын уулсад үүлэн элчээр мэнд илгээлээ.Бага үдийн наран дор Зотол хайрхан энүүхэнд хүрэнтэж бидний явах зүгт Алтан овоо асарлана.Ийн адуу хөөхөд бэлэн болсон бид тав сүлд хийморийн уулнаас бууж явахдаа одоо ч хүний шүлэг тэсгээхээргүй боллоо хэмээлцэн жаахан хошин гал хөгжөөсөөр шаргал талын дундуур одвой.Гангын цагаан овоо хэмээх дөрөлж дээр нэгэн бараан зүйл тосох агаад дөхөх тусам тодорсоор дэргэдээ богцоо тавьж, дээлээ сугалдаргалсан идэр залуухан Торой банди толгойноос нь уух савсах нь холгүй угтав.Дарьгангын сэрүүн сайхан дэнжийг зориуд сонгосон мэт үзэгдэнэ.Нутгийн урлаачийн урлан бүтээсэн энэ бүтээл Дарьгангачуудын бас нэгэн нэрийн хуудас болж чаджээ.
            Торой бандитай хэд гурван үг сольж дал мөрийг нь алгадан цааш хөдлөхүй Алтан Овоо ойртон ойртсоор. Унтаж буй хунгийн сүрэг гэлтэй Ганга нуурын мөнгөлөг мандал цавцайж угтав.Гангын цагаахан мөсөнд гараа зөөлөн хүргэлээ.Оргихын булгийн уснаас мэлтэлзүүнхэн амслаа.Данзангийн Нямсүрэнгийн даалимбан дээлтэй эрхэлж өссөн нутаг энэ.Молцог элс хүрэнтэн гүвэлзэж наахнуур нь гангийн улаан бургас ганганан сэрвэлзэнэ. Б.Явуухулан найрагч ганцхан удаа энэ нутгаар яваад өнгөрөхдөө
"Ганга нуураас ниссэн хун
Намартаа заавал эргэж чуулдаг
Ганга нуураас явсан хүн
Насандаа заавал эргэж ирдэг..." гэсэн уянгалаг мөрүүдээ
бичсэн гэдэг. Уянгаланхан энэ дууг зүрх зүрхэндээ зөөлөн шивнэсээр хөдөлж Алтан Овоондоо дөрөө мулталлаа.Дарьганга сум Алтан Овооныхоо өвөрт орших бөгөөд ер бусын дотоод инээмсэглэл тээсэн газар орон шиг сэтгэлд бууна.Баруун-Уртаас хөдлөхөд тохирсон ёсоор Ай.Төмөр-Очир, Б.Төгсжаргал хоёр зам нийлэх учиртай.Хамгийн эхний тааралдсан хүнээс тэднийхээ сургийг гаргаад хөдөлтөл тал нутгаар явсан улс заавал чоно авласан байх учиртай гэж ангийн хорхойтон тэрбээр үг өдөж байна.Бид хариуд нь чоно алдаггүй, хонь ч алдаггүй ээ.Харин өөрсдийгөө л жаахан "алж" явдаг улс даа гэсэн товчхон бөгөөд тодорхой хариулт өгөөд хөдөллөө.Баруун солгой, өөд уруугүй цэцэлж цэц дундаа жад ч гялалзуулж, цэцэг ч найгуулдаг Ай.Төмөр-Очир найрагчид зориулж бид
"Алтан Овооны
Ай цэцэн
Дарьганга хошууны
Дай сэцэн" гэсэн өргөмж зохиосон бөгөөд үүнийгээ гардуулан уншсаар уулзалдлаа.
"Шилийн уул хүртэл
Шилтэй цэнхрийг нь би мэдье" гэсэн Амартайван найрагч ажлаа Ай.Төмөр-Очир найрагчид хүлээлгэн өгөв бололтой.
"Алтан Овооноос цаашхи
Арыг нь би хариуцъя" гэж тэд хөөрөг зөрүүлцгээж байна.Ингээд Ай сэцний мэдэлд шилжлээ.Алтан Овоо ч алтран тослоо.Алтан Овооны алтан ганжир наранд гялбалзан Батцагааны нь гэрэл бидний биед шингэн шингэсээр овоон дээр гарцгаалаа.Тэртээд Шилийн Богдын торгон орой сүүмэлзэж Молцог элс, Ганга, Дуут нуурууд нь үзэгдэнэ.Алтан Овооны алтан салхин дунд мөр мөрөө түшилцэн суугаад Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир бид гурав энэ удаагийн аялал бидний хувьд хувь заяаны аялал боллоо хэмээн хэлэлцлээ.Пүрэвхүү хөгжмийн зохиолчийг ахлаач хэмээн хүндэлж аяны туршид Өгөдэй хаан гэж өргөмжилсөн бөгөөд хүндэт Өгөдэй төрийн тахилгат их овоон дээр хамт ирэгсдэд сэтгэлийн тайлал өргөж байна. Анхны дуугаа зохиож дууны уран бүтээлийн амт шимтийг мэдрэхдээ энэ л ус нутгаас төрсөн сайхан яруу найрагч Д.Гомбожавын
"Энгэртээ нааж элгэндээ тэврэх гэж
Ээж минь намайгаа төрүүлээ биз ээ.
Энгэртээ наа, элгэндээ тэвэр
Эрхлүүл хүүгээ, эрхэлье хүү чинь..." хэмээх уянгын шүлэгтэй
хожмын энэ өдрийн бэлгэ ерөөлийг зурсныг уяран дурсаж уул хангайд нь, үр ачид нь дуулгаж байна. Миний хувьд нэгээхэн хэлхээг дотоод ертөнцдөө сүслэн байлаа.Энэ юу вэ гэвэл, эдүгээгээс 350-аад жилийн тэртээ Богд Очирваань Отгонтэнгэр уулнаас минь Алтан Овооны овооны гол мод буюу сорогшинг залж газар хүргэлгүй тээж ирсэн нандин ерөөл байдаг билээ.Монгол нутгийн хангай, талын хоёр их тахилгат хайрхан ямархан тохиолоор ийн шүтэлцсэн нь тэнгэрийн явдал биз ээ.Отгонтэнгэртээ мөргөх лугаа сүслэн мөргөлөө би.Уул ус тэр бүү хэл газар шорооны ширхэг бүхэн ямархан нандин сэжмээр холбогдон байдгийг мэдэх билүү бид.Алтан Овооны алтан салхиар орхимж ороосон бид хувраг мэт ариусч яруухан бодолтой бууж ирлээ.Алтан Овооны өвөрт орших Дарьганга сумын төвийн барилгууд дундаас үлэг гүрвэлийн өндөг шиг ганц цагаан байшин сэтгэл татсан нь Дарьгангын яруу найргийн сүмбэр орон гэнэм.Яруу найрагч Д.Гомбожав энэ жижигхэн сургуульд багшилж Монголын сор болсон яруу найрагч Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, сэтгүүлч, яруу найрагч И.Батсүх, Ай.Төмөр-Очир, Т.Содномнамжил, Б.Төгсжаргал  гээд авъяастнууд сурагч үзгээр шүлгээ тэрлэж суусан гээд бодохоор энэ жижигхэн байшин ямархан орон ертөнц болохыг шууд мэдэрч болно.Эдүгээ ирээдүйн гэрэлт хөвгүүд, охид энэ сургуулийн хашаанд элсээр нь гэр барин тоглож, Дуут нуурын цалгиа ганганаанд ээнэгшин өсч буйд гүнээ итгэлтэй.Даруухан цагаан барилгын дэргэдүүр бишрэлтэйхнээр өнгөрч Дуут нуурыг шуудхан чиглэлээ.Зарим намартаа ирж чуулсан хун нь мянга шахаж тоологддог эгшиглэнт нуур тэнгэрийн мөнгөн бадам гэлтэй цайлалзанхан угтлаа.Мандалд нь магнайгаа хүргэж хөвөөнд нь марал буга шиг хөрвөөмөөр сайхан нуур угтаж байна.Уран зохиолд элэгтэй залуухан засаг дарга Ганхуяг, сумын уяачдын холбооны тэргүүн Бат-Эрдэнэ, хөгжимчин Буд, цолчин Энхбаяр, чоночин Үржинжав энэ нутгийн олон Моондонгуудын нэг, сургуулийн захирал бүсгүй Тайвшралмаа, Отгоо гээд олон хүн Дуут нуурынхаа хөвөөнөөс үдлээ.Дуут нуурын дуралзсан цагаан мөсөн дээр дууллаа, шүлэглэлээ, бүжиглэлээ.Шувуудаа зүүдэлсэн Дуутад гэрэлт хаврын аязыг авчралцсан бидний зам эндээс Онгон сумыг зорьсон юм.Сар хэдийнээ мандсан агаад Наран сум буюу Дашбалбар найрагчийн нутаг саран зүгт их ойрхон өнгөрч байна гэж Ай ах хэллээ.Тэр зүгийн саран дэндүү тод тунгалаг бөгөөд эрхэмсэг гэрэлтэж байлаа.Онгон сумын төвд хүрч амарцгаалаа.Өглөөний тунгалаг наран тооноор мэлтийн асгарахын үес өөдөлцгөөж байгаль дэлхийг сонирхохын мөн болгов.Онгон сум онцгой ерөөл бэлгэ оршоосон орон ертөнц гэдгийг дор нь танив.Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн төрсөн нутаг алдарт Жаахан шарга, Инжээноров, Торой банди гээд дурдахаар ер бусын агаар салхи анхилна.Энэ өглөөний тэнгэр даанч тод тунгалаг байсан юм.Дэлхийн яруу найргийн өдөр тохиож буй болоод тэр хэмээн бид бэлгэшээв.Яруу найрагт хайртай сургуулийн багш сурагчид, уншигчид хэдхэн хормын дотор танхим дүүрчээ.Ингээд яруу найрагч, уншигчдын халуун дулаан орон буй болох нь тэр.Нүдэнд нь гал, нүүрэнд цог гялалзсан хөвгүүд, охид яруу найрагт элэгтэй Онгончууд амьсгал даран шүлэг сонсож байна.Дарьгангын лус савдаг салхиа татасхийгээд шүлэг сонсож байна.Дэлхийн яруу найрагчдын XVI их чуулганыг Монголдоо зохион байгуулах томоохон үүрэг хүлээсэн Дэлхийн урлаг соёлын академийн утга зохиолын доктор Г.Мэнд-Ооёогийн төрсөн нутагт ийн Дэлхийн яруу найргийн өдрөөр найргийн тулганд нь гал бадрааснаа бидний уран бүтээлчид ерөөлөөр боллоо хэмээн хэлцэв.Онгоны дунд сургууль жил бүр тэмдэглэдэг яруу найргийн өдөртэй болсондоо талархаж байна.Бид уулзалтынхаа хөгийг улмаа найрсуулж Инжээноровын нутагт дөрөө мулталсных "Жаахан шарга"-ыг нутгийн хөгшдөөр дуулуулахыг хүсвэл түүний удмын хүн болох сайхан буурал Адьяа гуайг урьж ирүүллээ.Хуучны ая донжийг зохируулан шуранхайлахад нь хээр талын дундаас шүр сувд олсон хүн шиг олзуурхан диктофондоо бичиж авсан бүлгээ.
            Бид ч ганзагыг хоосон буцаасангүй.Машины маань "СТА" Алтангэрэл ахаараа "Жаахан шарга"-ыг дуулууллаа.Тэрбээр эвлэг сайхан хоолойгоор "Жаахан шарга"-ыг хадаагаад өгдгийг аль хэдийнээ нээчихсэн хойно.Ингээд бид аяны дөрөөгөө жийлээ.Онгон сумын хойхно талын өндөрлөг дээр шонхор шувууны дүр бүхий сайхан хөшөө дурсгал хараа булаана.Тэнд түр саатлаа.Шонхор шувууг юуны учир хүндэтгэж сумынхаа нэрийн хуудас болгосныг сонирхвол тус сумын Таван толгой гэдэг газраас 2004 онд алтан ургийн булшнаас гарсан эд зүйл дээрх алтан шонхрын дүрс гэж засаг дарга тайлбарлалаа.Яах аргагүй гадна дотнын хэн хүний сонирхлыг татах түүх соёлоо дээдэлсэн дурсгал аж.Тэгээд ч судлагдаагүй үүц манай нутагт их бий гэж соёлын ажилтан танилцууллаа.Үнэхээр Онгон гэсэн нэр нь ч түүхчдийн хорхойг хөдөлгөдөг байна.Энэ нутгаа цэвэр дагшнаар нь хадгалахыг эрмэлздэг нь нутгийн учир мэдэх хүмүүсийн ярианаас илт.Алтан шонхрын хөшөөний дэргэд нутгийнх нь хүндэт яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн "Дэлхий ээж" дууг Х.Чилаажав эвлэгхэн эхэлснийг бүгдээр түрж ихэс дээдсийнхээ онгоныг бүүвэйлэн бүүвэйллээ.Одоо бид Шар бүрд хэмээх гэрэлт сайхан нутагт хөл тавих учиртай.Тал нутгийн нар биднийг насаараа хөдөө сууж шүлэг бичсэн буурал шүлэгч шиг хараа салгалгүй догдлон дагасаар л. Зүүн талаар нь дэрс эмжиж баруун тийш уужран цэлийсэн талын дундуур давхисаар төдөлгүй толгод руу түрж ургасан бүлэг хайлаас руу зам ойртож ирэхийн сацуу тал дээр гадуур нь хайс барьсан хоёр барилгад тулж ирлээ.Гэр гэрийнхээ гадаа саравчлан тоссон хоёр эр өөрсдийгөө Довжир, Данзанням гэж танилцууллаа.Биднийг гүнээ хүндэтгэн цай цүй болсны дараа Ай найрагч, Данзанням нар түүчээлэн мөнөөх хоёр барилгын баруун талынх руу хөтөллөө.Байшин руу орохын өмнөтэй хаалганы дээхнэ хадсан жижигхэн дөрвөлжин гуулин дээрх бичээсийг анзаарвал "Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн" гэж нямбайлан сийлжээ.Ойрд хүн ороогүй болов уу гэсэн төрх нүднээ ургасан ч баруун хананд урлаж бэхэлсэн тавиур дээр шар торгон баринтагтай судар ном өрөөстэй.Харин нөгөө талын ханан дээр 1992 онд Завхан аймгийн Туяа сонины хэвлэх үйлдвэрт хэвлэсэн Г.Мэнд-Ооёо найрагчийн эмхтгэсэн "Янагийн дуулал" ховор сайхан юм өрөөстэй байна.Ай найрагч судраас хүндэтгэн хоёр гардаад Ганжуур, Данжуураас адис авна уу гэлээ.Бид ч бүгдээр судар номоос адис хүртлээ.Нэгэнт Шар бүрдийн номын санд зорин ирснийх "Янагийн дуулал" номоос өөрөө өөрсөддөө бэлэглэцгээлээ. Хэсэг зуур шүлэг ном ярилцаад гадаа гарч дугираг хүрээ байгуулж өрсөн хөх чулууд дээр шонхор шувууд мэт сууцгааж Шар бүрдийн салхийг тааваар залгилцгаалаа.Өөрийн эрхгүй дотоод мэдрэмжээр хоргоон татдаг газар орон гэж байдаг даа. Шар бүрд нь яг л тийм орон ажээ. Талын нар хэдийнэ хэвийжээ.Хол зам тосч буйг бодолцон явахаар зэхэхэд Шар бүрдний суугуул Довжир, Данзанням нар бидэнд дөрөв дөрвөн зээрийн шагай бэлэглэлээ.Шар бүрдний салхи шингэсэн тэрхүү шагайг бид бүгд л хоёр гардан тосч авлаа.Эгэлхэн мөртлөө онцгой мэдрэмж төрүүлсэн Шар бүрдний ай савд дахин ирнэ гэсэн тэнгэрлэг совин зурсхийнэ. Эндээс дэлийг нь зассан хүлэг шиг ганган сэтгэлтэй тал нутгийн дууч Ай.Төмөр-Очир,  Амартайван, Төгсжаргал нар Баруун-Уртаа зорьж төлөвлөсөн ажил зорьсон хэргээ бүтээсэн бид тав тал нутгийн найрагчдад гүнээ мэхийгээд талын шаргал замыг хуурдсаар нийслэлийнхээ зүг жолоо залсан юм. Тал нутгийг тэнгэрийн эрхсээр баримжаалан давхисан бид зам жаахан будилж шөнө дөл хэвийсэн хойно шөнийн талд нохой хуцахын сайхныг мэдэрч шагшсаар айл олж түр дуг хийцгээлээ.Задалсан шпрот шиг хоймроор эгнэцгээлээ.Нэг мэдсэн айлын эзэгтэй цайгаа самрах дуулдлаа.Их л дээр өргөн самарч байгаа нь содон сайхан.Хучлага дотроо нүдээ аньсан чигээр тооллоо.Яван явсаар зуун наймд хүрлээ шүү.Тал нутгийн эзэгтэйн танан уянга ийм аж.Хучлагаа хуулж өндийвөл цайны сайхан ааг өөдөөс ханхийж байна.Айлын хоймор голлон унтсандаа жаахан цэрвэж хоймрынх нь авдар луу эргэн харвал О.Дашбалбар найрагчийн дотнохон патиар өөдөөс инээмсэглэх нь тэр.Ай даа, бууралхан тал нутаг тэр чигээрээ яруу найргийн сүмбэр цагаан өргөө юм сан уу даа.Эс бөгөөс бидний уран бүтээлчдийн зөн совин ийн өлзий утас ороох шиг зам мөрийг минь зурсаар явна уу.Тэнгэрлэг бодол санаа тооноор асгарах нарны туяаг дамжин жиргэн жиргэсээр бүлгээ.Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Гүн хоолой хэмээх газарт хаваржиж буй Хүрэлхүү гуайн хойморт аавындаа юм шиг амарч хоносон минь энэ.Хүрэлхүү гуай Дашбалбар найрагчтай эгч дүүсийн хүүхэд гэнэ.Нээрээ дүр төрх нь хүртэл хачин адилхан юм.Эзэгтэй сайхан цайг сайхан яриа хөөрөөтэй хамтад нь аягалж, шүлэг бичдэг охиныхоо дэвтрийг хүртэл араас нь залгуулан барьж амжаад царайд нь гэгээ татна.Дарьганга нутаг руугаа нүүхээр зэхжээ.Хүрэлхүү гуай гэдсэндээ ирсэн унага шиг сэтгэл нь хэдийнээ нутаг гүйсэн бололтой.Эндээс бид нийслэл рүүгээ, Хүрэлхүү гуайнх Дарьганга руугаа зэрэг хөдөллөө.Тал нутаг улам ч уужирсан юм шиг санагдана.
"Гэрийн утаат цэнхэрхэн талдаа
 Гэгээн наранд ойрхон өслөө би..." гэсэн Дашбалбар ахын гэрэлт
мөрүүдээр бүтсэн дууг бид тав өөрийн эрхгүй аялан дуулсаар замдаа шуударсан билээ. Ай даа, сайхан дуу. Ай даа, сайхан чиг тал нутаг. Аяны шаргал замыг эвхэж гэрийнхээ босгоор алхан алхтал
“Гэрийн утаат цэнхэрхэн талдаа
 Гэгээн наранд ойрхон өслөө би...” гэсэн цэлэмгэрхэн дууны үг
аялгуу чихнээ дуурссаар л байлаа.



Ц.Бавуудорж