Thursday, August 15, 2019

"ШУВУУГ СУЛЛА" номоос

НОГУН ӨБСҮН

  Түвдийн өндөрлөгийн зүүн хойд нутагт одод цэцэглэх дөхжээ. Хүү шар гэгээ тасрахаас өрсөн дөрвөн хонио туусаар хэц энгэрээс бууж ирлээ. Эгц өндөр ханан хадны энгэрт зүүгээд орхисон хэд гурван шувууны үүр гэмээр жижигхэн бор байшингууд бид эндээ байсаар байгаа шүү гэж үдшийн гялаанд сураг ажиг өгөх мэт бяцхан цонхнуудынхаа онигор гэрлүүдийг анивчуулна. Бүр малгайн орой дээр шахам гялалзан гарч ирсээр байгаа одод тэр дохио зангааг нь тайлан уншив гэлтэй алтлаг хүрээтэй тод цагаан гэрлээр өөдөөс нь үе үе дохино. Мөнөөх ододтой айлсах онигор цонхнуудын нэгнийх нь яг дороос эхэлсэн эв хавгүйхэн модон хашлага жаахан уруудаж тэгснээ буцаад энгэрлэн өгсөж байрласан нь үдшийн гэгээнд сүүдэртэн үзэгдэнэ. Тэр хашлага дотор үзүүр тэргүүнээ бага зэрэг гудайлган салхи ч үгүй байтал үл мэдэг найгалзах эрдэнэ шишийн ишүүдийг дэн бариад тоолчихож болмоор аж. Дөрвөн хонь нарийхан зөргөөр цуван гүйсээр модон хашлага руугаа орлоо.
“...Аян замдаа гарсан даа
Монгол хааны хүү, охин
Алсын замдаа одсон доо
Монгол аав ээжийн үр сад
Аяндаа мэнд л явсан уу даа
Нутгийн салхи сураггүй ээ
Ар л нутагтаа сууна уу даа
Хэзээ л ирэх юм бол доо хө...” ийм нэгэн дууг хүү амандаа бувтнасаар хониныхоо хашаа-
ны хаалгыг хааж бэхлэв. Энэ сацуу хажуугийн байшингийн хаалга чихран нээгдэж алчуураар толгойгоо боосон бөгтөр эмгэн ойр ойрхон ханиаж амьсгаадсаар гарч ирлээ. Тэрбээр ойролцоох жимүүд рүү баруун гараараа хэдэнтээ саравчлаад хүүг сая олж харав. Өвөө чинь тааруу байна. Өдөржин чамайг хүлээлээ. Мөн ч урт өдөр юм гэж сааралтаж цахиртсан хоолойгоор дуугарав. Хүү хэдийнээ дасал болсон нөгөө л дуугаа амандаа аялсаар хаалга чихруулан гэртээ оров. Бүтэн найман зуун жил өнгөрчихөөд байна шүү дээ өвөө. Хорвоо дэлхий та бидний мэддэгээс их өөр юм. Их өөр. Бүр хахь өөр шүү. Хүү нь хол яваагүй ч зэргэлдээ Түвд, Гансу мужтай танилцаж бага сага юм ойлгодог болсон. Бүр цаашаа явмаар байна. Нүд тайлмаар байна шүү дээ. Энэ дэлхийг ойлгож авмаар байна шүү дээ. Хүү нь чин сэтгэлээсээ гуйя. Биднийхээ маргаашийн төөрөг зургийг өөрчилж өгөөч. Танаас л бүх юм шалтгаалах гээд байна. Та минь л өөрчилбөл нэг өөрчилнө. Эс бөгөөс энэ бөглүү уулсынхаа дунд дахиад найман зуун жил харанхуй сууна шүү дээ таны үр сад. Их олон үгээр өвөөгийнхөө тамирыг бүр барж орхих нь. Үгүй ээ хүү минь. Чингис хааны зарлиг бий. Өвөө минь амьсгал хураахынхаа өмнө намайг яг чам шиг ингэж ганцааранг минь дуудаж урдаа суулгаад хаан минь биднийг ирж авна. Эндээсээ огтхон ч нүүж болохгүй шүү. Тэгвэл олохгүй болчихно. Тэсээд хүлээгээрэй. Дээдсийн зарлиг юм шүү гэж чихэнд минь шивнэсэн юм. Чи бид хоёр зөрчих эрхгүй ээ хүү минь. Өвөө нь дээдсийнхээ элчийг тосох хувьгүй байжээ. Харин миний хүү тосоод гүйх хувьтай ч юм билүү. Бүү мартаарай миний хүү. Чиний үед энэ зарлиг эс биелбэл чи хүүдээ бас энэ зарлигийг дамжуулах үүрэгтэй шүү. Өвөө нь одоо сэтгэл амар боллоо. Дараа хойт төрөлдөө адуу болоод ч болтугай монгол нутагтаа төрөх юмсан гэж сүүлийн гурван өдөр тэнгэрээс гуйлаа. Хүсэл минь биелэх ч юм билүү. Өвгөний дуу ягуухан сааралтаад явчихав. Төдөлгүй хоолой нь хоржигонох сонстоод амьсгалын чимээ алдарлаа. Өвөө, өвөө та минь ингээд орхиод явчихаж байгаа юмуу. Өвөө минь, өвөө гэх дуун жижигхэн байшингийн адрыг цууртал хадав. Мөнөөх хагацалт дуун ойр дэргэдийн намхан бор байшингууд тэгээд тэндээсээ хэц өндөр сэрвэнгүүдийг ороон хэжиж мушгирсан чулуутай жимүүдээр алсарч цөөн буурай хэдэн тосгодод шөнөдөө хүрч очих нь тэр. Үүднийхээ довжоон дээр хоёр өвдгөө тэврэн суух хүүгийн хацрыг үүрийн бүдэг бадаг гэгээ нэгэнтээ үнсэв. Хацар дээр нь хатсан нулимсны сорвийг төдөлгүй өглөөний нарны уяхан шаргал хуруунууд илбэлээ. Дөрвөн хонио хашлаганаас нь гаргаад араас нь даган гэлдрэхдээ хүү тэртээх өндөр сэрвэнг даван орж ирсэн хүрэн жимийг хэсэг зуур ширтэн зогсов. Монголчууд минь биднийгээ авах завгүй морио унаад сэлмээ эргүүлээд дэлхийг эзлэн довтолсоор л яваа даа гэж өөртөө дуулдахаар шивнэлээ. Шөнөдөө ургаж хоносон ногун өбсүний үнэр содон гэдэг жигтэйхэн. Дөрвөн хонь нь урамтайхан гүйлдэнэ.    


Ногун өбсүн-Түвдийн өндөрлөгт аж төрдөг Цагаан монголчууд өнөөдөр ч ногоон өвс гэдгийг ингэж хэлдэг ажээ.