Thursday, August 15, 2019

"ЗҮРХЭН ЧИНАДААС" номоос


АЛТАН ХЯЛГАНА МИНЬ БАЯРТАЙ


Салхи бол энэхэн дэлхийн минь догдлол юм. Шаналал, тайтгарал нь юм. Далай тэнгис хэрвээ давалгаалж долгилдоггүй байсан сан бол юуных нь тэнгис далай байхсан билээ. Нуур ус торгон долгис хаялан хаялан чимээлдэггүйсэн бол энэхэн ертөнцийн минь хөг аялгуу нэгээр дутах байсан биз. Зэгс шагшуурга нь найган ганхах салхигүй байсан сан бол хорвоо бас нэг зөөлөн тунгалаг аязаар дутах байсан биз ээ. Тэнгэр огторгуй огтоос салхилдаггүй байсан сан бол энэ мэлмэгэр цагаан үүлс уйтгарлан гундаж  өнгө зүс нь цагаан биш бараан байх байсан ч байж юуны магад. Хур бороо хүртэл асгаран буухдаа салхилахгүй шуурахгүй, намирахгүй, зүсрэхгүй байдаг сан бол бидний сэтгэлийн чавхдас бас л нэг утсаар дутах байсан биз.
Салхийг уяран хайрлан уринам. Өнөд хамт байхсан салхи минь. Сэр сэр чимээлээд л... бүр исгэрч, шуугиж, хүнгэнэж, агсарч, догширч тэгснээ аядуухнаар үлээж, үнсэж, илбэж салхилсаар байгаасай чи минь. Ингэхэд салхи биднийг бүтээсэн юм биш байгаа. Тийм болоод бид догдолж, хайрлаж, дурлаж бас хагацаж, инээж, тэгснээ уйлж, зүдэрч басхүү цэнгэж амьдардаг ч юм билүү. Салхи бидний өнө эртний өвөг дээдэс минь биш байгаа. Салхи минь чамайг чанга тэврэн талархая. Өвсний толгой бөхөлзөн ганхахгүй тэнгэр өөд сэрвийлдээд л зүүрмэглэж байдаг сан бол хүмүүний сэтгэл зөөлрөх байсан гэж үү. Өвсний толгой салхины аясаар үелзэн долгилоод цалгилаад ирэхээр хүн байтугай туулайн бүжинхний нүдэнд хүртэл нулимс бөмбийн гэрэлтдэггүй гэж үү. Ай даа салхи, салхи... Энэ сацуу салхийг хэн бидэнд бэлэглэдэг байж таарах вэ гэх сониуч бодол өдөөнө. Тэнгэр л бэлэглэдэг байх. Салхи тэнгэрийн бодол санааны  хэмнэл аясаар  энэхэн ертөнц рүү минь долгилон давлан, эс бөгөөс аяс намуунаар урсан урсан орж ирдэг тэнгэрсийн сэтгэлийн хөдөлгөөн байх. Тэнгэр энэхэн бөмбөрцгийг минь илбэн таалмаар цаг агшин бишгүй л тохиодог биз. Заримдаа ташуурдан зэм хүртээмээр үе ч бас гардаг бизээ. Догшрон хийсгэмээр сүүдэр ч бас бидний дотоод ертөнцөд хурган хурган байдаг буй за. Тэр бүхнийг тэнгэр л болгоон байдаг байх. Хэсэг шар хялгана дээрээс минь бөхийсөөр...  Тэд аяс аясхнаар ганхалзана. Бодлыг минь тандан нүдээ бүлтийлгэн ширтэх мэт. Хялганын ертөнцөд нэвтрээд ороод ирсэн гэлтэй сонин мэдрэмж бүчнэ. Хаашаа л харна хялгана. Урд өмнө нь хэзээ ч нэвтэрч байгаагүй тунгалагхан уйт ертөнц. Ямар гэгээн ертөнц вэ. Энэ бяцхан аглагт насан үүрд ийн нуугдчихаад салхитай шивнэлдэх сэн. Над руу бөхийсөн хялгануудын нүднүүдийг сайтар ажвал буддагийн нүд мэт амирлангуй, зөөлөн төрхтэй юм. Үгүй ээ ингэхэд хэдэн зуун жилийн өмнө энэхэн замбу тив дээр морилж байсан тэр буддатай уулзаж нүдийг нь ямар харсан биш дээ. Гэхдээ, гэхдээ буддагийн нүд ийм л байсан болов уу гэх төсөөлөлдөө итгэнэ. Ийм ариун салхин дунд байгаа нүд хүртэл буддагийнх мэт санагдах нь аргагүй бизээ. Хэзээ нэгтээ альхан нэг намрын салхин дунд хэн нэгэн нүдийг минь эгээ л буддагийнхтай төстэй юм гэж уулга алдах болов уу. Энэ төрөлд минь тийм хувь тохиох болов уу. Эс бөгөөс ийм алтлаг хялганын биед шилжиж байж гэмээ нь тийм нүдийг бүтээдэг байж магад. Хялгана болох сон. Хялганын ертөнцөд нэвтрэн зорчихсон. Салхины хэмнэл нэг догширч, нэг зөөлөрч сэрчигнэсээр... Уйтан хотын хүйтэн гудамжны иргэн би вээр хээр талд ийн саатнам. Хээрийн цэнгэг салхи минь хотын минь тоосыг нэвт салхилаад өг. Хотыг нэвт салхилаад өг. Хотыг эвдэн хэмхчин үлээгээд өг. Миний хот төдийгүй бөмбөрцөг дээрх чулуун хотуудыг үлээгээд өг. Тэнд үүрлэсэн тэжээвэр оюун санааг хийсгээд өг. Тэр хотуудыг хээрийн өвс цэцэгсийн үнэрээр ариусган салхилаад өг. Бүр тивүүдийн хөрснөөс юу ч үлдээлгүй хийсгэн салхилаад өг...Тэнд ганцхан ариун хүний зүрхийг л үлдээ. Гагц чин үнэн хайрыг л үлдээ. Өөр юу ч бүү үлдээ. Салхины чихэнд ийн шивнэв. Салхин аясаар намих алтан хялганууд энэ чинь юу гэчихэв ээ. Үгүй байлгүй дээ гэх шиг эргэлзсэн харцаар намайг ширтэнэ. Намайг ч бас хийсгэ. Надад борооны ганц дуслын төдий ч болтугай ариун чанар байх аваас харин түүнийг өвсний толгойд сондор мэт зүүж орхиорой. Бөхөгөр шар хялганууд сая миний шивнээнд итгэх шиг болов. Тэдний нүд очтон гэрэлтэх шиг. Хээрийн салхи чихнээ сонсголонтой гэгч чимээлсээр. Эргэн тойрны хялгануудыг мэдрэмжээрээ тэмтэрлээ. Хялганын ертөнцөд хаалга байдаггүй гэж үү. Гэгээвч ч бас алга. Хаалга бас гэгээвч эрсээр... Салхи ер бусаар цалгилна. Дахиад л нүдээ анилаа. Энэ ертөнц рүү зөвхөн ариун хүн нэвтэрнэ. Ийм бичээс гэнэт тодроод сарнив. Мэдрэмж минь зогтуслаа. Нүдээ нээв. Мөнөөх шар хялганууд энгүүн сайхнаар инээмсэглэн угтлаа. Тэд салхи минь, анд минь гэж шүргэлцэн, найгалдан дуулалдсаар байх мэт. Гэнэт хүүе хот руугаа буцах хүн үү, ингээд эндээ үүрд үлдэх хүн үү гэх найз нөхдийн дуун хадав. Ухасхийн бослоо. Өвс, үүлс, тэнгэрийн үнэрийг сүлэлдүүлсэн талын салхи сэнгэнэтэл үлээсээр... Алтан хялгануудын зүгт эргэж харан харан алхлаа. Намайг март даа салхи минь гэж хээрийн салхинд урамгүйхэн шивнэлээ. Тал дундуур зурайсан шаргал зам өмнө минь сунайв.

2018 он