Энэ
өдөр
Хэнан шенгийн гудамжинд хүн хөл гэдэг жигтэйхэн. Торгон дээлийнхээ энгэр
хэсгийг далдартал том том шүр зүүж ханцуйгаа сугалдаргалсан ганган эмэгтэйчүүд, хөдсөн гадартай хоргой эмжээртэй төвд
дээл
хөглөрүүлсэн эрчүүд, хүүхдээ нуруундаа үүрч дүүрсэн эхчүүд
гээд эгэл буурайхан хүмүүс зай завсаргүй
сүлжилдэнэ. Төвөөс ядуу буурай айл өрхүүдэд тусламжийн бараа
таваар олгох сургаар хөдөөнийхөн шенгийнхээ төвд орж ирцгээсэн нь энэ ажээ. Тэдний ихэнх нь тусламж авах айл өрхийн тоонд орсон
эсэхээ ч магадлалгүй морь мотоциклио хөлөглөн хөөрцөглөжээ. Шенгийн бор дүрхэн гудамжуудаар холхих олны урсгал дундуур
сониучирхан явсаар зээл рүү явж орчихлоо. Тэнд гадны хүний нүдээр гайхах сонжих
зүйл дэндүү их аж. Энд тэндээсээ түлхүүлж нудруулж явсаар зээлийн гүн рүү
шургалаа. Ханцуй хормой нь хамтдаа газар шүүрдсэн хүлхэгэр төвд дээлний цаанаас ил гарсан хиртэй хэнхдэг, галзуу
мэт гялалзсан нүд, ширэлдсэн үстэй хагас зэрлэг гэмээр хүмүүс хоорондоо түвдээр л бололтой хэрэлдээд муудалцаад ч байгаа юм
шиг эс бөгөөс ямар нэг эмгэнэлт драмын жүжгийн бэлтгэл хийж байгаа жүжигчид ч
юмуу гэмээр чанга чанга хашгиралдана. Цочиж жийрхмээр бүр чихээ дармаар. Тэр
дуу шуугиан дунд хоёр түвд жинхэнээсээ хэрэлдээд цохилцох нь холгүй болоод
явчихлаа. Гэтэл гэнэт тас няс буугаад явчих нь тэр. Хэлмэрчээсээ учрыг асуулаа. Тэгсэн түрүүнээс хойш тэр
хоёрыг ажиглан сониучирхаж зогссон хэлмэрч минь энэ хоёр эхлээд нэг бараа булаалдан хэрэлдэж
эхэлсэн гэлээ. За тэгээд гэж хэрэгт
дурлавал тэр хоёрын яриаг нэг хэсэг чагнаж зогсоод тэрбээр тэгтэл
нэг
нь чи бид адилхан хятадын боолууд байж нэгэндээ ингэж ихэрхээд
хаана хүрэх вэ дээ гэхэд нөгөөх нь чи л хятадын боол. Харин би эх оронтой монгол
хүн гэж байна. Нөгөө түвд нь хятадын боол
гэж хэлсэнд нь бачимдаад чамайг тэгвэл хөнөөчихье гээд дайрчээ. Гэтэл монгол нь би бол
үхсэн
ч үлдэх улс оронтой хүн хөнөөгдөхөд гомдолгүй. Харин
чи урт наслаарай. Чамаар чиний улс
дуусч байгаа шүү гэж үгээр
цавчиж байна гэлээ. Хөөх хоёр түвд хүн гэж бодсон чинь нэг нь
монгол хүн байх нь ээ гэж дуу алдвал хэлмэрч минь тийм байна. Монгол хүн байна
их омогтой юм. Чиний төрөл садан байна шүү дээ гээд инээмсэглэлээ. Сайхь хоёр
эрийн хэрүүл бүр ч их сонирхол татаад явчихлаа. Өмнө нь энэ нутгийн уугуул
суугуулуудын тухай мэдээлэл цуглуулж явахдаа монголчууд аж төрдөг гэдгийг нь
дуулсан боловч яг энд ингээд ахан дүүстэйгээ нүүр тулна чинээ бодож яваагүй
билээ. Аялал минь утга учиртай болоод явчихлаа. Нөгөө хоёр хоорондоо барилцаж
аваад шороо тоос манаруулан эгээ л хоёр бух хоорондоо мөргөлдөх мэт хэсэг
пижигнүүлж аваад бие биенээ заамдсан чигтээ хаашаа ч юм хурдан хурдан алхлаа.
Хэлмэрч минь ёжтойхон инээмсэглээд энэ хоёрыг дагах уу гэсэн харцаар харав. Би
ч толгой дохилоо. Тэр хоёрыг бид хоёроос өөр хэн ч тоож дагасангүй. Мөнөөх хоёр
тэнгэр хагартал хэрэлдсээр зээлээс мултарч нэлээд явж явж нэгэн талбай руу орж
ирлээ. Тэр хоёр талбайн голд эрхэмсэгээр байрлах морины хөшөөн дээр хүрч очих
нь тэр. Хоёр учраа хэрэгт дуртай холын аялагч бид хоёрыг анзаарах манатай ажээ.
Хэрүүл оргилдоо хүрч байгаа байдалтай огцом оволзож ирээд дорхноо намжлаа.
Хэлмэрч минь сая ам нээж төв талбай дээр сарлагийн хөшөө байна уу, морины хөшөө
байна уу хар чи гэж монгол нь омогдож байна. Харин түвд эр энд сарлагийн хөшөө
байх ёстой байсан юм гэж нэг оволзож ирээд хоёр тийш болчихлоо. Монгол нь
монгол эх орон руугаа буцах морьтой хүн шүү би гэж дарж авч байгаа бололтой юм.
Харин түвд эр наад морь чинь амьгүй цутгамал гээд дэвсэлж байна. Монгол нь
тэглээ ч гэсэн наадах чинь морь гээд мөрөөрөө сүрхий нь аргагүй ёвроод хоёр
тийш боллоо гэв. Морины хөшөөний дэргэд бах тав нь ханасан байдалтай уухичин
суух эрийг холоос хэсэг зуур ширтэн зогсов. Яагаад ч юм зүрхээр минь хатгуулах
шиг боллоо. Хацрыг минь даган нойтон оргив. Дээдсийн минь илдний ир болж
явсан итгэмжит хүлэг баатрууд минь гэж уруул
нэгэнтээ өмөлзлөө. Түвдийн ихэмсэг их уулс огт тоомжиргүй тэнгэр ширтэн зүүрмэглэсээр ажээ.
*
Намрын
цэлмэгэр хөх тэнгэр улам ч уужим болсон юм шиг үзэгдэнэ. Ганц цагаан навч гэмээр
жижигхэн цагаан үүл тэртээд шүхэрлэх нь тэнгэрийг үзэсгэлэнтэй болгожээ. Эргэн
тойрны уулс дэндүү налгар. Өвс ногооны үнэр хурц содон гэдэг жигтэйхэн. Овооны
гандсан хадаг яндар салхи ч үгүй байтал хааяа сэвс сэвсхийн намирна. Өвгөн
буурал овоо
их үдийн нарны илчинд
бүлээцэн таатайяа зүүрмэглэнэ. Босго тэнгэрийн даваан дээр залбирч сууна.
Дээдсийн минь бургасан гэрээ дугуйлж гурван чулуугаа тулж явсан нутаг гээд
бодохоор сэтгэлд нэг л дулаахан. Босго тэнгэрийн Өндөр, Баатар ян уул хоёр
алсыг саравчлах мэт санаашран хүрэнтэнэ. Бурхан халдуны зүгээс урсан ирэх
шаргал салхи хацрыг минь үе үе илбэнэ. Хоёр жилийн өмнө урд хөршөөр антрофологич
найзуудаа бараадан шинэ газар оронтой танилцаж хэдэн өдөр явсан сан. Тийн
явахдаа мах цусны минь тасархай өөр улс гүрний дотор хэрхэн аж төрж байгааг
нүдээр үзэж бахархахдаа бахархаж, шимшрэхдээ шимширсэн сэн. Тэр аяллаас
ирээд Бурхан халдун хайрханд жилд
ядахнаа ганц удаа ч болов зорин ирж Хэнаны төв талбай дээрх цутгамал хүлэг,
мөнөөх хүлэг баатруудынхаа үр хойч хоёрын өмнөөс хүндэтгэн мэхийж сэтгэлийнх нь
айлтгалыг өргөн мэдүүлж байя гэж өөртөө тангарагласан юм. Тэдний төлөө өөр юу
хийж чадахсан билээ. Өрөөлийн “хайр” мориноос нь буулгаж тариачин болгосон ч
гэлээ он цагийн авир ааш хэл соёлыг нь булаасан ч гэлээ хэзээ ч үл бөхөх нэгэн
оч зүрхэн чинадаас нь цацарч байгааг мэдрэхдээ тэднийгээ хүндэтгэн сөгдсөн сөн.
Ай Бурхан Халдун минь, ээ буурал дээдэс минь гэж Зэв шивнэлээ. Дэргэд нь сууж
байсан хүү нь
-
Аав аа та энэ уултай юу
ярилцдаг юм бэ гэж гилжийн сониучирхав.
Энэ агшинд тэрбээр чухам
юу гэж хариулахаа мэдэхгүй хажуугийн шаргал өвсийг хэсэг зуур илбэн суулаа.
Тэгээд аан аав нь ахан дүүсийг чинь аврал ивээлдээ багтаах болтугай л гэж
залбирдаг юмаа гэж хариу хэллээ. Хүүдээ ингэж хариулахад Зэвийн сэтгэл нэг их жаргалтай
болоод явчих шиг санагдав. Харин хүү нь энэ үгийг чухам юу гэж ойлгосныг тэнгэр
бурхан л мэдэх бизээ.
2019 он