Showing posts with label Тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Тэмдэглэл. Show all posts

Monday, February 10, 2014

БӨХӨН ШАРЫН НУРУУНАА ХУВИЛГААН СОЛОНГО ТАТМУЙ /"Үндэсний шуудан" 2010 он/

  
/аян замын тэмдэглэл/

Аянч цагаахан үүлс дорнын бүсгүйчүүд агаарт дэлгээд нисгэчихсэн сүрэг борооны шүхэр мэт дээр минь эргэлдэн дагана.Харин хажуу хавиргын уулс ногоолин эрдэнийн өмсгөлөө хэдийнэ өмсөөд мөнөөх агаарт зүмбэрлэх шүхрэн үүлсийг шохоорхон буй нь эгээ л эздийнх нь энгэсэг , цэцэгсийн үнэрт дүрийг ургуулан шимтэж буй ижилхэн ногоон торгон дээлтэй хөдөөх эрс шиг үзэгдэнэ. Цуваа алгуурхан зогслоо.Агь ,ганга, шинэ өвсний содон үнэр ханхийн тосохуй дор сэтгэлийн дотор бэлдэн бэлдэн явсан цэнхэрхэн хадаг өөрийн эрхгүй дэлгэгдэн дэрвэвэй.Аян замын дөрөө нийлсэн дэргэдийн нөхдийн  цээжин оронд ч басхүү нэг нэг хадаг дэлгэгдэн байгаа гэдэгт энэ агшинд ер эргэлзсэнгүй.
Яг эндээс Ар халхын алтан мөнгөн тамгат хоёр хутагтын нутаг эхэлж байгаа юм.Тийм болохоор шидэт сүмийн босгоор давахтай агаар нэг догдлон зогсоо хэрэг.
“Шинэ Азиа майнинг” группын ерөнхийлөгч Л.Төрбаяраар ахлуулсан “томоос том гэрэлт” цуваа зорьсон нутгийнхаа дээсэнд  тулж ирсэн нь энэ бүлгээ.”Томоос том гэрэлт” гэж тодотгосон минь бас ч учиртай.Улс орны минь гурван зуу гаруй сумдад төдийлөн сонсогдоод байдаггүй Эх хэлний баяр,Монгол хэлний олимпиадад урилга авагсад  болоод шинийн 15-ны ерөөлт өдөр болох Бөхөн шарын нуруу хэмээх алдарт хайрханаа орших Хамба гэгээнтний овоог тахих ёслолд залрагчид, “Бөхөн шарын нуруу” дууг бүтээсэн урлаачид  , Завхан , Хөвсгөл хэмээх хоёр том аймагт гэрэл илч тээн ирж буй “Шинэ Азиа майнинг” группийнхэн морилон ирж буй учраас тийн нэрлэсэн бүлгээ.
   Мөнөөх“томоос том гэрэлт” цувааг Завхан нутгийн Идэр сумынхан ,боловсролыг дэмжих “Лхагважав сан”-гийнхан мэхийн хүндэтгэж тосвой.Хангайн нурууны сэрүүн дагшин голын нэг алдарт Идэрийн голын хөвөөнөө  хоёр эгнүүлэн барьсан гэрүүд баянхуур хөгжмийн даралт мэт ярайх агаад гэрүүдийн яндангаар угалзран өлзий утас мэтгэх утаа нэгээхэн бээр дээшлэн хөөрөөд нэгдэж нэгэн цэнхэр төрхтэй баянхуурч эрийн дүрийг урлан урлан амилуулмуй.Маргааш өглөөний хутагт улаан нарнаар Завхан нутгийн говь , хангай , талын тэртээгээс зорин зорин ирсэн зуу зуун багш ,сурагчид эх хэлний олимпиадаа эхэлнэ.Үндэсний соёл , эх хэл алив үнэ цэнэтэй бүхнээ алдаж яваа гэнэхэн , ганьхан түмэн олноо хараад зүрхэндээ унагадаг нулимс харин энд шөнөдөө л сувданд хувирч хонох ажээ.Жалханз гэгээнтний нутгаас , Дилав хутагтын нутгаас , Буурал багшийн хувилгааны нутгаас , Андиа гэгээнтний нутгаас , хоньчин баатар Намхайнямбуугийн нутгаас , Арь гэгээнтний нутгаас , Луусын хувилгаан Лхагвын  нутгаас , Нацагдорж хамбын нутгаас , Их Явуу , алдарт Адраагийн нутгаас гээд дэлгэр сайхан Завхан нутгийн дэнж нуга бүхнээс шүншиг аравнайт эх хэлэндээ мөргөж залбирч явдаг хувраг шиг хөөрхөн хүүхдүүд ,дарь эх шиг намжирлаг бүсгүй голдуу багш нар чуулсан нь Бөхөн шарын нуруунаа адис жанлаваа үлдээсэн ар халхын мөнгөн тамгат Хамба гэгээнтний өмнө өргөсөн өнгө өнгийн дэлбээт тахилын цэцэг мэт дүрслэл төрүүлнэ. Хоёр өдөр хоёр шөнийн турш эх сайхан монгол хэлнийхээ хуур , ятгыг эгшиглүүлсэн багш сурагчдын уралдаан наадааныг бяслаг мэт шахаж айраг мэт амсан амсан тамшаалсан мэргэд бол  доктор профессор Д.Баттогтох,гавъяат багш Ч.Эрдэнэцэцэг, дэд доктор Ө.Оюунхүү ,”Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга ,дэд доктор Б.Элбэгзаяа нар болой.Улс орон даяарын эх хэлний наадмын цар эндээс бэлхнээ харагдах нь лавтай.Идэр нутгийн уянгат сарыг толгой өргөн шохоорхох ч завгүй эдний минь алба ид дундаа явж байхад харин бид эсээ бичлэгийн уралдааны дээлийн захыг мушгисхийгээд завчлан Идэр нутгийн улаан буланд  бүжиг эргэж тэнд МУГЖ Ц.Түвшинтөгс онгод нь орж  эгээ л хэнгэрэг бариулчих юм бол их өвөг Тэв тэнгэр бөөг санагдуулам гангарч,Ардын уран зохиолч Д.Цоодол тайзны голд өндөөр хөх тогоруу  сунхалзах мэт гарч ирэн шүлэг уншиж ,өнөө “муу “ Урианхайгаа савга үс сайтай найрагч ирсэн юм,сарлагийн сүрэг тань үр төл сайтай байх нь хэмээн шүлгийн завсарт наргиа шигтгэн Идэрийнхнийг хөгжөөнө.Улаан булангийн цонхоор туссан сарны гэрэл харин Урианхай ахын мөнгөлөг  сахлын үзүүрт алтан бэх мэт түрхэгдэнгүй бөгөөд  найрагч үе үе инээвхийлэхүйд бүрэнхийдүү танхимын агаарт мөнөөх алтан бэхт сахлаараа харь гаригийнхан л тайлан унших  шүлгийн мөр татлан байх шиг санагдана.Харин нүдний шилтэй мөртлөө нүдний шилнийхээ дээгүүр дэргэдийн бүсгүйчүүдийг шимтэж огт инээд хүрмээр юм болоогүй байхад орос ёотон шиг том том цагаан шүд гарган түс түс  инээх  хүн бол МЗЭ-ийн шагналт найрагч Б.Батхүү. Далд нэгэн симфоныг удирдаад байгаа мэт танхимын голд баруун гар нь үе үе дохиж харагдана.Бүжгийн танхимын гэрэл нь эс таалагдаад эсвэл  бүжиг эргэгч охид бүсгүйчүүдийнх нь  гэрэл чамлагдаад хямсайж суух дорно зүгийн ноёны төрхийг урлагч бол Төрийн шагналт зохиолч Д.Норов.Мөн чанартаа бол зохиолч маань хямсайж суугаа бус таашааж суугаа нь энэ бүлгээ.Харин хөгжмийн зохиолч Т.Сэр –Од том том хээтэй хүрэн торгон дээл өмссөн нь их л зохиж.Цав цагаан бүрх духдуулсан нь  нүүрнийхээ төв хэсгийн шүрэнлэг хэсгийг зориуд тодосгон гайхуулангуй аяс үзэгдүүлэхийг хичээсэн мэт ээ.Сэтгэл нь их хөдөлсөн санж.Бүжиглэж буй бүсгүйгээ нөхөрт нь алдчихгүйг эрхэмлэх мэт бэлхүүсээр нь тас тэврэн эргэнэ.Уран бүтээлч андынхаа энэ байдлыг анзаарангуй суусан миний сахилгагүйтэх зан хөдөлж Т.Сэр- Оддоо гоёлын болоод ажлын гэсэн хоёр хамар урлаж өгөх тухай бодож өөрөө өөрийгөө баясгаму.Тэр нь юу байхав гэвэл гоёлын хамар нь цул алтаар урласан байх бөгөөд нэлэнхүйдээ ланз хээтэй тэгээд бас болоогүй ээ есөн эрдэнэ шигтгэсэн хамар байх юм.Харин ажлынх нь хамар арай өөр.Гууль юмуу зэсээр урласан байх бөгөөд тэрүүхэн үзүүр дороо нууцгайхан оньстой.Түүнийг нь торхийлгээд хөдөлгөхөд дотроос нь хуруувчин чинээ хундага гараад ирдэг ...гэх мэтээр сахилгагүйхэн дүрслэлдээ баясан суухуй нуруулаг, царайлаг нь аргагүй нэгэн багш бүсгүй өмнө минь хэдийн ирж бүжигт урин зогсох агаад өөрөө өөртөө баясагч үл сэхээрэн жаахан зогсоосонд  ичингүйрэнгүй цомцойх ажээ.Бүжиглэгчдийн дунд Дарь Сүхбаатарын цээж далайн цалгиа давалгаан дунд хөвөх мөсөн уул мэт нүүдэллэх нь их л содон.Түүнтэй зэрэгцэн нүүх бас нэгэн цээж  бол хурандаа Гүрбазарынх бүлгээ.Ийм л гэгээлэг басхүү уянгалаг хоёр ч үдшийг бидэн Завхан нутгийн багш нартайгаа Идэрийнхэнтэйгээ үдсэн билээ.Хүссэн цаг мөч  ирж Эх хэлний олимпиадын дүн гарч шагнал гардуулахуйд тайзан дээр “Шинэ Ази майнинг” группын ерөнхийлөгч Л.Төрбаяр,гүйцэтгэх захирал Мэндээ мөн энэ өдөр агаарын хүлэг хүлэглэн ирсэн УИХ-ын эрхэм гишүүн Д.Оюунхорол  Идэр нутгаас төрсөн сор  сэхээтнүүд, Нийслэл дэхь Идэр нутгийн зөвлөлийн тэргүүн Л.Даваажаргал,УИХ-ын гишүүн асан Б.Шаравсамбуу, Барилга корпорацийн ерөнхий захирал Л.Шагдаррагчаа, Сүхбаатар дүүргийн Төрийн сангийн дарга С.Мөнхтөр,ХААН банкны гүйцэтгэх захирал  Д.Батсайхан ,Завхан аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Л.Чулуунбаатар , Боловсролыг дэмжих ”Лхагважав “сангийн нарийн бичгийн дарга С.Нарантуяа ,  овоо тахилгад уригдаж ирсэн Манба дацан хийдийн хамба АУ-ны гавъяатан Д.Нацагдорж тэргүүтэн заларлаа. Энэ өдрүүдийн хамгийн хүндэт хүн буурал багш  Л.Лхагважав мөн хүндэтгэлийн тайзнаа залрах ажээ.Өмнөх жилүүдээсээ илүү өнөр өтгөн , илүү өндөр түвшинд зохион байгуулагдсаныг оролцсон багш сурагчдын хүрээ  , зарсан хөрөнгө мөнгөний хэмжээгээр цараалж болно.Завхан нутгийн ерөнхий боловсролын  сургуулийн 600 шахам багш,сурагч  оролцож ур чадвар, мэдлэг боловролоо сорьсон нь хөдөөгийн нэгэн сум сууринд байтугай аймаг ,бүсэд ч элбэгдэхээр гэрэл гэгээ бүрэлдүүлсэн үйл явдал гэхээс өөр юу гэх вэ.”Шинэ Азиа майнинг” групп 20 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэснийг хөдөөгийн боловсролыг дэмжиж байгаа чамлахааргүй сэтгэл гэлтэй.Энд чуулсан багш нар минь  зүгээр нэг уралдаад зогссонгүй,аль нандин бүхнээ гээж яваа эдүгээгийн төмөрлөг эрин зуунд монголоороо үлдэх нандин сэжмүүдийн нэг болсон монгол хэлний хувь заяаны тухай тулхтай хэлэлцүүлэг явуулж, эрдэмтэн ,зохиолчид ,ахмадуудын санал бодлыг томж монгол хэлээ хамгаалах,сургалтын хөтөлбөрт монгол хэлээ хойморлуулан залах тухайтад бүр хөдөлгөөн хүртэл өрнүүлээд авсан нь эх хэл, соёл заншлаа ээжээсээ ч илүү өмгөөлөн өндөлзөж явдаг зохиолч бидний бах тааллыг нэгэнтээ хангасан билээ.Мэргэжлийн багш нарын дундаас  Завхан аймгийн Сонгино сумын дунд сургуулийн монгол хэлний багш,ажиллаад тун ч удаагүй чадварлаг залуухан бүсгүй Н.Баасанжаргал манлайлжээ.Түүний энгэр дээр монгол дархан хагас лан мөнгө,1 цэн алтаар урлан бүтээсэн “Багш дор мөргөмү” гэсэн алтан бичээст Эрдэнийн одон гялалзлаа.Басхүү 500 мянган төгрөг дагалджээ.Ийнхүү анхан шатны багш нарын ангилалд Тэлмэн сумын сургуулийн сургалтын менежер  С.Хонгорзул, эсээ бичлэгийн төрөлд Тосонцэнгэл сумын сурагч А.Номин-Эрдэнэ нар шалгарч тэргүүн өргөмжлөл  дагалдах багагүй мөнгөн шагналын эзэд болцгоосон агаад уралдаанд айрагдсан мөн ч олон сурагч багш олимпиадын хишиг хүртлээ.Энд онцлохуйд түрүү жил эсээ бичлэгийн төрөлд шалгарсан авъяаслаг сурагчийг их сургуулийн 4 жилийн төлбөрийг нь ,төгсөөд ажиллах ажлыг байраар нь хангах сайхан боломжоор шагнасан  билээ.Энэ удаагийн эсээ бичлэгт түрүүлсэн сурагч мөн “Шинэ Азиа майнинг” группийн ивээлд багтаж  сургуулийн төлбөрөөр болоод төгсөөд ажиллах ажлын байраар бас шагнуулж байгаа гэнэ.УИХ-ын эрхэм гишүүн Д.Оюунхорол мөн “Отгонтэнгэр” дээд сургуульдаа үнэ төлбөргүй сурах эрхээр шагнаж байгаагаа бас айлтгасаан.Эсээ бичлэгийн уралдаанд ирсэн бичлэгүүдийг Идэрийн голын харгиатайхан урсгалд бүүвэйлүүлэн сууж төрийн шагналт зохиолч Д.Норов,Ардын уран зохиолч Д.Цоодол, эрдэмтэн зохиолч Д.Урианхай,яруу найрагч Б.Батхүү нар шүүн явуулсан гээд бодохоор ирээдүйд цахиур хагалах жинхэнэ авъяас билигтнийг хэрхэн шигшиж  гаргаж ирснийг баримжаалж болох буй за.Идрийн гол шуугин урссаар...Гэрийн онгорхой  хаалгаар Сэвжидбалбар хайрхан мөнгөн ембүү мэт цайран харагдах агаад  цаадтайх цэлмэг хөх тэнгэр нь хадаг мэт намирч үзэгдэхүйд  өчүүхэн бичээч надад юуны тул ийм дүр дүрслэл бууж ирнэв хэмээн юу юугүй алд хадаг мөнгөн ембүү гардан авах гэж байгаа хүн шиг сэтгэл тэвдэн сандчих бөгөөд 
“Ялгуусан хутагтын уул
Ярьж байгаа юм шиг салхитай
Алтан тамгатай гэгээнтэн минь
Адислаад байгаа юм шиг бараатай...” хэмээн цээжин орноос өгүүлэх  хуврагийн үгсэд харин жаахан тайвширах бүлгээ.Хүлээж цалгилсан өдөр ирсэн тул хадаг сүү,арвай будаагаа өвөртөлж аваад мордоцгоовой.Энэ билигт өдөр бол алдарт Бөхөн шарын нурууны тахилгын өдөр.Зуны эхэн сарын шинийн арван тавны өдөр.
Хөх тэнгэр эцэг алт мөнгийг дэлгэн тавиад цувиж давтан  суудаг гэмээр дөш мэт дүгнэгэр талбиун хайрханы зоо.Харин Богд Очирваань хайрхан мөнөөх хөх тэнгэрийн урлан буй алт мөнгөн тамгануудыг нь  мэлмий цавчихгүй ширтэн суудаг байлтай өмнөхөн зүгээс нь цацран туяатна.Эргэн тойрны уулс есөн эрдэнийн өнгөөр өглөөний наран дор гэрэлтэн шижиртэх бөгөөд уяачид энд тэндгүй тойрон сууж  их нас болоод соёолон морьд толгой хаялан торгоны хээ мэт энд ч тэнд ч нэг дугуйрна. Богд хаантны 13 тамгатай хутагтын нэг  Хамба номунхан Жамбалдоржийн тахиж шүншиглэсэн их овоо тэнгэр газрыг холбон солонгороод ном уншлагын дуун найман зовхист долгилму.
“Үүл нь мөнгөн тамганы дүрстэй
Өвс нь түмэн зулын гэрэлтэй
Бөхөн шарын нуруу
Салхинаас нь тарнийн аялгуу сонсогдоод
Нарнаас нь арцны үнэр сэнхийгээд
Нэг л сайхан даа...”хөгжмийн зохиолч Т.Сэр-Од бид хоёр амандаа энэхүү уншлага,мааниа хөгжөөн нуруугаа үүрэн алхана.Тэгэхдээ их овоо болоод хүндэт сүсэгтэн олны ханан дугуйрч суусан орон зайг алсхан нар зөв тойрч шүү.Т.Сэр Одын маань нүдэнд нулимс бөмбийх агаад ямархан шид увьдас түүнийг ингэж оролдож буйг хэн мэднэ.Түрүүхэн дэргэдүүр нь өнгөрсөн гоёмсог хүрэн соёолонг хараад ингэтлээ хөөрөв л гэж... Энд хуран чуулсан сүсэгтнүүдийн дунд хамгийн өндөр догдлол тээсэн дөрвөн хүн  байгаагийн хоёр нь ингэж алхнам.Гуравдахь этгээд нь гоёмсог шар торгон өмсгөл гэрэлтүүлж дуу цацруулагчийн хажууд эргэцэх МУГЖ Ц.Түвшинтөгс...Харин дөрөв дэхь нь наадамчдын яг гол хэсэгт техник хэрэгслээ суурилуулан гоёмсогхон агшинуудыг алдалгүй буулгагч “Бөхөн шарын нуруу” дууны клипийг бүтээгч Энх-Амгалан бүлгээ. Урд жил Бөхөн шарын нуруунаа залрах завшаан тохиосон миний бие дээрх шүлгийн мөрүүдийг энэхэн шүншигт орон зайгаас олж тэмдэглэсэн билээ.Түүнээ бэлэгшээн цээжин орноо гэрэлтүүлж явсаар өвлийн дунд сард бүтэн болгож хөгжмийн зохиолч Т.Сэр-Одод үзүүлэхүйд тун ч төдөлгүй аялгуу зохируулснаа дуулгаж их хутагт өөрөө хэлж өгч бичүүлэв хэмээн хөөрцөглүүлсэн  нэгэн дуу бүтсэн билээ.Удалгүй Түвшин төгс гавъяат мөнөөх дууг дуулах дуучнаар сонгогдож яах ийхийн зуургүй хамба номун ханы шүншигт нэгэн бүтээл төрж төрсөн даруйдаа “Морин хуур” наадамд дуулагдан тэргүүн дуугаар цоллуулсан сан.”Бөхөн шарын нуруу” дуу бүтсэн тэрхэн даруйд басхүү  нэгэн ерөөлт сайхан үйл явдал болсон нь  Л.Төрбаяр захирлын өрөөнөө Хамбын мөнгөн тамганы дардас залран ирсэн явдал байвай.Уран дархан Ц.Рэнцэнбавуу мөнөөх тамганы дардсаас эх авч мөн даруйд 50 лан мөнгөөр бартай мөнгөн тамгыг хуучны хэв донжоор нь урласан бөгөөд энэ бүх ерөөл өөрөө аяндаа бүтэж бүрэлдэж өнөөдрийн энэ өдөр олон учрал тохиолын үзүүр нэгэн овооноо зандан тоононд өлгөж буй унь мэт  асарлан бүтсэн нь энэ бүлгээ.Байгаль дэлхийгээ аргадаж хайрласан,хутагт гэгээдийнхээ заяа буяныг хурайлан далласан мөр шад нисэлдэн орж ирэх болгонд  үнэнч хуврагийн сэтгэлээр залбиран тэмдэглэж авдаг бөгөөд өнөө цагийн шаврай бичээчингүүд мунхаг учраас дууны шүлэг бичив,байгаль хангайг дуулав гэж шүүмжлэхийг үг хэмээн үл тооцогч билээ би.Яагаад гэвэл хутагт орон зайд төрж ,өссөн ,сэтгэлийн боловсрол эзэмшсэн бичгийн цөөхөн хувьтнуудын нэг учраас тийн “жингийн цуваа явж л байна ..” хэмээн чимээ өгдөг бүлгээ.Үнэндээ салхинаас тарнийн аялгуу,нарнаас арцны үнэр  сэнхийсээр ...Тахилгын ном уншлага өндөрлөхүй хурсан олны анхаарлыг өглөөнөөс хойш татсан хадган бүтээлэгтэй нэгэн нууцыг тайлвай.Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од,МУГЖ Түвшинтөгс бид гурвыг цоллон овооны дэргэд дуудлаа.Цэнхэр нөмрөгийн дороос боржин чулуун дээр сийлбэрлэн цохисон “Бөхөн шарын нуруу”дууны шүлэг,нот цацран гэрэлтвэй.Энэ сацуу хамба Д.Нацагдорж ном уншиж аравнай өргөхүйд дэл сүүлийг нь боосон гурван хурдан морь хөтөлсөн залуу ирж хадгийн хамт бидний гарт жолоог нь атгууллаа .Хамба номун ханы заяа буяныг хурайлсан тарнич бүтээл туурвин өргөсний учир...гэсэн шидэт үгсийг сонсохуйд сэтгэлийн мэлмий сувдан дусал унагах ажээ.Гавьяатын аргил хоолой
 “...Зарлигаар шагнагдсан номун их хан ,
Сайн ерөөлт, хичээнгүй дуран билигт,
Эрдэнэ бандида ,хамба ширээт,
Мэргэн номч, ноён цорж
Хамба хутагтын минь
нутаг нь болохоор ийм л сайхан даа...”хэмээн эгшиглүүлэхүй хажуу дэргэдийн өвс ногоо байтугай ханхар ханхар уулс хүртэл алга хавсран залбирах шиг болном.Хошуу хотлоор хурай хурай хурай хэмээн хоёр гарыг дээш өргөн далласаар бүлгээ.Өвгөдөөс нь хоймрын сүр жавхалзаад эрсээс нь хийморийн од гялбалзсан наадам ийн эхэлвэй.Хамбын бор хэмээн алдаршсан Урт гарт Лхагва арслангийн үр сад,хулгар хэмээх Дэндэв,Дэлгэр арслангийн ач үрс наадмыг чимэх нь бас нэгэн ерөөлийг бүрдүүлнэм.Энэ ус нутгийн идэрхэн арслан Ш.Жаргалсайхан тэргүүтэй улс аймгийн алдартнууд бас үүл сэмлэн дэвж салхи босгон шавах ажааму.Энэ сацуу Бөхөн шарын нурууны өвөрт  Хамба номун ханы зохиосон Ламхайн маанийг ижилхэн ягаан өнгийн хувцсаар жигдэрсэн охид бүсгүйчүүд яруу тод дуугаар уянгалуулан хөгжөөх нь Бөхөн шарын нурууны өвөрт  бадам цэцэг нэгэнтээ дэлгэрэв үү гэлтэй сонин сайхан үзэгдэх агаад тахилга ёслолын утгын” өргөөний” дээвэр туурга бүрэн бүтэн болму.Хөвсгөл аймгийн Жаргалан суманд суудаг бурхан номын хүн О.Бадмаадорж энэхүү ховор нандин маань уншлагыг хичээн зохируулсны үр энэ бүлгээ.Бөхөн шарын нуруунаа бүсгүй хүн гардаггүй өнө эртний дэг байх тул ийн бүсгүйчүүд Бөхөн шарын нурууны өвөрт залбиран сууцгаана.Харин санамсаргүй тааралдсан Тосонцэнгэл сумын уяач Энхтайвны гэргий  “хойт насандаа эр хүн болж төрж байгаад Бөхөн шарын овоондоо бараалхана даа...” хэмээн үгийн цахиур цахисан нь энд морилон ирсэн бүх л бүсгүйчүүдийн зүрхэн тольтод гэрэлтэн буй хүсэмжит ерөөл болохыг хэн ч төвөггүй гадарлана.Өрөвдөм,уярам,бахархам энэ үгийг Бөхөн шарын нурууны сэр сэрхэн салхис газар унагалгүй тэнгэрийн орноо хүргэхийг яарсан мэт зөөлөн сэвшсэнээ бужигнан дээш алдуурч хурмастын гүн цээл рүү жигүүрлэн одном.
Уянгалагхан совинд автахуй дор Бөхөн шарын нурууны чанх дээр тогтсон үүл нэг харахнаа нь долоон давхар олбог суудал мэт харагдав.Тэгснээ бүр их гэгээнтэн мөнгөн тамгаа баруун гартаа бариад алхаад ирж яваа юм шиг сонин гайхамшигт төрхөнд хувирч ингэснээ алгуурхан сарниж арцны  утаа мэт суунаг татуулан тоглох ажааму.Ээ тэнгэр минь .Гэгээн хутагт биднийхээ сэтгэлийн урилгыг хүлээн авсан төдийгүй адислан байгаа байх нь хэмээн сөхрөн сууж залбирму. ”Шинэ Азиа майнинг групп” –ийн бөх аймгийн арслан  Ш.Жаргалсайхан давлаа хэмээн овооны зүгээс  дуун цацруулагч цангинана.Морьд эргэжээ.


Ц.Бавуудорж     

Sunday, February 2, 2014

ДАРЬГАНГЫН ТЭМДЭГЛЭЛ /"Өдрийн сонин" 1999/




“Шилийн Богд руу явна гэхээс
Тэр шөнө нойр хүрэхгүй …”
Д.Нямсүрэн

    Гандангийн  дэнжид өглөөний нарны шаргал туяа алгуур дэлхэн байхад бид тав шашны эд зүйл зардаг худалдааны газрын үүдэнд тал талаасаа цуглалаа.
Бид тав гэдэг маань Монголын Зохиолчдын Хорооны гүйцэтгэх захирал, яруу найрагч Х. Чилаажав, нэрт морин хуурч, нийслэлийн соёлын газрын дарга  Ц.Пүрэвхүү, Цог сэтгүүлийн ерөнхий ивээн тэтгэгч Хөгжил трейд компанийн захирал н.Алтангэрэл, яруу найрагч А.Эрдэнэ-Очир бид тав билээ. Хийморь сүлдний бэлгэдэг болсон Шилийн Богдод хүргэх аяны замаа эндээс эхэлсэн нь бэлгэ ерөөл бодолцсон хэрэг.Нэгэнт хийморийн даллагатай уул зорихын хэрэг юу сан билээ хэмээн хийморийн дарцаг, арц утлага базааж авах гэсэн зорилт ийш нь далласан юм аа.Өөр өөрсдийн  дарцаг юугаа  авч унаа тэргэндээ суухыг завдах  зуурт нүдэнд дулаахан инээмсэглэлтэй залуухан лам дэргэдүүр өнгөрөхөд нь түр азнааж  хийморийн дарцгаа аль зүгт хэрхэн хийсгэх тухай  хэлж өгнө үү хэмээж  явах суух нутаг газраа хэлж  бяцхан яриа өрнүүллээ. Тэрбээр уриалгахнаар унаанд минь сууж судар номоо дэлгэн аян замын ерөөл, хийморийн сан айлтган явдал мөрийг минь тэгшитгэлээ. Бидэнтэй ийн таарч уулзсандаа бэлгэшээж  өндөр настай аавдаа болоод өөртөө хийморийн дарцаг хийсгээд өгөхийг хүсч биднийг хөдлөн хөдөлтөл  номоо уншиж  баруун гараа цээжиндээ наминчилсаар хоцорсон билээ. Морин цаг энэ агшинд ид л үүрсэнхэн байлаа. Нүүрэнтэйн хөндий, Хэрлэн мөрөн, Мөнххааны тал нутгийг эвхсэн бидний зам явсаар Шагдарсүрэн найрагчийн нохой шуугиулж явсан мөнгөн талын дундах хот Баруун-Уртад хүрч ирэхэд юу юугүй ханхийн янцгаах нь холгүй  таван хуур мэт бид тавыг  Баруун уртын шаргал саран мөшөлзөнхөн  угтаж авсан билээ. 

Friday, September 27, 2013

ОТГОНТЭНГЭР /"Өдрийн сонин" 2009/


   Монгол түмний язгуур шүтээн Очирваань ,арван хангал хэмээн алдаршсан догшин сахиусдын нэг болой. Нэрийг нь тайлбаас Мутартаан очирт гэсэн утгын гэрлийг цацруулна.Үгийн эрдэнэсээр дүрслэхүй биеийн өнгө хөх,гурван мэлмийтэй,хөмсөгнөөс нь оч цацарсан ,хоолойноос нь хүчирхэг дуун гарсан, биеэс нь гурван орныг номхотгох буман нарны гэрэл бадарсан, баруун мутартаа таван хорыг дарах таван билгэ, билгийг төгссөн, таван салаа очир барьсан, зүүн мутартаа цалам барьсан,улаан дэвсгэртэй бадамлянхуа дээр залран байх ажаам.Энэхүү шидэт бурхныг хэдийд, хэн залж ирэв хэмээвэл “Очирваанийн хувилгаан Очирбат түшээт хан “ цол хүртсэн Автай сан хан Түвд оронд морилж  гуравдугаар далай ламаас залж ирсэн хэмээх нэгэн өгүүлбэр судар шастирын хуудаснаас гэрэлтэн үзэгдмү.Нэвтрүүлгийн маань шүншигт мөрүүд эндээс эхэлж байна.
НЭГЭН ЗҮЙЛ.Энэтхэгийн арш унасан гэх уулын гөрөөс бүхий ойн цэцэрлэгт бурхан багшийг номоо номлохоор хүний ертөнцөд егүүтэн буухад дээд тэнгэрээс Эсрүн хурмаст эн түрүүнд гарын зэвсэг алтан хүрдээ барин бөхийн чагнаж, доор газраас бодь гөрөөс хамгийн түрүүн хөлөө бохирч номын дууг гайхан сонссон гэдэг.Эсрүн хурмаст хийгээд бодь гөрөөс лугаа Буддын сонгодог сэтгэлгээний эрдэнэсийн нэгэн цоож хаалгыг өөртөө агуулж их Очирваанийн биелсэн нутаг болон оногдож  Очирваанийн орон болсон Дорно дахинаа алдартай, монгол орны баруун эх биед залрагч хангай хайрханы ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр тэргүүтэн хүрээ баян хангай тэнгэрийн эрхээр ийн хувилсан буурал түүх сударлагдан байна.Өнө эртний тэмдэглэгээ хөөн үзвэл монголчуудын эртний өвөг дээдсийн тахилгын газар хэмээн алтдан сийлсэн ажгуу.Отгонтэнгэр хэмээх нэр нь хүртэл эдүгээд иртэл үе үеийн бичгийн мэргэдийн оюун бодлын түлхүүрийг үл амраажээ.

Monday, October 8, 2012

СУВАРГА ХАЙРХАН


  "Орчлон ертөнцийн тогтоц бол суварганы мөн чанартай бөгөөд орчлон нирваан хоёр үнэмлэхүйд нэгэн мөн чанартай.
-Суварга бээр хүн, ертөнц хоёрын жам зохилдсон чанарыг давхар агуулан хүн, ертөнц хоёр эцсийн эцэст бас нирваантай ном зохиолдсон чанартай гэдгийг харуулж эгэл жамыг ном зохилдуулан урвуулж сансрын тогтолцооноос гэтэлж болох увьдас болохоо ч баталдаг.
-Суварга , хүмүүн сансрын хүлээнээс гэтэлж үнэхээр бэлгэ билгийг онож гэгээрч чадах тэр агуу чанарыг агуулж байгаагаараа тааллын шүтээн , бурхны номын бие буюу хамгийг болгоогчийн чанарыг илэрхийлэх зохилдлогоотой шүтээн учраас гурван шүтээний том төлөөлөл болон оршин тогтнож, түүнийхээ амьд баталгаа болох агуу их адислалт бүх шинж чанарыг илтгэн оршдог. Иймээс суварга бол хамаг бурхдын хурах орд, гадаад ертөнцийн болоод очирын биеийн жамыг ном зохилдуулсан загвар бүлгээ.