Showing posts with label Ярилцлага. Show all posts
Showing posts with label Ярилцлага. Show all posts

Monday, February 20, 2017

“АРДЫН ЭРХ” СОНИН 2017.02.08 Лхагва №006 (2149)

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийг “Онцлох зочин”-р урьж ярилцлаа.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцаж буй танд баярлалаа. Уран бүтээлийн олз омог арвин байна уу?
- 1990-ээд оноос шүлэг бичихийн зэрэгцээ богино өгүүллэг, өгүүлсэн шүлэг гээд янз янзын л юм байнга оролдож хойш нь хийгээд байсных бас ч овоо нь аргагүй “үүц”-тэй болчихож.Сүүлийн үед нэлээдгүй тогтож суусан юмнууд бас байна. Тэгээд үргэлжилсэн үгийн хоёр ном бэлдэж сууна.Үргэлжилсэн үгийн ертөнц бас сонин ертөнц шиг байна.Нэг цухасхан ороод гарахад зүгээр юм шиг санагдаад...
-Саяхан МЗЭ-ийн 88 жилийн ой болж өнгөрлөө. Монголын радиог хэзээнээс Бага Зохиолчдын хороо гэж нэрлэдэг. Радиогийн зохиолч уран бүтээлчид маань сая баяраа өвөрмөцөөр тэмдэглэсэн байна лээ. Ер нь энэ өдрийг таны хувьд хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Бага зохиолчдын хороо гэдэг үгэнд дургүй.Харин Монголын зохиолчдын дэд хороо гэж бид чинь бас энүүхнээрээ бас хөгжинө шүү дээ.Хэдэн өрөөгөө дамжин шүлэг зохиолоо уншицгаана.Уран зохиолын тухай халуун дулаан яриа хөөрөө өрнүүлээд авна.Үе үеийн МҮОНРТ-ийн захирал ч биднийгээ хүлээж аваад баяр хүргэдэг энэ тэр юм байсан.Харин сүүлийн дарга нар биднийгээ олж харах завгүй халагдаж солигдоод халамж үзсэнгүй /инээв/Ер нь ч одоо бол Монголын зохиолчдын дэд хороо хэвээрээ шүү дээ.Манай редакцийн өрөө гол цөм нь болж ирсэн байдаг.Өнөөдөр ч тэр нь хадгалагдаж байна.Нэрт зохиолч Б.Цэдэндамба, П.Баярсайхан, хүүхдийн зохиолч Г.Жанчив, яруу найрагч Ц.Чимиддорж, Д.Нямаа гээд эрхэм зохиолч, яруу найрагч ах нартайгаа олон жил хамт ажиллалаа.Нэг өрөөнд шүү дээ.За тэгээд яруу найрагч Б.Хүрэлбаатар, Л.Мягмарсүрэн, Ж.Саруулбуян, М.Баттөмөр, зохиолч С.Пүрэв, Д.Намсрай, Д.Норов гээд л ах нартайгаа ойрхон ажиллалаа. Уран бүтээлийн халуун дулаан ертөнц энд өнөөдөр ч гэсэн бүтэн байгаа шүү.
-Таны өрөөнд Их Нацагдоржийн цээж баримал байна. Нэлээд эртнийх бололтой. Ялангуяа суурь нь хуучны эд байна шүү?
-МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын өрөөнд байдаг баримал шүү дээ.Албан ёсоор зөвшөөрөл авч эндээ залж цэцэг өргөж хүндэтгэлээ.Д.Нацагдорж маань хааяа ингээд гол гол газруудаараа заларч байвал зүгээр ч юм шиг.
-Утга зохиолын ертөнц ойрын үед хөл хөгжөөн ихтэй, бүтээл туурвилын хур арвин байгаа. Оны өмнөхөн л гэхэд хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог гуай маань төрийн соёрхол хүртлээ. Ж.Дашдондог гуай таны анхны шүлгүүдийг “Пионерийн үнэн” сонинд нийтэлж байсан гэдэг дээ?
-Ж.Дашдондог ахын бүтээлд Төрийн соёрхол хүртээсэнд туйлын их баяртай байна.Хойч үедээ хөрөнгө оруулалт хийнэ гэдэг хамгийн том хөрөнгө оруулалт. Энэ ялдамд эрхэм ахын уран бүтээлд амжилт хүсье.9-р ангид орсон жилээ хоёр шүлэг захидлын хамт “Пионерийн үнэн” сонинд илгээсэн юм л даа.Гэтэл захидал ирсэн.Дахиад хэдэн шүлэг ирүүл гэж.Тэгээд арван хэдэн шүлэг илгээсэн чинь тун удалгүй бүтэн нүүрэнд шүлгийг минь редакцийн зурвасын хамт хэвлүүлсэн байсан.Их том урам өгсөн дөө хөдөөгийн сурагч надад.Хэдэн жилийн өмнө Тайваньд болсон яруу найрагчдын чуулганд оролцохоор хамт явахдаа Инчоний нисэх буудал дээр хонох зуур Ж.Дашдондог ах тэр шүлэг захидлыг минь хүлээн авч цензуртэй тэр цаг үед сониндоо бүтэн нүүрээр шүлгийг минь нийтлүүлж өгснийг өөрөөс нь сонсож авч байгаа юм.Нэг жаахан авъяасын оч мэдрэгдсэн юм байлгүй.Их урам хайрласан.
-Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн хамгийн залуу гишүүн нь байсан гэдэг байх аа. Хотоос олон зохиолчид онгоцоор очиж, тэдний дундаас Данзангийн Нямсүрэн гуайтай л уулзана гэж догдолж байсан тухай дурсамжийг тань уншиж байлаа. Та тэр сайхан зохиолчдын Завханд очсон тухай бас шүлэг бичсэн байдаг даа?
-Д.Нямсүрэн найрагчийн “Хаврын урсгал” номыг дөнгөж олж уншаад байсан үе. Яруу найраг гэдэг ийм л нандин сэрэхүйгээр бүтээгддэг эд байх ёстой гэж гүнээ хүндэтгэсэн.Тэр сайхан найрагчийг ирэх сургаар Завханы утга зохиолын нэгдлийнхэн бүгд л догдолсон юм.Долоо хоногийн турш хамт аялсан.Хүсэлтийг минь болгоож анхны “Бүгээн анир” номыг минь редакторлож өмнөх үг бичиж өгнө гэсэн ч чөлөө завгүй “хуурдсаар”  байгаад амжилгүй буцсан.Ах нь очиж байгаад өмнөх үг илгээнэ гэчихээд л онгоцонд суусан.Тэгээд л чимээ тасарчихгүй юу.Манай Н.Лутбаяр найрагчийн л ивээлээр энэ сайхан зохиолчдыг Отгонтэнгэрийн тахилгад урих шалтгаан олдсон нь тэр.
-Эрээнцавын хэмээн алдаршсан нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн гуайтай та ойр дотно байсан хүний нэг нь. Энэ их найрагчийн тухай юу хэлэх вэ?
-Төрмөл авъяастан гэж Д.Нямсүрэн ахыг л хэлэх байх.Их өөр шүү дээ.Их өөр.Сэрж мэдрэхийн урлаг гэж юу болохыг энэ зуун жилд л лав өөр хүн үзүүлж чадахгүй байх.Сэтгэлийн увьдас гэж нэг юм байдаг.Ер нь яруу найргийн туурвилыг сэтгэлийн увьдасаар л бүтээгддэг эд гэж итгэдэг.Түүнээс биш боловсролоор бичдэг л гэнэ.Мэргэжлийн яруу найрагч л гэнэ.Би огт ойлгодоггүй.Яруу найргийн төгс төгөлдөр бүтээл туурвия гэвэл онцгой авъяас билигтэй төрөхөөс өөр арга чарга байхгүй ганц салбар шүү дээ.
 -Энэ жилийн “Болор цом” наадмыг Данзангийн Нямсүрэн гуайн нэрэмжит болгон Дорнод аймагт зохион байгууллаа. Та анх хэдэн онд “Болор цом”-д ирж оролцож байсан бэ. Завханаас Цогдоржийн Бавуудорж, Дорноговиос Арлааны Эрдэнэ-Очир ирж үү гэж нэг үе үзэгчид “нэхдэг” болчихсон байсан даа?
-Д.Нямсүрэн найрагчийн бүтээл туурвилыг хүндэтгэсэн хүндэтгэл гэж харж байна.  1990-д оны бид яахав дээ цагийн аяс дагаад тэр тайзан дээр хүндтэй ах нарын завсраар бас ганц нэг шүлгээ уншиж л явсан.Дурсамж болоод л үлдэж.
-1990-ээд он бол Монголд ардчилал өрнөсөн долгионт цаг үе байлаа. Тэр цаг үед ардчилал, шинэчлэл, сэтгэлгээний өөрчлөлтийг зохиолч, яруу найрагчид түүчээлсэн гэж боддог.
-Манай үеийнхэн бол нийгмийн шилжилт өөрчлөлтийн давалгаанд түрлэг нэмсэн үеийнхэн. Шинэ уур амьсгалыг тодорхой хэмжээгээр хөглөж өгсөн шүү дээ.Нөгөө талдаа нэгэн цаг үед ийм олон авъяастан зэрэг төрнө гэдэг чинь ер бусын үзэгдэл.Цаг хугацааны давтамж таарсан байх. Уран зохиолд ер нь бол авъяастай төрөх нь л чухал болохоос бусад нь тийм чухал биш.Тэд л юм бүтээдэг.Монгол уран зохиолын ертөнцөд уламжлалаа шинэчлээд явсан, “шинэ юм” хөөгөөд буцаад уламжлал дээрээ ирсэн ийм хоёр эвийн загас шиг тойрог харагддаг.Энэ хорин таван жилийн үр дүн ийм дүр зургаар төсөөлөгдөж байна.
-Та Монголын радио хэмээх энэ том айлын босгоор алхаад 20 жил болжээ. Монголын хөх тэнгэрээр, цэнхэр долгионоор дуу хуур, ярилцлага, нэвтрүүлгээ цацна гэдэг сайхан даа. Ер нь яагаад радиогийн хүн болчихсон юм бэ.
-“Өнөөдөр” сонин, Монголын радио хоёрт нэг өдөр анкет бөглөөд радиод орчихсон юм.Тэнд олон зохиолчид байгаа нь сэтгэл татсан.Нэг мэдсэн 20 жил ажиллачихаж. Радиогийн алтан микрофон гэдэг чинь уран бүтээлч улсад хүлэг сайн морь шиг л эд. Хангай, говь, тал нутгаар хэрэн явж хээрийн гал түлж сууж байж л монгол нутгаа мөн чанараар нь ойлгож мэдэрнэ шүү дээ.Монгол амьдралын гэрэл, сүүдэр хүн зоных нь аж амьдралын гуниг тайтгарлыг бас ингэж дотор нь явж байж л таньж мэдэж авч байгаа юм. Алдарт Базарын Цэдэндамбаа ахтай хамт томилолтоор ажиллаж л явлаа.Зохиолч Пүрэвжавын Баярсайхан ахтай томилолтоор явж л байлаа. “Өв соёлоо гээчихвэл үндэстний үндэс тасарна” энэ тэр гээд шторкууд манайхаар байнга явдаг даа.Сэтгэлээс минь гарсан иймэрхүү санаа, онооны чуулбар манай долгионоор байнга л явж байдаг.Санаачилсан өв соёлын нэвтрүүлгүүд, монгол хүний мөс чанар, дотоод ертөнцийг нээсэн радио жүжиг, монгол орныхоо байгалийг таньж мэдэхэд нь нэмэр болно гэж бий болгосон “Монголоороо аялахуй”, “Эгшиглэнт” байгаль” нэвтрүүлгүүд ч юмуу, нийгэмд чиглэсэн зорилтот цуврал нэвтрүүлгүүд за тэгээд уран сайхны хөрөг, нийтлэл, эсээ, туурь гээд радиод оруулсан, оруулж байгаа хувь нэмрээ багцалвал бас юм юм бий.Зөв хандлагатай уран бүтээлчид, сэтгүүлчид болгочих юмсан гэж мэрийдэг олон залуу эргэн тойронд минь ажиллаж байна.
-Дуу хуур гэснээс та олон сайхан дуутай хүн. Завхан нутгийн сайхан хөгжмийн зохиолчид УГЗ Д.Цэвээнравдан, Д.Жамъян, дуучин УГЖ С.Батсүх зэрэг дууны уран бүтээлчидтэй ойр дотно нөхөрлөж, уран бүтээлээ хамтран туурвиж явсан биз. Анхны дуу тань ямар дуу байв?
-“Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэг” гээд л 1990-д оноос дуурсав аа даа.Дуучин С.Батсүх ид гарч ирж байсан цаг.Ингэж л эхэлсэн юм.Бид хааяа уулзалдахаараа монголчуудыг уяраан найгуулах гэж ямар бичсэн биш.Энэ хорвоо дээрх нэг ч гэсэн бүтэлгүй амьтныг хүн болгочих юмсан гэж л болсон болоогүй юм хэдийг эрээчиж хандивлав гэж дамшиглана./инээв/ ”Орчлонг хайрлаарай”, “Гүрэн монгол чинь хүлээнэ” энэ тэр гээд ар, өвөр монголчууд дуулж л байдаг.
”Уцаарлаж хашгирсан мянган сул үгнээс
Уярч учирласан ганц үг илүү...” гэж нэг үг байдаг даа.Тиймэрхүү л аястай юм.
-2017 он гараад удаагүй байгаа, цаг тооллын нэгэн эхлэл дээр та бид уулзаж байна. Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд цангинатал дэргэд үүрсэх гунигтай гэж та нэгэнтээ бичиж байсан даа.Чухам тэр гунигаас л шүлэг, уран бүтээл төрдөг юм болов уу гэж боддог?
-Тийм байж магадгүй л юм.Уран зохиолын ертөнцөд хорин таван жил зочилсны дүнд нэг л зүйлийг ойлгож авлаа.Уран зохиол, яруу найргийн жим бол өөрийгөө таньж мэдэхийн хамгийн эхний хаалганы түлхүүр юм байна гэж ойлгосон.Одоо цааш бүр нарийн нандин ертөнц рүү орохоор гутлаа арчин зогсож байна гэж өөрийгөө харж байна.Монголчууд их уянгалаг сэтгэлтэй ард түмэн.Тийм болохоор сэтгэлийн чавхдасыг нь тонхийлгэх их амархан шүү дээ.Гэхдээ энэ бол бас тийм чиг чухал зүйл биш гэдгийг ойлгосон.Одоо л эхлэх гэж байгаа юм бишүү гэж өөртөө хааяа хэлдэг.
-“Дорно”, “Хүрэл чоно” шүлэг, “Хүннү  туульс”, “Хулангоо хатан”, “Агай” найраглал гээд таны бүтээлүүд дорнын өнгө аяс, Монголын түүх, үндэс язгуур руугаа яргасан, Монгол үнэрээ гүн дотроо тээсэн шинжтэй болоод байх шиг санагддаг. Энэ бол яах аргагүй уран бүтээлч хүний эрэлхийлэл, эрмэлзэл, дотоод дуун биз?
Тийм.1990-2000 он хүртэлх арван жилд мэдрэмж сэрэхүйгээ чагнаж бичсэн юм шиг байна.2000-2010 он хүртэлх арван жилд өөрийгөө жаахан өөрчлөх гэж оролдож бас англи, испани бусад хэл рүү ганц нэг ном орчуулуулах гэж хичээсэн юм болов уу даа.2010-аас хойш цар хүрээтэйхэн юм хийхсэн гэж эрмэлзсэн юм шиг ийм дүр зургийг өөрөөсөө олж харж байна.Өөрт заяагаад өгсөн жаахан авъяас билгийг амин зуулга эсвэл нэгээхэн насны зугаа төдий үрээд дуусгачихъя гэж хэн бодох вэ дээ.Монгол үндэстний оюун санааны санд борооны дуслын төдий ч бол хувь нэмэр оруулах юмсан. Энэ зууны монголчуудын ой санамжинд дутаж байгаа галыг нь хэт цахиад ноцоогоод өгөх юмсан гэх мэтээр санаа сэдлээ бэлчээж бас бодсоноо, олсноо урлаад буулгачих гэж хичээсэн иймэрхүү он цагийн хураангуй ард минь үлдэж. 
-Орчин үеийн урлаг бүхий л урсгал, чиглэлтэйгээ Монголд орж ирж, хөгжиж байна. Тэр бүхэнтэй зэрэгцээд Монгол уламжлал, зан заншил, сэтгэлгээ, хэл, соёлоо хэрхэн хадгалж үлдэж, хөгжүүлэх ёстой вэ. Танд энэ талаар ямар бодол төрдөг вэ?
-Хүн төрөлхтнөөс санах сэхээрэх юм их.Гэхдээ олон зуун жил бүтээж шигшиж тээж өнөөдөрт хүргэж ирсэн хэл, соёл, зан заншил, сэтгэлгээний давтагдашгүй талуудаа энэ их халгиа цалгиа ихтэй эрин цагт хадгалж хамгаалахгүй бол хамаад авч одмоор хуй салхи их байна.Өчүүхэн жижиг хорхой шавж ч гэсэн амьд үлдэхийн төлөө л тэмцдэг бөмбөрцөгт бид амьдарч байгаа шүү дээ.Монгол гэдэг үндэстэн мянган жил, чадвал дахиад мянган жил оршихын үндсийг энэ цаг үеийн та бид л тасдаж мэдэхээр байна.Ингээд бодохоор өөрсдөөсөө айж эмээмээр байгаа биз.Үүх түүхээ сануулсан сэрээсэн аятай эрмэлзлүүдийг талархан дэмждэг.Энэ бол яах аргагүй нэг дархлаа мөн.Эх хэлээ хайрлая гэж бас хичээцгээж байна.Энэ бас нэг том дархлаа мөн.Бид одоо монгол хүнээ хайрламаар байна.Монгол хүнийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд хайрламаар байна.Эхийн хэвлийд бүрэлдэхээс нь эхлээд монгол хүнийг бүтээж боловсруулах цаг нь яг одоо.Ингэж чадвал бусад бүх зүйл зөв тийшээ эргэнэ.
- Монгол уран зохиолоо, монгол яруу найргаа дэлхийд таниулахад та бас гар бие оролцож яваа уран бүтээлч. Хилийн чанадад болдог яруу найрагчдын чуулгануудад оролцож явдаг хүний хувьд...
- Монголын соёл яруу найргийн академийн санаачлага, дэвшүүлсэн хөтөлбөр монгол яруу найргийг хүн төрөлхтний оюуны сантай холбож  өгөхөд том үүрэг гүйцэтгэж байгааг бид мэднэ.Г.Мэнд-Ооёо ахын хичээл зүтгэл их.Их том зам нээж өгсөн шүү дээ.Гадагшаа алхаж нүд тайлж явахад том боломж бидний өмнө нээгдсэн нь мэдрэгддэг.Ийм далайцтай замууд монгол оюун санааны ертөнцөд их л хэрэгтэй байна даа.
-Та нэлээд хэдэн хэл дээр шүлэг найргаа орчуулуулж, шүлгийн номуудаа гаргасан. Дэлхийн яруу найргийн антологи, сэтгүүлүүдэд бүтээлүүд чинь олонтаа хэвлэгдсэн.Монгол яруу найргийг дэлхийд гаргахад хэлний бэрхшээл их байдаг. Энэ бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ.
- Авъяаслаг залуус олон байна.Орчуулах сонирхол ч өндөр байна.Магадгүй 1990-д оныхон яруу найрагт давалгаа үүсгэн гарч ирсэн шиг энэ цаг үед орчуулагчдын тийм давалгаа үүсгэх хэрэгтэй байна.Орчуулагч бэлтгэх ажлыг төрийн бодлогоор дэмжээд өгвөл мөн сайхан аа.Нэг жаахан аялал жуулчлал, соёлын солилцоо төдийгөөр дэлхийтэй холбогдох энэ тэр бол улс үндэстний хувьд жижигхээн хэрэг явдал.Оюун санааны бөх бат гүүр тавихын төлөө боломжуудаа ашиглах хэрэгтэй. Хойч үедээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт энэ л байх болов уу.
 -Энэ жил Дэлхийн яруу найрагчдын их хурал Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. 11 жилийн өмнө Дэлхийн яруу найрагчдын их хурал Монголд анх болж байлаа. Тэр их хуралд та оролцож байсан хүний хувьд энэ хурлын ач холбогдол хийгээд нэр хүндийн талаар сайн мэднэ дээ?

-Зөвхөн яруу найрагчдын хувьд төдийгүй соёл, аялал жуулчлалын салбарынханд ч сайхан боломж олгосон үйл явдал.Мексик, Хятад зэрэг орнууд тус чуулганыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн гэж сонссон. Улс орны нэр хүндийг ч гэсэн өргөөд өгч байгаа хэрэг шүү дээ.Манай найрагчдын хувьд бол том боломж. Өөр юу хэлэхэв.

Friday, October 23, 2015

“ӨДРИЙН СОНИН” /2015/ Ярилцсан Э.Энэрэл

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржтой ярилцлаа.

-Сайн байна уу. Төрийн соёрхол хүртсэнээсээ хойш та нам жим аж төрж байна аа даа. Ер нь ч чимээгүй хүн дээ...

Зохиолчид ер нь их чимээгүй улс шүү дээ.Юугаа ч хашгичаад байх юм.Тэртэй тэргүй энэ орчлон чинь орилоон хашгираанаар дүүрэн байна шүү дээ./ инээв/Энэ бөмбөрцөг дээр чинь буун дуу тасралтгүй хашгираад л ядуус өлсгөлөн хашгиралдаад, газар хөдөлж хашгиралдаад л, далайн хилэн хөдөлж хашгиралдаад л нэг нь нэгнээ цөмийн бөмбөгөөр айлгаж хашгиралдаад л ер хашгираанаас бүтсэн юм шиг л байна шүү дээ дэлхий минь.Хаа газрын зохиолчид өөртөө аглаг бүтээж түүн дотроо бясалган суудаг улс.Ажлын байр нь тийм юм чинь/ инээв/ Өөрөө өөртэйгөө ярилцах сэдэв баян байдаг болохоор тэр.Чимээгүй байна гэдэг дотогшоо яваад л байна гэсэн үг гэж ойлгож болох байх аа.Миний тухайд...

-“Хулан хатан”дууль найраглалын ном, “Дотоод сансар” шүлгийн номуудыг тань  үзлээ. Уншигч бүр өөрийнхөөрөө дүгнэж харж буй биз ээ. Ном бүхэн өөрийн хувь зохиолтой гэдэг.Харин зохиолчийн өөрийн нь бодлыг сонсмоор байна?

Их аятайхан асуулт байна.Тийм шүү ном бүхэн өөрийн хувь зохиолтой байдаг байх аа.”Хулан хатан”дууль найраглалын номоо бүтээхэд ерөнхийд нь сэтгэлдээ цэгцэлж төвлөрүүлчихээд ер нь дээдсийн таалал яадаг юм бол гэж бодоод Бурхан халдун руу уран бүтээлч нөхдийн хамт явсан.Өөртөө дотроо бол их хатны тухай ийм нэг ном бүтээх эрх олгох нь үү үгүй юу гээд очиж байгаа хэрэг л дээ.Намар мөртлөө нүд нүүргүй цас шуурч исгэрээд дээш гаргахгүй нэлээд зүдрээж байж хүлээж авсан.Би ч Хулан хатнаа бодоостой. За ер нь ч хүлээн авахгүй байна даа гэх эмээнгүй бодолтой л явлаа.Оройдоо бууж ирлээ.Бүрэнхий нөмрөөд ирсэн байсан. Үүд мод руу орж явтал харин нэг том цагаан чоно өмнүүр гүйдэг юм.Зам хөндлөн гаруут зогтусаад биднийг ширтээд хэсэг зогссон.Хамт явсан орчуулагч Г.Аким ах за бид ч болоод явчихлаа.Үзэгддэгүй, нөгөө домогшоод байдаг Үүд модны цагаан чоно чинь энэ  байна шүү дээ гэлээ. Үнэндээ тийм чоно байдаг тухай сонсож ч яваагүй бид ихэд бэлэгшээж дээдэстээ баярлан их таалал олов хэмээн баяртай буцацгаасан.Би хувьдаа Хулан хатны тухай бичих зөвшөөрлийг тов тодорхой өглөө гэж машид урамшсан.Тэгээд ирэнгүүт суусан.Бүхэл бүтэн найраглалын номыг хүн итгэмгүй богино хугацаанд биччихсэн.Сайн бичлээ гэж өөртөө урамшсан. Ер нь тэгээд их хаад хатадтай холбоотой, том сахиус, хутагт гэгээдтэй холбоотой ч юмуу бас бус хамаагүй аван саван бариад авч болдоггүй сэдэв олон шүү дээ.Зохиолч бидэн чинь зөн совингоо чагнана.Тэмдэг дохио хайна.Их маяг жаяг болж байж нэг юм барьж авна шүү дээ /инээв/”Хүннү туульс” минь харин их удаан хугацаанд намайг дагуулж бэдэрсэн найраглал байгаа юм. Анх 1998 онд ерөөсөө Хүн гүрний “Нууц товчоо”-г бичье гэж гэнэхэн, тэмүүлэмтгий амьтан өөртөө хэлэхгүй юу даа.Өөрийгөө хөөргөөд л...тэгээд л анхны шан татсан шүлэг нь “Хүрэл чоно” шүлэг байгаа юм.Дараахан нь “Хүннү хатан” гэдэг бэсрэг найраглал бичсэн. Түүнээс хойно “Хүннү” дуурийн цомнол бичсэн.Ийн салаа мөчрүүд нь ургасаар 10-аад жилийн бэдрээн болж бүтсэн хэрэг.Том хэмжээний туульсын бүтээл ,найраглал бичнэ гэдэг хэл сайтай байхыг эрхгүй шахдаг юм байна.Тийм учраас ямартай ч монгол хэлнийхээ эрдэнэсийн санг шүтдэг уншигчиддаа, хойч үеийнхэндээ хэлний дархлаанд нь хувь нэмэр оруулж байна гэж бодох юм.Тэдний минь таалал мэднэ дээ. За тэгээд хэн гэдгээ олж харах, судсаар нь ямархан гал гүйж явааг, зүрхэнд нь бас тархинд нь ямархан гал улалзаж байгааг сануулж, сэрээж чадаж байвал энэ номнуудын минь хэрэг зорилго бүтэх нь тэр.”Дотоод сансар” номын минь хувьд шинэ шүлгүүд бас нэг найраглалаас бүрдсэн.

-Өнгөрөгч, одоо, ирээдүй цаг үеийг та өөртөө хэрхэн төсөөлж байна. Уран бүтээлчийн хувьд ч, иргэний хувьд ч. Их л ерөнхий асуучихлаа?

Хүн гэдэг чинь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагаас бүтэж бүрэлдэж байдаг амьтан юмуу даа.Өнгөрсөн цаг нь байхгүй бол зүрхгүй болчихдог.Одоо цаг нь байхгүй бол биегүй болчихдог. Ирээдүй цаг нь байхгүй бол толгойгүй болчихдог.Гурвуулаа байж гэмээ нь бүтэн болдог ийм нандин шүтэлцээний зангилаа гэмээр юмуу даа.Аль нэг цагийг нь илүүтэй мөрлөөд явахаар оршихуйн тэнцвэр нь алдагдаад ирдэг юм шиг байгаа юм.

-Өөрийг тань их мөрөөдөмтгий хүн гэж боддог. Энэ үнэнд дөхөх үү?

Мөрөөсөх мэдрэмж эхийн хэвлийгээс унахад л хамт төрдөг нандин зүйл байх.Эхэндээ жинхэнэ зөн мэдрэмжийн аясаар нисч байдаг сүүлдээ ухаан суугаад ирэнгүүт залууртай , жолоотой болоод явчихдаг хөдөлгүүр юмуу даа. Ёстой л нөгөө “Дотоод шаталтын хөдөлгүүр гэмээр.Мөрөөднө шүү.Гэхдээ сайн нөхдийн буянаар үзсэн Өмнөд Энэтхэгийн цул алтан дээвэртэй шилтгээн, эсвэл нөгөө Унгарын алдартай баян, эрхэм Хубагийнд уусан шиг олон жил дарсан дарс зэргийг ямар мөрөөдөөд суух биш / инээв/ Толстойн нэг үг байдаг даа.”Бүх хүн ертөнцийг өөрчлөх тухай боддог.Харин өөрийгөө өөрчлөх тухай хэзээ ч боддоггүй..” гэж.Ихэнх зохиолчид дэлхийг биш өөрийгөө өөрчлөх гэж.Хүн төрөлхтний өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх гэж мөрөөсөн адгадаг гэж итгэх юм.Дэлхий ертөнцөө гаднаас нь өөрийгөө дотроос нь нэвт харах мөрөөдөл зохиолч бүхний эрхэм мөрөөдөл .

-Боловсрол гэж юу вэ.Өөрийн тань боловсрол...

Миний хувьд ганцхан л зүйлээс боловсрол авсан юмуу даа.Гэр бүлээсээ л боловсрол авсан гэж хэлмээр юмуу даа.Аав минь их олон хүнд цусаа өгч амь амьдрал бэлэглэсэн буянтай хүн байдаг.Өөрийнхөө цээжинд буцалж байгаа ариухан халуун цуснаас тасдаад бусдын цээжинд юүлээд өгнө гээд боддоо.Хэн нэгэнд хэдхэн агшны дотор амьдрал бэлэглэж байна гээд төсөөл дөө. Юутай зүйрлэх буян бэ.Ертөнц дээр үүнтэй тэнцэх буян гэж байдаггүй байх.Ээж минь их олон шавьтай.Тэднийхээ төлөө өглөө оройгүй залбирч тарниа тоолж,  сүү өргөж суудаг хүн.Бусдын төлөө өөрт байгаа аль нандин бүхнээ зориулж амьдарсан ийм хоёр буурлын дундаас төрөөд, ийм халуун дулаан амьдрал дунд өссөн хүнд хүн болохын  дээд боловсрол эрхбиш нимгэхэн ч гэсэн сууж таарна аа даа.Миний боловсрол ердөө энэ л юм.Бусад олдмол мэдлэг, энээ тэрээ яахав ээ боловсрол гэж хэлэмгүй санагдаж байна.Яахав биеийг чимж яваа чимэг л юм биз дээ.Тэгэхээр миний ойлголт танилтаар бол монгол хүн гэр бүлээсээ, бас байгалиас ийм хоёр сувгаар л төрөлх боловсролоо авдаг байх.
     
-Та уран бүтээлчийн хувьд жинхэнэ ид жагсах нас дээрээ байгаа нэгэн. Идэрхэн байхад төрсөн сэтгэгдэл, догдлол бүр шүлэг болж буудаг бол нас нэмээд ирэхийн хэрээр эргэцүүлэл бас бясалгал  хэрэг болдог шиг. Дотоод билэг авьяасаа, ертөнцийн тухай үзлээ хэрхэн хөглөж байна вэ?

Тиймээ.Шүлэг гэдэг эд бол хэдий богино хугацаанд бичигдэнэ вэ. Тэр чанараараа амьдлаг, увьдаслаг бүтээл болдог шиг санагддаг.Энэ бол онгодын хэрэг явдал.Гэхдээ бас онгодоо хүлээгээд л саравчлаад суугаад байлгүй үсэг хөдөлгөх, утга галигуулах юм зөндөө шүү дээ.Аль аль гарцаар нь л орж гарахыг хичээх юм.Сэтгэл оюунд ямар өтөл нас гэж байх биш.Хамгийн гол нь сэтгэлээ ариун байлгах.Ингэхийн тулд ямар нэг хэмжээгээр бясалгал хэрэг болж байна.Өөрт тохирсон бясалгал гэмээр юмуу даа, өөрийгөө төвхнүүлээд байх арга чарга бас хэрэглэнэ шүү дээ.

-Та бас багагүй аяламтгай хүн шүү дээ. Ойрд хол ойр явав уу. Таны уран бүтээлийн нэг хөг айзам, дүр аялгуу болдог энэтхэг бүсгүй Дэвиг хаяа санагалзах юм уу? 

Зохиолч нөхдийнхөө ижил дэлхий ертөнцөө ерөнхийд нь ойлгоод авчих юмсан гэж хүсэлгүй яахав ээ.Жаахан жаахан явсаан.Харин одоо Монголоороо л жаахан явах юмсан гэж хичээж байна.Өнгөрсөн жил МЗЭ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтраад ажил зохион байгуулсан юм.Бидний хэсэг зохиолчид Ховд нутгаар хөндлөн гулд яваад ирсэн.Бүх сумдаар орлоо. 9000 дөхүү хүүхэд ,залуустай уулзсан тоо сонсогдож байна лээ.Эх хэл, бичиг соёлын үнэ цэнэ, ёс уламжлалаа дээдлэхийн учир гээд уулзалт ярилцлага зохиож шүлэг зохиолоо уншицгааж гарын үсгээ тарааж яваад ирсэн.”Сайхан үг сарын хүнс” гэж үг бий. Сарын хүнс болохоо байг гэхэд тав, гурван өдрийн хүнс болчих үг хүргэсэн бол болоод явчихаж байгаа нь тэр.Монголчуудын дотоод үнэ цэнэ энэ нутаг оронд бүтнээрээ байгааг мэдрэхэд сайхан байлаа.
 Хамгийн сүүлд дотнын уран бүтээлч нөхдийн хамт Тайваны Чилан уулан дахь Чингис хааны модонд очсоноос хойш гадагш явсангүй.
-Дэви
Аа Дэви.Их сайхан бүсгүй .Энэтхэг гүрний гоо сайхныг ойлгоход жим болсон бүсгүй л дээ / инээв/Тухайн ард түмний дотоод гоо сайхныг таньж мэдрэхэд бүсгүйчүүдийнх нь харц, тэдний жавхлан хоёроор төсөөлөөд авч болох юм шиг санагддаг шүү.Тэгээд л тийм нэг сэдэв гарч ирэхгүй юу.Хааяа дурсана шүү дээ.Цөөрмөөс лянхау ургадаг л гэдэг.Гэвч сэтгэлийг бол ямагт долгисуулж л байхгүй бол цалгиа давалгаагүй сэтгэлээс юу төрөх вэ дээ.

-Хүүхэд ахуй цагтаа тэр баруун хязгаараас МЗЭХ-д захиа бичиж, түүнийг нь Залуу зохиолчдын нэгдлийн дарга Дөнгөтийн Цоодол хүлээн авч, хариу захиа бичээд сонинд өмнөтгөлтэй гаргаж байсан тухай гэгээн түүх танд байдаг. Тэр тухай эргэн дурсахгүй юу?

9-р ангид орсон жилээ анх Пионерийн үнэн сонины “Сурагчийн үзгээр” буланд шүлгүүдээ илгээсэн чинь тус сонин бүтэн нүүр шахуу шүлэг хэвлэсэн юм.Тэр шалгууртай дэгтэй цаг үед нүүр шахуу шүлэг нийтэлнэ гэдэг пионерийн сонинд амаргүй ажил байсан юм байна лээ.Тэгэхэд  Ц.Дашдондог зохиолч дэмжиж хэвлүүлж байсныг бүр саяхан Инчоны нисэх буудал дээр хамт хонохдоо амнаас нь сонссон.
10-р ангид орсон жил л дээ.Залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүд гэж болдог байсан.Тэр өдрүүдийн үеэр захиа бичиж зөвлөгөө өгнө үү гээд шүлгүүдээсээ МЗЭХ-д илгээсэн юм.Залуу зохиолчдын нэгдлийн дарга нь Д.Цоодол найрагч байжээ.Надаас очсон захидлыг задлахад дэргэд нь Ш.Сүрэнжав найрагч бас байсан гэсэн.Миний шүлгүүдийг уншаад тэр хоёр Явуу багшийн нутгаас нэг авъяастай хүү төрөх нь гэж хөөрсөн гэнэлээ.Тэгээд хэн нь захидал бичиж урам өгөх вэ. Цаашид хэн нь дэмжих вэ гэлцээд албан ширээтэйгээрээ чи ав гэж Д.Цоодол найрагчтай зөвлөлдсөн гэдэг.Төдөлгүй Утга зохиол урлаг сонины “Таны шинэ танил” буланд шүлгүүд минь хэвлэгдэж утга зохиолын хүрээнийхний анхааралд орсон байдаг.Энэ сайхан найрагчдаас байн байн захиа ирдэг байсан.Ямар сургуульд орох вэ.Горькийн сургуульд ч дэмжиж болно гээд л.Сайхан шүү.Утга зохиолын залгамж холбоо гэдэг ямар нарийн нандин, үнэ цэнэтэй зүйл болохыг бүр хожуу л мэдэрсэн дээ тэнэгхэн би. Энэ сайхан ах нарыг ч дагасангүй “зөрүүд илжиг” шиг өөрийнхөөрөө бэдрэн бэдэрсээр утга зохиолын ертөнцөд хорь хол гарсан он жилийг нэгэнт бүтээчихжээ. Энэ сайхан ах нарын ерөөл, сурагч байхад минь Завханд очиж байсан С.Пүрэв, Т.Галсан, Ц.Балдорж Л.Мягмарсүрэн гээд зохиолч ах нарын хайрласан урмаар яруу найраг руу явах зам минь шуударсан юм байна гэж боддог.Утга зохиол руу ийн даялаагүй бол зураач болох зам руу явахад бэлэн байсан.

-Зураач болох байсан гэнэ ээ.Тийм итгэл, сэтгэлийн гал танд байжээ.Одоо хэр зурж байна.

Ихэнх яруу найрагчдад байгаль эх бичихийн зэрэгцээ зурах авъяас хайрласан байдаг.Манай найрагчид ихэнх нь сайн зурна шүү дээ.Би бас багаасаа зурсаан.Хэрэв утга зохиол руу шуудраагүй бол зураач болох байсан.Тийшээ явах сонирхол их байсан.Амжилттай зурж байсан.Уран зохиол руу татагдаж ирээд тэгсхийгээд  хаячихгүй юу.

-Нийгмийн гэрэл гэгээ төдийлөн асч бамбарлахгүй байх шиг. Жишээ нь оюун санааг үнэлэх үнэлэмж, булчинг үнэлэх үнэлэмжээс ихээхэн дор байгааг хэлэх хүмүүс бий. Зүй нь төрийн шагналт яруу найрагч үндэсний бөхийн аваргаас илүү үгүй юм гэхэд дутуугүй эрэмбэлэгддэг баймаар. Оюун санааны үнэлэмж хэдийд дээгүүрт орох бол. Ер нь энэ талаар таны бодлыг сонсмоор байна?


За товчхондоо нэгдүгээрт оюун санаа, хоёрдугаарт оюун санаа, гуравдугаарт оюун санаа л гэж хэлмээр байна.Сайтар дархлагдсан үндэстний оюун санаан дээр л мандаж бадарч байсан түүх бэлхнээ байна шүү дээ.Нийгэм цаг үеийн жаахан будангуйрал мөдхөн сарнина биздээ.


-Цахим орчны хэл, үндэсний эх хэлийн зөрүү улам л нэмэгдээд байх шиг. Шинэ хувьсал өөрчлөлтөөр ингээд яваад байх юм уу, эсвэл эх хэлний соёлын дархлааг авч үлдэх ёстой юу?

Эх хэлний дархлаа эмзэг байна.Зохиолчид минь их үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ.Тэр дундаа 20-р зууны зохиолчид минь баялаг сан бүтээсэн.Гагцхүү энэ үнэ цэнэтэй зүйлийн амтыг хүүхэд залууст мэдрүүлэх аятайхан арга хэлбэрийн ажлууд л дутаад байна уу даа.Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Мөнх тэнгэрийн бичиг” бичиг соёлын хөтөлбөр өгөөжөө өгч байна.Төрөөс хэрэгжүүлсэн дунд сургуулийн номын санг баяжуулах хөтөлбөрт олон сайн зохиол цугларч байна лээ.Ийм сайхан хандлагууд байгаад талархаж байна.Нобелийн шагналт Томас Элиотийн нэг үг бий. “Эх хэлээрээ уран зохиол туурвин бүтээхгүй бол ард түмний оюун санаа мөхдөг” гэж.Эх хэлний дархлааг хамгаалан сахихад зохиолчдын минь үүрэг өндөр гэж ойлгож явдаг.Бүх телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд утга зохиолын хяналт тавьдаг дөмөгхөн орон тоотой баймаар байна.Ядаж л хэвлэл мэдээллийн байгууллагууд минь нэг ч үг, үсгийн алдаагүй, найруулгын асуудалгүй байвал том дэмжлэг болно шүү. Бизнес эрхлэгчид минь ч бас энэ салбарт санаа тавьж байгаад баярладаг.10-д жилийн тэртээгээс Завхан аймагт Л.Лхагважав багшийнхаа нэрээр шавь нар нь анх үүсгэн санаачилсан эх хэлний олимпиад байна.Одоо бол эх хэлний боловсролыг дэмжих”Үлэмж эгшиглэн” сан нэртэй болж өргөжөөд үйл ажиллагаа явуулж байгаа.”Шинэ Ази” групп жил болгон хөрөнгө мөнгөөр ивээж бараг л улс орон даяар хамрах төлөвтэй өргөжиж байгаа энэ нэр хүндтэй олимпиадыг дэмжиж олон эрдэмтэд, олон зохиолчид нэгдэж байгаа нь сайхан санагддаг.Ийм санаачлага, нийгмийн хариуцлагын арга хэлбэрээс бизнес эрхлэгчид минь санаа аваасай.Үр хойчдоо оруулж байгаа том хөрөнгө оруулалт энэ шүү дээ.

-Олон жилийн өмнө Хамрын хийдийн шамбалд та бичгийн хүнийхээ хувьд хийлгэсэн мөнгөн үзэг дээрээ суулгасан жижиг очир алмазыг гээчихэж байсныг санаж байна. Та гээсэн үнэт чулуугаа тэгтэл үгүйлэхгүй бараг тэрхүү шамбалд гээсэндээ бэлгэшээгээд байгаа юм шиг харагдаж байсан л даа. Одоо тэр үзгээрээ бичиж байгаа юу?

Бичилгүй яахав.Тэр үзгэн дээр минь нэг хувилгаан багшийн минь хайрласан зургаан ширхэг алмаазыг урлуулан суулгуулсан юм л даа.Тэгээд Хамрын хийдийн салхиар аравнайлуулах санаатай авч очоод тэр Шамбалын зүрхэн хэсгийн хүрэн хайргатай хэсэгхэн газарт нэгийг нь унагаж орхисон хэрэг.Тэгээд л
“Архиа хуваагаагүй ч ноён гэгээнтэнтэй
Алмаазаа хувааж сэтгэл халамцав... гэж бичээд буцсан. Бид чинь бэлэг дэмбэрэл, ерөөл бодож явдаг улс.Тэнд үлдээсэн ширхэг алмаазаараа дамжуулж ноён гэгээнтний адис жанлавыг байнга авч байдаг энэ ээ тэрээ гэж өөртөө бол их хөөрцөглөнө шүү дээ.

-Одоо та хэнийг уншиж байна. Ер нь энэ дашрамд уншигчдад сонголтын нь тухай зөвлөөч.

Сүүлд  судлаач , бясалгагч Друнвало Мельхиседекийн “Амьдралын цэцгийн эртний нууц” хоёр цувралыг уншсан.Сонин сайхан ном юм.Ер нь жаахан зав гарвал орчуулагч Б.Батаагийн орчуулсан “Зэн буддизм” хоёр дэвтрийг харж суух дуртай.Мөн сая  Төрийн шагналт зохиолч Д.Батбаярын “Давалгаа бас дахин давалгаа” , яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Толинд туссан будда” зэрэг шинэхэн номуудыг уншлаа.Монгол  зохиолчдын чансаа ямархан түвшинд байгааг мэдрэх ч сайхан шүү.
-Уншигчиддаа хандаж...
Уншигчиддаа хандахад уу.
20-р зууны зохиолчдын бүтээлийг унш.Тэнд эх хэл минь бүтэн байгаа.21-р зууны зохиолдчын бүтээлийг унш. Тэнд оюун санааны хил чинь байгаа гэж хэлье.

-Ингэхэд та хэнийг их сонсдог вэ. Уран бүтээл, амьдралын замдаа...

Дотоод хүнээ чагнадаг.Зөн совингоо юу айлтгахыг л их чагнадаг.

-Та бол ойр дөт байдаггүй хүнд бол ихэнхдээ бодлогоширсон, магадгүй дүнсгэр ч гэмээр байдалтай харагддаг. Таны инээмсэглэлийг хэрхвэл олж үзэх бол?

Өөрийнхөөрөө л намбайгаад алхаж яваа гэж бодох юм.Тэгж харагддаг юм байх даа.Олдмол дүр төрхөнд угаасаа дургүй.Тэнгэр бурхан анх л нэг хэвэнд цутгаж төрүүлсэн.Өөтэй ч бай, өнгөтэй ч бай тэр хэв төрхөөрөө бөмбөрч яваа л гэж итгэх юм.Инээмсэглэлийн тухайд бол хамгийн сайхан инээмсэглэл минь хэдэн номон дотор минь байж магадгүй.

-Удам судрын тань талаар сонсох сон..

Аавын минь тал гэвэл буурай аав минь товхийсэн дархан хүн байсан.Аавын минь удам сударт эрдэмтэй сайн маарамба, зураач бий.Харин ээжийн минь талд увьдастай лам, шүлэгчид л бий.Ямар сайндаа өнөөдөр ч гэсэн нутгийнхан манайхныг “Угалз унадгийнхан” гэж хочилж битүүхэндээ шоолсоор байх вэ дээ.Ээжийн минь талд их цэцэн худлаа ярьдаг хүн байж л дээ.Хангайн угалзыг барьж авч унаад нутгаараа тойрч ан хийж элдэв дээд болсон гээд л олон дэгс хууч, домог үлдсэн байдаг.Унаж тустал худлаа ярьдаг.Тэгэхдээ их хурц тод дүрслэлтэй, бүр заримыг нь  гайхмаар уран цэцэлж шүлэглэж хэлсэн байдаг. Би бол харин ч энэ нэрэнд дуртай байдаг. Би ч бас яаж зүгээр байхав.Бас “худлаа цэцлээд” л яваа хүн шүү дээ/ инээв/ А.Гомбоо гэж нагац ах минь билиг авъяастай хүн байсан.Малчин хүн байсан л даа.Жаахан тордоод өгсөн бол  найрагч болох байсан.Зохиолч, яруу найрагчийн авъяас гурав дахь үе дээрээ гарч ирж уламжлагддаг гэдэг үг бий шүү дээ.Тэр цэцэн "худалч" өвгөөсөө л жаахан юм авч дээ гэж сүсэглэдэг.

-Таны яруу найргийн сэдэв бол дорно, түүний халуун амьсгаа. ..

Дэлхий ертөнц минь магнай дундаа ганц билгийн мэлмийтэй энэ тэр гэж боддог.Тэр нь дорно гэж өөрөө өөртэйгээ хөөрнө.Дорно бол бидний оршихуйн тиг нь ч гэж бас боддог.Хүн төрөлхтний мөнх оршихуйн нууцыг хадгалагч ч гэж итгэдэг.
Дорно бол том сэтгэгч.Бүр нарийсган яргаж ч сэтгэдэг сэтгэгч.Бүр энгийн жишээ авбал мөхсөн ертөнц сарыг мөнгөн ордон болгож сэтгэнэ.Мөнгөн ордон дотроо туулай амьдруулж сэтгэнэ.Бүр туулайн зүрхэнд жаахан гуниг байгаагаар ч сэтгэнэ.Гоё байгаа биз дээ.Энэ оршихуйгаа яруусгаж , утга уянга оруулж л харахгүй юм бол ер бидний оршихуй юу байх байсан бол.Хүн төрөлхтөн ч гэсэн бие биенээсээ гэрэл гэгээ л олж харах гэж эрмэлзэж тэмүүлж байдаг шүү дээ.Дорнын томъёо үйлчилж байгаа нь л тэр юм.Энэ хорвоод сүүдрээсээ гэрэл нь том харагддагийн нууц нь дорно бүтэн байгаа болохоор тэр гэж итгэдэг шүү.

-Ертөнцийн гоо сайхан нь юу юм бэ.Таны ойлголтоор...


Ертөнцийн гоо сайхан нь нүүдэлчид л шүү дээ.Та бид л шүү дээ.