Showing posts with label Шүүмж судлал. Show all posts
Showing posts with label Шүүмж судлал. Show all posts

Wednesday, October 21, 2015

"ЦАГААН ЗААНАА ТУГАЛУУЛААД БАЙГААРАЙ"

Баастын Золбаяр /"Өдрийн сонин" 2013 №73/

   Яруу найрагч Цогдоржийн Бавуудорж бидэнд дөрөө, жолоо нийлж дорно хязгаар дуусгах өмнөд Энэтхэгийн далайн хөвөөнд алхалж умард зүгт Европын орнуудаар, баруун зүгтээ Мексикийн Акупулко хүрчээ. Энэ зам харгуйг хамтдаа туулж, бүтээл хийгээд сэтгэлийн эрэл мөшгөн явснаа эргэж бодоход сайхан сэтгэгдэл төрдөг. Хэн хэн нь ч сэтгэл хоёргүй ингэж хэлдэг. Алс замд явах сайхан. Алс замд явах явахдаа сэтгэл нийлж, үйлс жигдэлж, бодол хамтатгаж явахын сайхан тоймгүй. Бид ийнхүү явцгаасан нь тийнхүү ам үл зөрөн найрсацгаадагт оршдог болов уу. Найрагч Ц. Бавуудорж бол нэн амгалан, гүн бодлогоширомтгой хүн. Замын алсад, нислэгийн удаанд ямар нэг үл мэдэг эмзэглэл сэтгэлд нь торсоор яваа мэт бодлогоширон дүнсийж явна. Харц мөргөлдөж, ямар нэг учгийн харгалдаан үүсгэхгүй аваас харсан зүгтээ, чиг бодсон төрхөөрөө удаанаас удаан сууна. Шүлгийн нэг мөр, нэг үг эрж, түүнийгээ оноон байрлуулж, бийрлэх сэтгэл нь л бясалгахуйн төвлөрөлд цогцлоохоороо тийн болгодог биз. Ер нь түүнээс тэвчээр заах чадвар, үл мятрах чанарыг олж үзэх шиг болдог. Сайн уран бүтээлч байхад тэсвэр тэвчээр, үл мятрах жигүүр нэн чухал. Бавуудоржийн амгалан бодь үлэмж тогтвортой үл чилэх аяг зангийн нь далдад нисэх дүүлэх, эрчлэн шуугих зөн билгийн нь хараацай шунгаж байдаг. Тэр онцгой зөн бэлгэч. Алив үйлийн ариун тунгалагийг эрхэмлэнэ. Сэтгэлийнхээ зайнд жавар үл оруулна. Зөв үг, зөв үнэр, зөв сэтгэл, зөв хандлага үргэлж хүсэмжилнэ. Хэрэв энэ хүсэмжлэлээс нь өчүүхэн зөрвөл хар аяндаа зугатамтгай. Үг хэлгүй л гарч одох юм уу, эс бөгөөс дув дуугүй болсоор хүрээлэгсдээс нэг л мэдэхэд сугарч үлдэнэ. Сэтгэл хөдлөл нэн бага. Ихээхэн догдолсон үедээ л “Сэтгэл хааяа шонхор мэт байх сайхан..” гэж тайвуухан үгүүлж сууна. Чингэж хэлэх нь өөрийнхөө хамгийн хүсэмжит орчноо бүрдүүлснээ илэрхийлж байх шиг ойлгогддог. Альпийн улаан уулсын бэлд нэгэнтээ бид явдал замд хонов. Энэ уулын манангийн ихийг ээ. Ер бусын гэрэлт цагаан манан бүрхмэл. Өглөө эрт босч гэгээвчээр харахад манант Алтайн уулсынхаа дунд хоносон мэт. Хажуу орон дээр нойрссон Бавуу алга. Хувцаслаад гарч ирвэл мань аварга зүүнтээх шугуйгаас сэгсхийтэл гарч ирэх нь хандгай бугыг санагдуулам. Түүний хүрэл царай мананд угаагдан үлэмж жавхлантай болоод, бодлоор тунарах амгалан хар нүд нь дүгрэгтэн очтоод нэг л их жаргалтай. Үүд хоймроос хэтэрвэл үзэгдэхгүй болох тэр их мананаас ус утгах мэт хоёр гараараа утган авч нүүрээ арчингаа улмаа арагш ахиулан магнай болоод их үсээ илбэх нь бах ханаж байгаа бололтой. Эзгүй шахам энэ том буудалд хоносон бид өрөөндөө эргэн орвол тэрээр хөргөгчөөс нэгэн үзэсгэлэнт гүцтэй дарс гаргаад, сайхан хундагалаатах гэж хэлэхдээ эрхиэ имэрч сууна. Түүний яруу сайхны нь орчин тийм нэг үзэсгэлэнт цагаан мананд хучуулаастай байдаг байх. Бавуу бол зөвхөн сайхан шүлгийн, өөрийн нь хэлдгээр нэг тийм баригдашгүй, тэмтрэгдэшгүйг эрэхэд шуналлаг хүн юм. Түүний шунал хүсэл бол эрдэнийн сормуусаа униарт дүрж унтах адууны нойрсоон, мордож буй улаан дээлтэй өвгөн Монголын их амар амгалан зэрэг болой. Сайхан үзэг, мөнгөлөг цагаан сар Бавуу найрагчийн эд баялаг. Тэр үүнээс өөрт яавч шунан дурлах хүн биш. Бенгалийн булангийн зүүн өмнөтэйд байж ядам халуун агаарт уухилан аахилан бидэн хоёр нэгэнтээ явсан билээ. Тэгж явахад, нэг өглөө эртээ гэгч Бавуудорж найрагч далайн эрэгт алхалж явах эртний хүн шиг үзэгдэнэ. Төрөлхийн өндөр чилгэр биендээ өмссөн хувцас нь далайн чийглэгээс үүдэн наалдаад баримлыг санагдуулам. Тэгээд эрэг хөвөөнд шидэгдсэн дунгийн гоёмсог яснуудыг авч үлээж нэг, зүлгэж нэг, наранд өргөж нэг харах нь сониуч болоод нандин яруу хандлагатай. Мөн тийм үйлсийг мундрааж зогсоход үл мэдэг сэрчигнэх салхинаа их үсэн нь сэвэлзэсхийхүй салхины чигийг заах мэт. Бавуудорж найрагч машид өвөрмөц дуу хоолойтой. Түүний шүлгээ уншихад хийгээд цөөн үг хэлээд хүд хүд инээж байх нь газрын гүнээс булаг оргилох битүү далд чимээн нүргэлэл шиг сонсогддог. Шүлэг найрагт нь шунан дурлагч, хүндлэн дээдлэгч хүмүүст бол дорно зүгийн далайн түрхрэл, намрын өвсний давалгаалан исгэрэх чимээг мэдрүүлдэг байх гэмээр. Тэр цөөн үгтэй хүн. Мөнхүү цөөн үг нь сайн сайхан зүйлс, уран бадраамтгай орчныг бүрдүүлдэг. Түүний тэмүүлэл намуун амгалан боловч хүчирхэг бүтээмжтэй. Ниссэндээ, зорьсондоо үл үзэгдэн, үл туядан хүрч чаддаг. Цогдоржийн Бавуудорж найрагч Мексикт зорчин явснаа яримтгай. Мөн чиг сайхан явжээ хөөрхий гэнэ. Мехико хот үдэш зургаан цагт эзэнгүй болдог юм билээ л дээ. Гэмт хэрэг зөрчил их, тайвангүйгээс тэр. Гэтэл бид хоёр очсон шөнөө эзэнгүйг нь гайхаж баахан алхсан юм даг. Бүр дэлгүүр хоршоо орохсон, онгорхой юм алгаа янз нь гэлцэж явсныг нь яана. Эргээд санахад, ахуй хотынхон нь айгаад гарахгүй явахад, аль тэртээ Монголоос ирсэн бид хоёр юугаа ч мэдэхгүй алхах нь аргагүй боловч, тэнэг хэрэг байжээ. Тэнд дээрэм тонуул, автобусанд мөнгө өгөхгүй гүрийхээс амар хэрэг шиг билээ. Энэ тухай хоёул дурсан ярихад хүд хүд инээж л байна. Би түүнийг явуулж, та ч тэднээс ялгаагүй аварга индиан-мексик харагдана л даа гэхээр тийм ч биз гээд инээж суудаг. Өмнө зүгийн гайхамшгийн нэгэнд зүй тооцогдох Хамрын хийдэд бид бас нэгэнтээ дөрөө нийллээ.Х. Чилаажав найрагч, Бавуу найрагч биднүүс эхнэрүүдийн хамт явсан юм. Тэгэхэд Бавуу уран дүүгээрээ нэгэн цалин мөнгөн үзэг хийлгээд авч явжээ. Шамбал болоод Хутагтын сүншигээр аравнайлахаар авч гарчээ. Мөнхүү Шамбалын ахуйд бид энэ тэрхнийг хөөрөлдөн баахан сууцгаав. Тийн мундраацгааж байхуй дор Бавуу найрагч мөнөөх мөнгөн үзгийн толгойд шигтгэсэн алмаазаас нэгийг гээчихдэг юм байна. Үүндээ бэлгэшээж байна гэж лут. Ноён хутагттай архиа хуваагаагүй ч, алмаазаа хуваав гэж хүндэтгэн бэлгэшээв. Энэ тухай сайхан шүлэг бичсээн. Сүүлд хэвлүүлсэн номуудын нэгд бий л байх. Саяхан Бавууг маань Төр үнсч, Монголын уран зохиолын төрийн шагналтан нэгээр нэмэгдэв. Ер нь, авах нь тод болоотохлоо янз нь гээд хэлбэл “Үнэн үү нөхөөр” гэж байна. Үнэн байхаа, нуттай юм сонслоо гэвэл “ Би хөдөө явж байна. Ингэж дуулчихаад цас үмхэлжээ сууна” гэж хэлж байгаа юм. Ерийн юм шиг боловч, цас үмхэлжээ сууна гэдэг бол ийм эгшиглэнт мэдээлэл солилцоон дотор онцгой гоё яруу сайханлаг хандлага юм даа. Тэр хүний сэтгэл догдлол тийм өвөрмөцөөр илэрхийлэгдэж байна. Сайхан юм. Би хувьдаа, монгол төр эрхшээн түүнийг соёрхож үнссэнийг дорнын соёлоо дээдэлсэн, ариун яруу сайхныг үнэлсэн, алтан уламжлалаа дээжилсэн, зөв зүйн үлгэрлэлийг дуурсуулсан хэмээн олж шагнав хэмээн сэтгэнэ. Цогдоржийн Бавуудоржийн яруу найраг бол намрын айраг, талын анир алдрам, цантсан арц, цалин мөнгөн будда, домгийн хөх буга, дотоод гүн сэтгэлийн уураг билээ. Бавуудоржийн яруу найраг бол эрхсийн гэгээн гялбаан, ид шидэт дорнын хөх сар, аялгуу ялдам шанз ятга, айлын жаахан охин, Ер бусын гэрэлт совин, яруу сайхны цэнхэр магнаг юм. Бавуудоржийн яруу найраг бол дээдсийн ухаан, дэнжийн халтар аргал, үл мэдэг найгалзах туяхан ерхөг, өрөөлийг дээдлэх язгуур ухаан, харзны тунгалаг хөх ус, хайрын алтан жараахай болой. Түүний шүлгүүдээс хамгийн хайртай нь энэ. 

"Нэг их том цагаан заан 
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө 
Хүчирхэг тэнгис далайн 
Дөлгөөн чанарыг дагуулаад явчихлаа 
Хөрст дайдын 
Намуун байдлыг суйлаад явчихлаа
Дорнын нууцхан инээмсэглэлийг арчаад буцчихлаа
Дотоод анир гүмийг нь
Эвдээд буцчихлаа
Навчин дээрээс шүүдрийг нь 
Сэгсрээд явчихлаа 
Нарны бурхдыг үймүүлээд буцчихлаа 
Цусанд гэрэлтдэг 
Алтан тэнгэрсийг хураагаад явчихлаа 
Цасанд дарагдсан 
Буурал уулсыг сэрээгээд явчихлаа 
Догшидын мэлмийг аниулаад явчихлаа 
Дорно өрнийг догшруулаад буцчихлаа 
Нэг их том цагаан заан 
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө 
Нэг их том цагаан заан ..."

Энэхүү “ Нэг их том цагаан заан” бол түүний яруу сайхны, зөн билгийн, бүтээлийнх нь түрхрээнт эрчим хүчний илэрхийлэл юм. Тэр өөрөө ч Монголын уран зохиолын нэгэн их том цагаан заан нэгэнт мөн билээ. Тиймээс ч төрийн шагналтны завилгаанд заллаа. Цагаан заанаа тугалуулаад байгаарай. Гэрэл тань мөнх сацраг.

"АМАР АМГАЛАНГИЙН ДАЙД ЦОГДОРЖИЙН БАВУУДОРЖ"

Судлаач Г.Батсуурь /”ДӨРВӨН ЦАГ"-ААС "ЦАГ ХУГАЦАА АМСХИЙХ...” ХҮРТЭЛ /2012 он/

   Яруу найрагч Ц. Бавуудорж 1969 онд төрсөн. “Бүгээн анир” \1991\, “Гүмүда”\1993\, “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” \1999\, “Сарны шүлгүүд”\2006\, “Монголын их амар амгалан” I боть \2008\, “Дорно зүгт өвс болно” II боть \2008\ зэрэг яруу найргийн номууд хэвлүүлжээ. Тэртээ 90-ээд онд “Намрын борооноор цувгүй алхахдаа, Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ....” хэмээн хотлыг дуулуулан гарч ирсэн яруу найрагч Ц. Бавуудорж эдүгээ монголын яруу найргийн их дайдын дорно этгээдэд өөрийн бууцыг дугуйлсан буй. ХХ зууны сүүлийн хагаст төрж хоёр зуун дамжин туурвисан энэ найрагч зөвхөн өөрийн үеийнхэн төдийгүй нийт монголын яруу найрагчдаас уран бүтээлээрээ ялгарах амой. Түүний уран бүтээлийг ажиглавал дорно дахины сэтгэлгээний онцлог тодрон байх нь үзтэл ил. Тодруулбаас: Нэг их том цагаан заан Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө Хүчирхэг тэнгис далайн Дөлгөөн чанарыг дагуулаад явчихлаа Хөрст дайдын Намуун байдлыг суйлаад явчихлаа............\Нэг их том цагаан заан\, ...Амар амгалангийн тарнийн саран дээр Амарч буугаад дахин ниснэм би Аяа Амар амгалангийн сүмийн туурин дээр...\Амар амгалангийн сүмийн туурин дээр\, гэх буюу ...Эр морь хоёр ижилхэн санаж зүдэрдэг Ийм цэнхэр нутагт ээж минь намайг хөхүүлсэн юм...\Эх нутгийн тухай шүлэг\, ...Анар эрдэнээр барс урлаж Зүрхэнд нь нуулаа ээжийгээ Агар зандангаар гарьд бүтээж Жигүүрт нь нуулаа би ээжийгээ \Ээжтэй орчлон\, Дорно зүгт өвс болно би Долгилон шаргалтсаар л байна.... ...Дорныг унахад Долгилон тосно Дотоод шаналангий нь Халуун биедээ шингээнэ...\Дорно зүгт өвс болно\ ...Хүлэг дахин заяадаг цаст мөнхийн нутагсан Хүмүүн зандан биендээ хурмастын санааг санана Билэг дахин төрдөг цаст мөнхийн нутагсан Билгүүн зандан биендээ хурмастын санааг санана \Цаст аяз\ зэрэг олон бүтээлүүдээс нь түүний дорнолог монгол аялгууг үзэж болох. Түүний яруу найрагт орчлон ертөнц, байгаль дэлхийн өнгө дүрс, байр байдал гүнзгий туссан байх бөлгөө. Тэдгээрийг нь “Нэг их том цагаан заан”, “Цав цагаан цастын орноо орхиод”, “Манан будан”, “Шар нарны дууль”, “Бурхадын дууль”, “Гэтлэхгүйн цэнхэр хязгаар”, “Уянга”, “Нэгэн цагт”, “Очирваань уулын цагаан үүл”, “Өнөд тунгалаг наран дор”, “Монголын их амар амгалан”, “Монголын их хувь тавилан”, Дөрвөн улирал” шүлгүүд болон “Очирваань” найраглал зэрэг дорнын сэтгэлгээгээр үзвээс сав ертөнцийн учир зохирлын тухай шүлэг дууллууд юм. “Очирваань уулын цагаан үүл” шүлэгтээ: Очирваань уулын цагаан үүл Орчлонд намайг дагаж нүүдэг Мөнхийн ногоон арц нь хүртэл Мөр замыг минь хучиж ургадаг Очирваань уулын цагаан салхи Орчлонд намайг дагаж салхилдаг Алтан увьдаст хурмаст нь хүртэл Амгалан тавиланг минь адислаж байдаг... хэмээн шүлэглэсэн бий. Энд дурдагдаж буй Очирваань уул гэдэг бол Отгонтэнгэр уул бөгөөд уг уулын эзэн савдагтай холбон ийн хэлсэн аж .Ертөнцийн гуравт Тагт ургасан арц ногоон гэж байдаг ба ер нь ногоон өнгө бол өвс ногоон гэдгээс үүсэлтэй ургаж төлжихийн бэлэгдэлт санаа учир ийн дүрслэгджээ. Мөн ийнхүү сав ертөнцийг шүлэглэхийн зэрэгцээгээр хүний амьдралын жам ёс, эргэж буцахын учир санах эгээрэхийн шалтаг шалтгаан хийгээд хайрлах хайрлуулахын ухаарал дүрслэгдэх. Тэдгээрийг нь “Алга урвахын шүлэг”, “Харсаар байтал” , “Гуниг” , “Гөлгөнд зориулсан шүлэг” , “Харсаар байтал”, “Сарны туяагаар бичсэн тэмдэглэл” , “Санаж явсан чамтай” , “Өвлийн аяз” , “Тунгалагийн тухай шүлэг”, “Дорнын хөх тэнгэр”, “Дорно”, “Цастын аяз”, “Шаргал аяз”, “Тэнгэрийн бүсгүй” зэрэг мөн л олон бүтээлүүдээс нь үзэж болох ба эдгээр нь мөнөөхөн дорнын сэтгэлгээгээр үзвэл шим ертөнцийн учир зохирлын тухай шүлэг дууллууд гэлтэй. Ц. Бавуудоржийн энэхүү дорно дахины мэт уламжлалыг нарийн анзаарвал ардын аман зохиолын ба сонгодог бичгийн зохиолын түүний дотор туульслаг өнгө аяс нэлээд тодорхой туссан байх нь мэдэгдэнэ. Ц. Бавуудоржийн яруу найргийн туульслаг уянгыг тодруулбал шим ертөнц, түүний дотор хүн мөн түүний дотор эмэгтэй хүний тухай “Тэнгэрийн бүсгүй” гэх дуу болсон нэгэн шүлэг бий. Уг шүлэгт: Гэр дүүрэн гэгээ татуулсан Гэргий зандан амраг чи минь дээ Гишгэсэн газартаа цэцэг ургуулсан Гэзэгтэй зандан тэнгэрийн бүсгүй еэ Замиланг гийтэл мишээл цацруулсан Завилсан зандан амраг чи минь дээ Энгэр цээжиндээ хүүгээ эрхлүүлсэн Ижий зандан тэнгэрийн бүсгүй еэ Бөртэ сарыг дуултал уяраасан Бүүвэй зандан хонгор чи минь дээ Эсгэсэн торгондоо уянга дуслуулсан Ивээл зандан тэнгэрийн бүсгүй еэ гэж шүлэглээд ...Нар саранд сөгдөж гуйсан юм Нандин учрал байлгүй дээ Аргагүй ээ. .. Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ гэсэн дахилт бадгийг хэрэглэсэн байна. Энэ шүлгийн эхний бадгийн 1, 3-р мөрүүд “Гэр дүүрэн гэгээ татуулсан...Гишгэсэн газартаа цэцэг ургуулсан...,” гэдэг болон 2-р бадгийн эхний мөр болох “Замиланг гийтэл мишээл цацруулсан...” гэдэг мөрүүд бол туульсын шууд уламжлалтай дүр, дүрслэл мөн болно. Монгол ардын баатарлаг туульст баатар сайн эрийн “Задраад одсон зах найман товчийг нь шигтгээд өгдөг заяаны зандан дагина” гэж дүрслэгдэх бөгөөд уг хатад дагинасын царайг үзвэл: ...Цуснаас улаан хацартай Цаснаас цагаан царайтай Гэр нэвт гэрэлтэй Гэгээн цагаан царайтай Гишүүний улаан хацартай Туурга нэвт туяатай Тунгалаг ягаан хацартай \Тунамал ягаан хацартай\ \Эрийн сайн хан Харангуй\ гэж дүрслэн өнгө нигуурын сайхныг гэрлийн үүтгэл гэгээн цагаан өнгөөр дүрсэлсэн байдаг болохыг нь доктор Г. Нандинбилиг судлан тогтоосон буй. Энэхүү гэгээн цагаан өнгө бэлгэдлийн дүрслэл нь мөнөөхөн шүлгийн “Гэр дүүрэн гэгээ татуулсан” гэдэг эхний мөрийн уламжлалын тал болно. “Гишгэсэн газартаа цэцэг ургуулсан” гэдэг мөр нь мөн л туульсын: ...Нахис хотос гэшхэлхэн Нара ногоо ургуулхан Хотос нахис гэшгэлхэн Хони хурга мааруулхан...\Абай Гэсэр Хүбүүн\ гэж байдагтай тохирох ба явсан, гишгэсэн газраас нь цэцэг ногоо дэлгэрэн ургадаг тухай дүрслэл юм. “Замлинг гийтэл мишээл цацруулсан” гэдэг нь туульст: ...Наашаа харахад нь Наад далайн жараахай тоологдом Цаашаа харахад нь Цаад далайн жараахай тоологдом...\Жангар\ гэдэг дүрслэлийн уламжлал нөгөө болой. Мөн түүнчлэн: ...Бөртэ сарыг дуултал уяраасан Бүүвэй зандан хонгор чи минь дээ гэсэн нь туульсын хатад бүсгүйчүүдийн дуу хоолойн сайхныг магтсантай дүйх юм. Тухайлбал “ Жангар” –ын туулийн “Арван зургаатай Агай Шавдалыг ерэн нэгэн чавхдастай ендэр мөнгөн хуураа аваад татахлаар: Хулсан дунд өндгөлсөн Хунгийн дуу гараад Нууран дунд өндгөлсөн Нугасны дуу гараад Арван хоёр аясаар хангинаад гарав...” гэх зэргээр үзүүлсэн буй. Эндээс хамгийн зохирол сонсголонтой уянгат аялгууг арван хоёр аяст, арван гурван айзамд гэх мэтээр хэлдэгтэй нэг талаар таарч байгаагаас гадна, үрт амьтны үр зулзагаа хайрлан энхрийлэх дууг зориуд жишээлэн авсан нь өгүүлэн буй шүлгийн “Бүүвэй зандан” гэдэг үгэнд очиж тохирох ба хүний үр хүүхдээ аливаа хар муу юмнаас “Бүү ай” гэсэн буюу “Бүүвэй” гэдэг сунжралт үгийн бэлгэдэлт санаа энд давхцаж байна. Басхүү шүлгийн өмнөх бадгийн: ...Энгэр цээжиндээ хүүгээ эрхлүүлсэн Ижий зандан тэнгэрийн бүсгүй еэ...гэсэн мөрүүд нь мөнөөхөн үрт амьтны үр зулзагын тухай дүрслэлтэй холбогдох Дөрвөдийн “Хашин цагаан хаан” туульст: Баруун талын минжин цагаан мээмээ хөхөөд Баруун оочоо татан Баруун тийшээ харж инээгээд Зүүн талын минжин цагаан мээмээ хөхөөд Зүүн оочоо татан Зүүн тийшээ харж инээгээд...гэж байдагт тулан үр хүүхдээ эрхлүүлэн суугаа ээжийн амар амгалангийн дүр дүрслэлтэй уламжлал нэг байна. ...Эсгэсэн торгондоо уянга дуслуулсан Ивээл зандан тэнгэрийн бүсгүй еэ....гэсэн мөрүүд шүлэгт байгаа ба туульсын “Задраад одсон зах найман товчийг шигтгээд өгдөг заяаны зандан дагина...болон Өврийнхөө гэрэлд Үйл үртсээ хийлгэдэг...гэх буюу Жангарын туульст Замбал хааны Зандан гэрэл дагиныг: ...Ерэн есөн торгоны захыг ижилсүүлж нийлүүлж суугаа нь харагдлаа...”зэргээр дүрсэлсэн буйтай тохирч байх аж. “Завилсан зандан, Ивээл зандан” хэмээн заасан нь харьцангуй сүүлхэн үеийн уламжлал буюу Бурханы шашинд байдагчлан Дарь эх бурхадын хөрөг дүрслэл хийгээд, жил усны ивээл ээнэгшлийг хэлсэн хэрэг. Туульсын хатад, дагинас тэнгэрийн гаралтай байдгаар дүрслэгдсэн нь нэн түгээмэл бөгөөд Монголын нууц товчоонд “Дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Гуа Маралын хамт...” гэх мэтээр өгүүлдэгтэй мөн шүлгийн “Тэнгэрийн бүсгүй” гэсэн нэр таарах бүлгээ. Иймд энэ шүлэг бүхэлдээ туульсын уламжлал, дүр дүрслэл бүхий бүтээл болох нь харагдаж байна. Энэ мэтийн баримтууд нь түүний шүлгүүдийн туульсын уламжлал, дорно дахины дүр дүрслэгээтэй “Тэнгэрийн бүсгүй” шүлгийн ерөнхий дүрслэл нь дорно дахины таван мэдрэхүйн үүднээс дүрслэх уламжлалтай мөн холбогдоно. Тодруулбал харагдах өнгөний сайхныг “гэр дүүрэн гэгээ татуулсан” гэх мэтээр, сонстох дууны сайхныг “Бөртэ сарыг дуултал уяраасан, Бүүвэй зандан...” гэж хүрэлцэх гарын уран хийгээд сайхныг “Эсгэсэн торгондоо уянга дуслуулсан” гэж тус тус дүрсэлжээ. Энд амтлах ба үнэрлэх мэдрэхүйн дүрслэл дутуу байгаа нь яруу найрагч угаасаа таван мэдрэхүйн үүднээс шүлэглэх зорилго тавиагүй өөрийн мэдрэмж , архетипдаа хөтлөгдөн бичсэнтэй холбогдох ёстой . Ийн бүтээсэн нь уг шүлгийг, улмаар Ц.Бавуудорж найрагчийг дорнын уламжлалт арга барил, монголын уламжлалт туурвил зүйтэй холбон дүгнэхийн бас нэгэн үүтгэл шалтгаан болох буйзаа. Түүнчлэн тэрхүү тэнгэрийн бүсгүйтэй дүйцэх сайн эр бол мөн л тэнгэр язгуурт ба энэхэн замбативийг эзлэн төрсөн байдаг нь найрагчийн өөр нэгэн шүлгийн мөрүүдэд холбогдоно.Тодруулбал: ...Хүлэг дахин заяадаг цаст мөнхийн нутагсан Хүмүүн зандан биендээ хурмастын санааг санана ...гэсэн “Дорнын эгшиглэн яруу найраглалын цомирлиг” –ын Цастын аяз шүлэг юм. Шүлгийн “...хүлэг дахин заяадаг цаст мөнхийн нутагсан ...” гэдэг мөрийн туульсын уламжлалыг үзвэл хүлэг буюу морь гэдэг бол туульсын баатрын унаа төдийгүй хамгийн сайн зөвлөгч , туслагч нь байдаг ба хүлэг эзэн хоёр бие биеэ шинжин олдог. “Цуутын цагаагч гүү” зэрэг үлгэр,туульст хүлэг морь эзэн хүндээ “Чи миний эзэн мөн үү? Би уулыг тал болтол,талыг там болтол булгина, хэрэв ойчихгүй бол миний эзэн бол” гэх мэтээр хэлэх ба үнэхээр булгихад нь эс ойчиж хүлэг,хүн хоёр бие биедээ тэнцэн төгөлдөржиж байдаг.Мөн Жангарын туульд Араг улаан Хонгорын Оцол хөх халзан морийг л гэхэд эзэнтэйгээ ярьж буйгаад үзүүлнэ .Тухайлбал: ... Оцол хөх халзан нь Осол болсныг мэдээд Бодлоор хийсэн богочоо эвдээд Төмрөөр хийсэн тушаагаа тасдаад Хүрэл мөнгөн амгайгаа тас хазаад Хүрч ирээд хэлж байна: Ширхэгийн үр биш бил үү чи Шилтэй зандан хатнаас Гарсан биш бил үү чи гэх буюу ...Ганц хүнд дийлдэв гэх Гашуудалт муу нэрийг яана чи!...гэх мэтээр хэлж эзэн баатраа зоригжуулан ялалтанд хүргэдэг буй. Ийнхүү баатарлаг туульст эзэн хүлэг хоёрын зохирол, зохицлыг үзүүлэх нь нэн түгээмэл бөгөөд дээрх шүлэгт энэ л уламжлал дүрслэгдсэн аж. Түүнчлэн “...цаст мөнхийн нутагсан” гэдэг бол Цастын орон буюу Энэтхэг, Балба, Төвдийн нутаг бус найрагчийн төрж, өссөн Отгонтэнгэр уулын дүрслэл бөгөөд ардын баатарлаг туульсынг хайлахын өмнө Алтай, Хангай хоёрыг магтан хайлаад дараа нь туульсаа хайлах уламжлал ч байдаг. Туульст баатрынхаа нутаг орныг: ...Үхэлгүй мөнхийн оронтой Үргэлжид хорин таван насны дүрээр байдаг... гэх буюу ...Өл манхан Цагаан уул нь Өндөр хөх тэнгэрийн түшиг болоод Өглөө гарах нарны дор Манхайгаад байдаг аж...\Жангар\ гэх мэтээр хэлдэгтэй мөнөөхөн цаст мөнхийн нутаг гэдэг дүрслэл холбогдох боломжтой. Шүлгийн дараагийн мөр болох, “...Хүмүүн зандан биендээ хурмастын санааг санана...” гэхэд дурдагдаж буй зандан гэдэг үг нь самгарди хэлний цандана буюу анхилам үнэрт, улаан хүрэн өнгөтэй модны нэр. Харин баатарлаг туульст үг нэрийг улаан хүрэн өнгөөр нь шилжүүлэн хэрэглэдэг бололтой. Жангарт: ...Заг мод түлээд Зандан гэдэг цайгаа чанаад... гэх буюу хүний царай төрхийн хувьд бол “Замбал хааны Зандан гэрэл дагина” гэх буюу “задраад одсон зах найман товчийг шигтгээд өгдөг заяаны зандан дагина” гэх мэтээр дүрслэгддэг. Эдгээрт байгаа зандан гэдэг нь гэгээн улаан өнгө бөгөөд сайхны бэлэгдэлт утга заадаг нь Ц. Бавуудоржийн шүлгүүдэд уламжлан нэлээд давтагдсан байна. Иймэрхүү дүрслэл нь дээрх “Тэнгэрийн бүсгүй”-тэй тэнцэх эрийн дүр дүрслэл болж байгаа ба чухам ийм хурмастын санааг санаж гүйцэлдүүлэх туульсын баатрын дүр нь Хурмаст тэнгэр өөрийн хүү Гэсэрийг санаагаа гүйцээхээр газарт зориудаар буулган ирүүлдэг тухай өгүүлэмжид очиж холбогдох юм. “Цастын аяз” шүлгийн “...Хурмастын санаа..” гэдэг дүрслэлээр найрагч яруу найргийн онгод сэрэхүй хийгээд тэнгэрлэг оршихуйн тухай өгүүлсэн бололтой. Энэ шүлгийн дараагийн: ...Билэг дахин төрдөг цаст мөнхийн нутагсан Билгүүн зандан биендээ хурмастын санааг санана...гэсэн мөрүүдээс тодорно. Ийнхүү шүлгийн уламжлалыг нарийвчлан үзвэл баатарлаг туульсын болон Дорно дахины уламжлал нэлээд хэмжээгээр анзаарагдаж байна. Тэгэхээр Ц. Бавуудорж дорно дахины дүрслэлийн уламжлалт хэлбэр дүрслэл түүний дотор монгол ардын аман зохиолын туульслаг уламжлалыг уянгаар баяжуулан хөгжүүлж буй яруу найрагч юм. Ц. Бавуудоржийн яруу найргаас ихэд алдаршсан бас нэгэн бүтээл нь “Монголын их амар амгалан” гэдэг шүлэг. Монголын шинэ үеийн яруу найргийн түүхэнд төрсөн авьяастнууд бүгд л эх болсон монгол нутгийнхаа тухай өөр өөрсдийнхөөрөө дуулсан байдаг. Нийтлэг хандлагад уг бүтээл нь нийцэж байдаг ба өөрөөр хэлбэл Д. Нацагдоржийн “Миний нутаг” , Б. Явуухулангийн “Би хаана төрөө вэ” , Б. Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал”, Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” мэтийн шүлгүүдтэй агаар нэг бүтээл бол энэхүү “Монголын их амар амгалан” гэх шүлэг юм. Шүлгийн уламжлалын талд монгол ардын магтаалын уламжлалт хэлбэр болох уран тоочилт, давталтын өнгө аяс анзаарагдана. Тодруулбал: Мордож буй улаан дээлтэй өвгөн Монголын их амар амгалан Морины хөлөөс чөдөр уйдаж Шөнийн талд гуних Монголын их амар амгалан Модон тэрэгний хөх дугуй Шинэ өвсний солонго гишгэх Монголын их амар амгалан... гэж шүлэглэдэг. Тоочилт нь <өвгөн, чөдөр, тэрэгний дугуй болон цааш сар, өвс ногоо, үүлс, шарласан хуудас, гэр дүүрэн хүүхэд, унтаж буй адуу, дуулж буй эр хүн...> гэх зэргээр үргэжлэх бөгөөд харин давталт нь <Монголын их амар амгалан> гэсэн нэг мөр юм. Уг мөр нь 71 мөр бүхий уг шүлгийн туршид 28 удаа давтагдсан ба үндсэндээ шүлгийн тал хувийг бүрдүүлнэ. Энэхүү тоочилт давталтын харьцаагаар хэсгээс бүхэлд шилжүүлэх дорнын давталтын харьцаагаар хэсгээс бүхэлд шилжүүлэх дорнын сэтгэлгээний онцлог тодрох ба өөрөөр хэлбэл: ...Эрдэнийн сормуусаа униарт дүрж Адуу унтах Монголын их амар амгалан...гэсэн дүрслэлээс үзвэл нэг адуу унтаж байгаа гэдэг нь тухайн нэгж хэсгийн амар амгалан бөгөөд үүн дээр үндэслэн нийт монголын амар амгалан болохыг бүхэлчлэн\томсгон\ үзүүлсэн нь дорно дахины хэсгээс бүхэлд шилжүүлэн үзэх сэтгэлгээний илрэл. Энэхүү дүрслэлийн логик нь бүх л шүлгийн туршид хадгалагджээ. Нэг шүлгийн тэн хагас нь нэг л мөрийг давтсан бүтэцтэй байхад ер уйтгартай санагдахгүй байгаа нь энэхүү хэсэг бүхлийн харьцаанд л байгаа юм. Найрагч хэсэгчилсэн дүрслэлүүдээ бүтээхдээ нийт монголыг төлөөлж чадахуйц оновчтой тоочилтуудыг сонгон авсан нь шүлгийг сонирхолтой болгож ба шүлгийн сүүл рүү дүгнэлтийн шинжтэй мөрүүд орсноор уг бүтээлийн тогтолцоот шинжийг тодруулна. Тухайлбал: ...Богд шиг миний залбирсан Наран саран Тэнгэрийн их амар амгалан Болор биеийг минь нууцлах газар шороо Дорнын их амар амгалан...гэсэн мөрүүд нь нийт ертөнцийн буюу газар тэнгэрийн дайдын амар амгалангийн дуулал болон сонстож буй бол сүүлийн: ... Дэрлээд нойрсох миний хатан өвөр Монголын их амар амгалан Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх Миний хаан үр Монголын их амар амгалан” гэсэн нь дорнын нүүдэлч монгол эр хүний, хүний дайтай амьдарч хүн шиг буцахыг сануулна. Логик дарааллын хувьд нийт ертөнц, дорнын амар амгалан буюу тэнгэр, газрын амар амгалан нь монголын амар амгалангийнхаа дараа орох учиртай мэт санагдаж болох ч шүлэгт байгаагаар дарааллыг тогтоосноор монголоо өргөмжилсөн агуулга тодорч байна. Харьцуулвал: Д. Нацагдорж “Миний нутаг”-таа “...Хөх монголын цагт хүчирхэг болсон орон...” гэж Б. Явуухулан “Би хаана төрөө вэ”-дээ “...Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай...” гэж Б. Лхагвасүрэн “Боржигоны бор тал”-даа “дэлхийн төв...”гэж бахархан тэмдэглэсэн монголын тухай санааг мөр бадгийн байрлалаар ийнхүү тодотгожээ. Энэхүү дэлхийн төв болсон их монгол нутгийнхаа эзэн болсон бахархалт хувь заяагаа илэрхийлэхдээ Д. Нацагдорж “Энэ бол миний төрсөн нутаг...”гэж, Б. Явуухулан “...эзэгнэнхэн төрлөө, би” гэж хэлсэн бол Ц. Бавуудорж “...миний залбирсан миний хатан өвөр, миний хаан үр” гэж хэлэн нээсэн байна. Ер нь эдгээр эх орны уянгын дуулал болсон шүлгүүдэд уламжлалын холбоонууд бий. Их Нацагдорж “Миний нутаг” шүлэгтээ тоочилт хэрэглэхдээ “нуруунууд, уулнууд, уснууд, говиуд...” гэх мэтээр өргөн дэлгэрээр нь хэлсэн ба Б. Явуухулан “Би хаана төрөө вэ” шүлэгтээ олон тооны нөхцөл хэрэглээгүй боловч мөн л “хөх манхан тэнгэр, цаст цагаан уул, онгон цэнхэр тал...” гэж ерөнхий тоочилт хийсэн. Б. Лхагвасүрэн “Боржигоны бор тал”-даа “...алсын намхан уулсын орой, хөх галын ирт улаан дөл, туулсан зуунуудын сургамж...” гэх зэргээр бас л ерөнхий тоочилт хэрэглэсэн байдаг. Харин Ц. Бавуудорж “Монголын их амар амгалан” шүлэгтээ “мордож буй өвгөн, шөнийн талд гуних чөдөр, солонго гишгэх хөх дугуй, дуулж буй эр хүн, гучин гуравтай харчуул...” гэх мэтээр харьцангуй жижиг тоочилт буюу нэг агшны тоочилтууд хэрэглэсэн нь ялгарал болох юм. Мөн давталтын хувьд Д. Нацагдорж “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” гэсэн мөрийг бадаг бүрийн ард дагуулж, Б. Явуухулан “...эзэгнэнхэн төрлөө би” гэдэг мөрийг мөр бүрийн эцэст дагуулаад мөнхүү мөрөөрөө хашиж, Б. Лхагвасүрэн “Намайг..... болгосон” гэдэг үгсийг дунд нь солигдолтойгоор найруулж шүлэг дотор хоёр мөр алгасан давтсан, Д. Нямсүрэн “Дөрвөн цаг”-таа “...сайхан” гэдэг үгийг мөр бүрийн эцэст давтсан байгаа бол Бавуудорж “Монголын их амар амгалан” гэдэг бүтэн мөрийг мөр бүрийн дараа давтсан онцлогтой байна. Ингэж олонтаа давтан монголын амар амгаланг зарлахын зэрэгцээ дээр хөх тэнгэр, доор бор газрыг оруулан хэлж сав, шим ертөнц хийгээд газар тэнгэрийн дайдын амар амгаланг тунхагласан билээ. Амар амгалангийн дууч Цогдоржийн Бавуудоржийн бүтээсэн амар амгалангийн их дайдад <хүрэл чоно ульж, адуу янцгааж, том цагаан заан өнгөрч, эр хүн ятгатай дуулж, хаврын өдрүүд сүрэглэн ирэх үзэгдэж, үзэсгэлэн гоогийн цаана өвс ганхаж, Тажмахалын нулимсанд бийрээ дүрэх найрагчийн дүр сүүмийж, сэтгэлийн тооноор уулс гэрэлтээд, болор сүмийн оройд бодь гөрөөс дуулан, дорнын зүүд дуралзан байхын дор аавынхаа толгойг түшин үдэх амраг хүү> харагднам заа. Дараа нь уу? Дараа нь Цаст Отгонтэнгэр хайрхан дүнхийсээр л байхын цаг дор Цогдоржийн Бавуудоржийн шүлгүүд дуурссаар л байх буй.

Monday, March 10, 2014

Ц.БАВУУДОРЖИЙН “МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН”-ГААС “PAX MONGOLICA” ХҮРТЭЛ /"Өнөөдөр сонин" 2011/



Доктор, профессор С.Дулам  

Ойрын үед шүлэгт задлал хийсэнгүй, одоо нэг  үзье гэж санаад, өөрийг нь сайн мэдэхгүй ч, сэтгэлд гэгээлэг байдгаар нь Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” түүврийг авч, мөн ижил нэртэй шүлгийг сонгон, хэд хэдэн зүсэлт хийж ажиглав. Чингэтэл  хэдэн зурвас болгож болмоор шиг. Анхдагч хамгийн томоохон зурвас нь “байгалийн зурвас”, түүнд багтах нь дараахь болой.
Шөнийн талд (гуних)          
Шинэ өвсний
Солонго (гишгэх)
Молор саран
Өвс ногоо ганхах
Өндөр цагаан үүлс
Униарт (дүрж)
Гол мөрөн урсах
Алтай Хангай           
Арван тавны тэнгэр
Гучин гурван говь
Ганга агийн
Арвин тал     
Наран дотор
Анирхан тал 
Нялх ногоо цухуйх
 Тэнгэрийн их
 Газар шороо
Үүн дотроо “Алтай Хангай”, “Гучин гурван говь ” нь тухайлсан Монгол орны байгаль агаад мөн ч Монголынх байж болох “Арван тавны тэнгэр”, “Анирхан тал” , “Ганга агийн арвин тал” гэсэн нийлц багтаж буй. Бусад  нь энэ цэнхэр гарагийн хаанах ч байж болох сон билээ. Гэхдээ аль нь ч байсан энд “амар амгалангийн үр соёолж”, гол мөрөн урсаж, нялх ногоо соёолох юм. Харин бусад зурвастайгаа найрах утгыг нь хойно авч үзнэ. Дараагийн хоёрдогч томоохон зурвас нь “хүмүүний зурвас” байх юм.

Tuesday, March 4, 2014

“ХҮННҮ ТУУЛЬС” ХҮЧИРХЭГ ДУУРЬСАЖ БАЙНА /"Өдрийн сонин" 2011/

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Я.ГАНБААТАР

    Монголын ард түмэн эртнээс янагш зууныг туулан, мянганыг элээж ирэхдээ өвлийн шөнийн уртад өнжин хонон, зуны шөнийн богинод зусан намаржин тууль хайлж, түүх цадигаа хүүрнэн хэлэлцэж ирсэн билээ. Бидний сайн мэдэх “Гэсэр”, “Жангар”-аас эхлээд “Эрийн сайн Хан харангуй”, “Зул Алдар хаан”, “Бум эрдэнэ”, “Дайны Хүрэл”, “Догшин Чингэл хаан”, “Аргил Цагаан өвгөн”, “Бурхан хар баатар” гээд тоочоод байвал ихээ урт жагсаалт болох олон арван туульсыг өвөг дээдэс маань сэцэн оюун, уран сэтгэлгээрээ туурвин бүтээж, үе үеийн туршид үр ач нартаа өвлүүлэн өнөөг хүргэж иржээ. Хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт  өв хүртээл болсон Энэтхэгийн “Махапаарада”, Киргизийн “Манас”, Оросын “Игорийн хорооны дуулал”, германы “Нибелунгийн дуулал”, Италийн “Тэнгэрлэг туульс”, Францын “Роланд баатрын дуулал”, Америкийн индиан ард түмний “Хайваттын дуулал” зэрэг туульсын бүтээлүүд олон бий.

            Туульс бол урьд эртийн цагт унших ном, үзэх урлагийг төлөөлөн, бүхэл бүтэн номын сан, театр, телевиз, радиог орлож, орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт болсон ший жүжиг, кино зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлийн үүрэг гүйцэтгэж иржээ. Туульс бол оюуны урлагийн ертөнц дотроо ардын аман зохиолын төрөл зүйлд багтдаг. Монгол ардын аман зохиолын доторх аман яруу найргийн хамгийн том хэлбэр бол Баатарлаг туульс юм. Үе үеийн монголчуудын дунд тэдний хүсэл мөрөөдлийг яруу тод тусган үзүүлсэн олон сайхан туульс мэндэлж, Ижил мөрний халимагууд, Байгаль далайн буриадууд, Алтайн торгууд, Хангай, Хэнтийн халхчуудын дунд их дэлгэрсэн билээ.


Monday, March 3, 2014

МОНГОЛ НАЙРГИЙН ӨРГӨӨ ЭЗЭНГҮЙДЭХГҮЙ НЬ ЭЭ /"Өдрийн сонин" 1998/



Доктор, профессор  Ч.Билигсайхан

/шүүмж судлал/

   Ц.Бавуудоржийн шүлгүүдийг уншиж эхэлсээр арав  гаруй жил өнгөрөөжээ.Энэ завсар “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ”/1999 он/,”Дорно аялгуу” /2ОО1 он/ хоёр түүврийг нь нэлээдгүй ултай суурьтай уншиж алдаа оноог нь цэнэсэн цоохор тэмдэглэл бичин хэвлүүлэлгүй хадгалсаар өдий хүрчээ.Харин “Амар амгалангийн яруу найраг” /2ОО2/ хэмээх шилмэл шүлгийн цоморлигийг нь уншсаны эцэст энэ өгүүллийг бичиж байна.Аливаа уран бүтээлч нэрд гарсан хэн нэгнийг юмуу,ямар нэг олныг эзэмдсэн аяс найруулгын дэг сургуулийг дагаж уран бүтээлийн эхний алхмаа хийдэг нь бараг ёс болсон зүйл.Энэ үедээ ихэнх нь зээлдмэл маягийн сэтгэлгээгээр туурвих явдал ч түгээмэл байдаг.
   Ц.Бавуудорж энэ зурагнаас тойроогүй.Анхны “Бүгээн анир” /1991/ -аас аваад дорнын аяс намба,монголжуу дүрслэлийг шүлэгтээ эрэлхийлж эхэлсэн юм.Эхний хэдэн түүвэрт нь орсон шүлгүүдээс Галидасын “Үүлэн зардас” /Б.Ренчиний орчуулга/ болон Р.Таагүрийн “Өргөлийн дуулал”-ын /Ж.Бадраагийн орчуулга/монгол орчуулгын үг хэллэг,найруулгын өнгө аяс хүчтэй мэдрэгдэж байлаа.Энэ хоёр ном хоёулаа сэрүүнийг хүсэмжилж сарыг шүтэн, шатам халуун нарнаас цэрвэх мөнхийн хүсэл сонирхол ноёрхсон халуун дулаан Энэтхэг орны яруу найрагчдын бүтээл.халуун оронд нарны улирал гэдэг нэг ёсондоо аймшигт үе байдаг.Шатам халуун наран жаргаж бүрий болох үес сая сэрүү орж амьсгал авч амьдрал сэргэдэг.Саран гэрэлтэх тоотой шөнүүд л бүх хүнд жаргал баясал ,хайр дурлал бүхнийг дэвжээн хөгжүүлдгээс халуун газрын хүмүүс сарыг шүтдэг.Тэгвэл монгол газар сэрүүн хүйтэн зонхилдог цаг агаартай учраас халуун дулааныг хүсэмжлэн нарыг шүтдэг.Энэ сэтгэлгээ эртний ардын яруу найргаас аваад Монголын сонгодог яруу найрагчдын бүтээлээс тод харагддаг.Харин айх,эмээх,ичингүйрэх бүхнийг нууцлах сэтгэлгээ нүүдэлчдэд түгээмэл байдгаас үүдэн хайр дурлалын сэдэвт яруу найрагт сартай шөнийг дуулсан сайхан мөр бадгууд  зохиогдсон.Гэхдээ тийм олон биш.

Tuesday, February 4, 2014

ЦОГТ ОЧИРВААНИЙН ИХ ШҮЛЭГЧ /"Үндэсний шуудан"2008/

Х.СҮГЛЭГМАА доктор (Ph.D

Яруу найрагч Ц.Бавуудорж “Бүгээн анир” (1991), “Гүмүда” (1992), “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” (1999), “Монголын их амар амгалан” (2008),  “Сарны шүлгүүд” (2006), “Дорно зүгт өвс болно” (2008) зэрэг яруу найргийн номуудаа хэвлүүлжээ. Дорно дахины уран сайхны сэтгэлгээний түүхэнд монгол яруу найргийн өв уламжлал, сэтгэлгээний өргөн дэлгэр боломжууд, сэдэв, агуулга уран сайхны хэм хэмжээг олон талаас нь ярьж ирсэн баялаг өв бий. Бид аль болох дорны, монгол уламжлалт сэтгэлгээний хэв маягаа тордож байж сая, өдөр ирэх тусам даяарчлагдан байгаа дэлхий нийтийн их урсгалаас өөрийн цаг мөрний эрэгт бууж, тэгснээрээ монгол соёл, монгол сэтгэлгээ, монгол хэлний баялгаа өөрийн мөн чанараар нь авч үлдэх нэгэн боломж бүрдэх юм. Монголын уран зохиолын яруу найргийн сэтгэлгээний уламжлал шинэчлэлийг ийнхүү ярихад, Цогдоржийн Бавуудоржийн яруу найргийн онцлогийг тэмдэглэн авч үзэх нь тохиолдлын хэрэг биш юм.
Ц.Бавуудоржийн яруу найрагт байнга анзаарагддаг нэгэн зүйл бол түүний тэнгэрийг шүтэх үзэл юм. Шүтэх гэхээр магадгүй явцуу ч байж болох юм. Ерөөс өөрийгөө тэнгэрийн харьяат гэж “одны нь гэгээнд үзэгдэх өвс мэт” үзэх, эсвэл тэнгэрийг өөрийн оюун санааны харьяат болгож “тэнгэрийн хишгийг цалгиагаагүй” гэх тэр үзэл нь түүний яруу найргийн амин сүнс болж үлдсэн байдаг. Энэ орчлонд хүмүүний төрлийг олох, төрөх үхэх, ирэх буцах жаргах зовох бүгдийг тэнгэрийн эрхшээлээр гэж тэрэн лугаа дүйж сэтгэнэ. Энэ тухайдаа яруу найрагч

Дээр хөх тэнгэрт
Нэгэн хувилгаан бий
Дүрс хувирсан гэгээн биеэ хүмүүн
Тайлж тоглох нь түүнд таалагддаг
Дүүрэн цагаан сар
Хавирган болж бутрах нь таалагддаг
Өвс ногоо
Өнгө шилжих нь таалагддаг
Үрт амьтан
Үйл тавиланд шидэгдэх нь таалагддаг...
Алтан одод харвахгүй одоход уцаартай
Алаг нүд нулимсгүй явахад уцаартай
“Уйдагч хувилгаан” шүлэг [Бавуудорж.2007.57-58]

хэмээн шүлэглэжээ. Энд, дээд сар нарны орон, дунд хүмүүн бидний орон, доод лус газрын орны буюу-энэ сав шим ертөнцийн гурван их орчил орон зайд хувааж, хүмүүний ирж буцах, сар хуучдах сар шинэдэх, өвс ногоо ургах хагдрахын үлгэрт- үүсэх, хуран үйлдэх, үгүй болохын үйлийн барилдлагаар нь хашин, улирч ирэх, эдүгээ орших, одож өнгөрөх-гурван цагийн хэмнэлд хэрчиж, тэрхүү орон зай, цаг хугацаа, үйлийн учир шалтгааныг гагцхүү тэнгэрийн эрхшээлээр болдог хэмээн утга зангидаж өгсөн сэтгэлгээний ололт нэгэн дор харагдаж байгаа юм. Чухам эндээс орчлонгийн мөнх бусын тухай, явдал үйлийн хоосон чанарын тухай, цаг улирлын болзоо үгүйн тухай олон салаа утга цааш хөвөрч одно. Мөн энэ шүлэгт:

Дэлхий эргэдгээрээ эргэхэд уцаартай
Дээр хөхрөгчийн гүнгарваанд
Миний цээжиндэхтэй ижилхэн
Нэгэн хувилгаан бий “Уйдагч хувилгаан” шүлэг [Бавуудорж.2006.58] гэжээ.

Одоо энд тэрхүү ертөнцийн оршин байх орон зай, цаг хугацаа, үйлийн барилдлагыг гагц өөрийн эрхшээл дор хураагч тэнгэрийн хувилгаан чанар нь “Миний цээжиндэхтэй ижилхэн” гэж эдүгээчилнэ. Энэ бол түүний яруу сайхны сэтгэлгээнд хийсэн чөлөөт эрэл хайгуулын нэг мөн боловч цаанаа эртний их сэтгэгч Нагаржунагийн төв үзлийн номлолд өгүүлэгдэх “буй үгүй”, “төрөх түрдэх”, “бодтой бодгүй” нь үнэхээр бус болох тухай өгүүлэх “Үндсэн билгийг шүлэглэсэн” хэмээх зохиол дахь:

Алимад өчүүхэн оюунтан
Бодисыг буй ба үгүй болгон үзэхүй
Тэрбээр чухал амирласан
Үзэгдэхүүн нирвааныг үл үзмүй [Монгол Данжуур, 105 дугаар боть.6а тал]

хэмээн төрөх, эвдрэх, бүтсэн, эс бүтсэнийг тус ангид авч үзэх биш, түүний шүтэн барилдлагын мөн чанараар ойлгохын тухайд өгүүлсэнтэй утга дүйж байна. Ингэснээр Ц.Бавуудоржийн энэ шүлэгт хэдийвээр ертөнцийн үйл тэнгэрийн эрхшээлээр болох авч, тэр эрхшээлт чанар миний цээжин дэх хувилгаан чанартай ижил юм, тэнгэрийн тэр хувилгаан чанар надад ч бас буй тул тэр эрхшээлт үйлийн мөн чанарын шалтгаан нь би өөрөө юм гэсэн уран сайхны давхар ахиулал гүн харагдаж байдаг. Зохиолч энэхүү санаагаа гүнзгийрүүлж өөр нэгэн шүлэгтээ:

Үүл боловч огторгуй тэнгэрт нислэгтэй ч
Түүн дотор салхины мэдэл буйд энэлэн дуулав би
Үйл боловч жаргаж гунихын аглагтай ч
Түүн дотор хурмастын эрх буйд гаслан дуулав би
                        “Эрхшээлт сарны аясаар” [Бавуудорж.2002.101] 
хэмээн үүл хэдийгээр огторгуй тэнгэрийн эрхшээлт боловч газрын салхины аясаар нүүн одох, жаргах зовох хэмээх нь үйлийн үрээр боловч түүн лугаа хурмастын эрх буйн тухай өгүүлэн дээрх бодтой бодгүй, шалтгааан үрийн, шүтэн барилдлагын санаагаа батжуулсан байна. Мөн түүний “Хүрэл чоно” шүлэг дэх

Хүрэл чоно улина
Хүннү чоно улина
Хөрст энэ орчлонд
ээр
Хөх тэнгэр улина
Хүрэл тэнгэр улина
Улина ...
Чоно улина
Хүрэл чоно”[Бавуудорж.2002.71] 

гэж өгүүлэн, мөн дээрхийн адил шалтгаан үйлийн барилдлагат хоёр тусагдахууныг нэгээс нөгөөд утга шилжүүлэн уран сайхны халил хийсэн нь цаанаа уншигчдад өвөрмөц сонин сэдлийг үлдээж байгаа ч байж болох юм. 
            Тэрээр өөрийгөө мөн тэнгэрийн харьяат гэж үзнэ. “Гэтлэхүйн цэнхэр хязгаар” шүлэгтээ энэ тухай
Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Эсгий үнэг намайг нулимстай дагадаг...
Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Амар амгалан намайг нулимстай дагадаг
Энэ цэнхэр дорноос цааш би явахгүй...
                        “Гэтлэхүйн цэнхэр хязгаар” [Бавуудорж.2006.57] 
хэмээн шүлэглэсэн нь бий. Бавуудорж бол амар амгалангийн их дууч. Тэр амар амгалангийн шалтгаан нь тэнгэр ажгуу. Бавуудорж бол дорныг магтан дуулагч. Дорныг цогцлоон босгогч нь тэнгэр ажгуу. Өөрийнхөө сэтгэл зүрхэнд буй болгосон, яруу найргаараа ямагт тунхаглан зарласан тэр оюун сэтгэлгээний үнэт зүйлсээ тэнгэрийн хязгааргүй аглаг чанараар хэмжиж ухаарна. Балчир багаас бидний оюун бодолд суусан нэгэн үнэн бол “эсгий үнэг”. Өөрийнхөө итгэл үнэмшилд “үнэн бол энэ” гэж мэдэрсэн хамгийн анхдагч тэр ойлголтыг яруу найрагч ухаарал танин мэдэхүйн дээд эрмэлзэл болсон яруу найргийн мөн чанарт уяж, түүнийгээ өөрийн итгэл үнэмшилийн дээд хязгаарт аваачиж оноосон нь энэ юм.
Мөн Ц.Бавуудоржийн “Гөлгөнд зориулсан шүлэг”  гэж яруу найрагчийн дотоод сэтгэлийн “би”-г нээх, эсвэл тухайн үзэгдэл юмсаар дамжуулан, өөрийн ертөнцийг үзэх үзэл хандлагаа чөлөөтэй илэрхийлэх уран сайхны арга болон хөгжиж ирсэн “үг” зохиолын өчил үг буюу монологийн хэлбэрээр бичсэн нэгэн сонин өгүүлэмжит зохиол байдаг юм. Уг шүлгэнд хүн гөлгөнд хандан:

            Ягааран мандаж байгаа энэ талын нарны наагуур
            Ялдамхан цагаан үүлс алгуурхан нүүж явна аа даа
            Энэ л бид хоёрын
Баяр юм шүү, гуниг юм шүү…
Өнөөдөр би хүн чи нохой хэдий ч
Ясыг минь нэг л газар шороон дээр тавих болно…
Сүнсийг минь нэг л тэнгэрийн шилтгээнд зэрэгцүүлэн залах болно…
                                                “Гөлгөнд зориулсан шүлэг” [Бавуудорж.2007.59-60]

гэж учирлан өгүүлдэг. Тэгвэл XIX зууны “үг” зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг бурхны шашны нэрт зүтгэлтэн хамба номун хан Агванлувсанхайдавын «Урт үст Цэрэнпэл хэмээгдэхийн тэмцлийн бичиг оршвой» хэмээх зохиолд номын ёсыг сахиж  бандидагийн[1] зэрэгт хүрсэн гэх боловч өчүүхэн олз ашиг, амин хувиа хичээхээс илүү зүйл үгүй, асрал нигүүслэл үгүй, үзэгдэх гадаад өнгөндөө хүний биеийг олсон боловч, нисваанисын гурван хор лугаа насад нөхцсөнөөрөө номын их бандидагийн хувьт биш, нохойн явдалт нэгэн болсон эзнийхээ гэм хорыг уудлан [Сүглэгмаа.2005.185], хүний хэлээр ярих төдийд биш бүр ертөнцийн мөн чанарыг нээн өгүүлж буй “архирч хуцаж шуугиан таригч муу  орос нохойн гөлөг бээр нэгэнтээ эзэндээ:

Нохой хүний хэлээр ярих гайхамшиг
Хүн нохойн явдлаар явах гутамшиг
                                                                        [Алтан хүрдэн.1992] 
хэмээн өгүүлж байдаг. Энэ хоёр зохиолд хоёуланд нь алив төрөлхитөн гэдэг дотор сэтгэлийн ялгалыг үзүүлж эс чадваас, гадаад үзэгдэх өнгөн төдийд хүн нохой аль нь ч, өвөр чанараар адил юм гэсэн нэгэн санааг хураан өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Гөлгөнд зориулсан шүлэг”-ийн гол сюжет бол  Агванхайдавын дээрх зохиолын уран санааны нэгэн мөчрийг дамжин бууж “Ягааран мандаж байгаа энэ талын нарны наагуур Ялдамхан цагаан үүлс алгуурхан нүүж”  байгааг чи бид хоёр хоёулаа л олж харна, хэдийгээр чи гөлөг би хүн боловч ясыг минь нэг л газар шороон дээр тавих учраас баярлах гуних минь ч адил юм шүү, бас хэдийгээр би хүн, чи гөлөг боловч “сүнсийг минь тэнгэрийн шилтгээнд зэрэгцүүлэн тавих” тул чи ч тэнгэрийн харьяат, би ч тэнгэрийн харьяат, иймээс чи бидний үзэгдэх бие нь өөр боловч үйлийн мөр нь адил юм гэсэн уран санааг гаргаж тавьсан өвөрмөц онцлог харагдаж байгаа юм. Агванхайдав орос нохойн гөлгөөр сахил санваартан эзнийг нь шүүмжлүүлж хэлсэн бол, Ц.Бавуудоржийн шүлгэнд хүн өөрөө гөлгөнд хандан чи бидэн нэг л газарт шингэж, нэг л тэнгэрийн эрхшээл дор оршдог гэж хэлж байгаа нь ертөнцийн мөн чанарын нэгэн утгыг хоёр талаас нь зүслэн харуулсан хэрэг.  Энэ бол Ц.Бавуудоржийн яруу найргийн уран сайхны сэтгэлгээний дүрийн, дүрслэлийн, өгүүлэмжийн буюу санааны уламжлалыг, эртний уран зохиолын сонгодог өв уламжлалын өргөн дэвсгэр дээр харж болохын нэгэн жишээ боловч мөнхүү “Сүнсийг минь нэг л тэнгэрийн шилтгээнд зэрэгцүүлэн залах”ын тухайт чи бидэн хүн байлаа ч гөлөг байлаа ч хувь тавилангийн дэнсэнд ижил юмаа гэсэн санааг давхар агуулж байгаагаараа онцлог юм.  
            Ер нь уламжлалт монгол яруу найргийн сэтгэлгээнд, ялангуяа уянгын яруу найрагт зохиолчийн хувь бодгалийн ертөнцийг үзэх үзэл, зан төрх, үзэл хандлага тод томруун тусгагдах нь түгээмэл боловч, монгол хүний тэнгэрийг шүтэх үзэл өөр өөрийн өвөрмөц онцлогоор илэрч байдаг. Бавуудоржийн яруу найраг дахь тэнгэрийн өгүүлэмжийн өөр нэгэн тал нь Тэнгэр бол түүний оюун санааны эрэлхийлэл, нууцат эрчимлэг чанар нь юм. 

Арван үеэрээ соёрхон бөхийж хүрээлсэн
Ай миний суу билиг энэ байна
Тэргэл нарны титмийг хазайлгаагүй юм
Тэнгэрийн хишгийг цалгиагаагүй юм
                                                             “Монголын их суу билиг” [Бавуудорж.2002.75]
Жаргаж явахад тэнгэр дуугүй л байлаа
Зүдэрч явахад тэнгэр дуугүй л байлаа
Зарлигыг нь сөрж явахад тэр дуугүй л байлаа
Замбуг өрөвдөж явахад тэр дуугүй л байлаа
Одогсдын шаргал жим дээр тэр огтхон ч дуугүй
Ирэгсдийн наргил зам дээр мөн огтхон ч дуугүй
Алтан бөлцөг үмхсэн мэт ээ
Алтан хулгана залгисан мэт ээ
Гэвч түүний инээх мэдрэгдэнэ
Гэнэхнээр эхэр татан мэгших нь мэдрэгдэнэ
Нүдээ анисхийгээд баясалгах нь мэдрэгдэнэ
Нөмөрч ирээд дотносох нь мэдрэгднэм зээ
                                                “Тэнгэр бид хоёр” [Бавуудорж.2006.107-108]
Тэнгэр дув дуугүй, жаргах зүдрэх, зарлигийг нь зөрчих, замбуг өрөвдөх, алинд нь ч “алтан бөлцөг үмхсэн мэт, алтан хулгана залгисан мэт” дуугүй. Гэхдээ түүний инээх нь, эхэр татан мэгших нь, бясалгах нь дотносох нь мэдрэгдэнэ гэж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл түүний оюун санааны нууцлаг тэр эрчим нь мэдрэгдэнэ гэж өгүүлсэн. Яруу найрагч өөрийн сэдэл, мэдрэмж ухаарлаар бүтээдэг хэдий ч түүнийг уншаад бидний авч байгаа тэр оюун санааны өгөгдөл нь мэдээж өөр өөр. Гэхдээ эдгээр мөрүүдийг уншсан хүн бүрийн сэтгэлд үлдэх нэг ийм айзам, оюун санааны эрчимлэг нууцат чанар нь ямагт сонирхол татна. Тэр нууцлаг чанар юунд оршино вэ? Өгүүлэх нь:

Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг

Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увьдаст хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг

Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий
                        “Очирваань уулын цагаан үүл” [Бавуудорж.2006.85-86]
Шалтгаан бүхний үр болсон тарнийн буудай соёолуулах шиг зохиолч ийнхүү өгүүлсэн нь бий. Мөн тэрээр “Очирваань” сюжет найраглалдаа “Нэгэн их тарнийн шившлэг энэхэн цаст цагаан уулнаас мөнхөд цацран үзэгддэг бөгөөд намиран буух бороо, будран сэвсийх цасны ширхэгүүдийн мөнгөхөн гэр Очирваанийн дүр очтон туяарна. Ямархан нэг хүрэл тарнийн гэгээ долгис долгис...” гэж өгүүлсэнийг ч анзааралгүй орхиж боломгүй. XIX зууны их соён гэгээрүүлэгч, говийн догшин ноён хутагтын “Гэвш Шаравт хэлсэн сургаал” хэмээх шүлэгт “ухаан билгээ нарны гэрэл мэт гийгүүлэн яв” гэж ойр шадар шавь нартаа дамжуулан өгүүлээд, оюун санааны хувьд “Огторгуй мэт зах, дундаж үгүй, нот төгс бай” хэмээн өгүүлсэн нь ерөөс дорно дахинд ухааны уужмыг огторгуйн цээлтэй адилтган үзэх тэр сэтгэлгээний уламжлалыг хадгалж ирсэн хэрэг юм. Эдүгээ бид “Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог” гэж өгүүлэх цогт Очирваанийн их шүлэгч Ц.Бавуудоржийн бурханлиг, дотогшоо алдарсан, орь хүслэн тээсэн, тарни шиг шившсэн, ус мөрөн шиг ухаарлын ундаргатай, уулс шиг алс хөхөмдөгийн шүлгүүдээс зөвхөн тэнгэрийн өгүүлэмжит цөөн жишээг харгуулан үзсэн минь энэ. Тэнгэрийн гүн нууцат увьдаслаг чанарыг ийнхүү шүтэн өгүүлэх нь, цаг мөнхийн Очирваань уулаар хөллөж, түүний оюун санааны эрчим болон буудаг байхыг ч үгүйсгэх аргагүй гэж мөхөс надад бодогдном. 
Утга зохиол судлаач доктор профессор Д.Галбаатар нэгэнтээ “Хүмүүс түүнийг “дорны” хэмээн тодорхойлох дуртай. Үнэндээ тийм эсэхийг, бас түүний шүлэг зохиолыг тийн лугаа ойлгон мэдэрдэг хүмүүс олон гэдэгт би нэг л итгэж чаддаггүй юм. Тиймэрхүү хэв маяг шүлэгт нь байдаг ч хэн хүн тийм амар хүлээн авна гэдэгт эргэлздэг юм” гэж өгүүлсэн. Би ч нэгэн адил ингэж бодно. Гэхдээ нэг л зүйл үнэнд илүү ойртож очино гэдэг би эргэлзэхгүй байна. Бавуудорж бол амар амгалангийн их дууч. Амар амгалангийн шалтгаан нь тэнгэр ажгуу. Бавуудорж бол дорныг магтан дуулагч. Дорныг цогцлоон босгогч нь тэнгэр ажгуу.


[1] сам. Pandita; ухааны таван оронд мэргэжсэн хїнд олгож байсан ном эрдмийн цол [ХЇТ.1997.32]

Sunday, February 2, 2014

“АЛГАН ДЭЭРХ НҮД БУЮУ ЗӨН БИЛГИЙН ЯРУУ НАЙРАГ” /2009/



ИСПАНИ ХЭЛНЭЭ ОРЧУУЛАГДСАН “АЛГАН ДЭЭРХ
НҮД” НОМЫН ӨМНӨТГӨЛ



    “Дорно зүгт өвс болно” яруу найргийн номыг монгол хэлнээс англи хэлнээ буулгасан Саймон Смитийн орчуулгаас түүвэрлэн  яруу найргийн ухаанаа сорьж ,сэтгэлийн цэнгэл эдлэн  испани  хэлнээ  хөрвүүлнэ гэдэг  ховорхон тохиох аз байлаа . Тийм ч учраас Монголын уран зохиолын ертөнцөд нэрээ гаргаж яваа “өвсний найрагчид”-ын нэг, яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн шүлэг найргаас орчуулахын цагт хүсэлдээ хөтлөгдөн санаа шулуудахаас өмнө хэсэг зуур эргэлзсэнээ нуух юун.
            Яруу үгсийн жинхэнэ орчуулагч хүн үзэг цаас нийлүүлэн бичихээс гадна зүрх сэтгэлээ өгч байж энэ ажлыг гүйцэлдүүлэх бөгөөд нэгэнт энэ үйлд өөрийгөө зориулсан бол нэгэнгүйгээр нь нөгөөг нь төсөөлөх аргагүй, зориг шулуудан барьж авах нь баяр баясал авчрах агаад үүнээс зугтах гарц үгүй буюу. Энэ ч учраас эхэн үедээ би өөрийгөө Монголын уран зохиолын шинэ үеийн чиг хандлагыг танилцуулах зохих бэлтгэлтэй хэмээн бодож төвдөхгүй байлаа. Яруу найрагч Бавуудоржтой 2008 оны 10 дугаар сарын 12-оос 16-нд Мексикийн Акапулько хотноо болсон Дэлхийн яруу найрагчдын XXVIII чуулга уулзалтын үеэр танилцсан билээ. Өчигдрийг өнөөдөртэй холбосон шинэ аяст яруу найргийн сэдэв нь өвөг дээдсээ дээдлэн, байгаль дэлхий, орчил мөчлөгт нь уусан нийлсэн, бурханы шашин, бөө мөргөлийн анимизмын өнгө аястай бодрол, гүн гүнзгий оюун санааны ундарга болохыг би өнгөцхөн мэдэж байлаа. Хэдий тийм ч шимтэн татагдах минь тээнэгэлзэн эргэлзэх бодлыг үлдэн хөөж энэ ажилд зүрхлэн шамдсан юм.
            Найрагчийн зөгнөл, мөрөөдлийн ертөнцөд өнгө төрх, дүр зураг уусан нийлж, эргэн тохиох авч давтагдаад байгаа мэт санагдах нь нэгээхэн бээр үгүй билээ. Өвс, сар хийгээд тэнгэр, үг цөөт аядуухан малч түмэн, нисэх увидаст хувилгаан, зөн билгээрээ хүнтэй харилцдаг амьтад, сюрреализмын гэрэлт хүрээнд орчих үгс, ид шидийн далдын увьдас нэвчсэн мөрүүд.
            Уншигч авхай та дараа дараагийн хуудсаас чин зоригт аяны минь үр дүнг тунгаана уу. Совин билигт гол усны хүчит урсгал судсаар нь гүйж буй уран үгийн дарханы зөн билгийн хараа, бодролыг нээн харуулахыг зорьсон гучин удаагийн оролдлого таны өмнө байна. Цөөн гэж чамлах аргагүй, бага тусмаа сэтгэл татам увьдастай үйлс байлаа.
            “Алган дээрх нүд” ном бол тал нутгийн мөн чанарын чинадад зорчих давтагдашгүй аялал бөгөөд та бүхэн таалан болгооно уу.

Ивонне Мартин АНУ  2009



Un ojo en la palma de mi mano:
la poesнa visionaria de Tsogdorjin Bavuudorj

            Conjugar reto con placer a la hora de verter al espaсol un texto poйtico (en este caso, una selecciуn de poemas del libro When humans become grass, previamente traducido del mongol al inglйs por Simon Wickham-Smith) me ha parecido siempre una proeza. Por ello, cuando su autor, Tsogdorjin Bavuudorj, uno de los mбs destacados цvs- nairagch (“poetas de la hierba”) en el бmbito literario de su Mongolia natal, me propuso meses atrбs esta tarea, confieso que hube de titubear unos instantes antes de rendirme a la tentaciуn de asumirla.
            Sucede que el verdadero traductor de bellas letras, el de alma y oficio, no concibe una cosa sin la otra: desafнo va apareado a deleite, y no hay escapatoria posible. En este caso,  no me consideraba suficientemente preparada para incursionar en la nueva tendencia de la literatura mongola. Habнa conocido brevemente a Bavuudorj en ocasiуn del XXVIII Congreso Mundial de Poetas, celebrado en Acapulco, Mйxico, del 12 al 16 de octubre de 2008. Tenнa una somera idea de los temas habituales en esta renovada poesнa que sirve de enlace entre el ayer y el hoy: respeto por los antepasados, una нntima identificaciуn con el mundo natural y sus ciclos, asн como una profunda espiritualidad matizada tanto por el budismo como por el animismo chamбnico prebudista. Sin embargo, pudo mбs la seducciуn que la incertidumbre. Me dispuse, pues, a correr el riesgo y aceptй la misiуn.
Allн, en el reino onнrico del poeta, se entremezclan imбgenes y colores recurrentes, mas no por ello repetitivos: asн nos habla una y otra vez de la hierba, de la luna y el cielo, de nуmadas silenciosos, de monjes que vuelan y de animales que se comunican de manera intuitiva con los humanos, con palabras rodeadas de un aura surrealista e impregnadas de un hбlito sutil de misticismo.
            En las prуximas pбginas podrб el lector juzgar los resultados de mi intrйpida aventura. Son solo treinta intentos de mostrar la visiуn mбgica de un artнfice de la poesнa que corre por sus venas con la fuerza de un rнo misterioso. No puedo quejarme: la experiencia ha sido, cuando menos, fascinante.
            Un ojo en la palma de mi mano es un viaje irrepetible a travйs del espнritu de la estepa. ЎQue lo disfrute!