Tuesday, March 6, 2012

Ц.БАВУУДОРЖИЙН ЯРУУ НАЙРАГ ДАХЬ МОНГОЛ АХУЙН ДҮРСЛЭЛ ХИЙГЭЭД ДОРНЫН ШИНЖ

П.Отгонбаяр  / залуу судлаач/

   Энэхүү өгүүллээрээ Ц.Бавуудоржийн яруу найргийн гол онцлог болох дорнын яруу найргийн эрт эдүгээгийн хэлбэр донжийг ихэд эрхэмлэн бичдэг монгол шүлгийнх нь онцлогийг тодруулахыг зорилоо.Түүний шүлэг бүтээлийг дорнын өнгө аяс, хэлбэр донжтой болгож байгаагийн нууц нь үгийн сонголтонд байх шиг санагддаг.Тэрээр сэрүүн дагшин уул, галб арваасан мод, наашлуур мод, бишгүүр өвс, нүцгэн өвс, ланз үүл, бад хээ, гүнгэрваа, хувилгаан ,дүвчин, эвэр хундага, хасбу тамга, дүнчүүр он, болор жүнз, ганлингийн эгшиг, бэхсийн урсгал, эгшиглэнт бэлхүүс, пийпаа, жимбүүр, гүмүда гэх мэт дорно дахины амьдрал ахуй ёс заншил ,сэтгэлгээтэй холбоотой, дорнын ном зохиолд түгээмэл тааралддаг үгсийг ашиглан бичдэг бөгөөд эдгээр үгс нь түүний шүлгийн зөөлөн эерүү, гэгээн гунигтай, яруу тансаг дорнолог болоход нөлөөлдөг мэт.Ц.Бавуудоржийн яруу найргийн үгийн санг авч үзвэл дийлэнх хувь нь хүнд эмзэг зөөлөн ,уяруун сэтгэгдэл төрүүлэхүйц эгшиглэнтэй үгсийг сонгосон нь ажиглагддаг.Нэн ялангуяа сар, үүл, үдэш, цэцэг, моддын дүрслэл элбэг байдаг нь дорно дахины яруу найргийн уламжлалт дүр дүрслэл арга барилаас суралцаж байсны гэрч гэж үзүүштэй.Тухайлбал молор саран, тэргэл саран, үнэгчлэн байгаа саран, нулимстай цагаан саран,  уйтай саран, шаргалхан саран, бөртэ саран, бүлээн саран, цэлмэгэр саран, идэрхэн саран, тангад саран гэх мэт дүрслэлүүд илэрдэг.

”Мөрний мандалд талимаарсан цэлмэгэр сарны аниргүйд
Мөнх хийгээд мөнх бусын мөнгөнхөн санчиг болном за
Бөртэ сарны явдал түмэн янзаар тайлагдахад
Бүсгүй биеийн гуниглан ямархан сарнаар цийлэлзэнэ вэ...”

“Цаст уулын цэцэг өдрийн дэн шиг гэрэлтээд
Цагаан тэргүүнд нь шаргал бүрий тоорогтоно
Сайхан монгол бүсгүйд эхийн жаргал эдлүүлсэн
Сарны тансаг шөнүүд цав цагаахан үзэгдэнэ...” гэхчлэн дорнын яруу найраг дахь сарны дүрслэлийг баяжуулж монгол ахуй, монгол сэтгэлгээтэй шүтэлцүүлжээ.Дээрх шүлэг нь нүүдэлчин ард түмний аж төрөх ёс, эрхэлж буй ажил хөдөлмөрийн өвөрмөц онцлогийг тусгаснаараа дорно дахины сарыг хүсэмжлэх сэтгэлгээтэй шүлгийн дүрслэлийг баяжуулсан байна.Мөн түүнчлэн
“Дөлж зөрсөн гоо охид дурлалдаа гэрэлтсэн шөнүүдийн
Дөлгөөн сарнаар цацарсан аригхан цас аа би
Сормуус тэмтрэх сарны гэрэлд цас будрах нь тогтуун
Сонордохуй улаахан навч ганцаар мөчиртөө сэрчигнэх нь уянгалаг ...” гэхчлэн шүлэглэсэн байдаг.Ц.Бавуудоржийн яруу найрагт “зохист аялгууны толь”-ийн адилтгал зүйрлэлийн жишээ тодорхой байрыг эзлэх бөгөөд Энэтхэг,Түвдийн гүн сэтгэлгээний уянгад эртнээс уламжлал болсон уран сайхны сэтгэх хэв маягийн нэг нийтлэг арга “гүтгэх “ чимгийн зарчим ажиглагдаж байна.Жишээ нь:

“Галбирыг минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
Бүлээн бороо дусална”,

“Нандин дурсамж хөглөсөн зүсрээ цагаан бороо
Нарийхан цэнхэр зөргөөр марал буга шиг л ирдэг сэн..”гэх мэт жишээг дурдаж болох юм.

”Бүрэнхийд гарыг минь энхрийлсэн удвал уруулын анир сонсодвой
Бүр эртийн марал саран дотор чихээ хөдөлгөнө ..”энд дурдагдаж байгаа удвал цэцэг шиг уруул нь зохист аялгууны онолоор “няцагч адилтгал” хэмээн тайлбарлагдана.

”Домгийн цэцэн марал ятгын галбиртай болоод
Дорнын тансаг цэцэгс хатан Хулангийн харцтай..” гэсэн мөрүүд ч бас үзэсгэлэнт адилтгалын жишээ бөгөөд энэ нь жавхлангаас бага юм үлэмж их жавхлантай юмтай адил болохыг өгүүлж сайшаах зүйлийнхээ эрхэмсгийг гаргах арга бөгөөд энэ шүлэгт марлыг ятгатай адилтгаад марал нь ятгын галбиртай болсон гэсэн нь марлын ихэмсэг жавхланг тодотгожээ.Найрагч тэрбээр

“Хөхөлбөр чулуун өвгөд хээрийн салхинд онгож
Хөдөөгийн бүлээн саран шарга адуу шиг ..." хэмээн сар бол адуу шиг хэмээн адилтгасан нь “адил тэгшийн адилтгал” бөгөөд  сар бол адуу гэсэн өгүүлбэрийн харьцаа болж хоёр зүйлийг адилтгажээ.Уг шүлэгт эртний хөшөө дурсгал дурдагдаж буй бөгөөд түүнд хандах найрагчийн нандин зөөлөн мэдрэмж харагдаж байна.

“Хойморь унасан саран дотор нүцгэн хөл гишгэх нь толь хагарахын адил..” гэх мэт адилтгалын жишээгээр ч баталж болно.

”Дорнын тал нутагт өвсөн жимбүүр солонгороод
Домгийн сайхан Шармаань үүрийн аньсгыг сөхнө
Тэр л зүгийн тэнгэрт алтан ланз үүл
Тэлмэн харцны шувуудтай хангайн зүг  нүүнэ...”гэсэн домгийн сэдэвт шүлэгтээ өвсний найгах, ганхах, халиурах, шуугих айзам хэмнэлийг  “жимбүүр” хөгжмийн эгшигтэй таацуулан өгүүлсэн бөгөөд тэнгэртээ хээ хуар үүсгэх шинжээр “ланз үүл” гэж үүлсийг дүрсэлсэн нь өвөрмөц содон болжээ.

“Гансанд алтан цох эргэх дорно нутагт
Гартаам найраг сийлсэн халх хөвүүн ямар бол
Ягаахан пансыг хадаг болтол
Ялдам сарны дор уярч суунам...” гэсэн бадагт гансанд улалзах цогийг “алтан цох” ,найргийг “гартаам” хэмээн ягаахан пансыг хадаг болтол ялгуун саран дор уярч суунам гэсэн нь яруу найрагчийн хөдөлмөр нарийн чимхлүүр хийгээд пансыг хадаг болтол буюу энгийн зүйлийг  уян зөөлөн болгож хүнд эмзэг уяруу мэдрэгдэхээр бичсэн нь мөнхүү найрагчийн мэдрэмжийн бараа царааг илтгэх мэт.Түүний яруу найрагт”Цагаан цагаан туулай огторгуйд гүйлдээд ...” гэх мэт дүрслэлүүд ононтаа таарах бөгөөд хуучны илт өгүүлэх ёсны уламжлалыг дуурайж  бус өөрийн үзэл танилтаар хийсэн шинэ ёгт нэршээлийг өргөн хэрэглэж байгаа нь хэлний уран дүрслэлийн үүрэг,үгийн сан,хэрэглээний хүрээг ихээхэн баяжуулж байна.Жишээ нь

“Усанд буусан дүүрэн цагаан саран дээр
Утгын хөх амуу тариалах гэж зүдэрсээр
Уяхан ижийнхээ үнэн хар гэзгэнд
Тэнгэрийн цас унагаж
Нэгэн цагийг орхив би...”  Утгын хөх амуу нь бичиг зохиол,яруу шүлэг гэсэн шинэ нэршээл болж байхад “тэнгэрийн цас” хэмээх нь буурал суух, өтлөхүйн ёгт илэрхийлэл болсон байна.

“Лаа гэрэлтэх нь гүмүда  дэлгэрэх шиг
Лаврин байдаг аа цаст ууланд ...” хэмээн зориудын дараалал хэрэглэж монгол шүлгийн дүрслэлийг  баяжуулж  дээдсийн суудлын “лаврин”хэмээх хүндэтгэлийн үгийг ашигласан нь шүлгийг  илүү эрхэмсэг болгож буйг харж болно.
Ийнхүү ”Баруун мөрөн дээр минь
Амар амгалангийн суу билэг
Зүүн мөрөн дээр минь
Ариун дурлалын буурал хөгжимч завилсан
Амирлангуйн нууцат дорно билээ би .. “ хэмээн эхэлдэг “Дорно”  шүлгээрээ ч дорно тэр дундаа монголын их амар амгалангийн төгс төгөлдөр зохицол хийгээд мөн чанарыг гайхалтай дүрслэн тодотгожээ.Ц.Бавуудорж шүлгээ хайрцаглаж, дөрөв, зургаан мөрөөр хос холбож адилтгал, зүйрлэл, уран давталтын аргыг өргөн хэрэглэж бичдэг онцлогтой яруу найрагч юм.Ингэхдээ толгой, сүүл, дунд холбоцыг  чадмаг тохируулж шүлгээ уран  яруу  болгож чаддаг ажээ.

“Догшин хутагт Равжаа нууцхан цэнгэлд халамцаж
Дорнын буурал говьдоо шүлэг шиг амьдарсан байх юм
Домогт Хэрлэнгийн хөвөөнд амрагийн саран мэлмэрч
Долоон бурхан од нулимстай инээсэн байх юм”   / Нууц амраг / хэмээн монгол яруу найрагчийн амьдарч байсан тэр цаг үеийг нэхэн дурсахдаа догшин хутагт, дорнын буурал говь, домогт Хэрлэн, долоон бурхан од гэсэн үгсийг сонгон ур утгыг нь жигдрүүлэн үзүүлэхдээ “до” гэсэн үеэр толгой холбосон нь шүлгийн санааг гаргахад чухал нөлөөтэй болжээ.Ийнхүү монгол шүлгийн толгой холбоц нь зөвхөн гадна өнгөн талын  хэлбэр төдий зүйл бус мөр бүрийн айзам хэмжээг тодорхойлох үүрэг бүхий өвөрмөц үзэгдэл болохыг анзаармаар...

“Нэгэн зандан биеийн хоёр яс ч салдаг
Нэгэн зарлигт төрийн хоёр багана нь ч ганхдаг
Нэгэн тоонот гэрийн хоёр амраг нь ч хагацдаг
Нэгэн толгой торгоны хоёр хээ нь ч холддог... гэсэн бадаг нь толгой холбоц, дунд холбоц, сүүл холбоцын гайхалтай жишээ бөгөөд “нэгэн” гэсэн бүхэл бүтэн үеэр толгой холбосон байна.Мөн дээрх бадагт “даг, дог” хэмээх өнгөрсөн цагийн нөхцлөөр сүүл холбосон нь уг шүлгийн айзам хэмнэлд чухал үүрэгтэй болжээ.

”Малгайг минь засдаг мутартай л хүн дээ би
Магнайдаа хүргэдэг судартай л хүн дээ би “/Ээжтэй орчлон/ хэмээн “би” хэмээх үгээр сүүл холбосон ба шадын төгсгөлийг холбож хэмжээ тэнцүүлэх мэтээр монгол шүлгийн уламжлалыг шүлэг бүтээлдээ өргөн ашигласан нь түгээмэл байна.Мөн

“Тангад цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
Тарни тарнийн чанадад сэтгэлийн зөрөг сүвлэнэм
Удган цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
Утга утгын чанадад сэтгэлийн зөрөг сүвлэнэм  “/Титэм аяз/ хэмээн утга уянгын дөрвөн мөртөө шүлгийн зэрэгцээ холбоцоор бичсэн  нь монгол яруу найрагт түгээмэл хэлбэрийг олсон ба энэ нь ижил авиа буюу үе,үгээр толгой холбох ёстой нэг утгатай юм.

“..Танхил гэгээн нялх Равжаа
Цасаар урласан зүүд байсан юм
Тал нутгийн залуу хөвгүүн
Цагаан чулуун сарнай байсан юм...

“Бударганат говийн хөлгөн сударч
Усанд туссан сар байсан юм
Буурал дорнын монгол хутагт
Улаан гэрэлт луу байсан юм... гэсэн  шүлгийн шад алгасуулан холбох холбоц буюу салаавчлах холбоцын жишээ бөгөөд “ТЦТЦ”,”БУБУ” гэсэн бүдүүвчээр харж болох юм.Өөрөөр хэлбэл найрагч маань нэгдүгээр шадыг гуравдугаартай, хоёрдугаар шадыг дөрөвдүгээртэй гэх мэт алгасуулан шилжүүлж холбосон байна.Ц.Бавуудоржийн шүлгийн чухал онцлогийн нэг бол уншихад уран яруу, айзам сонсголонтой байдагт оршдог бөгөөд энэ нь шүлгийн нугалбарыг  гайхамшигтай гаргадагт оршино.Бид дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлгийг унших дуртай байдаг. Жишээ нь

“Тэнхээт хүлгийн дөрөөг –эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины -шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг –дээрээ гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг-онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг-эзэгнэнхэн төрлөө би /Би хаана төрөө вэ/ хэмээн шад бүрийг хоёр нугалан айзам хэмнэлийг тохируулсан бол Ц.Бавуудорж

” ...Айраг дахин шуугидаг –цаст бумбын нутаг сан
Арвай зандан биендээ –бурхны санааг санана
Уураг дахин бүрэлддэг-цаст бумбын орон сон
Ургаа зандан биендээ-бурхны санааг санана ... /Цастын аяз/ хэмээн шадуудыг хоёр нугалан айзам хэмнэлийг тааруулж сонсоход хөгжимлөг, уншихад яруу хэмнэлтэй болгожээ.
"
.. Сэтэртэй хөх туулай-сарны өрхийг татаж
Сэм гүмхэн өдрүүдийн-мөнгөн санчгийг гэрэлтүүлнэ
Бусдын зүрхийг гийгүүлсэн –ганцхан агшнаа сүлэх
Буудайн чинээ гуниг-алган дээр минь бөмбөрнө ...” гэх мэт яруу сайхан хэмнэлтэй шүлгүүд түүний бүтээлд олонтаа таарна.Шүлгийн гол нэгж болох бадаг гэдэг үгийг монгол хэлний үг зүйг судалсан зарим эрдэмтэд самгард хэлний “падака” гэсэн үгнээс гаралтай гэж үзсэнийг энэ ялдамд санахад илүүдэхгүй.Ц.Бавуудоржийн шүлгийн бадаглалыг ажиглавал ихэвчлэн дөрөв,зургаан шадаар бадагласан байх бөгөөд дөрөвт,зургаат шүлгийн хэлбэрийг харж болох юм.Дөрвөн шадаас бүрдэж зэрэгцэх,жиших,салаавчлах холбоцын аль нэгээр холбож нэг цогц утга санаа илэрхийлсэн  дөрөвт шүлэг түүний яруу найрагт түгээмэл бий.Тухайлбал

“..Хүлэг морин хавартаа хуурдаж гүйдэг монголсон
Хөх ногооны униарт ээж минь хүлээдэг нутаг сан
Хар сүлдийг дүрэлзүүлсэн дээдсийн алтан уулссан
Хаан буурал түүхийн утаа зуусан баринтагсан ...”/Монголын их хувь тавилан/хэмээсэн нь бий.

“...Үзэсгэлэнт хурмастын эрхээр монгол бүсгүй намайг
Өндөр хөх тэнгэрт сүүгээр зурсан юмаа
Бадам цэцгийн цоморлиг дээр шинийн сар шиг завилуулж
Баранзад биеийг минь ургуулсан л хүн дээ...”/Ээждээ/хэмээн эх хүний үрээ хичнээн их хайрлан өсгөдөг тэр их ачлал элбэрлийг энэ бадагт тод шигтгэснийг ч анзаарах хэрэгтэй.Ер нь дөрөвт шүлэг нь монголын яруу найрагт эртний уламжлалтай бөгөөд орчин үеийн яруу найрагт ч хөгжсөөр байна.Үүний утга учир нь монголын ахуй амьдралтай нягт уялдаатай жилийн дөрвөн улирал, дөрвөн зүг,найман зовхис зэрэг ухагдахуунтай холбоотой ажээ.

“...Хаврын салхи шанхыг задгайлахад
Харзнаас дутуугүй сэтгэл цалгидаг даа
Хөхөлбөр орчлонгийн хэсэгхэн уулс дунд
Хөмсгөн дороо нулимстай зогсдог доо.. /Дөрвөн улирал/гэх мэтчилэн хавар, зун, намар, өвлийн өнгө аясыг тун ч эмзэг нарийн мэдэрсэн мэдрэмжээ ч дөрөв дөрвөөр бадагласан байна.

”..Жингийн цагаан шамрага холын ууланд шуугина
Жил сарын урсгал буурал долгис хаялна
Хөвөөнд нь бодлогоширч өссөн ертөнцийн бөөр шаргалтаад
Хүмүүний дурсгалт амьдрал аниргүй цагаан будантай
Намрын гэгээн сарнаар сэтгэлийн цулбуур алдуулан
Нарийн шаргал үүлсийн мөнгөлөг дэл хийснэ...”/Гэгээн сарны туульс/

“Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд цайрдаг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа....” /Хайрын романс/хэмээн хайр сэтгэлийн уянгыг бичихдээ ч санаагаа зургаан шаданд багтаан өвөрмөцөөр шүлэглэсэн нь нилээд онцлогтой юм.“Хайрын романс”,”Гэгээн сарны туульс” хэмээх энэ хоёр шүлгийн бадаглал төстэй бөгөөд шадын доторх үгийн тоо, өргөлт, шүлгийн нугалбар, яруу сонсголон, үг сонголт зэрэг нь найрсаж шүлгийг уянгалаг жинхэнэ  хайрын уянга болгож чадсанд нууц нь оршиж буй юм.Ц.Бавуудоржийн яруу найраг дахь дүрслэх ба яруу хэрэглүүрийн гайхамшигт жишээнүүдээс иш татан үзвэл түүний шүлэг бүтээлийн нэг онцлог тодрон гарах юм.Тэрээр яруу найргийн бүтээлдээ зүйрлэлийг өргөн хэрэглэсэн байх бөгөөд нэг шүлэг нь тэр аяараа зүйрлэлээр бүтсэн нь сонирхол татаж байна.

“...Хан хөх уул дэргэд юм шиг
Намуун суудаг
Хун шувуу алган дээр буух шиг
Дарс балгадаг
Сул мөөмөөр ижии даллах шиг
Сар байдаг
Хул гөрөөс гүйж явах шиг
Шүлэг бүтдэг
Шинэ сарны ариун цэцэг шиг
Бүсгүй ирдэг
Шөнө дүл хүүхэд уйлах шиг
Зүрх сэрдэг
Хус модод мананд гэрэлтэх шиг
Охидод дурладаг
Хаш чулуун дээр эрвээхэй дэвэх шиг 
Нүдэнд нь л болдог...хэмээн шүлгийнхээ шадуудыг өвөрмөц дүрслэлээр холбосныг бас ажиглаж болно.Энэ шүлгээс найрагчийн сэтгэлгээний өвөрмөц онцлог, амьдралд хандах хандлага магадгүй түүний дотоод ертөнц рүү нэвтрэх гүүр тавигдах мэт болдог.Яруу найрагч Ц.Бавуудоржийн уран туурвилын тухайд өөрийн хэрээр ажигласнаа тэмдэглэхэд ийм байна.




Saturday, March 12, 2011

НЭГЭН НАЙРАГЧИЙН ДОТООД УРЛАХУЙН ЧИНАД...

Г.Рэнчинбумба /Залуу судлаач/

   Хvн бvхэн бие даасан ертөнц. Тэр тусмаа уран бvтээлч хvн чухамхvv өөрийн гэсэн бие даасан ертөнц байдаг. Зохиол бvтээл нь давтагдашгvй , бусдаас ялгарах онцлог, ур чадвартай байж, чанарын хэмжvvрт тэнцсэн бvхэн нь хvмүvний хvртээл болж vнэ цэнэтэй бvтээлд тооцогддог. Дорнын их яруу найрагчийн мэндэлсэн цаст Очирваанийн нутгаас шинэ найрагч төрсөн нь Цогдоржийн Бавуудорж юм. Их уулс, их гол мөрөд vе vеийн уран авьяастныг төрvvлдэг нь орчлонгийн жам, байгалийн хууль бололтой. 

"Ц.Бавуудорж бvтээлээс бvтээлд, тvvврээс тvvвэрт ур ухаан нарийсан гvнзгийрч Монголын уран зохиолын шинэхэн vеийн маргашгvй нэгэн төлөөлөгч болон төлөвшжээ. Тvvний утга уянгыг хvлээн авахад билгийн мэлмий, сэтгэлийн мэдрэмж, оюуны хvч хэрэгтэйг уншигч та мартахгvйг хичээх бизээ. Шvлэг хөг аялгуунд амилдаг нь vнэн утга санаа хийгээд хэлбэрийн зохист харьцаа, уран сайхны нээлт, тансаг сайхан дvрслэлийн vvрэг бас л хэрэгтэйг найрагч анхаарах хэрэгтэй" хэмээн Д.Галбаатар багш өгvvлжээ.

Ер нь тvvний бvтээлийг агуулга, бичлэгийн хэв маягыг 3-н бvлэг болгож vзвэл болмоор байна. Vvнд:
1.Зөн билгийн аргаар нэвтэрч ухаарах дорнын гvн ухаан, дотоод бясалгал, бурхан шашины нөлөөлөлтэй шvлгvvд
2.Сэтгэлийн дотоод мэдрэмжээр таньж сэрэх , гоо сайханлаг шvлгvvд
3.Оюуны дээд хийсвэрлэлээр тайлж ухаарах сэтгэлгээний шvлгvvд болно.

Уран зохиол бол хvн өөрийгөө танин мэдэхvйн дээд хэлбэр билээ. Иймээс ч өөрийгөө шинжилдэг, өөрийгөө мэдэрдэг хvн уран зохиолтой илvv гvн холбогддог. Шvvмжлэгч С.Энхбаяр: "Яруу найргаар дамжуулан философидох нь тухайн хувь хvний зөвхөн өөрийнх нь цорын ганц сэтгэл зvрх оюун сэтгэхvйн бvтээл болж байдгаараа шалгардаг шинжлэх ухаанаас ялгаатай бас нандин vнэ цэнэтэй билээ.Учир нь ухамсар оюун санаа, сэтгэл зvрх хэмээх тэнгэрлэг өгөгдөхvvнтэй хvн гэгч амьтан цорын ганц давтагдашгvй хувь ертөнц юм” хэмээн тун оновчтой хэлсэн нь бий.

1.Зөн билгийн аргаар нэвтэрч ухаарах дорнын гvн ухаан, дотоод бясалгал, бурхан шашины нөлөөлөлтэй шvлгvvд


ТУНГАЛГИЙН ТУХАЙ ШҮЛЭГ

Vхэл ирэхэд би тув тунгалаг болно
Vлдэж энэ орчлон манан дундаа умбана
Vр минь хvv минь харин тод тунгалаг төрнө
Vйлийн эрхээр тэр минь хатан болроо алдана
Хоёр тунгалгийн хоорондохыг хорвоо гэдэг юм
Хоёр тунгалгаас бусдад нь
Хонгор минь битгий итгээрэй... /2.193/

ГОЛ МӨРӨН СОЛОНГОРОН


Гол мөрөн солонгорон жараахай сvлжилдэх vес
Гоо бvсгvйн өмнө бөхийгч миний бие тунгалаг аа
Дээрээс бөхийсөн улиасыг дээвэр юм шиг санасан
Уймраа намрын борооноор
Дэн дун дурлалын охин тэнгэр дэргэд байсан гэх юм чи
Цаст уулын зvг олон олон шувуу ирсээр байтал
Цамцан дээр чинь эрвээхэй зvvрмэглэх
Шөнийн цэцэрлэгт зvvдээ л vзэж дээ
Дорнын бөртэ саран тэнгэртээ ягуухан хөөрөхийг нэг ажаарай
Долгио татсан сэтгэлийн чин торгон хаалга дээр
Нэгэн гунигт шувуу жиргэнэ дээ
Нисэж ирсэн тэр шувуу vvрээ биш өндгөө санаад л буцна шvv
Нэлмэгэр хөх vvлэн чигт тvvний хойноос битгий удаан ширтээрэй
Навч хvн хоёрын гуниг ижилхэн гэж санадаг Бавуу чинь
Наранжаргал гэдэг бvсгvйг чинь хаварт биш намарт дурсаж байя
Бийрийн чинь vзvvр шингэрвэл хаа газраас дуулгана гэж итгэдэг ээ
Билиг бодож тэр цагт мөнгөн санчигнаасаа хаврын шувуугаар өгvvлнэ зэ... /1.63,64/

Эдгээр дvрслэг хэсгvvдэд ертөнцийн хувирал, хvмvний аж төрөхvй, оршихуй жам ёсны тухай өгvvлжээ. Vхэл ирэхэд би тув тунгалаг болно хэмээх энэ санаа бол хvн насан эцэслэсний дараа төрлөө олох сvнсийг уран сайхны арга сэтгэлгээгээр оргvй, орон биегvй, vгvй болох мөнх бусын санааг илvv хурц, давтаагvй дvрслэгдэхvvнээр мэдэрч урласан нь давтагдашгvй болжээ.

ДӨРВӨН УЛИРХАЛ

Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ
Хөхөлбөр орчлонгийн уулсын дунд
Хөмсгөн дороо нулимстай зогсдог оо

Өвлийн цас заамаар урсахад
Өвснөөс өөрцгvй тансагаа мэдэрдэг дээ
Өлмий мялаасан аригхан энэ өнгийг
Өндгөөрөө тэмтэрч нэгийг бодохсон доо

Хаврын салхи шанхыг задгайлахад
Харзнаас дутуугvй сэтгэл цалгидаг аа
Хөдөөгийн улбар сарны гэгээнд
Хөлөрсөн алгаараа цэцэг аргадахсан даа

Зуны vдэш шувуудын жиргээнд дунд
Зулзаган зандан шиг сэтгэл найгадаг даа
Ганцхан учралт энэ л насаараа
Нvцгэн хөлөөр шvvдэр адислахсан даа /1.69,70/

шvлэг нь хvн байгалийн зохист харьцаа, амь шvтэлцээ тэдгээрийн гадаад, дотоод уусалт хөдөлгөөн, мэдрэхvйг нарийн гаргаж өгсөн нь мөн шинэ дvрслэл болно. Навчсаас дутуугvй гуниг тээдэг ээ, Өвснөөс өөрцгvй тансагаа мэдэрдэг дээ, Харзнаас дутуугvй сэтгэл цалгидаг аа, Зулзаган зандан шиг сэтгэл найгадаг аа гэх дvрслэлvvд нь 2,3 дугаар мөрvvдтэй уусан хvн хийгээд байгалийн зохицолдоог уран дvрслэл дотоод бясалгал мэдрэхvйгээр илэрхийлсэн нь шvлгийг яруу сонсголонтой болгожээ.

НАМРЫН ЦАГААН САРНЫ ДОР


Таныг санаж зvvдэлсэн намрын сэрvvн шөнө
Тарнийн цагаан цэцэг хоймрыг минь бvрхэж хонох юм
Арвайн чинээ бурхад тооноор шvхэрлэн бууцгааж
Ангир уургийн тухай шаргалхан vлгэр хэлж өгөх юм

Над дээр бөгтөрч нумласан сvvн солонго ижий минь
Намаржаа бууц нь хонгортсон дорно зvгийн солонго юм шvv
Дэлхийн уулсын альханд ч цагаан зандан сэтгэлийнх нь
Дээлийн чинээ навчийг нөмөрч унтдаг vр нь шvv би

Vзэсгэлэнт хурмастын эрхээр монгол бvсгvй намайг
Өндөр хөх тэнгэрт сvvгээр зурсан юмаа
Бадам цэцгийн цоморлиг дээр шинийн сар шиг завилуулж
Баранзад биеийг минь ургуулсан л хvн дээ /1.155,156/

Энэ бичвэр нь өмнө онцолсон бэлгэдэл зvйг иргэншvvлэн ашигласан ур дvйн туршилтын жишээ. Хэл яруу тунгалаг чихнээ сонсголонт нийцтэй дорнын гvн ухааны аяс бvхий шvлэг гэж болно.
"Бадам цэцгийн цоморлиг дээр шинийн сар шиг завилуулж
Баранзад биеийг минь ургуулсан л хvн дээ" хэмээх энэ хоёр шаданд хvн бий болох явцыг гоо сайхан, уран тансаг, гvн сэтгэж бичсэн нь монгол найрагчийн ур ухааныг харуулж байна.

2.Сэтгэлийн дотоод мэдрэмжээр таньж сэрэх гоо сайханлаг шvлгvvд


СОРМУУС ТЭМТРЭХ САРНЫ ГЭРЭЛД


Сормуус тэмтрэх сарны гэрэлд цас будрах нь тогтуун
Сонордохуй улаахан навч ганцаар мөчиртөө сэрчигнэх нь уянгалаг
Сод авиа гаргаж өлмий дор цас нурах нь битvvлэг
Солгой аяз гишгэсэн мөрнөөс хуйлран босох нь жирийн бус /1.17/

СЭТГЭЛИЙН АЯЗ


Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндvvр зvрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн дор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хvрэлцэх орон зайд оршигч бvхэн
Надаас элч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шvvдэр сvvдэхvй
Салхины мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрvvдийн намираа бороон дунд
Эрэвгэр сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчигны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дvрээ тодруулан нэг vзмээр байна
Хэн ч бvтээхгvй ариун гуниг орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө vлдээнэ ээ би /1.11,12/



ГУНИГИЙН АЯС 

Гуниг сэдэрч сарны гэгээнд зvрхээ анирдахуй
Гунхаж одсон бvсгvй чиний сvvлчийн vг цуурайлнам
Онож учирсан алтан хором давтагдахгvйн учир
Орчлонд ганцхан эгэл дvрээрээ чи надад vзэсгэлэн
Хvсээд олдоогvй хувь дутсан тавилангаа юугаар ч солихгvй
Хөх өвсний шvvдэр сэлбэтлээ чамайг санагалзъя
Цэнхэр борооны ганц нэгхэн дусал уруул шvргэхэд
Цээжинд сэвэлзсэн бvлээхэн уянга нvдэнд цийлэлзэнэ. /1.74/

Яруу найргийн нэгэн vнэт чанар бол сэтгэл, сэрэл мэдрэмж гоо сайхан байдаг. Ц.Бавуудорж яруу найрагчийн хувьд жинхэнэ сэрэл мэдрэмжээр буусан дорнын өнгө аястай тансаг хэл найруулгаар бичдэг нь онцлог бөгөөд сайхныг улам сайханлиг болгож байна.

"Сормуус тэмтрэх сарны гэрэлд цас будрах нь тогтуун
Сонордохуй улаахан навч ганцаар мөчиртөө сэрчигнэх нь уянгалаг"


Энэ хоёр мөрний "сарны гэрэлд сормуус тэмтрэх..." гэдэг нь хамгийн эмзэг бөгөөд ёстой л торгон мэдрэмж, торгон агшин юм.Энэ агшинд цас будрах бол жинхэнэ байгалийн жавхлан эндээс цаашлаад "Сонордохуй улаахан навч ганцаар мөчиртөө сэрчигнэх нь уянгалаг" гэж vнэхээр мэдрэмжтэй уран сайхан дvрсэлсэн нь сонирхолтой болсон байна.Энэ мэтчилэнгийн дvр дvрслэл бvхий мөр бадгууд түүний бүтээлд олон.

"Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндvvр зvрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн дор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана"


***


"Сарны хөлд шаргал өвсний шvvдэр сvvдэхvй
Салхины мэдрэмж алганы хээнд сарнина"

***


"Мөнгөн сортой санчигны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дvрээ тодруулан нэг vзмээр байна"


***


"Ертөнцийн тунгалаг охид энгийн сайхан санагдаад
Ерийн амьдарч явахад өдөр бvхэн цэнхэр байна"


***


"Гунхаж одсон бvсгvй чиний сvvлчийн vг цуурайлнам"


***


"Хөх өвсний шvvдэр сэлбэтлээ чамайг санагалзъя"


***


"Цээжинд сэрвэлзсэн бvлээхэн уянга нvдэнд цийлэлзэнэ"

гэх зэргээр хорвоо ертөнц хийгээд хvмvний амьдралын сонин содон сайхан бvхнийг сэрэл мэдрэмж гоо сайхнаар бичиж өөрийн болоод ард тvмнийхээ сэтгэл оюуныг цэнгvvлж байна.Ц.Бавуудоржийн яруу найрагт байгалийн дvрслэл тэр дундаа сар, өвсний тухай сэдэв ихээр гарч буй нь дорно дахин хийгээд монгол сэтгэлгээний онцлог юм.Далд сэрэхvй, сэтгэлгээний алслал дахь утгыг шvтсэн сэтгэхvйн, бясалгалын найраг бvтээдгээрээ дорно дахины яруу найраг өвөрмөц сэтгэмжлэлийн онцлогтой гэж болно.

3.Оюуны дээд хийсвэрлэлээр тайлж ухаарах сэтгэлгээний шvлгvvд.

"Богд шиг миний залбирсан
Наран саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бvvвэй аялуулж
Эцгээр минь vнэг эсгvvлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо тvшvvлэх
Миний хаан vр
Монголын их амар амгалан" /1.133-135/

ДОРНО ЗҮГТ ӨВС БОЛНО


Дорно зvгт өвс болно
Долгилон шаргалтсаар л байна
Өнө удтал ургана
Өндөр дорно
Өвдгөөрөө сөхрөн бөхийх хvртэл ургана
Халиун өвөр дээрээ
Энэлгэнт тэргvvнийг нь тавина
Халиун шаргал хуруугаараа
Эрдэнийн санчигийг нь илбэнэ /2.3,4/


***

Мөнх бус гэгч хvмvний уянга юм
Мөнгөн чавхдасыг нь тонхийн дуугаргагч хөгжимч юм
Энэ гэрэлт агшинд хvрэх гэж
Хурдан хурдан алхдагаа
Энхрийхэн энэ ягаан зам дээр очих гэж
Бvдрэн бvдрэн зvтгэдэгээ
Анзаардаггvй хvмvvн бид
Мөнх бусын уянгыг олж сонсох тэр л агшинд
Мөөмнөөс гарсан хvvхэд шиг том болцгоодог оо, аяа /2.25/

***


Алган дээрх нvдийг оллоо
Аяа би одоо
Тэнгэрийг хардаг боллоо
Аньсган дундах нарыг оллоо
Аяа би одоо
Өөрийгөө хардаг боллоо /2.43/


***

Нэг их том цагаан заан
Дэлхий дээгvvр яваад өнгөрлөө
Хvчирхэг тэнгис далайн
Дөлгөөн чанарыг дагуулаад явчихлаа
Хөрс дайдын
Дөлгөөн байдлыг суйлаад явчихлаа
Навчин дээрээс шvvдрийг нь
Сэгсрээд явчихлаа

Нарны бурхадыг үймүүлээд буцчихлаа /2.129/

Эдгээр шvлгvvдэд монгол хvн л мэдэрч ухаарах vндэсний хэв шинж сэтгэлгээ, монгол хvндлэл, бичиг зохиолын тансаг дээд ая дан, хөг эгшиглэн, ахуйн өвөрмөц натура тод цогцложээ. Дорнын маяг, монгол ёс заншил, өнөөгийн монголын яруу найрагт, соёл сэтгэлгээнд бараг алга болчихож. Vvнийг тогтоон тодотгоход Ц.Бавуудоржийн яруу найраг нөлөөлж чадна. Монгол газар монгол эхийн алтан хэвлийгээс мэндлэх vрсийн дотоод ертөнц, билиг ухаан, зөн совинг сэргээх, хадгалахад тус болно.

Yvнд л тvvний яруу найргийн ач холбогдол оршино. "З.Фрейдийн сэтгэл задлагийн vvднээс vзвэл удам дамжин хадгалагдаж ирсэн ухамсаргvй хувь бодьгалийн vvтгэл гэдэг хvн төрөлхтөнийг энэхvv зөн билиг, уламжлалаа мөнхөд хадгалах бололцоо олгож байдаг. Монголчууд иррационал зөн билиг хvчин зvйл сэтгэлгээг илvv их vнэлж шvтдэг vндэстэн гэж хэлж болно. Энэ vvднээс ухааран бодвол монгол сэтгэлгээ хэзээ ч алга болохгvй бизээ" гэсэн Билэгсайхан багшийн vг vнэний vндэстэй юм. Өнөөгийн энэ хямралт цагт монголоороо vлдэх язгуур нэг арга бол монгол шvлэг зохиолоо сонсож, монгол шvлгээ бичиж уламжлал шинэчлэл хоёрыг арга, билгийн ёсонд нийцvvлэн эрэлхийлэх нь зөв гэж vзэж байна.

"Агай", "Дадишуари", "Уянга гоо", "Хvннv Яньжи", "Аминаа", "Мөнгөлөн" гэх мэт найраглалууд нь дорно дахины яруу найргийн онол сургаалын дагуу монгол шvлэг, дvр сэтгэлгээгээр монгол бvсгvйчvvд, уран vгийн увидаст нууцын гоо сайхныг, сэтгэлгээний дээд тvвшинд бvтээсэн. Эдгээр найраглалууд тvvхийн тодорхой цаг vеийг уран сайхны аргаар нээн харуулахдаа бvсгvй хvний дvрийг төв, эх болгон аж төрөхvй, ертөнцийг vзэх өвөрмөц сэтгэлгээ, эмэгтэй хvний дотоод ертөнц, гоо сайхан тvvхийн хэрэг явдлын нууцыг монгол хэлний баялгийг ашиглан мэдрэмжээр нээсэн нь монгол найраглалын ур зvй, уран чадвар хэлбэрт хийсэн шинэчлэл гэж болно.

Дvгнэлт
 
1.Эх хэлний яруу найруулгыг дvрслэгдэхvvнийхээ гоо сайхныг олж нээх өвөрмөц мэдрэмжтэй яруу найрагч

2.Сэтгэлгээний галбир ур хийц нь дорнолог монгол сэтгэлгээтэй символист/бэлгэдэл-хийсвэр санаа, ойлголт зэргийг бодит байдлын ямар нэг тогтсон уламжлалт тодорхой юмс vзэгдэл эсвэл соёлын уламжлалын эсрэг зориуд бий болгосон өөр юмс vзэгдэл, ойлголтод дvрслэгдэхvvнээ шилжvvлэн илэрхийлэхийг бэлгэдэл гэнэ.4/ төдийгvй сюрреалист /хэтэрхий реализм-энэ сэтгэлгээний мөн чанар нь хvний оюун ухааны хяналт, ухамсраас ангид оршин, хvний vйл ажиллагаа сэтгэл оюуныг залж байдаг далд ухамсрын хvчинд тулгуурлан бvтээн туурвих явдал юм.5/ Яруу найрагч жишээ нь "Хvрэл чоно", "Нэг их том цагаан заан", "Дорно зvгт өвс болно", "Алган дээрх нvд", "Монголын их амар амгалан" гэх мэт олон шvлэг нь нотолно.

3.Өвс, Сарны яруу найрагч өөрөө ч ямар нэгэн далдын хvч, зөн совингийн нөлөөнд итгэдэг.

4.Жинхэнэ яруу найрагч хэл, найруулга, ур зvйн эрэл хийхдээ уламжлал шинэчлэл, сэрэл мэдрэмж, сэтгэлгээ, гоо сайхан, хөг аялгууны vvргийг зохистой хослуулж чаддагийг илэрхийлсэн.

Monday, February 14, 2011

ЯРУУ НАЙРГИЙН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ 2010,02,14



Д.НЯМДОРЖ   / МУИС/

Монголын орчин үеийн яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн мөртэй хуруу дарам хүний нэг нь Ц.Бавуудорж. Түүний шүлгийг хүмүүс тэр болгон ойлгодоггүй ч байж болох юм. Угаас жинхэнэ яруу найргийн мөн чанар тийм л байдаг. Яруу найраг гэлтгүй уран зохиолд үндэстний сэтгэлгээ хийгээд хувь уран бүтээлчийн ертөнцийг үзэх үзэл, өөрийн гэсэн бичлэгийн арга, найруулга чухал бололтой. Энд бид хувь уран бүтээлч, яруу найрагчийн тухай ярилцаж байгаа учраас араншинг нь мартаж болохгүй. Алдарт яруу найрагчдын шүлгийг уншиж суухад араншин нь илүү мэдрэгдээд байдаг шүү дээ. Үүний нэгэн адил Ц.Бавуудоржийн шүлгүүдээс түүний нэг их амгалан тайван “бодь” араншин нэвт үнэртээд байдаг юм. Түүндээ таарч зохицсон гэдэг нь жигтэйхэн,
“...Хорвоо яавал чиг яаг
     Хонин арцан дундаа холбироод өгөх минь
     Хөхрөгч яавал чиг яаг
     Хөх арцан дундаа хөлбөрөөд өгөх минь” ийм нэг омголон, бас
амгалан хоёрыг хослуулдаг гэж байгаа. Дээр нь мэдээж Будда. Юу гэхээр анх Монгол оронд дэлгэрсэн цагаасаа эхлэн нүүдэлчдийн ахуй амьдрал, урлаг соёл гээд аль л уусч шингэж болох бүхий л зүйлд нөлөөлөн хувьсгаж улмаар он цагийн уртад уламжлалт шашин, уугуул сэтгэлгээ болтлоо гүн гүнзгий суурьшсан Буддын гүн ухаан, эш үзэл түүний амар амгаланг эрэлхийлэх сэтгэлийн эрэлд дагуулжээ. Түүгээр ч зогсохгүй,
                        “...Амирлан бясалгалаа, өмнө минь
                             Нэг их өндөр Будда
                             Алтан босгыг нь зориглон алхлаа
                             Харин тэнд би өөрөө” хэмээн тэр Буддагаар дамжуулан “өөрөө
өөрийгөө нээж” байна. Энэ бол уран бүтээлчийн их ухаарал, сэтгэлгээний  дэвшил юм. Түүнээс гадна Ц.Бавуудоржийн яруу найргийн нэг онцлог бол дорнын хэв намба, өнгө аяс бүхий дотоод зохирол, уянгалаг эгшиглэнт хэл найруулга. Ийм ч учраас түүний шүлгүүд дорхноо дуу болон түгдэг биз ээ. Мөн түүний шүлгүүдэд хачин жигтэй зүйлс ч их бий. Ер нь яруу найргийг яруу найраг, урлагийг урлаг болгож байдаг нэг зүйл бол энэ хачин жигтэй зүйлс бололтой юм. Хамгийн наад зах нь л,
                           “Сарны туулайн хүйтэн чихнээс
                             Санаандгүй би атгаж үзсэн юм...” гэж байгаа юм. Үүнийгюу
гэж ойлгох вэ? Тийм гээд яг таг хэлчихэд хэцүү, тэгсэн хэрнээ нэг “юм” хэлээд байгаа биз. Энэ мэт мөрүүдийг түүний шүлгүүдээс зөндөө олж болно. Бас нэг хэлэхгүй өнгөрч боломгүй зүйл бол түүний шүлгүүд дэх далд бэлгэдэл. Энэ тухайд С.Дулам, Д.Галбаатар, Ч.Билигсайхан гээд номын багш нар маань хангалттай ярьсан тул зөвхөн нэг л зүйлийг сануулах гэсэн юм. Найрагчийн “Дорно зүгт өвс болно” номын болоод сүүлийн үеийнх нь шүлгүүд  англи, испани гээд олон хэл дээр хөрвүүлэгдэж байх шиг байна. Энэ ч зүй ёсны хэрэг. Цаашид улам олон хэл дээр хэвлэгдэх биз ээ. Гэхдээ Монгол ахуй ертөнцийг нэвтэрхий мэдэх хүмүүст л бүрэн ойлгогдох “Монголын их амар амгалан”, “Монголын их суу билиг” гэх мэт үндэсний өвөрмөц сэтгэлгээг илэрхийлсэн гайхалтай шүлгүүд нь орчуулагдах болов уу. Болдогсон бол С.Дулам багшийн “Монгол бэлгэдэл зүй”-н хэдэн ботийг тэдэнд эхэлж уншуулчихаад Ц.Бавуудоржийн “Монголын...” гэх шүлгүүдийг нь хүргэвэл арай л өөрөөр сэрж сэнхэрнэ дээ. Гадна гэлтгүй дотроо бид энэ их соёл, амар амгалан, намуун уянгаа бүрэн ойлгож мэдрэхээ огоорчихоод байна шүү дээ. Ёстой л эл найрагчийн,
    “Хотын дунд
     Халиун буга сүүтэн сүүтэн алхана.
     Холын цаст уулаа тэнгэртэй нь
     Жаазанд буулгуулаад авч яваа би
     Хоолойд нулимс торж
     Хойноос нь удтал дагавай”хэмээх “Хавар” шүлгийн мөрүүд шиг
болчихоод байна. Ирж буй цагийн өнгө юм биз дээ. Гэхдээ эх орноо амар амгалангийн сүүлчийн “хаан ширээ” гэдгийг ухаарч таньсан яруу найрагч, түүний эл ухаарлын дуун болох амар амгалангийн яруу найргийг ойлгодог өргөн олон уншигч байхад Монголын заяа газардахгүй бизээ. Эл олон уншигчийнх нь нэгэн болох миний бие,
  “Тал нутгийн дээгүүр ариг ялдам цас
    Танил нэгний чандар мэт аяар нэг бударсаар байна...” гэх түүний
нэгэн шүлгийн мөрүүдийг анх олж уншчихаад “Жинхэнэ яруу найрагч юм даа” гэж дотроо уулга алдан баярлаж байсан цагаас хойш даруй хориод он улирчээ. Тэр үед Ц.Бавуудорж Монголын яруу найргийн ертөнцөд дөнгөж хөл тавьж байсан бол өнөөдөр энэ ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болж байр сууриа баттай эзэлжээ. Ингээд түүний шүлгүүдээс хамгийн сүүлд уншсан нэгэн гэрэлт мөрөөр энэхүү өчүүхэн лээ өндөрлөе дөө.
                        “Галбирыг минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
    Бүлээн бороо дусална...”