Friday, November 1, 2013

ДОРНО ЗҮГТ ӨВС БОЛОХУЙ…/"Өдрийн сонин" 2006/



Доктор А.МӨНХ-ОРГИЛ 


Өнөө цагт шүлэг яруу найргийн нэр хүнд нэлээд унах янзтай. Гэхдээ өмнө нь тийм өндөр байсан уу гэвэл хоёр талтай л зүйл. Нэг талаас ерээд оноос өмнө зохиолч яруу найрагчид чамгүй нэр хүндтэй, тэдний бүтээлийн үнэлэмж ч боломжийн нийгмийн нэлээд идэвхтэй хэсэгт хамрагдаж байсан нөгөө талаас тухайн үеийн тогтолцоо систем нь өөрийн суртал нэвтрүүлэгч, номлогч, тархаагчаа бүх талаар дэмжиж “харж хандаж” байх онцгой үүрэгтэй нь уялдаж байсныг 1920-иод оноос эхэлсэн утга зохиолын субьектив орчин буюу зохиолч яруу найрагчдын бүтээлийг нь хэвлэж, хүнийг нь “анхааралдаа” авч, нэгтгэн зохион байгуулж ирсэн түүх хэлээд өгнө.
Ерөөсөө урлаг утга зохиолыг өөрөөр тайлбарлан ойлгож, гүн ухааных нь үндсийг мэдээж нэг өнцгөөс диалектик материализмын үүднээс хандаж байсан учир өөр аргагүй ч байсан гэлтэй. Өөрөөр хэлбэл урлаг уран сайхны сэтгэлгээ, урлагийн мөн чанар ямар нэг байдлаар орхигдож хоёр гуравдугаар зэргийн асуудал болж байсан гэсэн үг. Энэ ч яахав түүх түүхээрээ л үлддэг байж гэтэл 1990 оноос хойш субьектив орчин өөрчлөгдөж “түүхэн боломж” гарсан боловч зарчмын хувьд байдал огт өөрчлөгдсөнгүйгээр барахгүй бүр дордох ч янзтай.
Шүлэг зохиол нь арилжаа, нэр хүндийн хэрэгсэлтэй хутгалдаж нийгмийн сэтгэлзүйд иймэрхүү хандлага ажиглагдах болсныг л түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөнтэй холбон ярьж байгаа хэрэг. Үүний нэгэн илрэл болж Х.Эрдэмбилэг гэгчийн “Яруу найргийн элемэнтүүд” гэсэн нэгэн нийтлэл гарч байсныг санаж байна. Тэнд өгүүлэхдээ “залуу гэсэн тодотголыг хуссан цагт чи өөрийгөө яруу найрагч гэж үзэж болно. Хэзээ энэ тодотголоосоо салах нь тухайн хүний нас, шүлгийн чанараас бараг шалтгаалахгүй. Харин хэр зэрэг танилтай, олон хүнд архи авч өгснөөс хамаарна… өнгөрсөн алтан үеийг дурсан олон сэдэвгүй, хэвшсэн сэтгэлгээгээрээ үг эвлүүлэн хөндий шүлэг бичин үхэж чадахгүй байгаа нөхөд. Согтохоороо мангасын үед бичсэн ганц хоёр нийтэд тархсан гайгүй бүтээлээ дурсан өөрийгөө магтан би, би хэмээн дөвчигнөгчид… Жинхэнэ хөдөөнийхөн бол нутагтаа том яруу найрагчид хотод ирээд зурагтаар гарчихдаг, томчуудтай нийлж хааяа савчихдаг, номынхоо өмнөх үгийг медальтай яруу найрагчаар бичүүлчихдэг сэргэлэн гарууд… шүүгчид гэдэг архи нэхсэн цол гуншинтай хашир бурхинууд бий. Жинхэнэ хор найруулагчид” гэх мэтээр бичсэнийг бүрэн дүүрэн хүлээж авах боломжгүй ч ямар ч байсан нийгмийн сэтгэлзүйн хандлагыг зохих хэмжээнд илтгэж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Нөгөө талаас энд зөвхөн зохиол бүтээлийн далд дотоодод нэвтрэхээсээ илүүтэй наад талын субьектив үйл ажиллагаа, зохиогчийн ухамсарт “лаборатори” талаас нь илүүтэй авч үзсэнийг ч хэлэх хэрэгтэй. Хамгийн товчхондоо зохиолыг ярих, зохиолчийг ярих хоёр нэг талаар өөр юм л даа.
Ухаандаа Ц.Бавуудоржийг аваад үзье. Монголын яруу найрагт Цогдоржийн Бавуудорж гэдэг нэр сонсогдоод даруй хориор тоологдох намартайгаа золгож байна. Манай урлаг утга зохиолын хүрээгээр тогтохгүй бүгд л түүнийг мэднэ танина гэх болжээ. Тэд ихэвчлэн хэвлүүлсэн бүтээл, зурагт сонингоос харсан, авсан шагнал амжилтаар нь л баримжаалан “мэдэж” байгаа гэдэгт бараг итгэлтэй байна.
Харин түүний шүлгийг барьж, уншиж, ухаарч, мэдэрч, нээж, баясаж, гуньсан нь хэд л бол. Цаашилбал шүлэг зохиолоос нь түүний дотоод ертөнцөд нэвтэрч юунд зовж, юунд баярлаж, хэдийд хэрхэн сэтгэл төвдөхийг нь анзаарч “мэдсэн нь“ бүр ч хэд бол доо. Гагцхүү иймийн тул зохиолчийг гаднаас нь “мэдэх” нэг хэрэг, зохиол бүтээлийг нь үзэж, хүлээж авч, сэрж, ухаарч, догдолж, тунгааж, эргэцүүлж өөртөө толгой дохин “мэдэх” бас нэг хэрэг юмсанж.
           
            Сарны туулайн хүйтэн чихнээс
            Санаандгүй би атгаж үзсэн юм
            Яруу найраг түүнд хүргэж өгснөөс хойш
            Ялдам гэдэг үгийг олон хэрэглэхээ больсон юм

Сүүлд бичсэн нэгэн шүлэгтээ ингэж өгүүлжээ тэрээр. Эдгээр мөрөөс нэлээд олон зүйлийг харж болохоор байна. Уянгын баатраас амьдралыг, ертөнцийг таньсан эгээрлийг харж болно. Үүнийгээ саран дээрх туулайгаар дүрсэлсэн нь сэтгэлгээний хэв, гоо сайхны ухамсрын үүднээс дорно дахины ертөнцийн тухайт үзлийг илтгэж харин тэр нь хүйтэн чихтэй байгаа нь зохиолчийн зөвхөн зохиолчийн бодгалийн дотоод сэтгэлгээний танилт, өвөрмөц баяжуулалт, уран сайхны нээлттэй холбогдох ертөнцийн сэрэл бүхий уран сэтгэмж мөн.
Сарны туулайн чихнээс атгах гэдэг үгэнд уламжлалт сэтгэлгээг хөгжүүлэхдээ төлөөлөл ёгтлол үүсгэсэн нь дорнын уран сайхны сэтгэлгээнд ч, өрнийн урлагийн түүхэнд ч тохиолдож, яригдаж, маргаан мэтгэлцээн, онол бодролыг хандуулж байсан дүрслэл түүний цаадах сэтгэлгээний гүн аяс, ухамсарт амьдралын танин мэдэхүй нь ухамсаргүй бодомжид шингэн илэрч байгаа нь энэ юм.
Гэхдээ уянгын баатрын хувьд түүнд хүрэх арга зам нь өөр юу ч биш яруу найраг байжээ. Яруу найраг уянгын баатарт саран дээр туулай байдаг, тэр нь хүйтэн чихтэй, бүр түүнийг нь атгахад тусалж байгаа нь бусад хүмүүсийн хэлдэгчлэн амьдрал, ертөнц байгаа нь өөр хаана ч хэзээ ч давтагдахааргүй яруу найргийн сэтгэлгээ, яруу найрагчийн мэдрэмж гэлтэй.
Харин үүний үр дүнд ялдам гэдэг үгийг олон хэрэглэхээ больсон гэдэг нь ертөнцийг өөртөө ухаарсан ухаарлын баталгаа болон сонсогдож байна. Энэ үгийг хэрэглэхээ болих нь түүний цаана хадгалагдах утга агуулга бүхэнд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх, хуурамч хоосон нь их байдаг талаар хүүрнэж буй хэрэг. Санаандгүй ч гэмээр байдлаар үүнтэй холбогдуулан хэлэхэд энэхүү сүүлд гарч байгаа ном болох “Дорно зүгт өвс болно” ном бүхэлдээ их богино, элдэв чамирхалгүй, энгийн шүлгүүдээс бүтсэнийг анзаарахгүй байхын аргагүй.
Түүний өмнөх шүлгүүдэд юмыг буй байгаагаас нь хахь ондоогоор төсөөлөх, ёгтлон гүжирдэх, огт байж боломгүй зүйлсийг бий болгох этгээд сонин дүрслэл, сэтгэлгээ бага биш ажиглагддаг байсан. Энэ бол түүний уран бүтээлийн, шүлэг найргийн нэгэн өнгө донж, хэв намба, анхнаасаа л тогтсон мэдрэмж мөн бөгөөд энэ шинжээрээ цаг үедээ ялгарч, өөрийгөө байгааг илэрхийлж чадсаныг хүлээн зөвшөөрөхөөс эрхгүй.  
Дашрамд дурдахад сүүлийн үеийн залуу шүлэг сонирхогчид өнгөц хээнцэрлэж, гоё үг хөөцөлдөж байгаа туйлшралын нэгэн гол “буруутныг” Бавуудоржтой ямар нэг хэмжээгээр холбоотой гэж боддогоо нуух юун. Түүний энэхүү “Сарны шүлгүүд” номоос илт ажиглагдах болсон хэмжээний богиносолт, үгийн энгийншил, бидэнд бас л олон зүйлийг хэлэх нь шиг байна. Зарим биш ихэнх зохиол бичигчээс салах нэг л дургуй байдаг үг үсгийн төдий мадаг, илэрхий логик зөрчил, утгын авцалдаагүй байдал, наад захын мунгинал төдийлөн анзаарагдаад байхааргүйгээр яруу найрагчийн хувьд өсч томорсныг хэлэхээс өөр арга алга.
Энэ бол хэн хүний санаагаар болдог ч эд биш мань хүн ч өөрөө тодорхой хугацаа зарцуулсан гэж хэлэхэд болох юм. Түүний “Сарны шүлгүүд” номд “Харсаар байтал” хэмээх нэг шүлэг бий. Тэнд

            Харсаар байтал чиний дэргэдээс
            Хачин тунгалаг хүн
            Босоод явчихлаа
            Хаа хүрэхийг нь би мэдэхгүй ч
            Харин хэзээ ч эргэж ирэхгүйг нь
            Халуун зөнгөөрөө мэдэрч байна

гэж эхэлдэг бөгөөд үүнийг номын өмнөтгөл үгэнд “хүний амь-сүнс, цог хийморийн үнэтэй бүхэн үгүй болсноор бие нь үлдэх агшинг хүртэл өгүүлсэн нь найрагчийн үхлийн мөн чанарыг мэдрэх хийсвэр талын илэрхийлэл” хэмээн агуулгын талаас нь тайлбарласан байдаг. Үүнийг арай өөрөөр авч үзэж болох мэт санагдаж байна. Жишээлэхэд
           
            Танилхан чамайг минь гэрэлтэй болгодог
Тарни нь тэр байсныг
Сая л цочин анзаарлаа

            гэсэн мөрүүдээс ерөөс хүний сэтгэлийн мөн чанар, буртаггүй гэгээн чанарыг юу эвддэг тухай өгүүлснийг харж болно. Тэрхүү ариун сэвгүй чанарыг хажууд нь тунгалаг хүн байдаг, биед нь гэрлэн бурхан оршдог, нүдэнд нь болор загас байдаг, алганд нь алтлаг хээ байдаг зэргээр төлөөлөн дүрслээд харин үүнийг хорвоогийн салхи арчдагаар бичсэн нь хорвоо ертөнц, амьдрал гэгч хүнийг тэр алтлаг, гэрлэн, тунгалаг, болор чанараас нь өөрийн эрхгүй салган оддог тухай гашуун үнэнийг харуулсан байна. Яг энэ санаа
           
                        Үхэл ирэхэд би тув тунгалаг болно
                        Үлдэж энэ орчлон манан дундаа умбана
                        Үр минь, хүү минь харин тод тунгалаг төрнө
                        Үйлийн эрхээр тэр минь хатан болроо алдана
                        Хоёр тунгалагийн хоорондохыг хорвоо гэдэг юм даа
                        Хоёр тунгалагаас бусдад нь
                        Хонгор минь битгий итгээрэй

            гэсэн өөр нэгэн шүлэгт гүнзгийрэн төгөлдөржсөнийг бас харж болно. Уянгын баатар өөрөө мананд умбасан орчлонг орхиж үхэхэд л тунгалаг болно, харин түүнтэй зөрж төрөх хүү тод тунгалаг төрж байна. Үйлийн эрхээр буюу орчлонгийн жамаар хүү нь амьдралд, цаг хугацааны хуулинд захирагдах нь түүнийг хатан болроо алдахад хүргэж байна. Энэ бол хүүгээс үл хамаарах ер хэнээс ч үл хамаарах хорвоогийн жам зарлиг юм. 
Энэхүү энгийн үнэнийг цааш гүнзгийрүүлэн ерөөс үхэх төрөхийн хоорондохыг хорвоо гэдэг мөн ертөнцийн үнэн гэвэл үхэх төрөх л юм гэсэн дотоод сэтгэлийн их ухаарал, амьдралын мөн чанарыг таньсан гэгээрлийг олж үзэж болно. Энэ хорвоогийн хуулинд ер юм бүхэн үнэнч ариун хайр хүртэл сөхөрч байгааг ч өгүүлжээ.

                        Энэ ертөнцийн өнгө зүүдний дарангуйлал
                        Ихэмсэглэл, хүйтрэл дундуур шурган мөлхөж
                        Чамд очоод
                        Гагцхүү хүнд л байж болох
                        Тийм нандин эрхэмсэг хайраар
                         Чамайг хайрламаар байна

Энд уянгын баатар амьдралын нэгэн утга учир болсон тэр их гэгээн ариун, магадгүй тунгалаг хайрыг амтлах хүслэнгээ илэрхийлжээ. Ингэж тэмүүлж байгаагийнхаа шалтгааныг дотоод сэтгэлийн мөн чанартайгаа холбохдоо

Хэн нэгийг хайрлаж амжилгүй бүтээд гэмтчихвий гэж
Хэнхдэгэн цаана байгаа нэгэн зүйлийг өрөвднөм
Хэн нэгэнд нисч хүрэлгүй хальчихвий гэж
Хээр талын алтан хараацай шиг нэгэн жигүүртнийг
Халагланам

гэж хайр сэтгэл гэдэг хүмүүн болж төрсний нэгэн утга учир, түүнийг амсаж эдэлж сэтгэлээрээ мэдрэх нь гагцхүү хүнд байх эрхэм нандин зүйл гэдгийг тунхагласан байна. Харамсалтай нь

                        Энэхэн цагийн будант инээмсэглэл
                        Чамд ойртуулсангүй
                        Энэ хүйтэн гилбэлгээнт ихэмсэглэл
                        Чамд ойртуулсангүй
                        Чамайг би хайрламаар  л байлаа

нөгөө манан будант хорвоо, тунгалаг биш ертөнц, энэ цагийн хүйтэн амьдрал ийм сэтгэлийн зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Тиймээс уянгын баатар гөлгөнд хүртэл хандаж энэ цагийн, энэ амьдралын тухай бодлоо хуваалцсан байх юм.

                        Ягааран мандаж байгаа энэ талын нарны наагуур
                        Ялдамхаан цагаан үүлс алгуурхан нүүж явна аа даа
                        Энэ л бид хоёрын
                        Баяр юм шүү, гуниг юм шүү…
                        Сүнсийг минь нэг л тэнгэрийн шилтгээнд
                        Зэрэгцүүлэн залах болно
                        Бидэн хоёр ижилхэн
                        Хадан гэр минь адилхан шүү

Нэг талаар тунгалаг биш энэ амьдралын бүхий л зүйл буй байгаагаараа сайхан бас муухай өөрөөр хэлбэл энд хүн болж төрсөн нь өөрөө хэдийгээр манантай ч бас сайхан юм байнаа гэсэн санааг илтгэж харин зөвхөн гөлөг төдийгүй ер хэн ч байлаа гэсэн эцсийн эцэст  адилхан л мөнх бусыг үзүүлнэ тиймээс энэ цагт гөлөг ч бай эцсийн очих цэг бүгд ижил юм шүү гэсэн гүн ухааны гаргалгааг хийж байна.
            Үүнийг лав буддын гүн ухаанд хоосон чанарын үзлээр тайлбарладгийг санаж байна. Буддын гүн ухаан гэснээс түүний “Сарны шүлгүүд” төдийгүй ерөөс нийт уран бүтээлд нь дорныг эрхэмлэсэн, дорныг магтсан, дорныг биширсэн, дорныг гүн хүндэтгэсэн аяс ил далд түгээмэл ажиглагддаг. Гэхдээ зарим нэгний ярьдагчлан түүнийг шууд л дорнын хэмээн мэдэмхийрэн цоллодгоос арай өөр жишээлэхэд “Хүмүүс түүнийг дорнын хэмээн тодорхойлох дуртай. Үнэндээ тийм эсэхийг, бас түүний шүлэг зохиолыг тийн лугаа ойлгон мэдэрдэг хүмүүс олон гэдэгт би нэг л итгэж чаддаггүй юм. Тиймэрхүү хэв маяг шүлэгт нь байдаг ч хэн хүн тийм ч амар хүлээн авна гэдэгт эргэлздэг юм.” хэмээн судлаач Д.Галбаатарын бичсэнтэй санал нэг байна.
            Харин түүний шүлэгт илрэх дүрслэлийн өвөрмөц сэтгэлгээний уламжлалыг харж, хорвоогийн мөн чанарыг тунгаан эргэцүүлсэн арга билгийн зөөлөн аясыг ойшоож, ахуй, уламжлал, сэтгэлгээ хэв заншил, гэгээрэл харилцан сүлжилдсэн байгааг анзаарах нэг хэрэг юм.

                        Хүнээс хүн зугтан гарч
                        Шүхрэн гэрэл бөхөх болгонд
                        Алтан заадас бүхнээрээ шархиран өвддөг би
                        Дорнын насыг харин өмгөөлж архирсан
                        Арслан хөх тэнгэр юм би
                        Ам дөрвөлжнийг энгэрээсээ тасдан байж
                        Аяа хүн сүрэг чиний
                        Алтан хүйг чинь би боож авсан
                        Алтан савыг чинь ч бас сүүлчийн удаа нээчихээд
                        Асгартал уйлж суухын гашуун зарлигтай би

Мөнөөхөн тунгалаг биш манан будант хорвоогийн мөн чанарыг өгүүлэхдээ тэрхүү манан будан хаанаас гарч буйн учрыг нэхэн шалгааж энэ нь юунд ч биш хүнд өөрт нь л байгааг өгүүлж, дотоод сэтгэл зүрхээрээ хүмүүний мөн чанарыг ухаарсан ухаарал нь асгартал уйлж суугаа уянгын баатар буюу дорнын хүн болж байна. Яг шууд хэлээгүй ч дорно бүхэлдээ тунгалаг биш юм аа гэхэд манан будан багатай өөрөөр хэлбэл төрөлх гэгээн чанарын хэлтэрхий оршин байгаа юм шүү гэсэн санаа нуугдан байгааг харж болно. Энэ санаа “Дорно” шүлэгт нэлээд тодорхой гардаг л даа.

                        Дэлт хүлгийн толгой овоон дээр цайрахад уйлдаг
                        Дэлхийн санчиганд цагаан сор унахад уйлдаг

гэх мэтээр дорныг тунхаглахын зэрэгцээ

                        Өрнө миний түгшүүр
                        Өрхний завсрын шаргал гэгээ
                        Уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасалсан юм…
                        Мөнх бусын салхин
                        Миний айдас бус
Мөнхүүөрнөөс үлээх хүйтэн амьсгал
Миний агуу айдас

зэргээр дорныг яагаад шүтэх болсон, дорныг яагаад эрхэмлэх болсон, дорныг яагаад ийнхүү бичиглэх болсон шалтгаанаа гаргажээ. Түүнийг ингэж халаглах, цаг заваа алдахад хүргэсэн зүйл бол өрнөөс үлээх хүйтэн амьсгал хэмээн уянгын баатар хэлж байна. Гэхдээ түүнийг харааж зүхсэндээ, үзэн ядсандаа бус дорнын сонгодог соёл, түүхэн бахархал, нүүдэлчний ахуй, дотоод ертөнцийг нь бүрдүүлэгч тэрхүү нандин эрхэмсэг зүйлээ алдахыг үл хүссэн магадгүй түүнээ илэрхийлсэн их сэтгэл мөн юм.
            Энэ бүхэн нэгэн цагт Д.Урианхайн бичиж байсныг эрхгүй санагдуулж байна. “Барууны уран зохиол нь бүхэлдээ хүнээс хүнийшсэн, нийгэм дэх нийтийн буюу олонхийн амьдралаас “харьссан” ганцаардал, гутрал, үзэн ядалт, амиа хорлолт, анархи эрх чөлөө давамгайлсан, техникийн соёл иргэншлээс төрж буй үр хөврөл болохоор тэнд уран бүтээл өөр философитой, зорилго чиглэлтэй, өөр ахуй нөхцөлийн бүтээгдэхүүн байхаас аргагүй. Харин хүмүүс хүн чанараа алдаж чухамдаа мөнгөөвөртөлсөн “адгуусад” болж хувирах үйл явцын шуурганд туугдаж буй монголын нийгмийн ахуйд, алив уран бүтээлийн иргэнлэг чанар нийгмийн “түүхэн захиалга” болон товойсоор буй нь нүдэнд ил харагдана.”
            Үүнийг янз бүрээр хүлээж авч болох ч гол санаа нь хүний мөн чанар гэгч нийгмийн давалгаанд өөрчлөгдөж, мөн чанарын хувьд өөрөөр тайлбарлагдах болж байна гэсэн тэнхлэгтэй Бавуудоржийн дорно аяс үндсэндээ давхцаж байгаад л оршино. Энэ бол нийгмийн хийрхэл, муйхар үндэсэрхэг үзэл, бусдыг дорд үзэх хэнээрхэл биш юм шүү. Энэ бол ертөнц, хүмүүний мөн чанарыг тунгаасан эргэцүүлэл, гүн бясалгал, бодомж сэтгэлгээ, гүн ухааны дүрслэл юм. Үүнийг дээрх шүлэгт байх

                        Өрнө миний эрхэм нөхөр
                        Үргэлж намайг сэрэмжит сэцэн болгосон юм
                        Өрнө миний эрхэм анд
                        Өвст тал цаст уулсаа харамлахад сургасан юм намайг

гэсэн мөрүүдээс тодорхой анзаарч болно. Тухайлахад тэрхүүөрнө гэгч байгаа нь дорныг илүү утга учиртай амьд болгож, өрнө байгаа нь дорныг ойлгож хайрлахад сургаж, өрнө байгаа нь өөрөө дорно байх шалтгаан үр юм гэсэн ертөнцийн тогтолцооны арга билгийн мөн чанар, хос ёсны зарчмыг эгэл амьдралаас, хайр сэтгэлээс, гөлөгнөөс ер юм бүгдээс ухаарсан их ухаарал, гэгээрэл харагдаж байгаа нь Бавуудоржийг Бавуудорж болгож байгаа юм байна гэсэн бодолд өөрийн эрхгүй хүргэж байна. ”Дорно зүгт өвс болно” номонд энэ санаа харагдах хэдий ч зөвхөн дорно биш ерөөс хүмүүний мөн чанарыг эрсэн, хайсан, нэхсэн, шалгаасан, гүн ухааны хариулт нь дотроо байх асуулт олныг харж болно.

                        Хүмүүний тааллаас зугатнам
                        Хүмүүний таалалд нийцсэнээс
                        Хөх өвс болсон минь дээр…

Хүн гэгч ямар нэгэн зүйлд захирагдах биш зөвхөн өөрийнхөөрөө байж чадвал тэр амьдрал мөн болох тухай энэ сургаал

                        Тодорхой бус одод
                        Гуравдахь мэлмийг минь сэрээж…
                        Тодорхой бус орчлонд
                        Тов тодорхой амьдарнам

гэсэн өөр хуудсандах мөрүүдээр баталгаажих жишээтэй. Хэт их ухаарал, хэтийдсэн гэгээрэл хүнийг юуг ч сэтгэхэд хүргэдэг гэсэн гаргалгаа

                        Тэнгэрийн орноод хөхрөн алсрах
                        Тэр зам дээр гараа өргөнөм
                        Мөнх бусад догдлон зогсоход минь
                        Мөнгөн сар араас татнам

гэсэн мөрүүдээр илэрснийг хараад тэгтлээ зогтуссангүй. Учир нь өөр нэгэн хуудаснаас
           
                        Хонгортон сэрчигнэх навчис дээр
                        Шүлэглэл үлдээн буцахаар зэхнэм
                        Даажинт замбуг мөнхөд орхих минь гээд өндийтөл
                        Дахиад чи заавал хүн болж төрнө дөө гэх
Далдын нэгэн дуун
Тархин дундуур ороолгов шүү…

гэсэн мөрүүдийг олж хараад уянгын баатрын ухаарал хэрхэн хөдөлгөөнтэй өрнөж байгааг мэдэж болох юм. Ийнхүү ухааран бясалгах орон зай, цаг хугацаагаа “Өдрийн тэмдэглэл” шүлэгт энгийнээр зураглаж, өдөөгдөх тэрхүү шалтгааныг “Намар” шүлэгт

                        Өвсний үзүүрт
                        Өндөр огторгуй байгаа нь мэдрэгдэнэ
                        Өндөр огторгуйн бясалгалд
                        Гуниг байвал болох нь тэр…

хэмээн дорнын нүүдэлч сэтгэлгээний намрын улирлын нэгэн төлөөлөл болсон хөнгөн уйтгарыг өвөрмөцөөр далд дүрслэл үүсгэн илэрхийлсэн нь зохиомжийн өвөрмөц шийдэл болжээ.
            “Дорно зүгт өвс болно” номын “Гэрэлт цох”, “Аяа…”, “Алган дээрх нүдийг оллоо”, “Хүмүүний явдал” зэрэг шүлэг нийт номын утгыг хураангуйлан төлөөлснөөрөө ч уран сайхны боловсруулалтаараа ч илүүтэй анхаарал татсаныг хэлэх нь зүй.

                        Манант намрын
Хөх салхинаас өөр цувгүй
Машид дэнслэнгүй
Хүмүүний гэмээс өөр багшгүй…
Өдөр өдрийн
Шар нарнаас өөр бурхангүй
Өвөр дээрх
Шүлгийн дэвтрээс өөр бясалгалгүй…

Жишээлбэл энд уянгын баатар өөрийн амьдралыг бүхэлд нь дүрслэхдээ байгалийг манант намрын хөх салхиар гаргаж, нийгмийн орчин харилцааг машид дэлгэрэнгүй хүмүүний гэмээр төлөөлүүлж, өөрийн дотоод сэтгэлийн хувьд байгалийг нүүдэлч ахуйг шүтэх мөн чанараа илэрхийлж, улмаар бясалгах, ухаарах таних, гэгээрэх арга зам нь яруу найраг болохыг хэлсэн мэт. Эндээс чамин тансаг хэллэг барагтайд олж харахгүй бөгөөд харин уянгын баатрын сэтгэлийн өчилийг хөдөлгөөн дунд нь, харилцан хамаарал дунд нь, цаг хугацааны эрэмбэ дунд нь, орон зайн алслалт дунд нь агуулгын гүнзгийрлээр гаргасныг бүхэл шүлгийнх нь хувьд хэлж болно.
            Нэг талаас ганц энэ ч биш дээрх шүлэг бүтээлүүд зарим нэгэнд хэт энгийн хэн ч биччихмээр санагдаж ч болох. Урлагийн мөн чанарыг хэт хөнгөн хялбараар сэтгэдэг нэгэнд тэгж санагдахад гайхах зүйл угаасаа биш юм.
            Ерээд оны босгон дээр гарч ирсэн залуус нэг талаас азтай, нөгөө талаас адармаатай үед уран зохиолтой холбогдож үзэг цаас нийлсэн хүмүүс. Азтай гэдгийг энэ цаг үе өөрөө монголын уран сайхны сэтгэлгээний түүхэнд яалт ч үгүй нэгэн шинэ үеийн үүдийг нээсэн, түүхэн тохиолдлынхоо хувьд онцгой боломж гэсэн утгаар хэлж болно. Адармаатай гэдгийг утга зохиолын мөн чанарыг авч үзэх баримжаа нэлээд хөдөлгөөнд орж, аливаа цаг үеийн өөрчлөлтийг даган гарч ирдэг зайлшгүй эерэг сөрөг хандлага ажиглагдаж, хар таамгаар зохиол бичин, зарим нэгнийг учраа олохоо болин будилахад хүргэсэнтэй холбогдуулан хэлж болно.
Гэхдээ л энэ үед хэсэг залуус гарч ирэн утга зохиолын нэгэн үеийг төлөөлж, уран сайхны сонирхолтой төвөгтэй асуудлыг араасаа дагуулан, онож алдсан алин боловч өвөрмөц туршилт оролдлогыг өрнүүлэн, түүхийн нэгэн хуудсыг бичилцэж байгаа нь маргаангүй үнэн юм.
Чухам л энд онцгойрон ялгарч, өөрийн гэсэн яруу найргийн өнгө төрхийг нэгэнтээ бий болгож чадсан, яруу найргийг дотоод сэтгэлээ илэрхийлэх, ертөнц юмсыг сэрэн таних хэрэгслээ болгож чадсан нэгэн хүн бол яригдан бүхүй Цогдоржийн Бавуудорж мөн юм гэдгийг одоо бүр ч итгэлтэй хэлэх байна. Гэхдээ энэ зам тодорхой төлөвшлийн түүхийг агуулсан, тодорхой орон цагийн хөгжлийн үр дүн гэдэг нь төсөөлөгдөж буй биз.
Өөрөөр хэлбэл их биш ч бага биш хугацааны туршид бичсэн шүлэг зохиолуудын энгийн жижиг дүрслэлээс эхлээд хөндсөн агуулгынх нь хувьд буюу бүхэл тогтолцоо системээр нь харьцуулан үзэхэд иймэрхүү дүр зураг тодрох учиртай.
Үүнээс улбаалан хэлэхэд түүний зохиолыг өмнөх шүлэгтэй нь бүх л бүтцээр нь харьцуулан үзэх, дорнын нүүдэлч сэтгэлгээ буддын гүн ухаантай холбон тайлбарлах, хүний сэтгэлийн зөрчил амьдралын хуулийн тухай гэгээрэл бясалгалыг нь уран сайхны сэтгэлгээний түүхийн үргэлжлэл дунд нь харах зэрэгт тухай бүр сонирхолтой байна гэдгийг лавтайяа хэлж чадах хийгээд энд зөвхөн зах зухаас нь хөндөхийг оролдсон хэрэг.
“Сарны шүлгүүд” номоос илүүтэй эрчимжиж “Дорно зүгт өвс болно” номд хандлага болох шинж ажиглагдаж байгаа агуулгын гүнзгийрэл, өмнөх шүлгүүдээс нэлээд өөр хэлбэрийн шийдэл, бясалгалт шинжийг талархан хүлээн авч байна. Нэг талаар хувь уран бүтээлчийнхээ хувьд ч бүтээлч эрэл хайгуул, онцлог шилжилт, уран сайхны баяжилт анзаарагдаж, нөгөө талаар энэ цаг үеийн яруу найргийн сэтгэлгээнд ч тодорхой төлөөлөл болон харагдаж, бүхий л байдлаараа ялгарч байгааг тэмдэглэх нь зүйд нийцнэ.
Хүнийг, амьдралыг, ертөнцийг өөрийнхөөрөө бясалгаж, таньж, ухаарч гүн ухааны мөнхийн асуудлыг хөндөн дэлгэж эргээд бодгалийн дотоод ай саваар тайлан гэгээрч ингэхдээ нүүдэлч энгийн ахуйгаас эхлээд сэтгэлгээний өргөн багтаамж бүхий урлахуйн өвөрмөц хэлбэрийг бүтээж уран сайхны сэтгэлгээний нэгэн төлөвшлийг харуулж байгаа нь түүний царааг илтгэнэ. Товчхондоо түүнээс илүү ихийг хүлээж, харж байгааг сануулахын хэрэг юун билээ.

Friday, September 27, 2013

ОТГОНТЭНГЭР /"Өдрийн сонин" 2009/


   Монгол түмний язгуур шүтээн Очирваань ,арван хангал хэмээн алдаршсан догшин сахиусдын нэг болой. Нэрийг нь тайлбаас Мутартаан очирт гэсэн утгын гэрлийг цацруулна.Үгийн эрдэнэсээр дүрслэхүй биеийн өнгө хөх,гурван мэлмийтэй,хөмсөгнөөс нь оч цацарсан ,хоолойноос нь хүчирхэг дуун гарсан, биеэс нь гурван орныг номхотгох буман нарны гэрэл бадарсан, баруун мутартаа таван хорыг дарах таван билгэ, билгийг төгссөн, таван салаа очир барьсан, зүүн мутартаа цалам барьсан,улаан дэвсгэртэй бадамлянхуа дээр залран байх ажаам.Энэхүү шидэт бурхныг хэдийд, хэн залж ирэв хэмээвэл “Очирваанийн хувилгаан Очирбат түшээт хан “ цол хүртсэн Автай сан хан Түвд оронд морилж  гуравдугаар далай ламаас залж ирсэн хэмээх нэгэн өгүүлбэр судар шастирын хуудаснаас гэрэлтэн үзэгдмү.Нэвтрүүлгийн маань шүншигт мөрүүд эндээс эхэлж байна.
НЭГЭН ЗҮЙЛ.Энэтхэгийн арш унасан гэх уулын гөрөөс бүхий ойн цэцэрлэгт бурхан багшийг номоо номлохоор хүний ертөнцөд егүүтэн буухад дээд тэнгэрээс Эсрүн хурмаст эн түрүүнд гарын зэвсэг алтан хүрдээ барин бөхийн чагнаж, доор газраас бодь гөрөөс хамгийн түрүүн хөлөө бохирч номын дууг гайхан сонссон гэдэг.Эсрүн хурмаст хийгээд бодь гөрөөс лугаа Буддын сонгодог сэтгэлгээний эрдэнэсийн нэгэн цоож хаалгыг өөртөө агуулж их Очирваанийн биелсэн нутаг болон оногдож  Очирваанийн орон болсон Дорно дахинаа алдартай, монгол орны баруун эх биед залрагч хангай хайрханы ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр тэргүүтэн хүрээ баян хангай тэнгэрийн эрхээр ийн хувилсан буурал түүх сударлагдан байна.Өнө эртний тэмдэглэгээ хөөн үзвэл монголчуудын эртний өвөг дээдсийн тахилгын газар хэмээн алтдан сийлсэн ажгуу.Отгонтэнгэр хэмээх нэр нь хүртэл эдүгээд иртэл үе үеийн бичгийн мэргэдийн оюун бодлын түлхүүрийг үл амраажээ.

Monday, August 5, 2013

НАМРЫН САЛХИН ДУНД

Намрын салхинд ганхах
Цагаан өвс
Надтай хачин адилхан
Навчсын улаан
Надтай адилхан
Хараацайн даль
Надтай адилхан
Харганын үйсэн дээрх
Сарны туяа надтай адилхан
Тэгэвч миний дотор орших мөртлөө
Тэр нэг усан болор хүн
Надтай огтхон ч төсгүй юм
Надтай огтхон ч …
Намрын салхин дунд ганцаардан...


Tuesday, July 2, 2013

Ц.БАВУУДОРЖИЙН ЯРУУ НАЙРГИЙН ТУХАЙ

Профессор Дашлхүмбийн Галбаатар                                                                                                                                    
       ...Намрын борооноор цувгүй алхахдаа
   Навчнаас дутуугүй гуниг тээдэг... /”Дөрвөн улирлын өнгө”/  намрын шар навчны жам ёсны гуниглангаас илүүтэй хүний сэтгэлийн чинадыг шинжилдэг үлэмж нарийн мэдрэмж, үг эрхшээн эдэлж утга цогцлоох эрдэмтэй эл  залуу хүн даруу нь хэтэрсэн, амгалан бодь нэгэн. Гэхдээ түүний дотоод ертөнцөд нь цас ханзран, булаг задгайрч, бургас гөлөглөн, яргуй нүдлэх, өвс ногоо ургах торгон агшины уянга хийгээд амь авиаг нэгэн дор хурааж, түүнийгээ тансаг хээ хуар, хөг аялгууны нийцтэй хослол, зөөлөн намуун учирлал хийгээд бахархал омогшлыг сүлэн, торгон мэдрэмж, гүн санааг яруу дүрслэлээр нээж, үг ба үйлийн учрыг төгс төгөлдөр илэрхийлэх ур ухааны адвиш билэг шид хураалттай байх шиг санагдах үе бий.
Нэг түүх санаанд байна. Хэдэн жилийн өмнө “Сарны шүлгүүд” номоо хэвлэлд
бэлтгэлээ. Та зав зайтай бол уншаад, боломжтой бол өмнөтгөл бичиж өгөөч гэсээр ирсэн. Үеийнхэн дундаа үнэлэгдэж ахуй цагт Ц.Хасбаатар, Ч.Билэгсайхан зэрэг хашир халхаг шүүмжлэгчид шүүмжлэхээсээ илүү олзуурхаж, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав зэрэг уран үгийн увидастнууд нааштай сайн үгээр дөрөөг нь мялаасан , тэгээд ч нутаг нугаас минь нэрд гарч яваа дүүгийн номд татгалзах юу яахав. Тэгээд “Богд Очирвааний цагаан салхин хийгээд Отгонтэнгэр хайрханы “шинэ савдаг” нэртэй өмнөтгөл бичлээ. Ном нь гарч. Миний нөгөөхийг “Сарны шүлгүүд”-ийг уншаад...” \энэ номд ч энэ нэрээр нь үлдээхийг хүссэн\ гэдэг гарчигтай болгоод хэвлүүлчихэж. Эхлээд би гайхсан. Яагаад?... гэж. Амьхандаа миний энэ нэр бэлэг дэмбэрэлийн агуулгатай байсан юм. Учир нь Завханцуул их багагүй “Цаст цагаан уул”-аараа их бахархаж, сэтгэлдээ онго шүтээнээ болгон бүхнээ даатгахын хамт “Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би” гэж омогших, бас “Завхан нутаг сайхан нутаг, замын хүн саатмаар нутаг” гэж Явуугийн шүлгийн хэдэн мөрийг хэлж нутаг усаараа гайхуулах дуртай. Богд Очирваань хайрхан Хангайн нурууны бүх уулсын чуулбар дундаас цаст цагаан тэргүүнээ үүлэн чинад сүмбэрлүүлэн ойр орчноосоо гоц ялгарах сүрлэг, ихэмсэг их хайрхан. Түүний сүр хүчин, нутаг усны хаялга нөөлөг ч юмуу ар, өвөр бэлээс нь арван хутагт төрж, түүн лүгээ монголын орчин үеийн уран зохиолд хэдэн том аварга буюу хаа хол Өвөрхангайн Д.Намдаг “төөрч саатан” төрж, жүжгийн нэрт зохиолч Л.Ванган, их шүлэгч Б.Явуухулан, нэрт найрагч Даг.Жамъян, Б.Батхүү, Д.Сумъяа ,С.Цоозол..., туульсч Ш.Ванчаарай, Ж.Бямба, П.Баярсайхан, шогч Шаг.Цэнд-Аюуш, нэрт ариусгагч Б.Цэдэв... дуун утгыг хөрвүүлэгч нэрт гүүш Ж.Гэндэндарам... гээд цөөхөн томцуул зулай зулайгаа даран оюуны соёл, үгийн урлагийн үйлийг залгамжилж, зай завсраар нь аахар шаахар “бичээчин” бараг л шургалж амжаагүй юм. Энэ ч бас “Цаст цагаан  уул”-ын таалал зарлиг байж мэдэх. Б.Явуухулан тэрхүү тэнгэрийн зарлигт их хайрханы эзэн савдаг төдийгүй нэгэн үеийн монгол зохист аялгуун “Богд Очирваань” нь байж, монгол найргийг дэлхийн дэвжээнд давхиулахыг мөрөөдөж байлаа. Энэ бүхнийг бодож “шинэ савдаг” гэдэг үгээр их найрагчийн орхиод орчсон том орон зайг нөхөх өвөрмөц барил сэтгэлгээтэй нэгэн билигт залуу дууч нутгаас төрж,  дорны их найрагчийг  залгамжиллаа гэсэн утга шингээсэн ухаантай юм. Гэтэл мань хүн нэрийг нь хээвнэг өөрчлөөд хэвлүүлчихсэн байдаг. Гайхсаны учир энэ. Залуу хүнд тэр бүр олдоод байхааргүй том магтаал байсан юмаа. Тэр үед ахмад үеийнхэн ч юу гэж бодох, намайг юу ч гэж шүүмжлэх байсан юм мэдэхгүй. Азаар тэр тийн нэрлэхийг түдгэлзсэн нь уран бүтээлч хүнд байх ёстой онцгой чанар буюу магтаал сайшаал хүсэмжлэн, нэр алдар горилдоггүй бодь даруу зан, ёс жаяг сахимхай, ахас ихэсээ хүндэтгэх журамт сэтгэл, холч ухааны илрэл байсныг хожуухан боловч ухаарч сууна. Тэр өвөрмөц содон, том найрагч болж өсчээ.
Ц.Бавуудоржийн шүлэгт өөрийн бүтээхүйн зорилго ба их найрагчийн хэт санаа, хүсэн мөрөөдөж асан бүхнийг үргэлжлүүлэх хүсэл, сэдэл үе үе мэдэгдэм илэрдэг билээ. Энэ нь их найрагчийн туурвил зүйг дагасан гэсэн үг биш шүлгийн ур зүй, сэтгэлгээ, илэрхийлэл, барил бүх талаараа цоо шинэ өвөрмөц орон зайг монгол яруу найрагт нээсэн шинэчлэгч найрагч байв.
            Хүлэг дахин заяадаг цаст мөнхийн нутаг сан
            Хүмүүн зандан биедээ хурмастын санааг санана
            Билэг дахин төрдөг цаст мөнхийн нутаг сан
            Билгүүн зандан биедээ хурмастын санааг санана... тонгоруу уран мөрүүд бэлхнээ илтгэнэ. /зандан гэдэг үгийн давтамж шүүмжлэгчдийн нүдэнд их өртдөг. Угтаа зандан мод юмуу занданшуулсан юм бус “залуу” гэсэн утгатай. “Залуу зандан нас” гэдэг дээ/ Энэ мөрүүдэд “цаст мөнхийн нутаг”-т “дэлхийн дэвжээ”, хүлэг хийгээд билэг дахин заяах бэлэг дэмбэрэл буюу залгамжлан оршихуйн учир ёсны тухай гүн ухааны аяс тод шингэснийг анзаарч болно. Тэр 1990-ээд оноос эхэлсэн уран зохиол дахь шинэчлэлийн үйл хэрэгт  өвөрмөц дүрслэл, ая дан, аяс хандлагатай, байгаль хийгээд хүний сэтгэлийг томсон уянгын шүлгүүдээрээ ялгарч, өдгөө уран зохиолын хүрээнийхэнд төдийгүй дотоод гадаадын уншигчдын дунд үлэмж нэр хүнд олсон тулхтай уран бүтээлч болсныг энэхүү шүүмж судлалын номоос олж харав.
МЗЭ-ийн гишүүн, Дэлхийн урлаг, соёлын академийн гишүүн, Нацагдоржийн нэрэмжит шагналт Ц.Бавуудоржийн юугаар ч арилжиж, сольшгүй нэг голч сайхан чанар нь зорьсондоо хүрэх тэмүүлэл. Ийм чанар уран бүтээлч хүнд байх ёстой хамгаас чухаг зүйл бөгөөд тэр нь шүлэг найрагт нь нэвчиж шингэсэн байх учиртай. Би хувьдаа Ц.Бавуудоржийг омтгой, яаруу түргэн хүн бус, яруу дуунг өөрийн билэг бирамидын увидас тааллаараа бүтээдэг хүмүүн гэж боддог.
Ц.Бавуудорж өнгөрсөн хорин жилд их найрагчийн “Хүлэг минь- шүлэг минь хурдлан давхи... Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!” гэсэн их Явуугийн хүслэнт гэрээсийг биелүүлэхээр зориг шулуудан дэлхийн дэвжээг зорьжээ. Басхүү хэдэн оны өмнө бичсэн “Богд Очирвааний цагаан салхин хийгээд Отгонтэнгэр хайрханы “шинэ савдаг” гэдэг нэр зүгээр ч нэг хөвсрөг хөөрүү үг байсангүй, хожмын нэг ерөөлт өдөр дахин давтан хэлэхийн дохио тэмдэг, Богд Очирваань хайрханы зарлиг лүндэнтэй байж хэмээн сүслэж сууна.
            1990-ээд оны эхээр уран бүтээлийнхээ гарааг “Бүгээн анир” \1991\ нэрт шүлгийн түүврээр эхэлж асан найрагч өдгөө “Гүмүда” \1993\,  “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” \1999\, “Тарнийн цагаан цэцэгт буюу Отгонтэнгэр” \2000\, “Дорно аялгуу” \2001\, “Амар амгалангийн яруу найраг” \2002\ шилмэл шүлгийн түүвэр, “Дорно зүгт өвс болно” \2008\, “Монголын их амар амгалан” \2008\ түүвэр зохиолуудаа уншигчдад барьж, тэдгээрээс шилсэн”A very big white elephant”/2007/, “When Humans Become Grass”/2008/номууд англи хэлээр , “Un Ojo En la Palma De Mi Mano” /”Алган дээрх нүд” 2009/ ном нь испани хэлээр Мексикийн уншигчдад хүрч, тэр нь интернетээр өртөөлөн латин Америкийн Перу, Аргентиний хил хязгаарыг гэтлэн гадаад ертөнцөд монгол яруу найргийн ур зүй, дорны өвөрмөц аялгууг гайхуулсан нь “дэлхийн дэвжээ”-нээ хүрэх зорилтын эхний том алхам болжээ. Энэ нь өөрийн бүтээлийг таниулах төдийхөн зорилго бус, гадаадын сонин сэтгүүлд ахмад үеийнхний ганц нэг шүлэг зохиол өдрийн од лугаа хааяа нэг хэвлэгдэж асан явцуу хүрээнээс хэдүйн хальж ертөнцийн мухар гэж ойлгож асан “хориотой бүс буюу гуравдагч” орнуудад монгол соёл, яруу найргийг экспортлох хичээл зүтгэл нь өөрийн төдийгүй монголын яруу найргийн хэтийн зам мөрийг зөв тодорхойлсон шийдэл юм. Үнэхээр магтууштай буянт сайн үйлсийн эхлэл. Монгол яруу найраг, уран зохиол дэлхийн олон үндэстний хэлээр түгэн дэлгэрэхгүйгээр хөгжих, үндэсний онцлогоо хадгалах, бадран хөгжих боломж хязгаарлагдмал бөгөөд эцэстээ “цус ойртож”, “худгийн сохор мэлхийн” үлгэр болох хэтийн нигуур ч буй. Ц.Бавуудоржийг энэ их үйлсэд зориг шулуудахад нь Монголын соёл, яруу найргийн академийн тэргүүн Г.Мэнд-Ооёо авгайн дэмжлэг, үеийн нөхөд, зохиол бүтээлийг нь шүүн алдаа оноог нь өгүүлэгч, хөхүүлэн дэмжигчид, гадаадын мэргэжил, сэтгэл нэгтэн хийгээд  гавъяат гүүш Ж.Гэндэндарам, орчуулагч Ш.Цог... шиг олон хүний хичээл зүтгэл, сэтгэлийн өглөг тус дэм болсныг тэмдэглүүштэй. Би хувьдаа Г.Аюурзана, А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх, Ж.Баяржаргал, Г.Өлзийтөгс, Ц.Хулан... гээд дөнгөж дөч шүргэж, ид бүтээх насандаа яваа “Мөнгөн үеийн залуус”-ыг монгол уран зохиолын “дэлхийг дайлах аян дайн”-д нэгдэж, нэгэн тугийн дор жагсаасай хэмээн хүсэмжилж явдаг.
            Таны гарт хүрч буй энэ ном Ц.Бавуудоржийн шүлэг найргийн түүвэр бус харин түүний уран бүтээлийг магадлан шинжээч, гадаад дотоодын эрдэмтэд, шүүмжлэгч, орчуулагч, уншигчдын бичсэн шүүмж, судалгааны бүтээлээс бүрдсэн ном тул би ч түүний уран бүтээлийг задлан шинжлэх, тайлбарлах зорилго огт бариагүй бөгөөд судлагч, шүүмжлэгчдийн нэгэнт хэлчихсэн санаа оноог давтан нурших шаардлага ч алга. Харин уран зохиол, яруу найргийн язгуур мөн чанарын тухай шүлэгчийн бүтээлтэй холбоотой зарим нэг онолын чанартай ойлголтын тухай товч өгүүлсү.
            Уран зохиол, яруу найраг, жүжиг алин ч бай хоёр чухаг зорилго агуулдагийг эртний мэргэд тодорхойлжээ. Яруу найргийн гоо сайхны үүрэг нь уншигчдад “таашаал өгөх, сэтгэлийн цэнгэл, бах таашаал  эдлүүлэх”, ёс зүйн талын үүрэг нь хүнийг “ариусгах” явдал аж. Өөрөөр хэлбэл хүний үйлийн шалтгаан хийгээд сэтгэлийн нууцлаг, далд чинадын ертөнцөд урлагийн аргаар нэвтэрч төгс дээд үнэнийг үзэгч, уншигчдын өмнө нээн дэлгэхэд оршино. Алив урлагийн гол үүрэг зорилт ийм л юм. Энэхүү цогц шалгуур шинж Бавуудоржийн яруу найрагт байгааг Аргентиний Сузана Робертс соргог мэдэрч “...Цогдоржийн Бавуудоржийг нээх гэдэг түүний шүлэг дэхь тал нутаг, өвс ногоо, бурхад, өрнө дорныг хамтад мэдэрнэ гэсэн үг. Тэр бүхэн харь холын мэт үл санагдах бөгөөд энэ бүхнийг түүний хамт ухаарч мэдэрснээрээ сэтгэлийн их цэнгэл эдлэх буюу. Түүний шүлгийг уншихад Монголын их тал хээр нутгийн нууцлаг ертөнцөөр аялах мэт ариусал ирэхийг таньж мэдэхүйн жаргал амталдаг” /2009/ гэжээ. Энэ нь чухам түүний бүтээл урлаг болохыг, нөгөө талаас цэнгүүлэх, ариусгах хоёр чухаг хувилгаан чанар бүрдсэнийг мэдэрсэн хэрэг билээ. Ийнхүү уран зохиол тэр тусмаа яруу найраг “хачин, жиг”-тэй байх зарчмын тухай хэдэн үг хэлмээр болов. Үүнийг уран зохиолын онолд  “парадокс” (анг. paradox) гэж томъёолдог.  Үгийн урлаг буюу уран зохиолыг сонирхолтой, амттай, үнэмшилтэй болгогч бүтвэр  махбодос дотор нэг онцгой хүчин зүйл байдаг нь “хачин жигтэй”-н асуудал юм. Зохиол бүтэж бүрдэхийн үндэс нь тухайн уран бүтээлчийн “барил” /приём/, бичлэг сэтгэлгээний хэв маяг, түүнийг илэрхийлэгч нь“хачин жигтэй”-д оршино.Шүлэг зохиол ийм маягийн дүр, дүрслэл, зөрчилгүй аваас уншигчийг татах чадваргүй болдог.
Оросын хэлбэр судлалын онолтон В.Шкловский уран зохиолын дүр, дүрслэлүүд уншигчдад ойлгомжтой мөртөө тэрхүү“танил зүйл нь хамгийн гэнэтийн, эргэлзэм “хачин” байдлаар илэрхийлэгдэх” учиртай гэж үзэж байв. Яруу найрагчид уншигчдаа татах, сонирхлыг цааш өдөөхөд зайлшгүй “хачин жигтэй” шаардлагатай болно. Зохиолын дотоод эрчим хүч /накал/, өнгө аяс /нюанс/, мэдрэмж, сэрлийн цогцолборыг бүрдүүлэх үндсэн арга, эгэл хар амьдралд дасал болсон уншигчдын сэтгэлгээнд цочирол, тэсрэлт үүсгэхийн тулд ийм жигтэй гаж, ёгт далд, хэтрүүлсэн, хийсвэрлэсэн, үл үнэмшимээр шийдлүүдийг зохиолч хийхэд хүрэх бөгөөд хэлийг ч мөн дадал зуршил болсон ганц утга, үзэгдэл явдлын тогтсон загвар ойлголтуудыг эвдэж дүрслэх, бусдыг үл давтах шаардлага гарч ирдэг учраас зохиолын хэлбэрийг“хачин жигтэй” байдлаар бүтээх шаардлага гарч ирдэг. Энэ шаардлагыг Ц.Бавуудорж сайн ойлгосон найрагч.
Гэхдээ түүний шүлгүүдэд ажиглагддаг өөр нэг онцлог бол уянгын мэдрэмж, түүнээс эхтэй ер бусын илэрхийлэл, хөг аялгууны зохилдоот чанар юм. Энэ нь шүлэгт эрхэмсэг зөөлөн өнгө аясыг бүрдүүлэхээс гадна утгын гүнзгийрэлт хийх, санааны тэлэлтийг хангах өргөн боломж олгохоос гадна шүлгийн философийг  хэтэрхий ил тод, эсвэл хэт гүн ухаанчлан тогтоосон нэгэн хэвийн гэмээр хэллэг дүрслэлээс зайлхийх, яруу дуун болгох боломж олгодог  юм шиг санагддаг. Энэ барилтай холбоотой өөр нэг сөрөг тал үе үе ажиглагддаг. Үнэндээ Ц.Бавуудоржийн шүлгийн мөр, бадаглал нь харилцан адилгүй, уртсах, хэт богиносох, эсвэл утга ээдрэн бүдэгших, хэрэгтэй, хэрэггүй дүрслэл хөврөх, ижил төсөө үг олноор давтагдах тал ажиглагддагийг судлагчид олж ажигласан  нь дээрх онцлогтой нь холбоотой бизээ.
Энэчлэн яруу найраг үл анзаарагдах “хачин жигтэй” дүрслэл буюу түүндээ тохирсон ер бусын хэлбэрийг шаардаж байдаг. Энэхүү “хачин жигтэй”-н үндсийг И.Кант “өөрөөөөртөө байгаа юм” гэж тодорхойлсон бол К.Брукс парадокс нь яруу найргийн өвөрмөц давтагдашгүй чанарыг илэрхийлэгч, Дж.Рэнсом зохиолын бүтэц /структура/, бичвэрийн хэлбэр /текстура/-ын ялгааг тодорхойлж, бүтцээс илүү бичвэрийн хэлбэрт өчүүхэн төдий өөрчлөлт орвол зохиолын бүтэц эвдрэн зохиол устдаг тухай, А.Тейт зэрэг  Шинэ шүүмжлэл”-ийн төлөөлөгчид уран зохиол, яруу найрагт түүнийг бүтээгч хэл болоод дүрсжүүлэгч хэлбэр чухал хийгээд тэр нь давтагдашгүй феномен \сэтгэхүйн онцгой үзэгдэл\ шинжтэй зүйл болох, В.П.Мещеряков “яруу найраг нь бодот байдлын дурслэл бус, харин яруу найргийн зөвхөн өөрийнх нь хувийн давтагдашгүй өвөрмөц ертөнцийг бүтээдэг гэх зэргээр тайлбарлажээ. Энэ нь зохиолын дүрслэг хэсэг бүр нь ямагт анхаарал татахуйц “гайхалтай” байх тухай ойлголт биш харин ч шүлэг зохиолын гол хэсгүүдэд хачин жигтэйг суулгах шаардлага аяндаа гарч ирдэгийг хэлсэн хэрэг юм. Ер нь хачин жигтэй юмгүй бол яруу найргийг уншигчид түүх, газар зүй, философи, физикийн ном шиг хялайж ч харахгүй өнгөрөх болно. Тиймээс зохиолын хэв төрх нь жигтэй хачин сонин дүр, дүрслэл, хэл, сэтгэлгээтэй байх нь үгийн урлаг бүтэж, амилах гол хүчин зүйл болдог байна.
Жишээ нь баруунд нэг үе А.Рембогийн шүлгийг ойлгож ядан гайхалцаж асан цаг саяхан. Түүний “Хаврын тунгалаг өглөө намайг, цонхоо цэлийтэл нээхүйеэ, халамцуу бор шувуу, усан цэргийн дуу” дуулан одох дүрслэлийг хачин жигтэй юм, “үнэн, худал” хэмээн шуугиж, бас ямар ч утга учиргүй зүйл хэмээн шүүмжлэн маргалдаж байсан түүхтэй. Гэтэл  Б.Явуухулан: “Би хаана төрөв” шүлэгтээ:
                    “...Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд,
                    Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
                    Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би...” гэж бичсэнийг хэн, хэрхэн ойлгодогийг би мэдэхгүй. Гэхдээ л хүн бүр мэдэрч, гайхан шогширч, иш татдаг.  Энэ шүлгийн алслалтын гайхалтай уран маягийг өнгөн утгын үүднээс харвал утга учиртай мэт боловч үнэмшим зүйл огт байхгүй. “Хаанах хоёр од ямар чөлөөнд тохиосон” хийгээд уянгын баатрын “хоёр нүдний үзүүр” хаа хүрч, “цэнхэрлэх төдий тэртээд” найрагч хүрээд тэнгэрийг эзэгнэсэн нь угтаа логик авцалдаагүй хий сэрэлд өртсөн парадокс дүрслэл.  Гэвч шүлгийн аялга, бүтэц дэх зохист уран саналгууд нь уншигчдад ер бусын онцгой мэдрэхүй, төсөөлөл, таамаглахуйн цогц мэдрэмжийг үүсгэж, зөвхөн сэтгэл санаанд тэмтрэгдэх одот орчлонгийн хязгааргүй орон зайн алслалт дээр найрагчийн сэтгэлийн тэмүүлэл, эрх чөлөөний мэдрэмж, түүнээс үүсэлтэй сэтгэл ханамж, бахдал омогшлын махбодос нэгдэн нийлж яруу сайхны нэгэн төгс цогцолбор уншигчийн сэтгэл зүйд бүрддэг. Иймээс ямар нэг шүлэг хачин сонин хэллэг, дүрслэл, илэрхийлэлгүй бол хуурай номлол, өнгөц цэцэрхэл, эсвэл ядмаг санаа, мөр холбосон хэн хүний бичиж чадах сэтгэлгээний доод түвшинд байна гэж ойлгууштай. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийн эрчим, ер бусын хүчтэй мэдрэмж, эмзэг сэрэхүйн нөлөөлөл өгдөггүй учраас “шүлэг” аяндаа уншигчидаа түлхэж эхэлдэг билээ.
Ц.Бавуудоржийн шүлгийн хачин жигтэй чанар нь домог зүй, ёс заншил, шашин суртахуун, сүсэг залбирал, хий сэрэл, мэдрэхүй, гүн ухааны сүлэлдээн гэмээр уран дүрслэлийн янз бүрийн элементүүдийг хангалттай агуулсан байдаг учраас уншигчдын сонирхлыг ямагт татаж, өөртөө аг тэвэрч байдаг нь нууц биш. Тухайлбал:
        Сарны туулайн хүйтэн чихнээс
        Санаандгүй би атгаж үзсэн юм гэх мэт солио гажуу дүрслэл, түүнийгээ өөрийн туурвил зүйн бодот ертөнцтэй холбосон:
        Яруу найраг түүнд хүргэж өгснөөс хойш
        Ялдам гэдэг үгийг олон хэрэглэхээ больсон юм зэрэг тайлал мөрүүд болно. \“Сарны туулай” нь  домог зүй дэх Бодь туулай\-н чих “хүйтэн” байсан хийгээд түүнийг “Би”  “санаандгүй атгаж үзсэн” хий бод агшины дүрслэлд гүн ухааны даацтай санаа хуралдаж, хэлэх гэсэн санааг нь тодотгож байгаа нь түүний ур зүй, сэтгэлгээний өвөрмөц тал гэж болно.
Яруу найраг уран зохиолын хамгийн нарийн тансаг, баян төрөл тул чухам ийм жачин жигтэй дүрслэлд л утгын махбодос тээгдэж, тэр нь сэрэл мэдрэмжийн салхи савир болж, сайхныг нээдэг. Шүлэгт юун тухай бичиж байгаад бус ямар анир чимээ, хөдөлгөөн мэдрэмж тээгдэж байгаа нь чухал. Гайхшрал төрөхгүй бол юун яруу найраг байх. Энэ замбуулингийн ил явдлыг өгүүлж үйлдвэл эгэл хар амьдралын номлол, эсвэл цэцэрхэл, чамирхал төдий л болдог. Ийм туршлага бидэнд бий. Үүнээс ангижирсан цагт яруу найраг амилж, үнэт зүйлс буюу сайхны мэдрэмж уншигчдад ирдэг. Ийм чанар Ц.Бавуудоржийн шүлгийг уншигч хийгээд утга тайлагчдыг гайхшруулж, бас алмайруулдаг нь нууц зүйл биш.
Үнэнийг хэлэхэд “Алган дээрх нүд” , “Дорно зүгт өвс болно”... зэрэг олон шүлгийн нэр нь хүртэл парадокс.  Гадаадын орчуулагч, судлаач, уншигчид түүний бүтээлийг нууцлаг дорно гэх юмуу “өвсний шүлэг”, “өвсний яруу найрагчид” хэмээн нэрлэж  байгаа нь тэдний хувьд мөнөөхөн дорнолог хэв маяг, монгол ахуй, сэтгэлгээний парадокстой учирч, бас мэдэрч буй хэрэг юм.
        Английн орчуулагч, судлаач Саймон Смит найрагчийн “Дорно зүгт өвс болно” шүлгийн номыг нь англи хэлнээ орчуулаад “Хүмүүн өвс болох үест: Ц.Бавуудоржийн нууц увидаслаг, шидэт яруу найраг ба монголын уран зохиолын уламжлал” хэмээх өгүүлэл дагалдуулснаас үзвэл “...Түүний ер бусын, зөн билгийн гэмээр сюрреал сэтгэлгээний олон талт илрэл тусгалаа олсон юм” гэж тодорхойлсон нь санамсаргүй нэг үг биш. Энэ тун магадлалтай үнэлгээ. Европ дахин бол сюрреализмын өлгий нутаг. Сюрреализмын гол онцлог болох дүрслэл дэх парадокс илрэлүүд барагтаа бол уламжлалаа эвддэггүй дорны яруу найргийн ай хүрээнд хамаарах монгол найрагчийн уянгын шүлэгт хаа л бол хаа тааралдаж байгаа нь судлаачид эвэртэй туулай үзсэн юм шиг содон сонирхолтой зүйл байх нь мэдээж. Ертөнцийн жам ёсонг эвдэж илэрхийлсэн “алган дээрх нүд” хийгээд хэзээ нэгэн цагт үгүй болох хүмүүн заяат \тэнгэрийн санаа өвсөнд шилжихүй\ “дорно зүгт өвс” болж хувирах тухай гүн ухааны аяс бүхий ил боловч этгээд санаа, “амар амгалангийн бурхны мөрөн дээр аниргүйг  бясалган” цацрах “Би”-н хайлал,
                                Очирваань уулын цагаан үүл
                                Орчлонд намайг дагаж нүүдэг... зэрэг уянгын урвуу гаргалгаа, хуурмаг дүрслэл сэлт нь сюрреализмын “гажуу”, “дэгс” дүрслэлийн нийтлэг хэв маягууд бөгөөд түүний үндэс нь мөнөөх парадокстой холбогдоно. Ийнхүү хаа холын хүмүүс түүний уран бүтээлийн бас нэг онцлогийг тодорхойлж өгчээ.
Ц.Бавуудоржийн англи хэлнээ орчуулагдсан шүлгийн номыг испани хэл рүү орчуулсан Ивонне Мартин ч “Алган дээрх нүд” буюу Ц.Бавуудоржийн зөн билгийн яруу найраг” өгүүлэлдээ түүний шүлгийн онцлогийг “Найрагчийн зөгнөл, мөрөөдлийн ертөнцөд өнгө төрх, дүр зураг уусан нийлэгшиж, тэр нь эргэн тохиох авч давтсан мэт санагдах нь нэгээхэн бээр үгүй. Өвс, сар хийгээд тэнгэр, үг цөөн аядуу малч түмэн, нисэх увидаст хувилгаан, зөн билгээрээ хүнтэй харьцдаг амьтад сюрреализмын гэрэл гэгээт хүрээнд орчих үгс, ид шид, далдын увидас шид нэвчсэн мөрүүд...” зэргээр үнэлж “сюрреализм”-ын тухай санааг лавшруулсан нь оргүй зүйл бусыг харуулж байна. Ер нь бид өөрсдөө ялгаж салгаж, нарийн нямбай судалж үздэггүйгээс бус монгол уран зохиол дэлхийн бусад үндэстнүүдийн уран зохиолоос юухан хээхнээрээ ч үл дутах зүйлгүй билээ.
Ийм дүр дүрслэл давамгайлсан бичвэрийг “гаж” буюу гротеск (анг. grotesgue) зохиол гэх нь ч бий. 
 Зохиолыг сонирхолтой болгох үүднээс бодот байдал ба түүний зүй тогтол, байр байдлыг зориуд өөрчлөн ер бусын болгох, хэтрүүлэх арга юм. Гротеск нь дадал, улиг болсон дүрслэлийг эвдэж, зохиолыг сонирхолтой болгодог. Монголчуудын аман болон бичгийн уран зохиолд гротеск дүрслэл эртний уламжлалтай. Ардын аман зохиолд олон толгойт мангас, махчин, нисдэг, нисдэггүй бор морь, оготно, заантай тулалдан дийлэх нь ерийн зүйл.Харин тэр бүхний гүнд амьдралын бодот үнэн оршиж байдаг. Ц.Бавуудоржийн шүлэгт хийсвэрлэл, утга далдлал, дүйвүүлэл,бэлгэдэл, санаанд оромгүй гаж илэрхийлэл, дүрслэлд нуусан гүн саналга, хөг аялгууныдүрслэл, болзолт дүр түгээмэл байдаг нь дорны яруу найргийн сонгомол уламжлал юм. Тиймээс ч найрагч “Дорно зүгт өвс болж” үлдэх гээд байгаа хэрэг.
        Хүмүүсийн мэддэг бодот байдлаас хэтрүүлэн гажуудуулж дүрслэх уран маяг  хийсвэрлэсэн хий санааны хийгээд бодит байдлын сайхан ба муухай, инээдэмт хийгээд эмгэнэлт мөн чанарыг жигтэй хачны хослол, тэдгээрийн зөрчил мөргөлдөөн нээдэг. Ийм барил Ц.Бавуудоржийн урлал зүйд гүн бат суусан нь онцгой үзэгдэл юм.
            Ц.Бавуудоржийн яруу найргийн тухай судлаачдын санал бодлыг шүүн үзвэл үгүйсгэн шүүмжилсэн нь тун бага, ямар нэг өө сэв эрж хайгаагүй, харин ч уран бүтээлийнх нь нууцлаг ертөнцийг тайлах, тодорхойлох сонирхол давамгайлж байгаа нь сайн үзүүлэлт төдийгүй томоохон уран бүтээлч гэдгийг хүлээн зөвшөөрсний нотолгоо мөн. Шүүмжлэгчид хүлээц тэвчээртэй, хашир хүмүүс. Хэн хүнийг тийм ч амар “тэнгэрт тулгаад байхгүй, үгэндээ харам, үг хатуутай өөнтөгч хүмүүс”.  Зохиолчоос цаг үргэлжид ур чадвар, уран сайхны нээлт, шинэ санаа нэхэн шаардаж байдаг. Гэвч Ц.Бавуудоржийн хорин жилийн туурвилыг багтаасан 10 гаруй номыг нэг нь ч үгүйсгэсэнгүй нааштай сайнаар үнэлж, олон түмэн уншигчид нийтээрээ хүлээн зөвшөөрчихөж. Өөрөөр хэлбэл түүнийг болон түүний нөхдөөс уншигчид  ихийг хүсэн хүлээж байх бололтой. Энэ бол жинхэнэ яруу найрагчийн титэмд хүрсний илрэл. Энэ нь соцреализмын үеийн монгол яруу найрагт тийм ч элбэг тохиолдоогүй ховор үзэгдэл юм. Үеийнхэн дотроо хамгийн олон судлагч шүүмжлэгчид, дотоод гадаадын уншигчид ,нэр цуутай өтгөсийн санал бодлыг харамгүй сонссон уран бүтээлч бол Ц.Бавуудорж юм. Ийм аз завшаан зөвхөн төрмөл авъяастай уран бүтээлчдэд заяадаг.
Би хувьдаа доктор Д.Цэвээндоржийн “Сэтгэлийн аяз ба урлахуйн гүнзгийрэл”, доктор А.Мөнх-Оргилын “Дорно зүгт өвс болохуй”, доктор профессор С.Дуламын  “Монголын их амар амгалан”-гаас “Рах Моngolica “хүртэл ,доктор П.Хишигбаярын “Амар амгалангийн яруу найраг, Ч.Билэгсайхан профессорын “Монгол найргийн өргөө эзэнгүйдэхгүй нь ээ” шүүмжүүд нэлээд нуруутай, нарийн ширийн зүйлийг нь олж харсан бүтээлүүд гэж боддог.
            Анхных нь номын тухай  зохиолч С.Товуудорж залуу найрагчийн ангамал говь, төөнөх наран, зэрэглээтэх ангамал говийн хахир хатуу хууль хийгээд аж төрөхүйн жаргал цэнгэлийг нэгэн дор зэрэгцүүлэн “тэмээ”-ний хүйтэн цэнгэг усыг:
                        ...Жавьжаараа асгаруулан ундаалахад
                        Хажуугийн цангасан толгод
                        Уулга алдана \”Говийн үдэш”\ мөрүүдийг “авъяасын гал”, “нарийн мэдрэмж” гэж тодорхойлжээ. “Намар” шүлгийн,
                        Айлчин намар нулимсан шүүдрээр газар ундална
                        Цагийн аясаар уулс дан цантай жиндэхэд
                        Цагаан булган үүлсээр дээл эсгэж
                        Нар завгүй өнжих \”Тариа” 1986\ туршлага бага ахуй үеийн байгалийн дүрслэл хийгээд “Учрал” шүлгийн
                        Өрхний оосор татаагүй
                        Булбарай гарыг чинь атгахуй
                        Өр нимгэн сэтгэлд минь
                        Битүүхэн айдас хургах... залуу насны бор зүрхний ууган хайр хийгээд тэрхүү сэтгэлгээний тиг хүрээнээс:
                        ...Хөх өвсний налах чимээ сонсогдоно
                        Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзах анир чимээг \ Сэтгэлийн аяз.1989\ хүртэл чагнаархан Ц.Бавуудорж цуцалтгүй эрэл хийсээр иржээ. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Тарнийн цагаан цэцэг буюу Отгонтэнгэр” номд нь бичсэн өмнөтгөлдөө \2000\: “Отгонтэнгэр”-ийн дүр зураг, түүнийг тойрсон аман  хийгээд шашны сэтгэлгээний домог толь мэт тодорхой тусчээ... Ийм номыг гагцхүү яруу найрагч л бүтээдэг. Яагаад гэвэл өгүүлсэн найраг гэдэг... тэр аяараа сэрэл мэдрэхүй байдаг. Тиймээс чавхдаслаг аялгуу ямагт сонсдоно” гээд “Ц.Бавуудоржийн дорны зохист найруулга хийгээд сарны туяа сүлжилдсэн мөрүүд нь яруу найрагт өөрийгөө олж өөрийгөө зөв гаргаж ирж буйн эрхэм дуурайл агаад дэлхийн яруу найргийн наадамд бусдын мориор гоёж очих бус өөрийнхөө сойсон хүлгийг унан очиж уралдахын нэгэн зөн билиг гэлтэй” гэсэн бол нэрт шүүмжлэгч Ц.Хасбаатар “Үндэсний яруу найргийн уламжлалыг эвдэж монгол шүлгийн айзам хэмнэлийг хамаа намаагүй гажуудуулж чадаад, үг хэмээс хэтэртэл хэрэглэх зохисгүй үзэгдлийн бараан дэвсгэр дээр Ц.Бавуудоржийн шүлгийн цоморлиг монгол тал нутгийн шүлгийн чуулбар мэт харагднам” “Тарнийн  цагаан цэцэгт” номд бичсэн шүүмждээ өгүүлжээ.            
Эцэст тэмдэглэхэд энэхүү ном нь яруу найрагч Ц.Бавуудоржийн монгол яруу найрагт хичээн зүтгэсэн хорин жилийн эрлийн тайлан. Үүнийг тэр өөрөө бус үзэг нэгт нөхөд хийгээд мэргэжлийн шүүмжлэгч, судлаачид хамтран бичжээ. Алив сайн үйлийг бүтээхэд алдаа оноо дагах нь орчлонгийн ёс. Түүний хорин жил зүтгэж бүрдүүлсэн уран сайхны өв сан, бүтээл туурвилд зарим нэгэн санууштай сул тал үзэгддэгийг судлаачид ямар нэг хэмжээгээр заан тэмдэглэсэн нь шүүмжлэл гэхээсээ зөвлөгөө сануулгын чанартайн дээр шүлэг бүтээлийг нь  нягт нямбай  шинжилж, онцлог, ур чадвар, сэтгэлгээний хэлбэршлийг тогтоон, шүлэг дэх эрэл нээлтүүдийг гярхай ажиглан, голч шударгуу тодорхойлж өгсөн нь холыг зорьсон найрагчийн үйл- туурвилд урам нэмнэ гэдэг итгэлтэй байна.
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Тарнийн цагаан цэцэгт” буюу Отгонтэнгэр” номд нь бичсэн өмнөтгөлдөө “Ц.Бавуудорж бусад зарим залуус шиг гадны юм дуурайсангүй, хэт мэдэмхийрч бусдыг уруу татсангүй, монгол хэл найруулгаа эвдсэнгүй. Жинхэнэ ардынхаа цэц,өөрийнхөө авъяасанд тулгуурлах, дорны тансаг торгыг нэхсэн энэ номын ач нөлөө оршино” хэмээсэн бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн”Эрдэнийн зүүгээр нагтан бурхныг урлах мэт, бүсгүй хүний хөрөг, уул усны дагнаас хатгамлах мэт шүлэг бичдэг нэгэн хүмүүн Монгол яруу найрагт орж ирсэн нь Ц.Бавуудорж... гэх зэргээр хамаг л сайн сайхан үгээ зориулсан нь залуу уран бүтээлчийн шүлгийн ур чадвар, сэтгэлгээний галбиршил, монгол яруу найргийн ур зүйн онцлогийг товч тодорхой гаргасан сонирхолтой бичвэр энэ ном  таныг  уйдаахгүй хэмээн найдаж энэхүү өмнөтгөлөө цэглэсү.
            Тэр одоо “Цаст цагаан уул”-ын шинэ эзэн “савдаг” төдийгүй монгол яруу найргийн тулхтай дууч  болж. Хат суусан томоохон найрагчийн зэрэг зиндаад дэвшсэнийг зөвхөн би бус харин энэхүү номд орсон шинжээч, шүүмжлэгч, яруу найрагч, гадаадын орчуулагчдын өгүүлэл, шүүмжүүд нотлож авай.
            “Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат”  онч үгээр ухаан билэг тэгширч, бүтээхийн ид хав жигдэрсэн насны алтан мөчлөгийг монголчууд  зүйрлэдэг. Ц.Бавуудоржийн бичлэг, ур чадвар, сэтгэлгээний түвшин аль ч тал нь орчин цагийн монгол яруу найргийн шинэтгэл үеийн нэгэн томоохон төлөөлөгч болж өссөнийг эл ном нотлоно.
            “Мөнгөн үе”-ийнхэнтэй олон жил хамт явлаа. Билэг, шүлэг, хүлэг гурав тань дэлхийн дэвжээнд хүргэнэ! Давхи, Дүү минь!