Monday, February 14, 2011

ЯРУУ НАЙРГИЙН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ 2010,02,14



Д.НЯМДОРЖ   / МУИС/

Монголын орчин үеийн яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн мөртэй хуруу дарам хүний нэг нь Ц.Бавуудорж. Түүний шүлгийг хүмүүс тэр болгон ойлгодоггүй ч байж болох юм. Угаас жинхэнэ яруу найргийн мөн чанар тийм л байдаг. Яруу найраг гэлтгүй уран зохиолд үндэстний сэтгэлгээ хийгээд хувь уран бүтээлчийн ертөнцийг үзэх үзэл, өөрийн гэсэн бичлэгийн арга, найруулга чухал бололтой. Энд бид хувь уран бүтээлч, яруу найрагчийн тухай ярилцаж байгаа учраас араншинг нь мартаж болохгүй. Алдарт яруу найрагчдын шүлгийг уншиж суухад араншин нь илүү мэдрэгдээд байдаг шүү дээ. Үүний нэгэн адил Ц.Бавуудоржийн шүлгүүдээс түүний нэг их амгалан тайван “бодь” араншин нэвт үнэртээд байдаг юм. Түүндээ таарч зохицсон гэдэг нь жигтэйхэн,
“...Хорвоо яавал чиг яаг
     Хонин арцан дундаа холбироод өгөх минь
     Хөхрөгч яавал чиг яаг
     Хөх арцан дундаа хөлбөрөөд өгөх минь” ийм нэг омголон, бас
амгалан хоёрыг хослуулдаг гэж байгаа. Дээр нь мэдээж Будда. Юу гэхээр анх Монгол оронд дэлгэрсэн цагаасаа эхлэн нүүдэлчдийн ахуй амьдрал, урлаг соёл гээд аль л уусч шингэж болох бүхий л зүйлд нөлөөлөн хувьсгаж улмаар он цагийн уртад уламжлалт шашин, уугуул сэтгэлгээ болтлоо гүн гүнзгий суурьшсан Буддын гүн ухаан, эш үзэл түүний амар амгаланг эрэлхийлэх сэтгэлийн эрэлд дагуулжээ. Түүгээр ч зогсохгүй,
                        “...Амирлан бясалгалаа, өмнө минь
                             Нэг их өндөр Будда
                             Алтан босгыг нь зориглон алхлаа
                             Харин тэнд би өөрөө” хэмээн тэр Буддагаар дамжуулан “өөрөө
өөрийгөө нээж” байна. Энэ бол уран бүтээлчийн их ухаарал, сэтгэлгээний  дэвшил юм. Түүнээс гадна Ц.Бавуудоржийн яруу найргийн нэг онцлог бол дорнын хэв намба, өнгө аяс бүхий дотоод зохирол, уянгалаг эгшиглэнт хэл найруулга. Ийм ч учраас түүний шүлгүүд дорхноо дуу болон түгдэг биз ээ. Мөн түүний шүлгүүдэд хачин жигтэй зүйлс ч их бий. Ер нь яруу найргийг яруу найраг, урлагийг урлаг болгож байдаг нэг зүйл бол энэ хачин жигтэй зүйлс бололтой юм. Хамгийн наад зах нь л,
                           “Сарны туулайн хүйтэн чихнээс
                             Санаандгүй би атгаж үзсэн юм...” гэж байгаа юм. Үүнийгюу
гэж ойлгох вэ? Тийм гээд яг таг хэлчихэд хэцүү, тэгсэн хэрнээ нэг “юм” хэлээд байгаа биз. Энэ мэт мөрүүдийг түүний шүлгүүдээс зөндөө олж болно. Бас нэг хэлэхгүй өнгөрч боломгүй зүйл бол түүний шүлгүүд дэх далд бэлгэдэл. Энэ тухайд С.Дулам, Д.Галбаатар, Ч.Билигсайхан гээд номын багш нар маань хангалттай ярьсан тул зөвхөн нэг л зүйлийг сануулах гэсэн юм. Найрагчийн “Дорно зүгт өвс болно” номын болоод сүүлийн үеийнх нь шүлгүүд  англи, испани гээд олон хэл дээр хөрвүүлэгдэж байх шиг байна. Энэ ч зүй ёсны хэрэг. Цаашид улам олон хэл дээр хэвлэгдэх биз ээ. Гэхдээ Монгол ахуй ертөнцийг нэвтэрхий мэдэх хүмүүст л бүрэн ойлгогдох “Монголын их амар амгалан”, “Монголын их суу билиг” гэх мэт үндэсний өвөрмөц сэтгэлгээг илэрхийлсэн гайхалтай шүлгүүд нь орчуулагдах болов уу. Болдогсон бол С.Дулам багшийн “Монгол бэлгэдэл зүй”-н хэдэн ботийг тэдэнд эхэлж уншуулчихаад Ц.Бавуудоржийн “Монголын...” гэх шүлгүүдийг нь хүргэвэл арай л өөрөөр сэрж сэнхэрнэ дээ. Гадна гэлтгүй дотроо бид энэ их соёл, амар амгалан, намуун уянгаа бүрэн ойлгож мэдрэхээ огоорчихоод байна шүү дээ. Ёстой л эл найрагчийн,
    “Хотын дунд
     Халиун буга сүүтэн сүүтэн алхана.
     Холын цаст уулаа тэнгэртэй нь
     Жаазанд буулгуулаад авч яваа би
     Хоолойд нулимс торж
     Хойноос нь удтал дагавай”хэмээх “Хавар” шүлгийн мөрүүд шиг
болчихоод байна. Ирж буй цагийн өнгө юм биз дээ. Гэхдээ эх орноо амар амгалангийн сүүлчийн “хаан ширээ” гэдгийг ухаарч таньсан яруу найрагч, түүний эл ухаарлын дуун болох амар амгалангийн яруу найргийг ойлгодог өргөн олон уншигч байхад Монголын заяа газардахгүй бизээ. Эл олон уншигчийнх нь нэгэн болох миний бие,
  “Тал нутгийн дээгүүр ариг ялдам цас
    Танил нэгний чандар мэт аяар нэг бударсаар байна...” гэх түүний
нэгэн шүлгийн мөрүүдийг анх олж уншчихаад “Жинхэнэ яруу найрагч юм даа” гэж дотроо уулга алдан баярлаж байсан цагаас хойш даруй хориод он улирчээ. Тэр үед Ц.Бавуудорж Монголын яруу найргийн ертөнцөд дөнгөж хөл тавьж байсан бол өнөөдөр энэ ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болж байр сууриа баттай эзэлжээ. Ингээд түүний шүлгүүдээс хамгийн сүүлд уншсан нэгэн гэрэлт мөрөөр энэхүү өчүүхэн лээ өндөрлөе дөө.
                        “Галбирыг минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
    Бүлээн бороо дусална...”

Tuesday, June 1, 2010

АВЪЯАСТНЫ ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

Багш, зохиолч Ц.Бадамжунай

”Гэнэн насны гэгэлгэн аяс” ном 2005 он


*

   1983 оны шаргал туяатай хонгор намар Завхан аймгийн Улиастай хотын 8 жилийн дунд сургуулийн хашаанд айлчлахуй хүзүүндээ улаан бүч намируулж дүрэмт хувцас өмссөн хүүхэд багачууд эгнэн жагссан нь сэтгэлийг хөвсөлзүүлэн хөдөлгөнө.Хичээлийн шинэ жилийн баяр хүргэж сургуулийн захирал Х.Нацагдорж үг хэлсний дараа мөнгөн хонхны шингэн дуу жингэнэж  багш нар анги ангиа аваад саруул танхимдаа орж хичээлийн шинэ жилийн эхний хичээлээ зааж эхлэв.6 В ангид орвол эрэгтэй эмэгтэйгээрээ цэнхэр ширээн дээр суусан хүүхдүүд сэтгэлд нэг л дулаахан .Харин энэ ангийн хойд талын ширээнд суусан өндөрдүү нуруутай ,бор царайтай төлөвхөн хүүхэд бол өнөөгийн нэрт яруу найрагч Ц.Бавуудорж байсан юм.Монгол хэл уран зохиолын хичээлийг энэ ангид заах завшаан надад тохиолдсонд баяртай байдаг юм.Хичээлийн явцад өндөр нуруутай тэр хүү хичээлдээ мах руу зүтгэлтэй ,дэвтэр номоо цэвэр цэмцгэр эдэлдэг, сурлага сайтай байсан нь анхаарал татсан.Ялангуяа бичсэн шүлгүүдээ уншиж зөвлөгөө авахыг мэрийдэг байсан нь  сэтгэл сэргээдэг байлаа.Шүлгүүдийн нэр нь уул ус,гол мөрөн, ботго гэх мэт ганц үгээр илэрхийлэгдэж тухайн юмс үзэгдлийнхээ мөн чанарыг зөв гаргадаг байсан нь “авъяас байна даа” гэж баярлуулдаг байлаа.Өөрөөр хэлбэл бичсэн шүлгүүдээс нь цэнхэр дөл маналзаад байх шиг бодогддог байсан.Завхан аймгийн Шилүүстэй суманд 4-р ангийн сурагч байхаасаа сургуулийнхаа уран зохиолын багш Бөөрөнхийд  шүлгээ үзүүлж зөвлөгөө авдаг байсныг нь хожим мэдсэн билээ.Авъяаслаг энэ сурагчийн авъяасыг хэрхэн хөгжүүлэх билээ гэж бодсоор сургуулийн пионер сурагчид,анги бүлгүүдийн дунд “Ур дүй сэтгэмж  урлагийн бага наадам” зохиолоо.Энэ наадам шүлэг,өгүүллэг, мэдээ найруулал,зүйр цэцэн үг,хэл зүгшрүүлэх үг,оньсого таавар,дуу,уран уншлага ,бүжиг хөгжмөөр авъяас билгийг нь сорьсон юм.Шүлгээр Ц.Бавуудоржийн шүлэг тэргүүлсэн юм.Энэ наадмын эхний байр эзэлсэн хүүхдүүдээр сургуульдаа Уран зохиолын дугуйлан байгуулж хичээллүүлж эхлэв.Хичээлээ шүлэг, дууны үг, өгүүллэг, найруулал ,мэдээ тууж гэж юу вэ ,хэрхэн яаж бичих вэ гэдэг сэдвээр явуулдаг байлаа.Их төлөв дадлагаар бичих авъяасыг нь хөгжүүлэхийг хичээсэн юм.

*

Хурга ишиг эхээсээ төрөөд унаж тусаж дэнжигнэдгийг тэнцрэх гэж ярьдаг шиг цаг явах тусам шүлгүүдийнх нь  нэр нь хүртэл өөрчлөгдөн доторх санаа нь арай гүн болж хүүрнэл маягаар шүлгээ бичдэг боллоо.Шүлгийн сэдэвт нь байгаль эх орноо дуулсан бас дотоод ертөнцийг нээж илрүүлэх гэсэн оролдлого харагддаг болсон.Ц.Бавуудоржийн авъяас билгийг улам хөгжүүлэх зорилгоор аймгийн залуу зохиолчдын нэгдлийн гишүүнээр элс гэж зөвлөлөө.”Багш аа би яаж тэр том улстай мөр зэрэгцэх вэ” гэж хойш суусан ч аймгийн утга зохиолын нэгдэлд хөтөлж очлоо.30 гаруй гишүүнтэй тэр үеийн аймгийн Утга зохиолын нэгдлийн хамгийн залуу гишүүн нь 6-р ангийн сурагч Ц.Бавуудорж болсон юм.

*

Ц.Бавуудоржийг 7-р ангид байхад нь “Пионерийн үнэн” сонины сурвалжлагч Пүрэвсүрэн сургуулиар ирж манай дугуйлангийн сурагчидтай уулзаж шүлэг зохиолтой нь танилцаж Бавуудоржийн шүлгийг нь тоож Цогзолмаагийн өгүүллэгийг магтсан юм.Тэгэхээр нь Бавуудоржийн шүлгийг “Пионерийн үнэн” сонинд хэвлүүлж өгнө үү гэж хүсэв.Дуртайяа зөвшөөрч 2 долоо хоногийн дараа сонины 4-р нүүрт шүлгүүд нь хэвлэгдэв.Энэ нь манай сургуулийн хамт олон,уран зохиолын дугуйлангийн хүүхдүүд ,аймгийн утга зохиолын нэгдлийн гишүүдийн магнайг тэнийлгэж баярлуулав.Энэ л үеэс авъяас билгийнх нь  даль жигүүр тэлж байж дээ гэж одоо бодогдддог.Үүгээр ч үл барам 10-р ангид орсон жилээ Утга зохиол урлаг  сонины “Таны шинэ танил” буланд шүлгүүд нь хэвлэгдэж аймгийн Утга зохиолын нэгдлийнхний төдийгүй яруу найргийн хүрээнийхний магнайг тэнийлгэсэн юм.Тэр үед Монголын утга зохиолын  индэр болсон Утга зохиол урлаг сонины “Таны шинэ танил” буланд шүлгээ хэвлүүлнэ гэдэг хэр барагтай олддоггүй хувь байсан юм.Ийнхүү авъяас билигт шавь Ц.Бавуудоржийн минь  юмс үзэгдлийн дотоод мөн чанарыг уянгын бодол эргэцүүлэл маягаар дүрслэн үзүүлдэг гол онцлог нь их эрт задарсан.Хэн нэгэн тохойноос нь өргөхийг хүлээлгүй байгаль ,уул уснаас заяасан авъяас билгээ өөрөө хөгжүүлж гялалзаж явсаар оюун санааны үнэт зүйлсийг бүтээгч болж чадсанд нь буурал багш нь бахархаад баршгүй.Нарийн нандин, уянгын мэдрэмжийг нь тодруулан гаргаж ирсэн сурагч насны нь он жилүүдийн гэрч болсондоо бүр ч их бахархаж сууна.Миний шавь ховорхон заяах яруу найргийн  авъяастан мөн.Зам түүнийг алсад хөтөлнө.