Monday, October 8, 2012

СУВАРГА ХАЙРХАН


  "Орчлон ертөнцийн тогтоц бол суварганы мөн чанартай бөгөөд орчлон нирваан хоёр үнэмлэхүйд нэгэн мөн чанартай.
-Суварга бээр хүн, ертөнц хоёрын жам зохилдсон чанарыг давхар агуулан хүн, ертөнц хоёр эцсийн эцэст бас нирваантай ном зохиолдсон чанартай гэдгийг харуулж эгэл жамыг ном зохилдуулан урвуулж сансрын тогтолцооноос гэтэлж болох увьдас болохоо ч баталдаг.
-Суварга , хүмүүн сансрын хүлээнээс гэтэлж үнэхээр бэлгэ билгийг онож гэгээрч чадах тэр агуу чанарыг агуулж байгаагаараа тааллын шүтээн , бурхны номын бие буюу хамгийг болгоогчийн чанарыг илэрхийлэх зохилдлогоотой шүтээн учраас гурван шүтээний том төлөөлөл болон оршин тогтнож, түүнийхээ амьд баталгаа болох агуу их адислалт бүх шинж чанарыг илтгэн оршдог. Иймээс суварга бол хамаг бурхдын хурах орд, гадаад ертөнцийн болоод очирын биеийн жамыг ном зохилдуулсан загвар бүлгээ.

Monday, September 3, 2012

“УТГА ЗОХИОЛ УРЛАГ “СОНИН 1987 .01 сар

ТАНЫ ШИНЭ ТАНИЛ

Эх орны минь яруу найраг далай.Энэ далай яндашгүй.Завхан нутгийн хүү Улиастай хотын 10 жилийн 2-р дунд сургуулийн 10-р ангийн сурагч Ц.Бавуудоржийн анхны шүлгүүдийг уншаад ингэж бодлоо.Уянга, ухаарлын содон өнгө аяс, өөрийн дүр төрхтэй түүний шүлгүүд манай яруу найргийн оломгүй хөх далайн нэгэн цутгал болж уулын тунгалаг булаг мэт цагийн цагт эрч хүчтэй ундран байг гэж ерөөе.    Д.ЦООДОЛ


ТОЛГОД

Орчлонгийн гэрэл сүүдэр тээсэн
Он жилүүдийн нүүдэл үдэлж
Дээд хөх тэнгэрийн үүл хотолсон
Дэгдээхэй насыг минь тэвэрч хоцорсон
Намхан бор толгод минь
Төрөөд уйлахын минь дуунаар
Бор туулайд чинь
Гэрийн хаяагаар гүйлдсэн юм гэлүү
Төвшин эцгийн минь баярын нүдэнд
Надаас өөрцгүй харагдсан юм гэлүү
Бодолд минь уянга шаглаж
Сэтгэлд минь ухаарал хайрласан
Намхан бор толгод минь
Эгэл зүрхний дуулал шүлгээрээ
Эрх нэг бүжин чинь байх сан
Уянгын найрагч Явуугийн нүдээр
Унасан газрынхаа толгодыг нэг харахсан
Аргалын утаанд аргамжаатай толгод минь
Ангирхан наддаа нэг баярлах сан
Толгод минь өөрийн эгшиг уянгатай
Толгоддоо мөлхөж өссөн би ч уянгатай
Тоонотоо баярлуулж
Ээж минь намайг төрүүлсэн
Толгодоо баярлуулж
Би найраг төрүүлнэ ээ


ТОГОРУУН ЦУВАА

Алд хадаг шиг далавчин дээрээ
Алтан нарыг аяга шиг тавиад
Миний нутгийн цэнхэр тогорууд
Мэндийн аялгуу ганганасаар ирнэ
Сар уйлтал үрийн бүүвэй аялсан
Сайхан монгол эхээс мэндлээгүйсэн бол
Нуураа санасан тогоруудыг хараад
Нулимс гартал юундаа би уярах вэ
Тоонон дээгүүр ганганан ирэхдээ
Тогоотой сүүнд сүүдрээ унагаагүй
Тогоруун цуваа
Өндөгнөөс дассан нутгийн уулс
Өндөлзөн тосохдоо энгэрээ ярсан
Тогоруун цуваа
Холхи, далай тэнгисийн орноос
Хормойхон нуурыг юунд зорино вэ
Тогоруун цуваа
Атгахан зүрхэнд минь
Ойртон ойртон ганганасан
Анхны хайрын уянга
Тогоруун цуваа
Мөнхийн цуваа


ТЭНГИСИЙН ӨГЛӨӨ

Цар ихт тэнгисийн мандлыг хэмжин нисэх
Цахлайн жигүүрийн цэнхэр исгэрээг шуранхайлан наадаж
Салхин аялгуу тэнгисийн симфони тоглохуй
Олон цэнхэр морьд цойлон цоройлон цовхчих шиг
Онгон тэнгисийн мандал үүлэнд асан давалгаална
Тэгтэл өглөөний нар ороо цэнхэр давалгаан дунд санд мэнд
Тэртээ холд шидэгдэж үүл зайдлан санд мэнд
Цахлай тэнгисийн дунд жигүүр цуцан санд мэнд
Царгүй хөх тэнгист нар унаж энд тэндгүй санд мэнд


ТАРИА

Ай тариа
Амуу тариа
Алган дээр минь бол урмын бороо
Атгахан зүрхэнд минь бол уянгын түрүү
Цэлмэг хөх тэнгэрийн амт
Цэнхэр талын минь инээд
Унагасан хөлсний дуслын тоо
Уран гараар шагласан хээ
Намар ,зун, хаврын
Эгэл өдрүүдийг
Нартай хэлхэж ургасан
Монгол тариа
Намайг газартай зүйж урласан
Шүлгийн санаа
Ай тариа
Амуу тариа
Миний шүлгийн мөрөнд мөнхрөн ургаарай
Мичид шүргэм талыг бүрхээрэй

-Саяхан МЗЭ-ийн хороонд залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүд болж төв орон нутгийн 80 гаруй залуу зохиолчдын бүтээлийг хэлэлцэв.Манай залуу зохиолчид авъяас билиг, мэдлэг оюунаа дайчлан анхаарал татахуйц олон шүлэг, өгүүллэг бичсэнийг энд талархах ялдамд тэдний бүтээл сэдвийн хувьд нэлээд явцуурсныг тэмдэглэн хэлье.Өөдрөг бадрангуй, иргэнлэг, ажил хөдөлмөрийг алдаршуулан магтсан  бүтээл ховор байна.Уран бүтээлийн сэдэв бол цаг үетэйгээ хамт урагшилж, хөгжиж, нийгмийн өмнө хүлээсэн уран бүтээлчийн үүргийг баяжуулж байдаг учиртай өргөн цар хүрээтэй асуудал юм.Аливаа зохиолын сэдвийг нээх, шинэ санааг гаргахад зохиолчийн урлах эрдэм, ур чадвар чухлыг энд өгүүлэх юун.Манай сонин энэ дугаараа “Нээлттэй хаалганы өдрүүд”-д оролцож, зөвлөгөө авсан зарим залуу зохиолчдын бүтээлээс нийтлэв.

Friday, March 30, 2012

“ШИНЭ ЗУУН МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ”

Доктор П.Хишигбаяр


Дүрслэх арга барилын тогтолцоо нь төрөл зүйл хийгээд сэдвийн хувьд зохиолчийн урлан бүтээх чадамжийг хамарсан ойлголт юм.Тухайлбал яруу найрагч Ц.Бавуудоржийн нэгэн шүлэгт,

“Сүрчиг үнэртсэн гэзэгний урсгал зөөлөн сүлжээнд
Сүүдэр хулжсан шөнийн сарны гэгээ үгүйлэгдэнэ
Туяхан хурууны өндөг гэрэлтэж санчигаа засах чинь
Тунгалаг үүрийн гэгээнд ямар дотно үзэгднэм бэ” бүсгүйн гоо сайхныг дүрслэхдээ шөнийн гүн харанхуйг сонгож намуун аяз ,сүрчгийн үнэр,гэзэг ,сүлжээс,харанхуй ,цагаан хуруу,үүрийн гэгээг дотно сэтгэлийн хөгөөр хөглөж, үг хэллэгүүдийг оновчтой сонгож нягт тансаг урласан нь яруу найрагт шинэ дүрслэл болжээ.Онгод,авъяасаар бичсэн бүтээлээ зохиолчийн хөдөлмөрөөр засан сайжруулдаг нь түүний хэвлүүлж уншигчиддаа өргөн барьсан “Бүгээн анир” /1991 он/ “Гүмүда” /1993 он/ “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” /1999 он/түүвэр бүтээлүүдээс харагддаг.
Яруу найрагч Ц.Бавуудорж эх орон, хайр,анд нөхөр гээд уламжлалт сэдвүүдээр дүрслэхдээ шүлэг туурвих дорно дахины онолыг баримтлан ,өөрийн өвөрмөц хандлага, урлахуйн давтагдашгүй шинжийг нээн гаргажээ.Яруу найрагч Г.Мэнд Ооёо “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” түүвэр нь “...Дорнын тансаг хийцтэй дотоод гүн утгатай ,уянгалаг сайхан шүлгүүд бүтээж найрагчийн цээнд хүрсэн “-ийг илтгэн харуулсныг сайшааж тэмдэглэсэн байдаг.Ц.Бавуудоржийн шүлгүүдэд цагаан,цэнхэр  өнгө давамгайлдаг нь найрагчийн цогцлоодог гэгээлэг ахуйн тусгал юм.Орчлонгийн хар өнгө түүний дотроос шөнийг “урт цагаан шөнө” ,”цагаахан шөнө”, “саруулхан шөнө”,”гүн тунгалаг шөнийн ахуй”,”цэлмэгэр үдэш”,”цэлмэг үдэш”,”гэрэлт үдэш”,”цагаахан манант үдэш”гэсэн бол бороог “янагийн цэнхэр бороо”,”цагаан бороо”,”цэнхэр бороо”,”намирсан шаргал бороо”,”намираа бороо” зэргээр мөн өдрийг  утга эрчимжүүлсэн тэмдэг нэрээр “цав цагаан өдөр”,”цэв цэнхэр өдөр”гэж дүрсэлсэн нь бий.Монгол хүний сэтгэлд бадамлах эх нутгийн тухай сэтгэлгээ найрагчийн уран бүтээлд нутаг устай нь хүйгээр холбогдож

“Ертөнцөд гуниглал минь дэндээд ирэхээр
Ерийн сайхан уул Отгонтэнгэртээ очдог “гэх мэт олон шүлгээр илэрдгээс гадна язгуур монгол ахуйг дүрсэлж урладаг онцлогийг нь товойлгон харуулдаг.Тухайлбал

“Дорнын гэрэлт сарнаар жигүүрээ залах зүг минь билээ чи
Дуран өвөртлөөд хатируулчихмаар цэнхэр нутагт билээ чи”,

” Төгөлдөр саруулхан ижий минь намайгаа хүлээгээд
Төө цагаахан шөнөдөө сөөм гуниглах аа”,

”Дэлийг нь зассан шарга морь минь гол дотор
Дэнлүү адил туяатаад намуухан үүрсэх ээ” гэх мэт найрагчийн бүтээлийг уншихад нутаг, ижий, хүлэг гээд монгол ахуйн энгийн дүр зураг нүднээ буух ажээ.Мөн Ц.Бавуудоржийн шүлгүүдээс дорно дахины уламжлалт яруу найргийн сэтгэлгээг илэрхийлсэн,

“Гэгээн сарнаар хөвүүнээ санаад
Цагаан бүрүйд чулуун жүнзийг асаанам”,

” Нарийн архи ,муутуу үдэш л
Найрагч андын чинь амраг юм шүү” зэрэг олон тансаг зураглалыг уншиж болно.Уянгалаг зөөлөн аяс бүхий

“Галбирыг минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
Бүлээн бороо дусална”,

”Бийрийн чинь үзүүр шингэрвэл хаа газраас ч дуулгана гэж итгэдэг ээ
Билиг бодож тэр цагт мөнгөн санчигнаасаа хаврын шувуугаар өгүүлнэ зэ “ уран бүтээлчдэд л заяадаг торгон мэдрэмжээ ийн аргамжиж

“Зандаар урласан гөрөөс амилж босоод гүйвэл
Замбага цэцгийн үнэртэй шүлэгчийн сэтгэл тэр шүү”,

”Цэн найраг бүтэх нь агар зандангаар гөрөөс зорох адил” ,

”Галынхаа дэргэд тонгойсон хан Алтайн бүсгүй
Галидаасын бийрийн мөнгөн бэх нь юмсан “гэх мэт нарийн зурж шүлэг туурвисан нь өнөөгийн монгол яруу найргийн санд залуу яруу найрагчдын оруулах их бүтээлийн эхлэл олз омогтой байгааг илтгэж байна...


“ШИНЭ ЗУУН МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ”  шүүмж судлалын ном / 2002 он/  

Thursday, March 29, 2012

ЗӨРӨН ӨНГӨРӨХ

Доктор П.Хишигбаяр


  Яруу найргийн бүтээлийг уншиж байхад шүлэг эх орон –энх тайван ,хайр-хагацал,тэнгэр-газар,өнгө зүүд-сэрэхүй,улирал ижий-аав,өглөө-үдэш,уул-тал,нар-сар,би,эр хүн,бүсгүй ,эхлэл-төгсгөл,ганцаардал-хос хоёр,цэцэг,ирэхүй-одохуй,аялгуу ,бороо-цас,харц,өвс зам харгуй гээд олон сэдвээр бүтээлээ туурвижээ.Эдгээр олон сэдвээс бүсгүйг тэр дундаа зөрөн өнгөрөх бүсгүйг яруу найрагчид хэрхэн дүрсэлсэн бол гэдэг асуудал анхаарлыг минь татсан юм.Яруу найраг энгийн гоо сайхныг магтан дуулахад зориулагдсан юм шиг санагддаг.Энэхүү гоо сайхан нь дахин давтагдашгүй ,түүнийг дүрслэн туурвих нь ч бас эгнэшгүй.Ийм үл давтагдах агшин бол зөрөн өнгөрөх бүсгүйн харц,гуниг,үнэр,үзэмж,сайхан нь билээ.Гэвч зөрөн өнгөрөх тансаг гоо ертөнц учрах-эс учрах ,мэдрэх-эс мэдрэх ,хайрлах-эс хайрлахын баяр гуниг зөрчлийг авчирна.Ц.Бавуудоржийн шүлгийн жишээн дээр...

1.”Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглуу
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу...” учрал гэхээр учирсан мэт...учралын сэжүүр гэхээр дөнгөж уулзаад танилцсан мэт...Зөрж одсон болохоор гуниглуу...өвс норсон мэт...Зөөлөн бороонд норсон мэт уяруу.Гунигаа дагаад уярах.

2.”...Дөлж зөрсөн гоо охид дурлалдаа гэрэлтсэн шөнүүдийн
Дөлгөөн сарнаар цацарсан аригхан цас аа би” өөр нэгэнд хайраа зориулах гоо охид сэтгэл хоёр зөрчилдөвч яруу найрагч дөлгөөн сарны дор гэгээн сэтгэл,найраг дуугаараа цас болон сацрах ажээ.

3.Хувь тавилангаа дагадаг хорвоод,
“Товшиж өнгөрсөн бүсгүй эргэж ч харахгүй нь энгүүн
Товчлоогүй энгэрийн зах руу цас урсах нь л бүлээн”.Хувь тавилангаа дагаад бүсгүйн одохыг ердийн энгийн зүйл гэж хүлээж авсан байна.Бүсгүйн цоглог жигд алхаа ,задгай энгэр даган орох цасны амьсгалыг халуун дулаан мэдрэмжээр хүлээн авч илэрхийлжээ.

4.”...Тунгалаг гоо бүсгүй өмнүүр гунхаж одно
Туяарсан хөх урсгал салхи татуулан сэвсхийнэ “ Гоо бүсгүйн үзэсгэлэнг тунгалаг гэдэг үг нэмэн гунхаж хэмээн тодотгоно.Гоо сайхны урсгал...сэвсхийнэ гэж хөнгөн сайхан мэдрэмж үүсээд замхрахыг өгүүлжээ.Зөрөн өнгөрөх бүсгүй, зөрж одсон агшин нь найрагчийн сэрэхүй юм.Хувь тавилангаа дагаад үл учравч энэ хэдхэн хормыг мэдрэн шүлэглэсэн нь түүний суу билгэ ажээ.Харин энэхүү гоо сайхны сэтгэлгээ,арга барилаар илэрсэн дүрслэлээр илрэх зөрчлийг тунгаавал:

1.Юмс үзэгдлийн дотоод мөн чанар нь зөрчил юм
2.Зөрчил зөвхөн эсрэг хоёр шинжийн эсрэгцэл биш түүний зохилдохуй юм.
3.Зөрчил ба энгийн байх үзэгдэл,иймээс оршихуйн үндэс мөн.
4.Юмс үзэгдлүүд харилцан зөрчилдөж нэгдэж байдаг.Иймээс ертөнцийн бүх юмс хөгжил хөдөлгөөнд оршдог гэсэн бодол дүгнэлтэд хүрч байна.Яруу найраг бол та бидний ертөнц, хийсвэрлэл юм.Өвөг дээдсийн санчигт долгилсон буурал мөрөн Буянт минь урссаар...Таны эргээр  зугаалан дөлгөөхөн урсгалыг чинь чагнаархан бодол болж ,бие биеэ даван долгилох долгисыг чинь ширтэн суухдаа урсгал сөрөн жирэлзэх бяцхан жараахай их усан дотор тэмцэн амьдарч буйг харлаа.

 “ШИНЭ ЗУУН МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ” шүүмж судлалын ном / 2002 он/  

Tuesday, March 6, 2012

Ц.БАВУУДОРЖИЙН СЭТГЭЛИЙН АЯЗ БА УРЛАХУЙН ГҮНЗГИЙРЭЛ



Д.Цэвээндорж /доктор, профессор/   “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин / 2008 он /


      Уран зохиол, ялангуяа яруу найрагт цаг хугацааны асуудал ертөнцийн орон зайг илэрхийлсэн өвөрмөц байдлаар тусгагддаг бөгөөд гүн ухааны ойлголтоос  тэс өмнөө буюу найрагчийн хэдэн зууны тэртээх оюун сэтгэлгээний хийсвэрлэл хоромхон агшны дүрслэлт буулгаврыг заадгаараа сэтгэхүйн шалмаг үйлдэл ,төсөөлөлт бодомжийн үүднээс бие даасан шинжтэй.Тийм ч учраас утга зохиолын онолд орон зай,цаг хугацааг эртнээс онцолж ирсэн бөгөөд зохиолч уран бүтээлчид бодит цаг хугацаа төдийгүй сэтгэлгээний алслалаа түүхэн дурсамж ,гэгээн сэрэхүйн чанадаар дүрслэн тэмдэглэж иржээ.Уянгын зохиол яруу найрагт дүрслэгдэхүүнээсээ улбаалж оюун санааны төсөөлөлт “туршилт” гэж хэлж болохуйц  өвөрмөц байдлаар цаг хугацааны хоромхон агшны болон мөнхийн шинж чанарыг тусгадаг бөгөөд бөгөөд академич Д.С.Лихачев “Уран зохиол нь урлагийн бусад төрлийг бодвол ямар ч талаар цаг хугацааны урлаг гэж хэлж болно.Цаг хугацаа бол уран зохиолын объёкт ,субъект  дүрслэлийн хэрэглүүр болдог гэж тэмдэглэсэн нь бий.Өөрөөр хэлэхэд уран бүтээлч хүн ертөнцийн оршин тогтнох ахуйн тодорхой хэмжүүр болсон гурван цагийн хэлхээнд цаг хугацааг анирдсан  хүслийн биелэл, мөрөөдөлт санаашралаа уянгын баатрын сэтгэхүйн бодомжоор тусгадаг болох нь ажиглагдддаг.Харин би энд Ц.Бавуудорж найрагчийн нэгэн шүлгээр жишээлэн яруу найргийн цаг хугацааны хэмжүүрийг авч үзэхийн өмнө туурвилзүйн мөн чанарыг нь тодотгон баримжаалах нь зүйтэй санагдана.Түүний Дорно гэх хамаатуулал нь ахуй юмс ,байгалийн үзэгдлийг санаагаар холбож  ,ураар тэгшлэх зөн мэдрэмж ,дүрслэлийн холболтонд байна.Оюун санааны аялал нь шүлэг яруу найраг болон гэрэлтэн хоцордог сэтгэхүйн алслалаар  юмс үзэгдлийг хөвөрдөн учигласан ,эх орон нутаг усаа гэсэн элгэн халуун сэтгэлээр түүхэн хатдын тухай нэхэж өгүүлсэн хийгээд сарны орон зайн дүрслэлт буулгавар тэргүүтэн нь шинэ яруу найргийн  ,тэр тусмаа дорнын ,Монголын яруу найргийн шинэ өнгө төрх ,ур хандал,чадал чансааг илтгэдэг.Жүнзтэй дарсны уйтгарлалыг тандан мэдэрсэн дүрслэлийн чанадын сэтгэмж,ланз үүл гэх мэтийн давтамжит дүрслэл бүхий хэмнэл айзмын жигдрэл ,үгийн сонголт чөлөөтэй нь дорно гэх намба аястай ,утгын өргөн цар хүрээтэй дүрслэгддэг онцлогтой юм. Өөрөөр хэлэхэд утгыг голчилж ,ураар тэгшилдэг билгүүн их сэрэл ,эгээрэл түүний найраг шүлгэнд гэрэлтдэг.Ийнхүү монгол ахуй ,түүхэн хатдын тухай найраглал бүхий утгын гүнд шүтэгдсэн дүрслэл яруу шүлгүүдээс “Монголын их амар амгалан” бүтсэн бол Энэтхэг ,Бангкокт бичсэн дорно сэтгэлгээ,ахуйн дүрслэл бүхий гүнзгий бодол хүвэрдсэн шүлгүүдээс дорно гэсэн тодотгол нэршил бүхий яруу найргийн “Цагаан уул”,Цаст Отгонтэнгэрийн  мөнхийн “өвс” ургуулжээ.Гэгээн сэрэл,торгон мэдрэмжээрээ анирдсан зөн сэрэхүйн дуулал гэгэлзэж хэмнэл айзам бүхий төсөөтэй үгээр сүүл толгойг ижилсүүлэн авиа дууриалгасан нь түүний яруу найргийн далд уянга,дотоод тэмтчилд онцгой байртай юм.Хөг яруу,хөгжимлөг хайрцаглал,уянгын тэнцүүлэлт нь сонгодог монгол бичгийн яруу найргийн үр хөврөлийг баттай хадгалсанд оршино.Ийнхүү хэмнэл зохис,хээнцэр уран шүлэглэл ,задгай хүүрнэл ,айзмын таслалт зэрэг нь утгын гүнд шүтэгдсэнээрээ уянгыг бадрааж ,ухаарлыг эрчимжүүлжээ.Иймийн учир үгийн мэдрэмж ,утгын зохицлоор яруусч ,уянгын давталт ,ухааны бясалгал ,урын гүнзгийрэл нь нэвт сацарнам бус уу.Харин шүлгийн зохиогдсон он цагийг тодорхойлоогүй нь сонгодог шүлэг хэдэнтээ давтагдсан ч язгуур санаа ,дотоод мөн чанараа  гээдэггүйн адил зохиогчийн санаж сэрсэн оюун санааны танилт  ,ур ухааны тэсрэлт ,санаа сэдлийн “олзлол”-ыг нээн тодруулдгаараа чухал үүрэгтэй болохыг анхаармаар.Авъяасыг боловсролоор тордсон түүний бүтээлүүд сүүл давталтын хэмнэл төгс жигдлэлтэй болсон ч шадын эцэст хүүрнэлтэй холбосон нь шүлгийн тогтолцооны зохирол ,уянга яруугийн алслалд зохимжтой хайрцаглал болдог нь онолын суурь бүтээмжийн хувьд гойд тохирч байна.Нэгэн санаанаас хоёр утга сацрааж ,нэг утгаас нэжгээд бясалгал “төрүүлсэнд” түүний найргийн шим,онгодын хур давалгаална.Тэрээр “Хөх өвсний налах чимээ сонсогдоно Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана “ хэмээсэнд эл өвсний чимээ нь яруу найрагч Д.Нямсүрэнгийн өвсний анираас тодорхой эзэн биетэй унаж буй,чиглэгдэж буй буюу бусдаас хамааралтай үйлчлэлийг хөдөлгөөний үйлээр харуулахын зэрэгцээ мөнхүү өвс өө “хөх” болохыг онцолсон нь гүн ухааны аяз ,цаг хугацааны “үнэр”-ийг мэдрүүлдэг.Удаахь шаданд гэхэд уйссан, санааширсан  сэтгэлийн угт булталзах урт түүхийн будангуйг “хөндүүр зүрх” гэсэн ончтой тодотгол  бүхий нэршилд тохоож байрлуулан ,мөнхүү сэтгэлийн аглагийн цаг хугацааг анирдсан шөнө дүлийг сарны гэгээтэй холбож тэрхүү байгаль эрхэс сэтгэлийг нь тэмтчин “шагалзаж” буйг дүрслэн буулгаж чаджээ.Эл хоёр мөрнөөс яруу утгын гүнд нь очиж олж харсан найрагчийн гэгээн алслал ,торгон мэдрэхүй нэвт гийдэг юм.Сэтгэлийн утсыг доргиож оюун санааны  нэг тийм зөн сэрэхүйн гүнд тулгаж яруу аязыг санаашруулах түүний нандин тансаг мэдрэмжийг лавшруулбал

“Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн дор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын  зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчигны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гуниг орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнэ ээ би” гэсэн бусдаас бүтээлчээр суралцаж ,өөриймсүүлж буулгасан түүхэн тэсрэлт, орон зайн алслалт мэдрэмжийн буулгавраар  дурсахуйг нэрлэж болно.Энд зөвхөн нэгэн нийлэг санаа ,дүрслэлт эгээрлийг нэрлэвэл зохиолч Д.Батбаярын “Айсуй баярын зөн” /өгүүллэгийн түүвэр 1990 он/ зохиолоос хожуу бүтээгдсэн тэрхүү зохиолын санаа гялсхийх боловч өмнө бидний ярилцсан Д.Нямсүрэн найрагчийн өвсний чимээнээс ургуулан өнө хойчийн гэрэлт агшинг мэдэрсэн лүгээ адил тэрхүү ирж буй баяр бахдалыг “яваа” гэж тодотгон “совин” гэсэн холбоо гинжлэлд хамааруулснаараа зохиолын тэнэмэл санаа ,дотоод мөн чанараа тэмтэчсэн найрагчийн “Сэтгэлийн аяз” болсныг олж харж болно.Энэ мэтчилэн түүний найраг шүлгийн нэг үг бүхэн ончтой сонголт бүхий орон байраа эзэлсэн шүлгэн шившлэгийн хэлхээ болж буй тул үг бүрт утга дурайж ,утгын цаадах санааны шидлэгийг урин дууддаг онцлогтой ажээ.Тиймээс нэгэн найрагчийн онож хэлснээр “үг бүртээ ачаа үүрсэн” гэдэг үнэлэлтэнд Бавуудоржийн яруу найргийн далд айзам,яруу олонлогийн цөм гээд бүгд багтана.Оюун санааны гүнзгийрэл ,насны ухаарлыг “хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно” гэж хэлсэн нь хүн насжих тусам орчлон ертөнцтэйгээ дотносож ,ээнэгшиж байдаг мөн л цаг хугацааны  мөн чанарыг хөндөж сэтгэлийн нүдэнд учрал энэрэл гэрэлтэж буй уран хийсвэрлэлээр дүрсэлсэн юм.Бас “харьж яваа орчлонгийн хором намайг урсгана” гэсэнд  орчлонгийн харих цаг бус түүнээс цахилан алсалж буй цаг хугацааны гэгээн сэрлийг сануулж түүний хэмжүүр болсон мөч “хором урсгаж “ буйгаар төлөөлүүлэн тэрхүү өвгөн аршийн харсан ирээдүй үе залгамж хойч нь цэцэглэн дэлбээлж буйг удаахь мөрөндөө онож хэлсэн гэж болохоор.Яруу сайхны эерэг эрчим хүчийг “гал”адил цуглуулсан найрагчийн оюун санааны ертөнцийг нээж  нар туссан газар орон бүхэн буюу ертөнцийн хүмүүн бүхлээр  найрагчийн хувь төрлөөс “нар”-ны илч гэгээ нэхэж  бороон дунд сормуусаа чийгтүүлэхийг хүсэмжилж буй “би “ баатрын санаашралыг яруу тулгалтаар буюу үзэгдэл юмс доторхи ижил мөн чанарыг харшуулж нээдэг нь уламжлалт “нэгийг нөгөөгөөр” зүйрлэн адилтгаж зүсэглэн чимэглэдэг ур маягт шинэчлэл  болсон гэж үнэлж болно.Түүний дараахь шаданд ч мөн адил нэгэн цаг хугацааны хэмжүүрт оногдох сарны гэгээнд өвсний шүүдэр цайрч харагдахуйд  “салхины мэдрэмж” алганы хээнд сарниж буйгаар хувь заяа, хүмүүний шидийн чанарыг эгээрч өнөөх хөндүүр зүрхтэй найрагчийн гэгэлзэл, бодлогоширлын аглаг туйлдаа хүрч, санчигных нь мөнгөн сорд залуу насаа тольдохыг санаархаж буй цаг хугацааны асуудлыг дахин дэвшүүлэн “хээнцэр гоо” нэг тийм эрхэмсэг  араншингаа хэн ч бүтээхгүй гуниг болгон орчлонд бэлэглэх найрагчийн омог бардамнал, тэгсэн атлаа хөнгөн уйтгарлал нуугдаж  оршсон эл шүлэг бол бүхэлдээ бүтэшгүй мөхөшгүй хайрыг хөнгөн тоочсон бус урнаар төлөөлүүлж цаг хугацаагаар өртөөлүүлж хэлж чадсан нь Бавуудоржийн яруу найргийн туурвил зүйн ололт хөгжлийн үзүүлэлт болох юм.Эл арван найман мөр бүхий нэгэн шүлгээр түүний “яруу” аглагт сэрсэн бодрол бясалгалын чамин хээнцэрлэл, чанарын тэнцүүлэлт, цаг хугацааны мэдрэмжээс тольдон хуваалцахыг хүслээ.”Сэтгэлийн аяз” хэмээх эл шүлэг бол түүний эрихлэж ботилсон хоёр шилмэл дэвтрийн ердөө эхний шүлэг бөгөөд цаана нь хэдэн зуугаар тоологдох шүлэг найраг таны гэгээн мэлмий, оюуны тааллыг хүлээзнэн үлдлээ.”Монголын их амар амгалан”,”Дорно зүгт өвс болно” оо.