Thursday, April 4, 2013

УРАН ДАВТАЛТ БУЮУ ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ЦААНА...

Лханаагийн Мөнхтөр / доктор  Ph /



/ “Монголын их амар амгалан”  Улаанбаатар- 2008 
                                       номын жишээн дээр/

Яруу найргийн гал тогоо гэдэг нь үгийн урныг  зүйж нааж суудаг урлан юм. Яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн  шүлэг найргийн гал тогоонд хааяадаа нэг зочлоход бас ч сонин  хачиртай, үнэр амт тансаг бүтээлүүд  даргилан буцалж байдаг юм. Олон уран бүтээлчид судлаачид энэ гал тогооны тансагт зочилж өөр өөрийн ухаарлаар амталсан. Тэр тухайгаа өөрт нь болоод өргөн олонд  илгээсэн санагдана.
                   Түүний гал тогооноос миний олж ажигласан нэг  содон “үнэр амт” боловоос  үгийн УРАН ДАВТАЛТ юм.  Шүлэг бүхнийг нь ажиглаж үзээгүй ч  тодорхой сэдэв хүрээнд  хязгаарлан ажигласан цөөн хэдэн санаагаа  дэлгэрүүлэн тайлбарлая.
                   Монгол хэлэнд үг давтах нь  ихэнхдээ тухайн юмс үзэгдлийг  онцлох, хүч нэмэгдүүлэх,  тодруулах, чухалчлах  утгыг  илэрхийлдэг.  Үг давтах нь  зөвхөн нэр үгийн ч явдал биш. Тооны нэр, төлөөний үг,  үйл үг, тэмдэг нэр хүртэл  давтдаг. Энэ бол хэлний боломж. Хэлний энэ боломжийг яруу найргийн түвшинд оновчтой хэрэглэх нь хэлэх гэсэн санаагаа лавшруулан гүнзгийрүүлэх, хүмүүний сэтгэлд  мартагдахын аргагүй  тод ухаарал үлдээхэд  чиглэгдмүй. Яруу найрагч  Ц.Бавуудоржийн шүлгийн урланд үг давтах үзэгдэл нэлээдгүй байна.  Түүхий төмрийг давтан давтан  сайн эдлэл хийдэгтэй адил  найрагч маань үг, үгүүлбэрийг давтан давтан бүтээлээн туурвиж байна. Давтахын тоолонгоор  тухайн бүтээл нь хүч орон  хүмүүний сэтгэлийн гүн тийш яргаж байна уу гэлтэй
                   Үг давтсан хэдэн жишээ татаж  үүнийгээ баталсу.

                        “...Зүсрэн зүсрээд байгаа  цагаан борооны аясаар...
                        Зүрхний цэнхэр нөмрөг дэрвэс дэрвэс салхилна
                        Асгаран асгараад байгаа цагаан бороон аясаар
            Аюулхай цээжний хөгжим  цалгин цалгин урсана...”
                                                                         / Цастын аяз  114-р тал/

       “Чи миний аглагийн аглагт суух юм”  /Зохиролт сарнаа 14-р тал/,

       “Баянхуурын аялгуунд балга балгахан гунигтай
        Бас л хойтон өдийд  баахан жаахан шүлэгтэй...” /Дурсгалт цэнхэр
                                                                                              аялгуу  60-р тал /

       “Цалгиа хөхөмдөг сэтгэл сэтгэлийн дундуур
         Цамба Сэрхийн ариун  цасан бударнам
       Зүсэр зүсэр сарны аньсага норгоод
         Зүдэрсэн шаргал аялгуу зүүн хацрыг чинь л үнснэм...” /Товшуурт
                                                                зүрхний  мандмал сарнаа  99-р тал/,

       “Тангад цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
       Тарни тарнийн чанадад сэтгэлийн зөрөг сүвэлнэм
        Удган цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
       Утга утгын чанадад сэтгэлийн зөрөг сүвлэнэм...” / Титэм аяз 119-р тал/

Ийм олон жишээг түүний яруу найргаас олж  болох юм. Уншигч та дээрх жишээнүүдээс үг давтсан хэсгийн  нэгийг нь хасаад уншаад үзээрэй.  Энэ үед л түүний чухал болохыг аандаа ажиглана. Жишээлбэл:  “...зүсрээд байгаа  цагаан борооны аясаар... Зүрхний цэнхэр нөмрөг дэрвэс салхилна... ,  “Чи миний аглагт суух юм”  гэж бичих боломж байгаа ч  цаад  санаа нь илэрхий бүдгэрч яруу эгшиглэн,  утгын эрчим нь  илэрхий буурч,  зарим нэг нь бүр утгын хувьд гажиж байгаа мэт санагдаж байгаа юм  л даа. Тухайлвал:  “Зүрхний цэнхэр нөмрөг дэрвэс салхилна...” гэхээр утгын хувьд  оновчгүй болж байх юм.  Гагцхүү  “Зүрхний цэнхэр нөмрөг дэрвэс дэрвэс салхилна...” гэхээр л утга ч төгс, хэлэх гэж  буй яруу санаа ч улмаа тодрон үйл хөдлөл нь  ялгарч байх юм.  Энэ бол үгийг  оновчтой давтахын тод жишээ яах аргагүй л мөн л дөө. 
                   Яруу найрагчийн  үг давтахын өөр нэг онцлог  бол  бүтэн үгүүлбэр давтах явдал. Ийм жишээ олон байна.  Энэ бол уламжлалт  монгол араншинд ихээхэн ойр,  сэтгэлгээний  хувьд эртний  бичлэгийн төрөлд  “шадарласан” тийм онцлог гэж хэлж болно.
                   Тухайлбал:   “Үргэлж залуу“ /41-р тал/ гэсэн 16 мөрт богино шүлгэндээ  “Үргэлж би залуу явах юм шиг”  гэдэг  үгүүлбэрийг  8 удаа давтсан бол, “Монголын их амар амгалан” /133-135-р тал/  шүлэгтээ:  “Монголын их амар амгалан” гэдэг  мөрийг /үгүүлбэрийг /  28 удаа давтсан байдаг.  Ингэж давтснаараа   яруу найрагч  “Амар  амгалан”-гийн тухай  хүмүүний сэтгэлд улмаа гүн сэтгэгдэл төрүүлж, төв  зөөлөн аясыг мэдрүүлж,  бодолхийлэх орон зайг бий болгож чадсан юм.  Ер нь “Монголын их амар амгалан” гэдэг шүлэг нь  150 гаруй үгээс бүтсэн шүлэг л дээ.  Нэг талаас давталтын хэв маягийг онцгой ашиглахын сацуу бүхэл бүтэн шүлгийнх нь хувьд аваад үзвэл  нэг үгийг  нэг л удаа хэрэглэсэн нь их сонин.  Энэ шүлгэнд  “Монголын их амар амгалан” гэдэг үгүүлбэрийг л  давтсан, бусад бүх үгийг үнэндээ нэг  нэг л удаа хэрэглэсэн байгаа нь үгийн сангийн хувьд үнэхээр баялаг шүлэг юм.
                   Өөр нэг давталт бол  шүлгийн мөр бүхний төгсгөлийн үгийг давтсан байдал юм.  Тухайлвал:  “Цогтсүмбэр уул” /65-р тал/ 16 мөр шүлгийн мөр бүхний төгсгөлд “Цогтсүмбэр” гэж давтсан,  “Монголын их  дорнод тал”  /145-р тал/  шүлгэндээ  мөрийн төгсгөлд  “ганганана” гэдэг үгийг  19 удаа давтсан  байх жишээтэй.     
                   Энэ түүврийг уншин ажиглаж  байхуйд өөр нэг  давталтын хэв маяг байна.  Тэр нь  Шүлгийн мөр алгасан  төгсгөлийн үгийг давтах маягаар урласан шүлгүүд ч байна.  Яруу найрагч  “Шаргал аяз” /125-130-р тал/  нэлээд урт  шүлгэндээ: 
                     “Намрын цагаан манангаар хайрын дурсамж бүтээнэм      
                      Намуун хонгор салхиар гэзэг үсийг сүлжнэм
                      Дорнын цагаан манангаар хайрын дурсамж бүтээнэм
                      Долоон бурхан одоор гэзэг үсийг сүлжнэм...”
Энэ давталт нь бүх бадгуудад байх юм.  Бас ч энэ шүлгэнд  хэд хэдэн үгээс  бүтсэн бүлэг утгыг  давтсан нь  дээр үгүүлсэн үгүүлбэр давтахын тод жишээ л дээ.  Жишээ нь:  цагаан манангаар хайрын дурсамж бүтээнэм”, “гэзэг үсийг сүлжнэм” гэхчлэн... Энэ  шүлгийг цааш ажиглавал:  Бадаг бүхнийг нь  төгсгөлийн үг болон бүлэг үгсийн  бөгжин буюу салаавчилсан давталтаар урласан  байна.  Тийм болохоор яруу найрагч маань үг давтахын торгон мэдрэмж, яруу хэрэглүүрийг уран бүтээлдээ нэг том  урлахуйн арга болгосон нь харагдаж байна. 
            Энэ хэдэн ажиглалтаас үүдэн бодохуйяа  яруу найрагчийн өөрийнх нь дүр төрх, шүлгийнх нь хэв маяг,  үгүүлэх гэсэн санаагаа  тодруулах, хүч нэмэгдүүлэх өвөрмөц шийдэл нь  үг  буюу  үгүүлбэр, бүлэг үгс давтах арга гэж хэлж болохоор байгаа юм.  Бурханы номыг  олон удаа давтан уншваас хүч орж үг амилдаг хэмээн  үздэг лугаа үгийг давтахын  ид шид энд  нуугдан оршвой хэмээн  бодож сууна даа....Яруу найрагчийн гал тогоонд урлахуйн арга ухааныг нь ажиглаж суугаадУРАН ДАВТАЛТ буюу ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ЦААНА...”  хэмээх нэгэн  бодлын түлхүүр бүтээснээ
 таны таалалд барилаа.Цааш хэрхэхийг...


2010 оны 2 дугаар сар 28  Бар жил.  хаврын тэргүүн сарын шинийн 15

Wednesday, March 6, 2013

АМАР АМГАЛАНГИЙН “ЯРУУ НАЙРАГ”МОНГОЛ НЭРИЙН ХУУДАС

Доктор П.Хишигбаяр  “МОНГОЛЫН МЭДЭЭ”сонин / 2001 он /

   Яруу найраг хэмээх энэхүү эрхэм тансаг ,хээнцэр ертөнцөд хамгийн сайхан үгийн урлаг оршном.Яруу найрагч чиний эгшиглүүлсэн үгийн хуур мэт миний сэтгэл ч бас уянгалж байна.Та бидний дуулал их мөрний урсгал мэт эрч, бас намуун зөөлөн аястай ажгуу.Монгол найраг л ийнхүү уул талын хүний сэтгэл зүрхэнд нэвтэрдэг шидтэй билээ. Ц.Бавуудоржийн найраг шүлгийн охь ,түүний нэрийн хуудас шинэ бүтээл бидний өмнө байна.”...Анир тайвуун ээжийн бүүвэй,өвгөдийн уужим алслаг уртын дуу,араганд хүү суулгасан ачаа хөсгийн бараа ,уул талын сэвэгнүүр төдий зөөлөн салхи...аргадан өсгөсөн болохоор орчлонг зөөлөн тунгалаг нүдээр харж өрөвч уяхан сэтгэлээ амар амгалангийн өмнө сүү шиг дэвсэж явах хувь тохиосон “ найрагчийн “Монголын их амар амгалан” бүтээл бүхэлдээ монголын уламжлалт сонгодог яруу найргийн арга барилаар ,гэхдээ зөвхөн Ц.Бавуудоржийн өвөрмөц сэтгэлгээ,урлахуйг илэрхийлсэн бүтээл болжээ.
   Түүнийг уншиж байхад урлаг хийгээд монгол хүний оюун сэтгэлгээний тухай өргөн далайцтай санаа байнга хамт оршиж байх юм.Урлагийн олон төрлийн дотроос үгийн урлаг хамгийн түгээмэл шинжтэйгээрээ ялгардаг.Нялх балчир үр хүүхдээс наян настай буурал ,энгийн ардаас төрийн түшээ ,Ерөнхийлөгчийг хүртэл үгийн урлаг үйлчилж байдаг билээ.Монгол хүүхэд дөнгөж мэндэлсэн үеэс эхийн бүүвэйн дуунд уярч ,хэлд орсон цагаас эхлэн аман зохиолын гайхамшигт туурвилыг сурч энэхүү урлагт суралцдаг төдийгүй түүнийг зохиогч болон өсөхдөө орчлон ертөнцийг танин мэдэх хийгээд өөрийн гоо зүй,гүн ухааны үзэл хандлагыг аман зохиолд чөлөөтэй илэрхийлдэг байна.Монгол үгийн урлаг түүний хөгжлийн түүхийг анхааралтай судлан шинжилбэл бичмэл хэлбэрээс илүүтэйгээр аман зохиол туурвил төрөл зүйлийн хувьд ч урлахуйн талаараа ч цэцэглэн хөгжжээ. Аман зохиол нь монгол нутагт хүн амьдарч аж төрөхүйн арга ухааныг эрэлхийлсэн тэр эрт цаг үеэс үүсэл бүхий өнө удаан жилийн түүхтэй ,монгол хэлний үгсийн баялаг сан, хэл зүйн дүрэм горимд тулгуурласан,хийсвэр болон бодит сэтгэлгээний зохилдохуйн дүнд урган гарсан, тэдний санаа сэтгэл ,шүтлэг заншил,аж төрлийн хэв маягт зохицон нийлсэн туурвил байдаг.Иргэншилт улсуудтай харьцуулбал монгол бичгийн уран зохиол тооныхувьд чамлалттай үлджээ.Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн кирилл бичигт хөрвүүлсэн “Монголын нууц товчоо” бүтээлийнхээ оршилд “..Нууц товчоог 13-р зууны үед зохиосон ганц яруу зохиол гэж үзэж болохгүй.Жишээлж хэлбэл,халцгай цөлд ганц өндөр нарс ургадаггүй.Өндөр ойн дунд өндөр нам олон нарсны зэрэгцээ ургадаг бишүү.Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сүндэрлэсэн “Нууц товчоо “гэдэг бүтээл бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг мөн гэж бодож болно.Бусад олон зохиол яасан бэ гэж асуувал гээгдэж ,цагийн урсгалд элэгдэж сүйджээ гэж хариулж болно” хэмээсэн нь бий.Манай бичгийн уран зохиол аман зохиолын шууд нөлөөнд үүсэн бүрэлдсэн юм.Нийгмийн хөгжил ба урлагийн хамааралд шууд таамаглаж хэлэхийн аргагүй үр дагавартай байдаг.Өнгөрсөн цаг үеүд монгол урлаг ,түүний дотроос үгийн туурвил ч энэ замаас гажсангүй.Эдгээрийг өгүүлсний учир нь яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлд Монголын нийгэм,урлагийн туулж ирсэн зам замнал тодорхой туссанд оршино.Монгол нутагт анхны төрт улс бүрэлдэж асан тэртээ 3 –р зууны үеийн эх түүхэн баримт ,домгийг хорвоогийн ёс жаяг,хайр сэтгэлийн нандин утсаар шаглаж “Хүннү яньжи” найраглалаа туурвисан байна.Хүннүгийн хан Модун шаньюугийн тухай эх нутгийнхаа сөөм газрын төлөөсөнд хайртай хатан,хүлэг морио өгсөн домог бий.
   Эрт цагийн Хүннү нутаг ,хан хатны жаргалтай аж төрлийг найраглалд дурайтал дүрсэлжээ.

“Урт намрын их үдэд
Улалзан байлаа...Модун
Энгэрийн хайлаас салхилах шиг
Эрхлэн байлаа ,гоо Яньжи
Хөхүүртэй айргийн түсгэрээнд
Хүннү голын намар
Хүрэнтэнхэн найгаж байлаа
Омголон хээр морьд,
Орхоны цагаан тохой
Яшил зандны нуруу,
Ясан хуурын татлага,
Дууны урт шуранхай шиг
Дуралзан үелзэн байлаа
Өвгөдийн завилаанд чилсэн
Өндөр Хүннү нутаг
Хөхөмдөглөнхөн байлаа ...Үүрд найрамдахын баталгаанд үзэсгэлэнт хатан сөөм газраа өгөхийг шаардсан элчийн үг Хүннү алтан төрийг доргиож  хуралдай зарласныг
...Илд мэс сугарсан
Эрэлхэг догшин арсалдаан...
...Нүүгүүл хүрэн эрсийн
Зайгуул эмнэг хөхрөлдөөнөөр үзүүлээд
Бадралт Хүннү гүрний
Баруун зовхи татлаа
Цэцэн танхил хатны
Цээжинд зэв шургалаа
Өндөр түүхийн шастирт
Ягаан бэх дусаалаа ...” хэмээсэн нь уран сайхны оновчтой шийдэл болсон байна.13-р зууны үеийн түүхэн бие хүн хар хадааны Жамухын тухай “Монголын нууц товчоо” болон бусад түүхэн сурвалж зохиолуудад угсаа гарвал,үйл хэргийнх  нь талаар тодорхой мэдээлсэн нь олон боловч түүний хувийн амьдрал нууцлаг үлдсэн байв.Яруу найрагч түүхийн ямар нэгэн эх сурвалж илрүүлсэн бололтой.Би Ц.Бавуудоржоос өөрөөс нь сонссон мэдээгээр Мөнгөлөн хатан хийсвэр дүр биш гэдгийг батлах юм.
...Мөнгөлөн авхай
Тангудын хатан Гүрвэлжингээс
Ганцхан зулын гэрлээр дутуу...
Суут хаан Тэмүжингээс
Ганцхан одоор дутуу
Цуут их Жамух ... гэж яруу найрагч дүрслэлийн цоо шинэ боломжийг нээсэн нь уламжлалаас татгалздаг өнөөгийн найрагчдад эрэл хайгуулын яндашгүй баялаг уламжлал бий гэдгийн нотолгоо болох буй за.Мөнгөлөнгийн дүрээр зөвхөн үзэсгэлэн гоо хатныг зурагласан төдийгүй Жамух,нутаг ус, Хэрлэн мөрний хувь тавилан оршихуйн шинжтэй хамтатган дүрсэлж хайр сэтгэл, гэр бүл ,эх орон хэмээх нэгэн цул зүйлийг зангидан үзүүлжээ.Энэ сэтгэлгээ бол монгол хүний төрөлх чанар юм.Цаазлагдсан эр нөхрийнхөө тэргүүнийг
...Зүрхэн тус өргөөд
Халиун өвс бөхийтөл
Хайлан уйлан ганддаг бүсгүй,
Түүхийн манан дундуур
Түрэмгий урссан мөрөн Хэрлэн...найрагчийн амар амгалан ертөнц,энэрхүй,дорнын гүн сэтгэлгээ,тал мэт уужим тэнүүн бодол санаа ,уулсын оргил адил тэнгэрлэг оршихуй энд цогцолсон ажээ.
...Зүс танил ханз үсгийн гүрэнтэй
Зүрхний хээ нийлээгүй
Цээжний манант монгол бүсгүйгээ
Цэцэн эх хэл эжий шиг тэвэрчээ,бүүвэйлжээ .”Агай” найраглалд эдгээр мөрүүд бий.Бас “Дадишуари” гэж 17_р зууны үеийн яруу найрагч Д.Равжаагийн зүрхний янаг бүсгүйг 
...Саран хөхөөний тайзан дээр
Сар шиг мандаж явсан тухай ч юмуу ,
...Өнгөт хар үсийг
Өргөн мөрөн дээгүүрээ
Өлзийлж асгартал буулгасан
Хар цагаан алаглаж
Халх бишүүрхэл нуугдсан
Дэлгэр тавиун мэлмий нь
Дэлхий дүүрэн мөшөөсөн
Төв ихэмсгийн дорх
Угалзтай шулуун хамар
Уруулын яльгүй инээмсэглэлд
Утгын нарийн нууцтай
Үе гишүү бүхэндээ
Үр боловсрох цагийн
Найлзуур модны уяралтай...гийгүүлэнт жаахан Аминагийн тухай “Амина” найраглалыг Энэтхэг,Төвдийн яруу найргийн онол сургаалын дагуу монгол шүлэг, дүр сэтгэлгээгээр гоо сайхныг дүрсэлсэн бүтээлүүд байна.Эдгээрийн найраглалуудад түүхийн тодорхой цаг үеийг уран сайхны аргаар нээн харуулахдаа бүсгүй хүний дүрийг гол болгон аж төрөл,ертөнцийг үзэх үзэл хандлага,гоо сайхан,байгаль ,түүхийн талаарх мэдлэгээ зангидан монгол хэлний үлэмж баялаг хэрэглэгдэхүүнээс оновчтой сонголт хийж нарийн мэдрэмжтэй хандсан нь урлагийн бүтээл болсон байна гэж үзэх үндэслэлтэй юм.Ц.Бавуудоржийн уран бүтээл дэх гүн ухааны үзэл баримтлал нь монголчуудын язгуур шүтлэг болж бөө мөргөл,хожим нь нүүдэлчдийн гол шүтээн болсон шарын шашин хоёрын тодорхой нөлөөнд уран бүтээлээ туурвисан байдгаар илрэн гардаг билээ.Монгол нутагт хүн болон мэндэлж эхийн цагаан сүүгээр амалж өссөн ,хүний эрхэм дээд чанарыг шүтэх үзлийг ард түмэн ,эжий аав,анд нөхөд, хорвоогийн сайн хийгээд муу бүхнийг нягталж олсон ,байгаль дэлхий хүний хүйн холбоог эрхэмлэн дээдэлдэг найрагч монголынхоо дайтай сэтгэдгийг түүний “Монголын их амар амгалан” бүтээл гэрчилнэ.”Монголын их амар амгалан”шүлэг байна.Ай,даа үнэхээр,
“..Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних...
...Өндөр цагаан үүлс...
...Буурин дээр ногоо цухуйх...
...Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан...мөн гэж найрагч тантай хамт монгол хүн би бодно.
“Ээжгүй хүн уйлж амьдардаг
Нулимстай цагаан сарны дор
Ээжтэй хүн дуулж жаргадаг
Морьтой хөх тэнгэрийн дор ...” гэж эхэлдэг “Жаргаж гуних орчлон “ хэмээх дуу бий.Олон ястны өлгий нутаг миний эх орон.Энэ дууны шүлгийг сонсоход Алтайн уулс, үлгэр туулийн цэнхэр хязгаар Урианхай түмний дуулдаг ардын дуу эрхгүй санаанд буудаг юм.Эжий аавын түшиг,хайр,энэрлийг орчлонд орлох зүйл бий билүү.Яруу найраг хэмжихийн аргагүй богинохон агшнаас төрдөг мөртлөө гүн их ухаарлыг өгдөг ажээ.
“...Галбирыг минь дагуулж бүсгүй хүн өндгөөрөө тэмтрэх шиг
Бүлээн бороо дусална...
Намуун гоо бүхэнд залуу бие минь мэхийгээд
Намрын халуун салхинд дээлийн хормой сэмэрч байна...” Энгийн бүхэнд орших гоо сайхныг найрагч нээж ,түүнийгээ хамгийн энгийн үгээр урлаж хамгийн төгс гоо сайхныг цогцлоодог.
“...Арслан цагаан зоригоор
Архирч дүүлсэн
Өндөр улаан урсгал
Монгол цус цээжинд минь...
...Наранд залбирч тэнгэрт мөргөдөг
Цэцэн монгол билээ ,би...” Яруу найрагчийн сэтгэлийн давалгааг шүлгийн зөөлөн аяс аргадаж монгол шүлэгт л байдаг их хүрхрэлт,аядуу намуун эгшиг зохиролдон омог бардам морьтны дөлгөөн уужим занг илтгэсэн уран бүтээлийг яруу найрагч Ц.Бавуудорж бүтээж чаджээ.



Monday, December 3, 2012

"ПИОНЕРИЙН ҮНЭН" сонин 1986 он

“СУРАГЧИЙН ҮЗГЭЭР”

Завхан аймгийн төвийн 10 жилийн 2-р сургуулийн 9-р ангийн сурагч Цогдоржийн Бавуудорж 6-р ангиасаа эхлэн яруу найраг сонирхон оролдсон юм.Түүний шүлгүүд ур хийц дүрслэл сайтай, утга санаа товч тодорхой болжээ.
Сурагч Ц.Бавуудоржид улам их уншиж уйгагүй хөдөлмөрлөж уран бүтээлийн өгсүүр замд ганзага дүүрэн олз омогтой явахыг хүсье.

Сонины зөвлөл


БИ ШҮЛЭГ БИЧНЭМ

Хүсэл нь хүслээ хөтөлсөн
Хүний орчлонгийн уудамд
Үйлс ариун өөрсдийнхөө тухай
Үзэг дэвтрийнхээ тухай бичиж
Хүж дэлхийн сонорт хүргэн
Хүүхдийн цоглог дуугаар уншихсан гэж
Би шүлэг бичнэм
Оюун бодлын орчих харгуй
Оддын дэвжээ ертөнцийн халилд
Онгон хүлгийнхээ догшин булгиан дунд
Одод шаргитал шүлгээ уншихсан гэж
Би шүлэг бичнэм
Хүсэлдээ хүрэхийн тулд
Би шүлэг бичнэм
Хүй орчлонд өөрийн дуугаар
Дуулахсан гэж шүлэг бичнэм


ШУВУУД БУЦАХ ӨГЛӨӨ

Буцах шувуудын тэнгэрт зэллэсэн цуваа
Бүлээхэн дуслаар сэтгэлээ өчин ганганахад
Амталж ханашгүй эх нутгийнх нь тэнгэр уйлагнаж
Айлчин намар нулимсан шүүдрээр газар ундална
Цагийн аясаар уулс дан цантай жиндэхэд
Цагаан булган үүлсээр дээл эсгэж
Нар завгүй өнжинө


ААВЫН СУРГААЛ

Тойрмын хотост дэгдээхэйтэйгээ наадсан
Тогорууг цочоохоор томоогүй зангаа
Чулуутай хамт шидэх гэтэл
Чухал үг санаанд орлоо
Амьтны жаргалыг хайрлаж яв гэж
Аав минь надад сургасан бишүү
Аавын сургаалыг санаж яв гэж
Амьдрал надад захисан бишүү


ГОВИЙН ӨГЛӨӨ

Өглөө бостол
Өндөр атны минь
Бөхний хооронд
Өглөөний нар тухалчихсан
Өөдөөс минь хараад
Мишээж байлаа
Том ат минь
Тухасхийн бостол
Томоогүй нар өнхрөөд явчихав
Наанаас нь гүйтэл
Надаас урьдаад
Нарыг ашгүй
Тэнгэр өөрөө
Тэврээд авлаа


*

Холбоо толгодын цаанаас ингэн тэмээ
Хонгорхон сэтгэлийг минь цалгиулан буйлахуй
Уянгат шүлгийн минь олон ботго тэр зүг
Ухаан бодлын уужим талаар уралдан тэшнэм


Monday, October 8, 2012

СУВАРГА ХАЙРХАН


  "Орчлон ертөнцийн тогтоц бол суварганы мөн чанартай бөгөөд орчлон нирваан хоёр үнэмлэхүйд нэгэн мөн чанартай.
-Суварга бээр хүн, ертөнц хоёрын жам зохилдсон чанарыг давхар агуулан хүн, ертөнц хоёр эцсийн эцэст бас нирваантай ном зохиолдсон чанартай гэдгийг харуулж эгэл жамыг ном зохилдуулан урвуулж сансрын тогтолцооноос гэтэлж болох увьдас болохоо ч баталдаг.
-Суварга , хүмүүн сансрын хүлээнээс гэтэлж үнэхээр бэлгэ билгийг онож гэгээрч чадах тэр агуу чанарыг агуулж байгаагаараа тааллын шүтээн , бурхны номын бие буюу хамгийг болгоогчийн чанарыг илэрхийлэх зохилдлогоотой шүтээн учраас гурван шүтээний том төлөөлөл болон оршин тогтнож, түүнийхээ амьд баталгаа болох агуу их адислалт бүх шинж чанарыг илтгэн оршдог. Иймээс суварга бол хамаг бурхдын хурах орд, гадаад ертөнцийн болоод очирын биеийн жамыг ном зохилдуулсан загвар бүлгээ.

Monday, September 3, 2012

“УТГА ЗОХИОЛ УРЛАГ “СОНИН 1987 .01 сар

ТАНЫ ШИНЭ ТАНИЛ

Эх орны минь яруу найраг далай.Энэ далай яндашгүй.Завхан нутгийн хүү Улиастай хотын 10 жилийн 2-р дунд сургуулийн 10-р ангийн сурагч Ц.Бавуудоржийн анхны шүлгүүдийг уншаад ингэж бодлоо.Уянга, ухаарлын содон өнгө аяс, өөрийн дүр төрхтэй түүний шүлгүүд манай яруу найргийн оломгүй хөх далайн нэгэн цутгал болж уулын тунгалаг булаг мэт цагийн цагт эрч хүчтэй ундран байг гэж ерөөе.    Д.ЦООДОЛ


ТОЛГОД

Орчлонгийн гэрэл сүүдэр тээсэн
Он жилүүдийн нүүдэл үдэлж
Дээд хөх тэнгэрийн үүл хотолсон
Дэгдээхэй насыг минь тэвэрч хоцорсон
Намхан бор толгод минь
Төрөөд уйлахын минь дуунаар
Бор туулайд чинь
Гэрийн хаяагаар гүйлдсэн юм гэлүү
Төвшин эцгийн минь баярын нүдэнд
Надаас өөрцгүй харагдсан юм гэлүү
Бодолд минь уянга шаглаж
Сэтгэлд минь ухаарал хайрласан
Намхан бор толгод минь
Эгэл зүрхний дуулал шүлгээрээ
Эрх нэг бүжин чинь байх сан
Уянгын найрагч Явуугийн нүдээр
Унасан газрынхаа толгодыг нэг харахсан
Аргалын утаанд аргамжаатай толгод минь
Ангирхан наддаа нэг баярлах сан
Толгод минь өөрийн эгшиг уянгатай
Толгоддоо мөлхөж өссөн би ч уянгатай
Тоонотоо баярлуулж
Ээж минь намайг төрүүлсэн
Толгодоо баярлуулж
Би найраг төрүүлнэ ээ


ТОГОРУУН ЦУВАА

Алд хадаг шиг далавчин дээрээ
Алтан нарыг аяга шиг тавиад
Миний нутгийн цэнхэр тогорууд
Мэндийн аялгуу ганганасаар ирнэ
Сар уйлтал үрийн бүүвэй аялсан
Сайхан монгол эхээс мэндлээгүйсэн бол
Нуураа санасан тогоруудыг хараад
Нулимс гартал юундаа би уярах вэ
Тоонон дээгүүр ганганан ирэхдээ
Тогоотой сүүнд сүүдрээ унагаагүй
Тогоруун цуваа
Өндөгнөөс дассан нутгийн уулс
Өндөлзөн тосохдоо энгэрээ ярсан
Тогоруун цуваа
Холхи, далай тэнгисийн орноос
Хормойхон нуурыг юунд зорино вэ
Тогоруун цуваа
Атгахан зүрхэнд минь
Ойртон ойртон ганганасан
Анхны хайрын уянга
Тогоруун цуваа
Мөнхийн цуваа


ТЭНГИСИЙН ӨГЛӨӨ

Цар ихт тэнгисийн мандлыг хэмжин нисэх
Цахлайн жигүүрийн цэнхэр исгэрээг шуранхайлан наадаж
Салхин аялгуу тэнгисийн симфони тоглохуй
Олон цэнхэр морьд цойлон цоройлон цовхчих шиг
Онгон тэнгисийн мандал үүлэнд асан давалгаална
Тэгтэл өглөөний нар ороо цэнхэр давалгаан дунд санд мэнд
Тэртээ холд шидэгдэж үүл зайдлан санд мэнд
Цахлай тэнгисийн дунд жигүүр цуцан санд мэнд
Царгүй хөх тэнгист нар унаж энд тэндгүй санд мэнд


ТАРИА

Ай тариа
Амуу тариа
Алган дээр минь бол урмын бороо
Атгахан зүрхэнд минь бол уянгын түрүү
Цэлмэг хөх тэнгэрийн амт
Цэнхэр талын минь инээд
Унагасан хөлсний дуслын тоо
Уран гараар шагласан хээ
Намар ,зун, хаврын
Эгэл өдрүүдийг
Нартай хэлхэж ургасан
Монгол тариа
Намайг газартай зүйж урласан
Шүлгийн санаа
Ай тариа
Амуу тариа
Миний шүлгийн мөрөнд мөнхрөн ургаарай
Мичид шүргэм талыг бүрхээрэй

-Саяхан МЗЭ-ийн хороонд залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүд болж төв орон нутгийн 80 гаруй залуу зохиолчдын бүтээлийг хэлэлцэв.Манай залуу зохиолчид авъяас билиг, мэдлэг оюунаа дайчлан анхаарал татахуйц олон шүлэг, өгүүллэг бичсэнийг энд талархах ялдамд тэдний бүтээл сэдвийн хувьд нэлээд явцуурсныг тэмдэглэн хэлье.Өөдрөг бадрангуй, иргэнлэг, ажил хөдөлмөрийг алдаршуулан магтсан  бүтээл ховор байна.Уран бүтээлийн сэдэв бол цаг үетэйгээ хамт урагшилж, хөгжиж, нийгмийн өмнө хүлээсэн уран бүтээлчийн үүргийг баяжуулж байдаг учиртай өргөн цар хүрээтэй асуудал юм.Аливаа зохиолын сэдвийг нээх, шинэ санааг гаргахад зохиолчийн урлах эрдэм, ур чадвар чухлыг энд өгүүлэх юун.Манай сонин энэ дугаараа “Нээлттэй хаалганы өдрүүд”-д оролцож, зөвлөгөө авсан зарим залуу зохиолчдын бүтээлээс нийтлэв.