Friday, June 7, 2013

САРНЫ ШҮЛГҮҮДИЙГ УНШААД…



Д.ГАЛБААТАР /доктор , профессор/    “Сарны шүлгүүд” ном 2006.06.20


1990-ээд оны эхээр Их сургуулийн гудамжнаа оюутан залуус хөгжилтэйеэ шуугилдан, хөгшин улиангар мод шарласан навчисаа ганц нэгээр газарт нисгэн эгээ л нэг яруу найрагчсан бол шүлэг хэлхэн чулуудмаар өдөр хүрэн тэрмэн дээлтэй, үс гэзэг болсон өндөр бор хүүтэй тэр л түм түжигнээн болсон олны хөл хөсөөн дунд танилцсанаа санаж байна. Түүнтэй хамт хэн явсныг нь одоо би санадаггүй юм. Лав л надад их итгэл олсон шавь юм уу, эрхэм андуудын минь нэг байсан. Тэрээр энэ залуу Завханы Ц.Бавуудорж гэж танилцуулж билээ. Үг дуу цөөн, зөөлөн намуун яриатай залуу байсан. Энэ сацуу миний анд авъяаслаг яруу найрагч агсан С.Цоозол Москвагийн Руставилийн гудамжнаа байрлах миний байрнаа саатаж ахудаа нутгийн энэ хүүгийн тухай “манай нутгаа хол явах залуудаа” хэмээн нэгэнтээ өгүүлж асан нь санаанд буусан билээ. Ц.Бавуудорж оюутан болчихоод, бас яруу найргийнхаа анхныхаа түүврээ “Бүгээн анир” /1991/ нэрээр хэвлүүлж, мөн онд “Гүмүда” /1993/ хэмээх хоёр дахь номоо гаргаснаа хэлж, надад бэлэглэсэн нь одоо Токиогийн Гадаад Судлалын их сургуулийн номын санд буй. Бас надад дурсгасан гарын үсэгтэй “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ”/1999/, “Дорно аялгуу” /2001/ номууд нь ч тэнд буй. Би тэдгээр бүтээлийг унших бүрийдээ зарим нэг хүнд тайлан ухаарахад түвэгтэй байж мэдэх бэлгэдэл далд санаа, хийсвэр дүрслэл, ондоошуулал сэлтийг сайн ойлгож эс чадавч дорно зүгийн далайн орны чийглэг үдшээр түүний шүлгийн сэтгэлд нийцтэй хөг аялгуу, айзам хэмнэл, ая эгшиг, салхи савирыг мэдэрч суух таатай байдагсан. Хэдийнээс түүний шүлэг зохиолын талаар ямар нэгэн юм бичихсэн хэмээвч алгуурласаар өдий хүрчээ.
Эрхэм дүүгийн номуудыг харь нутагт төөрүүлэн орхисон бус нэгд: түүний түрүү үеийн шүлгийн түүвэр надад олдохыг больж, хоёрт: яруу найрагт хил хязгаар байдаггүй, ганц боловч найрагчийн бүтээлийг гадаадын судлагчдын гарт үлдээх далд санаа /тэр сургуульд жил бүр монголыг судлагч болох 10 гаруй оюутан магистрант, докторант суралцдаг/ гуравт: тэрхүү алдартай сургуулийн профессор манай оюутан магистрантын судалгаанд хэрэглэгдэхүүн болгооч хэмээсэнтэй холбоотой байсан билээ. Харин Ц.Бавуудоржийн “Амар амгалангийн яруу найраг” /2002/ нь миний номын санд бий. Тэрээр нэлээд шүлгүүдээ англи хэл рүү буулгуулж хавсарган оруулдаг нь гадны уншигчдад таатай сэтгэгдэл төрүүлдэг бололтой юм билээ.
            Тэдгээр номд “шар хун мэт үдшээр уйдан...”, “сод цээжнээ шүлэг суваргалаад...” “хүннү аяз”, “Цастын аяз”, “сэтгэлийн галбир”, “ Монголын их амар амгалан “шүлгүүд, богино хэмжээний ур хөг нь тэгширсэн найраглалууд гээд чухам Ц.Бавуудоржийн яруу найргийн өвөрмөц ая дан, хөг эгшиглэн,  ур зүйн онцлогийг хадгалсан олон бүтээл нь бий. Шинэ номыг үзэж байхад гүн ухааны аяс хандлагаас гадна дуулийн яруу найргийн шинэ хэлбэршлийг сонирхож тэрхүү өвөрмөц жанрын тиг ёсыг барьж сайтар эзэмшиж байгааг үзээд Г.Мэнд-Ооёо найрагчийн урьдчилан харсан “...дорнын бүсгүйн алчуур дээрх шаглаа мэт тансаг хээ хуартай бөгөөд залуу халуугийн задгай халуун хүүрнэл, тогтсон гүн бодлогошрол аль алин нь найрссан...” гэх тодорхойлолт нуруутай байсанд баясах сэтгэл төрж байна.
            Хүмүүс түүнийг “дорны” хэмээн тодорхойлох дуртай. Үнэндээ тийм эсэхийг, бас түүний шүлэг зохиолыг тийн лугаа ойлгон мэдэрдэг хүмүүс олон гэдэгт би нэг л итгэж чаддаггүй юм. Тиймэрхүү хэв маяг шүлэгт нь байдаг ч хэн хүн тийм ч амар хүлээн авна гэдэгт эргэлздэг юм. “Амар амгалагийн яруу найраг” номынхоо оршилд “Монголын цэнхэрлэг аглаг, хүн зоных нь ахуй гэгээлэг, нүүдэлч амьдрал, оюун сэтгэлийнх нь ай сав, амар амгалангийн аяз, шившлэгийг өөртөө хураан нууцалж байдаг шиг санагдана. Ахуй болоод оюун сэтгэлийн амар амгалан бол орчлонгийн үнэт зүйл...” хэмээгээд суурин иргэншлийн түрэмгийллийг “ар араасаа давлан айсуй төмөрлөг түрлэг” гэж тодорхойлон ертөнцийн амар амгалангийн сурвалжит аугаа их орон зай нь дорно дахин тэр дундаа монгол нутаг, хүн зоны ахуй амьдрал, иргэншлийн өвөрмөц хэвшилд оршин байгааг учирлан өгүүлсэн нь тохиолддог. Найрагч энэхүү шинэ номдоо “Дорно”, “Дорнын хөх тэнгэр” хэмээх өвөрмөц сэтгэлгээ сонин шийдэл бүхий томоохон шүлгүүдээ оруулжээ.
            “Баруун мөрөн дээр минь
            Амар амгалангийн суу билиг
            Зүүн мөрөн дээр минь
            Ариун дурлалын буурал хөгжимч завилсан
            Амирлангуйн нууцат дорно билээ би
            Өрнө миний айдас
            Үүрийн туяаны минь алтан амсрыг тэр хулгайлсан юм.
            Өрнө миний түгшүүр
            Өрхний завсрын шаргал гэгээ
            Уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасалсан юм.
            Өрнө миний эрхэм нөхөр
            Үргэлж намайг сэрэмжит сэцэн болгосон юм
            Өрнө миний эрхэм анд
            Өвст тал, цаст уулсаа харамлахад сургасан юм
            Би дорно... “зэргээр антитези /харшууллын/ уран дүрслэлийн хэв маягийг ашиглан дорно, тэр дундаа монголын их амар амгалангийн төгс төгөлдөр зохицол хийгээд мөн чанарыг монгол ахуйн дүрслэлээр гайхалтай сайхан ялган тодотгож эцэст нь тэрхүү амар амгаланг аврагч яруу найргийн хүч чадлыг угсарсан олон уран тодорхойллоор давтан хийж эцэст санаагаа
            “... Мөнх бусын салхин
            Миний айдас буюу
            Мөнхүү өрнөөс үлээх хүйтэн амьсгал
            Миний агуу их айдас...
            Өөрөөр айхыг би үл мэднэ
            Би дорно... “гэх зэргээр нэгтгэн зангидаж өгчээ. Тэр тусмаа тусгаар тогтнол, өөрсдийн иргэншил, гарвал, аж төрөхүйн ёс уламжлалыг хамгаас эрхэм дээд хэмээн үздэг монгол  яруу найрагчийн хувьд энэ мөрүүд бол эрхэм дуурьсал. Киплинг ч , Ч.Чимидэд ч ийм зүрх зориг, хувийн үнэмшил итгэл байсан. Залуу яруу найрагчдад буй дорнын хүний төрмөл зан чанар, сэтгэл зүрхнийх нь илэрхийлэл энэ бизээ.
            1990-ээд оны уянгын яруу найрагт өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, бичлэгийн ур дүй, сэтгэлгээ, дүрслэлийн давтагдашгүй арга барилтай нэгэн залуу яруу найрагч орж ирсэн нь энэхүү Цогдоржийн Бавуудорж байлаа. Тэр өдгөө нэр алдартай яруу найрагч болсон хэдий ч энэ тэрийг даган “навсаганаж” өөрийгөө эвдсэнгүй, бас өөрөө өөрийгөө давтаж ул дол болгосонгүй. Шүлэг бүтээл нь он жил улирах тусам гэрэл гэгээ нэмэн, бяр бяд сууж, найрагчийн ур ухаан задран тэлж байгаа нь түүний хүрэх өндөрлөг хол гэдгийг харуулдаг юм. Үүнд нь би дуртай.
            Богд Очирваань уулын эргэн тойрон, ойр орчимд төрсөн хийгээд их хайрханыг сүлд шүтээнээ болгон сэтгэлдээ дээдэлж сүсэлсэн хэний боловч буян хишиг арвижиж, уран бүтээлчийн авъяас билэг задран хэтийдэж, шүлэг зохиол нь ямагт гэрэл гэгээ, хүч чадлыг хуримтлуулан, шүншиг суудаг гэж ахмад үеийнхэн хөөрөлдөх. Тэр ч үнэн бизээ.
            Ц.Бавуудоржийн шүлэгт энэ уулын сүр хүчин хийгээд гэрэл гэгээ, хөгжим аялгуу, эрхэмсэг анир чимээ, цагаан бүгээн өнгө, хуур ятгын ая эгшиглэн, увидаст шид, тэнгэр бурхад, амин савдаг, хөх тэнгэр, урван хөрвөгч цагаан үүлс, наминчлал өргөн дүрслэгддэг нь энэхүү их уулын нөлөө эрхшээл ч байж мэдэх юм.
            Саявтар “САРНЫ ШҮЛГҮҮД” шүлгийн шинэ номын эхээ барин ирж, өө сэвийг нь дарж өгөөч хэмээсэн билээ. Энэхүү номын хэд хэдэн чухаг ололт бол найрагчийн шүлгээ хэт сунжруулан уртасгаж, нурших хандлага, хэт чамин үг, дүрслэл хөөцөлдөөд утгын тал нь ээдэрдэг, санаагаа тарамдуулж зөвхөн сонсголонт чанар, мэдрэмжийг шүтэх барилаас нэлээд холдож, шүлгүүд нь ерөнхийдөө богиносч, үүний үрээр утга санааны төвлөрөл, оновчтой дүрслэл, гүн ухааны аясаар баяжин, хэт хийсвэрлэл, тухайн үедээ зөвхөн найрагч өөрөө л мэдэрсэн гэмээр тодорхойгүй далд бэлгэдлүүдээ задлан шүлгийн санаагаа гүнзгийрүүлсэн нь түүний шүлэг бүтээлдээ хийж байгаа шинэчлэл юм.
Тухайлбал: “Очирваань уулын цагаан үүл
            Орчлонд намайг дагаж нүүдэг
            Мөнхийн ногоон арц нь хүртэл
            Мөр замыг минь хучиж ургадаг
            Мөнгөлөг тэр уулын бурхан
            Мөрөн дээр минь заларч явдаг
            Очирваань уулын цагаан салхи
            Орчлонд намайг дагаж салхилдаг
            Алтан увидаст хурмаст нь хүртэл
            Амгалан тавиланг минь адислаж байдаг
           
/Очирваань уулын цагаан үүл/ гэсэн сэтгэл зүйн шинж бүхий шүлэгт мэдрэхүйн үүргийг ашиглан найрагчийн дотоод ертөнцийг энгийн оновчтой нээжээ. Гэтэл “Нэгэн цагийн хорвоо” хэмээх орчлонгийн аяг араншин, жам ёсны тухай өгүүлсэн шүлэгт
            “Намар болоход ээжгүй хүн
            Энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг
            Ямархан гэрэлт одон тэнгэрт ч гэлээ
            Зүг чиггүй харвадаг
           
            Солирын цохиолтод далай өнгөн дээрээ амгалан төрхтэй ч
            Гүндээ бол ёолж байдаг
            Сонгодог зургийн догшид жаазан дотроо омголон дүртэй ч
            Мөн чанартаа бол уйлж суудаг...”
зэрэг дүрслэлд нь гүн ухааны даацтай гаргалгаа агуулагдан буйг аль ч шүлгээс нь түвэггүй олж болно. Энэ бол найрагч уянга цэцлэлийн хөг хэмнэлээс ухаарлын яруу найргийн зүгт хийж буй томоохон алхам төдийгүй “Бүгээн анир”-аас эхэлж, “САРНЫ ШҮЛГҮҮД” шүлгийн түүвэр хүртэлх түүний уран бүтээлийн зам мөр, ахиц дэвшил нь түүврээс түүвэрт, шүлгээс шүлэгт ур ухаан, уран чадвар, сэтгэлгээ, сэтгэлийн нээлт өргөсөн гүнзгийрч монголын нэн шинэ үеийн яруу найргийн ертөнцөд хэн ч дуурайж үл чадах давтагдашгүй, өөрчлөгдөшгүй өөрийн гэсэн арга барил бүхий төлөөлөгч болж төлөвшсөнийг харуулж байна.
            Яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн талаар үеийн нөхдөөс нь гадна ахмад үеийн найрагчид, судлагч шүүмжлэгчдийн өгсөн үнэлгээ ам сайтай нь түүний уран бүтээлийн бан цэнг илтгэнэ. Профессор Ч.Билигсайхан “Монгол яруу найргийн өргөө эзэнгүйдэхгүй нь ээ...” шүүмждээ “Ц.Бавуудорж түрхрэн ирж байгаа энэ цаг үеийн их давалгааг үнэнээр нь зөнчөөр мэдэрсэн хорин нэгдүгээр зууны монгол яруу найрагч...” болохыг “Амар амгалангийн яруу найраг” болон бусад түүвэр дэхь бүтээлүүдийг задлан шинжлэх замаар түүний бүтээлийн онцлогийг ялган тодорхойлж үнэлсэн бол өнгөрсөн зууны авъяас төгөлдөр яруу найрагч Б.Лхагвасүрэн авгай “энэ хөвгүүн, яруу найраг маань ухаан зарж байгаа нь энэ тэр гээд бага ойлгогдох, учраа олохгүй хуучин үг цуглуулж мунгинасан нэг хэсэг, цовхчиж дэвхцсэн нэг хэсэг, өлбөгөр хэмнэлтэй магтахуйн нэгэн хэсэг, эгээрлийн гэж будилаад бүгээрлийн болсон хэсэг, урсгал гэхээсээ татаалууд болсон үед хэтийдсэн тодотгол, аялгуут үгсийн давхардсан хэмнэлтэй шүлэг авчирсан нэгэн болой...” /”Дорнын аялгуу” түүврийн оршил/ хэмээн бахархсаныг сүүлийн түүвэртэй харьцуулан бодвол эдгээр цэцэд хийгээд мэргэдийн үгс ер нэг хөөрцөг хөвсөргөн үг биш бололтой. Академич Х.Сампилдэндэв, доктор Л.Хүрэлбаатар зэрэг судлагчид ч түүний бүтээлийн сайн, саарын тухай өгүүлсэн зүйлс буй. Ялангуяа шүлгүүд нь богиносч, утгын төвлөрөл сайтай, далд битүүлэг, ойлгомж муутай үг хэллэг цөөрсөн нь үнэн үг хэлэгчдийн шүүмжлэлийн ач тус, шүлэгчийн шүүмж хүлээн авах чадвартай холбоотой. Өмнөх номуудын зарим дутагдал сүүлийн номд давтагдсангүй нь найрагчийн шүлгийн жинхэнэ монгол өнгө төрхийг олж харах боломжийг нээжээ.
            Шүлэгчийн юмсын мөнх хийгээд мөн бус чанар, хоосон чанар хийгээд урд хойдын нас, сүнс сүлд, зүүд зүүрмэгийн алтан агшны төсөөлөл мэдрэмжид тулгуурласан “Асар тэнгэрийн хаалган дээр”, “ Цаг хугацааны хүлэг морьд”, “ “Тунгалагийн тухай шүлэг”, “ Алга урвахын шүлэг”, “Харсаар байтал”, “Цав цагаан цастын орноо орхиод”, “Бурхдын дууль” шүлгээс гадна өчил хэлбэрээр урласан эгээрэл санагалзал, зориулал, бодлогошрол, бясалгалын аястай “Өвлийн аяз”, “Мөрөөсөхүй”, “Гөлгөнд зориулсан шүлэг”, “Гуниг”, болон “Таталбар”, “Цаана чинь”, “Дарьгангад” зэрэг аян замын зураглал таталбарууд, мөн “Алтан шаргал навч”, “Хаврын өвс нэгэнтээ хөхрөх цагаар”, “Уйдагч хувилгаан” “Анхилуун цэцэгс үнэрээ гээж”, “Гэтлэхгүйн цэнхэр хязгаар” зэрэг утга уянгын шүлгүүд таны сэтгэлийн чавхдасыг хөглөж, оюуныг цэнгээх тул олныг нуршин тайлбарлахаас татгалзлаа. Гэхдээ Ц.Бавуудоржийн утга уянгыг хүлээж авахад билгийн мэлмий, сэтгэлийн мэдрэмж, оюуны хүч хэрэгтэйг уншигч та мартахгүйг хичээх биз ээ.
            Шүлэг хөг аялгуунд амилдаг нь үнэн ч утга санаа хийгээд хэлбэрийн зохистой харьцаа, уран сайхны нээлт, тансаг сайхан дүрслэлийн үүрэг түүнээс дутахгүй чухал. Шүлэгт айзам хийгээд хэмнэл хэмээх бусад хүчин зүйлсийн үүрэг бас л хэрэгтэйг найрагч анхаарах ёстой. Зарим судлаач түүний уран бүтээлийг нийгмийн гэгээлэг уншигчдад зориулсан монголын элитар яруу найргийн уламжлалтай холбож үзсэн нь бий. Тийм ч байж мэдэх, үгүй ч байж мэдэх билээ.
            Ц.Бавуудоржийн шүлэгт илт өгүүлэхүйн ёс дэгийг өргөн хэрэглэдэг. Нэг юм үзэгдлийг олон нэрээр гүтгэн нэршээж бичих арга нийт дорно дахин тэр дундаа төвдийн яруу найрагт ихэд дэлгэрч бусад үндэстний яруу найргийн дүрслэлд шинэчлэл болж байсан түүхэн уламжлал байдаг. Тухайлбал: сарыг сар хэмээн шууд нэрлэхээс гадна “туулайт”/домог зүйн/ “сэрүүн чанарт” /юм үзэгдлийн шинж чанараар/ гэх мэт 100 гаруй нэрээр, модыг мод хэмээхээс гадна “хөлөөрөө ус уугч “ гэх мэт хориод янзаар нэрлэх ёс буй. Харин яруу найрагч ийнхүү хуучны илт өгүүлэх ёсны уламжлалыг дуурайж бус өөрийн үзэл, танилтаар хийцсэн шинэ ёгт нэршээлийг өргөн хэрэглэж байгаа нь хэлний уран дүрслэлийн үүрэг, үгийн сан, хэрэглээний хүрээг ихээхэн баяжуулж байгаа нь сайшаалтай туршилт мөн. Жишээ нь:
            “Усанд буусан дүүрэн цагаан саран дээр
            Утгын хөх амуу тариалах гэж зүдэрсээр
            Уяхан ижийнхээ үнэн хар гэзгэнд
            Тэнгэрийн цас унагаж
            Нэгэн цагийг орхив би
            Нэгэн цагийг...” /нэргүй шүлэг/ шүлэгт “утгын хөх амуу” нь бичиг зохиол, яруу шүлэг гэсэн утгын шинэ нэршээл болж байхад “тэнгэрийн цас” хэмээх нь буурал суух, өтлөхүйн ёгт илэрхийлэл болжээ. Эдгээр нь шүлгийг ул дол болсон ил цагаан үгсээс дайжуулан утгыг нуун эерүүлсэн /эффемизм/ нь шүлгийн хүндэтгэлт өнгө аяс, хэв намбад ихэд нийцсэн уран дүрслэл болж байгааг ажиглаж болно. Мөн
            “Билиг яавал чиг яаг
            Бэхэн арцан дундаа тэрийтэл унаад өгөх минь
            Хорвоо яавал чиг яаг
            Хонин арцан дундаа холбироод унаад өгөх минь
            Хөхрөгч яавал чиг яаг
            Хөх арцан дундаа хөлбөрөөд унаад өгөх минь...” /нэргүй шүлэг/-т ч “бэхэн арц” /зохиол бүтээл бичиг цаасан дундаа/ “хонин арц” /ариун дагшин байгаль дэлхийдээ/, хөхрөгч /тэнгэр/, хөх арц /өтөг бууцан дундаа/ гэх зэргээр эх нутаг хийгээд эрх чөлөө, эзэн хүний омогшлын эрчимийг эвтэйхэн томон илэрхийлж чадсан нь бас л сонирхолтой туршилт, шинэ дүрслэлүүд юм. “Зүүд” шүлэгтээ ертөнцийн буй бүхэн хоосон чанарт болохыг үзэсгэлэнт амрагтаа уянгын баатрын хэлэх үгийг дутуу орхиулан дундуур нь орж ирэх дам, хувилгаан хүн, буддагийн “Амгалан хоосон” хэмээх холбоо үгийн давталтаар зохиомжилсон нь ил өгүүлэмжит номлол бус харин уншигчийг эрэлд хөтөлж, уран тайлалд хүргэх нь мөн л шинэ эрэлхийлэл юм. Ц.Бавуудоржийн шүлгийн үндсэн онцлог бол санааг шууд дүрслэлээр зураглах биш харин хийсвэрлэсэн санаагаа дүрслэл болгон хувиргах явдал юм. Үүнийг дараахь хүмүүний мөхлийн ч юм уу, амь сүнс сүлдний тухай шүлгийн хэсгээс харж болно.
            “Харсаар байтал чиний дэргэдээс
            Хачин тунгалаг хүн
            Босоод явчихлаа
            Хаа хүрэхийг нь мэдэхгүй ч
            Харин хэзээ ч эргэж ирэхгүйг нь
            Халуун зөнгөөрөө мэдэрч байна
            Харсаар байтал чиний биеэс
            Хачин гэрлэн бурхан
            Хөөрөөд явчихлаа
            Хаахна нь байсныг нь би мэдэхгүй ч
            Хайран хүн гэж ч
            Чамайг гэнэтэд өрөвдлөө .../”Харсаар байтал “/ гэх юм уу
“Харсаар байтал чиний нүднээс
Хачин болор загас халиад уначихлаа
Танхилхан чамайг минь гэрэлтэй болгодог
Тарни нь тэр байсныг сая л сочин анзаарлаа
Харсаар байтал чиний алганаас
Хачин алтлаг хээ гээгдээд уначихлаа
Хорвоогийн салхис
Хоромхон зуур ухасхийгээд арччихлаа
Харсаар байтал харин чи...” гэсэн дүрслэлээс хүний амь-сүнс, цог хийморийн үнэтэй бүхэн үгүй болсноор бие нь үлдэх агшинг хүртэл өгүүлсэн нь найрагчийн үхлийн мөн чанарыг мэдрэх хийсвэр талын илэрхийлэл юм. Харин “Санаж явсан чамтай” шүлэгтээ нэгэн цагт “гайхам дарс” шимж “догдлонгуй халуун тэврэлт”-ийг хүлээж явсан амраг бүсгүйнхээ шинэ сонголтыг харсан уянгын баатрын :
            Ягаахан цув, задгай тавьсан үс чинь
            Мөнөөх л янзаараа...
            Ялдам сарны дор дэрвэлзсэн
Харц чинь хэвээрээ ... Гэвч
Зүүн талд чинь чиний зүр шиг дагасан
Тэр залуу харин
Надтай огтхон ч төсгүй юм
Зүрх нь бас тийм л байгаадаа ...гэх даацтай уран санаа шүлгийн өөр нэг сонирхолтой эрэл юм. Энэ мэт олон сонин содон, юм юмтай эл номтой уншигч учрах цаг ойртжээ.
Яруу найрагч Бавуудоржийн шүлгийн дотор шашин суртахуун, зан үйлийн болоод итгэл бишрэлээс үүтгэлтэй гэмээр сонирхолтой шүлгүүд цөөнгүй байгаа нь уншигчийн анхаарлыг татна гэдэгт найдаж байна.
Өдгөө цагт монгол яруу найргийн уран сайхны сэтгэлгээний их орон зайд элдэв янзын шүлэглэл, шүлэглэх ёс дэгүүд эх үүсгэлээ тавьж, тус тусдаа хэвшин тогтношиж буй бололтой. Энгийн ил цагаан өгүүлэмжтэй бор дүрхэн соцреал шүлгээр эхлээд дорны хэв намба бүхий уламжлалт шүлэглэл, утга нууж хийсвэрлэсэн хүнд шүлэг хийгээд сэтгэл мэдрэмжийн аяс хандлагатай уянгат шүлэг, постмодерн эрэл хайгуулын /бүр космологийн, астралогийн гэх мэт/ шинэ эрэлхийллийн үр дүнд монгол яруу найраг баяжиж, бас хувьсаж байна. Үүнд сайн ч тал бий, сөрөг муу тал ч байгаа нь ойлгомжтой зүйл. Эцсийн эцэст хүний хувьсал иргэншил, техник технологийн хурд, ертөнцийн жам ёс, шалгарлын хуулиар зарим нь үлдэж, зарим нь гээгдэж, зарим нь хуучирч, бас шинэ туршилт тэсрэлт болон яруу найраг мөнхөд орчин хувьсаж хөгжих нь зүй тогтолт үзэгдэл л дээ. Тэрхүү хувьслын нэгэн амтат үр жимс нь яруу найрагч Ц.Бавуудоржийн яруу найргийн сонин содон өнгө төрх, өвөрмөц дүрслэл, сэтгэлгээ, яруу хөг аялгуу тээсэн шүлгүүд гэж болно. Нууцлаг дотоод ертөнцтэй эл найрагч :
“... Хүн чиний
Хүчирхэг тэнэглэл
Өмнөөс цээргүй инээмсэглэхэд
Айн түгшдэг би...
... Хорвоогийн явдалд ноолуулж налайсан
Хонин хөх энгэр юм би
Дорнын насыг өмгөөлж архирсан
Арслан хөх тэнгэр юм би
Ам дөрвөлжинг энгэрээсээ тасдан байж
Аяа хүн сүрэг чиний
Алтан хүйг чинь би боож авсан
Алтан савыг чинь ч бас сүүлчийн удаа нээчихээд
Асгартал уйлж суухын гашуун тавилантай би
Би дорнын хөх тэнгэр... /”Дорнын хөх тэнгэр”/ хэмээн ирж байгаа цагийн аяг араншин, хэв төрхийг совин билгээр мэдэрч мэгшин сууна. Энэхүү анир чимээ, нарийн мэдрэмж, энгийн илэрхийлэл нь түүний уянгын яруу найргийнх нь амь-хий, махбодь санааны цогцолборыг бүрдүүлдэг. Шүлэгчийн сэтгэлийг мэдэрвээс түүний шүлгийн дотоод ертөнцийг мэдэрч чадна. Түүнийг би хувьдаа тэнгэрээс заяат төрсөн найрагч хэмээн нэгэнтээ тодорхойлсон билээ. Их хүмүүн их л сэтгэдэг, бага хүмүүн бага л сэтгэдэг. Цаг хугацааны цааз зарлиг түүний талд байна. Та таалан болгоо.



Thursday, April 4, 2013

УРАН ДАВТАЛТ БУЮУ ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ЦААНА...

Лханаагийн Мөнхтөр / доктор  Ph /



/ “Монголын их амар амгалан”  Улаанбаатар- 2008 
                                       номын жишээн дээр/

Яруу найргийн гал тогоо гэдэг нь үгийн урныг  зүйж нааж суудаг урлан юм. Яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн  шүлэг найргийн гал тогоонд хааяадаа нэг зочлоход бас ч сонин  хачиртай, үнэр амт тансаг бүтээлүүд  даргилан буцалж байдаг юм. Олон уран бүтээлчид судлаачид энэ гал тогооны тансагт зочилж өөр өөрийн ухаарлаар амталсан. Тэр тухайгаа өөрт нь болоод өргөн олонд  илгээсэн санагдана.
                   Түүний гал тогооноос миний олж ажигласан нэг  содон “үнэр амт” боловоос  үгийн УРАН ДАВТАЛТ юм.  Шүлэг бүхнийг нь ажиглаж үзээгүй ч  тодорхой сэдэв хүрээнд  хязгаарлан ажигласан цөөн хэдэн санаагаа  дэлгэрүүлэн тайлбарлая.
                   Монгол хэлэнд үг давтах нь  ихэнхдээ тухайн юмс үзэгдлийг  онцлох, хүч нэмэгдүүлэх,  тодруулах, чухалчлах  утгыг  илэрхийлдэг.  Үг давтах нь  зөвхөн нэр үгийн ч явдал биш. Тооны нэр, төлөөний үг,  үйл үг, тэмдэг нэр хүртэл  давтдаг. Энэ бол хэлний боломж. Хэлний энэ боломжийг яруу найргийн түвшинд оновчтой хэрэглэх нь хэлэх гэсэн санаагаа лавшруулан гүнзгийрүүлэх, хүмүүний сэтгэлд  мартагдахын аргагүй  тод ухаарал үлдээхэд  чиглэгдмүй. Яруу найрагч  Ц.Бавуудоржийн шүлгийн урланд үг давтах үзэгдэл нэлээдгүй байна.  Түүхий төмрийг давтан давтан  сайн эдлэл хийдэгтэй адил  найрагч маань үг, үгүүлбэрийг давтан давтан бүтээлээн туурвиж байна. Давтахын тоолонгоор  тухайн бүтээл нь хүч орон  хүмүүний сэтгэлийн гүн тийш яргаж байна уу гэлтэй
                   Үг давтсан хэдэн жишээ татаж  үүнийгээ баталсу.

                        “...Зүсрэн зүсрээд байгаа  цагаан борооны аясаар...
                        Зүрхний цэнхэр нөмрөг дэрвэс дэрвэс салхилна
                        Асгаран асгараад байгаа цагаан бороон аясаар
            Аюулхай цээжний хөгжим  цалгин цалгин урсана...”
                                                                         / Цастын аяз  114-р тал/

       “Чи миний аглагийн аглагт суух юм”  /Зохиролт сарнаа 14-р тал/,

       “Баянхуурын аялгуунд балга балгахан гунигтай
        Бас л хойтон өдийд  баахан жаахан шүлэгтэй...” /Дурсгалт цэнхэр
                                                                                              аялгуу  60-р тал /

       “Цалгиа хөхөмдөг сэтгэл сэтгэлийн дундуур
         Цамба Сэрхийн ариун  цасан бударнам
       Зүсэр зүсэр сарны аньсага норгоод
         Зүдэрсэн шаргал аялгуу зүүн хацрыг чинь л үнснэм...” /Товшуурт
                                                                зүрхний  мандмал сарнаа  99-р тал/,

       “Тангад цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
       Тарни тарнийн чанадад сэтгэлийн зөрөг сүвэлнэм
        Удган цагаан сарнаар цэцэг шүхэрлэхийг үзнэм
       Утга утгын чанадад сэтгэлийн зөрөг сүвлэнэм...” / Титэм аяз 119-р тал/

Ийм олон жишээг түүний яруу найргаас олж  болох юм. Уншигч та дээрх жишээнүүдээс үг давтсан хэсгийн  нэгийг нь хасаад уншаад үзээрэй.  Энэ үед л түүний чухал болохыг аандаа ажиглана. Жишээлбэл:  “...зүсрээд байгаа  цагаан борооны аясаар... Зүрхний цэнхэр нөмрөг дэрвэс салхилна... ,  “Чи миний аглагт суух юм”  гэж бичих боломж байгаа ч  цаад  санаа нь илэрхий бүдгэрч яруу эгшиглэн,  утгын эрчим нь  илэрхий буурч,  зарим нэг нь бүр утгын хувьд гажиж байгаа мэт санагдаж байгаа юм  л даа. Тухайлвал:  “Зүрхний цэнхэр нөмрөг дэрвэс салхилна...” гэхээр утгын хувьд  оновчгүй болж байх юм.  Гагцхүү  “Зүрхний цэнхэр нөмрөг дэрвэс дэрвэс салхилна...” гэхээр л утга ч төгс, хэлэх гэж  буй яруу санаа ч улмаа тодрон үйл хөдлөл нь  ялгарч байх юм.  Энэ бол үгийг  оновчтой давтахын тод жишээ яах аргагүй л мөн л дөө. 
                   Яруу найрагчийн  үг давтахын өөр нэг онцлог  бол  бүтэн үгүүлбэр давтах явдал. Ийм жишээ олон байна.  Энэ бол уламжлалт  монгол араншинд ихээхэн ойр,  сэтгэлгээний  хувьд эртний  бичлэгийн төрөлд  “шадарласан” тийм онцлог гэж хэлж болно.
                   Тухайлбал:   “Үргэлж залуу“ /41-р тал/ гэсэн 16 мөрт богино шүлгэндээ  “Үргэлж би залуу явах юм шиг”  гэдэг  үгүүлбэрийг  8 удаа давтсан бол, “Монголын их амар амгалан” /133-135-р тал/  шүлэгтээ:  “Монголын их амар амгалан” гэдэг  мөрийг /үгүүлбэрийг /  28 удаа давтсан байдаг.  Ингэж давтснаараа   яруу найрагч  “Амар  амгалан”-гийн тухай  хүмүүний сэтгэлд улмаа гүн сэтгэгдэл төрүүлж, төв  зөөлөн аясыг мэдрүүлж,  бодолхийлэх орон зайг бий болгож чадсан юм.  Ер нь “Монголын их амар амгалан” гэдэг шүлэг нь  150 гаруй үгээс бүтсэн шүлэг л дээ.  Нэг талаас давталтын хэв маягийг онцгой ашиглахын сацуу бүхэл бүтэн шүлгийнх нь хувьд аваад үзвэл  нэг үгийг  нэг л удаа хэрэглэсэн нь их сонин.  Энэ шүлгэнд  “Монголын их амар амгалан” гэдэг үгүүлбэрийг л  давтсан, бусад бүх үгийг үнэндээ нэг  нэг л удаа хэрэглэсэн байгаа нь үгийн сангийн хувьд үнэхээр баялаг шүлэг юм.
                   Өөр нэг давталт бол  шүлгийн мөр бүхний төгсгөлийн үгийг давтсан байдал юм.  Тухайлвал:  “Цогтсүмбэр уул” /65-р тал/ 16 мөр шүлгийн мөр бүхний төгсгөлд “Цогтсүмбэр” гэж давтсан,  “Монголын их  дорнод тал”  /145-р тал/  шүлгэндээ  мөрийн төгсгөлд  “ганганана” гэдэг үгийг  19 удаа давтсан  байх жишээтэй.     
                   Энэ түүврийг уншин ажиглаж  байхуйд өөр нэг  давталтын хэв маяг байна.  Тэр нь  Шүлгийн мөр алгасан  төгсгөлийн үгийг давтах маягаар урласан шүлгүүд ч байна.  Яруу найрагч  “Шаргал аяз” /125-130-р тал/  нэлээд урт  шүлгэндээ: 
                     “Намрын цагаан манангаар хайрын дурсамж бүтээнэм      
                      Намуун хонгор салхиар гэзэг үсийг сүлжнэм
                      Дорнын цагаан манангаар хайрын дурсамж бүтээнэм
                      Долоон бурхан одоор гэзэг үсийг сүлжнэм...”
Энэ давталт нь бүх бадгуудад байх юм.  Бас ч энэ шүлгэнд  хэд хэдэн үгээс  бүтсэн бүлэг утгыг  давтсан нь  дээр үгүүлсэн үгүүлбэр давтахын тод жишээ л дээ.  Жишээ нь:  цагаан манангаар хайрын дурсамж бүтээнэм”, “гэзэг үсийг сүлжнэм” гэхчлэн... Энэ  шүлгийг цааш ажиглавал:  Бадаг бүхнийг нь  төгсгөлийн үг болон бүлэг үгсийн  бөгжин буюу салаавчилсан давталтаар урласан  байна.  Тийм болохоор яруу найрагч маань үг давтахын торгон мэдрэмж, яруу хэрэглүүрийг уран бүтээлдээ нэг том  урлахуйн арга болгосон нь харагдаж байна. 
            Энэ хэдэн ажиглалтаас үүдэн бодохуйяа  яруу найрагчийн өөрийнх нь дүр төрх, шүлгийнх нь хэв маяг,  үгүүлэх гэсэн санаагаа  тодруулах, хүч нэмэгдүүлэх өвөрмөц шийдэл нь  үг  буюу  үгүүлбэр, бүлэг үгс давтах арга гэж хэлж болохоор байгаа юм.  Бурханы номыг  олон удаа давтан уншваас хүч орж үг амилдаг хэмээн  үздэг лугаа үгийг давтахын  ид шид энд  нуугдан оршвой хэмээн  бодож сууна даа....Яруу найрагчийн гал тогоонд урлахуйн арга ухааныг нь ажиглаж суугаадУРАН ДАВТАЛТ буюу ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ЦААНА...”  хэмээх нэгэн  бодлын түлхүүр бүтээснээ
 таны таалалд барилаа.Цааш хэрхэхийг...


2010 оны 2 дугаар сар 28  Бар жил.  хаврын тэргүүн сарын шинийн 15