Saturday, August 17, 2019

"ДОРНО ЗҮГТ ӨВС БОЛНО" номоос


ДОРНО


Баруун мөрөн дээр минь
Амар амгалангийн суу билиг
Зүүн мөрөн дээр минь
Ариун дурлалын буурал хөгжимч завилсан
Амирлангуйн нууцат дорно билээ би
Өрнө миний айдас
Үүрийн туяаны минь алтан амсрыг тэр хулгайлсан юм
Өрнө миний түгшүүр
Өрхний завсрын шаргал гэгээ
Уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасалсан юм
Өрнө миний эрхэм нөхөр
Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм
Өрнө миний эрхэм анд
Өвст тал цаст уулсаа харамлахад сургасан юм намайг
Би дорно
Сарны нууц ,сансрын гуниг
Энэ миний тэргүүн гоёл...
Саруулхан шөнө,анир гүм тал нутаг
Энэ миний дээдийн соёрхол...
Тэнгэр миний гүн ухаан
Тэндээс бурхадын шаргал амьсгал сонсогддог
Дотогшоо урсах нулимсны минь цуурайнд
Долоон бурхан од дайвдаг юм
Орчлонгийн хүрэл хаалга чихран нээгдэхэд
Одогсдын алтан сүнс намайг тэндээс зорин ирдэг
Би дорно
Ханцуйдаа нуух зүйл гэж надад байхгүй
Хайрын шарх амрагийн үнсэлтийг харин нууцалдаг
Сар миний нууцыг мэднэ
Сайхан бүсгүйчүүдийн нууцыг тэр ч бас мэднэ
Хөл хүнд бүсгүй хүний өмнө
Хөхөмдөг суунагтайгаа хамт сөхрөн унадгийг минь
Хүлэг морьд задгай галын дэргэд
Хүчит тарни аялгуут хэнгэргээ
Дэлдэн дэлдэн ариусдагийг  минь
Тэр л мэднэ дээ
Сайхан хайр хагацахад би уйлдаг
Сар хиртэхэд  уйлдаг
Дэлт хүлгийн толгой овоон дээр цайрахад  уйлдаг
Дэлхийн санчиганд цагаан сор унахад  уйлдаг
Би дорно
Мөнх бусын салхин
Миний айдас бус
Мөнхүү өрнөөс үлээх хүйтэн амьсгал
Миний агуу айдас...
Өөрөөр айхыг би үл мэднэ
Би дорно
Нүүдэлчдийн эсгий гэрийн хойморьт цагираглаж
Сүү амсдаг
Нүнжигт алтан могой юм би
Буурин дээр нь ногоо ургаж дэлхий шинэдэхэд
Буурал хүннүгийн нутагт эрхэлдэг
Бугын эвэртэй лус юм би
Наран сарны увьдаст гэрлээр бүслүүр ороосон би
Намайг хэн ч үл эвдэнэ
Хурмастын цэцэн санаагаар нууцаа цүүлсээн би
Хувиргаж намайг хэн ч үл дийлнэ
Би дорно
Ургаа зандан хана юм би
Улаан зандан унь юм би
Ум зандан тооно юм би
Би дорно
ДОРНО


THE EAST

On my left shoulder,
the spirit of peace.
On my right shoulder,
the grey musician of pure love sits cross-legged.
I am the east of hidden stillness.
The west is my fear,
it has stolen the rays of my golden dawn.
The west is my anxiety,
it has stolen my family’s joy and
replaced the modesty of my darling girls.
The west is my dear friend,
it is constantly taking care of me.
The west is my dear comrade,
it has taught me to hold fast to the grassy steppe and the snowy mountains.
I am the east.
The moon’s secret and the sadness of the cosmos
are my principal ornaments….
The clear night and the quiet steppe
are the gifts of my ancestors….
The sky is my profound philosophy,
in which we hear the Buddha’s holy breath.
The big dipper shakes,
the echo of my flowing tears.
The bronze door of the world creaks open,
and the golden souls of passers-by come in to me.
I am the east.
I’ve nothing hidden up my sleeve,
but I conceal tender kisses and wounds of love.
The moon knows my secrets,
and she knows the secrets of beautiful women,
and she knows
how I kneel, all in a blue haze,
before pregnant women,
How I purify, with a melodious drum
beating, and with powerful rites,
around the horses and an open fire.
I am the east.
I have no fear
of the impermanent wind,
its cold breath blowing forever from the west,
and my horses’ anxiety….
Their fear is not known to me.
I am the east.
I am the fat, golden snake,
testing the milk,
curled up at the back of a nomad’s tent.
I am the horned demon,
occupying the grey land of Xiongnu,
renewing the green world where the tents once stood.
I am the east.
I am entwined in the magic light of sun and moon.
None can destroy me.
I am secretly secured by diving wisdom.
None can change me.
I am the east.
I’m a wall of sandalwood arising,
I’m red sandalwood rafters,
I’m an opening for sandalwood smoke.
I am the east –
THE EAST!

Friday, August 16, 2019

"ЗҮРХЭН ЧИНАДААС" номоос

ЗҮРХЭН ЧИНАДААС


Энэ өдөр Хэнан шенгийн гудамжинд хүн хөл гэдэг жигтэйхэн. Торгон дээлийнхээ энгэр хэсгийг далдартал том том шүр зүүж ханцуйгаа сугалдаргалсан ганган эмэгтэйчүүд, хөдсөн гадартай хоргой эмжээртэй төвд дээл хөглөрүүлсэн эрчүүд, хүүхдээ нуруундаа үүрч дүүрсэн эхчүүд гээд  эгэл буурайхан хүмүүс зай завсаргүй сүлжилдэнэ. Төвөөс ядуу буурай айл өрхүүдэд тусламжийн бараа таваар олгох сургаар хөдөөнийхөн шенгийнхээ төвд орж ирцгээсэн нь энэ ажээ. Тэдний ихэнх нь тусламж авах айл өрхийн тоонд орсон эсэхээ ч магадлалгүй морь мотоциклио хөлөглөн хөөрцөглөжээ. Шенгийн бор дүрхэн гудамжуудаар холхих олны урсгал дундуур сониучирхан явсаар зээл рүү явж орчихлоо. Тэнд гадны хүний нүдээр гайхах сонжих зүйл дэндүү их аж. Энд тэндээсээ түлхүүлж нудруулж явсаар зээлийн гүн рүү шургалаа. Ханцуй хормой нь хамтдаа газар шүүрдсэн хүлхэгэр төвд дээлний цаанаас ил гарсан хиртэй хэнхдэг, галзуу мэт гялалзсан нүд, ширэлдсэн үстэй хагас зэрлэг гэмээр хүмүүс хоорондоо түвдээр л бололтой хэрэлдээд муудалцаад ч байгаа юм шиг эс бөгөөс ямар нэг эмгэнэлт драмын жүжгийн бэлтгэл хийж байгаа жүжигчид ч юмуу гэмээр чанга чанга хашгиралдана. Цочиж жийрхмээр бүр чихээ дармаар. Тэр дуу шуугиан дунд хоёр түвд жинхэнээсээ хэрэлдээд цохилцох нь холгүй болоод явчихлаа. Гэтэл гэнэт тас няс буугаад явчих нь тэр. Хэлмэрчээсээ учрыг асуулаа. Тэгсэн түрүүнээс хойш тэр хоёрыг ажиглан сониучирхаж зогссон хэлмэрч минь энэ хоёр эхлээд нэг бараа булаалдан хэрэлдэж эхэлсэн гэлээ. За тэгээд гэж хэрэгт дурлавал тэр хоёрын яриаг нэг хэсэг чагнаж зогсоод тэрбээр тэгтэл нэг нь чи бид адилхан хятадын боолууд байж нэгэндээ ингэж ихэрхээд хаана хүрэх вэ дээ гэхэд нөгөөх нь чи л хятадын боол. Харин би эх оронтой монгол хүн гэж байна. Нөгөө түвд нь хятадын боол гэж хэлсэнд нь бачимдаад чамайг тэгвэл хөнөөчихье гээд дайрчээ. Гэтэл монгол нь би бол үхсэн ч үлдэх улс оронтой хүн хөнөөгдөхөд гомдолгүй. Харин чи урт наслаарай. Чамаар чиний улс дуусч байгаа шүү гэж үгээр цавчиж байна гэлээ. Хөөх хоёр түвд хүн гэж бодсон чинь нэг нь монгол хүн байх нь ээ гэж дуу алдвал хэлмэрч минь тийм байна. Монгол хүн байна их омогтой юм. Чиний төрөл садан байна шүү дээ гээд инээмсэглэлээ. Сайхь хоёр эрийн хэрүүл бүр ч их сонирхол татаад явчихлаа. Өмнө нь энэ нутгийн уугуул суугуулуудын тухай мэдээлэл цуглуулж явахдаа монголчууд аж төрдөг гэдгийг нь дуулсан боловч яг энд ингээд ахан дүүстэйгээ нүүр тулна чинээ бодож яваагүй билээ. Аялал минь утга учиртай болоод явчихлаа. Нөгөө хоёр хоорондоо барилцаж аваад шороо тоос манаруулан эгээ л хоёр бух хоорондоо мөргөлдөх мэт хэсэг пижигнүүлж аваад бие биенээ заамдсан чигтээ хаашаа ч юм хурдан хурдан алхлаа. Хэлмэрч минь ёжтойхон инээмсэглээд энэ хоёрыг дагах уу гэсэн харцаар харав. Би ч толгой дохилоо. Тэр хоёрыг бид хоёроос өөр хэн ч тоож дагасангүй. Мөнөөх хоёр тэнгэр хагартал хэрэлдсээр зээлээс мултарч нэлээд явж явж нэгэн талбай руу орж ирлээ. Тэр хоёр талбайн голд эрхэмсэгээр байрлах морины хөшөөн дээр хүрч очих нь тэр. Хоёр учраа хэрэгт дуртай холын аялагч бид хоёрыг анзаарах манатай ажээ. Хэрүүл оргилдоо хүрч байгаа байдалтай огцом оволзож ирээд дорхноо намжлаа. Хэлмэрч минь сая ам нээж төв талбай дээр сарлагийн хөшөө байна уу, морины хөшөө байна уу хар чи гэж монгол нь омогдож байна. Харин түвд эр энд сарлагийн хөшөө байх ёстой байсан юм гэж нэг оволзож ирээд хоёр тийш болчихлоо. Монгол нь монгол эх орон руугаа буцах морьтой хүн шүү би гэж дарж авч байгаа бололтой юм. Харин түвд эр наад морь чинь амьгүй цутгамал гээд дэвсэлж байна. Монгол нь тэглээ ч гэсэн наадах чинь морь гээд мөрөөрөө сүрхий нь аргагүй ёвроод хоёр тийш боллоо гэв. Морины хөшөөний дэргэд бах тав нь ханасан байдалтай уухичин суух эрийг холоос хэсэг зуур ширтэн зогсов. Яагаад ч юм зүрхээр минь хатгуулах шиг боллоо. Хацрыг минь даган нойтон оргив. Дээдсийн минь илдний ир болж явсан итгэмжит хүлэг баатрууд минь гэж уруул нэгэнтээ өмөлзлөө. Түвдийн ихэмсэг их уулс огт тоомжиргүй тэнгэр ширтэн зүүрмэглэсээр ажээ.

  
*

Намрын цэлмэгэр хөх тэнгэр улам ч уужим болсон юм шиг үзэгдэнэ. Ганц цагаан навч гэмээр жижигхэн цагаан үүл тэртээд шүхэрлэх нь тэнгэрийг үзэсгэлэнтэй болгожээ. Эргэн тойрны уулс дэндүү налгар. Өвс ногооны үнэр хурц содон гэдэг жигтэйхэн. Овооны гандсан хадаг яндар салхи ч үгүй байтал хааяа сэвс сэвсхийн намирна. Өвгөн буурал овоо
их үдийн нарны илчинд бүлээцэн таатайяа зүүрмэглэнэ. Босго тэнгэрийн даваан дээр залбирч сууна. Дээдсийн минь бургасан гэрээ дугуйлж гурван чулуугаа тулж явсан нутаг гээд бодохоор сэтгэлд нэг л дулаахан. Босго тэнгэрийн Өндөр, Баатар ян уул хоёр алсыг саравчлах мэт санаашран хүрэнтэнэ. Бурхан халдуны зүгээс урсан ирэх шаргал салхи хацрыг минь үе үе илбэнэ. Хоёр жилийн өмнө урд хөршөөр антрофологич найзуудаа бараадан шинэ газар оронтой танилцаж хэдэн өдөр явсан сан. Тийн явахдаа мах цусны минь тасархай өөр улс гүрний дотор хэрхэн аж төрж байгааг нүдээр үзэж бахархахдаа бахархаж, шимшрэхдээ шимширсэн сэн. Тэр аяллаас ирээд  Бурхан халдун хайрханд жилд ядахнаа ганц удаа ч болов зорин ирж Хэнаны төв талбай дээрх цутгамал хүлэг, мөнөөх хүлэг баатруудынхаа үр хойч хоёрын өмнөөс хүндэтгэн мэхийж сэтгэлийнх нь айлтгалыг өргөн мэдүүлж байя гэж өөртөө тангарагласан юм. Тэдний төлөө өөр юу хийж чадахсан билээ. Өрөөлийн “хайр” мориноос нь буулгаж тариачин болгосон ч гэлээ он цагийн авир ааш хэл соёлыг нь булаасан ч гэлээ хэзээ ч үл бөхөх нэгэн оч зүрхэн чинадаас нь цацарч байгааг мэдрэхдээ тэднийгээ хүндэтгэн сөгдсөн сөн. Ай Бурхан Халдун минь, ээ буурал дээдэс минь гэж Зэв шивнэлээ. Дэргэд нь сууж байсан хүү нь
-          Аав аа та энэ уултай юу ярилцдаг юм бэ гэж гилжийн сониучирхав.
Энэ агшинд тэрбээр чухам юу гэж хариулахаа мэдэхгүй хажуугийн шаргал өвсийг хэсэг зуур илбэн суулаа. Тэгээд аан аав нь ахан дүүсийг чинь аврал ивээлдээ багтаах болтугай л гэж залбирдаг юмаа гэж хариу хэллээ. Хүүдээ ингэж хариулахад Зэвийн сэтгэл нэг их жаргалтай болоод явчих шиг санагдав. Харин хүү нь энэ үгийг чухам юу гэж ойлгосныг тэнгэр бурхан л мэдэх бизээ. 

2019 он



Thursday, August 15, 2019

"ЗҮРХЭН ЧИНАДААС" номоос


АЛТАН ХЯЛГАНА МИНЬ БАЯРТАЙ


Салхи бол энэхэн дэлхийн минь догдлол юм. Шаналал, тайтгарал нь юм. Далай тэнгис хэрвээ давалгаалж долгилдоггүй байсан сан бол юуных нь тэнгис далай байхсан билээ. Нуур ус торгон долгис хаялан хаялан чимээлдэггүйсэн бол энэхэн ертөнцийн минь хөг аялгуу нэгээр дутах байсан биз. Зэгс шагшуурга нь найган ганхах салхигүй байсан сан бол хорвоо бас нэг зөөлөн тунгалаг аязаар дутах байсан биз ээ. Тэнгэр огторгуй огтоос салхилдаггүй байсан сан бол энэ мэлмэгэр цагаан үүлс уйтгарлан гундаж  өнгө зүс нь цагаан биш бараан байх байсан ч байж юуны магад. Хур бороо хүртэл асгаран буухдаа салхилахгүй шуурахгүй, намирахгүй, зүсрэхгүй байдаг сан бол бидний сэтгэлийн чавхдас бас л нэг утсаар дутах байсан биз.
Салхийг уяран хайрлан уринам. Өнөд хамт байхсан салхи минь. Сэр сэр чимээлээд л... бүр исгэрч, шуугиж, хүнгэнэж, агсарч, догширч тэгснээ аядуухнаар үлээж, үнсэж, илбэж салхилсаар байгаасай чи минь. Ингэхэд салхи биднийг бүтээсэн юм биш байгаа. Тийм болоод бид догдолж, хайрлаж, дурлаж бас хагацаж, инээж, тэгснээ уйлж, зүдэрч басхүү цэнгэж амьдардаг ч юм билүү. Салхи бидний өнө эртний өвөг дээдэс минь биш байгаа. Салхи минь чамайг чанга тэврэн талархая. Өвсний толгой бөхөлзөн ганхахгүй тэнгэр өөд сэрвийлдээд л зүүрмэглэж байдаг сан бол хүмүүний сэтгэл зөөлрөх байсан гэж үү. Өвсний толгой салхины аясаар үелзэн долгилоод цалгилаад ирэхээр хүн байтугай туулайн бүжинхний нүдэнд хүртэл нулимс бөмбийн гэрэлтдэггүй гэж үү. Ай даа салхи, салхи... Энэ сацуу салхийг хэн бидэнд бэлэглэдэг байж таарах вэ гэх сониуч бодол өдөөнө. Тэнгэр л бэлэглэдэг байх. Салхи тэнгэрийн бодол санааны  хэмнэл аясаар  энэхэн ертөнц рүү минь долгилон давлан, эс бөгөөс аяс намуунаар урсан урсан орж ирдэг тэнгэрсийн сэтгэлийн хөдөлгөөн байх. Тэнгэр энэхэн бөмбөрцгийг минь илбэн таалмаар цаг агшин бишгүй л тохиодог биз. Заримдаа ташуурдан зэм хүртээмээр үе ч бас гардаг бизээ. Догшрон хийсгэмээр сүүдэр ч бас бидний дотоод ертөнцөд хурган хурган байдаг буй за. Тэр бүхнийг тэнгэр л болгоон байдаг байх. Хэсэг шар хялгана дээрээс минь бөхийсөөр...  Тэд аяс аясхнаар ганхалзана. Бодлыг минь тандан нүдээ бүлтийлгэн ширтэх мэт. Хялганын ертөнцөд нэвтрээд ороод ирсэн гэлтэй сонин мэдрэмж бүчнэ. Хаашаа л харна хялгана. Урд өмнө нь хэзээ ч нэвтэрч байгаагүй тунгалагхан уйт ертөнц. Ямар гэгээн ертөнц вэ. Энэ бяцхан аглагт насан үүрд ийн нуугдчихаад салхитай шивнэлдэх сэн. Над руу бөхийсөн хялгануудын нүднүүдийг сайтар ажвал буддагийн нүд мэт амирлангуй, зөөлөн төрхтэй юм. Үгүй ээ ингэхэд хэдэн зуун жилийн өмнө энэхэн замбу тив дээр морилж байсан тэр буддатай уулзаж нүдийг нь ямар харсан биш дээ. Гэхдээ, гэхдээ буддагийн нүд ийм л байсан болов уу гэх төсөөлөлдөө итгэнэ. Ийм ариун салхин дунд байгаа нүд хүртэл буддагийнх мэт санагдах нь аргагүй бизээ. Хэзээ нэгтээ альхан нэг намрын салхин дунд хэн нэгэн нүдийг минь эгээ л буддагийнхтай төстэй юм гэж уулга алдах болов уу. Энэ төрөлд минь тийм хувь тохиох болов уу. Эс бөгөөс ийм алтлаг хялганын биед шилжиж байж гэмээ нь тийм нүдийг бүтээдэг байж магад. Хялгана болох сон. Хялганын ертөнцөд нэвтрэн зорчихсон. Салхины хэмнэл нэг догширч, нэг зөөлөрч сэрчигнэсээр... Уйтан хотын хүйтэн гудамжны иргэн би вээр хээр талд ийн саатнам. Хээрийн цэнгэг салхи минь хотын минь тоосыг нэвт салхилаад өг. Хотыг нэвт салхилаад өг. Хотыг эвдэн хэмхчин үлээгээд өг. Миний хот төдийгүй бөмбөрцөг дээрх чулуун хотуудыг үлээгээд өг. Тэнд үүрлэсэн тэжээвэр оюун санааг хийсгээд өг. Тэр хотуудыг хээрийн өвс цэцэгсийн үнэрээр ариусган салхилаад өг. Бүр тивүүдийн хөрснөөс юу ч үлдээлгүй хийсгэн салхилаад өг...Тэнд ганцхан ариун хүний зүрхийг л үлдээ. Гагц чин үнэн хайрыг л үлдээ. Өөр юу ч бүү үлдээ. Салхины чихэнд ийн шивнэв. Салхин аясаар намих алтан хялганууд энэ чинь юу гэчихэв ээ. Үгүй байлгүй дээ гэх шиг эргэлзсэн харцаар намайг ширтэнэ. Намайг ч бас хийсгэ. Надад борооны ганц дуслын төдий ч болтугай ариун чанар байх аваас харин түүнийг өвсний толгойд сондор мэт зүүж орхиорой. Бөхөгөр шар хялганууд сая миний шивнээнд итгэх шиг болов. Тэдний нүд очтон гэрэлтэх шиг. Хээрийн салхи чихнээ сонсголонтой гэгч чимээлсээр. Эргэн тойрны хялгануудыг мэдрэмжээрээ тэмтэрлээ. Хялганын ертөнцөд хаалга байдаггүй гэж үү. Гэгээвч ч бас алга. Хаалга бас гэгээвч эрсээр... Салхи ер бусаар цалгилна. Дахиад л нүдээ анилаа. Энэ ертөнц рүү зөвхөн ариун хүн нэвтэрнэ. Ийм бичээс гэнэт тодроод сарнив. Мэдрэмж минь зогтуслаа. Нүдээ нээв. Мөнөөх шар хялганууд энгүүн сайхнаар инээмсэглэн угтлаа. Тэд салхи минь, анд минь гэж шүргэлцэн, найгалдан дуулалдсаар байх мэт. Гэнэт хүүе хот руугаа буцах хүн үү, ингээд эндээ үүрд үлдэх хүн үү гэх найз нөхдийн дуун хадав. Ухасхийн бослоо. Өвс, үүлс, тэнгэрийн үнэрийг сүлэлдүүлсэн талын салхи сэнгэнэтэл үлээсээр... Алтан хялгануудын зүгт эргэж харан харан алхлаа. Намайг март даа салхи минь гэж хээрийн салхинд урамгүйхэн шивнэлээ. Тал дундуур зурайсан шаргал зам өмнө минь сунайв.

2018 он


"ШУВУУГ СУЛЛА" номоос

НОГУН ӨБСҮН

  Түвдийн өндөрлөгийн зүүн хойд нутагт одод цэцэглэх дөхжээ. Хүү шар гэгээ тасрахаас өрсөн дөрвөн хонио туусаар хэц энгэрээс бууж ирлээ. Эгц өндөр ханан хадны энгэрт зүүгээд орхисон хэд гурван шувууны үүр гэмээр жижигхэн бор байшингууд бид эндээ байсаар байгаа шүү гэж үдшийн гялаанд сураг ажиг өгөх мэт бяцхан цонхнуудынхаа онигор гэрлүүдийг анивчуулна. Бүр малгайн орой дээр шахам гялалзан гарч ирсээр байгаа одод тэр дохио зангааг нь тайлан уншив гэлтэй алтлаг хүрээтэй тод цагаан гэрлээр өөдөөс нь үе үе дохино. Мөнөөх ододтой айлсах онигор цонхнуудын нэгнийх нь яг дороос эхэлсэн эв хавгүйхэн модон хашлага жаахан уруудаж тэгснээ буцаад энгэрлэн өгсөж байрласан нь үдшийн гэгээнд сүүдэртэн үзэгдэнэ. Тэр хашлага дотор үзүүр тэргүүнээ бага зэрэг гудайлган салхи ч үгүй байтал үл мэдэг найгалзах эрдэнэ шишийн ишүүдийг дэн бариад тоолчихож болмоор аж. Дөрвөн хонь нарийхан зөргөөр цуван гүйсээр модон хашлага руугаа орлоо.
“...Аян замдаа гарсан даа
Монгол хааны хүү, охин
Алсын замдаа одсон доо
Монгол аав ээжийн үр сад
Аяндаа мэнд л явсан уу даа
Нутгийн салхи сураггүй ээ
Ар л нутагтаа сууна уу даа
Хэзээ л ирэх юм бол доо хө...” ийм нэгэн дууг хүү амандаа бувтнасаар хониныхоо хашаа-
ны хаалгыг хааж бэхлэв. Энэ сацуу хажуугийн байшингийн хаалга чихран нээгдэж алчуураар толгойгоо боосон бөгтөр эмгэн ойр ойрхон ханиаж амьсгаадсаар гарч ирлээ. Тэрбээр ойролцоох жимүүд рүү баруун гараараа хэдэнтээ саравчлаад хүүг сая олж харав. Өвөө чинь тааруу байна. Өдөржин чамайг хүлээлээ. Мөн ч урт өдөр юм гэж сааралтаж цахиртсан хоолойгоор дуугарав. Хүү хэдийнээ дасал болсон нөгөө л дуугаа амандаа аялсаар хаалга чихруулан гэртээ оров. Бүтэн найман зуун жил өнгөрчихөөд байна шүү дээ өвөө. Хорвоо дэлхий та бидний мэддэгээс их өөр юм. Их өөр. Бүр хахь өөр шүү. Хүү нь хол яваагүй ч зэргэлдээ Түвд, Гансу мужтай танилцаж бага сага юм ойлгодог болсон. Бүр цаашаа явмаар байна. Нүд тайлмаар байна шүү дээ. Энэ дэлхийг ойлгож авмаар байна шүү дээ. Хүү нь чин сэтгэлээсээ гуйя. Биднийхээ маргаашийн төөрөг зургийг өөрчилж өгөөч. Танаас л бүх юм шалтгаалах гээд байна. Та минь л өөрчилбөл нэг өөрчилнө. Эс бөгөөс энэ бөглүү уулсынхаа дунд дахиад найман зуун жил харанхуй сууна шүү дээ таны үр сад. Их олон үгээр өвөөгийнхөө тамирыг бүр барж орхих нь. Үгүй ээ хүү минь. Чингис хааны зарлиг бий. Өвөө минь амьсгал хураахынхаа өмнө намайг яг чам шиг ингэж ганцааранг минь дуудаж урдаа суулгаад хаан минь биднийг ирж авна. Эндээсээ огтхон ч нүүж болохгүй шүү. Тэгвэл олохгүй болчихно. Тэсээд хүлээгээрэй. Дээдсийн зарлиг юм шүү гэж чихэнд минь шивнэсэн юм. Чи бид хоёр зөрчих эрхгүй ээ хүү минь. Өвөө нь дээдсийнхээ элчийг тосох хувьгүй байжээ. Харин миний хүү тосоод гүйх хувьтай ч юм билүү. Бүү мартаарай миний хүү. Чиний үед энэ зарлиг эс биелбэл чи хүүдээ бас энэ зарлигийг дамжуулах үүрэгтэй шүү. Өвөө нь одоо сэтгэл амар боллоо. Дараа хойт төрөлдөө адуу болоод ч болтугай монгол нутагтаа төрөх юмсан гэж сүүлийн гурван өдөр тэнгэрээс гуйлаа. Хүсэл минь биелэх ч юм билүү. Өвгөний дуу ягуухан сааралтаад явчихав. Төдөлгүй хоолой нь хоржигонох сонстоод амьсгалын чимээ алдарлаа. Өвөө, өвөө та минь ингээд орхиод явчихаж байгаа юмуу. Өвөө минь, өвөө гэх дуун жижигхэн байшингийн адрыг цууртал хадав. Мөнөөх хагацалт дуун ойр дэргэдийн намхан бор байшингууд тэгээд тэндээсээ хэц өндөр сэрвэнгүүдийг ороон хэжиж мушгирсан чулуутай жимүүдээр алсарч цөөн буурай хэдэн тосгодод шөнөдөө хүрч очих нь тэр. Үүднийхээ довжоон дээр хоёр өвдгөө тэврэн суух хүүгийн хацрыг үүрийн бүдэг бадаг гэгээ нэгэнтээ үнсэв. Хацар дээр нь хатсан нулимсны сорвийг төдөлгүй өглөөний нарны уяхан шаргал хуруунууд илбэлээ. Дөрвөн хонио хашлаганаас нь гаргаад араас нь даган гэлдрэхдээ хүү тэртээх өндөр сэрвэнг даван орж ирсэн хүрэн жимийг хэсэг зуур ширтэн зогсов. Монголчууд минь биднийгээ авах завгүй морио унаад сэлмээ эргүүлээд дэлхийг эзлэн довтолсоор л яваа даа гэж өөртөө дуулдахаар шивнэлээ. Шөнөдөө ургаж хоносон ногун өбсүний үнэр содон гэдэг жигтэйхэн. Дөрвөн хонь нь урамтайхан гүйлдэнэ.    


Ногун өбсүн-Түвдийн өндөрлөгт аж төрдөг Цагаан монголчууд өнөөдөр ч ногоон өвс гэдгийг ингэж хэлдэг ажээ.
  

Wednesday, July 17, 2019

"ЗҮРХЭН ЧИНАДААС" номоос

ТЭНГИСИЙН БҮЖИГ


Тэнгис нуурын мандалд тэнгэрийн одод тэр чигээрээ буучихсан мэт нэн үзэсгэлэнтэй. Од эрхэс нуурын хүйтэн тунгалаг ус руу чулуу мэт шидэгдэж буугаад эргээд нуурын мандал дээр шомбосхийн гарч ирж байна уу гэлтэй энд ч, тэнд ч гэрэл цэлс цэлсхийнэ. Яг үнэндээ нуурын мандалд туссан од эрхэс, шөнийн аялагч усан онгоцнуудын бүдэг цайвар, их тод шар гэрлүүдийн найрсал ийм дүр төрх урланам билээ. Усан онгоцны намуухан нүргэлэх дуун, ус зүсэгдэх чимээ сэтгэлийн хөгийг улам ч дэгжээнэ. Усан онгоцны задгай тавцан дээр хөнгөн хөгжмийн аялгуу исгэрэн цуурайтна. Тэр цуурайг долгис давалгаад булаацалдан шүүрч аваад бусад онгоцнуудад хүргэхээр салхилан одох мэт тэр хэмнэлт хөгжим нэг алсарч нэг ойртож сонсогдоно. Аялагчдын сэтгэл  хөдлөл тэдний бүжгийн хөдөлгөөнөөс илт. Гартаа болор хундагатай усан үзмийн дарс барьсан тэд сэтгэлээ гэгээн тунгалаг саран авхайд хундагалан баригчид гэмээр харагдана. Энэ орчлонгийн хар цагаан, жаргал зовлон, гэрэл сүүдрийг тэд энэхэн агшинд нэгэнт  гэтэлж чаджээ. Эргэн тойрноо ийн анзаарч догдлогсодыг харан догдолж, баярлагсадыг харан баярлаж, ариусагчдыг харан ариусч суухдаа ер нь хүмүүний энэхэн орчлонд ирэгсэд болор тунгалаг шилтгээн мэт сэтгэлээ улам тунгалагшихыг нь мэдрэх л гэж ирдэг бус уу хэмээн өөрөө өөртэйгээ ярилаа. Гэвч сэтгэл минь хүлэг онгоцны тавцанд үл захирагдах ажээ. Саяхан дөрөө мултлаад хөдөлсөн хэдий ч сэтгэл зүрх минь нуурын нөгөө эрэгт орших эрхэм Хүбагийн эдлэнд санамсаргүй үлдээж орхисон дэн мэт гэрэлтсээр байх аж. Тэр эдлэн алсрах тусам түүн рүү улам ойртож яваа юм шиг соньхон мэдрэмж төрнө. Хүбагийн эдлэнгийн цэлгэр тагт, улаан, цагаан дарс өрсөн ширээ. Яв ягаан царай, цав цагаан сахал...нүднээ хуучны кино дүрс мэт байн байн үзэгдэнэ. Идэр залуухан насандаа цагийн эрхээр эх нутгаасаа Австри руу дүрвэж тэндээсээ бүр Африк хүрч гэрэл сүүдрийн алганы завсарт бөмбөрч явахдаа дөрвөн далай, таван тивийг барагласан тэрбээр бидний сонирхлыг эрхгүй татсан сан. Үг яриаг нь сонсоод л суугаад баймаар...Ертөнц хоёр хаалганы дунд оршиж байна. Нэг нь гэрэл гэгээний хаалга. Нөгөөх нь түнэр харанхуйн хаалга. Бид ийм хоёр хаалганы завсар аж төрж байна. Харамсалтай нь ертөнцийн харанхуйн хаалга үргэлж нээлттэй. Харин гэрэл гэгээнийх нь хаалга үл мэдэгхэн нээлттэй байна. Зурвасхаан үзэгдэх төдий гэрэлтэй байна. Гэрэл гэгээний хаалгыг илүү нээмээр байна. Харанхуйн хаалгыг хаагдтал нээмээр байна. Үүнийг нээх оньс нь ертөнцийн хүмүүсийн сэтгэлийн ариун гэгээрэлд л бий. Хүбагийн энэ үгс дахин дахин бодогдоно. Цээжин дотор хэт цахичих шиг үе үе оч цацраана. Гэвч энгүүхэн нэгэн аялагч миний сэтгэл бас ч энэ үгсэд уулгамчлан хоргодоогүй билээ. Нуурын эргийн аятай тухтай эдлэнд ч биш. Тэдний задгай салхивчны дээрээс зүсрэн болин зүсрэн болин асгах бороонд ч биш, эрхэм Хүбагийн зооринд хадгалагдаж буй олон жил дарсан торх торх дарсанд ч биш. Харин тэдний залуухан авхайн царай төрх, аяг аашинд унан тусан татагдсан юм. Холын зочид биднийг сайтар дайлахыг даалгасан бололтой мөнөөх бүсгүй гэрийн үйлчлэгчдээсээ өрсөн өрсөн бидний ширээн дээр ирж дөчин жил, тавин жил дарсан усан үзмийн дарсыг байн байн инээмсэглэн сөгнөсөн сөн. Түүний гэгээ татсан гараас болор жүнз тосох бүртээ согтон согтон хөлчүүрхэх мэт мэдрэмж төрсөн сөн. Учрал тавилангийн тоглоом, шоглоом явж явж буурал европод авчирч зүрх сэтгэлээр минь наадлаа гэж үү. Эсвэл аж төрөхүйн уйтан бор хоногуудын тоосон дунд мартагнаж орхисон гэрэл гэгээг минь олж өгөх гэж тэнгэр бурхан энэ өдрийг сонгов уу. Үүлгүй тэнгэрийн аянга гэдэг нь цахилах нь энэ үү хэмээн цэнгэлтэй аялагчдын нэгээхэн завсарт давалгаадыг ширтэн явахдаа бодов. Нүдээ анихад мөнөөх бүсгүйн инээмсэглэсэн төрх, танил дотно хуруунууд нь үзэгдэж юу юугүй хацар уруулыг минь илбээд авах мэт болоход цочин нүдээ нээнэм. Уусан дарс толгойд гарч бодлын хөлчүү дээр нь нэмэгдэхээр гайгүй сайн согтдог байх нь гэж энэхэн зуурт бас сэхээрч амжлаа. Аравдугаар анги төгссөн жил. Аав, ээж хоёрынхоо ажилладаг амралт сувиллын газарт зунжин гал тогооны мод бэлтгэж бас үхэр тэргээр ус зөөж зуссан сан. Тав гурван төгрөгний цалин авч аав ээждээ нэмэр болох гэсэн эрмэлзэл минь тэр. Тэр зун өөрийгөө эрийн цээнд хүрчихлээ гэж итгэсэн хэрэг. Тэгээд л оройны бүжиг болгоныг алдалгүй оролцохыг хичээж өвөө, эмээгээ сувилуулж яваа үе тэнгийн ганц нэг охидтой бүжиглэж амжсан сан. Бүжиг хийх ч гэж юу байх вэ. Ах эгч нарын алхаа гишгээг дуурайн хэрдээ л хичээж хүн амьтны хөл дээр гишгэн гишгэн эргэлдсэнээ л бүжиг гэж байгаа хэрэг. Гэхдээ миний хувьд жиших юмгүй сайхан бүжиг болж байсан. Бүжигт уригдаж хэдэн орой хамт эргэсэн цэнхэр торгон дан дээлтэй, нимгэн улаан алчуур мөрөн дээрээ тохсон тэр нэг булбарай цагаан охины хувьд ч бас сайхан бүжиг байсан гэдэгт эргэлздэггүй.  Нэрийг нь хэн гэдэг, аль нутгаас ирсэн, хэд хоноод буцах гээд юу ч асуугаагүй хэрнээ өмнө нь очиж зогсоод бүжигт урьж алгаа дэлгэх болгондоо л бүхнийг ойлголцчих шиг санагддаг сан. Дотно сайхан инээмсэглэл, мөрөн дээр тавьсан дулаахан алга хоёроос нь үгээр илэрхийлэхийн аргагүй нандин шивнээг сонсчих шиг болж догдолдог сон. Гэвч эмчилгээний шавар олборлох сувилагч нарт дэм болох гэж хоёр хоног яваад иртэл нөгөө охин минь эмээтэйгээ хамт яваад өгсөн байж билээ. Тэр нэг үдшийн бүжигт очоод догдлон хүлээсэн боловч бүжиг таран тартал ирээгүй. Гайхаж цөхөхдөө ойролцоо насны амрагч охиноос зориглон байж сураглавал өчигдөр сувиллын хоног нь гүйцээд явчихсан гэдэг үгийг сонссон сон. Энэ үгийг сонсонгуут клубээс гараад амралтын байруудын дундуур зурайх банз модон замаар хол хол харайн гүйснээ санадаг юм. Хаана хүрэх гэж байгаа ч юм. Гэнэт амрагчдын цайны газрын үүдэнд тулаад зогссон сон. Бороонд дэвтсэн хажуугийн модон сандал дээр үүр цайтал суухдаа анх удаа ганцаардал гэж юу байдгийг амссан сан. Бас цээжин дотор зүрх гэж нэг юм байдгийг ч мэдэрч билээ. Зун, намрын сарууд богинодоо богино, уртдаа бас ямар их урт болохыг ч анзаарсан сан. Тэр зунаас хойш гурван ч зун сувиллын газар ирж буцан нөгөө охиныг харуулдсан боловч дахиж түүнийг олж хараагүй. Түүнийг дүрслэн бодож сэтгэлдээ хамт бүжиг эргэсэн үдшүүдээ тоолвол багашаархан нууранд чуулсан хунгийн тоог гаргасны дайтай тоо гарах бизээ. Өдөр сарууд ар араасаа далавчлан өнгөрч энэ богинохон учралаа мартаж санаж явтал нэг л мэдэхэд тохитой, тухтай айлын эзэн болчихсон байсан даа. Гэтэл энэ Тэнгис нуурын хөвөөнд, Хүба хэмээх эрхэм мажар эрийн эдлэнд, эрж хайж явсан хос цэцгийнхээ нэгтэй гэнэт таарах шиг мөнөөх охинтой эгэлгүй адилхан царай зүстэй бүсгүйтэй таарах гэж. Юу болох нь энэ вэ. Тоглоом даажин ч юм шиг. Олоон жилийн өмнөх тэр гэгээхэн охин надаас яваагүй байсан юм байна шүү дээ. Явж одох нь байтугай бүр зүрх сэтгэлийн минь хамгийн нууц шилтгээнд намайг харуулдаж суусан юм бишүү. Амьсгалж буй, амьдарч буй цаг агшин бүхэнд минь хамт байсан байх нь. Гэтэл би аж төрөхүйн бүүдгэрхэн манан дундуур дэн хайж яваа хүн шиг тэмтчиж явсан байх ч гэж. Цээж минь тэнийхийн дээдээр тэнийжээ. Сэтгэл минь уужрахын дээдээр уужирчээ. Амьдрал ийм төгс сайхан юм гэж үү хэмээн Тэнгис нуурын мандлыг цалгитал хашгирмаар санагдав. Хөлөг онгоцны тавцан дээр арай ядан багтах цэнгээнт аялагчдын нэгнийх нь хундагатай дарсыг шүүрэн авлаа. “Хүба танд баярлалаа” гэж хундагыг дээр өргөн хашгирлаа. Хөнгөн хөгжмийн аялгуунд чөлөөт бүжиг хийн дэвхэрч цовхорч байсан аялагчид юу гэж ч ойлгосон юм бүү мэд. Бүгд намайг түрж Хүба, Хүба танд, танд, танд баярлалаа...гэж өнгө өнгийн хоолойгоор хашгирцгаалаа. Сэтгэл минь урд өмнө нь ийм их гэрэлтэй басхүү ийм их жаргалтай байсан агшныг бодоод ер олсонгүй. Гарт минь хэн нэгэн дахиад усан үзмийн дарс бариуллаа. Тэр дарс энэ орчлон дээрх хамгийн амтат дарс байв. Нуурын зогсоол дээрх тод цагаан гэрлүүд ойртон иржээ. Тэр гэрлүүд яагаад ч юм дотно сайхан харагдлаа. Хүн бүхний зүрх сэтгэлийн гүнд оршин байдаг нууц шилтгээнүүд ийм гэрэлтэй байдаг ч юм билүү хэмээн бодов. Тэр сацуу усан онгоцны тавцангийн ирмэг дээр үсрэн гарлаа. “Хүмүүсээ” гэж догшин хэмнэлт аялгууг давж сонсогдтол чанга хашгирав. Тэгсэн хэдий ч хөөрсөн олны нэг хэсэг нь л над руу харлаа. “Дотоод шилтгээнүүдэд тань хэн хэн хүлээн суудгийг та нар мэдэх үү” хэмээн учир утгагүй мэт үгсийг цангинуулан хашгирлаа. Бүгд гайхсан харцаар харав. Тэд намайг ихэд хөлчүүрхэж хэмээн боджээ. Харин ч надруу их олон гар сарвайж хурдан буулгая, буулгая. Ус руу унах нь хэмээн сандралдах нь тэр.
Миний асуултанд хариулах нь байтугай, асуултыг минь ойлгосон хүн нэг ч үгүй. Хөнгөн хөгжмийн хэмнэл улам түргэсэхэд усан онгоц хүртэл цовхчин цовхчин бүжиглэж байх шиг санагдав.

"ШУВУУГ СУЛЛА" номоос

ЦЭЦЭРЛЭГЧ


Долдугаар сарын аясхан салхи цэцгийн үнэр түгээн сэвшинэ. Ийм орой өргөн саруулхан цэцэрлэгийн хашаан дотор нааш цааш зөрөлдөн алхах дорно зүгийн бүсгүйчүүд хэний ч харааг булаана. Хэний ч гэдэг нь яг үнэндээ бол хэдэн цэцэрлэгч өвгөн л дөө. Гэхдээ тэд бүсгүйчүүдийг эгцлэн харах хувьгүй улс. Дээр нь тэд идэр залуу цагаас тайган байх хатуу хуулиар шийтгэгдсэн хүмүүс. Уг нь энэ цэцэрлэгт хүрээлэн дотор цөөнгүй дээдэс зугаацаж цэнгэж байгаа ч зарим үед энэ олон хээнцэр  бүсгүйчүүд салхилахын мөн болж цэцэрлэг дотор хоёр нэгээрээ сэлгүүцэн явах нь бий. Торгомсог өмсгөлүүд нь өөр өөр хэлбэр загвартай байх агаад өнгө үзэмжийн хувьд цэцэгсийн мандалуудтай өнгө найрсаад диваажин гэж байдагсан бол тэр нь энд л цогцлон байна уу гэж бодмоор... Гартаа барьсан хээнцэр хэлбэр донжтой дэвүүрүүд нь цэцэгсийн мандал дамжин нисэлдэх гоёмсог эрвээхэйдийн өвөг дээдэс нь байх гэж төсөөлмөөр бүсгүй бүхний энгэрт дэрвэс дэрвэс, анивас анивас эрхлэлдэнэ. Хамгийн гол нь цэцэгс дамжин нисэх эрвээхэйд цэцэгнээс цэцэг рүү дэрвэлзэн нисч энэ зууртаа агаарт сүлжилдэн зөрөлдөн наадна. Харин бүсгүй болгоны энгэр дээр эрвэс дэрвэсхийх алгын чинээ дэвүүрүүд зөвхөн нэг нэг цэцгэн дээр дурлан шимтэн эргэлдэх эрвээхэйд мэт. Ганхас гунхас намирах бүсгүйчүүд цэцэгсийн мандал хоорондын нарийхан угалзан жимээр зөрөлдөн алхах бөгөөд зарим нь түр зогсосхийн бие биедээ найрсгаар зам тавьж өгч мэхэсхийх нь бүсгүйчүүдийг улам ч эрхэмсэг харагдуулна. Тэд явж байгаа эс бөгөөс усны мандал дээр урсаж байгаа алин болохыг нь эс ялгам нааш цааш сүлжилдэнэ. Нэгэн бүсгүй гэнэт дуу алдлаа. Ингэхтэй зэрэгцэн ойр дэргэд явсан бүсгүйчүүд гайхалзан зогтусав. Бүсгүйчүүдийн гар дахь дэвүүрүүд дэрвэлзэхээ түр зогсон бүсгүй бүхнийхээ энгэрт амсхийв. Тэдний торомгор нүднүүд бүгд нэг зүгт сортосхийв. Яг л талд бэлчиж явсан гөрөөсний сүрэг бар юмуу ирвэс хараад гэнэт цочих мэт. Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт байх цэнгэг устай байгалийн бяцхан нуурын хөвөөгөөр зугаалж явсан тэр бүсгүй нуурын мандалд тусах өөрийнхөө төрхөөс төсөөлөмгүй гоо үзэсгэлэнг гэнэт олж хараад цочин дуу алдав уу гэлтэй. Мөнөөх бүсгүй ийш тийш харж мишилзээд дуун алдалтынх нь авиа эгшиг оройны агаарч замхарч амжаагүй байхад  алтан хуа, алтан хуа хэмээн энхрийхэн хоолойгоор дахин дахин хашгирав. Нуурын мандал дээр туссан өдрийн сар бяцхан түрлэгүүдэд илбүүлэн чухам л олон эрсийн хараа булаасандаа ичингүйрэн цомцойх үзэсгэлэнт бүсгүй мэт үзэгдэнэ. Энэ сацуу мөнөөх сарны дүрсийн эргэн тойронд тоолж барамгүй олон дэлбээ гэгээ татуулан цэцэглэв. Долдугаар сарын аясхан өдрүүдийн нэгэнд гэнэт цэцэглэдэг алтан хуа цэцэг дэлбээлж буй нь энэ. Ердөө долоохон өдрийн настай ч энэ цэцгийг ихэс дээдэс, эмс хатад бүтэн жил хүлээдэг. Алтан хуаг нуурын түрлэгийн аясаар ганхалзахыг нь үзвэл бадамлянхуатай эндүүрэм ажээ. Саяхан нээгдсэн дэлбээнүүд нь сэрчигнэн өмөлзөх нь өрөвдмөөр энхрий. Ойртож очоод сайтар ажиглавал тоорцог болоод бүхий л дэлбээ нь улбар шар өнгөтэй болох нь анзаарагдана. Нэг ишинд хэд хэдэн цэцэг үзэгдэнэ. Алтан хуаг дэлбээ нээнгүүт тусгай цэцэрлэгчид ёс дом гүйцэтгэн хайчилж авна. Тэр энхрий зөөлөн бас анхилуун дэлбээнүүдийг цуглуулж ордонд байрлах хаш чулуун сан руу арвин ихээр нь хийнэ. Ийн хэсэг байлгасны эцэст мөнөөх усан сангийн ус хосгүй анхилуун үнэртэй болно. Бас тэр ус их зөөлөн улам тунгалаг болно. Ингээд л сая хатад, дээдэс эцэг эхээс заяагаад өгсөн биеэрээ тэр хаш чулуун сан руу орж булхацгаана. Бүтэн жил хүлээсэн цэнгэлтэй агшин нь энэ. Алтан хуа цэцэг тэдний хувьд энэхэн хүмүүний ертөнцөд байж болох дээд цэнгэлийг бэлэглэдэг ганц увьдастан нь. Тэр дундаа бүсгүй хүнээс л гарч болох сэтгэлийн бүжиг, налархай аалийг нь нээж орхидог ганц түлхүүр нь. Энэ шидийг хэзээ хэн анх нээсэн юм. Ямарч байсан тэр хүн хүмүүн гэгчийн нууц далд инээмсэглэл рүү лавхан орохын хүсэлтэн байснаас ийм уран жимийг олсон бизээ. Хатад эмс нуурын өгүүлшгүй үзэсгэлэнт мандлыг тойрон зогслоо. Тэд нуурыг хөвөөлөн ургасан алтан хуа гэж андуурам үзэсгэлэнтэй. Энэ цэцэрлэгт хүрээлэнд өдөр шөнийг эс ялган бөртөлздөг арван хоёр цэцэрлэгч өвгөн бий. Хэнийг нь ч эс ялгам ойролцоо нуруу туруутай, бас бөгтөр нь хүртэл адилхан энэ өвгөдийн сахал самбай нь хүртэл яг ижилхэн. Эндүү харсан нэгэн бол арван хоёр ихэр өвгөн гэж уулга алдан өхөөрдмөөр. Тэд энэ эмс хатдаас илүүтэй алтан хуа дэлгэрэх цагийг хүлээдэг гэдгийг энэ эрхмүүд эс мэднэ. Тэр байтугай энэ хэдэн цэцэрлэгч өвгөн энэхэн орчлон дээр долоохон өдрийн нар, сарны гэрэлд баясаад хагдардагт нь энэ энхрийхэн цэцэгсийг өрөвдөн эмтрэн уярахдаа энэ цэцэгсэд мөнхийн хутаг хайрлаач гэж тэр долоон өдрийн туршид тэнгэр бурханд залбирдгийг нь бол бүр ч мэдэхгүй. Тэр цэцэгсийн нүдийг энэ өвгөд л олж хардаг. Дэндүү энхрий, дэндүү цайлган, дэндүү уяхан тэр нүднүүд өвгөдөд ямар уярам хөөрөөн дэлгэдгийг нуур усны нь түрлэгүүд ч мэдэхгүй. Алтан хуа цэцэглэж дэлгэрсэн эхний өдрөө л аз жаргалаа хайчлуулдаг. Энэ өдөр өвгөдийн аз жаргал ч бас хамт хайчлагддаг юм. Тийм болохоор тэд хүн гэгч амьтан тэнгэрээс хайрласан насаа бүрэн эдлээд буцахаа болиг. Үгүй ядахад цэцэг яагаад өөрийн насыг бүрэн эдэлж болдоггүй хорвоо вэ хэмээн хэлэлцээд энэ зунаас эхлэн нэг нэгээрээ богинохон настай алтан хуад долоон өдрийн насаа бүрэн эдлэхэд нь туслая гэж тохирчээ. Гэнэт нуурын мандал дахь сарыг тойрч дэлбээлсэн сарны дүү нар гэмээр алтан хуа цэцэгс рүү хэн нэгэн хүн ус үсчүүлэн орж явчих нь тэр. Сайн ажиглавал цэцэрлэгч өвгөдийн нэг ажээ. Алтан хуаны сургаар нуур хөвөөлөн зогссон эмс хатад гайхах алмайрах зэрэгцэхдээ үг ч үгүй, дуу ч үгүй анир гүм болов. Гагц нуурын зөөлөн түрлэгийн дуу, мөнөөх өвгөний хөлийн аясаар пал палхийх усны чимээнээс өөр авиагүй болов. Өвгөн уухичин урагшилсаар... Ус өвдгөөр нь бүр цээжээр нь татав. Өвгөн алтан хуа цэцэгсийг гэмтээхгүйг хичээн сүлжих аядан явсаар нуурын мандал дахь саранд хүрч очлоо. Өвгөний зөвхөн толгой нь л уснаас ил үзэгдэх ажээ. Зэрвэс харсан хүнд мандал дээрх өдрийн цайвар саран толгойтой болсон юм шиг үзэгдэнэ. Хэдхэн хором саатсаны эцэст түүний тэргүүн ус руу аядуухан доошилсоор алга болов. Сэхээ орсон эмс хатад уруул амыг нь сая л нээгээд өгсөн мэт энд тэндгүй шогшрох, хашгирах дуун өрнөж сандралдав. Тэд сайхь өвгөнийг живж амиа алдсанд бус бүтэн жил хүлээн байж учралдсан алтан хуа цэцэгс нь нэг муу өвгөнөөс болж буртаглагдаж тэр шидэт цэцэгсэд гар хүрэх аргагүй болсонд мэгдэн үймсэн хэрэг. Алсханаас энэ үйл явдлыг хичээнгүйлэн ажиглаж зогссон арван нэгэн цэцэрлэгч өвгөн харин цэцэрлэгийн хашааны булан булан руу жирийлгэн одоцгоох нь тэр.

Tuesday, July 16, 2019


НАДАД


Хоосон чанарын үг шиг үг надад бий
Хоосон чанарын өвдөлт шиг өвдөлт надад бас бий
Хоосон чанарын хөмсөг шиг хөмсөг надад бий
Хоосон чанарын хүсэл шиг хүсэл надад бас бий
Хоосон чанарын харц шиг харц надад бий
Хоосон чанарын хайр шиг хайр надад бас бий
Хоосон чанарын уруул шиг уруул надад бий
Хоосон чанарын уянга шиг уянга надад бас бий
Хоосон чанарын алга шиг алга надад бий
Хоосон чанарын ааш шиг ааш надад бас бий
Хоосон чанарын бодол шиг бодол надад бий
Хоосон чанарын бороо шиг бороо надад бас бий
Хоосон чанарын навч шиг навч надад бий
Хоосон чанарын намар шиг намар надад бас бий
Хоосон чанарын хүлэг шиг хүлэг надад бий
Хоосон чанарын хөгжим шиг хөгжим надад бас бий
Хоосон чанарын үнэн шиг үнэн надад бий
Хоосон чанарын үзэсгэлэн шиг үзэсгэлэн надад бас бий
Хоосон чанарын завилаа шиг завилаа надад бий
Хоосон чанарын залбирал шиг залбирал надад бас бий
Хоосон чанарын...


НЭГЭН ЦАГИЙН ХОРВОО


Намар болоход ээжгүй хүн
Энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг
Ямархан марал од тэнгэрт ч гэлээ зүг чиггүй харавдаг                                                     
Солирын цохилтонд далай өнгөн дээрээ амгалан байдаг ч
Гүндээ бол ёолж байдаг
Сонгодог зургийн догшид жаазан дотроо омголон дүртэй ч
Мөн чанартаа бол уйлж суудаг
Ай лаа миний  нэгэн цагийн хорвоо...
Ургасан наран жаргадаг аугаа нэгэн ёсон бий ч
Униарлаг уулс мөстдөг аяар нэгэн хувирал буй ч
Зохирсон тэнгэр эвдэрдэг адайр нэгэн совин бий ч
Зовсон сүү мөшөөдөг аясхан нэгэн хуйлралт буй ч
Үүл хөвсөөр байхад энэ тунгалаг цагаан үүлс
Дураар хөвсөөр байхад
Үхэл гэдэг ч  худлаа даа
Үет шаргал өвс үзүүр алдан бөхөлзөж
Хүмүүнийг долгилуулсаар байхад
Үйл зовлон гэдэг ч хоосон доо
Дэлбээ алтан хэвлийт хурмаст янагхан эгшинд
Усан нүдтэнг
Дээд мандлын дайвалзаанд уруу нь алдан унагадаг ч
Болгоомж үгүй бүтсэн хялгана  төдий хүмүүн бие
Болор мөсөн уул мэт цацран асарлах нь байдаг даа
Сэрэмж  үгүй ташуулахдаа ганцхан зураасын төдийгөөр
Хүмүүний алганы хээнд тэнгэр том алддаг ч
Орчлонд арга мухардсан тавилангийн цагаан сарны дор
Оногдсон заяаны оньс гэнэт торхийх нь байдаг аа
Ай лаа миний нэгэн цагийн хорвоо
Бадмын дэлбээ ганцхан сарны гэрэлд тэтгүүлэн улаардаг ч
Бараан цөөрөмд нь түмэн нарны хүслэн унтаж  л байхын
                                                                                               агшинд
Дэлхий дайдын хөхөмдөг шастирийг эзэгнэгчийн
Дэлт хүлгүүдийн үүрсээнд  мянган оны уцаар тайвширч байхын
                                                                                             чөлөөнд
Би орчлонг бясалгадаг юмаа
Ай лаа Миний      
Нэгэн цагийн хорвоо
Нэт аянгалагхан зүрхний минь
Эгч нь юм шиг л ааштай даа...



НЭГ ИХ ТОМ ЦАГААН ЗААН


Нэг их том цагаан заан
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө
Хүчирхэг тэнгис далайн
Дөлгөөн чанарыг  дагуулаад явчихлаа
Хөрст дайдын
Намуун байдлыг суйлаад явчихлаа
Дорнын нууцхан инээмсэглэлийг арчаад буцчихлаа
Дотоор анир гүмийг нь эвдээд буцчихлаа
Навчин дээрээс шүүдрийг нь
Сэгсрээд явчихлаа
Нарны бурхдыг үймүүлээд  буцчихлаа
Цусанд гэрэлтдэг
Алтан тэнгэрсийг  хураагаад явчихлаа
Цасанд дарагдсан
Буурал уулсыг сэрээгээд явчихлаа
Догшидын мэлмийг аниулаад явчихлаа
Дорно өрнийг догшруулаад  буцчихлаа
Нэг их том цагаан заан
Дэлхий дээгүүр яваад өнгөрлөө
Нэг их том цагаан заан...


Monday, February 20, 2017

“АРДЫН ЭРХ” СОНИН 2017.02.08 Лхагва №006 (2149)

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийг “Онцлох зочин”-р урьж ярилцлаа.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцаж буй танд баярлалаа. Уран бүтээлийн олз омог арвин байна уу?
- 1990-ээд оноос шүлэг бичихийн зэрэгцээ богино өгүүллэг, өгүүлсэн шүлэг гээд янз янзын л юм байнга оролдож хойш нь хийгээд байсных бас ч овоо нь аргагүй “үүц”-тэй болчихож.Сүүлийн үед нэлээдгүй тогтож суусан юмнууд бас байна. Тэгээд үргэлжилсэн үгийн хоёр ном бэлдэж сууна.Үргэлжилсэн үгийн ертөнц бас сонин ертөнц шиг байна.Нэг цухасхан ороод гарахад зүгээр юм шиг санагдаад...
-Саяхан МЗЭ-ийн 88 жилийн ой болж өнгөрлөө. Монголын радиог хэзээнээс Бага Зохиолчдын хороо гэж нэрлэдэг. Радиогийн зохиолч уран бүтээлчид маань сая баяраа өвөрмөцөөр тэмдэглэсэн байна лээ. Ер нь энэ өдрийг таны хувьд хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Бага зохиолчдын хороо гэдэг үгэнд дургүй.Харин Монголын зохиолчдын дэд хороо гэж бид чинь бас энүүхнээрээ бас хөгжинө шүү дээ.Хэдэн өрөөгөө дамжин шүлэг зохиолоо уншицгаана.Уран зохиолын тухай халуун дулаан яриа хөөрөө өрнүүлээд авна.Үе үеийн МҮОНРТ-ийн захирал ч биднийгээ хүлээж аваад баяр хүргэдэг энэ тэр юм байсан.Харин сүүлийн дарга нар биднийгээ олж харах завгүй халагдаж солигдоод халамж үзсэнгүй /инээв/Ер нь ч одоо бол Монголын зохиолчдын дэд хороо хэвээрээ шүү дээ.Манай редакцийн өрөө гол цөм нь болж ирсэн байдаг.Өнөөдөр ч тэр нь хадгалагдаж байна.Нэрт зохиолч Б.Цэдэндамба, П.Баярсайхан, хүүхдийн зохиолч Г.Жанчив, яруу найрагч Ц.Чимиддорж, Д.Нямаа гээд эрхэм зохиолч, яруу найрагч ах нартайгаа олон жил хамт ажиллалаа.Нэг өрөөнд шүү дээ.За тэгээд яруу найрагч Б.Хүрэлбаатар, Л.Мягмарсүрэн, Ж.Саруулбуян, М.Баттөмөр, зохиолч С.Пүрэв, Д.Намсрай, Д.Норов гээд л ах нартайгаа ойрхон ажиллалаа. Уран бүтээлийн халуун дулаан ертөнц энд өнөөдөр ч гэсэн бүтэн байгаа шүү.
-Таны өрөөнд Их Нацагдоржийн цээж баримал байна. Нэлээд эртнийх бололтой. Ялангуяа суурь нь хуучны эд байна шүү?
-МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын өрөөнд байдаг баримал шүү дээ.Албан ёсоор зөвшөөрөл авч эндээ залж цэцэг өргөж хүндэтгэлээ.Д.Нацагдорж маань хааяа ингээд гол гол газруудаараа заларч байвал зүгээр ч юм шиг.
-Утга зохиолын ертөнц ойрын үед хөл хөгжөөн ихтэй, бүтээл туурвилын хур арвин байгаа. Оны өмнөхөн л гэхэд хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог гуай маань төрийн соёрхол хүртлээ. Ж.Дашдондог гуай таны анхны шүлгүүдийг “Пионерийн үнэн” сонинд нийтэлж байсан гэдэг дээ?
-Ж.Дашдондог ахын бүтээлд Төрийн соёрхол хүртээсэнд туйлын их баяртай байна.Хойч үедээ хөрөнгө оруулалт хийнэ гэдэг хамгийн том хөрөнгө оруулалт. Энэ ялдамд эрхэм ахын уран бүтээлд амжилт хүсье.9-р ангид орсон жилээ хоёр шүлэг захидлын хамт “Пионерийн үнэн” сонинд илгээсэн юм л даа.Гэтэл захидал ирсэн.Дахиад хэдэн шүлэг ирүүл гэж.Тэгээд арван хэдэн шүлэг илгээсэн чинь тун удалгүй бүтэн нүүрэнд шүлгийг минь редакцийн зурвасын хамт хэвлүүлсэн байсан.Их том урам өгсөн дөө хөдөөгийн сурагч надад.Хэдэн жилийн өмнө Тайваньд болсон яруу найрагчдын чуулганд оролцохоор хамт явахдаа Инчоний нисэх буудал дээр хонох зуур Ж.Дашдондог ах тэр шүлэг захидлыг минь хүлээн авч цензуртэй тэр цаг үед сониндоо бүтэн нүүрээр шүлгийг минь нийтлүүлж өгснийг өөрөөс нь сонсож авч байгаа юм.Нэг жаахан авъяасын оч мэдрэгдсэн юм байлгүй.Их урам хайрласан.
-Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн хамгийн залуу гишүүн нь байсан гэдэг байх аа. Хотоос олон зохиолчид онгоцоор очиж, тэдний дундаас Данзангийн Нямсүрэн гуайтай л уулзана гэж догдолж байсан тухай дурсамжийг тань уншиж байлаа. Та тэр сайхан зохиолчдын Завханд очсон тухай бас шүлэг бичсэн байдаг даа?
-Д.Нямсүрэн найрагчийн “Хаврын урсгал” номыг дөнгөж олж уншаад байсан үе. Яруу найраг гэдэг ийм л нандин сэрэхүйгээр бүтээгддэг эд байх ёстой гэж гүнээ хүндэтгэсэн.Тэр сайхан найрагчийг ирэх сургаар Завханы утга зохиолын нэгдлийнхэн бүгд л догдолсон юм.Долоо хоногийн турш хамт аялсан.Хүсэлтийг минь болгоож анхны “Бүгээн анир” номыг минь редакторлож өмнөх үг бичиж өгнө гэсэн ч чөлөө завгүй “хуурдсаар”  байгаад амжилгүй буцсан.Ах нь очиж байгаад өмнөх үг илгээнэ гэчихээд л онгоцонд суусан.Тэгээд л чимээ тасарчихгүй юу.Манай Н.Лутбаяр найрагчийн л ивээлээр энэ сайхан зохиолчдыг Отгонтэнгэрийн тахилгад урих шалтгаан олдсон нь тэр.
-Эрээнцавын хэмээн алдаршсан нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн гуайтай та ойр дотно байсан хүний нэг нь. Энэ их найрагчийн тухай юу хэлэх вэ?
-Төрмөл авъяастан гэж Д.Нямсүрэн ахыг л хэлэх байх.Их өөр шүү дээ.Их өөр.Сэрж мэдрэхийн урлаг гэж юу болохыг энэ зуун жилд л лав өөр хүн үзүүлж чадахгүй байх.Сэтгэлийн увьдас гэж нэг юм байдаг.Ер нь яруу найргийн туурвилыг сэтгэлийн увьдасаар л бүтээгддэг эд гэж итгэдэг.Түүнээс биш боловсролоор бичдэг л гэнэ.Мэргэжлийн яруу найрагч л гэнэ.Би огт ойлгодоггүй.Яруу найргийн төгс төгөлдөр бүтээл туурвия гэвэл онцгой авъяас билигтэй төрөхөөс өөр арга чарга байхгүй ганц салбар шүү дээ.
 -Энэ жилийн “Болор цом” наадмыг Данзангийн Нямсүрэн гуайн нэрэмжит болгон Дорнод аймагт зохион байгууллаа. Та анх хэдэн онд “Болор цом”-д ирж оролцож байсан бэ. Завханаас Цогдоржийн Бавуудорж, Дорноговиос Арлааны Эрдэнэ-Очир ирж үү гэж нэг үе үзэгчид “нэхдэг” болчихсон байсан даа?
-Д.Нямсүрэн найрагчийн бүтээл туурвилыг хүндэтгэсэн хүндэтгэл гэж харж байна.  1990-д оны бид яахав дээ цагийн аяс дагаад тэр тайзан дээр хүндтэй ах нарын завсраар бас ганц нэг шүлгээ уншиж л явсан.Дурсамж болоод л үлдэж.
-1990-ээд он бол Монголд ардчилал өрнөсөн долгионт цаг үе байлаа. Тэр цаг үед ардчилал, шинэчлэл, сэтгэлгээний өөрчлөлтийг зохиолч, яруу найрагчид түүчээлсэн гэж боддог.
-Манай үеийнхэн бол нийгмийн шилжилт өөрчлөлтийн давалгаанд түрлэг нэмсэн үеийнхэн. Шинэ уур амьсгалыг тодорхой хэмжээгээр хөглөж өгсөн шүү дээ.Нөгөө талдаа нэгэн цаг үед ийм олон авъяастан зэрэг төрнө гэдэг чинь ер бусын үзэгдэл.Цаг хугацааны давтамж таарсан байх. Уран зохиолд ер нь бол авъяастай төрөх нь л чухал болохоос бусад нь тийм чухал биш.Тэд л юм бүтээдэг.Монгол уран зохиолын ертөнцөд уламжлалаа шинэчлээд явсан, “шинэ юм” хөөгөөд буцаад уламжлал дээрээ ирсэн ийм хоёр эвийн загас шиг тойрог харагддаг.Энэ хорин таван жилийн үр дүн ийм дүр зургаар төсөөлөгдөж байна.
-Та Монголын радио хэмээх энэ том айлын босгоор алхаад 20 жил болжээ. Монголын хөх тэнгэрээр, цэнхэр долгионоор дуу хуур, ярилцлага, нэвтрүүлгээ цацна гэдэг сайхан даа. Ер нь яагаад радиогийн хүн болчихсон юм бэ.
-“Өнөөдөр” сонин, Монголын радио хоёрт нэг өдөр анкет бөглөөд радиод орчихсон юм.Тэнд олон зохиолчид байгаа нь сэтгэл татсан.Нэг мэдсэн 20 жил ажиллачихаж. Радиогийн алтан микрофон гэдэг чинь уран бүтээлч улсад хүлэг сайн морь шиг л эд. Хангай, говь, тал нутгаар хэрэн явж хээрийн гал түлж сууж байж л монгол нутгаа мөн чанараар нь ойлгож мэдэрнэ шүү дээ.Монгол амьдралын гэрэл, сүүдэр хүн зоных нь аж амьдралын гуниг тайтгарлыг бас ингэж дотор нь явж байж л таньж мэдэж авч байгаа юм. Алдарт Базарын Цэдэндамбаа ахтай хамт томилолтоор ажиллаж л явлаа.Зохиолч Пүрэвжавын Баярсайхан ахтай томилолтоор явж л байлаа. “Өв соёлоо гээчихвэл үндэстний үндэс тасарна” энэ тэр гээд шторкууд манайхаар байнга явдаг даа.Сэтгэлээс минь гарсан иймэрхүү санаа, онооны чуулбар манай долгионоор байнга л явж байдаг.Санаачилсан өв соёлын нэвтрүүлгүүд, монгол хүний мөс чанар, дотоод ертөнцийг нээсэн радио жүжиг, монгол орныхоо байгалийг таньж мэдэхэд нь нэмэр болно гэж бий болгосон “Монголоороо аялахуй”, “Эгшиглэнт” байгаль” нэвтрүүлгүүд ч юмуу, нийгэмд чиглэсэн зорилтот цуврал нэвтрүүлгүүд за тэгээд уран сайхны хөрөг, нийтлэл, эсээ, туурь гээд радиод оруулсан, оруулж байгаа хувь нэмрээ багцалвал бас юм юм бий.Зөв хандлагатай уран бүтээлчид, сэтгүүлчид болгочих юмсан гэж мэрийдэг олон залуу эргэн тойронд минь ажиллаж байна.
-Дуу хуур гэснээс та олон сайхан дуутай хүн. Завхан нутгийн сайхан хөгжмийн зохиолчид УГЗ Д.Цэвээнравдан, Д.Жамъян, дуучин УГЖ С.Батсүх зэрэг дууны уран бүтээлчидтэй ойр дотно нөхөрлөж, уран бүтээлээ хамтран туурвиж явсан биз. Анхны дуу тань ямар дуу байв?
-“Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэг” гээд л 1990-д оноос дуурсав аа даа.Дуучин С.Батсүх ид гарч ирж байсан цаг.Ингэж л эхэлсэн юм.Бид хааяа уулзалдахаараа монголчуудыг уяраан найгуулах гэж ямар бичсэн биш.Энэ хорвоо дээрх нэг ч гэсэн бүтэлгүй амьтныг хүн болгочих юмсан гэж л болсон болоогүй юм хэдийг эрээчиж хандивлав гэж дамшиглана./инээв/ ”Орчлонг хайрлаарай”, “Гүрэн монгол чинь хүлээнэ” энэ тэр гээд ар, өвөр монголчууд дуулж л байдаг.
”Уцаарлаж хашгирсан мянган сул үгнээс
Уярч учирласан ганц үг илүү...” гэж нэг үг байдаг даа.Тиймэрхүү л аястай юм.
-2017 он гараад удаагүй байгаа, цаг тооллын нэгэн эхлэл дээр та бид уулзаж байна. Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд цангинатал дэргэд үүрсэх гунигтай гэж та нэгэнтээ бичиж байсан даа.Чухам тэр гунигаас л шүлэг, уран бүтээл төрдөг юм болов уу гэж боддог?
-Тийм байж магадгүй л юм.Уран зохиолын ертөнцөд хорин таван жил зочилсны дүнд нэг л зүйлийг ойлгож авлаа.Уран зохиол, яруу найргийн жим бол өөрийгөө таньж мэдэхийн хамгийн эхний хаалганы түлхүүр юм байна гэж ойлгосон.Одоо цааш бүр нарийн нандин ертөнц рүү орохоор гутлаа арчин зогсож байна гэж өөрийгөө харж байна.Монголчууд их уянгалаг сэтгэлтэй ард түмэн.Тийм болохоор сэтгэлийн чавхдасыг нь тонхийлгэх их амархан шүү дээ.Гэхдээ энэ бол бас тийм чиг чухал зүйл биш гэдгийг ойлгосон.Одоо л эхлэх гэж байгаа юм бишүү гэж өөртөө хааяа хэлдэг.
-“Дорно”, “Хүрэл чоно” шүлэг, “Хүннү  туульс”, “Хулангоо хатан”, “Агай” найраглал гээд таны бүтээлүүд дорнын өнгө аяс, Монголын түүх, үндэс язгуур руугаа яргасан, Монгол үнэрээ гүн дотроо тээсэн шинжтэй болоод байх шиг санагддаг. Энэ бол яах аргагүй уран бүтээлч хүний эрэлхийлэл, эрмэлзэл, дотоод дуун биз?
Тийм.1990-2000 он хүртэлх арван жилд мэдрэмж сэрэхүйгээ чагнаж бичсэн юм шиг байна.2000-2010 он хүртэлх арван жилд өөрийгөө жаахан өөрчлөх гэж оролдож бас англи, испани бусад хэл рүү ганц нэг ном орчуулуулах гэж хичээсэн юм болов уу даа.2010-аас хойш цар хүрээтэйхэн юм хийхсэн гэж эрмэлзсэн юм шиг ийм дүр зургийг өөрөөсөө олж харж байна.Өөрт заяагаад өгсөн жаахан авъяас билгийг амин зуулга эсвэл нэгээхэн насны зугаа төдий үрээд дуусгачихъя гэж хэн бодох вэ дээ.Монгол үндэстний оюун санааны санд борооны дуслын төдий ч бол хувь нэмэр оруулах юмсан. Энэ зууны монголчуудын ой санамжинд дутаж байгаа галыг нь хэт цахиад ноцоогоод өгөх юмсан гэх мэтээр санаа сэдлээ бэлчээж бас бодсоноо, олсноо урлаад буулгачих гэж хичээсэн иймэрхүү он цагийн хураангуй ард минь үлдэж. 
-Орчин үеийн урлаг бүхий л урсгал, чиглэлтэйгээ Монголд орж ирж, хөгжиж байна. Тэр бүхэнтэй зэрэгцээд Монгол уламжлал, зан заншил, сэтгэлгээ, хэл, соёлоо хэрхэн хадгалж үлдэж, хөгжүүлэх ёстой вэ. Танд энэ талаар ямар бодол төрдөг вэ?
-Хүн төрөлхтнөөс санах сэхээрэх юм их.Гэхдээ олон зуун жил бүтээж шигшиж тээж өнөөдөрт хүргэж ирсэн хэл, соёл, зан заншил, сэтгэлгээний давтагдашгүй талуудаа энэ их халгиа цалгиа ихтэй эрин цагт хадгалж хамгаалахгүй бол хамаад авч одмоор хуй салхи их байна.Өчүүхэн жижиг хорхой шавж ч гэсэн амьд үлдэхийн төлөө л тэмцдэг бөмбөрцөгт бид амьдарч байгаа шүү дээ.Монгол гэдэг үндэстэн мянган жил, чадвал дахиад мянган жил оршихын үндсийг энэ цаг үеийн та бид л тасдаж мэдэхээр байна.Ингээд бодохоор өөрсдөөсөө айж эмээмээр байгаа биз.Үүх түүхээ сануулсан сэрээсэн аятай эрмэлзлүүдийг талархан дэмждэг.Энэ бол яах аргагүй нэг дархлаа мөн.Эх хэлээ хайрлая гэж бас хичээцгээж байна.Энэ бас нэг том дархлаа мөн.Бид одоо монгол хүнээ хайрламаар байна.Монгол хүнийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд хайрламаар байна.Эхийн хэвлийд бүрэлдэхээс нь эхлээд монгол хүнийг бүтээж боловсруулах цаг нь яг одоо.Ингэж чадвал бусад бүх зүйл зөв тийшээ эргэнэ.
- Монгол уран зохиолоо, монгол яруу найргаа дэлхийд таниулахад та бас гар бие оролцож яваа уран бүтээлч. Хилийн чанадад болдог яруу найрагчдын чуулгануудад оролцож явдаг хүний хувьд...
- Монголын соёл яруу найргийн академийн санаачлага, дэвшүүлсэн хөтөлбөр монгол яруу найргийг хүн төрөлхтний оюуны сантай холбож  өгөхөд том үүрэг гүйцэтгэж байгааг бид мэднэ.Г.Мэнд-Ооёо ахын хичээл зүтгэл их.Их том зам нээж өгсөн шүү дээ.Гадагшаа алхаж нүд тайлж явахад том боломж бидний өмнө нээгдсэн нь мэдрэгддэг.Ийм далайцтай замууд монгол оюун санааны ертөнцөд их л хэрэгтэй байна даа.
-Та нэлээд хэдэн хэл дээр шүлэг найргаа орчуулуулж, шүлгийн номуудаа гаргасан. Дэлхийн яруу найргийн антологи, сэтгүүлүүдэд бүтээлүүд чинь олонтаа хэвлэгдсэн.Монгол яруу найргийг дэлхийд гаргахад хэлний бэрхшээл их байдаг. Энэ бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ.
- Авъяаслаг залуус олон байна.Орчуулах сонирхол ч өндөр байна.Магадгүй 1990-д оныхон яруу найрагт давалгаа үүсгэн гарч ирсэн шиг энэ цаг үед орчуулагчдын тийм давалгаа үүсгэх хэрэгтэй байна.Орчуулагч бэлтгэх ажлыг төрийн бодлогоор дэмжээд өгвөл мөн сайхан аа.Нэг жаахан аялал жуулчлал, соёлын солилцоо төдийгөөр дэлхийтэй холбогдох энэ тэр бол улс үндэстний хувьд жижигхээн хэрэг явдал.Оюун санааны бөх бат гүүр тавихын төлөө боломжуудаа ашиглах хэрэгтэй. Хойч үедээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт энэ л байх болов уу.
 -Энэ жил Дэлхийн яруу найрагчдын их хурал Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. 11 жилийн өмнө Дэлхийн яруу найрагчдын их хурал Монголд анх болж байлаа. Тэр их хуралд та оролцож байсан хүний хувьд энэ хурлын ач холбогдол хийгээд нэр хүндийн талаар сайн мэднэ дээ?

-Зөвхөн яруу найрагчдын хувьд төдийгүй соёл, аялал жуулчлалын салбарынханд ч сайхан боломж олгосон үйл явдал.Мексик, Хятад зэрэг орнууд тус чуулганыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн гэж сонссон. Улс орны нэр хүндийг ч гэсэн өргөөд өгч байгаа хэрэг шүү дээ.Манай найрагчдын хувьд бол том боломж. Өөр юу хэлэхэв.